АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт гаргасан Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваад холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг яриад эхэлчихлээ. Болсон процессийг бол бүгд харж, мэдэж байгаа. Харин үүний цаана, хөшигний ард ямархуу хуйвалдаан болоод өнгөрчихөв өө гэдэг дээр танд ямар нэг таамаглал, баримт сэлт байна уу?

-Хамгийн түрүүнд хэлэх ёстой, санаа зовоож байгаа зүйл бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалын эсрэг гарчихлаа. Үүн дээр парламент шийдвэр гаргах боломжгүй болчихлоо. Хоёр том алдаа гарсан. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж байгаа асуудлаар Цэц шийдвэр гаргах эрхтэй юу? гэдэг асуулт.

1992 онд баталсан Үндсэн хууль дээр өөр дээр нь “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуультай адил хүчин төгөлдөр байна” гээд биччихсэн байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 1992 оны Үндсэн хуулиас өөр байна гэдэг асуудлыг Цэц хэлэлцэх эрх байхгүй. Цэц ийм шийдвэр гаргасан нь парламентын бүрэн эрхэд халдаж, Цэц өөрөө хууль тогтоож байгаа хэрэг. Яагаад гэвэл Үндсэн хууль нь парламентын нийт гишүүдийн ¾-аар батлагддаг, парламентын гаргаж чадах хамгийн дээд шийдвэр, УИХ-ын онцгой бүрэн эрх. Гэтэл Цэц “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчиж байна” гэж шийдвэр гаргавал үндсэндээ Монгол улсад эрх зүйн систем байхгүй болно. Цэц өөрөө Монголын ард түмнээс сонгогддог, ард түмнийг төлөөлөх эрх бүхий субект биш. Цэц бол УИХ-ын баталсан бусад хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэг дээр л хяналт тавих үүрэгтэй байгууллага. Тэр утгаараа энэ удаа Цэц өөрийнхөө хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн шийдвэр гаргасан.

Зарим хуульчид, ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан Ж.Амарсанаа гуай гэх мэт хүмүүс УИХ-ын баталсан хууль тогтоомж гэдэгт ҮХНӨ багтаж байгаа мэтээр тайлбарлаж байна лээ. Энэ бол яагаад ч үнэнд нийцэхгүй. Цаашдаа ҮХНӨ-өөс гадна Үндсэн хуулийн доторх зүйл заалт хоорондоо зөрчилдөж байна гэж үзээд, тайлбарлаад явах үүд хаалгыг нээчихлээ.

Үндсэн хууль гэж юу вэ гэдэг нь хууль зүйн шинжлэх ухаан нэгэнт тодорхойлчихсон ойлголт. Тухайн улсын нутаг дэвсгэрт үйлчлэх эрх зүйн үндсийг тодорхойлдог баримт бичиг учраас хамгийн түрүүнд иргэний үндсэн эрхүүдийг тодорхойлж бичээд түүнийгээ хамгаалдаг. Үүнд нэгдүгээрт, иргэн нөгөө иргэнийхээ эрхийг зөрчвөл түүнийг хуулиар хамгаалдаг. Хоёрдугаарт төр, төрийн байгууллага иргэний эрхийг зөрчихөөс хамгаалдаг. Төрийн эрх мэдэл хаана дуусч байна, тэндээс иргэний эрх эхэлдэг. Энэ хоёрын хооронд ямар ч зай завсар байх ёсгүй. Тийм учраас төрийн эрх мэдэл ямар хэмжээ хязгаарт байх вэ гэдгийг Үндсэн хуулиар тодорхойлж өгдөг.

-Төр зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийнэ, иргэн хуулиар хориглоогүй бүхнийг хийнэ гэдэг биз дээ?

-Яг тийм. Энэ чинь төрийн эрх мэдэл, иргэний эрх хоёрын зааг байхгүй юу. Төрийн эрх мэдэл хаана дуусна, тэндээс иргэний эрх эхэлдэг. Эсвэл иргэний эрх хаана очиж хязгаарлагдаж байна, тэндээс төрийн эрх мэдэл эхэлдэг. Тиймээс төрийн эрх мэдлийн хүрээ хязгаарыг Үндсэн хуулиар тодорхойлж өгдөг.

Хоёр дахь асуудал бол, төрд олгогдсон тэр эрх мэдлүүдийг салгаж, хяналт тэнцлийг бий болгодог. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд хоорондоо харилцан хяналттай, тэнцвэртэй байх тогтолцоог бий болгож байж хүний эрх хамгаалагддаг. Үүнийг Үндсэн хууль гэж үзээд байгаа шүү дээ. Өнөөдөр яригдаж байгаа Цэцийн шийдвэр яах аргагүй энэ асуудлыг хөндөөд байна л даа.

-Цэц яаж яваад ийм байдалд хүрчихэв ээ? Цэцээс өөрөөс нь болсон юм уу, нөгөө л улс төрийн нөлөө орчихов уу?

-Гол асуудал нь УИХ, Засгийн газар хоёрын хоорондох хяналт тэнцлийн асуудал байгаа. 1992 оны Үндсэн хуулиар УИХ-ын чуулган, Байнгын хорооны нийт гишүүдийн дийлэнх олонхи нь (50+1) оролцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийддэг байсан. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг гүйцэтгэж болдоггүй байсан. 1992 оны Үндсэн хуулийн 29.1-д “УИХ-ын гишүүн хуулиар тотоосон үүрэгт нь хамаарахгүй ажил, албан тушаалыг хамаарч болохгүй” гэж заасан байсан. Энэ хуулийн орчинд УИХ үйл ажиллагаагаа явуулахад маш хүнд байсан шүү дээ. 1996-2000 онд УИХ-ын олонхи 50 гишүүнтэй, 51 хүний ирц бүрдэж байж чуулган хуралдах хуультай. Тиймээс цөөнхийн бүлэг буюу МАХН хуралдаанд оролцохгүй бол УИХ-ын үйл ажиллагаа бүрэн зогсдог байсан. Мөн Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гаднаас сонгогддог байсан. Тиймээс 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан.

Нэгдүгээрт, УИХ-ын нийт гишүүдийн олонхи нь (39+) хуралдаанд оролцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор шийдвэр гардаг болсон. Мөн “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэдэг заалтыг оруулж ирсэн. Эндээс эхлээд УИХ, Засгийн газрын эрх мэдэл холилдоод, хяналт тэнцэл алдагдаад эхэлсэн л дээ. Шийдвэр гаргаж байгаа гишүүдийн тэн хагас нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХ-аас гаргаж байгаа шийдвэр нь Засгийн газрын шийдвэр болоод хувирчихсан. Энэ бол маш том алдаа. Хуулиас хулгай хийдэг, хууль хулгайлах замаар ял зэмээс мултардаг, Засгийн газрын гишүүд нь хуралд орж ирэхгүй бол УИХ шийдвэр гаргаж чадахаа больчихдог, Засгийн газрын оруулж ирсэн бүх хууль батлагддаг болсон. УИХ нь Засгийн газарт хяналт тавих чадвараа бүрмөсөн алдсан. Үүнийг өөрчлөхийн тулд 2019 оны ҮХНӨ-ийг баталсан. “Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүү гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй” гэж өөрчилсөн. Мөн 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн гишүүдийн олонхи буюу 39 гишүүний ирц бүрдсэн байхад чуулган хуралдаж, 20 гишүүний саналаар хууль батлагддаг байсныг “Нийт гишүүдийн олонхиор хуулийг эцэслэн батална” гэж өөрчилсөн. 76 гишүүний олонхи буюу 39 гишүүний саналаар хууль батлагддаг болсон. Энэ өөрчлөлтийн онцлог нь УИХ нь УИХ-ынхаа, Засгийн газар нь Засгийн газрынхаа ажлыг хийдэг, Засгийн газар нь УИХ-ынхаа өмнө ажлаа тайлагнаж, УИХ нь Засгийн газартаа хяналт тавих бололцоог харьцангуй бүрдүүлж өгсөн.

-Гэтэл өнгөрсөн намар Цэцэд өргөдөл гаргасан нэр бүхий гишүүдийн гаргасан үндэслэл нь “Энэ өөрчлөлт чинь улс төрийн тогтворгүй байдал үсгээд байна” гэж тайлбарласан байдаг шүү дээ?

-Энэ бол үнэнд нийцэхгүй тайлбар. Цэцийн шийдвэр бол яалт ч үгүй эрх баригчдын ашиг сонирхолд нийцүүлж гаргасан шийдвэр. Цэц өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлсэн, Үндсэн хуулиа өөрийг нь үгүйсгэсэн шийдвэр болсон. Яагаад ийм шийдвэр гаргах болов оо гээд харахаар ерөөсөө ард нь улс төрийн, эрх баригчдын захиалга явж байгаа шүү дээ. Цэцийн энэ удаагийн шийдвэр хоёр үр дагаврыг авчирч байна. “Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх тоог хязгаарласан нь Үндсэн хуульд нийцэхгүй байна” гэдэг Их суудлын дүгнэлт гарсан. Үүнийг нь хэрэгжүүлье гэвэл дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Тэгэхгүйгээр хүчин төгөлдөр байгаа заалтыг “Үндсэн хуульд нийцэхгүй байна” гээд шууд хасаад явчихаж болохгүй.

-Цэц болохоор гаргасан шийдвэрээ юу гэж тайлбарлаж байгаа юм? Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм бол?

-Засгийн газрын дөрвөн гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэсэн нь Засгийн газрын тэргүүн танхимаа бүрдүүлэхэд нь хязгаар тавьж байна гэж тайлбарлаад, түүндээ Үндсэн хуулийн оршил хэсгийг дурьдсан байна лээ л дээ. Нэг ёсондоо Ерөнхий сайд УИХ-ын гишүүдээс танхимаа бүрдүүлэх сонирхолтой байвал яах юм? гэдэг асуулт тавиад байгаа байхгүй юу.

-Одоо тэгээд Ерөнхий сайд танхимаа шинээр бүрдүүлэхээр болоод, сайд нараа бүгдийг нь УИХ-аас томилохоор ярьж байна шүү дээ?

-Миний ойлгосноор, хэдийгээр Цэцийн шийдвэр ингэж гарсан ч гэсэн Засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ ажиллахад ямар ч Үндсэн хуулийн зөрчил байхгүй. Харин Цэцийн шийдвэрийг хүлээж авлаа гээд УИХ-ын гишүүдийг танхимдаа нэмээд эхэлбэл Үндсэн хуулийн зөрчил болно. Тиймээс Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлнэ гэвэл УИХ эхлээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Яагаад гэвэл ҮХНӨ-ийг УИХ-ын нийт гишүүдийн ¾-ын саналаар баталсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. УИХ-ын баталсан ҮХНӨ-ийг ард түмнээс мандат аваагүй Цэцийн есөн гишүүн хүчингүй болгож болохгүй. Үндсэн хуулийн хүчин төгөлдөр заалтыг Цэц хүчингүй болгож чадахгүй ээ л гэсэн үг. Тэгвэл парламент байх ямар ч шаардлагагүй болно. Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгож болох нэг л тохиолдол байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал нь процессийн алдаатай болсон буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа зөрчсөн тохиолдолд “Хууль зөрчиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байна” гэж үзээд хүчингүй болгох эрхтэй. Бусад тохиолдолд хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийн заалтыг Цэц хүчингүй болгож болохгүй.

Бүр тодорхой хэлбэл, Цэцийн саяын шийдвэр нь Үндсэн хуульт байгууламжид халдсан, УИХ-ын бүрэн эрхэд халдсан шийдвэр. Цэцийн шийдвэрлэсэн энэ заалтыг Үндсэн хуульд байгаа гэж үзэх үү, байхгүй гэж үзэх үү? гэдгээ ядаж УИХ нь өөрөө авч хэлэлцээд шийдвэрээ гаргах ёстой.

-УИХ-ын баталсан бусад хууль шиг Цэцийн шийдвэрээр хүчингүй болгодоггүй юм аа л гээд байна аа даа?

-Тийм. Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд, Үндсэн хуулийнхаа нэг заалтыг хүчингүй болгочихоод байна шүү дээ. Хуулийг олонхиороо баталдаг. Тэгвэл цөөнх нь бас хуулийг батлуулахгүй байж болдог. 2019 оны өөрчлөлтөөр “Нийт гишүүдийн олонхиор хуулийг эцэслэн батална” гээд заачихсан одоогийн нөхцөлд Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж зүтгэвэл Засгийн газрын 20 гишүүн орж ирээд хуулийг батлуулахгүй байх нөхцөл бүрдээд байна. Засгийн газар чинь УИХ-аас байгуулагдаж, УИХ-ын өмнө ажлаа тайлагнадаг байгууллага биз дээ. Гэтэл эргээд Засгийн газар нь УИХ-даа хяналт тогтоогоод эхэлнэ. Засгийн газрын гишүүдийн эсэргүүцэж байгаа хууль УИХ-аар батлагдах боломжгүй болно.

-Нэгэнт Цэц хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн юм бол Цэцийн шийдвэрийг хүчингүй болгох, шүүхэд өгөх боломж байхгүй юу?

-Байгаа ганц боломж нь Цэц өөрөө өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгох, залруулах.

-Засаг барьж байгаа улс төрийн хүчин солигдож байж л тийм зүйл болох байх даа?

-Цэц улстөрчдийн даалгавраар ажилласан нь анхных биш л дээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Цэц “Сонгуулийн хувь тэнцүүлсэн систем нь Үндсэн хууль зөрчиж байна” гэж шийдвэр гаргаад, УИХ сонгуулийн хуулиа өөрчилж байсан шүү дээ.

-Гэтэл үүнээс дөрвөн жилийн өмнө 2012 онд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж шийдвэр гаргасан байдаг?

-Тийм. Сая дахиад “Хувь тэнцүүлсэн систем Үндсэн хуульд нийцэж байна” гээд шийдвэр гаргачихлаа. Нэг асуудлаар хоёр, гурван удаа шийдвэр гаргачихлаа шүү дээ. Цэц нэг асуудлаар 2-3 удаа шийдвэр гаргаад, өмнө гаргасан шийдвэрээ буцааж өөрчлөөд байхаар үр дүнд нь Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал бий болчихож байна. 2016, 2020 оны хоёр удаагийн сонгууль явуулсны дараа Цэц шийдвэрээ өөрчилсөн. Энэ нь улс төрийн ямар үр дагавар авчирсан байна гээд харъя л даа. Ардчиллын интитуцүүдийг устгаж байна, улс төрийн намуудын төлөвшилд сөргөөр нөлөөлж байна. Сонгуулийн үр дүнг луйвардах хуулийн боломжийг Цэцийн шийдвэрээр олгоод яваад байна. Тийм болохоор цаашдаа Цэцийн асуудлыг шинээр авч үзэх хэрэгтэй болж байна. Ардчиллыг устгах, ардчилсан тогтолцоог устгах хамгийн эмзэг цэг нь Цэц болчихлоо шүү дээ.

-Одоо бол Цэцийг буруутгасан буруутгал л яваад байгаа. Гэтэл Цэцэд өргөдөл өгсөн нөхөд нь АН-ын, ХҮН-ын гишүүд байдаг, ард нь эрх баригч нам байгаа гэж яриад байдаг. Тэгвэл МАН-аас хэн, ямар бүлэглэл захиалга өгсөн байж таарах вэ? МАН-ын дарга бол яалт ч үгүй “давхар дээл” гэж шүүмжилж байгаад гарч ирсэн хүн. Үндсэн хуульд оруулж ирсэн хязгаарлалтыг өөрийн гараар унагах хүн биш байх аа гэж найдах юм?

-2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг “үнэхээр сайхан өөрчлөлт боллоо, бүх асуудлаа шийдчихлээ” гэж ярьж байсан хүмүүс шүү дээ, уг нь. Одоо эргээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө буцаая гэвэл хамгийн түрүүнд ард түмний эсэргүүцэлтэй тулгарна. Ялангуяа саяны энэ заалт чинь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа найман жилийн дотор хөндөж болохгүй заалт. Үүнээс шалтгаалаад МАН өөрөө үүнийг санаачлаад явах боломжгүй болчихсон. Хоёрдугаарт, улс төрийн өнөөдрийн нөхцөл байдлыг харах юм бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ойрын хэдэн сонгуулийн цикл дотор байгаагүй нэр хүндгүй Засгийн газар болчихлоо. Тэгэхээр энэ Засгийн газрыг авч үлдэх, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа үлдэхийн тулд л авч байгаа арга хэмжээ шүү дээ. Тэрний тулд Цэцийг ашиглаж байна. УИХ-ын гишүүд ч гэсэн ойлгох ёстой. Ерөнхий сайд 20 гишүүнийг Засгийн газартаа оруулчих юм бол цаашдаа УИХ шийдвэр гаргаж чадахгүй. Засгийн газар орж ирэхгүй л бол хууль батлагдахгүй болно. Цаашлаад Үндсэн хуульт байгууламж, төрийн үйл ажиллагааны суурь зарчмуудыг устгаад засаглалын хямрал руу л түлхэж байна.

-Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийг, Засгийн газрыг нь унагах зорилгоор МАН дотроосоо ажиллаад Цэцэд нөлөөлсөн байж болох уу?

-2020 онд УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон хүмүүс нь тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгчийн эргэн тойронд байсан, эсвэл түүнтэй ойлголцсон хүмүүс. Тэгэхээр парламент доторх МАН-ын бүлэг дотор бол сөрөг хүчний орон зай байхгүй гэж ойлгож болно. Нэгэнт нэг тал болоод нэр дэвшчихсэн хүмүүс тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгчтэй ойлголцохгүйгээр Л.Оюун-Эрдэнийг унагах хүч бүрэлдэхгүй гэж харж байна. Энэ нь нэг талаасаа Засгийн газар тогтвортой байгаа юм шиг харагдуулж байгаа боловч ардчиллын суурь зарчимдаа нийцэхгүй яваад байна. Цаашдаа ардчиллыг төгөлдөржүүлье, ардчилсан институцүүдийг бэхжүүлье гэвэл Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль хоёрыг хооронд нь уялдаатай, хамтад нь шинэчлэх ёстой. Хэнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй вэ гэдгийг хуулиар зохицуулахгүй “намын асуудал” гээд орхичихоор хэсэг бүлэг хүмүүс өрсөлдөгчөө нам дотроо дарж авдаг хэрэгсэл болчихсон.

-Цэцэд өргөдөл өгсөн нь өнгөрсөн оны сүүлээр болсон явдал. Түүнээс хойш жил шахуу хугацаанд Цэц зүгээр л суугаад байсан. Ямар айхтар алсыг харж өргөдөл гаргаа вэ? гээд гайхаад байна л даа...

-МАН-ын гаршсан нэг зүйл байна. Мэдээж үүнийг ардчиллын жишиг орнуудаас суралцаагүй. Белорус шиг, Турк шиг орнуудаас суралцаж байгаа. Эрх баригч нам өөр нам доторх тоглоомын улстөрчдийг ашиглаад өмнөөсөө дуугаргадаг болсон, зохиомол намуудыг бий болгож, тэжээж тэтгэдэг болсон. Өрсөлдөгчөө үгүй хийх, өөрсдөө шүүмжлэл дагуулах асуудлууд дээр тэднийгээ нохойд барьдаг мод болгож ашиглаж байна шүү дээ. Ийм зорилгоор улс төрийн намуудыг тэтгэдэг, тэдэнтэй хамтарч ажилладаг болсон. ХҮН бол бүхэлдээ МАН-ын хүслийг биелүүлдэг, нохойд барьдаг мод болоод хувирчихлаа. Уг нь бол сонгуулийн холимог тогтолцоо орж ирээд явахад улс төрийн гуравдагч хүчин болоод, хоёр том намын үлдээгээд байгаа асуудлыг авч яваад, дуу хоолойгоо өргөөд, парламентад иргэдийн дуу хоолой болоод явах боломж байсан. Харамсалтай нь МАН-ын дагуул болоод явчихлаа.

-Тэгэхээр одоогийн энэ нөхцөл байдлыг жилийн өмнөөс таамаглаад, гарах арга замаа ч тооцоолчихсон байжээ дээ?

-Нэгдүгээрт, Засгийн газрын гишүүдээр чадваргүй хүмүүсийг томилсон. Тэр бол яалт ч үгүй Ерөнхий сайдын буруу. Чадваргүй сайд нараасаа болоод эдийн засгийг хямруулаад, нийгмийнхээ амьдралыг зогсоогоод, хүний эрхийн асуудал дордоод, авилгаа дийлэхээ болиод, огцордог дээрээ тулаад ирэхээр парламентын гишүүдийг хяналтандаа авах замаар тогтож үлдэх гэж байна л даа. Тэрийгээ Цэцээр хийлгэж байна. Харамсалтай. Хамгийн аюултай нь засаглалын хямрал руу түлхэж байна.             

-Энэ асуудалтай хамаагүй ч байж магадгүй, зүгээр хардаж байна л даа. Цэрцэд өргөдөл өгсөн АН-ын хоёр гишүүн хоёулаа “Женко”-гийн хүмүүс. Тэгэхээр ард нь МАН-аас гадна Женко байх боломжтой юу? Тэгээд саяхнаас түүн дээр АТГ эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа. Ард нь магадгүй ял наймаалцах асуудал байгаа юм биш биз дээ?

-Манай намаас сонгогдсон хоёр гишүүн, ХҮН-ын хоёр гишүүн байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн үйлдлийг харахад яалт ч үгүй эрх баригчдын захиа даалгавраар ажилласан. Хоёрдугаарт магадгүй, ҮХНӨ-ийг ямар нэг байдлаар улс төрийн барьцаа болгож ашиглах гэж байж магадгүй. Дараачийн Засгийн газар байгуулахад оролцох, хүмүүсээ томилуулах ч юм уу, эсвэл бүр өөрийн чинь асууж байгаа ял наймаалцах ч асуудал байж магадгүй. Нэгдүгээрт, энэ хүмүүс МАН-ын захиа даалгавраар энэ ажлыг хийж байгаа гэдгээ бүрэн ухамсарлаж байсан. Хоёрдугаарт, өнөөдрийн гарч болзошгүй үр дагаврыг ч гэсэн ухамсарласан байж таарна. Эрхбиш парламентын гишүүн хүмүүс шүү дээ. Ядаж нийгэм, улс төрийнхөө нөхцөл байдлыг ойлгож байгаа.

-Тэгвэл “Женко” Баттулгын хэрэг хаашаа эргэх нь вэ гэдгийг анхааралтай ажиглах шаардлагатай юм байна даа?

-Тийм ч байж магадгүй. ҮХНӨ-ийг дэмжвэл АН-ын тамгыг хааш нь шийдэхээ ярьж болох юм гэсэн асуудлыг МАН-ын зүгээс тавьж л байсан шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг наймаалцаад хийж болно гэж үздэг эрх баригчдын үйлдлийг харвал юуг ч наймааны хэрэгсэл болгож чадах хүмүүс.

-Тэгээд АН яагаад ҮХНӨ-ийг дэмжихгүй байгаа юм? Ядаж тамганы маргаанаа дуусгахын тулд...

-Цаана нь улс орны язгуур эрх ашиг гэж юм байна. Олон улсын нөхцөл байдал, эдийн засаг, улс төр, геополитикээ харсан ч ийм төвөгтэй үед суурь хуулиараа оролдож болохгүй л дээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахад хамгийн тааламжгүй үе шүү дээ, гадаад нөхцөл байдлаа харвал. Дотоод нөхцөл байдлаа харсан ч гэсэн эдийн засгийн хямралтай, эрх баригч хүчин нь нийгмийн дунд дэмжлэгээ алдчихсан байгаа нөхцөлд Үндсэн хуулиараа оролдох нь нийгмийн тогтворгүй байдлыг дагуулж магадгүй эгзэгтэй цаг үе байна.

-Энэ АН-ын байр суурь уу? Таны хувийн бодол уу?

-Миний хувийн л бодол шүү дээ. Намын удирдлагуудын хувьд цаг нь болохоор байр сууриа илэрхийлэх байх. Сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар МАН УИХ-аас ажлын хэсэг байгуулалгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудаа тодорхойлоод иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гишүүд тойрогтоо ажиллахдаа иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ нь өөрөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа зөрчсөн. Энэ бол Үндсэн хуульт байгууламжид халдаж байгаа хэрэг мөн. Ер нь бид болохгүй юмаараа оролдож байна. Цэц ч оролдож байна, эрх баригчид ч оролдож байна. Цаашлаад хяналтаас гарсан нийгмийн тогтворгүй байдал руу түлхэж байж ч магадгүй. Энэ бол санаа зовох асуудал мөн. Монгол хүн бүр санаа зовох ёстой.

-Тэгэхээр одоогийн нөхцөлд таны гаргаж байгаа байр суурь юу вэ?

-Цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчихдаг байлаа гэхэд, УИХ-аар хэлэлцдэггүй юмаа гэхэд ядаж Цэцийн шийдвэрээр шалтаглаж Засгийн газрын гишүүдийг УИХ-аас нэмэгдүүлж болохгүй. Дөрвөн сайд УИХ-ын гишүүн байлаа гээд Үндсэн хуулийг зөрчил болохгүй шүү дээ. Ядаж Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл одоогийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ ажиллах бүрэн бололцоотой. Халаа сэлгээ хийх шаардлагатай гэж үзэж байгаа бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн хүрээнд УИХ-аас дөрвөөс илүүгүй сайдтайгаар халаа сэлгээгээ хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол засаглалын хямрал руу орно.

-Тэгвэл танай намынхан, ядаж нөгөө хуульчид, Үндсэн хууль судлаачид яагаад энэ талаар дуугарахгүй байгаа юм бэ?

-Манай намынхан гэхээсээ илүү хуульчид, судлаачид яагаад дуугарахгүй байгааг би ч гэсэн гайхаад байгаа. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийнхаа суурь зарчмын эсрэг ажиллаад, дураараа авирлаад, эрх баригч намын тоглоом болоод байхад тэр хүмүүс яагаад дуугаа хураачихав аа. Үндсэн хуулийн судалгааг олон жил хийсэн, нийгэмдээ нэр хүндтэй хүмүүс нь дуу хоолойгоо гаргамаар байна. Би бас заримаас нь асууж үзсэн. Асуухаар усанд хаясан чулуу шиг дуугүй алга болчихож байгаа байхгүй юу. Ерөөсөө Монголын нийгэмд эрүүл үнэний дуу хоолой байна уу? Ядаж судалгаа хийдэг, шинжлэх ухааны хүмүүс нь өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлэх боломж байна уу?

-Ерөөсөө хаа сайгүй итгэл алдраад, өөрчлөхсөн гэдэг юм байхаа больчихсон юм биш үү?

-Итгэл алдраад байна уу, эсвэл барьцаанд орсон уу? гайхаад л байна. Би сая С.Нарангэрэл профессор, академич Ж.Амарсанаа хоёрын ярилцлагыг үзлээ. Ерөөсөө эрх баригчдын талд үйлчилж байна. Тэр хүмүүсийн академик ертөнцөд бүтээж босгосон хайран нэр хүнд, хөдөлмөр. Үндсэн хууль, үнэт зүйлийг маань устгаж байхад эрх баригчдыг өмөөрөөд дуугарч байгаа нь тэр хоёр хүн л байна. Бусад нь яагаад дуугарахгүй байна аа? Зөндөө олон сайхан залуучууд байгаа. О.Мөнхсайхан байна, А.Бямбажаргал байна. Нэг нь ч дуугарахгүй байна. Б.Гүнбилэг гэж залуу харин соошлаар юм бичээд байх шиг байна лээ. Үндсэн хууль судлаад, 2019 оны нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэгт ороод, “болно, болохгүй” гээд явж байсан хүмүүс маань энэ асуудал дээр яагаад чимээгүй байгааг гайхаад байна. АН-ынхнаас бол улс төрд байгаа хүмүүс нь дуугараад, яриад явж байна.

-Ярилцсанд баярлалаа.    

inews.mn