Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Ээлжит бусаар яаравчлан хэлэлцэх ёстой асуудал нь мэдээж өнгөрөгч долоо хоногт /2022.08.16/ Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр. Цэцийн их суудлын шийдвэр гарсан учраас УИХ өнгөрөгч 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийнхөө зарим хэсгийг хүчингүй болгоно. Дараа нь мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал яригдана. Баахан УИХ-ын гишүүн сайд нар гарч ирэх юм биз дээ. Бүр Цэцийн шийдвэр гарахаас ч өмнө хувь хувийнхаа пиарыг явуулаад эхэлчихсэн нөхөд ч олон бий.

Цэцийн шийдвэр гарснаас хойш хуульч, судлаачдын дунд “Үндсэн хуулийн цэцийн сүүлийн шийдвэр урьд өмнө байгаагүй муу жишиг болов. Үндсэн хуулийг хулгайлах дараа дараачийн хулгайн үүдийг нээлээ” хэмээн ярьж, бичиж байгаа. Урьд өмнө байгаагүй муу жишиг болсон уу гэвэл болсон. Цэц хэдийгээр улс төрийн бохир захиалга гүйцэлдүүлэх нь хэвийн үзэгдэл болчихоод байсан ч гэлээ арай ч саяных шиг “Үндсэн хуулийн зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг эргүү шийдвэрийг урьд өмнө хэзээ ч гаргаж байсангүй. Харин Үндсэн хуулийг хулгайлдаг байсан уу гэвэл байсан. Үндсэн хуулийн үзэл санаа, утга, үр дагаврыг бүр маш олон удаагийн үйлдлээр хулгайлж, хумсалж ирсэн. Тэр нь ужиг өвчин болоод өнөөдөр ийм байдалд хүрч байна. 

Тэгэхээр өнөөдөр эрх барьж байгаа нам, улс төрийн хүчин үнэхээр л Үндсэн хуулийг сайжруулья, засч залруулья гэж байгаа бол түүнийгээ Үндсэн хуулийн цэцээс эхлэх ёстой болсныг өнгөрсөн удаагийн Цэцийн дүгнэлт харууллаа. Цэцийг улс төрөөс ангид байдлаар яаж ажиллуулах вэ, ямар арга зам, хуулийн механизм хэрэгтэй вэ гэдгийг бодож тунгаах цаг болж. Тэгэхгүйгээр цааш явбал Үндсэн хуульд ямар ч сайн, саар өөрчлөлт хийсэн ялгаагүй, хэдхэн хүний гарын үзүүрээр унаж, нурах, тэр нь явсаар Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрх мэдлийг парламентаас булааж авах нөхцөл байдал бий болчихоод байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь зөвхөн ард түмнээс сонгогдсон парламентад бий, Цэцэд ийм эрх мэдэл байхгүй, байх ч ёсгүй гэдгийг санах ёстой.  

Эрх баригч намын хоёр дахь удаагаа зарлаад явж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд парламентын чадавхийг нэмэгдүүлэх (гишүүдийг тоог нэмэх), сонгуулийн тогтолцоог сайжруулах (пропорциональ элементийг хуульд оруулж ирэх), Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болж, УИХ-ыг тараах эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөх зэрэг асуудлууд багтаж байгаа. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр (хамгийн багадаа 100-150 болгох) одоо яригдаад байгаа “давхар дээлний” асуудал алга болж, парламент нь Засгийн газартаа бүрэн дүүрэн хяналт тавьдаг болно, Засгийн газраасаа хараат байхаа болино. Парламент хууль тогтоох, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих эрх мэдлээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх чадамжтай болно. Парламентын гаргаж байгаа шийдвэрт хувь улстөрчийн, хэсэг бүлгийн нөлөө, авилга, сонирхлын зөрчил үйлчлэхээ болино. Бүрмөсөн алга болохгүй л байх л даа, ядаж л багасна. Нэг хэсэг нь авилгад автаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэлээ гэхэд нөгөө хэсэг нь эсэргүүцээд босдог, дараад авдаг тийм чадавхитай болно гэсэн үг. Хуулийг хууль зөрчимтгий хэсэгт нь зориулж хийдэг энгийн дүрмийг санах ёстой. Нэг хэсэг нь нийтийнхээ эрх ашиг, зарчим, үнэт зүйлийг битгий дэвслээсэй гэсэндээ.

Хоёрдугаарт, сонгуулийн пропорциональ системийг оруулж ирэх нь сонгогч нэг бүрийн санал гээгдэхгүй байх, цөөнхийн саналаар олонхийг дарангуйлдаггүй болох (нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан нэг нам сүүлийн хоёр сонгууль дараалан эрх барьж байгаа), парламентад олон намын төлөөлөл орж ирэх, ингэснээр аливаа асуудлыг олон урьгальч үзлээр олон талаас нь шүүн хэлэлцэж, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг. Дээр нь сонгуулийн зардлыг бууруулж, улс төрийн эрүүл өрсөлдөөнийг бий болгох, улс төрийн нам бодлогоороо өрсөлдөж, сонгогчийн итгэлийг олох, шалгуурыг давах, сонгогдсон хугацаандаа бодлого нь тогтвортой байх, хувь улстөрчдийн тоглолтод хөтлөгдөхгүй байх, хамгийн гол нь сонгуулиар байгуулсан Засгийн газар нь бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх боломжийг олгодог. 

2012-2016 онд ажилласан АН-ын хоёр Засгийн газраас хамгийн сайн ажилласан (хуулийн шинэчлэл, боловсролын шинэчлэл гэх мэт) нь Н.Алтанхуягийн Засгийн газар гэж үнэлэгддэг. Учир нь 2012 оны сонгуульд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн системийг ашигласан. УИХ-ын 76 мандатын 28 нь намын жагсаалтаар нэр дэвшиж гарч ирдэг болсноор УИХ-ын болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тогтвортой явж ирсэнд байдаг. Түүнээс биш Н.Алтанхуяг сайндаа биш юм. Н.Алтанхуягийн хувьд “Манай нам засгийн эрх авсан тохиолдолд Сангийн сайд нь энэ, Хууль зүйн сайд, Боловсролын сайд нь тэр, тэр байх юмаа. Тийм тийм бодлогыг энэ, энэ хүмүүс хэрэгжүүлнэ” гэдгээ ил зарлаад сонгуульд оролцсон. Сонгогчид түүнд нь итгэж санал өгсөн. 

Хэрвээ Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Үндсэн хуульд “давхар дээлний” асуудал орж ирсэн бол Н.Алтанхуяг УИХ-аас томилсон сайд нараа гишүүнээс нь чөлөөлөөд жагсаалтын ард бичигдсэн нэр дэвшигчдийг УИХ-д оруулж ирээд явахад УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт, саад бэрхшээл гарч ирэхгүй байлаа. Нөхөн сонгууль явуулахгүй, илүү зардал, цаг хугацаа үрэхгүй. Пропорциональ тогтолцооны бас нэг давуу тал энэ.

Гэтэл өмнөх дөрвөн жилд яасан бэ? Парламентын 76 гишүүний тал нь сайд болох хүсэлтэй. Талын талыг нь сайд болгоод оруулаад ирсэн чинь үлдсэн тал нь бослого гаргаад Засгийн газраа огцруулаад явсан. Нөгөө Н.Алтанхуягийг элдэвлээд давхар дээл нөмрөөд гудамжинд гарсан нөхөд бүгдээрээ давхар дээл нөмрөөд Засгийн газарт орсон. Аргаа бараад Үндсэн хуульд өөрчлөлт хийж, давхар дээлийг хориглоод сонгуульд орсон чинь өнөөдөр эргээд Цэцэд гомдол гаргаад, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргуулаад давхар дээлээ нөмрөх гэж байна. 

Нэгдүгээрт энэ бол сонгуулийн тогтолцоонд асуудал байгаа, хоёрт парламент чадамжгүй байгаагийн шинж. Сайд болно гэж итгэсэн хорин хүн бослого гаргаад парламентын баталсан Үндсэн хуулийг уландаа гишгэж байна. Хэрэв парламент 100, 150 гишүүнтэй байсан бол тэр хорин хүний шунал, хүсэл юу юм. 

Тийм болохоор парламентын чадамжийг нэмэгдүүлэх буюу гишүүдийн тоог өсгөх, сонгуулийг тогтолцоог өөрчлөх буюу хувь тэнцүүлсэн системийг оруулж ирэх асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол амин сүнс нь. Дээр нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох. Хэрэв тэгэхгүй бол үе үеийн Ерөнхийлөгч нар “Ард түмнээс сонгогдсон” гэдэг нэрийн дор парламент, Засгийн газрыг дотроос нь идээд дууслаа. 

Гэвч эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд эхлээд Үндсэн хуулийг хулгайлж байгаа Үндсэн хуулийн цэцийг өөрчлөх ёстой болж байна. Хэрэв тэгэхгүй бол ямар ч сайн өөрчлөлт хийгээд Үндсэн хуулийн цэц дээр очоод унаж тусдаг, Үндсэн хуулийн цэц нь өөрөө Үндсэн хуулийнхаа дээр гарч суудаг, Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрх мэдлийг Цэц хэрэгжүүлдэг байдал жишиг болж тогтлоо. Үүнээс илүү яаж дордох вэ? 

inews.mn