Энэ 7 хоногт
Монгол улсад мэйнфрэйм ашиглах, суперкомпьютер, клауд (үүл) турших, нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдсан тухай товч
Дэлхийн улсууд тарснаа нэгтгэж байхад бид улам “бутарч” байв.
2006 оны 7 сарын 28-ны өдрийн дараахи Зураг 1. олдоод жил боллоо. Зураг юу өгүүлнэ вэ?
Өгүүлэмж 1. Компьютерийн 5 мэйнбоордыг 2 свичээр хооронд нь кластерийн зарчмаар холбож, суперкомпьютерийн үйлдлийн систем, эпликэшн суулгаж нэг компьютерээс 3-4 дахин хүчин чадалтай бяцхан суперкомпьютерийн загвар “Bit HPC” бий болгосноо ICT EXPO 2006-ийн үзмэрүүд дунд суурилуулаад сонирхогчдод танилцуулж буй мэргэжилтнүүд: зүүн гараас программист О. Ганбат, сүлжээний инженер Анар, хөрөнгө оруулагч, Бит Сервис ХХК-ийн захирал Д.Толя, гадна гэр гм-г хийж, кластерийг угсарч, систем суурилуулсан Вайрлеском ХХК-ийн ерөнхий инженер Г. Оюунбаяр нар.
Өгүүлэмж 2. МУ-д бэлтгэгдсэн МТ-ийн мэргэжилтнүүд кластер, суперкомпьютер ашиглах, улмаар угсрах, систем суулгах, хүчин чадлыг нь хэрэгцээтэй хэмжээгээр нэмэх чадвартай, ингэснээр 1991 оноос хойш МУ-д дутагдаад байсан тооцоолох хүчин чадлыг дотооддоо, хямдаар бий болгож болно гэдгийг бодитой харуулах.
Өгүүлэмж 3: Энэ өдрөөс хойш яг 14 жил өнгөрч, иймээс зураг дээр байгаа загвар суперкомпьютерийг бүтээхэд дэмжлэг үзүүлсэн инженер Д. Толя (тэр жилээ АНУруу ногоон картаар явсан, одоо ч тэнд), хувь нэмэр оруулсан хүү, дүү нар, нэвтрүүлэхийг Төр, ЗГ-т уриалахад оролцож байсан топ мэргэжилтнүүд, эрдэмтэн, профессоруудад сайн сайхныг хүсээд, суперкомпьютер/үүл бодитоор нэвтрүүлж МУ-ын хөгжлийг эрчимжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулахыг хүсье! Суперкомпьютерийн функц бүхий Үүл нь оюуны чадвар өндөр иргэдтэй МУ-ын хувьд ААНБ, иргэдийн бүтээгдхүүн, үйлчилгээг шуурхай боловсронгуй болгох, үйлчилгээгээ Дэлхийд гаргах хэрэгсэл мөн шүү!
МУ-д МЭЙНФРЭЙМ КОМПЬЮТЕР АШИГЛАЖ БАЙСАН НЬ (1973-1991)
БНМАУ-ын СнЗ 1971 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 195 тоот Тооцоолон Бодох Төвийн захиргаа байгуулах тухай тогтоол гаргав. Төр, аж ахуйн байгууллага, иргэд ашиглаж болох нээлттэй Тооцоолон Бодох Төв (ТБТ, англиар National Computer Centre буюу NCC гэж бичдэг байв)-ийг мэдээллийн гол эх үүсвэр болсон Статистикийн Төв Газрын дэргэд байгуулах шийдвэр гаргасны дагуу 1973 оны 12 сард анхны компьютер “Минск-32” мэйнфрэйм (mainframe, дараахи зураг дээр операторын бичгийн машин нь харагдаж байна. Энэ мэйнфрэйм 110 кв. м талбай эзэлдэг атлаа 30000 үйлдэл/сек хийдэг, 64 КБ санах ойтой байсан ч түүнийг хоногт 24 цагаар, ажиллуулж, МУ-ын төлөвлөгөө, статистик, бусад бодлого бодуулдаг байв) суурилагдав.
Зураг 2.Операторын пультийн бичгийн машин Consul 254 дээр мэйнфрэймд ачаалсан апп-уудын жагсаалт бичигдсэн бололтой. Энэ тохиолдолд оператор апп-уудын ажиллах дарааллыг өөрчлөх, тэдний шаардсан мэдээллийг архиваас авч “залгаж өгөх” зэрэг цөөнгүй үйлдэл хийдэг байв.
Минск-32-ын иж бүрдлийг цааш нь тухай бүр өргөтгөж байсан ба үүн дотор 1975 оноос аймаг бүрт суурилуулсан телетайп, нэмэлт соронзон туузын байгууламж, шивэлтийн төхөөрөмжүүд зэрэг байв. 1979 онд секундэд 370000 үйлдэл хийдэг IBM360, 1983 оноос бүх аймгийн төв, 2 хотыг ТБТ-тэй 1200/2400 бит/с хурдаар холбосон тоон мэдээлэл дамжуулах компьютерийн сүлжээтэй болов. ТБТ нь өгөгдлийн сангуудтай, мэдээллийн технологийн салбарын туршлагатай хэдэн зуун мэргэжилтэнтэй, өөрсдийн бий болгосон олон мянган эпликэшнтэй 24 цагийн ажиллагаатай датасентертэй, Д. Бямбасүрэн гуайн нэг удаа тодорхойлсноор Монгол Улсын “ТАРХИ” болоод 1991 онтой золгов. Жич: 1986 онд сек-д 890 мян үйлдэл хийдэг IBM370, 1990 онд сек-д 1.6 сая үйлдэл хийдэг IBM4341 зэргээр нэмж тоноглосон. ТБТ нь бүх салбарын динамик мэдээний дижитал архив, эдийн засгийн загварчлалын алгоритм бүхий SW ашиглан МУ-ын салбарууд, Улсын богино, дунд, хэтийн төлөвлөгөөг боловсруулдаг, энэ нь харьцангуй оновчтой болдог байсан тул зөвхөн ТБТ-ийн үйл ажиллагаа эдийн засгийг ~1% өсгөх боломж бүрдүүлж байсан гэж 1980-аад онд тооцдог байв. Инженер-электронч Ч. Давааням (Петровис ХХК-ийн хөрөнгө оруулагчдын нэг) “бид ямар хувь нэмэр оруулж байгаа юм бэ?” гэсэн асуултыг ТБТ-ийн захиргаа, ЗГ-т 1970-аад оны сүүлээс эхлэн тавьдаг байсны хариуг хожим ЭЗ-н Хүрээлэн дээрх тоогоор хариулсан.
1991 онд ТБТ-ийг МУ-ын ЗГ-ын шийдвэр (үүнийг хувь заяаны тохуурхал гэж нэрлэвэл таарна, Ерөнхий сайд Д. Бямбасүрэн гуай өөрөө энэ шийдвэрт гарын үсэг зурав)-ээр татан буулгаж тэнд ажиллаж байсан ЕС-1040 (IBM360), EC-1045 (IBM370), IBM4341 зэрэг олон сая ам долларын үнэтэй, 330 кв м талбайд суурилагдсан мэйнфрэймүүдийг унтраалгаж, 300 илүү оператор, инженер, техникийн ажилтныг гэнэт халж, датасентерийг цоожилж лацдаснаар МУ-д компьютерийн өндөр хүчин чадал шаардах бодлого бодуулах дэд бүтэц үгүй болов. Цөөн байгууллага бага чадлын сервер авсан байсан ч, тэдний хүчин чадал дотоод сүлжээнд холбогдсон цөөн компьютерийг үйлчлэхээс хэтэрдэггүй байлаа. “1991 оны ЗГ-ын энэ шийдвэр түр зуурынх байж таарна, ТБТ удахгүй ажиллаж эхлээд биднийгээ эргээд дуудна байх” гэсэн горьдлого тээгчид халагдагсад дотор олон байсан ч намар, хүйтэн өвөл өнгөрч хавар, зунтай, бас шинэ засгийн газартай золгоход, хэн ч дуудагдсангүй. Гэвч ТБТ-ийн мэйнфрэйм компьютерүүд лацадсан хаалганы цаана тоо ёсоор хадгалаастай байсан нь найдвар төрүүлсээр байлаа. ТБТ-д 1973 оноос эхлэн цуглуулж тоон хэлбэрт хөрвүүлэн хуримтлуулсан ХАА, хүн ам, аж үйлдвэр, банк, санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, тээвэр, холбоо, барилга болон бусад салбарын 7 хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтай динамик өгөгдөл, тэднийг боловсруулах зорилгоор монгол программ зохиогчдын бий болгосон хэдэн мянган эпликэшний эх код агуулсан соронзон диск, тууз 1991-92 оны өвлийн хүйтэнд деформацид орсноор уншигдахаа больж дата нь бүрмөсөн устав. 1992 онд байгуулагдсан МУ-ын Засгийн Газар, сүүлийн 15 жилд, анх удаа салбар бүрийн олон жилийн динамик датад суурилсан биш, мөн загварчлал, симуляци ашиглаж компьютерээр бодуулж оптимизаци хийгээгүй хөтөлбөр “ЗГ-ын 1992-1996 оны Төлөвлөгөө”-г УИХ-аар батлуулж ажилдаа оров. Энэ үед мал малчдад шилжсэн байсан тул тэдний ихэнх малаа аваад алслагдсан нутаг руу нүүдэг, оторлодог болсноос цаг агаарын мэдээний ач холбогдол ихэсч, ашигт малтмал, газрын тосны хайгуул эрчимжсэнээр хөрсөн дорхи баялагийг дээрээс нь хэдэн мянган м гүн рүү долгион цацаж ойсон долгионыг бүртгэж аван суперкомпьютерээр бодуулж нөөцийг нь урьдчилан мэдэж болдог арга бий болсон үе байв. Эдгээрийн боловсруулалтад маш өндөр хүчин чадалтай суперкомпьютер хэрэгтэй ч, өгөөж нь гаргасан зардлаасаа олон дахин их. Засгийн Газар 1993 оны 11 сард ТБТ-ийн байранд байсан бүх тоног төхөөрөмжийг актлах шийдвэр гаргаснаар датасентерийн зориулалттай давхар шал, таазтай 330 кв м танхим түрээсэнд өгөгдөж Морины шандас компанийн агуулах болов. Нийтийн ашиглалтын ТБТ нь бас өөр хэд хэдэн Тооцоолох төвийн хамт татан буугдсан ч мэйнфрэйм бүхий Эрдэнэтийн ГОК-ын, Цаг уурын ТБТ-үүд тэсч үлдэв.
АЗИЙН СУПЕРКОМПЬЮТЕРИЙН ТӨВ, 1994-1995
Дээрх бодлогуудыг Монголдоо бодож импорт орлох, ШУА, Их, дээд сургуулийн судалгаанд тоон загварчлал, симуляци нэвтрүүлэх, тэр байтугай цөмийн зэвсэгтэй шалтгаанаар суперкомпьютер нийлүүлэх улсуудын тооноос хасагдсан байсан хоёр хөршдөө суперкомпьютерийн үйлчилгээ экспортлох зорилгоор МУ-ын ЗГ 1994 оны 11 сарын 16-нд Азийн суперкомпьютерийн (судалгааны) төв (АССТ) байгуулах тухай 191 тоот тогтоол гаргав. Ерөнхий Сайд П. Жасрай гуай тогтоолыг баталгаажуулсан. Энэ төвд тэр үедээ маш өндөр хүчин чадалтай, дэлхийд цөөхөн суурилагдсан гэгдэж байсан АНУ-ын Convex C2 эсвэл C3 супер компьютер суурилуулах болов.
Зураг 3. 50 мflops хүчин чадалтай супер компьютер Convex 2. Ийм компьютер, эсвэл C3 2ш суурилагдаж зах зээлд дор хаяж 100 mflops хүчин чадлаар үйлчилгээ үзүүлнэ гэж төлөвлөгдсөн юм. Байрлал нь ТБТ-ийн байр буюу одоогийн ҮСХ-ны 2-р давхар.
Энэ төвийн ашиглалтын өмнөх захиргааны ахлагч нь СнЗ-ийн орлогч дарга байсан Ч. Сүрэн гуай, гишүүд нь МУИС, ЭХЯ-нытүшмэл, мэргэжилтнүүд байв. Үүнийг бичигч МУИС-ийн доктор С. Лодойсамбатай харилцдаг ТБТ-ийн байрны хэмжээ, даац, агааржуулах, эрчим хүчний хангамж зэргийн мэдээлэл, ЛАЦ-тай холбосон 96 сувагтай кабель, IBM OS, PL/1, assembler хэлний өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн судалгаа, Статистик, төлөвлөлт, цаг уурын гм байгууллагын компьютер ашиглах шаардлага гм мэдээлэл гаргаж түүнд өгдөг байлаа. Гэвч удалгүй зарим мэргэжилтэн “АССТ нь үндэсний эрх ашигт хортой” гэсэн үндэслэл бүхий санал боловсруулж ҮАБЗ-өөр хэлэлцүүлээд, тэдэнд итгүүлж ЗГ-ын 191 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулав. МУ-ын өндөр хүчин чадалтай компьютер бүхий датасентерийн “хонгилын гэгээ” 2 дахиа тасарч МУ “тархи”-гүй хэвээр үлдэв.
МЭЙЖИКНЭТ ХХК-ИЙН GRID ТӨСӨЛ, 2003
Төр, Засгийн газар дахиж Датасентер байгуулах талаар ярилгүй байсаар 2003 он хүргэв. Энэ оны намар Мэйжикнэт ХХК (захирал нь Др. Энхбат, 1980-аад онд ТБТ-д үүнийг бичигчтэй хамт ажиллаж байсан) өөрийн зардлаар туршилтын кластер байгуулах, үүнээ бүр GRID-д холбох санаачлага гаргаад 5 сервер (тэдгээр нь нэг төрлийн биш байсан ч, туршилтад муугаар нөлөөлөөгүй) ашиглан туршилт эхлүүлэв. Үүнийг бичигч ҮСХ-ны ашиглалт багатай байсан ACER сервер аваачин түр нийлүүлж энэ багт нэгдэв. Тодд Смит багийг ахалж байсан, гэхдээ баг зөвхөн ажлын өдөр ажиллаад орой, шөнө ажлын байр чөлөөлдөг байсан нь миний ажлын хуваарьтай маш их зөрчилдөж байлаа. Туршилтын кластер ажилласан ч, Мэйжикнэт ХХК үйлдвэрлэлд, бүр МУ-ын зах зээлд санал болгох том кластер эхлүүлсэнгүй. Энэ кластераа ч удалгүй салгав. Датасентер, суперкомпьютерийн гэгээ 3 дахиа тасрав. Энэ кластер МУ-ын хамгийн анхны суперкомпьютерт тооцогдож болох ч, энэ кластерийн тухай ямар нэг мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй, ашиглах талаар нийтэд зарлаагүй, мөн үзэсгэлэнд тавиагүй, Мэйжикнэт ХХК-н захиргаа хэлэлцээд ямар нэг шийдвэр гаргаагүй тул эцсийн байдалтай болсон гэж тооцох аргагүй.
ХУВИАРАА ХИЙСЭН ТУРШИЛТ, СУПЕРКОМПЬЮТЕР/ҮҮЛ 2005-2015
Bit TNN HPC: ҮСХ-оос 2005 онд гарч МТ Групп-д ажилд орсон үүнийг бичигч PC дээр кластерийн систем суулгаад туршиж эхлэв. Энэ үед суперкомпьютерийн үйлдлийн системийн зах зээл рүү эрчимтэй орж эхлээд байсан Микрософтын Compute Cluster Server 2003, Compute cluster Pack нь ашиглахад хялбар төдийгүй тэдгээрийг үнэгүй татаж авах боломжтой, бас зааврууд нь ойлгомжтой байсан тул би PC дээрээ VMware суулгаж виртуаль машинууд үүсгэн 3 node бүхий кластер бүхий суперкомпьютерийн туршилт эхлэв.
Зураг 4. 2 Node бүхий кластер Bit TNN.
Миний энгийн PC дээр энэ кластерийн системүүд тогтвортой ажиллахгүй байсан тул Бит ТНН ХХК-ийн захирал, 1979-90 онд ТБТ-д хамт ажиллаж байсан, Л. Доржид хүсэлт тавихад минь огт цааргалалгүй, мөн барьцаа гэх зэргийг нэхэлгүй 2 сервер өгснийг нь авч нэгийг нь толгой/ажлын, нөгөөг нь зөвхөн ажлын сервер болгон зохих системүүд суурилуулж туршилт хийв. Миний өөрийн ашигласан бага хурдтай свич (10/100) MPI процессийг саатуулаад байсан тул нийлбэр хурд дөнгөж 10% нэмэгдэж байлаа. Эхний үр дүн буюу серверүүдийг кластер зарчмаар холбож их үйлдэл шаардах бодлогыг параллелиар хувааж, node бүрээр зэрэг бодуулаад, сүүлд нь нэгтгэж үр дүнг богино хугацаанд гаргаж болох юм байна, илүү хүчин чадалтай кластер буюу суперкомпьютер хийе гэвэл хэдэн арав, зуун сервер угсрах хэрэгтэй, харин свичийн хурд маш өндөр, бүр infiniband гм байх ёстой юм байна гэдгийг бодитой мэдэж авсан тул, Бит ТНН кластераа задалж серверүүдийг Л. Дорж захиралд зөвхөн “талархал”-ын хамт буцааж өгөв. Энэ кластерийг Вайрлеском ХХК-ийн датасентерт угсарч, тохиргоо хийсэн ч, ажлын цагаар төлөвлөгөөт бус ажилд цаг зарлаа гэж зэмлэл хүртэх байсан тул суперкомпьютерийн загвар угсарч туршиж байгаа тухайгаа бусдад хэлээгүй юм. Шөнө үүнийг тохируулахдаа компанийн интернетийн гадаад гарц руу холбодог байсан тул том системүүдийг татаж авахад маш бага цаг зардаг байлаа. Вайрлеском ХХК-ийн хөрөнгө оруулагч Р. Ганзориг, Захирал Д. Басбиш нараас хүлцэл өчихийн хамт талархаж явдагаа тэдэнд илэрхийлье.
Bit HPCсуперкомпьютер (кластер), 2006.
Энэ кластерийг хэрхэн бүтээсэн талаар дараахи сэтгүүлд бичсэнийг хуулав.
Компьютер Таймс(КТ), 2006, №9.
Оюунбаяр гуайн ШИНЭ БҮТЭЭЛ Bit HPC-Кластер компьютер.
... Бидний хэдэн мэргэжилтэн Их Монгол улс байгуулагдсан, Чингис хааны сууринд суусны их ойд өөрийн бололцоогоор бэлэг барихыг хичээсэн маань нэг бодлогод олон процессор, серверийг шаардлагатай тоогоор зэрэг ажиллуулж үр дүн авах хугацааг багасгах дадлагатай болох, улсад маань тун их дутагдаж буй кластер компьютерийг их бус зардлаар бүтээх арга технологийг эзэмших, болбол туршиж өртөг/хүчин чадлын харьцааны багцааг мэдэж авах явдал байв ..
Манайд хэдий зах зээлийн хууль үйлчилж эхэлсэн, хэн ямар компьютер, системийг хаанаас авчирч ашиглах нь тухайн байгууллага, хувь хүний хэрэг болсон гэхээр байвч, өндөр хурдтай компьютерийн үүрэг гүйцэтгүүлэхээр авчирсан нь цаг уурын байгууллагад байгаа Япон, Солонгос улсын Засгийн Газрын тусламжийн хүрээнд өгсөн 6-8 зангилаа (node) бүхий кластер компьютеруудаас өөр үгүй байна. Зарим интернэт, ярианы үйлчилгээний байгууллагын 2-4 CPU бүхий серверүүд, цөөн байгууллага, хувь хүний дүрс боловсруулахад ашиглажбуй санах ой ихтэй, хэд, хэдэн CPU-тэй компьютерууд жинхэнэ өндөр хурдтай компьютер буюу суперкомпьютерт тооцогдохгүй. Гэтэл хэрэгцээ улам их өсөж байна.
КТ: Bit HPC-ийн БҮТЭЦ, ҮЙЛДЛИЙН СИСТЕМ, ПРОГРАМЧЛАЛ (2006 онд)
5 зангилаа (нэг лицензээр 30 зангилаа удирдаж болно) бүр процессор буюу CPU-ийн хувьд Intel Pentium 4 Dual 64 bit, санах ой 512MB DDR2, Intel 945 эх хавтантай, 10/100-ийн сүлжээний карттай, 40-200 GB IDE HDD-тэй байв. Үйлдлийн систем 2 төрлийн. Нэг нь Microsoft Windows Compute Cluster Server 2003 (CCS2003). Ийм системтэй тохиолдолд параллель бодолт зохион байгуулах хэрэгсэл нь Мicrosoft Computer Cluster Pack, програмчлалын орчин MS Visual Studio 2005,хэл MPI бүхий C/C++.Нөгөө нь Linux ангиллын сервер удирдахад зориулсан Red Hat корпорацийн Fedora. Үүнтэй хамт DRBL (Diskless Remote Boot on Linux), параллель бодолтын систем Condor-ыг хамт суулгаж туршсан. Microsoft корпораци өндөр хүчин чадалтай компьютерийн зах зээлд хүчээ үзэх үүднээс дээр дурьдсан CCS2003-ыг зохиож 2006 оны 8 сард зах зээлд албан ёсоор гаргаад байна. Үнэ нь зангилаа бүрт 450 ам доллар орчим байгаа нь Linux төрлийнхөөс бага. Зангилаа бүрт өнөөдрийн байдлаар 8хүртэл CPU байлгаж болох юм.Үүнийг бичигч Microsoft-ийн системийг илүү их сонирхож өнгөрсөн жилээс эхлэн beta tester нь болсон билээ. Учир нь тэд зорилгынхоо нэг тайлбарыг allowing customers to use existing technology and skill-sets гэжтомьёолсон нь бодууштай үг юм. Үүнийг бичигч өмнө нь олон мэйнфрэйм, сервертэй ажиллаж байсны зэрэгцээ, 1994 оноос хэрэгжих байсанч бүтэлгүй өнгөрсөн Азийн суперкомпьютерийн төв, Мэйжикнэт ХХК-ийн зохион байгуулсан Grid computing төсөл зэрэгт янз бүрийн үүрэгтэй оролцож явсан тул зөвхөн Microsoft-ийн системийг олж үзээд дэмжигч нь болчихсон бус. Угсарч систем суулгасан кластерийн хүчин чадлыг дараах илэрхийллийн утгыг олох замаар туршив. Энэ нь π тоог олох томъёонуудын нэг бөгөөд, 0-1 хүртэлх хэрчмийг n интервалд хувааж, интервал бүрийн дундаж цэг дээрх функцийн утгыг интервалын утгаар үржүүлж жижиг тэгш өнцөгтийн талбайг олж, тэдгээрийг нийлбэрлэснээр π тооны ойролцоо утгыг гаргах юм. Хэрчмийг хэдий чинээ их хуваана, π тоо маань төдийчинээ нарийвчлалтай гарна (олон арав, зуу, мянган оронтой бодох гэвэл нэмэлт хүчин чадал шаардлагатай).
Ердийн компьютер дээр [0,1] хэрчмийг сериал алгоритмаар 10-ын 11 зэрэг орчим хуваахаар өгөхөд удаж эхэлж байв. Харин үйлдлийг параллель алгоритмаар, параллель процесст хувааснаар, кластер компьютер хэрчмийг 10-ын 12 зэрэгтэй хэмжээтэй хуваасан байхад мөн төдий хэмжээний хугацаа зарж байлаа. Үүнээс дээш тоо өгөхөд цагаар, тэр байтугай хоногоор бодох болно.Microsoft параллель бодолтын алгоритмыг өөрөө дахиж нээх гэлгүй UNIX, Linux зэрэг системд ашигладаг message passing interface MPI-г Argonne National Laboratory-аас авч ашигласан байлаа. Тэд түүнийг авч өөрийн системд тохируулахдаа илүү боловсронгуй болгосон байсан. Дор π тоог параллель алгоритмаар бодсон програмын кодны фрагментийг хавсаргав.
#include <mpi.h>
. . . .
MPI_Init(&argc,&argv);
MPI_Comm_size(MPI_COMM_WORLD,&numprocs);
MPI_Comm_rank(MPI_COMM_WORLD,&MyID);
MPI_Get_processor_name(processor_name,&namelen);
all_proc_names=malloc(numprocs * MPI_MAX_PROCESSOR_NAME);
MPI_Gather(processor_name,
MPI_MAX_PROCESSOR_NAME,
MPI_CHAR,
all_proc_names,
MPI_MAX_PROCESSOR_NAME,
MPI_CHAR,
0,
MPI_COMM_WORLD);
for (proc=0; proc < numprocs; ++proc)
printf(“Process %d on %s\n”, proc, all_proc_names[proc]);
mpi.h буюу параллель бодолтын функцийн либрэри системийг үнэгүй дагалдаж ирсэнд гайхаж байсан мэргэжилтэн нэг биш байсан нь баярлууштай хэрэг байв.
КТ: ЗАХ ЗЭЭЛ (2006)
Өнөөдрийн байдлаар (2006 он Г.О.) CCS 2003/CCP нь Linux/Condor зэргийн адил код нь байгаа програмыг хурдан ажиллуулах төдий байгаа нь харамсалтай. Үүнийг бичигч эхэлж 3D Max, Page Maker зэрэг пакетууд Windows Compute Cluster Server 2003 дээр ажиллачихна гэж эндүүрч байв. Гэхдээ аль, аль нь хэрэглэгч хялбар ашиглах интерфэйстэй болгохыг зорьж байна. Microsoft энэ системээ зохиохын зэрэгцээ MS Visual Studio 2005, MS SQL Server 2005, MS Office 2007 зэрэгт олон процессор бүхий кластер дээр ажиллах функцүүдийг суулгаж амжсан байна. Дээрх програмын кодыг үүнийг бичигч MS Visual Studio 2005 дээр оруулж debug хийсэн юм. Дашрамд хэлэхэд MS Excel 2007-ийг хэрэглэгчдийн үндсэн багаж болгох гэсэн зорилго харагдаж байна. Жишээ нь үүн дээр 64000 багана бүхий 1 сая гаруй мөртэй хүснэгттэй ажиллах болгосон ба тэр нь мэдээллийн кубүүдтэй хэмжээ харгалзахгүй ажиллаж OLAP хийх чадвартай болжээ. Багахан судалгаа хийснээр Ус, цаг уурын албанд ашиглаж байгаа цаг уурын прогнозын загварын програм, гадаадад багагүй мөнгө төлөх замаар боловсруулж визуализэшн хийдэг геологийн чичиргээний судалгааны мэдээлэл зэргийг ийм кластер дээр ажиллуулж үр дүнг нь авч болохоор байна. Бас компьютерийн хүчин чадал дутагдалтай байна, гайгүй компьютертай бол ч . . . гэсэн загварчлал, газрын зураг, график боловсруулалт хийдэг мэргэжилтнүүд нэлээд байгаа нь харагдсан.
Энэ кластер компьютерийг хийхэд дэмжлэг үзүүлсэн тэрбайтугай шүүмжилсэн олон хүн их нэмэр болсон гэдгийг тэмдэглэмээр байна. Кластер компьютер хийх зардлыг гаргах байгууллагыг хэсэг сурвалжилсан ч олдоогүй тул гэртээ, ажлын бус цагаар угсарч, систем суулгах тохируулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэв. 2006 оны 1 сард Бит ТНН ХХК-ийн захирал Л.Дорж кластерын эхний загварт шаардлагатай тоног, төхөөрөмж өгч их тус болсныг тэмдэглэхдээ баярласнаа дахин илэрхийлье. 2ш бүрэн хэрэгсэлтэй серверийн MB (Mainboard-Эх хавтан) хэрэглүүлсэн нь кластерийн тухай төсөөлөлтэй болоход маш их нэмэр болов. ШУТИС-ийн ХМТС кластер компьютерийг бакалаврын дипломын сэдвээр баталсан, оюутан Ариунгэрэлийн дипломын удирдагчаар намайг томилсон, ISC ХХК-ийн мэргэжилтэн Ариунаа CCS2003-ыг CD дээр бичиж өгсөн зэрэг нь надад том дэмжлэг болсон, Цаг уурын албаны mpi ашигладаг мэргэжилтнүүд Батболд, Гомболүүдэв нар үнэтэй зөвлөлгөө өгч байсан юм. Тэдэндээ талархал илэрхийлье.
КТ: ЗАРИМ ҮГИЙН ТАЙЛБАР (2006)
Кластер компьютер – Ижил төрлийн олон мэйнбоорд/сервер бүхий нэг том тооцоолох машин. Олон процессорыг нэгтгэсэн учир тооцоолох хүчин чадал нь төчнөөн орчим дахин нэмэгдсэн байна.
Суперкомпьютер – Тооцоолох асар өндөр хүчин чадалтай компьютер. Хүчтэй кластер бол супер компьютерийн нэг төрөл юм.
GFlops=giga floating point operations per second – 1 секундэд 1 тэрбум үйлдэл хийх нэгж, Teraflops: секундэд их наяд үйлдэл, PetaFlops: секундэд мянган их наяд үйлдэл, ExaFlops: секундэд сая их наяд үйлдэл.
Бага хөвүүн О. Ганбат програмын кодтой ажилласан. Шөнө дөлөөр багагүй тохиолдолд бүтэлгүй ажиллаж олон арван деталь хийх, өөрчлөх, хөрөөдөх, хуурайдах, нүхлэх зэргээр хэдий хичээсэн ч чимээ гаргачихаад байсныг минь тэвчиж өнгөрөөсөн эхнэр Дэлгэрмөрөндөө дахин талархал илэрхийлъе. Систем суулгах, туршилт хийхэд бүх сэнс (13, нэг том сэнс доод талын хайрцгийн агаар шүүгчид тавигдсан байв) ажиллахдаа багагүй чимээ гаргадаг байсан нь унтраахтай зэрэг мэдэгдэж чих амардаг байлаа. Өрхийн төсвөөсөө 8ш хард диск, KVM, хурдтай свич, сүлжээний гигабитын кардууд, булан төмрүүд, дугуйнууд гм-д нэлээд хэдэн сая төгрөг зарахад минь хориглоогүй зэрэг дэмжлэг байгаагүй бол энэ ажил хэрэгжихгүй байв. Вайрлеском ХХК-ийн инженер Цэвээндорж (одоо LendMN-д), Чинзориг (одоо сүлжээний CU-ийн CEO) нар ч туслав. Түүнчлэн захиалгагүй, эзэнгүй ажилд их цаг, мөнгө зарлаа гэж өөриймсөг зэмлэх нөхөд ч цөөнгүй байв. Өнгөрсөн 4 сард Бит сервис ХХК-ийн захирал Д.Толя серверүүд, материалаар дэмжлэг үзүүлэх шийд гаргаж хэрэгжүүлснээр энэ кластер компьютер босож, дээр нь бодитой суперкомпьютер бүтээхэд юу шаардлагатай байдаг тухай үнэтэй мэдээлэлтэй болов. Энэ суперкомпьютерт систем суулгах, тохиргоо хийх бүрээ протоколдож 2 дэвтэр дуусгав. Тэдгээрийг, миний ашигласан систем суулгах, тохиргоо хийх залуучуудад, эхэлж ШУА-н ФТХ-н Амараа, Зул, Ринчинбат нарт өгнө, тэдэндээ амжилт хүсье. Вайрлеском ХХК-ийн захиргаанд надад хориг тавиагүйд нь гялайлаа гэж хэлэх ёстой, учир нь үүнийг бичигч ихэвчлэн орой, шөнө датасентер дотроосоо системүүд татаж авдаг байв. Хүү О. Энхбатдаа талархаснаа хэлэхгүй өнгөрөх аргагүй. Тэр гэр лүү шилэн кабель татаж өндөр хурдтай интернет оруулсан.
КТ: ДҮГНЭЛТ (2006)
1. Кластер компьютерийг хэдэн ч процессор, зангилаатай угсарч ашиглах боломж байна. Тоног төхөөрөмж асуудал биш болжээ. БНХАУ-д HP, DELL үйлдвэрээ нээсэн.
2. Кластер компьютерийн үйлдлийн систем (Windows, Linux)-ийг олж авах, бие даан суулгах, ашиглах, зангилаа нэмэх, хасах зэрэг нь том асуудал биш.
3. Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн параллель алгоритм зохиох, кодлож эппликэшн бүтээх, болвол интернетэд байрлуулах нь гол асуудал.
4. Зах зээл байна.
Энэхүү Bit HPC кластер компьютер нь Бит Сервис ХХК-ийн байранд ажиллах ба сонирхсон хэрэглэгч, мэргэжилтэн, байгууллагатай харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байна. Кластерийн хүчин чадлыг динамикаар өөрчилж болно.
КТ: РЕДАКЦИЙН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ (2006)
Манайд кластер компьютерийг ашиглах шаардлагатай нэн тэргүүний газар бол Ус Цаг Уурын Хүрээлэн ажээ. Тэдэнд 330 суманд ажиглалтын цэг байгаа, тэр болгоноос өдөрт 3+ удаа мэдээ бүхий өгөгдөл тоонууд олон янзын үзүүлэлтээр ирнэ. Тэр бүгдийг хиймэл дагуулаас авсан үүл, газрын бүрхүүлийн зургууд, Хятад болон ОХУ-ын Новосибирскээс ирсэн мэдээнүүдтэй холбон тооцоо хийдэг. Ингэж прогноз гарна. Уржнан гэхэд хамгийн мундаг компьютер нь 1 прогнозыг 8-н цаг бодож гаргадаг байв. Өмнөд Солонгосын ЗГ-аас 2004 оны эцэст ирүүлсэн кластер компьютер ашиглан бодуулснаар прогноз 1 цагт багтаж бодогддог болсон байна. Солонгосын энэхүү компьютерийг тусламжаар авсан боловч бүртгэлд USD 30 000 гэж бичигдсэн, хүчин чадал нь ~10GFlops хавьцаа гэж тооцож байна.
Түүнчлэн Уул уурхайн компаниуд 1 сая доллараас багагүйгээр үнэлэгдэх хэмжээний өгөгдлийг боловсруулуулж эцсийн үр дүнг гаргуулахын тулд Австрали, Америкийн суперкомпьютерүүд рүү илгээж энэ нөөцийг бодуулах, 3D зураг гаргуулах зэрэг үйлчилгээг авдаг байна. Орчин үед олон зүйлс тоон өгөгдөл хэлбэрт шилжжээ. Уул уурхайнхан судалгаа шинжилгээ хийхдээ эцсийн эцэст баахан тоо л цуглуулдаг юм байх. Тэр нь та бидний төсөөлж байгаа шиг биш, хэдэн саяар тоологдох бололтой юм. Баахан мэдрэгчүүд талаар нэг тарааж тавьчихаад тэднийхээ хариуг бүртгээд л байдаг гэж хар ухаанаар төсөөлж болох юм. Мэдээж тэр их тоог та бидний мэддэг жирийн PC яагаад ч боловсруулж чадахгүй. Түүгээр боловсруулна гэвэл хэдэн өдөр, сар, цаашилбал жил ч болж мэднэ. Тэгэхээр яалт ч үгүй суперкомпьютерийн хэрэг гардаг ажээ. Гэтэл тэр нь монголд байхгүй. Тэр их тоогоо tape (кассет) дээр биччихээд Австрали, Америк, БНХАУ руу илгээн тэндхийн супер компьютеруудаар боловсруулалт хийлгэдэг гэнэ. Энд л гэхэд олон сая долларыг гадаадад алддаг болохыг учир мэдэх цөөхөн хүн л ойлгоно. Ер нь Америкчуудын өнөөгийн хөгжилд суперкомпьютерууд нь асар их үүрэг гүйцэтгэдэг гэж Оюунбаяр гуай хэлж байна лээ. Тэр ч яах аргагүй үнэн үг бололтой.
КТ сэтгүүл дараагийн дугаар дээрээ супер компьютерийн тухай, түүний хэрэглээ, өнөөгийн хөгжил, түүгээр юу хийдэг, хэрхэн бүтээдэг, цаашдын хөгжлийн тухай томоохон нийтлэл бичих болно. Та улс орныхоо хөгжлийн төлөө гэсэн сэтгэлтэй бол заавал уншаарай. Бас санаа оноогоо илгээгээрэй. info@computertimes.mn
Зураг 5. Bit HPC (High Performance Computer). Дэлгэц дээр Node буюу сервер бүр дээр хийгдэж байгаа бодлогын төлөвийг харуулж байна.
Бит Сервис ХХК-ийн мэйнбордууд, ракийг ашиглан Г. Оюунбаярын угсарсан өндөр хүчин чадлын компьютер Bit HPC нь дуурийн театрт зохиогдсон ICT EXPO2006 үзэсгэлэнд тавигдаад буй нь, 2006 оны 7 сарын 28-нд. Зүүн гараас програм хөгжүүлэгч О. Ганбат, Эрдэмнэт ХХК-ийн сүлжээний мэргэжилтэн Анар, Бит Сервис ХХК-ийн захирал, инженер-электронч Д. Толя, Вайрлеском ХХК-ийн ерөнхий инженер Г. Оюунбаяр.
Bit HPC-д симуляци, рендеринг хийж тохиргоог оновчтой болгох, мэргэжилтнүүдийг далагажуулах үүднээс түүнийг 2008 оны эцэст ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэн (ФТХ)-д суурилуулав.
Жич: энэ кластерийг минь ФТХ надад буцааж өгсөнгүй, музейдээ байрлуулчихсан.
SMS кластер, Жимобайл ХХК, 2009.
2008 оны 11 сараас хойш, Жимобайл ХХК-ийн хэрэглэгчийн тоо 100000 руу дөхөх үед, масс мессеж хэрэглэгчдэд хэдэн цагаар хоцорч очдог болов. Датасентерийн төхөөрөмжүүдийг нягталж үзтэл SMS боловсруулалт дээр зөвхөн 1 сервер байв. SMS серверийг өргөтгөх хүсэлтэд ZTE корпрораци 90000 орчим ам доллар хэрэгтэй гэсэн гэнэ гэж дуулдав. Серверийг кластераар орлуулж хүчин чадлыг нь нэмж болно, гаднаас эхлээд 5 сервер авна уу, нийт өртөг 18 мян ам доллараас хэтрэхгүй, дараа нь системийг өөрчлөхгүйгээр серверүүд нэмэх замаар хүчин чадлыг хялбар нэмээд байж болно гэсэн санал дэвшүүлэв. Жимобайл ХХК-ийн захиргаа зөвшөөрснөөр supermicro сервер 5-ыг захиалж авч систем суурилуулж (Г. Тулга тохиргоо хийв) 2009 онд ашиглалтад оруулснаар, хэрэглэгч хэдий өссөөр байсан ч, SMS огт саатахаа болив. SMS кластерийн гадна байдлыг дараахи Зураг 6.-аас харна уу.
УРИАЛГА, 2009
2009 онд хэсэг мэргэжилтэн МУ-д өндөр хүчин чадалтай компьютер (ӨХЧК) буюу суперкомпьютерийн нийтэд зориулсан үйлчилгээгүй байх нь хөгжлийг чөдөрлөж байна, ийм үйлчилгээ бий болгоё гэсэн санал нэгтэй байснаа уриалга хэлбэрт оруулж мэдээллийн технологи хариуцсан төрийн байгууллагын даргад гардуулсан. Доктор, проф С. Байгалтөгс, А. Батмөнх нар үүнийг бичигчийн хамт ТБТ-д ажиллаж байсан ба тэр үед КТМС-д багшилж байсан тул ӨХЧК-ийн эерэг нөлөөг туршлагаасаа, мөн онолын үүднээс мэддэг байв. Бусад нь ӨХЧК-ийн улсын хөгжилд үзүүлэх эерэг эффектийг дутуугүй сайн мэдэж байсан тул саадгүй гарын үсгээ зурцгаав. Зарим хэрэглэгч интернетээр суперкомпьютерийн үйлчилгээ авдаг болсон байсан ч, тухай бүр валют төлөх шаардлагатай байлаа. МУ-ын Их, дээд сургуулиудын сургалт, судалгаанд өөрийн суперкомпьютер гарцаагүй шаардлагатай.
Харамсалтай нь Африк тивийн хөгжлөөр манайд хүрэхгүй, оюуны чадвараар биднээс бүр хойно жагсдаг улсуудад нийтийн ашиглалтын суперкомпьютерийн төв ажиллаж байхад бидэнд үгүй хэвээр байна. Ус, цаг уурын албанд 2012 онд 7 teraFlops-ын буюу тэр үедээ өндөр хүчин чадалтай гэгдэж байсан Cray XE6m-г суурилуулсан, үүнийг нийтэд ашиглахыг зөвшөөрдөггүй.
Зураг 7. дээрх дараахи уриалга 11 жилийн дараа ч хүчин төгөлдөх хэвээр!
СУПЕРКОМПЬЮТЕР G8, 2009
Өөрийн мөнгөөр, тэр үедээ нэлээд өндөр хүчин чадалтай байсан CPU бүхий мэйнбоорд, хайрцаг, PSU, свич, кабелиуд, аль болох олон HDD-үүд цуглуулж, ажлын дараа орой, шөнө мөн хагас бүтэн сайн өдрүүдэд гэртээ хийсэн ракдаа суурилуулж,4ш процессор буюу Node бүхийөндөр хүчин чадлын компьютер (ӨХЧК)-н жижиг загвар угсрав. KVM суурилуулж бүх Node-ыг нэг дисплей, маус, гараас хянахболомжтой болсны зэрэгцээ, энэ 4 node бүхий G8 нэртэй кластер дээр боломжтой үедээ туршилт хийж байв. Тэр үед суперкомпьютерийн үйлдлийн системийн зах зээлд Microsoft их анхаарал тавьсан хэвээр буюу MS Windows 2008 server, MS HPC Edition зэргийг зах зээлд гаргасан, эрчимтэй боловсронгуй болгосоор байсан ба эдгээр систем TOP500-ийн зарим суперкомпьютерт ашиглагддаг болсон байлаа. Microsoft-ын хөгжүүлсэн системийг 4 HDD дээр суурилуулаад update хийж байх, тэгсэн атлаа суперкомпьютерийн дефакто систем болоод байгаа Linux-ийн хувилбаруудаас Fedora, Redhat-ыг мөн адил өөр 4 HDD дээр суурилуулаад хэрэгтэй үедээ HDD-үүдээ солих замаар нөгөө систем рүү шилжээд туршилтаа явуулж байв.
Зураг 8. дээр гэртээ угсарч, суурилуулсан G8 суперкомпьютер, түүний бусад иж бүрдэл: свичүүд, файрвол харагдаж байна, хамгийн дор UPS. Наана нь ажлын цагаар, суперкомпьютерийн гол хэрэглэгч болж гэрт үлддэг байсан ач хүү Э. Оч суперкомпьютер дээр хүүхэлдэйн кино үзэхийн дээр тоглоом тоглодог байсан байна лээ. Яг энэ моментод үүнийг бичигч “чи одоо болно, миний ээлж” гэсэн санал оруулж байна.
Энэ үед би Микрософттой нягт харилцаж байв. Тухайлбал тэд систем суурилуулах бүр activation code-г шууд гар утас руу минь ирүүлдэг болсон нь цаг их хэмнэж байлаа. Учир нь 4 серверт тус бүрт нь лав 8-10 удаа систем суурилуулсан. Өмнөх Bit HPC-д мөн л олон удаа систем суурилуулсан. Тэд надад талархал илэрхийлсэн тохиолдол нэг бус. Жишээ нь Windows CCS 2003-г зааврыг нь чанд баримталж суурилуулахад ажиллахгүй байв. Өөр сервер дээр суурилуулсан ч адил, яг нэг цэгт гацна. Систем суурилуулахдаа Mongolia гэж өгөлгүй, тохиолдлоор Saudi Arabia гээд өгтөл хэвийн ажиллав. Энэ тухай Микрософтод бичихэд тэд “thanks for reporting a bug” гэсэн хариу ирүүлж байв. Тэд тэгэхдээ та шинэ системд эхэлж country гэдэгт US гэж өгвөл ямарч асуудалгүй, харин дараа нь заавал Mongolia гэж өөрчлөөрэй гэцгээсэн.Би тэдний зааврыг маш их татаж хэвлэж аваад шөнө унтахдаа орныхоо хажууд тавиад, сэрвэл уншдаг байв. Гэхдээ Микрософт “цагаахан амьтан” байгаагүй, миний oyunbayar@hotmail.com-ыг хаасан. Ямар ч мөнгө төлөлгүй тэдний софтвэрийг их ашигласан, тооцоо хийж үзэхэд 100 гаруй удаа тэдний систем, софтвэрийг татсан минь “хэтэрхий, сэжигтэй” ангилалд орсон, эсвэл е-мэйлд минь вирус очсон байх.
Жич: Жимобайл ХХК-д ажиллаж байгаад гарсан Ч. Анарын хамт МУ-д суперкомпьютерийн үйлчилгээ нэвтрүүлэх үүднээс төсөл боловсруулж зарим хөрөнгө оруулагчид санал болгож байсан ч 2009 оны эдийн засгийн хямрал ийм боломж олгосонгүй. Ч. Анар одоо бүр өөр салбарт, Fintech, амжилттай ажиллаж байна. Тэр lendmn нэртэй үйлчилгээг МУ-д эхлээд, бусад улсуудад нэвтрүүлэх бэлтгэл хийж байна, гэхдээ түүнд удахгүй датасентер хэрэг болох л ёстой.
ВИРТУАЛИЗАЦИ, ҮҮЛ 2010-2015
Виртуализаци их хэрэгтэй ч, Cloudcomputing буюу Үүл манай нөхцөлд бүр илүү ашигтай болох нь тооцоо хийхэд мэдэгдэж байв. Иймээс кластер дээрээ эдгээрийг дараалан суурилуулж туршив. Үүл нь их динамик тул датасентерийн нийлбэр хүчин чадлыг ихээр хэмнэх боломжтой. 1980-аад онд МУ-д, нийтийн үйлчилгээний датасентер буюу ТБТ байсаар байтал яамд, үйлдвэрийн газрууд жижиг Тооцоолох төвүүд байгуулж төсвийн хөрөнгийг үрдэг байсантай адил үзэгдэл одоо үед ч үргэлжилж байна. МУ-д 2-3 Private Cloud (нэг нь төрийн, бусад нь хувийн) байх боломжтой, гэтэл СЯ, Монгол банк, ҮСХ, БСШУСЯ, ЭМЯ гм төрийн байгууллагууд, Мобиком, Жимобайл, Скайтел, Юнител, МХС ТӨК, МЦХ, Оюутолгой ХХК гм монголдоо “том” ч Дэлхийд өчүүхэн компаниуд, бас өөр өөрийн DC-тэй байгаа нь МУ-ын мөнгийг үргүй зарж байгаа хэрэг юм. МУ-д ашиглагддаг ~15000серверийн 3000-4000-г Cloud болгон холбоход ачаалал даах чадвар нь хэд дахин нэмэгднэ. CAPEX, OPEX ихээр буурахын дээр, найдвартай ажиллагаа нь эрс ихэснэ.
G8-д ашигласан мэйнбоордууд дээр VMware, Cloud-ын үйлдлийн системүүд тогтвортой биш ажиллаж байсан тул Жимобайл ХХК-ийн 2ш Dell Power Edge 2950 сервер дээр эхэлж VM-ууд суурилуулж, дараа нь Private Cloud байгуулах зорилт тавьж, сургалтыг бодитой болгох үүднээс, Энх-Орчлон дээд сургуулийн оюутнуудын хамт тус бүрийг ньсуурилуулж шалгав. Оюутнуудын хийж үлдээсэн дараахи сайт дээр зарим мэдээлэл байгаа юм байна.http://ict-expo.appspot.com/ Энх-Орчлон дээд сургуулийн захиргаанд суперкомпьютер/үүл сэдэвт лекц унших боломж олгосонд, мөн 3 жилийн төгсөлтийн оюутнууддаа талархал илэрхийлье.
Тэдний нэг жилийн төгсөлтийн оюутнуудын хамт МУ-д 100 teraFlops-ийн суперкомпьютер бүхий Private Cloud хийх, түүнийг ОУ-ын GRID-д холбох төсөл хийж сургуульдаа үлдээсэн.
Cloud буюу үүл турших үүднээс G8-д ашигласан PC-үүдийг буулгаж оронд нь 2ш IBM сервер худалдаж авч суурилуулаад Private Cloud байгуулах, Instance-ууд үүсгэх, тэдгээрт систем, эппликэшн суулгах, динамикаар ачааллаа хуваарьлаж байгаа эсэхийг нь харах зорилгоор зарим туршилт эхлэв. Гэвч шөнө ажиллахад нүд минь улайгаад харааны асуудал үүсэв. Нүдний даралт өвчинтэй болчихсон минь нүдээ үзүүлэх үед минь мэдэгдсэнээр шөнөжин ажиллаж байж үр дүнд хүрдэг үүлний туршилт надаас ахадсан хэрэг болсон тул гэрийн туршилтыг орхив. Тэгээд ч энэ 2 IBM серверийн чимээ, ажиллах үедээ, маш их байснаас гэрээс холдуулав.
Дараагийн зурагт ач хүү Очийн тоглодог байсан G8 суперкомпьютерийн node-уудыг буулгаж оронд нь IBM сервер 2ш суурилуулж Private Cloud болгосон ч Оч дахиад л түүнийг тоглоом болгов.
Зураг 9. Туршилтын, гэрийн Private Cloud
МҮИС-ын өмнөөс “Их, дээд сургууль дундын Суперкомпьютер/Үүл-ийн төв” нэртэй төсөл хийж БСШУСЯ-наас зарласан уралдаанд оролцож эхний шатанд шалгарсан ч санхүүжилт авч чадаагүй, учир нь дараагийн шатанд хасагдсан. Баруун 5 аймгийн цаг уурын прогнозыг илүү нарийвчлалтай, урт хугацааны болгох замаар мал аж ахуй зонхилсон бүсийн эдийн засгийг дэмжих зорилготой төсөл боловсруулж Бээжин хот руу явуулж мөн эхний шатыг амжилттай давсан, МУ-д 1 удаа 1 PetaFlops, өөр удаа 10 Petaflops-ын суперкомпьютер/үүлний төсөл хийж Мобиком, ЗГ,хөрөнгө оруулагч зэрэгт өгч байсан юм байна.2009 онд Айромакс ХХК-ийн захирал Ч. Анарын хамт суперкомпьютерийн үйлчилгээ явуулах датасентер байгуулах төсөл хийсэн ч, хөрөнгө оруулагч нь эцсийн моментод татгалзсан.
2016 онд МУ-ын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.38-д МУ-д Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах өндөр хурдны сүлжээ бүхий өгөгдлийн төв (Data center) байгуулах боломж бүрдүүлж, төрийн хамгаалалтад авч, мэдээллийн аюулгүй байдлыг ханган олон улсын компаниуд чөлөөтэй транзит ашиглах боломж бүрдүүлнэ. гэж туссаны дагуу манайд ажиллаж байгаа 200 орчим жижиг, дунд датасентерийн ихэнхийн апп-ыг энэ өгөгдлийн төв рүү шилжүүлнэ байх гэж ойлгоод өөрийн хувьд судалгаа хийж МУ-ын нөхцөлд тохирох дата сентерийн барилгын загвар гаргав.
Зураг 10. CAPEX, OPEX багатай, 1 зун бариад ашиглалтад оруулах боломжтой, өвөл нараар оффисийн барилга нь халдаг, зун нь сүүдрийн сэрүүнээр дэмжүүлэн хөрдөг, контейнер дататөвийн загвар. Нэмэлт мэдээлэл өгч болно.
Гэвч ЗГ-ын хөтөлбөрт байсан Дата төв баригдаагүй тул загварын уралдаан явсангүй, энэ жилүүдэд Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Хасбанк, iTools зэрэг бизнесийн байгууллагууд тус бүр “бяцхан” атлаа маш өндөр өртөгтэй барилгууд бүхий дататөвүүд барьж ашиглалтад оруулав. Энэ хооронд АНУ, Европ, тухайлбал БНХАУ төмөрлөгийн, эрчим хүчний зэрэг жижиг биш, дунд үйлдвэрүүдээ зогсоож томуудаа тэтгэв, дататөвийн хувьд тэд бүр хэдэн арван мянган сервертэй төвүүдээ татан буулгаж, хэдэн зуун мянга, сая сервертэй төвүүд барьж байгуулсны нэлээд нь Өвөр Монголд байгааг үүнийг бичигч очиж үзэн “нүдээ бүлтийлгэв”. Дэлхийн улсууд тарснаа нэгтгэж байхад бид улам “бутарч” байв.
Bit HPC-г үзэсгэлэнд тавьсны 14 жилийн ойг тохиолдуулан дэмжлэг үзүүлсэн Вайрлеском, Бит ТНН, Бит Сервис, Жемр, ШУА-н ФТХ, Жимобайл компанийн мэргэжилтнүүд, хөвгүүд, найз нөхөд, суперкомпьютер, үүлэн тооцоолол зэрэг хичээл заалгаж байсан шавь нартаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе! Та бүхний бүтээх MonCloud дээр байрлах МУ-ын шинэ тархи хиймэл оюун ухаанаар дэмжигдсэн ухаалаг, суперкомпьютер нь хүчтэй, найдвартай, үйлчилгээ нь бренд, хэрэглэгчид нь Дэлхийн, МУ-ын хөгжилд үзүүлэх синергетик эффект нь өндөр байх болтугай.
Компьютерийн ахмад инженер-электронч Г.Оюунбаяр /93111000/
2020 оны 7 сарын 27-ны өдөр