Одоо энэ бацаанууд бол мэдэxгүй л дээ. Харин тэр 70 бас 80 аад онд бага насаа үдсэн мань мэтийн гаруудын ганц шүтээн бол Зүүн Германд хийгдсэн Америкийн Индианчуудын тухай Хэлмэгдсэн Омогынхон гээд нэг хөөрхөн цуврал кинонууд байж билээ. Одоо дахиад олоод үзэх юм бол инээд хүрээд үзэж чадахгүй байх л даа. Гэхдээ тэр үедээ л бол юм үзээгүй мань хэддээ под хийсэн шоу байсан юм шүү. Тэр цувралуудын гол дүр болох Чингачукыг бүтээсэн Гойко Митич гэж нэг сүр гар байж билээ. Дажгүй эрээ тэр чинь болоогүй (одоо бол 70 гарсан өвгөн ш дээ зайлуул). Маниусыг боди билдинг энэ тэр гэж юу байдагыг мэдэхээс өмнө л тэр чинь цээж  хөхөө хөөлгөж томруулсанаа хэдэн ямааны гурав шиг чөрийсөн гаруудын нүдийг нь орой дээр нь гаргаж орхино. Тэгсэн дараа нь бас Хойд Солонгосын Хон Гил Дон гэгч аймаар лаг кино театруудаар гараад ёстой буулгасан даа нэг хэсэг. Монголчуудын өргөн дэлгэцээр үзсэн хамгын анхны зодоонтой кино бол Хон Гил Дон яах аргагүй мөн. Бид ангиараа хичээл номоо таслан байж бараг 20-30 удаа давтаж үзсэн байх. Тэгсэн манай байрны нэг гар бүүр 50 удаа үзсэн гээд надад гайхуулаад байсан тэр бараг үнэнээ л хэлсэн байх гэж би одоо хүртэл боддог.

Манай ангийн бүх хөвгүүд Хон Гил Дон үзсэнээс хойш цөмөөрөө хөлнийхөө шилбэнд  тугалгыг гонзгой урт хэлбэрээр цутгаад зүүчихсэн эсвэл ууттай элс дүүжилж нэг хэсэг дөвчигнөв. Нөгөө кинонд гардаг баатраа дууриагаад нисэж сурах гэж байгаа нь тэр гэнэ. Сургуулийнхаа гадна тарисан намхан бутан дээгүүр хөлөндөө төмөр углаж байгаад өдөр болгон харайгаад байвал дараа нь хэдэн жилийн дараа хоёр давхар хэрийн өндөр улиасан дээгүүр сийхгүй дүүлнэ дээ гэж горьдоод байсан чинь будаа болсон. Цөмөөрөө шатсан. Биднээс хэнэн ч тэгэж өндөр үсэрч сураагүй. Харин волейбол тоглодог нэг найз маань л торон дээгүүр гар өндөр гардаг болж байна гээд байсан чинь дараа нь ашгүй улсын шигшээ багт орчихсон овоо хэдэн жил тоглосон байх. Би харин тэр киног үзсэнийхээ ачаар хоёр гарынхаа алгыг нийлүүлж байгаад дунд нь үлээгээд гоё шар шувуу шиг чимээ гаргаж сурсан. Овоо болчихсон байсан чинь эмээ муу ёрын чимээ гаргаад байна гээд таягаараа намайг тоншсоор байгаад болиулчихсан.

Учир мэдэхгүй баахан бацаануудыг нэг намрын хүйтэн өглөө Зил-130 ын ард хөнжил пүүгээтэй нь ачиж өгч байна. Дунд нь бүүр юу ч болж байгаагаа ч ойлгохгүй 5-6 ангийн жоохон юмнууд холилдоод ч явж байх шиг. Явсаар хотын заxын нэг сангийн аж ахуйн гадаа аваачаад нөгөө хэдийг чинь буулгалаа. Улсын төлөвлөгөө биелэхгүй байгаа учир багачуудыг аваачиж намрын ургац хураалтад дайчилж байгаа нь тэр гэнэ. Нэг сургуулийн 300 орчим бацаануудыг дан банзаар барисан муурын байшингуудад эсгий дэвсээд анги ангиар нь хувиарлаад дааж яваа багштай нь хамт хорчихов. Дор хаяж 14 хоног төмс шуудайлж, лууван зулгааж, байцаа цавчиж, сонгины үр ялгаxаас нааш гэрт нь хариулахгүй юм байх. Хойч үеийнхэнээ ажилд сургаж, нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлж, дээр нь эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ яаж оруулахыг нь зааж байгаа нь тэр гэнээ. Олон хоног үхтэл нь зарчихаад дараа нь даапаалж байгаа юм шиг цалин гэж нэг юм өгнө. Өглөөд өгдөг байсан хар талх, өдөр оройд байнга шаxдаг ногоотой шөл, таван одтой муурын байшинд суулгасан өртгөө нэмж суутгаад хүүхдүүдэд 10 төгрөг өгөөд л болоо. Тэр нь бол 1 кг xонины маx авсан ч хүрэхээргүй мөнгө байж билээ.

Эмээ нэг хэсэг сандараад огт болдоггүй. Яасан гэсэн чинь... Хороо хориноос нь хөгшидөд даалгавар өгч гэнээ. Дор хаяж шуудай хадсан өвс, 10 кг олж тушаахгүй л бол арга хэмжээ авахуулах юм яриад явчихав. Хотын айлд үхсэнийх нь тэр цуглуулах яс бас хадсан өвс. Хотоос зайдуухан амьдардаг хамаатныдаа эмээгээ дагуулаад олон автобус дамжин байж очоод учирлалаа даа. Цаадах нь яахав... Чаддаг юм бол тэр хаяанд байгаа шуудай өвсийг бас түрүү жилийн идишний махнаас үлдсэн ясыг аваад яв гэлээ. Бөөн баяр зүгээр. Шуудай ясыг нь бий үүрээд, өвсийг нь эмээ чирээд хот зүглээд алхалаа. Гэртээ яаж очсоноо одоо бол санахгүй байна. Ямар ч л байсан эмээ хороо хорины даргаасаа тэр жил бөөн кок авсан зүгээр. Сүүлдээ нөгөө хөгшин чинь бүр хөөрөөд цагаан сар дөхөөд ирэхээр ганц хийдэг бараашикаа шинэ жил ч болоогүй байхад нэрээд эхэлчихсэн ойр хавынхаа хамаг нөхдүүдийг урьж авчираад дайлж цайлаад байсан. Хорооны дарга тэрнээс нь бас өөрөө сайн цохисон болохоор гэртээ хулгайгаар архи нэрлээ гэж тэр жил л лав манайх торгуулаагүй.

Аав нэг өглөө боож үхэж байнаа. Сард авдаг тогтмол 700 төгрөгийнхөө цалингын эхний хэсгийг аваад найзуудтайгаа нэг юм задалж уугаад автобусанд халамцуу яваxдаа түрийвчээ суйлуулчихаж. Алдсан 300 орчим төгрөгөндөө харамсаж байгаа юм огт алга. Харин нөгөө намын батлах нь дунд байсан юм гээд л ёстой амиа тавчих шахаж байна. Цаадуул нь мэдвэл одоо сүйд болно ш дээ зайлуул. Наад заx нь л намын батлахаа өөд нь татаад авч явж чадахгүй байгаа нэгнээ тэд чинь нөгөө хурлаараа оруулж авч хэлэлцэнэ. Намдаа үнэнч фанатик найз нөхөд нь ахыг ил тодоор дутагдалыг засаж хэлж байгаа нэрээр олны өмнө элдэвээр дуудаж улалзуулна. За тэгээд жоохон халамцуу явж байгаад батлахаа алдсаныг нь мэдэх юм бол намаас хөөж ажлаас нь халаад мань мэтийгээ гудамжинд ч гаргаж мэднэ. Чадна чадна тэд үнэхээр чадах л улс. Эрүүлжүүлэхэд ороод гарсан нэгнийхээ үсийг хусаад зургыг нь ханын сонинд хадаад шал угаалгадаг байсан юм чинь намын батлахаа гээсэн урвагчыг бол бараг дүүжилэх байсан биз. Аз болж тэр үеийн хулгайчууд бас ч гэж ухамсартай. Нэг өглөө боссон чинь аавын намын батлаxыг манай хаалганы завсар хавчуулаад орхичихсон байсан. Харин түрүүвч ба мөнгө нь бол байгаагүй. Бөөн баяр!  Юун тэр 300 төгрөг вэ?  Хүн наана чинь амиараа хийлгэх гэж байхад. Улаан хавтастай намыг батлах л байвал бусад юм аяндаа болдог цаг байсан байхгүй юу.

Ээж нэг хэсэг унтадгүй. Шөнөжингөө Үнэн сонин уншаад л тэмдэглэл хөтлөөд л бөөн сүр гар. Яасан гэсэн чинь намд элсэх өргөдлөө өгсөн гэнээ. Тэгсэн цаадуул нь шалгалт авна гэсэн юм байх. Ю.Цэдэнбалын орос хэл дээр тавьсан илтгэлийг бараг тэр чигээр нь цээжлэх хэрэгтэй гэжээ. Аз болоход өөрөө хойно төгссөн юм байна тэгээд болно биз гээд бодсон чинь хэд хоногын дараа бөөн уйлаан майлаан. Шалгалтандаа уначихаж нөгөөдөх чинь. Амьдрал нь тэр чигээрээ л капут болж байгаа юм байх. Улсын үйлдвэрт ажиллаж байгаа инженер болгон намын гишүүн л биш бол хоолноосоо салдаг бичигдээгүй хуультай гэнэ. Ашгүй шалгалт авсан намын дарга нь хажуу орцонд амьдардаг байж таарлаа. Аав нөхөртэй нь хэд хоног дараалан архидаж байж шалгалтыг нь нэг юм дахин өгүүлэхээр болов. Гэтэл хэдхэн сарын дараа ах нар хувьсгал хийсний хүчинд нам гэдэг ойлголт будаа болов. Ээжтэй элтээд нэг вино задалж уугаад суусан чинь тэр түүхээ дурсаж яриад өөрийгөө шоолж инээгээд л байсан. Манай ээж одоо аль ч намын гишүүн биш. Өнөөдрийг хүртэл нөгөө инженерийнхээ ажилийг хийгээд л явж байгаа.

Миний зүрх цохилоод болдоггүй. 8-р ангийн бацаан сургуулийнхаа коридорт салхи залгиад гүйж явсан чинь ангийн охин зөрөхдөө хэлж байна. Хөөш чамд захиа ирсэн байна лээ ш дээ гэнээ. Ангийн багш чамд өгнө гээд авчихсан гэж байна. Хойноос л захидлаар харилцдаг найзууд юм явуулсан юм байх гээд бодтол.. үгүй.  Их сургуулийн нийгмийн ухааны факультет гэсэн хаягаас иржээ. Задлаад үзлээ. Гараараа бичсэн байна (тэр үед ямар юмных нь компютер ба принтер). Дүү хүүд бидний үйл хэргийг дэмжиж надад захидал бичсэнд баярлалаа. Чиний бидэнд оруулах хувь нэмэр бий гэхдээ эхлээд хичээл номондоо сайтар анхаараад хэрэв цаашид бидэнтэй хамтарч ажиллах сонирхолтой бол дүүргийнхээ ардчилсан холбооны салбартай холбоо баринуу гэсэн ухааны юм бичжээ. Тэгээд доор нь С.Зориг гээд гарын үсэгээ зурсан байлаа. Юу ч мэдэхгүй нусгай бацааны бичсэн захианд тэрийг хариу бичсэн гээд одоо ярихаар хэн ч надад итгэхгүй. Хамаа алгаа. Ертөнцийг харах цонхны тоосыг арчиж өгсөн хүн хэн билээ гэдгээ би өөрөө л мартаагүй санаж байгаа бол тэгээд л болоо ш дээ... Тийм биз дээ?  

Тийм тийм бид бол нэг ёсны Хэлмэгдсэн Омогынхон. Коммунизм гэж заваан угаалгын машин  дотор эргэлдэж толгойгоо эргүүтүүлж аваад дараа нь шилжилтийн гэсэн хочтой өлөн нийгэмд картын бараагаар амь зууж өссөн хэдэн гарууд хаа байна гэвэл хүмүүс бид нарыг л зааж чичлээд бөөн юм болно. Ингээд бичихээр миний үеийнхэн надад гомдоноо зайлуул. Нэг их хэлмэгдээд байсан юм огт алга харин ч хоёр нийгмийн зааганд төрж өссөн тулдаа муу сайныг нь ялгаж салгадаг гарууд чинь жинхэн бид нар гэж ирээд л надад агсам тавьж ч магадгүй. За... за... ойлгосон та нарын зөв. Нээрээ шүү!  Адилхан хамт өсчихөөд солио туссан биш юу гэж бид бие биенээ зам дээр чулуудан машин дайруулаад байв л гэж.

Ингэхэд бид хэд захаасаа эхлээд энэ хужаа гоймон идэж өсөөд одоо болтол өмдөө татаж сураагүй бацаануудад хөгшин зөнөгөөрөө дуудуулаад эхэллээ цаана чинь. Бодвол мань хэд заx зухаасаа 40 шүргэж намба сууж яваа юм байлгүй дээ. Гайгүй яваа бидний зарим нь өнөөдөр орлогч сайд маягын зиндаад хөлбөрч яваа бол тааруу хэсэг нь гудамжинд бас нөгөө лаазнуудаа өшиглөсөөр л байна. Гэхдээ болж байнаа бид хэд болж байна... Угын хүн болгонд таараад байдаггүй ховорхон цаг үеийг эзэлж  мэндэлсэн хоншоортой юм болохоороо бидний зовхи үргэлж л өөдөө байдаг байхгүй юу.

Миний нэг унших дуртай гар дээр бичиж байсан юм. Нийгмийг бол 40-50 насныхан л ерөнхийд нь удирдаж явдаг юм шүү гээд. Тэрний үгэнд одоо итгэх юм бол маниусын тодрох цаг яах аргагүй хаяанд ирчихсэн байна. Ёстой хэдүүлээ дараагын 10-20 жилд бол тийчилсэн шиг байж байгаад л мултараx хэрэгтэй байна шүү дээ. Нэгэнт л xүссэн хүсээгүй энэ контенерийн бараанд пологтож өссөн бацаануудад дараа нь зайгаа тавьж өгөхөөс л хойш. Харин бид ганц л юм мартаж болохгүй. Гойко Митич-д чадвал амьд байгаа дээр нь Баярлалаа гээд хэдүүлээ нэг захиа биччих хэрэгтэй. Бас худлаа үнэн ч гэсэн тэрний Газарчин гээд хийсэн ганц Монгол киног нь олоод бас дахиад нэг үзчихэд буруудахгүй. Инээдтэй ч гэсэн эгдүүтэй л кино байсан юм шүү! Хэлмэгдсэн Омогынхон шүү бид нар Хэлмэгдсэн Омогынхон. Одоо л нэг юм цаг хугацаа бидний эсрэг биш харин бидний тал руу эргэж байх шиг байна. Хэдүүлээ харин энэ шуургыг дагаад уруудах уу эсвэл сөрөөд зогсох уу? Ёстой бидний хоншоор л мэдэж дээ тиймээ...

Дамбийжаа