МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ ТАНЫ БАРАГ ҮЛ МЭДЭХ АРВАН ЗҮЙЛ
Түүхийн сэдэвтэй бүтээл туурвидаг Английн зохиолч Ангус Дональдын "Тэмплар зандалчин"(Templar Assassin) гэдэг ном хэвлэлтэнд шилжсэн тухай саяхан мэдээлэв. Уг ном нь "Монгол баатар" хэмээх гурвалсан романы хоёрдахь боть аж. Өмнөх нь "Тэмплар урвагч"(Templar Traitor) хэвлэгдсэн, сүүлчийнх нь "Тэмпларын золиос"(Templar Sacrifice) бичигдэж буй аж. Тэмплар гэдгийг товчоор залгалмайтны рыцарь гэж ойлгож болно.
Мөхөс орчуулагчийн зурвас
Зохиолч А. Дональд: “…Монгол баатар(Mongol Knight) гэдэг гурвалсан цуврал бүтээлээ туурвихын тулд миний бие ХIII зууны Монголын эзэнт гүрний тухай сүүлийн таван жилийн турш нухацтай судалгаа хийж, багагүй уншиж сууна.
Энэхүү цуврал нь Чингис хааны армид тулалдаж явсан Тэмпларын рыцарь Роберт Хэдлоугийн ер бусын бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл. Судалгааныхаа явцад миний бие олж мэдсэн олон сонин зүйлснамайг гайхшруулсан бөгөөд эдгээр нь таныг ч бас гайхшируулж, бүр алмайруулж мэднэ."Тэмплар зандалчин"-нд1241 оны 7 дугаар сард Вена хотын дэргэд Монголын их цэрэгт тулалдаж яваад олзлогдож, Христийн шашны дайсан, урвагч хэмээн шүүгдсэн англи эр Роберт Хэдлоугийн тухай үргэлжлүүлж өгүүлнэ. Энэ бол үнэхээр болсон бодит түүх дээр үндэслэгдсэнгэдгийг энэ ялдамд тэмдэглье…” гэжээ.
Зохиолч, судлаач Ангус Дональд, Нэпкогоос эрхлэн гаргасан “Монгол Их Түрлэг”-ийн зохиолч, түүхч Николас Мортон хоёртой номын садан болох завшаан тохиосонд мөхөс миний бие олзуурхаж явдаг.
Энэ удаа А. Дональдын “МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ ТАНЫ БАРАГ ҮЛ МЭДЭХ АРВАН ЗҮЙЛ” гэдэг тэмдэглэлийн орчуулгыг сонирхуулах ялдамд түүний саяхан нийтэлсэн “Чингис хааны нууцлаг үхэл”(The Mysterious Death of Genghis Khan) нийтлэлийг удахгүй уншигчдад хүргэхийг хичээж буйгаа дурдъя. Доорх тэмдэглэлд дурдагдсан арван зүйл нь өдгөөгийн монголчуудын хувьд шинэ зүйл огт биш, гэвч Европын болон дэлхийн англи хэлтэй уншигчдын хувьд манай үүх түүхийг зөв ойлгоход ач тустай нь мэдээж бөлгөө.

ОРЧУУЛГА
АНГУС ДОНАЛЬД
МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ ТАНЫ БАРАГ ҮЛ МЭДЭХ АРВАН ЗҮЙЛ
1. Монголчууд бүх шашинд хүлээцтэй ханддаг байв.
Монголчууд хэдийгээр харгис догшин гэх нэр цуутай асан боловч бүх шашинд гайхалтай хүлээцтэй ханддаг байлаа. Монголын эзэнт гүрэнд буддын шашинтан, лалын шашинтан, бөө шүтлэгтэн болон бусад янз бүрийн сүсэг бишрэлтэй хүмүүс шүтлэгийн эрх чөлөө эдэлж байв. Чингис хаан өөрөө Азийн тал нутгийн Мөнх Хөх Тэнгэрийг шүтдэг байсан боловч Их хааны ойр дотныхон дунд христүүд (несторианчууд) байсан аж. Чингис хааны отгон хүү Толуйн ухаалаг эхнэр Сорхогтани бэхи нь христ шүтлэгтэн байжээ. Түүний дөрвөн хөвүүн Их хааны ширээнд суусан бөгөөд тэрбээр хөвүүдээ бүх шашныг хүндэтгэхэд сургажээ. Сорхогтани бэхи өөрийнхөө хөрөнгөөр Узбекийн Бухар хотод нэг медресе (исламын сургууль) бариулсан түүхтэй.
2. Тэд ардчилсан тогтолцоотой байсан гэж үзэж болно
Монгол армийн 10 цэргээс бүрддэг "арван(аравт, орчуулагч)" гэх нэгж тус бүр нь өөрсдийн захирагчаа сонгодог байв. Чингэж сонгогдсон захирагч нь цол хэргэм ахисаар ахмад, жанжин, магадгүй бүр хааны ширээ ч горилох хүртэл дэвших боломжтой байж. Монголын Их хааныг ч бага хаад, толгой жанжид нь сонгодог байсан аж. Харин дундад зууны Европт бол хааны суудлыг ихэвчлэн ууган хүү нь залгамжилдаг асан бөлгөө. Язгууртнууд нь цэргийн командлагчийн албан тушаал атгаж төрдөг байжээ. Гэтэл Монголын нийгэмд отгон хүүг хаан ширээ залгамжлах хамгийн магадлалтай хүн гэж үздэг байсан боловч эцэг нь таалал төгсмөгц Их хааны ширээнд шууд залдаггүй байсан нь онцлог. Чингис хааныг нас барсны дараа "Хуралдай" хэмээх нэгэн төрлийн "Парламент" чуулж, Чингис хааныг хэн залгамжлахыг шийдэх хүртэл отгон хүү Толуйг нь “Гал голомт сахигч”-аар томилсон түүхтэй. Бага хаад нь нийслэл Хархорумд цугларан чуулж Чингис хааны хоёр дахь хүү Өгөдэйг шинэ Их хаанаар сонгожээ. Монголчууд ингэж тулалдаанд хэн удирдахыг сонгодог байсан уламжлалтай.
3. Тэд бүхэлдээ нүүдлийн нийгэмтэй байв.
Монголын арми арван гуравдугаар зууны эхээр Европыг дайлж байх үед тухайн үеийн шастир бичигчид тэднийг бараг нэг сая цэрэгтэй гэлцэж байлаа. Энэ нь үнэн хэрэгтээ монгол армийн хүчин чадлыг хэтрүүлж үнэлсэн хэрэг санж. Монголчууд бээр өөрсдийн хүчийг чингэж үнэлүүлэх сэтгэгдэл зориуд төрүүлдэг байсан нь дайснуудаа айдас хүйдэст автуулах арга байлаа. Гэвч Монголын арми тийм нүсэр харагддаг байсны шалтгаан нь тэд бүх сэлгээ адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан сүргээ тууварлаж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт нүүдэллэж явдагт оршиж байсан юм. Монголын армиуд бол бүхэлдээ нүүдлийн бүтэц, зохион байгуулалттай байсан учраас тэдний нүүдлийн хөлд нүсэр том тоосон үүл нь босч байсан нь мэдээж. Өөрөөр хэлбэл, арван мянган дайчинтай нэг "түмэн" буюу харьцангуй бага хэмжээний арми гэхэд л эхнэр, хүүхэд нийлсэн түүнээс гурав дахин олон хүн, арав дахин их мал сүргийн хамт нүүж явжээ гэсэн үг.
4. Тэд шилдэг ложистик бүтээн ашиглаж байв.
Дундад зуунд аливаа арми бол үнэн нүсэр бүрэлдэхүүнтэй байжээ. Хэрэв 10,000 орчим цэрэг, мөн төдий тооны адуу(ачлага ба уналага)-тай арми хөдөлгөж дайсан этгээдийн нутгийг туулахад хүрвэл хамгийн хүнд асуудал нь унд хоол, тэжээл байх нь мэдээж.
Ийм нөхцөлд хоёрхон сонголт байсан: нэгд, хоол хүнс болон тэжээл тээж явах (энэ нь асар их ложистикын хэрэгцээ, тэрэг, түүнийг чирэх үхэр, үхрийн тэжээл гэх мэт зүйл шаардана). Нөгөө нэг нь гэхүл "тухайн газар нутгаас хүнс залгах" буюу давшилтын замдагуух хот, тосгодыг дээрэмдэх. Аль аль нь тийм ч тохиромжтой биш. Монголчууд дээрэм хийхээс буцдаггүй асан боловч өөрсдийгөө хангах замаар уг асуудлыг шийдсэн байдаг. Тэд хавар, зуны улиралд өвс ургамалтай хээр тал нутгаар хонь, ямаа, адуугаа тууварлаж нүүдэг байв. Монгол дайчид нь хонь, гүүнийхээ сүү ууна. Маш хүнд нөхцөлд морьдынхоо судсыг ханаж цус уудаг байсан гэдэг. Тэдний адуу гайхалтай тэсвэртэй бөгөөд заримдаа туурайгаараа цас малтаж өвс, хөвд олж иднэ. Үндсэндээ Монголын армиуд өөрийн хангамжтай байсан нь цэргийн асар том давуу тал байлаа. Дундад зууны бусад арми өлсгөлөнд нэрвэгдэж байхад монголчууд шинэ бэлчээр рүү нүүх замаар тулалдах чадвараа хадгалж байв.
5. Тэд ялагдашгүй гэдэг нь домог байв.
Дундад зууны европчууд 1240-өөд онд Монгол армиуд Оросын олон гүнт улсыг байлдан дагуулснаас гадна Унгар, Польшийг шийдвэрлэх тулаанд бут цохиж номхоруулсаныг мэдэж байлаа. Тэд бээр ялагдашгүй монголчууд Европын зүүн талыг сөхрүүлсэнтэйгээ адил баруун талыг ч түүртэлгүй дайлж эзэлнэ гэж төсөөлж байж. Гэвч нөхцөл байдал өөрөөр эргэжээ.
Төв Азийн уудам хээр тал үргэлжилсээр Унгарын нутагт орж тасардаг.Түүнээс цааш монголчууд болон тэдний мал сүргийн хүнс, тэжээлийн тогтвортой хангамжид хүндрэл нүүрлэх нигуур угтана. Эдүгээ цагийн ихэнх судлаачид бол Монголчууд баруун Европыг байлдан дагуулж чадахгүй байсан гэж үздэг. Тэрхүү эгзэгтэй цаг үедӨгөдэй хаан 1241 онд тэнгэрт хальжээ. Тийм учраас шинэ Их хааныг сонгох Хуралдайд оролцохоор Монголын бүх цэрэг эх нутаг руугаа татагдан буцсан байна. Тэд баруун Европ руу эргэж ирээгүй билээ.
6.Тэд шуудан харилцааны шилдэг системтэй байв.
Чингис хаан "Суман өртөө" хэмээх морьт элч нарын ангийг байгуулсан бөгөөд тэд харвасан сум мэт хурдан давхих учиртай байв. Тэдгээр элч нарын тээсэн мэдээлэл нь дундад зууны үеийн хэмжүүрээр авч үзэхүл гайхалтай хурдан дамжиж байжээ. Заримдаа өдөрт 300 миль (480 орчим км) зам туулдаг байж. Өртөөний тогтолцооны хүрээнд эзэнт гүрэн даяар зам дагуу 25-65 км тутамд элч нар морио юүлж, хоол унд, орон байраар хангагдаж байв. Шинэ сэлгээ морьд нь элч бүрт эцэж туйлдах хүртэлээ тасралтгүй давхих боломж олгох бөгөөд түүнийг өөр нэг элч шууд буухиалж давхина. Зургаан зуун жилийн дараа Америкийн баруун эрэгт "Пони Экспресс" (Pony Express) үүсэх хүртэл дэлхий дахинд дээрхээс илүү хурдан харилцаа холбоо оршиж байсангүй. Мөн монголчууд бээр байлдааны талбарт харилцах хуучин үеийн системийг өвч халж оронд нь цоо шинийг зохион бүтээсэн юм. Тэд алс зайнаас дохио өгөхдөө (семафортой төстэй) өнгөт туг ашиглахын зэрэгцээ дотор нь хөндий гуурс бэхэлсэн "исгэрдэг" сум харвах замаар довтлох, эсвэл ухрах гэх мэт ерөнхий заавар, дохио дамжуулдаг байв.
7. Монголчууд бичгийн хэлгүй байсан(орчуулагчийн хувьд үүнтэй санал нийлэхгүй).
Монголын эзэнт гүрэн арван гуравдугаар зуунд ид цэцэглэж байх ахуйдаа 9 сая хавтгай дөрвөлжин миль(23.3 сая хавтгай дөрвөлжин км) буюу дэлхийн түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн нутаг дэвсгэр захирч байсан ажээ. Гэвч монголчуудэх хэлээ тэмдэглэх бичиг үсэггүй байсан нь сонин. Хятадыг хэсэгчлэн эзэлснийхээ дараа тэд бээр хятад бичээч нарыг дайчилсан бөгөөд уйгар бичиг ашиглажмонгол хэлний яриаг авиа зүйн аргаар тэмдэглэх болсон байна. Улмаар перс, араб бичээч нарыг төрийн албанд дайчлан ажиллуулжээ. Тэдгээр бичээчид нь маш эрчимтэй төрийн захиргааны тогтолцоог бүрдүүлэхэд нөлөөлж Эзэнт гүрний хосгүй цэрэг армийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эзлэгдсэн асар уудам нутаг дэвсгэрийг засан тохинуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
8. Хоёр зуун эр хүмүүн тутмын нэг нь Чингис хааны удам.
2003 онд Y-хромосомд хийсэн ДНХ-ийн судалгаагаар дэлхий даяар бараг 16 сая эрэгтэй хүн Их хааны шууд удам болохыг тогтоожээ. Энэ нь тухайн үеийн 6 тэрбум гаруй (өдгөө 8 тэрбум болсон) хүн амын 0.5 хувийг эзэлж байв. Азид, тодруулбал Узбекистанаас Хойд Хятад хүртэлх бүс нутагт нийт эрчүүдийн 8 хувь нь Чингис хааны удам угсаа гэнэ. Гэхдээ энэ үзүүлэлтийг "Алтан ураг"-ийн (Монголын хааны гэр бүл) баттай гишүүдийг шинжилж эцэслэн тогтоогоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Чингис хаан бээр эхнэр Бөртэгөөсөө дөрвөн хүү, таван охин төрүүлсэн санж. Мөн тэрбээр дайны олзонд ирсэн олон зуун татвар эмсийн мянга орчим хүүхдийн эцэг нь болсон байх магадлалтай. Ийм тоо бол ер бусын санагдаж мэднэ. Гэхдээ Карл (Charlemagne) хаан бараг 18 хүүхэдтэй байсан бөгөөд генетикчид (бас статистикчид ч) өнөөдөр амьд мэнд буй Европ гаралтай хүмүүн бүр Франкуудын агуу хаантай ямар нэг байдлаар холбоотой гэж үздэг.
9. Монголчууд ХIХ зуун хүртэл Энэтхэгийг захирч байв.
Чингис хаан болон Доголон Төмөр хааны удам гэгддэг Узбекистаны цэргийн эрхтэн Бабур хэмээх язгууртан 1526 онд Делигийн Султаныг сөхрүүлчхээд Энэтхэгт Моголын эзэнт гүрнийг байгуулжээ. "Могол" (Mughal) гэдэг нь "Монгол" гэдэг үгний нэгэн хувилбар юм. Түүний гэр бүл дараагийн гурван зуун жилийн турш Энэтхэгийг захирсан. Британичууд 1857 онд Моголын хамгийн сүүлийн эзэн хаан II Бахадур Шахыг ширээнээс нь буулгаснаар Энэтхэг дэх Британийн ноёрхол (British Raj) эхэлсэн түүхтэй.
10. Монгол байлдааны урлагийг ХХ зуун хүртэл зааж байв.
Олон зуун мянган харваачдын довтолгоо болон өөрийгөө хангах бүрэн чадвартай хөнгөн морьт цэргийн байлдааны монгол тактик түүх болж үлджээ. Гэвч түүнээс хойш хэдэн зуун жилийн дараа ч Монголын байлдааны урлагийн үндэс- уян хатан хөдөлгөөнт чанар, төрөл бүрийн цэргийн хүчний нэгдэл, тагнуул болон хууран мэхлэлт, сэтгэл зүйн дайн зэргийг Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэл Оросын цэргийн бүх сургуульд зааж байжээ. Үнэндээ Монголын цэргийн стратегийн зарим чухал талыг өнөөдөр ч дэлхийн цэргийн олон академид судалсаар байгаа билээ.
2026.05.03

