“НӨӨВТ” ба СУГАЛАА

НӨАТ-ын сугалаа сэргэж гэнээ, шүлгэнд гардагчлан “манай голоор л нэг яриа” юм байх.Түүнийгээ сурталчилсан реклаам хийгээдэхсэн чинь сугалаанаасаа ч илүү “алдаршив" гээч. Засаг төрийн ажил гэхээсээ илүү мааз наргианы шинжтэй сурталчилгааг тойрсон сошл хэлэлцүүлэг өрнөсөн биш далимд нь хүмүүс “НӨАТ-ын сугалаа” сэргэсэн гэдгийг мэдээд авлаа. Оргүйд орвол онигоотой, яах вэ? 

     Сугалаа бол хүний горьдлого, найдвар дээр менежмэнт хийдэг бизнес. Мөнгөө банкинд хийдэггүй, хөрөнгө оруулалтад гаргадаггүй хэсгийн “жоор”-ыг эргэлтэд оруулах арга болдог, сугалаа нь. Харин их мөнгөтэй хүмүүн сугалаа авахын оронд хөрөнгө оруулалт хийж, эсвэл бонд авч хөрөнгөө арвижуулдаг. 

    Харин зүгээр өгч байгаа сугалаанаас бол хэн ч татгалздаггүй. Хонжвор таарах нь азын илэрхийлэл учраас их бага гэлтгүй бүгд сэтгэл хангалуун хүлээж авдаг. Ийм учраас сугалаа дагалдуулах нь бизнес сурталчилгааны нэг хэсэг болдог. Үнэртэй ус, гоо сайхны бараа бүтээгдэхүүний сурталчилгааны чухал хэсэг нь өөдсийн чинээхэн үнэгүй бэлэг байдаг, манайхан англиар нь “сээмпэл” гэж хэлдэг. Ганц хэрэглэж хүрэхтэй үгүйтэй, өөдсөн чинээ тос түрхлэгээс хэмжээлгүй ач тус, ид шидийг нь мэдрэнэ ч гэж юу байхав. Зүгээр л “надад бэлэг өгсөн дэлгүүр, үнэгүй юм өгсөн сайн брэнд” гэдэг сэтгэгдэл нь үлдээд, араас нь худалдан авалт хийхэд хүргэж байгаа юм. 

   Сугалаа, ирээдүйн төсөөлөл хоёр амин холбоотой. Хүмүүс ирээдүйгээ янз янзаар л төсөөлдөг. Зарим нь нэлээн бодитойгоор харж байхад нөгөө нэгний маргааш нь зүүд мөрөөдлийн манан дунд сүүмэлзэнэ. Хэн ч муухай ирээдүйг хүсдэггүй учраас олон хүн түүнийгээ мөрөөдөл, горьдлогоор чимэглэн төсөөлж хүлээдэг. Бодит дүрслэл бага байхын хэрээр гоёл чимэглэл, мөрөөдөл төсөөллөөр түүнийг орлуулна. Иймээс, бүх хүний ирээдүйн төсөөлөл нь гоё байдаг гэсэн үг. 

    Ерөөсөө “Боломж багасахын хэрээр горьдлого нэмэгдэх” тул хүмүүн бээр өөрийнхөө бодит хүчин чадлаас давсан хэрэгцээ, мөрөөдлөө сугалаанд даатгах дуртай. Ийм учраас “Таван сугалаа тутмын нэг нь хонжвортой юм” байна гэдэгт бид итгэж найдаж, тавын нэг болохоор тэмүүлдэг. Үнэн хэрэгтээ “таван сугалаа тутмын 4 нь хонжворгүй” гэдгийг анзаардаггүй ч ихэнхдээ “дөрвийн нэг” болж үлддэг. 

    Гэхдээ л бид сугалаанд дуртай.Амьдрал бол сугалаа гэж үг бий. Бурханы номд хүний төрөл олох нь зүүний үзүүрт арвай тогтох шиг ховор хэмээснээс үзэхүл сугалаа биш гэх ч хэцүү. 

    Сугалаанд хонжвор таарсан цөөхөн хүн “Сугалаа үнэн юм байна” хэмээн ярилцлага өгдөг бол үлдсэн хэсэг нь хонжвор тохируулах ажиллагаа шударга бус болсон гэдэгт итгэдэг. Гэхдээ бид бүгдээрээ сугалаанд дуртай. 

    Ирээдүй бүрхэг болохын хэрээр эш үзүүлэгч, Вивангиридич олширдог, эдийн засаг муудахын хэрээр эдийн засагчид үрждэг нь ёс оо. Маргаашдаа итгэл алдрахын хэрээр аз хийморьтоо найдамтгай болоод түүнийг даган сугалаа гээч юм цэцэглэдэг нь хүний ёс. 

    Өнөөдөр цэнхэр дэлгэц, радио долгионыг эзэлж дуусаад бараг л индүү залгахад урдаас гараад ирдэг болсон цөвүүн цагийн сугалаанаас “Нөөвтийн сугалаа” юугаараа өөр вэ? 

    Нэгдүгээрт, энэ сугалаа үнэгүй. Таван сугалаа тутмын дөрөв нь зохион байгуулагчийн хонжвор байдаг зарчим энд байхгүй. Зүгээр л таныг НӨАТ-ын баримтаа бүрдүүлж, төрийн ажилд тусалсны төлөө үнэгүй сугалаагаар урамшуулж байгаа хэрэг. Хоёрдугаарт, НӨАТ ба түүний баримт, сугалаа сэлт нь далд эдийн засгийг төр иргэн хоёр хамтран хянах, нийт эдийн засгийг эрүүлжүүлэх зорилготой томхон шинэчлэл бөгөөд Тайваньд анх амжилттай туршин хэрэгжүүлсэн байдаг. 

   Бидний “НӨАТ” хэмээн ярьж заншсан Нэмэгдсэн өртгийн албан татвар нь худалдааны үйлчилгээ үзүүлсний төлөө эцсийн хэрэглэгчид ногдуулдаг татвар хэмээн бүдүүвчлэн тайлбарлаж болмоор зүйл. Тийм, “эцсийн хэрэглэгчид ногдуулсан” гээд байгаа юм. Бараа бүтээгдэхүүнийг анх үйлдвэрлэхээс эхлээд, хил гаалиар оруулснаас наашлаад хэрэглэгчид хүртэлх замналыг бүрдүүлснийхээ “хөлс”-ийг төр авч байгаа маягтай гэмээр ч юм уу? Хэдийгээр НӨАТ хэмээх нэр нь оносон, оноогүй дээр бөөн маргаан байдаг ч товчлолыг тайлж уншдаг, ойлгодог нь цөөн.

    Танд 2.000 төгрөгөөр талх зарсан этгээд 200 төгрөгийг шууд цааш нь өгнө. Тэр мөнгө улсын сан хөмрөгтэй харьцуулахад бага байж болох ч нийт худалдааны эргэлтийг хянах, бусад татвараа бүрэн цуглуулах том хөшүүрэг болж өгөх учраас ашиг тус нь зүйрлэшгүй. 

    Төрд “Нөөвт”-н баримтаар дамжуулан бараа, үйлчилгээний түүхийг төгсгөлөөс нь ухраан хянах боломж олдоно. Эцсийн хэрэглэгчээс ухраан хөөсөөр бараа бүтээгдэхүүнийг хэн анх үйлдвэрлэсэн,хэзээ хилээр орж ирсэн зам тодорч, гаалийн татвар бүрэн төлөгдсөн эсэхээс аваад олон юмыг буцаан хянана. Төрийн сонирхоод байгаа юм нь энэ. 

    Тэрнээс биш “Нөөвтийн арван хувь”-иар хөрөнгө хуримтлуулж, нэг л их бүтээн байгуулалт хийх юм биш. Манайхан чинь мөнгөний араас гаслахдаа “Төчнөөн хонь, өчнөөн Зил-130 дүүрэн алт” гэдэг нэгж хэрэглэхээ болиод “төдий тооны цэцэрлэг, ийм тооны сургууль барих мөнгө” хэмээх баримжаатай болсон нь бас л дэвшил шүү.

    Гэхдээ, эдийн засгаа эрүүлжүүлж, далд хэсгийг нь харахын өгөөж нь авилгыг арилгахаас эхлээд зүйрлэшгүй их. “Нөөвтөөр авилга арилгана” гэхээр инээдтэй юу? Та дугуй худалдан авсан баримтаа бүртгүүлснээр уг бүтээгдэхүүний төгсгөлийн цэг тодорхой болно. Эндээс урагш хөөгөөд хилээр орж ирсэн өдөр, улмаар авсан татвар гараад ирнэ. Хэдээр зарах бараагаа хэд гэж мэдүүлээд, ямар татвар төлснийг амархаан харна ...Байцаагч нар “ажилласан” байвал тодорхой харагдах жишээний. Энэ ч яахав төрийн хийх ажил, маньд юуны хамаа!

    Зөвхөн Монголд л “Нөөвт” бий болчихоод биднийгээ бухимдуулаад байгаа юм биш аж. Дэлхий даяар нэмэгдсэн өртөг/ашгийн татвар түгээмэл бөгөөд улс орнууд “VAT”, “ПДВ”, “НДС”, “НӨАТ” гэж нэрлээд хэрэглэдэг аж. Хятад, Скандиновын орнууд, Израйль, Орост зэрэг улсад хувь хэмжээг нь 10 орчмоос 30 дөхүүлэн тогтоодог юм байна. Манай 10 хувь бол багадаа орох ба тэрнийхээ 2 хувийг бүртгүүлсний урамшуулал болгон буцаахаар арваасаа ч буугаад явчихна. 

     Харин, сугалаа зохиож хонжвор гаргах, буцаалт хийх замаар татварын ургац хураах талбайгаа нэмэх Тайваны туршлага бол шинэхэн хөшүүрэг. Ихэнх улс орнууд “Олсон хүний олз, гээсэн хүний гарз” гэлээ гэгчээр  тас хураана. Ядахнаа “авсан өгсөндөө өлзий болог” гээд худалдан авагчийн толгойг мөнгөөрөө арайвнайлалгүй цааш нь далд хийчихдэг гэж байгаа. Хуншгүй, тээ !

   Учир иймд, манай зарим хүний шаарддаг шиг “Нөөвтийн 10 хүртэл хувийг буцаах” шаардлага нь нэгдүгээрт, уг татварыг алга болгох, эсвэл сугалаа бүртгэл явуулах хөрөнгийг өөр шинэ татвар сэтгэж авах замаар бүрдүүлэх ийм хоёр сонголт тулгаж байгаа хэрэг. Үнэхээр л ямар ч хамаагүй аргаар “Нөөвтийн 10 хувийг эргүүлж өгнө” гэвэл түүнийгээ 15-20 хувь болгож нэмэх замаар шийдэх болов уу? Манай засаг.

    Хоншоортойхон, бяралхаг засаг бол “2 хувийг эргүүлж өгөөд, дээр нь сугалаагаар урамшуулсэн чинь дургүй нь хүрч гэнэ үү? Тэгээд байвал, ингээд больчихье” гээд л буцаалтаа зогсоогоод бүртгэл хяналтаараа боогоод өгнө л дөө. Даанч манай засаг сульдаатай, бас сульдаандаа уух битмийнэ авах мөнгөгүй учраас, буулт хийгээд байгаа юм. 

     Хүн төрөлхтөн “Мөнгө дамжихаараа хорогддог, үг дамжихаараа нэмэгддэг” гэж ярьсаар ирсэн нь учиртай. Бараа үйлчилгээнийхээ үнэ дээр “төрд шууд өгнө” хэмээн 10 хувь нэмж зарчихаад, өөрөө завшаад байвал муухай. Муухай, муухай гээд хүний мөнгийг сайн дураараа тушаах сонирхолтон ховор болохоор завшаад дуусах нь их.

    Барууны дэлгүүрт барааны жинхэнэ үнийг тавиад, үүн дээр “Нөөвт төдөн хувь нэмэгдэнэ” гээд биччихдэг. Энэ нь би юмныхаа үнийг нэмээгүй, засаг чамаас нэмж авч байгаа юм шүү гэдгийгээ шууд хэлээд өгч байна. 

   Харин манайхан үүнийг нөгөө талаас нь ашиглаад байгаа. Олон газарт “Үнэ хямдруулсан бараанд нөөвтийн баримт өгөхгүй”, “Баримт нэхээд байгаа юм бол 10 хувь нэмж төлөөд тэрийгээ ав” гэдэг нь наанадаж хууль бус, цаанадаж чиний “ёндоо”, аз хийморийг булааж байгаа хэрэг. Мянган төгрөгийн бараа аваад сая төгрөгийн сугалаа хожихыг хэн байг гэхэв дээ, тээ?

    Угаасаа танд хэдэн хувь хямдруулж зарсан ч байг хамаагүй, бүр уярч хайлаад “нэг төгрөг”-өөр өглөө гэхэд 10 мөнгийг нь цааш нь өгөх номтой юм. Тэгэхээр, нөөвтийн баримт өгөхгүй байгаа этгээд яаж байгаа вэ гэхээр, чиний улсдаа тушаасан татварыг замаас нь завшаад байгаа. Ямрав дээ, хэн минь !

     Танаас авсан татварыг замаас зувчуулалгүйгээр улсын санд хүргэх үүргийг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хүлээдэг. Татварын урсгалыг хянах, дундаас нь зувчуулахаас сэргийлэх үүднээс НӨАТ-ын баримтыг эцсийн хэрэглэгчид өгдөг. Та төрдөө татвар өгөөд байхад дундаас нь нэг нөхөр чимээгүйхэн хусаад байвал ямар вэ?

    Сүхбаатарын талбай дээр “Бидний татварт өгсөн мөнгийг сайд дарга, авилгачид хусаад байна” хэмээн жагсаж явахад, хажууд чинь цуг яваа нөхөр чамгүй хэсгийг нь дундаас нь туучихаад, бүүр нэг гэмгүй царайлаад алхвал, зэвүүн тээ. Нүд нь “Манай энэ, жаахан маанаг юм хөөрхий” гэж тохуурхаад байгаа биз дээ. Тэгээд л байгаа байгаа учраас, НӨАТ-ын баримтыг нэхэх, өөрийн төлсөн татвараа төрд хүрч байгаа эсэхийг хянах иргэний сонирхлыг төрүүлэх зорилгоор сугалаатай болгосон. Бас 10 хувийнхаа 2 хувийг буцаан олгох болсон.

     НӨАТ бол татвар мөн боловч түүнийг төлөхгүй байх боломж байдаг нь сонин. Бүүр хуулийн хүрээнд шүү. Жишээлэхэд, та юу ч худалдан авахгүй бол нөөвт төлөхгүй байх боломжтой. Нөхөр Робинзон Крузо болбоос НӨАТ үл төлөгч байсан байгаа юм, арал дээр байх бүхий л хугацаандаа.

    Түүнчлэн, гадаадын иргэд худалдан авалт хийсэн бол төлөхгүй. Төлөхгүй ч юу байхав, хилээр гарахдаа буцаагаад авдаг. Бид ч гэсэн шоопинг хийсэн баримтаа хадгалж байгаад Герман мярмаанаас буцахдаа онгоц буудал дээр оочирлож, оочерлож хөөрхөн хэдэн евро эргүүлээд авдаг даа. 

   Харин “Нөөвтийн 10 хувиас татвар төлөгчид буцааж өгдөг 2 хувийг аваад амьдарч байгаа ядуу айлууд олон байна” гэдэг яриа бол улс төрчийн дэгсдүүлэл. Өөрийнхээ олон арван саяар хийдэг худалдан авалтынхаа НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг хараад тэгж санагдсан бололтой юм. Манай баян-улс төрчид амьдралаас хол байгаа хэрэг шүү. 

    Тооцох гээд үзэх үү? 2022 онд шинэчилсэн амжиргааны доод түвшний орлого болох 277.000 төгрөгийг НӨАТ-н 2 хувийн буцаалтаар авахын тулд хэдэн төгрөгийн худалдан авалт хийх ёстой вэ? 277.000 х 50=13.800.000 мөн үү? Сард 13 саяар бараа үйлчилгээ худалдан авдаг хүн ядуу даа орох уу?Ер нь бол,сард олон арван саяар худалдан авалт хийдэг манай улстөрч баячуул НӨАТ-ын буцаалтаараа нэг байтугаа айлыг чинээлэг амьдруулж болох нь л харагдаж байна. Харин ядуу зүдүү айлуудад ийм боломж үгүй, баталгаажих доод орлоготой айл түүгээрээ бараа аваад 2 хувиар нь амь зууна гэвэл сардаа 5000 орчим төгрөгөөр л амьдралаа торгоох болж байна. (Тооцоо эндүү байвал, чи дахиад хийчихээрэй, зарчмын нэг их зөрөө гарахгүй)

Аа тийм бас, НӨАТ-ын 10 хувийг тэр чигээр нь бас буцаан өгөх тухай яриа гарсан байна лээ. Буцаах хувийг нэмж болох ч түүнийг цуглуулах, сугалаа зохион байгуулах зардалд тулаад зогсох байх аа.

     Гэснээс, “Нөөвтийн сугалаа “нь эдийн засгийн эргэлтэд тавих иргэний хяналтыг албан ёсны бас утга учиртай болгож байдаг. Зүв нэгээр нэг этгээд “Нөөвтийн баримт” нэхэхээр манайхан гайхаж, “Дуугүй л юмаа авбал барав. Чамд тийм баримт ямар хэрэгтэй юм бэ. Татварын байцаагч уу, чи” хэмээн хэнхэг сэнтгийг нь гайхдаг.Өнгөрсөн зун аяллын бараа зардаг нэг дэлгүүрээс юм аваад“НӨАТ-аа хувь хүнээр авна” гэж хэлээд үзсэн чинь эвэртэй туулай харсан аятай гайхсан төдийгүй, “Тэгж л их нөөвт авмаар байгаа юм бол 10 хувь нэмж төлөөд ав даа” гэж тохуурхсан бөлгөө. Тэнд байсан олон хүн намайг “Хөөрхий, энэ нэг амьтан нэгэнт ингээд төрчихснөөс хойш яалтай ч билээ” гэх маягаар өрөвдөнгүй харж, зарим нь худалдагчид тал өгөн ирмэсэн байх жишээний. Сугалаагаа больсон үед шүү дээ.

    Харин сугалаагаа нэхэж байгаа хэрэглэгч өөр. Хүний сугалааг, аз хийморийг дундаас нь завшиж болохгүй. Хэн боловч өөрт ногдох сугалаагаа нэхэх бүрэн эрхтэй. Ямар ч том хожил, ёндоог нь зувчуулах гээд байгаа юм билээ ? Иймээс НӨАТ баримт нэхэж байгаа хүн шударга бөгөөд зүй ёсны харагдана.

      Сугалаа бол НӨАТ-д түрхсэн бол, амталсан чихэр нь байв. Гэвч түүний тохирол нь шударга бус байна гэдэг нэрээр зогсоосон тул эдийн засгийн шилдэг шинэтгэл маань давсгүй хоол, түүхийрсэн талх болон хувирсан билээ. Сугалааны тохирол нь асуудалтай байсан байж болно, ер нь байсан ч байх.

      Ямар ч байсан, талхан дээрээ түрхэх балыг эргүүлээд хийж байгаа юм байна, Сангийн яам. Сугалаагаа илүү олон хонжвортой, яваандаа хүн бүр их бага хонжвор таараад амташчихсан байхаар зохицуулаасай. Тайваньд хоёр жил болсон хүний ярих нь, хоёр ч удаа 100 ногоон (тайвань доллар) хожсон юм билээ. Ном үзэж байсан хүний шалихгүй худалдан авалтад ийм байгаа юм чинь хонжворын нийт талбай нь арвин байх гээд байна.

      Угаасаа аз жижигдэх нь үгүй. Монголчууд “Эр хүнд эрхий ороох шидэмс ч олз болно” хэмээн үзсээр ирсэн бөлгөө. (Жээндэрийн мэдрэмжгүй ишлэлийн төлөө хүлцэл өчмү)

16.11.2022