Жилийн хамгийн гоё сар–12 дугаар сар юм шиг надад санагддаг. Үдэж байгаа нэгэн жилээ эргэцүүлж цэгнэдэг, алдаа оноогоо тунгаадаг, ахиад цаашаа амьсгаа аван өндийдөг нэг тийм сэргэлэн, сэхүүн болгодог сар шиг санагддаг юм. Тийм болохоор жаварт нь жаалмаар, жаргалтай аязанд нь алхмаар байдаг. Олон хүнд ийм байдаг байх аа. 

Ойрын жилүүдэд бид, шинэ жилийн баяраа олон олон хориг дунд өнгөрөөж байна. Бараг тэрэндээ ч дасчихлаа. 

Өвлийн өвгөн жинхэнээсээ манайд ирдэг гэж үнэнээсээ итгэж өссөн жижигхэн охид минь том болцгоосон ч, улаа бутарсан Сантаг ч, урд хойно нь гүйлдэх цасан охидыг ч нүүр тулж хараагүй хоёр гурван жилээ хорионд өнгөрүүлсэн ач хүүгээ бодохоор уур хүрэх юм. Цар тахлын гунигт гамшиг цан хүүргийг, цангинам сайхан өвлийг ч ийнхүү урьдийнхаар минь бидэнд амтлуулсангүй. Ялангуяа бяцхан үрсээс минь хичнээн олон баяр баясал, гэгээн дурсамжийг булаан одсоныг хэлэхэд ч хэцүү. Энэ л намайг уйлмаар болгох юм. Гэрийн хорионд өнгөрөөсөн гурван жил тэднийг минь ямархан болгосныг бодохоос ч айнам. Ямартай ч ойрын хэдэн жил гайхамшигт 12 дугаар сарыг гал цогтойгоор нь эдэлж чадаагүй болохоор гадаа гүйн гараад гараан алдлан угтлаа, би. 

Сайн байна уу, цас мөсөн гялбаж, талст мөнгөн жавар сацарсан... саа унжлагаа намируулсаар айлчилж буй, “сайхан” гэх ч багадам 12 дугаар сар минь... Чамтай мэндлэх ямар гоё юм бэ. Одоо харин улирч буй оноос үлдэж байгаа бодлууд минь ямархан байгааг яримаар байна. 

1. 

Соошлын буулган дор навталзаж байдаг Төр-тэй байх гунигтай юм аа. Нэг шийдвэр гаргаад явж байснаа хараал зүхэл, шуугиан болонгуут л эргээд цуцладаг. Ээждээ ганц чингэлэг ч авч өгөх мэдэлгүй навс загнуулаад газар шагайн зогсдог хүргэн Дэмбэрэл шиг нунж дорой Төр-тэй байх гунигтай юм аа. Ичих ч шиг. Ийм далдичиж, гуйвганасан нөхөдтэй итгэлцлийн гар барих хөрөнгө оруулагчид хаана ч байгаа юм. Юунд нь ч найдаж хэлэлцээрт орох юм. 

Манай энэ хэд хулхи, найдваргүй, тогтсон зарчимгүй, олон улсын эрхзүйг үл хүндэтгэж, нударгаа буулгаж ханцуйндаа тохиролцохоор “монголчлох” гэж дайрдаг гээд нэр нүүрээ нэгэнт барчихсан. Хөрөнгө оруулалтын ээлтэй орчин, том гүрнүүдийн дунд орших гео-эконо-политикийн давуу байршил бидэнд байна гэж хичнээн уриалаад нэмэргүй болсон. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг, хөөж туудаг, айлган сүрдүүлдэг, нугаслах бодлого явуулдаг, соёлт хүн төрөлхтний нийтээр тогтсон зарчмаар хэлэлцэж тохиролцох боломжгүй. 

“Тендерийн соёл” гэдэг ойлголтыг юу ч биш болгоод, өөрсдөө хулгай дээрэм хийх арга хэрэгсэлээ болгочихсон. “Мэргэжлийн” гэх шалгуур бүх салбарт байхгүйтэй адил болсон. Танил тал, дээрээс өгсөн мессеж, тэрний энэний хүн, тэрэнд тэг гэсэн... гэх хэлбэр лүү гүн шигдсэн. Юу үнэн, энэ үнэн. Ийм сул дорой Төр соошлын аясаар навсганаж байдаг юм байна. Хангалттай олон жишээ харж байна шүү дээ. 

Төр өөрөө баталгаагүй, олон нийтийн цахим индэрт хариуцлагагүй тоглогчид зориудаар бэлтгэдэг. Зорилго нь ерөөсөө ард түмнийг тархидуулах гэж, иргэдээ “Манкурт боол” болгох гэж. Мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, ашиглах чадамжгүй харанхуй олонлогийг залж чиглүүлэх амархан байх л даа. Өнөөдөр үнэн хэрэгтээ, баталгаат эх сурвалж, хариуцлагатай мэдээлэл зүйн гол ачаалал ганц хоёрхон сонин, гарын таван хуруунд багтах хэдхэн сайт дээр тогтож байна. Сэтгүүлчид өөрсдөө залхуураад, эсвэл чадавхигүйжээд, нийтлэл, хөрөг, сурвалжлага, найруулал, ярилцлага гэх мэргэжлийн сэтгүүл зүйн төрөл хэлбэрээр бичихээс дайжиж, шүлстэй “пост” төдийхнөөр л нийгэмтэй “тоглож” байна. 

Зарим элий нь, “Би өөрөө “сонин” шүү дээ. Би постоороо тэдэн зуун хүнд уншигдаж байна. Тэгэхээр надад сонинд бичих шаардлага байхгүй” гэж эргүүтэтлээ “төгс галзуурсан” байх жишээтэй. “Би телевизэд ажиллаж яах вэ дээ. Миний лайвыг ард түмэн үздэг” гэж хээв нэг жайжганатлаа үлэмж элийрсэн “эх оронч Дара эх”-үүд ч олон болжээ. Одоо тэд маань сонгуульд нэр дэвшицгээнэ. Нэгэнт Үндсэн хуулиар олгогдсон эрх нь байгаа юм чинь тэдний минь эр зоригийг юу ч зогсоож дийлэхгүй билээ. 

2. 

Нэгэнт оны шувтаргад төрж буй бодлууд, олон талаас нь эргэцүүлж, дотроо ширгээсэн санаа оноогоо ярья гэж шийдсэн болохоор зарим нэгээс нь уншигч эрхэмтэйгээ хуваалцъя. 

Монголыг соошл тархиддаг болж буй энэ бурангуй үзэгдэлд улстөрчид гол дүрүүдийг бүтээж байна. Тэд чуулганы танхимд, өрөөндөө, байнгын хорооны хурал дээр гэх мэтээр ярилцах нээлттэй орчинтой хүмүүс. Ийн атал твиттерт хоорондоо заамдалцаж, хэн нь шударга эх оронч гишүүн болохоо батлан харуулах “олон үзэгдэлт” жүжиг тавьдаг болтлоо доошоо орсон. Үзэгчид уухайлаад л, шүгэлдээд л татсан гортигных нь наанаас орилолдоод л... Энэ одоо ямар гээч новшийн “эмгэнэлт жүжиг” вэ. Тэд сонгогчдыг ингэж л дорд үзэж байна. Сонгогчдоосоо айхгүй байна, ичихгүй байна, хүндэтгэхгүй байна, үл ойшоож байна. Нүүр хийх газаргүй болгож байна шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүдийг хоорондоо цахим платформуудаар хэрэлдэж уралцаж жүждэг байдлыг хориглох хэрэгтэй. 

Хүндэтгэж, дэмжиж саналаа өгсөн, цэл залуухан, үзэмж гоё төрийн түшээгээ, эцэг шигээ хүн рүү нулимж, салаавч өгч, зүйл бүрээр басамжлаг доромжлохыг хараад лав баяр хөөр төрөхгүй л болов уу. Эргэлзэж, сонголтондоо харамсаж, “ерөөсөө парламент гэдэг чинь ямар хүмүүс очдог газар юм бэ” гэж тээнэгэлзэж гайхширтал нь үнэ хүндгүй болгож байна. Парламентын засаглалтай Монголын Төрийг болчимгүй нөхдийн бодлогогүй үйлдлээр хэврэгшүүлж байгаад юу руу ч, хааш нь ч чиглүүлж мэднэ шүү гэдгийг хаа хаанаа тунгаах цаг болжээ. Иймэрхүү самуун, увайгүй дүр төрхөөр дөгөөж жигшээж байгаад хаа нэгтээгээс “Ерөөсөө, засаглалын хэлбэрээ эргэж харах ёстой болжээ” гэх танил шунал гозгонож эхэлдэг гашуун түүх бий шүү. 

УИХ-ын гишүүд, төрийн хариуцлагатай албан тушаалтан, сайд нар бүгд нэг цэгээс хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийдэг, нийтээр хэвшсэн ёс журам, дэг соёлоо сэргээ. Бүү алагчил. Мэдээллээ цэгцтэй, нэг дор, нэг цаг минутанд өгөх ёстой газар, хүргэх ёстой суваг чинь бэлэн байгаа. Харин тэрхүү хүлээж авсан мэдээллээ, өөрсдийн эрх сурвалжтайгаа хэрхэн харьцуулж, яаж баяжуулж, ямар төрөл, хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх нь хэвлэл мэдээллийнхний хэрэг. 

Төрийн ордонд, чуулганы танхимд гишүүдийг хувийн гар утсаараа лайв хийхийг хоригло. Сүүлдээ чуулган дээр утсаа гозгонуулаад лайвдаад бахирч байдаг үзэгдэл ч гарч байсан. Нэгэн зүйл. 

Төрийн түшээд нь савсаганаад эхлэхээр Төр өөрөө самуун, сул, үнэгүй болдог. 

Гишүүдийг, төсвийн зардлаар, өөрийн зурагтай, элий балай, мунаг мэндчилгээ, мунхаг уриалга бүхий зурагт хуудас, календарь хэвлэж тараахыг хатуу хоригло. Шулуухан хэлэхэд, ийм гажуу, ёс бус үйлдэл МАН-ын засаглалын үед гаардаг. АН эрх барих үед цахим мэндчилгээ хэвшиж байсан. Одоо бараг байхгүй болжээ. 

Ер нь, төрийн хүнээс түмэн олны дээр биш дунд нь явах ёс зүйн хэм хэмжээг л бид нэхдэг. Гэтэл улс төрчид, төрийн алба хаагчид бүүр эсрэгээрээ, сонгогдоод, томилогдоод маргаашаас нь л жоохойтол инээсэн төрх нь малийтал өлгөөтэй патиартайгаа хамт алга болж, төрөл арилжсан ихэмсэг төрхтэй, инээд эгдүү, жигшил зэвүү төрүүлсэн зангианы гол болж хувирдаг. Энэ бүхэн биднийг “Сонгогчдын боловсрол” гэдэг сэдэв рүү эрхгүй хөтөлнө. 

Төрд иргэдийг төлөөлж буй гишүүдийг шалихгүй зүйлд ялихгүй далим гарган бидон сав, аяга таваг, хөнжил гудас, мотоцикль, эд материал тараахыг хуулиар хоригло. Ёс зүйн хийгээд үйл ажиллагаатай нь холбогдуулан маш тодорхой нөхцөлд шууд эргүүлэн татах тухай салаа утгагүй, шулуун заалттай, туйлбартай хуулийг санаачилж батлуулмаар байна. Бензин тосны өрөнд ацаглуулсан сонгогчид, бэлгийн хүчирхийлэлд шалгагдаж буй гишүүнээсээ ч татгалзах боломжгүй, сонголтгүй байдалд нүүрээ ширлэж сууна шүү дээ. Ард түмнээ ийм ичгүүрт бүү оруулаач. 

“Хууль засагладаг Төр”-тэй байна гэж хэлсэн шүү, та нар. Хариуд нь итгэсэн шиг итгэсэн шүү, бид нар. Иргэдийнхээ зовхийг нь өөдөө явуулахын төлөө хамгийн энгийн, наад захын ёс зүй, шударга ёсны шалгуурыг л “амьд” байлгаж өгөөч гэж гуймаар байна. 

3. 

“Үнэмлэхүй эрх баригчид” гэж чухам агуулгаар нь “яг ямар” эрх баригчдыг хэлдэг вэ. “Тоо ширхэг”-ийн тухай хөндөх гээгүйг уншигч абугай та эрхбиш мэдэрч байгаа байх. 

Энэ удаагийн “үнэмлэхүй олонлог” шиг сөрөг хүчиндээ нөмөргүй Төр үзсэнгүй. Сөрөг хүчин сөнөж л байвал хамаагүй гэсэн тэнэгдүү, мунхагдуу, мулгуудуу, мунагдуу улс төрийн “уран сайханч”-д парламентад олноороо бүгсэнээс ийм байдалд хүрч дээ гэж хардаг. Хуучны, буурьтай парламентчид бол хэдий цөөн байлаа ч сөрөг хүчнийхээ дуу хоолойг нь хүндэтгэдэг, эрх чөлөөг нь тавьж өгдөг, тэр хэрээрээ парламент олон ургальч хэв шинж, мөн чанараа алдчихгүй оршдог байлаа. Өнөөгийн “Төр”, сөрөг хүчнийхээ дотоод асуудалд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцохдоо, Шүүх засаглал, төрийн механизмыг хүртэл өөрт ашигтайгаар ноцтой урвуулан, хууль завхруулан ашигладаг, хямдхан хирнээ хорон нүүдэл хийх хүртлээ жижгэрчээ. Чингэх тусам өөрсдөө оюун санаа, улс төрийн соёлын хувьд үлэмж давжаа үзэгддэг юм байна. Ай хөөрхий... 

4. 

Сайн ажлууд хийгдэж байгаа. Баруун солгойгүй тоглож урсгасан Чингис бондын өрийг төлж дууслаа. Самуурай бондын өрийг төлөхөөр ажиллаж байна. Ажил мөн үү гэвэл мөн, гэвчиг хийх ёстой ажлаа л хийж байгаа хэрэг гэдгээ сайтар ухамсарлах ёстой. Иргэдийнхээ төлөө ажиллах гэж Төрийн албыг шүтэж, ухамсарт сонголтоо хийсэн шүү дээ, тэд. Ийн “ажиллах”-даа нөгөө л Төрдөө авлуулдаг, адлуулдаг татвар төлөгчдийн хөлс хүчээр хийгдэж байгаа ажил гэдгийг хэлэх ёстой. Хангийн төмөр замыг барьж чадлаа, Хангийг Мандалтай холбоход сар гаруйн л хугацаа үлдэж байх шиг байна. Үүний төлөө уурлаад галзуураад байх монгол хүн гэж үгүй. Манай экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг шүү дээ. Бид бас бодит байдлаа мэдэж байж буруу зөвөө чарлалддаг баймаар байна. Нөгөө хийн хоолойн төсөл ч эрчимтэй явж эхлэх бололтой. Нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх манай саналыг Хятадын тал дэмжсэн байна гэж би хувьдаа ойлгосон. Бусдаар бол сая болсон Ерөнхийлөгчийн айлчлалын тухайтад нөгөө л буцалтгүй тусламж… буцалтгүй тусламж… богц дүүрэн ирлээ... гэсэн нүүр улайлгадаг бичвэрүүд урсах шив дээ. 

Одоо хүмүүс нэг л сэдвийг тун анхааралтай нэн гярхай ажиглаж байна. Тэр бол нүүсний хулгайн гэмт хэрэг. Нүүрсчидтэй үнэхээр тэмцэж, тэр сүлжээг нурааж чадах уу? 

Энэ л асуулт тавигдаж байгаа шүү... Ингээд энэхүү бичвэрээ өндөрлөе. 

Ай, Арван хоёрдугаар сар минь чи алдааг минь, айдсыг минь бас аваад яваарай... гэж аяарханаар хүслээ би шивнэлээ шүү...