Сосорбарамын дуун
Гэвч тэр бол дуу ч биш, хоолой ч биш, хөөрхөн ч биш. Хөх талын булаг өөрөө юм. Хөх тал ч өөрөө юм. Тэнд дуу сонссон юм биш хөх тал өөрөө урсан үелзэхийг сэрсэн нь тэр билээ л.
Сосорбарамын дуун
Сосорбарам дуулдаг ч хүн биш. Бидний боддог шиг сайхан хоолойтон, яруу эгшиглэнг зүгээр л уянгалуулагч төдий биш юм. Тэр дуучин ч биш. Харин тэр дуу өөрөө юм. Тиймээ,түүний тоглолтыг үздэг хүмүүс мэднэ, тэнд дуу өөрөө амилан эгшиглээд Сосорбарам гэдэг бодгалийн мөн чанараас хэтийдэн одохыг. Сосорбарам дуулдаггүй. Тэр өөрөө дуу болон хувирдаг.
Аялгуу хөгжим өөрөө өөрийгээ дуурьсуулж ирэхдээ
Ая болоод найраг өөрөө өөрийгөө аялсаар ирэхдээ
Алив бүхнийг хөвөлзөх нэгэн урсгалд хувилгаад
Амь ба биеийг чавхдас болгон нийтгэж хөглөв өө
Уулс өөрийгөө дуу болгоод аялсаар ирэхэд
Үүлс өөрийгөө хөгжим болгоод хөглөсөөр ирэхэд
Учирсан бүхэн эгшиг байсныг сая л сэрээд
Уярч хайлан, сэтгэл нялхран өөрөө би эгшиглэнэм билээ...
Тэр цагт чи өөрийгөө хүн биш, бодгаль биш болохыг сая сэрнэ. Дуунаас эхлээд тэнгэрийн амьсгаа сонсогдоно. Нэг мэдэхэд тэнгэрийн амьсгаа дуулдахаа болиод чи өөрөө уянгалан дуулж байгаагаа мэдэрнэ. Чи хүмүүн биш, бодгаль бус харин эгшиг аялгуун, тэнгэрийн хөг болохоо харлаа. Дуу эгшиг цуурайлах бус урсан урсан өнгөрөх ажээ. Ертөнц хэмээх нь урсгал ажгуу.
Сосорбарам дуу болон хувираад зогсохгүй ээ. Тэр нэгэн агшинд өөрөө дуулахаа больсон байдаг. Харин түүний хоолой чиний дуу хоолой болон хувирч эхлэнэ. Нэг мэдэхнээ дуучин биш, харин чи өөрөө дуулж эхэлсэн байдаг. Гагцхүү, чиний дотоод эгшиг аялгуу өөр хүний хоолойгоор цуурайлах нь үнэхээр сонин. Энэ агшин бол Бурханы бэлэг чам руу дөтлөн айсуйн дохио. Гэхдээ зөвхөн эхлэл. Жинхэнэ баяр баясгалан араас нь залгана.
Удалгүй, гайхамшигт өөрөө бүрэлдэх агшинд хөгжим, хөгжимчин, дуучин, сонсон агч бүгд уусан арилна. Уусан арилав гэтэл бүгдээр бие биедээ шингэн нийлээд нэгэн урсгал болно. Ертөнц урсгал болохыг чи сая сэрнэ. Дуу гэдэг бол энэ. Ариун хоосонд хөтлөгдөн хүрэх нь ертөнцийг таних агшин биш гэж үү?
Жинхэнэ дуучин чиний сэтгэлийн гүн дэх эгшиглэнг сэрээгээд нэгэн урсгал болдог. Чи энэхэн агшинд “ертөнц бол урсгал” болохыг мэдэрч эхэлнэ. Биднээс хамгийн түрүүн ертөнц урсаж байхыг, тэр нь сэтгэлийн урсгал болохыг болохыг мэдсэн хүн Шагжаа овгийн мэргэн чадагч. Түүнийг багад нь Ханхүү Сиддхарта гэдэг байжээ. Хорвоог урсгал болохыг харснаас хойш тэр Сиддхарта байхаа больж хамаг амьтныг мунхагийн “Нойроос сэрээгч” болжээ.
Шравасти хотод Ялгуугч хан хүүгийн цэцэрлэгт ном айлдах тэрбээр шавийнхаа асуултад хариулна.
-Субуди, Ганга мөрний хумхий тоогоор Ганга мөрөн бий болбол, тэр бүх мөрний хумхийн тоогоор ертөнцийн орон бий болоход тэнд оршигч хэдий тоот төрөлхтөн тус бүрийн сэтгэлийн урсгалыг би тольдох бөлгөө. Учир нь сэтгэлийн урсгал гэгдэх тэр нь эс оршихуйт тул Төгс гэгээрэгч бээр түүнийг сэтгэлийн урсгал хэмээмүй гэж айлдав.
Дуу бидний сэтгэлийн урсгалыг харуулж, эс оршихуйт болохыг хэлж өгдөг. Эрхэм нандин тэр л агшинд дуу гэж байхгүй, дуучин гэж байхгүй, сонсоно ч гэж байхгүй гагц бидний сэтгэлийн урсгал л хөвөлзөн хөвсөлзөхийг сэрнэм бөлгөө. Ариун хоосон энэ буюу.
Хөгжим, дуу бүгд арилаад
Хөг аялгуун бүтнээрээ балраад
Хөрвөх орчлонд шингээн уусгаад
Хөвөлзөн хөвөлзөн урсахын цагт
Дуу эгшиг утгаа эгээрнэ
Дуучин, найрал ч чанараа гээнэ
Дуулим хорвоо урсгал болохыг
Дурсах, мөрөөсөхийн бэлчрээс харна
Хайрлах яасан шалихгүй байсныг
Харах, сонсох ч өчүүхэн явсныг
Сонсох, дуулах ялихгүй байдгийг
Сонорлох, анзаарах ч дулимаг гэдгийг
Харин сая эндээс ухаараад
Халих жигүүртэй явснаа харна
Халин дүүлж нисэхийн оронд
Халтирч, мөлхөж явснаа ч мэднэ.
Сосорбарамын дуун
Хөх талын булаг дээр
Хөөрхөн хоолой эгшиглэнэ ээ...
Гэвч тэр бол дуу ч биш, хоолой ч биш, хөөрхөн ч биш. Хөх талын булаг өөрөө юм. Хөх тал ч өөрөө юм. Тэнд дуу сонссон юм биш хөх тал өөрөө урсан үелзэхийг сэрсэн нь тэр билээ л.
Тэнгэрийн хэлнээс хальж баймаажин ертөнцийн урсгалыг сонсох сонор нээгдэнэ. Чухам иймээс чихэнд эгшиг сонсогдохоо болихын цагт, дуу өөрөө дуу биш болохын цагт сая тэр агшин ирнэ.
Тэнгэрийн хэлийг дуурайсан бүхэн тэнгэр ч биш, тэнгэрлэг ч биш. Тэнгэрийн аялгуунаас алсдуу байхын хэрээр хүмүүний сонсголонд ойр дуулддаг. Өөрийхөө хэлэмжид, өөрийнхөө аялгуунд татагдах нь хорвоогийн жам аа. Бид ихэнхдээ үүнд л татагддаг. Хэрвээ чи өөрийн хоолойгоороо дагаад дуулж болж байвал тэр хүмүүний ертөнцийн аялгуу мөөн. Ийм эгшиглэн ч сайхаан. Хүмүүний аялгуу хүмүүндээ эрхэм.
Гэвчиг хүмүүний амин сүнс нь эрхэм дээдэд үргэлжид тэмүүлэн, эгшиг дууг сонсохын төлөөнөө бус эгшиг дуун болон урсахын төлөөнөө тэлүүлнэ билээ л...
2025.04.21