Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (1)
Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (1)
XX зууны геополитикийн хамгийн аймшигтай сүйрэл бол Зөвлөлт Холбоот Улсыг байгуулсан явдал мөн
– Леонид Парфенов (“Намедни. Наша эра. 1931-1940” ном)
Дэлхийг донсолгосон түүхэн явдлын 108 жилийн ойг өнөөдөр (1917.11.07) тэмдэглэж байна. Дэлхийг донсолгосон гэдгээр би дэлхийн түүхийг эргүүлсэн, ХХ зууны түүхийг бичсэн, тэгэх тусмаа Орос орны түүхийг, Оросын ард түмнийг орвонгоор нь өөрчилсөн тэрхүү үйл явдлыг нэрлэж байна. ХХ зууныг эргэж харвал ангийн тэмцлийн зуун гэсэн нэрэндээ яг тохирохоор. Эсрэг тэсрэг, нийгэм-улс төрийн хоёр системийн талцал, хуйвалдаан, өрсөлдөөн сөргөлдөөний түүх өмнөх зууны 90 гаруй жилийг авчээ. Оросын их хувьсгалаар (1917 оны Октябрь) эхэлсэн ангийн тэмцэл ХХ зууныг “Хувьсгалын зуун” болгожээ. ХХ зууны хувьсгалуудаар коммунизм, фашизм үүсч, дэлхийн их дайн, бүс нутгийн мөргөлдөөнүүдийг хангалттай өдөөсөн билээ.
Нэг. Дайн хувьсгалыг төрүүлдэг
Октябрь сарын гэж нэрлэгдсэн тэрхүү хувьсгалт үйл явдал чухам үүний нотолгоо байсан билээ. Дайн бол хувьсгалыг төрүүлэгч ээж нь юм хэмээх Лениний сургааль Орос оронд яг 108 жилийн өмнөх энэ өдөр хэрэгжсэн. Мэдээж дайн бол улс орны амьдралд ноцтой нөлөөлнө. Ард олны ихэнхи нь зэвсэглэсэн буюу дайны хийрхэлтэй байна, ард олныг удирдахад улам түвэгтэй болно. Христосын шашны ариун ёс, хүнлэг энэрэнгүй ёс, хөгжил дэвшил, хүний эрх, иргэншил соёлоос төсөөрчихсөн сая сая эрчүүд дайны талбарт чухам юуны төлөө тулалдаж үхэлдэж байгаагаа үл ухамсран цагийн дуудлагыг хүлээнэ. Яг тийм эгзэгийг оросын большевикууд ашигласан юм. Дэлхийн I дайн Оросын хувьсгалыг төрүүлээд зогссон юм биш, байлдагч бүх улс оронд хувьсгалт өөрчлөлт тулгаж авчирсан. Австри-Унгарын эзэнт гүрэн, Оттоманы Турк Хаант Оросын нэгэн адил нуран унаж, дэлхийн улс төрийн газрын зурагнаас гурван гүрэн хасагдсан. Тэр дайн Германд бүр хүндээр тусч, тус улсад хувьсгал халдааж, тэр нь яван явсаар Гитлерзасгийн эрхэнд гаргахад хүргэсэн.
“Октябрийн хувьсгал” гэх төрийн эргэлтийг удирдсан большевикууд бол улс төрийн нам гэхээсээ экстремист, мафиозын бүтэц бүхий бүлэглэл, орчин цагт харьцуулбаас сахилга, зохион байгуулалт, тууштай чанараараа “Аль-Каеда” л байсан шиг байгаа юм. Ийм улайрсан хийрхсэн бүлэг улс орноо иргэний дайн руу түлхэж, дараа нь нийгэм-улс төрийн инженерчлэл рүү шувтан чирсэн юм. Дэлхий дээр өөр ямар ч улс үндэстэн туулаагүй тийм фантастик замаар Орос орон 50-хан жилд замнаж, тохиолдсон адал явдлууд нь санаанд багтамгүй их масштабаар явагджээ.
Ленин, Сталины үүсгэсэн хувьсгалын их үйл хэрэг иргэний дайн гээч яргалалд хүргэж ахар богино хугацаанд Оросын 13 сая хүний амь аван оджээ. Дараа нь залгуулаад До яамнышорон, бөөнөөр хорих лагерь, колони цөллөгт 20 сая хүн ардыг цааш харуулж, Оросын сэхээтний давхарга бараг устжээ. Үүнтэй зэрэгцэн аж үйлдвэржүүлэлт явагдаж, дэлхийн хамгийн ядуу хоцрогдсон орныг тэргүүний гүрэн болгож чаджээ. Дэлхийн II дайнд Орос орон 30 сая иргэнийхээ алтан амийг өргөжээ. Октябрийн дараахи “гэрэлт ирээдүйг” цогцлоон байгуулах эхний 35 жилдээ тус орон 65 сая хүнээ алдсан гэх цифрийг Александр Солженицын гаргаж ирсэн. Орос нь өөрийгөө тойруулсан 14 улсыг нэгтгэж, 250 сая хүн ардыг захирч байснаа II дайны дараа дахин 11 улсыг дагуулаа болгож социалист лагерь байгуулан 1.5 тэрбум хүн ардыг улаан тугийн дор нэгтгэжээ. Энэ бүхэн ХХ зууны түүхийн 30-40 жилийн дотор шуурч өнгөрчээ.
Хоёр. Xyвьсгалын шуурга
Хүн төрөлхтөн түүхэндээ хэд хэдэн аугаа хувьсгалтай нүүр тулжээ. Английн аж үйлдвэрийн хувьсгал, Францын нийгмийн хувьсгал, Америкийн тусгаар тогтнолын төлөө хувьсгал, Оросын Октябрийн хувьсгал. Энэ дөрвийг аугаа хэмээн үздэг. Хувьсгал хийсэн ба удирдсан, оролцсон түүхэн хүмүүсээс гадна хувьсгалыг хийлгэх нөхцөл шалтгааныг буй болгосон түүхэн хүмүүсийг хамтатган авч үзвээс маш том түүх бичигдэх болдог. Судлаж ч барахгүй. Үр дүн, үр дагавар нь юу байв, хэр үргэлжлэв гэдгээр бидэнд хамгийн ойр нь Октябрийн хувьсгал юм. ХХ зууны томхон хувьсгал Хятадын ардын хувьсгалыг араасаа дагуулсан, дэлхийн колонийн системийг нураасан гэдгээрээ аугаа чанар нь улам тодорно.
Октябрийн хувьсгалаас хойш “Хүйтэн дайныг” дуусталхи 70 жилд дэлхийд нийгмийн 53 хувьсгал дэгдэж, эдгээрийн 42 нь тухайн үедээ ялалтад хүрч, 11 нь ялагдал хүлээжээ.Эдгээр нь социалист, фашист, антифашист, анархист, националист, шашны зэрэг олон янзын агуулгатай хувьсгалууд байв. Энэ их хувьсгалуудын дүнд дэлхийн социалист систем (социалист лагерь, ардын ардчилсан орнууд, социалист хамтын нөхөрлөл гэх мэт янз бүрээр нэрлэгдсэн), олон улсын коммунист-ажилчны хөдөлгөөн, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэн буй болж, “Хүйтэн дайн” дуусмагц бүгд аяндаа тарж алга болцгоожээ.
Октябрийн хувьсгал дэлхийн I дайны шууд бүтээгдэхүүн байсныхаа хэрээр олон арван дайнуудыг араасаа дагуулсан буюу өөрөө асаалцсан юм. Дайн байлдааны түүхээр бичигдсэн ХХ зуунд дайны хэд хэдэн үе шатыг хүн төрөлхтөн туулжээ. 1904 онд Япон улс анхлан Европын гүрнийг (Хаант Орос) дайнаар ялснаар 1953 оны Солонгосын дайныг дуустал 50-иад жилд өнгөрөгч ХХ зууны дайны гол мөчлөг үргэлжилжээ. 1914 он хүртэл харьцангуй номхон тулалдаж байснаа 1914 оноос дайны хамгийн хэрцгий үе рүүгээ шилжжээ. Хамгийн хэрцгий хоёрдайн Европоос дэгдэж, гол тулаан нь тэнд явагдаж, ХХ зуунд Европ тивд том жижиг 21 дайн дэгджээ. ХХ зууны туршид Еврази, Африк дайнд илүү өртжээ. Мөн Америк, Австрали татагдаж орж байжээ. Шинэ XXI зуун мөн л дайнаар бялхаж байна. “Арабын хавар” гэх хувьсгалт үйл явц араасаа лалынхны өвөр хоорондын шашны томхон дайн дэгдээгээд байтал Украин тэр чигтээ дайны фронт болж, Оросын хил даван орж ирлээ. Израиль нэгэн зэрэг 4-5 фронтод байлдаж байна.

Гурав. Европыг талцуулсан логик
Октябрийн хувьсгал сэдэгчдийн чин хүсэл нь дэлхийн хямрал, талцал, үхэл хагацал, нуралт байсан юм. Учир нь гол зорилго “Коммунизмын бүх дэлхийн ялалт”-даа хүрэх арга зам нь тийм нуралт байх учиртай. “Коммунизмын бүх дэлхийн ялалт”-ын далбаан дор большевикуудаар удирдуулсан Оросын коммунист эзэнт гүрэн дэлхийд жанжлахыг зорьсон. Тэр жанжлал нь 1950-иад оны II хагаст энх тайвнаар зэрэгцэн орших гэгч номлолоор солигдож, харин коммунизмыг бүх дэлхийд ялуулах тухай номлолоосоо 1989 он хүрч байж бүрмөсөн татгалзаад “Хүйтэн дайн”-д өөрсдөө ялагдсан билээ.
Түүхнээ байсан эзэнт гүрнүүдээс ингэхэд Октябрийн өлгий СССР юугаараа ялгагдаж байв? Даян дэлхийд давамгайлах, хянах, жанжлахыг зорьсон нь адил тал нь байх. Гол ялгаа нь коммунист дэглэм тогтоож чадсандаа байгаа юм. Эхлээд хувийн өмч, дараа нь эрүүл ердийн эдийн засгийг устгасан, улс төрийн ба хувийн бүх эрх чөлөөг устгасан, нийгмийг нийтээр нь хатуу хянасан, тусгаарласан, нийгмээ хэлмэгдүүлсэн. Тэр аймшгийн эхний жилүүдэд Орост “дэлхийн түймэр”-ийн тухай дуу шүлэг, бүтээл туурвилцувж өгсөн. Түүндээ бүр эрэмшиж сүсэглэн итгээд Парисын коммуны 50 жилийн ойг Парист нь большевикууд тэмдэглэнэ хэмээн Коминтерны дарга Григорий Зиновьев1920 онд ам бардаж байв. Тэр нь 1921.03.18-ны (Монголын хувьсгалчид Хиагтыг дайлсан өдөр!) өдөр болж таарсан. 1940 онд ч тэр үзлээсээ большевикууд огтоос татгалзаагүй. “Даян дэлхийд британийн офицерын орыг зөвлөлтийн офицер эзлэх болно. Бид бүх дэлхийг сургах болно!”– Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн Улс төрийн ерөнхий газрын хурлын протоколд бичээстэй байна. 1937оны “Великий гражданин” хэмээх кинонд гардаг үгс:–Нэг сайхан дайн хийгээд авъя, тэгээд 20 жилийн дараахи Зөвлөлт Холбоот Улсаа хараарай, 30-40 бүгд найрамдах улсыг нэгтгэчихсэн байх вий.
Нэгэн түүх: Ялта, Потсдамын бага хурлуудын гол ач холбогдол юу байв гэх асуулт судлаачдыг байнга ээрдэг. СССР-ийн геополитикийн нөлөөний хүрээг зааж өгсөндөө л байдаг гэх дүгнэлт түгээмэл. Даян дэлхийг, Европыг зөвлөлтчлөхийн эсрэг шийдвэр гаргасандаа л тэр бага хурлуудын гол ач холбогдол оршино хэмээн өрнөдөд нийтээрээ шахуу үзэж байна. Даян дэлхийг, Европыг зөвлөлтчлөхүүлэхгүй гэснийх нь төлөө л “Хүйтэн дайн” дэгдсэн хэрэг. Европт цэрэг-стратегийн тэнцвэр тогтсоны үр дүнд Европын соёл коммунизмын түймэрт шатчихаагүй хэмээн өнөөдөр европчууд нийтээрээ залбирах нь тийм агуулгаас үүдэлтэй. Харин СССР нь геополитикийн нөлөөний хүрээгээ алдахгүйн төлөө Дорно Европыг олонтаа дарамталсан, цус ч их урсгасан. Ганц жишээ–1968 онд Чехословакт халдлага хийхдээ “Дэлхийн III дайнд хүргэсэн байлаа ч үйл хэргээсээ буцахгүй” хэмээн Зөвлөлтийн Батлан хамгаалахын сайд маршал Андрей Гречко ам алдаж байсан баримт буй.
Дөрөв. Африкийн ширэнгэд ленинч ёсоор амьдарна
Октябрийн хувьсгал сэдэгчдийн бас нэг чин хүсэл нь энэ байсан юм. ХХ зууны эхний хагаст бол колоничлогдсон ертөнц, II хагаст гуравдагч ертөнц гэгдэж асан бүхэл бүтэн тив, бүс нутагт ленинч ёсоор аж төрөхийг түгээх нь Октябриар эхэлсэн “дэлхийн түймэр”-ийн нэг зорилго байлаа. 1978 онд Этиопт марксист төрийн эргэлт дэгдэхэд сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй Зөвлөлтийн удирдагч Леонид Брежнев “Хүмүүс Африкийн ширэнгэд хүртэл Лениний зааснаар амьдрахыг хүслээ” хэмээн ам алдаж байв.
Үнэндээ ХХ зууны II хагаст дэлхийн далай ба Ази, Африк, Латин Америкт хэн нь хэнийгээ вэ гэх тэмцэл өрнөсөн. Байлдааны талбар хоёр дайны голомт Европоос тийшээ шилжжээ. Октябрийн хувьсгал сэдэгчдийг сөрж, цус үл урсган, арми, цагдаагүй, хүч хэрэглэдэггүй шинэ төр улс–“Сарводайя”, “Сатьяграха” гэх номлолоо энэтхэгийн Махатма Ганди номлосон. Тариачны үл гүйцэлдэх социализмтай төстэй, зарим талаар хүч хэрэглэдэггүй анархизм ч юм шиг тэр сургаальдаа Ганди бүх амьдралаа зориулж, түүний зааснаар Энэтхэг орон хошуучлан гуравдагч ертөнцийг тэр зам руу оруулахыг мөрөөдөөд тэр нь бүтэлгүйтсэн. Хүчний хоёр туйл, нийгэм-улс төрийн хоёр системийн зөрчил дээр тоглож хөгжилдөө хүрнэ гэсэн итгэл үнэмшилтэй Ж.Неру, Мао Зэдун, Жоу Эньлай, Сукарно, Насер, Тито нар бол гуравдагч ертөнцийн жинхэнэ лидерүүд. Харин үргэлжилсэн хувьсгалаар империализмыг булшлах хүсэлд авсан Че Гевара, хожим палестины дайчид, өнөөгийн лалын ахан дүүс бол чухамдаа Октябрийн үйл хэргийн биет үлгэр жишээчид нь байсан байж болно.
Тухайн үеийн коммунист-ажилчны намуудын баримт бичгүүдэд хангалттай бичигдэж үлдсэн “Улс түмний үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн”, “Нийгэм-эрх чөлөөний тэмцэл” гэх үзэгдэл коммунист ертөнцийг хагас зуу орчим жил эргүүтүүлсэн, харин тийм тохиолдол бүхэн нь цуст аллага, эргэлт, шашин-угсаатны мөргөлдөөн, сүйрэл дампуурал дагуулсаар эцэстээ үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн түүхнээс арчигджээ.
Чөлөөлөгдсөн орнууд дахь үндэстэн-шашны, улс төрийн дайнуудын гол мөн чанар бол алж талах үзүүлэлт маш өндөр байх явдал. “Африкийн жил” гэгдэж байсан 1960-аад оноос хойшхи 40 жилд өөр хоорондын бус, зөвхөн нэг улсын доторхи угсаатны болон шашин хоорондын дайнд 16 сая хүн үрэгдсэн нь дэлхийн I дайны хохиролтой бараг дүйж байна. Зөвхөн Африкт 1990-2005 оны 15 жилийн дотор 6.3 сая хүн ийм дайны золиос болжээ. Октябрийн үзэл санаагаар тугаа хийсэн марксист коммунистууд удирдаж, социалист чиг баримжаагаар хөгжиж явсан Сомали, Өмнөд Йемен үүний “гайхамшигт” жишээ сургамж нь. Харин “Улс түмний үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн”-нд хамаг байдгаа тавьж туугаад улс орныхоо эдийн засгийг сүйрүүлээд ард түмнээ залхаагаад эцэст нь түүндээ нурж ойчсон СССР гүрэн өөрөө түүний тодоос тод жишээ болон үлджээ.
Тав. Дэлхийг талцуулсан логик
Ойрын өдрүүдэд 108 жилийнх нь ойг тэмдэглэж байгаа тэрхүү Октябрийн хувьсгалын үр дагавар–гай зовлон, үхэл хагацал, урссан цусыг хэмжиж барах юм биш, бас бүтээсэн босгосон, ялсан дийлсэн, алдраа мандуулсныг нь тоочиж барах (манайхны магтаал) юм биш. Түүхэндээ Македоны Александр хаан, Чингис хаан, доголон Төмөр, Наполеон, Гитлерийн хэн нь ч ийм том үйл хэргийг ийм богино хугацаанд хийгээгүй. “Том үйл хэрэг” гэж юу вэ? Мэдээж ХХ зуунтайгаа түүх болон мөнхөрсөн үйл хэрэг юм.
Олон улсын харилцааны онолд “Геополитикийн их эрин үеүд” хэмээх түүхэн үечлэл байх ба түүний гурав дахь нь болох Версалийн эрин үеийг (1919-1939 он) төлөвшүүлэхэд Оросын хувьсгалын нөлөө, ялангуяа тэр эрин үеэ төгсгөхөд СССР дэх коммунизмын нөлөө маш ихээр туссан. Тэр 20 жилд аюулгүй байдлын хамтын систем хүн төрөлхтөн олон улсын харилцаандаа мөрдөхийг хичээсэн ч эцэст нь большевик Зөвлөлт, нацист Герман, милитарист Япон, фашист Италийн хуйвалдаан түүнийг нураасан юм. Дэлхийн II дайны төгсгөлд большевик Зөвлөлт, холбоотон АНУ, Британи гурав олон улсын харилцаанд Ялта-Потсдамын (1945-1989 он) шинэ дэгийг тулгаж тогтоосон. Хүчний тэнцвэр дээрхи хоёр туйлт систем (Bipolar) гэж түүнийг нэрлэдэг. Түүний төрүүлсэн үр нь “Хүйтэн дайн”. “Хүйтэн дайн” нь хоёр туйлт тогтолцооны хүчний тэнцвэр дээр тогтож байсны хэрээр зэвсэглэлээр хөөцөлдөхийг дэвэргэж, цэрэг-аж үйлдвэрийн хамслууд төрийн бодлогыг тодорхойлж байв. Зэвсэг хураах, зэвсэглэлд хяналт тавих олон талт дипломатийн үр дүнд дэлхийн дайн дахин дэгдэх аюулыг сэрэмжилж чадсан юм.
Хоёр туйлт эл тогтолцоо АНУ ба СССР-ийн эсрэгцэл буюу “Хүйтэн дайн”-aap үргэлжилж байтал дэлхийг гурван туйлт (Tripolar) дэгэнд оруулах оролдлого эхлээд гуравдагч ертөнцийн орнуудаас, дараа нь Хятадаас цухалзсан. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, “АНУ-СССР-Хятадын стратегийн гурвалжин” (1970-1980-аад он) үүний бодит нотолгоо нь юм. 1970-аад онд Хятадын эрх баригчид “Гурван ертөнцийн онол” гэгч онолын бүдүүвчлэл зохиомжлон, СССР-ийн социал-империализм ба АНУ-ын империализм бол нэг дэхертөнц, түүнийг “Хоёр хэт их гүрэн” хэмээнэ, Европ, Канад, Япон хоёр дахь ертөнц, үлдэх бүх дэлхийн гурав дахь ертөнц гэж үздэг байв. 1974 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн VI тусгай чуулганд Дэн Сяопин “Дэлхийн IIдайны дараа нэг хэсэг үед оршин тогтнож байсан социалист лагерь одоо байхгүй болсон” хэмээн мэдэгдсэн нь хоёр туйлт дэлхийг сөрсөн анхны алхам, Октябрийн үзэл санааг СССР-ээс салгаж гуравдагч ертөнц рүү түгээх мэссэж байсан л даа, хэрэг дээрээ. Тэр үеэс стратегийн хүчний тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд Хятад-АНУ-ЗСБНХУ-ын гурвалжин дотор Хятад нь тэр хоёрын алинтай нь ч холбоотон болохгүй хэмээн Дэн Сяопин байнга мэдэгдэх болжээ.
–Үргэлжлэл бий

