Түүх бол сургамж-багш 

(Түүхчдийн судалгаа дүгнэлтээр уншигч би бээр гэгээрдэг)

Дэлхийн жижиг үндэстэн угсаатны засан тохинох эрхийн тухай Оросын коммунист намын 1918 оны тунхгийг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн коммунист ажилчны намуудын холбоо-Коминтерн олон жижиг угсаатныг том үндэстнийх нь эсрэг босгож, олон тохиолдолд амжилтад хүрч (Коминтерн өөрөө) олон улсын гэхээсээ улаан Оросын мэдлийнх болсон түүхтэй. Туваг салгаж БНТТ улс гэгчийг 1921 онд байгуулаад 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулав. Тува бол монгол биш тэс өөр хэлтэй. Тува Зөвлөлтөд нэгдсэнд хошуу дүрэх надад илүүц. Буриад бол монгол хэлтэй бидний яс махны тасархай. Оросууд октябрийн хувьсгалаа экспортлохоор Шинжаанд хоёр Бүгд найрамдах улс, Баргын тусгаар БНУ байгуулах төсөл эхлүүлжээ. 1925 оноос Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс (БНДАУ) байгуулах төсөл эрчимжив. Коминтерны Сибирь, Азийн салбарууд энэ төслийг өрнүүлэхдээ 3 сая алтан рубль залгижээ.

Коминтерн эхлээд өөрийн талыг баримтлагчдыг Монголын удирдлагад олноор оруулах төлөвлөгөө боловсруулсан аж. Тэр үед БНМАУ-ын удирдлага дан халхууд мөн цөөвтөр буриадаас бүрдэж байв. Тиймээс баруун Монголын Бадрах Шижээ хэмээх хоёр залууг гаргаж ирлээ. Тэд Ойрадын салан тусгаарлах үзлийг дагагчид байв. Коминтерны удирдагч Г.Зиновьев 1928 онд Батурин, Шмераль, Кинг, Черномордюк нарыг Улаанбаатарт илгээв. Тэд төрийн эргэлт хийхээр Монгол руу ниссэн аж. Зиновьев бүр нууц нэг ажиллагаа урьд нь явуулсан байжээ. 1918 онд Москвад Германы элчин сайд Михбахыг гар бөмбөгөөр, 1920 онд анархист удирдагч Махног хутгаар, 1925 онд Ленинградад яруу найрагч Есенинийг мөс хагалагчаар хөнөөсөн Оросын хувьсгалч зүүн цуст яргачин Яков Блюмхиныг гар хөлийнх нь хэсэгтэй илгээж Ерөнхий сайд Цэрэндорж, намын дарга Дамбадорж, Жадамбаа нарыг айлган сүрдүүлжээ. Зартай алуурчны эрхшээлд орсон Монголын удирдагчид буулт хийв. 

Улсын VIII их хурал тун ширүүн болж, төлөөлөгч Дашням гар буугаар салан тусгаарлагч Шижээг буудсан нь оносонгүй, зүүн чихийг шүргэжээ. Дамбадорж хурал дундуур Коминтерны төлөөлөгчидтэй хэлэлцэж, зүүнтэн залуус удирдлагын 60 хувийг, баруунтан ахмадууд 40 хувийг авахаар тохирлоо. Тохиролцоо ёсоор Золбингийн Шижээ, Өлзийтийн Бадрах, Пэлжидийн Гэндэн гурвыг МАХН-ын тэгш эрхтэй гурван даргаар тавьж, Амарыг Ерөнхий сайд, Жигжиджавыг Ерөнхий сайдын орлогч болгожээ. Чойбалсан Баасанжав Содов Өлзийбат Содном гээд зүүний үзэлтэй залуусаар Төв Хороо дүүрэв. Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улсын удирдлагыг Шижээ Бадрах Баасанжав Санж Бямбаа Жүрмэд Содов нарын дөрвөдүүдээр бүрдүүлэхээр шийджээ. 1932 оны 8-н сард Монголын баруун хязгаарт ЗХУ-ын улаан армийн аялан байлдах 35-р морьт корпус, механикжуулсан 19-р дивизийг оруулахаар дээд түвшинд тохирсон нь БНДАУ-ыг байгуулах төслийг угтуулсан тусламжийн цуваа байж. 

Чойбалсан Гэндэн Лхүмбэ Содном Өлзийбат Шагдаржав нарын залуус 1930 он гэхэд салан тусгаарлах далд зорилго буйг гадарлаад хөндийрчээ. Тэд Монголыг эвдэх үзэлгүйгээр үл барам харин ч нэгтгэх зорилготой байж. Монголын удирдлага дахь халхууд 1931 оны хавар засаг захиргааны шинэчлэл гэнэт хийв. Ховд Увс гэх хоёр аймаг болгон салгаад эдгээр аймгуудын бүрэлдэхүүнд Засагт хан аймгийн халх хошуудаас хэдийг оруулж, угсаатны бүтцийг өөрчилсөн нь Коминтерныг хүнд байдалд оруулжээ. Тэгтэл 1932-03-01-нд Япон улс Шиньжин хотод Манжго улсыг байгуулснаа ёсчилж, ЗХУ-ын Алс дорнодод эрсдэл учруулсан тул Сталин Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улсын төслийг зогсоож, Монголд явуулж буй ажиллагаагаа орхихыг Коминтерны удирдлагаас шаардсан ч Коминтерн Сталины гар хөл болоогүй байсан тул эрс эсэргүүцэв. 

Шижээ Бадрах нарыг хянуулахаар В.Черномордюкийг коминтерны төлөөлөгчөөр үлдээсэн юмсанж. Чингэтэл Черномордюк Шижээ Бадрах гэгч халуурсан зүүний зүтгэлтэн гурав Монголд социализм үтэр түргэн байгуулах авантюрист туршилт дэгдээж, тэдний харгис нугалааг эсэргүүцсэн халхууд 1932 онд бослого дэгдээв. Цочирдсон Сталин зүүнтний алдааг даруй засаж, Коминтерны шинэ удирдлага Сталинд захирагдав. Гэндэн Амар Дэмид Чойбалсан нар хүчээ авч удирдлага дахь зүүнтэн болоод дөрвөдүүдийг хөөн зайлуулжээ.

Блюмхин цаазлагдахын өмнө маш дэлгэрэнгүй мэдүүлэг өгчээ. Онц нууц баримт бүхий Блюмхиний хавтас хэрэг 2017 оны намар ОХУ-ын Дотоод яамны архиваас чөлөөлөгдөх аж. Тэр хавтас хэргээс ХХ зууны буурай Монголын эмгэнэлт түүхээс нэлээд баримт сөхөгдөж, мэхлэгдсэн монголчуудад бодит үнэн илрэх учиртай. ОХУ-ын архивд 80-100 жилээр нууцалсан баримтуудын хугацаа дуусаж, энэ мөчийг хүлээсэн түүхч Н.К.Ярославский түүчээлж дуугарсан нь орос ардчиллын хаялга гэлтэй.

Дээрх түүхийн зурвасуудаас хагалан бутлах гаднын явуулгад хэн хэн элсэж, үндэс угсаагаа задлах гэсэн нь харагдаж байна. Халх хаад ноёдыг урваачаар зуун жил шившиглэсэн бол, эх оронч дайчин ойрадууд гэх омогшил зуун жил ноёлсон. Түүх сөхвөл нөгөө эх оронч дайчин ойрадууд нь хаан ширээний төлөө хоорондоо алалцсаар таран бутарч, хүлцэнгүй уужуу халхууд эх нутгаа өдий зэрэгтэй авч үлджээ. Урвагч халхууд гэх ухуулга тэвчээр алдвал алдмаар дэвэрсэн. Залруулах гэсэн оролдлого бүрийг нухчин дарж ирсэн түүх саяхных. 

Өвөр Монголыг Орос Хятад хоёр хуйвалдаанаар булааж авсныг эсэргүүцээд эсэргүүцээд дийлээгүй ар Монголын ноёдоо бид урваачид гэж ясыг нь гуаглан тоншсоор өдий хүрсэн нь амны алдас байлтай. Хоёр их гүрний харгис тулгалтад хүч мөхөстсөн дээдсээ үнэнээр нь дүгнэе гэвэл “урвагчдыг өмөөрөгч эсэргүүн” нэр зүүж баална. Ийм нөхцөлд үнэн яаж ч илрэхэв, үнэнээрээ яаж ч явахав. Манлай баатар Дамдинсүрэн, харчин бээс Бавуужав, гүн Хайсан, Дэмчигдонров нарын зэрэг олон эх оронч ноёд амь насаа дэнслэн, халхын эх оронч Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай нийлж, ар өвөр Монгол хамтдаа тусгаар улс болохоор тэмцсэн эмгэнэлт түүх мартагдаагүй. Тэдний гавьяаг үл тоомсорлосон хуньшгүй зангаар бүдгэрүүлсээр ирсэн харагдавч ар Монголын хулчгар үхээнц удирдагчид улаан Оросын сүрдүүлгээс айж, нэгдэх гэсэн өвөрлөгчдөө баривчилж Хятадад тушаахдаа ханцуй дүүрэн нулимсаа нууж явсан ч юм билүү. Ар монголчууд өвөрлөгч эх орончдоо дахиад нааш харамгүй болтол гомдоож, хөөж гаргасан ч яс махны тасархай яаж ч болдоггүй юм байлгүй дахиад л гал голомтоо гээд бидэн рүү тэмүүлдэг нь харь хүчинд автсанаа хэн хэн нь ойлгож бие биедээ гомддоггүйг гэрчилнэ. Өвөрлөгчид түүхэндээ нэг ч удаа салъя гээгүй ямагт нэгдье гэж тэмүүлж явсан ах дүүс минь. Сайн ч муу ч Монголын хүн амын олонх-халхууд гадны хүчинд сөхрөхийн цагт харин ойрадууд халхынхаа талд бус хүч давуу гаднынхантай хавсарч Монгол төрөө самарсан тохиолдол түүхэнд бишгүй. Төрбайх, Галдан, Амарсанаа нар Төвөдийн зараалаар Халхыг түйвээв. Энэ бол түүхэн баримт болохоос миний зохиол биш. Ю.Цэдэнбал Кремлиэр далайлган 44 жил хүн амаа орос сэтгэхүйтэй болгов. Тэр эх орноо Орост бүрмөсөн тушаах гээд тодорхой шалтгаанаас болж чадалгүй хүсэлтээ татаж авсан байдаг. Халх буриад барга цахар хэн нь ч Чингис хааныхаа гал голомтыг самрахаар Галдан бошигт шиг уулгалан дайрч яваагүй. 

1990 оноос хойш монголчуудыг гаднын сүр хүчээр айлгах далим олдоогүйд Цэдэнбалтны удам угсаа гонсгор яваа нь мэдрэгддэг. Чингисийн алтан ураг Лигдэн хутагт хааны Цахар, Халх, Харчин, Хорчин, Үзэмчин, Барга-хэдэн сая монгол эдүгээ БНХАУ-ын харьяанд монгол хэл, худам бичгээ хаяагүй явна. Тэгвэл умард хилийн чанад таслагдсан буриад зон монгол хэлээ ор тас мэдэхээ больжээ. Энэ ялгааг ярих ёстой яс махны нь тасархай уг нь бид. Соёлын хувьсгалын хүнд хэцүү гамшгаас зугтааж нууцаар оргож ирэгсэд олонтаа гарсан ч бид мөн л Оросын тулгалтаар буцаагаад тушаачихсан. Зарим нэгийг авч үлдсэн ч хамгийн бөглүү зах хязгаарт цөлж, тэднийг тагнаж байх туршуул тавьж, дайснаа гэж зовоосон. Туршуулаар томилогдсон айл саахалтын малчид (голдуу намын гишүүд) Монголдоо амиа дэнслэн оргож ирсэн өвөрлөгч нарынхаа гэрийг шөнөөр сэм тойрч тагнана. Нууц даалгавар нь тэр. Зугтаж ирсэн (голдуу малчин) өвөрлөгчдөө ингэж гомдоож явахдаа Цэдэнбалаас, цаашлаад Оросоос магтаал горьдоно. Энэ бол Орост нийтээр долигонох ёстой Цэдэнбалын үе. Ингэж нулимсаа нууж явсны хүчинд ар Монгол тусгаар улс болж чадсаны дээр биднийг Орос Хятад хоёр хэн нэгэндээ бэлэглэж тэвчээгүйн улмаас бидний аз гийхэд Англи Америк Францын шахалт нөлөөлснийг бид ярих дургүй. Халхуудыг урвагч гэж албан ёсоор гүтгэдэг. Сургуулиудад тэгж заадаг болохоор албан ёсны гүтгэлэг гэлээ. Халх ноёд гаднын давшгүй хүчинд аргагүйдсэн хөөрхийс явсан бол яах вэ. Түүхийн нуугдмал үнэнийг сөхсөний төлөө яс үндсээ хагалагч гэж ял тулгадаг увсынхан одоо ч интернэтэд хэлээ билүүдэж буй. Халхууд зуун жил “урвагчид” гэж улаан Орост урвасан Цэдэнбалтанд гүтгүүллээ. Хойшид гүжирдүүлээд байх уу.


Ө.Бадрах, З.Шижээ хоёрын олио

Сталин П.Гэндэн нарын дунд 1935 оны 5-р сард болсон ярианы хэсэг:

Сталин. Манжуурын өртөөнд хэлэлцээр хийх үедээ Гэндэн та н.Самбууд, энэ хэлэлцээр болон хилийн мөргөлдөөнүүд нь Манж Го, БНМАУ-ын хоорондын хэрэг биш, ЗСБНХУ, Япон улс хоёрын хоорондын хэрэг, тийм учраас Манж Го, БНМАУ хоёр биш харин тэд буюу ЗСБНХУ, Япон улс хоёр хоорондоо ярих ёстой гэж хэлсэн гэж би дуулсан. Яагаад тэгж байгаа юм?

Гэндэн. Энэ бол худал үг бөгөөд өдөөн хатгалга, би тэгж хэлээгүй гэв.

Молотов. Бид нэг л санаатай. Та санаагаа бүү нуу, биеэ бүү өмөөр. Сая н.Сталины хэлсэн зүйлийн талаар бид тодорхой бат мэдээлэлтэй байгаа. Гэндэн та согтуудаа зөвлөлтийн эсрэг өдөөн хатгасан зүйл хэлж байсан чинь үүнийг давхар нотолж байна. Та наашаа явахынхаа өмнө надад Кремлийн эмнэлгээр дамжуулж “эрүүл мэндийн шалтгаанаар” удаан хугацааны чөлөө авч Крымд амраач гэх байх гэж ярьж байсан гэсэн. Бид тийм арга мэх сүвэгчилж тийм тоглоом тоглохгүй.

Гэндэн. Энэ бол мөн л худал үг гээд тэрээр тийм зүйл хэлээгүй, мэдэхгүй гэж хариулав. Өөрийнх нь тухай ийм гүжир гүтгэлгийг хэн хэлж байгаа нь маш сонин байна гээд өөрийг нь ийнхүү буруутгаж байхад ажлаа хийхэд хэцүү юм гэв.

Молотов. н.Сталин бид нар шулуун шударга, ний нуугүй хэлж байна. Гэндэн та согтуу байхдаа бидний эсрэг янз бүрийн үг олныг хэлснийг бид мэднэ. Та угаас Манжуурын хэлэлцээр болон хилийн зөрчлийг зохицуулах явдал танай Монголын хэрэг биш гэж үзээд түүнийг бусдад тохохыг хүсэж байна.

П.Гэндэн яаж төгслөө? Хар далайн амралтад хэсэг хугацаанд хоригдоод дараа нь Москвагийн шоронд эрүүдэн тамлагдсаар цаазлуулсан ерөнхий сайдаа тэр үеийн харанхуй бүдүүлэг монголчууд манай Гэндэн Сталины гаансыг хуга алгадсан гэнэ гэх тэнэг яриа зохиож, ам дамжсан үнэмшимгүй цуурхлыг өдгөө ХХI зуунд бахархан дурсаж явдаг монгол цөөнгүй гээч. Энэ нь үнэнийг нуусан арга биз. 

Ерөнхий сайд П.Гэндэн “байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л байлдана биз, бидэнд энэ дайн ямар ч хамаагүй” гэж согтуудаа лав л Зөвлөлтийн элчинд агсам тавиагүй. Өөрийнхөө дэргэдээс салдаггүй ташаандаа буутай орос сургагч нарт ч тэгж шаралхаж зүрхлэхгүй. Тэгээд хэн П.Гэндэнг Сталинд матаж байв? МАХН-ын тэгш эрхтэй гурван даргын нэг Өлзийтийн Бадрах! Юмжаа Өлзийт хоёр айл саахалт нутагладаг ойрын хамаатнууд. Эрхүүд сурдаг Цэдэнпилээ Кремлийн тавиулаар сонгоход Бадрах нөлөөлсөн байх талтай. Ю.Цэдэнпилийг тоглоомын этгээдээр шилэхдээ оросууд ойрад халхын торчилдооныг ирээдүйд ашиглахаа тооцсон биз. Кремлийн зараалаар Бүгд Найрамдах Дүрвэд Ард Улс байгуулахаар зүтгэсэн Өлзийтийн Бадрах, Золбингийн Шижээ хоёр хожим Москвад шүүгдэхдээ П.Гэндэнг Сталинд матаж байснаа мэдүүлсэн баримт үлджээ. 

ОХУ нутгаа тэлэх харгис түрэмгий дайндаа монголчуудыг хөөж оруулсныг “байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л алалцана биз, энэ дайн Мань, манж-Го хоёрт хамаагүй” гэж Монголд ганц ерөнхий сайд П.Гэндэн цуураагүй. Амтай болгон тэгж цуурч байсныг ардын хүү би бишгүй сонссон. “Орос Японы дайн манай хэрэг биш” гэх үзэл Монголд хүч авахаас Кремль сэрэмжилж чангарахад Бадрах, Шижээ хоёрын матаас нэрмэсэн байж таарна. Ө.Бадрах З.Шижээ хоёрыг эцэст нь Москвад цаазалсныг өмөөрөх ч хаашаа тавлах ч хаашаа. Дэндүү гашуун намтар. 

“Олз булаацалдсан Орос Японы дайнд цөөн буурай ядуу монголчууд амиа золих тэнэглэл” гэж дотно нөхдөдөө цуурсан ерөнхий сайд П.Гэндэн Москвад цаазлуулсан нь БНМАУ Халх голын тулалдаанд хүслээр бус хүчинд автаж орсныг шивнэдэг. Хүчирхэг хоёр гүрний алалцаанд хөвгүүд охидоо оруулж хядуулахгүй гэсэн ерөнхий сайд П.Гэндэнгийн амнаас унасан үг ардын дайсны үг бусыг улаан оросыг бурханчлан биширдэг зарим эргүү өдгөө ч ухаарахыг хүсдэггүй. Монголыг нөлөөллийнхөө бүс болгохоор тэмцэлдсэн хоёр их гүрний тулалдаанд үрэгдсэн орос япон цэргүүд хөөрхий ч бидэнд огт хамаагүй дайнд албан шаалтаар алтан амиа алдсан монгол цэргүүд минь даанч хөөрхий. Халх голд эх орныхоо төлөө хэдэн монгол алтан амиа зольсон юм бэ? Тодорхой тоо бий билүү? Халх голын тулалдаанд оролцсон дайчдаас амьд сэрүүн хөгшдийг ардчилал харин 1993 онд орон сууц дориун мөнгөөр урамшуулсан нь эх орныхоо төлөө амь биеэ зориулахын үнэ цэнийг өргөсөн дөө.

Найдваргүй монголчуудын нэрс. Халх голын мөргөлдөөнд Москва бэлтгэхдээ юун түрүү “Монголын арми дахь Японд урваж болзошгүй офицер-дарга нар”-ыг зайлуулахаар шийджээ. Хазгар Гэндэнгийн халамцуудаа цуурсан үг, түүнийг Сталинд матсан Ө.Бадрах, З.Шижээ хоёрын олио энэ сэрдлэгийг нэрмэсэн нь тодорхой. Дайнд орохын өмнө Кремлээс “найдваргүй этгээдүүд” гэх маш нууц нэрсийн жагсаалт Монголд ирж, баахан дарга цэрэг армиас хөөгдсөн бөгөөд тэднээс сорчилж “Японы тагнуул” гэж олныг бууджээ. Орос Япон хоёр Монголыг булаацалдаж Халх голд түншилцсэн гэж дэлхий нийт үздэг. Энэ мөргөлдөөнийг ганц улс өөрөөр ойлгодог. Тэр улс нь Монгол. Болъщевик сурталд сэтгэц нь гэмтчихсэн монголчууд “Биднийг хүйс тэмтрэхээр довтолсон Японоос Орос ах аварсан” гэдэг. Зөвлөлт заавраар зохиосон сурах бичгүүдээ нээгээд үз. Нил тийм суртал байгаа. Ач зээ нарын минь алхам тутамдаа баримтлах шүтлэг тэр болсон. 

Уг нь Орос Япон хоёр Монголыг булаацалдахдаа тэртээ дээгүүр нүдэлдээд, ялсан нь мануусыг эзэлдэг л юм байгаа биз, бид “хүчирхэг хоёр түрэмгийлэгчийн аль нь дийлдэг юм бол Гомбогүр минь” гэж залбираад, ямар ч зэвсэггүй гар мухар хойно цоо буудуулах духаа далбагар нударгаараа халхлаад хэвтэж байх байсан. Ингэх нь эсэргүүцэх зэвсэггүй цөөн буурай ардад шившиг бус өрөвдөм тавилан. Монголчуудын гуйлтаар оросууд цусаа урсган тэднийг Японоос хамгаалсан гэх Москвагийн сурталд харанхуй монголчууд хаа очиж үнэнээсээ хууртаагүй. Дайны талбарт баатарлагаар тулалдаж үрэгдсэн 237 гэх бүрхэг тоо бий. Эх орныхоо төлөө амиа зольсон хөөрхийсөө нам засаг дурсдаг билүү. Халх голд хэдэн монгол алагдсаныг мэдэх пионер лав л миний үед байгаагүй юмдаг. Халх голын дайны сурталчилгаа гэвэл алаг морьтой Дандар баатар Японы мөндөр мэт сумнуудыг сэлмээрээ хоёр тийш ярж дайраад ялсан тухай нэгдүгээр ангиасаа би сэнхэрсэн. Тэгж заасан юм чинь. Зайсан толгой дээр ашиг сонирхлоо тэлэгч Оросын хөшөөг сүндэрлүүлснээс Халх голд үрэгдсэн үрсийнхээ буяныг шүншгэлсэн мөнх зултай суварга бүтээгээд мөргөж байдаг байж. Алтан амиа алдсан хайран 237-гоо алдар нэрээр нь мэддэг монгол байгаа юм уу? Халх голын ойг тэмдэглэх гэж ирсэн В.Путин Д.Медведев хоёр Жуковын хөшөөнд цэцэг өргөдгөөс Зайсан толгой дээрх хөшөөг тоодог ч үгүй. Энэ хөшөө хэний хэдэн цаасаар бүтсэн юм бол?

2025.09.08