Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол
Улаанбаатарын “хуурай газар"-ыг дур зоргоороо устган байгуулж, тэр нь түгжрэлийг огт бууруулаагүй, дараа нь Улаанбаатарыг тэтгэдэг гол ус руу халдаж Дунд голыг дагуулан, бүр дотор нь, сүүлдээ Туулын эргээс хулгайлсаар барилга, орон сууцуудыг тулгаж бариад үүнийгээ далан, дугуйн замаар тусгаарлаад зогсох нь уу гэтэл "даварсаар даварсаар Дагвын орон дээр" гэгчээр Туул гол дотор, бүр гольдрил дээгүүр нь хэдэн мянган тулгуур зоосон хурдны гүүрэн зам тавихаар дайрч тэртээ тэргүй нарийссаар хэзээ мөдгүй тасрахдаа тулсан "улаан шугам"-ыг давахыг санаархсан тул олон нийт тэсэрлээ. Туул бол Улаанбаатарын амь, түүнд халдах нь Улаанбаатарын аминд халдсан хэрэг.
2026.04.02.
Арван долдугаар зуунд францын Людовик XIV хаан парламентынхаа өмнө “Төр бол би” хэмээн даналзсан юм гэдэг. Тэгвэл XXI зуунд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар бол би” гэж дөрвөн зууны өмнөх тэр эрхэмтэй мөчөөрхөөд байх шиг сэтгэгдэл үе үе төрдөг болоод удлаа.
Бид тэр бүрийд анзаардаггүй болохоос биш Монголд хамгийн чухал эрх мэдэлтэн бол нийслэлийн Засаг дарга. Энэ албан тушаалын ид шид нь газар, барилгын зөвшөөрөл бөлгөө. Урьд нь Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нэртэй, дээрээ хотын МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга гэсэн хамжааргатай, цэвэр аж ахуйн ажил байсан бол нийгэм солигдоход бий болсон Засаг дарга нар нийслэлийн төрийг, захиргааг орон нутгийн намтай юутай нь атгаж өмнөх нийгмийн үлдээсэн орон сууц, байр сав, өмч хөрөнгийг гарын үсгээрээ олгосоор өөртөө хөшөө босгуулах хүртлээ дураараа дургиж эхэлсэн билээ. 2000 оноос Миеэгомбын Энхболд үргэлжлүүлэхдээ нийслэлийн сул чөлөөтэй газар төдийгүй барилга байшингийн зай, завсар, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, голын эрэг, уул усны амыг баруун солгойгүй түгээж, дараа дараачийн Засаг дарга нар илүү шуналтайгаар үргэлжлүүлэхийн зэрэгцээ хөшөө дурсгалыг буулган түүхийг засварлаж, хотын захиргааг төрсөн нутаг руугаа дөхүүлэн цөлж, гаднын зээлээр хувийн компани руугаа дүүжин тээвэр тавихыг санаархаж, Улаанбаатарыг уурхайтай болгох мэргэн арга бодож олох зэргээр өөр өөрийнхөөрөө “галзуурцгаасан”. Тэгвэл одоогийн Засаг дарга ийм галзуурлаараа бүгдийг давж гарсан байна.
Улаанбаатарын Засаг дарга нар XX зууны их бүтээн байгуулалтаар бий болгосон орчин үеийн нийслэл хотын дахиад гуч дөчин жил хүрэлцэхүйц эрчим хүч, шугам сүлжээ, орон зайг ашиглан паразитласаар өдий хүрсэн ч аливаа юм төгсдөгийн үлгэрээр цааш явах замгүй болж байна.
2023 онд Х.Нямбаатарыг томилогдоход эхэндээ бага сага найдсан шүү. Муухан байж болох ч хуульчийн хугархай учраас Монгол Улсын авлигын нийслэл болсон энэ хотод хууль дүрмийг сахиулж, хот төлөвлөлт, барилгын норм дүрэм, 30,40 хувийн цэцэрлэгжилт, тоглоомын талбай, зогсоолтой байх шаардлагыг зөрчсөн газар олголт, барилгын зөвшөөрлийг цуцалж зэрлэг барилгажилт, газрын наймааг таслан зогсоох, наад зах нь энэ бүгдийн билэг тэмдэг болж Сэлбийн гол дотор биднийг даапаалан баригдаж байсан Авлига хорооллийг буулгуулахын төлөө үзэж тарах болов уу гэж. Байдаггүй ээ.
Нийслэл хот сүүлийн хоёр, гуравхан жилийн дотор хэдэн их наядын бондыг төгрөг, долларын аль алинаар босгосноор 2022 оны байдлаар сүүлийн 30 жилийн хугацаанд гадаад улс, олон улсын байгууллагаас авч 2.4 их наяд төгрөгт хүрээд байсан өр зээл Х.Нямбаатарын үед лав хоёр дахин өсчээ.
Нийслэлийн төсөв хэдхэн жилийн өмнөх Монгол Улсын улсын төсвөөс давж гарав. Улсын төсөв, зээл тусламжийн том том хөрөнгө оруулалтууд урьдын адил Улаанбаатарт хэрэгжиж, нийслэл татварын орлогоо өөртөө үлдээдэг болж тэр их мөнгөөр энд тэндгүй хуулж ухаж түнхэхээс гадна дараа дараачийн сүржин төслийн нэр барьсан судалгаа тайлан, ТЭЗҮ, бэлтгэл ажил зэрэгт цацаж өглөө. Байхгүй мөнгийг үрэх арга ухаан. Өр зээл, бондоор ухсан нүхний ёроол нь харагдахаа болив. “Хойч үе төлчихнө биз”
Харамсалтай нь Улаанбаатарт түгжрэл буурсангүй. Энэ аргагүй. Нэг гараараа зам тавьж гудамж зам өргөтгөж харагдах хэрнээ нөгөө гараараа өндөр барилгыг бариулсаар байгаа тул дүндээ дүн.
Зарим хүн огт тоодоггүй байж болох ч миний хамгийн дургүй зүйл бол Улаанбаатарын хэдэн үеийнхний ой санамжийг агуулсан уран барилгын дурсгал, соёлын өв болсон барилга, байшин руу улангасан дайрч түүхэн дүр төрхийг эргэж сэргэхгүйгээр өөрчилж байгаа явдал юм. Хамгийн тод жишээ бол Урт цагаан. Түүнийг Х.Нямбаатар яасныг харахад өлхөн аварч болох хүнд өвчтөнг хөнөөчихөөд ул мөрөө балласантай агаар нэг санагддаг. Ямар ч барилгыг нураагаад илүү өндрийг барих зөвшөөрлийг хэнд өгч болох вэ гэсэн нүдээр л хардаг нь илт. 2025 оны 12-р сарын 30-нд Соёлын төв өргөөг буулгаж оронд нь хоёр блокоос бүрдсэн 50 давхар цамхаг барихаар төсөл төлөвлөгөө боловсруулахыг даалгасан нь санаандгүй илчлэгдмэгц энэ бол худлаа, гүтгэлэг хэмээн сөрөг довтолсоор улаан цайм гүрийгээд өнгөрч чадсан. Төв.цэнгэлдэхийг буулгаад аварга том концертын заал барихаар сүржигнэсэн ч аз болж тэр нь бүтээгүй. Дашчойлин хийдийн ардах хуучны барилгыг ч тэсгээлгүй нурааж газрыг нь худалдаад оронд нь 10,20 давхар барилгын зөвшөөрөл өгчихсөн.
Улаанбаатарын “хуурай газар"-ыг дур зоргоороо устган байгуулж, тэр нь түгжрэлийг огт бууруулаагүй, дараа нь Улаанбаатарыг тэтгэдэг гол ус руу халдаж Дунд голыг дагуулан, бүр дотор нь, сүүлдээ Туулын эргээс хулгайлсаар барилга, орон сууцуудыг тулгаж бариад үүнийгээ далан, дугуйн замаар тусгаарлаад одоо зогсох нь уу гэтэл "даварсаар даварсаар Дагвын орон дээр" гэгчээр Туул гол дотор, бүр гольдрил дээгүүр нь хэдэн мянган тулгуур зоосон хурдны гүүрэн зам тавихаар дайрч тэртээ тэргүй нарийссаар хэзээ мөдгүй тасрахдаа тулсан "улаан шугам"-ыг давахыг санаархсан тул олон нийт тэсэрлээ. Туул бол Улаанбаатарын амь, түүнд халдах нь Улаанбаатарын аминд халдсан хэрэг.
Туулын хурдны замыг гүйцэлдүүлэхийн тулд 2025 оны наадмын өмнөхөн буюу 7-р сарын 9-нд УИХ-д яаралтай горимоор оруулж Усны тухай хуулийн “22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэсэн заалтын араас “22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад … “ гэсэн өөрчлөлт оруулснаар албан тушаалтнууд Туул, Сэлбийн дотор юу дуртайгаа хийх эрхтэй болоод авчээ. Урьд нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал голын хамгаалалтын бүсийн хилийг удаа дараа өөрчилж хулгайлсаар орон сууцны хорооллууд урагш гол руугаа түрж орох, “Авлига” хороолол зэргийг эхлүүлж өгсөн түүхтэй. Жишээлбэл, 2016 оны Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор 50 дугаар тогтоолыг баталж, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосноор Их тэнгэрийн өөдөөс харсан С.Амарсайханы таун хаус зэргийг зөвшөөрөлтэй болгосон. Гэтэл 2024 онд дахин өөрчилсөн тогтоол гаргажээ. Түүгээр юу амжуулсныг бид мэдэхгүй.
Өнөөдөр Улаанбаатарын гол асуудал бол хөрөнгө мөнгө биш, харин муу засаглал, түүний эзэн болсон Хишгээгийн Нямбаатар болоод байна. УИХ-ын дээр Үндсэн хуулийн цэц, түүний дээр Үндсэн хууль, тэгээд дээшээгээ тэнгэр огторгуй бий байх. Харин Улаанбаатарт Нямбаатарын дээр Иргэдийн төлөөлөгчдийн хурал байх ёстой, түүнийг томилдог, төсөв мөнгийг баталж өгдөг, шаардлагатай бол хариуцлага тооцдог, "улаан шугам" татдаг, бас гэнэт "галзуурчихвал" ажлаас нь яаралтай чөлөөлж эрүүл мэндийг нь бодох тийм үүрэг, бас эрх мэдэлтэй хүмүүс. Даанч шоглоомтой нь Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын дарга гэдгээрээ толгой дээр нь гараад суучихсан, бас бүгдийг нь албан тушаалаар дөрлөөд хөтөлж явна. Нийт 45 төлөөлөгчийн цөөнхийн цөөнх болсон АН-ынханд ч хүртээж амыг нь тас жимбийлгэж чаджээ.
Энэ талаарх бага сага мэдээллийг цуглуулав. 2026 оны 3-р сарын байдлаар.
- Баяр Амарбаясгалангийн (МАН) – Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга
- Ану-Үжин Батмөнхийн (МАН) – “Улаанбаатар трам” төслийн захирал
- Амартүвшин Амгаланбаярын (МАН)- Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
- Ариунтуяа Лхаасүрэнгийн (МАН) – Соёлын төв өргөөний дарга
- Батбаясгалан Жанцангийн (МАН) - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх
- Бадарсан Даваасүрэнгийн (АН) - Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
- Батбаяр Ганбатын (МАН) - “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн захирагч
- Батсайхан Гомбосүрэнгийн (МАН) – Нийслэлийн Засаг даргын зөвлөх
- Баттөр Цэдэндамбын (МАН) – Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
- Батзориг Ганболдын (МАН) - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөх
- Батцогт Түмэндэлгэрийн (АН)
- Батзориг Чимэддоржийн (МАН) - Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- Даваадалай Түмэндалайн (МАН) - Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
- Даваасүрэн Сумъяагийн (МАН) – Багануур дүүргийн Засаг дарга
- Дөлгөөн Баасандаваагийн (МАН) – УИХ-ын даргын зөвлөх,
- Жавхлан Дашбаатар (МАН) – “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын захирал
- Жаргалсайхан Ганбаатарын (МАН) – Баянзүрх дүүргийн Засаг дарга
- Золтуяа Баатархуягийн (АН) – Бүтээмжийн менежер
- Зундуйдорж Олзвойн (АН) – Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга
- Ихбаяр Дашнямын (МАН) – Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх
- Мандуул Нямандэлэгийн (МАН) – Чингэлтэй дүүргийн Засаг дарга
- Мөнхбаатар Батбилэгийн (МАН)
- Мөнхбат Балжиннямын - (МАН)
- Мэндбаяр Чимид-Очирын (МАН) - Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ дарга
- Мягмар Бямбасүрэнгийн (МАН) - “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал
- Наянбаяр Дашзэвэгийн (МАН) – Налайх дүүргийн Засаг дарга
- Нямбаатар Хишгээгийн (МАН) – Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
- Одонтуяа Энхболдын (МАН)
- Отгонболд Тэрбишийн (МАН) – Багануур дүүргийн ИТХ-ын дарга
- Отгонсүрэн Дамдинсүрэнгийн (МАН) - Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
- Оюунзул Үнэнбатын (МАН) – Гэрлэх ёслолын ордны захирал
- Сандагсүрэн Жигжидсүрэнгийн (МАН) – Ерөнхий сайдын ахлах зөвлөх
- Сумъяабаатар Өлзий-Оршихын (МАН) – Баянгол дүүргийн Засаг дарга
- Сэмжидмаа Баяртулгын (МАН) -
- Сэргэлэнбаатар Батсамбуугийн (МАН) -
- Төмөртөмөө Зундуйн (МАН) – “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- Төрхүү Цогтсайханы (МАН) – Улаанбаатар хотын Ерөнхий менежер
- Ууганбаяр Гантөмөрийн (МАН) - Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан зөвлөх
- Ундармаа Дашдараагийн (МАН) – Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга
- Хосбаяр Луулайн (МАН) - Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
- Хулан Энхболдын (МАН) -
- Хуягбаатар Батчулууны (МАН) - Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын захирал
- Энхтөр Энхбатын (МАН) – “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын захирал
- Эрдэнэсүх Бишээгийн (АН) – Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Засаг дарга, Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
- Энхжаргалан Жадамбын (МАН) - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх.
(Дахиад мэдээлэл олдвол шинэчилнэ ээ)
Бас болоогүй үйл олноор байгуулагдсан нийслэлийн өмчит компани, төслийн нэгжүүдийн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлд хувааж байршуулан давхар давхан дангинатал хүлчихсэн байна.

