В.Ганзориг: Сонгуулийн өмнө л улс амьтны идэвхи сэргээд, сонгууль дууссаны дараа улс төрд идэвхгүй ханддаг нийтлэг төрх бидэнд байна. Ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд улс төрд ороход олон саад тулгардаг гэдэг судалгаанууд байдаг. Эдгээр саад яг бодитой саад уу, эсвэл залуус шалтаг тоочоод улс төрөөс зугтаад байна уу

О.Энхзул: Яг энэ судалгааг манай “Эдүкэйтэд Энтерпрайз” компани судалгааны баг бүрдүүлээд хийсэн. Анхдагч болон хоёрдогч эх үүсвэрээс багагүй дата цуглуулж, олон хүмүүстэй ярилцлага хийсэн. Эндээс дүгнээд таны асуултанд хариулахад аль аль нь гэж хэлмээр байна. Залуучууд, эмэгтэйчүүд улс төрд ороход тулдаг бодитой саад байхаас гадна өөрсдийнх нь идэвхи, оролцоо зарим тохиолдолд хангалтгүй байна. Улс төрд оролцоход тулгардаг саад бэрхшээлийг засаглалын (хууль эрх зүй, институтын), нийгэм-соёлын, хувь хүний гээд гурав ангилж үзсэн. Эндээс засаглалын түвшинд хоёр жишээ дурдмаар байна. 

Монгол залуучуудын орон гэгддэг. Олон залуу хөдөө, орон нутаг, мөн гадаадын улсуудад сурч, ажиллаж, амьдардаг. Өөрөөр хэлбэл, эдгээр залуус сонгууль болдог зуны улиралд байнгын оршин суудаг хаяг дээрээ байдаггүй. Гэтэл Сонгуулийн тухай хуулиар байнгын оршин суудаг хаяг дээрээ л саналаа өгөх ёстой гээд зааснаас болж эдгээр залуус сонгууль санал өгөх эрхээ эдэлж чаддаггүй. Энэ бол бодитой саад. Гадаадад буй монголчууд ялгаагүй. Заавал Элчин сайдын яамны байран дээр биеэрээ очиж саналаа өгөх ёстой болдог. Энэ нь багагүй хэмжээний зардал мөнгө, цаг завыг тухайн иргэнээс шаарддаг. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Эмэгтэйчүүдийн хувьд сонгогдох эрхээ эдлэхийн тулд жендерийн квотын асуудал яригддаг. Энэ квот амьдрал дээр эмэгтэй нэр дэвшигчдийг дэвшүүлэх минимум буюу “босго” биш махимум буюу “тааз” хувь гэж ойлгогддог болжээ. Энэ асуудал засаглалын хэмжээнд үнэхээр бодитой саад бэрхшээл болсон. Нөгөө талаас хувь хүний идэвхи, оролцоо, үүрэг, хариуцлага гэдэг асуудал яригдах ёстой. Энэ тал дээр залуус хойрго ханддаг асуудал бий. 

В.Ганзориг: Монгол Улс залуучуудын хувьд ардчиллын Баянбүрд байж чадаж байгаа юу?

Э.Гэрэлт-Од: Монгол үнэхээр ардчилсан улс. Гадны судлаачид манай улсыг хөндлөнгөөс хараад ардчилсан улс мөн гэж дүгнэдэг. Freedom House болон бусад судалгаагаар Монголыг эрх чөлөөт улс гэдэг статустай тодорхойлдог. Миний мэдэж байгаагаар 1994 оноос хойш бид ийм статустай байгаа. Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө харьцангуй нээлттэй улс гэж олон улсад үздэг. Гэхдээ дотроо асуудалгүй улс гэж байдаггүй. Энэ нь миний хувьд гутранги зүйл биш. Сүүлийн үед олон хүмүүс өнгөрсөн 30 жилд ер нь зөв замаар явж ирсэн юм уу гэж ярих болсон. Тийм биш. Асуудал олон байгаа хэдий ч Монгол хамгийн сайн ардчиллагдаж буй улсуудын нэг. Нийтээрээ хэлэлцээд болохгүй байгаа асуудлаа шийдэж чадах нь ардчиллын үнэт зүйл. 

В.Ганзориг: УИХ болон орон нутгийн аль аль сонгуульд нэр дэвшиж байсан туршлагатай хүний хувьд залуучууд улс төрд ороход тулгардаг хамгийн том саад, бэрхшээл юу байна вэ?

Б.Мөнхсоёл: Улс төрийн оролцоо гээд ярихаар заавал УИХ-ын гишүүн, эсвэл Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болох тухай бодох ёсгүй. Сонгогдож чадахгүй юм чинь улс төрд оролцох ямар хэрэгтэй юм гээд орхиж бүр болохгүй. Эрх мэдэлд хүрэх, албан тушаалд очихийг улс төр гэж ойлгомооргүй байна. Харин эсрэгээрээ хороо, дүүргээс нь ямар хүн, яах гэж нэр дэвшиж байгааг судлах, ойлгох, дүгнэлт гаргах, улмаар өөрийнхөө үнэт зүйлийн дагуу сонгуульд саналаа өгөх нь улс төрийн бодит оролцоо. Дэмжиж байгаа хүнээ сонгогдоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа бол хөршүүд, найзууд, ажлын хамт олон, гэр бүлийн гишүүддээ тэр хүнээ яриад эхлэх нь улс төрийн дараагийн шатны оролцоо юм. Би өөрөө улс төрд орсон хүний хувьд үүнийг хүмүүст сайн ойлгуулахыг хүсдэг. 

Монголын 3 сая иргэн бүгд УИХ-ын гишүүн болж чадахгүй ч бүгдээрээ Монголдоо сайхан амьдрахыг хүсдэг. Энэ хүсээд байгаа сайхан амьдралын бодлогыг улс төрд орж байгаа хүмүүс л гаргаж хэрэгжүүлдэг. Ийм учраас улс төрийн оролцоо иргэн бүрийн үүрэг байх ёстой. Дээр ярьсан квот 30 хувь байсныг бууруулаад 20 хувь болгосон. Эмэгтэйчүүдийн хувьд энэ квот босго биш тааз болчихсон. Энэ бол манай сонгуулийн системд алдаа байгаагийн жишээ. ХҮН нам сонгууль болгонд энэ квотыг давуулж, босго биш тааз болгодог. Гэтэл бодит байдал дээр маш олон арга хэрэглэн эмэгтэйчүүдийг улс төрд гаргадаггүй. Тухайлбал, нэг тойрог дээр эмэгтэйчүүдийг хооронд нь албаар өрсөлдүүлдэг. Хоёр дахь зүйл бол сонгуулийн зардал. Энэ бол системийн асуудал. Ямар намд орсноос шалтгаалаад хормын дотор ялалт авдаг систем үйлчилж байна. Гэтэл хуулийн дагуу мөнгөө босгоод, санхүүгийн зардлаа тултал гаргаад өрсөлддөг олон эмэгтэйчүүд, залуучууд байдаг ч улс төрд гарч чадахгүй хэвээр байгаа. Эдгээр саад бодитой оршсоор байна. Үүнийг олон жил ярьж байгаа ч дэвшил удаан байна. Уг нь цөөн хүн амтай манай улс богино хугацаанд өөрчлөгдөх боломжтой. Бид суралцаж чадахгүй байна. 

Улс төр амар биш. Энэ бол сонирхлын бүлэг, хүмүүсийн нэгдэл. Аль нэг нэгдэлд орохын тулд тухайн хүний чанарын асуудал тавигдана. Үүнд, боловсрол, мэдлэг, туршлага, хүмүүжил, ёс зүй, хандлага, төлөвшил, хариуцлага, хувь хүний үнэт зүйл, зохион байгуулалт, цаг барих, бие биенээ хүндлэх соёл гэх мэт. Ийм учраас ямар ч байсан улс төрд түрүүлээд орсон хүмүүс аль нам гэдгээсээ үл хамаараад Монгол Улсын хүний нөөц, хүний хөгжил, хүний дэвшилд маш их хувь нэмэр оруулж байгаа гэж боддог. 

В.Ганзориг: Энхболд дарга хоёр бүсгүйн хэлсэн зүйлстэй санал нэг байна уу?

Б.Энхболд: Улс төрд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа гэдэгтэй санал нэг байна. Үүнд хууль эрх зүй, санхүү гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Парламентийн квотын тоог нэмэгдүүлэх ёстой. Энд маргаад байх зүйл байхгүй. Шат шатны иргэдийн хурал бол иргэдийн төлөөллийн байгууллага юм. Засаг дарга бол засаг төрийн төлөөлөгч. Иймээс иргэдийн хурал шийдвэр гаргахдаа бүх зүйлийг иргэдийн өмнөөс боддог байх ёстой. Эрх мэдэл авах хүртлээ ардчилсан, авсан хойноо ардчилсан биш болж болохгүй. Үүнийг сануулдаг газар нь иргэдийн хурал юм. Би ийм зарчмаар ажиллахыг эрмэлздэг. 

Манай Сүхбаатар дүүргийн иргэдийн хурал 35 суудалтай. Үүнийг 15 нь эмэгтэй төлөөлөгч байдаг. Хувиар тооцвол 43% гэсэн үг. Бидний ярианы сэдвийг сайн шахах юм бол явж явж улс төрийн намуудын дотоод ардчилал, санхүүжилт, нэр дэвшигчдээ хэрхэн сонгодог асуудал руу орно. Саяхан батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намыг төрөөс санхүүжүүлж болно гэж орсон. Үүнийг дагаад Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтын тухай гэсэн хоёр хуулийн төсөл явж байгаа. Сонгуульд оролцох зардал аль болох бага байж гэмээнэ иргэдийн улс төрийн оролцоо сайн хангагдана. 

Улс төр надад ямар хамаатай юм, энэ хэдэн дарга нарын байж байгаа царайг нь гээд зүгээр яваад байж болохгүй. Нийгмийн хандлага ер нь ийм болсон байна. Дэлхийн даяар улс төрийн намуудад итгэл итгэл унаж байгаа мөчлөг ч таарлаа. Үүгээр шалтаглан улс төр надад хамаагүй гэж бодож байвал том эндүүрэл. Улс төрийн оролцоо зөвхөн сонгуульд санал өгөх, эсвэл өөрөө сонгогдохоор хэмжигдэхгүй. Таны худалдан авч байгаа бүх зүйлд татвар шингэсэн. Энэ татварыг хэд байлгах, танай хүүхдийн цэцэрлэгийн асуудал, гудамжны зам талбайг ямар байлгахыг улстөрчид, шат шатны шийдвэр гаргагчид тогтоодог. Төрийн мөнгө гэж байхгүй. Тэр бүхэн таны мөнгө. Иймээс миний хувьд улс төр сонирхдог, улс төрийн бодлого, процесс яаж явдгийг мэддэг, улс төр ярьдаг иргэнийг боловсролтой хүн гэж хэлнэ. Монгол залуучуудын орон. Манай залуус улс төрийг сонирхдоггүй биш, сонирхдог. Гэхдээ үл итгэл яг одоо байна. Энэ бол улс төрийн намуудаас шалтгаалж буй зүйл. 

В.Ганзориг: Та нар бүгд хэллээ. Монгол бол хүн амын бүтцийн хувьд залуучуудын, эмэгтэйчүүдийн орон гээд. Тэгвэл тэр залуус улс төр, шийдвэр гаргах түвшинд яагаад хангалттай хэмжээнд байхгүй байгаа юм бэ?

Э.Гэрэлт-Од: 2012 оны сонгуульд бүх насанд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү идэвхтэй саналаа өгсөн байдаг. 45-55 насны эмэгтэйчүүдийн улс төр, сонгуулийн идэвхи эрчүүдээс 17%-иар илүү байсан. 2016, 2020 оны сонгуулийн статистик яг ижил байсан. Сүүлийн 10 жилийн дунджаас дүгнэхэд сонгуульд оролцох процесст эмэгтэйчүүд илүү оролцдог нь харагдсан. Гэтэл яагаад эрэгтэйчүүд давамгайлсан улс төр болоод байна вэ гэдэг асуулт гарна. Судлаачийн үүднээс харвал энэ цэвэр тогтолцооны асуудал. 20%-ийн квот бол бидний хэрэглэж байгаа муу хувилбар. Үр дүн нь таазандаа тулсан. УИХ-ын суудлын 17% нь эмэгтэйчүүд гэж үзвэл энэ квот амжилттай ажиллаж байгаа. Гэсэн атлаа ахиц байхгүй. Тэгэхээр энэ механизм үр дүнтэй ажиллаж байна уу гэдэг дараагийн асуулт гарна. Би хувьдаа энэ 20%-ийн квотыг нэмэгдүүлэх ёстой гэж боддог. Хамгийн багадаа 30% болох ёстой. 

Дараагийн нэг асуудал бол эмэгтэйчүүд, эмэгтэй улстөрчдийг олон нийтэд таниулж, бодлого ярьдаг болгон бэлтгэх хэрэгтэй байгаа. Энэ ажлыг улс төрийн намууд хангалттай хийхгүй байна. Энэ яриад байгаа 20%-ийн квотыг бууруулж, бүр байхгүй болгож байсан юм шүү дээ. Манай улс төрийн намуудад залуучууд, эмэгтэйчүүдээ бэлддэг механизм алга. Тиймээс энэ бол цэвэр институтийн асуудал. Улс төрийн намууд, ялангуяа парламентад суудалтай МАН, АН, ХҮН энэ асуудал дээр манлайлал үзүүлэх ёстой. Залуусын өмнө тулдаг улс төрийн саад дундаас институт болон эрх зүйн хүчин зүйлс хамгийн хүчтэй байгаа гэж би харж байна.

Б.Мөнхсоёл: Тогтолцооны асуудал гэдэгтэй санал нэг байна. МАН, АН-д эмэгтэйчүүд асар том нөөц байгаа ч квотоо давуулдаггүй. Гэтэл шинэ ХҮН нам үргэлж энэ квотыг давуулдаг. Тэгэхээр улс төрийн намуудын хувьд энэ харьцангуй ойлголт. Нийгэмд харьцангуй танигдсан эмэгтэйчүүд аль хэдийнэ МАН эсвэл АН-ын гишүүн болчихсон байдаг. Сая орон нутгийн сонгуулиар залуучууд руу бид чиглэн ажиллахад улс төрд залуучууд, эмэгтэйчүүд олноор орж ирсэн. Иймээс ялангуяа залуучуудын хувьд боломж зөндөө байгаа. Гэхдээ эдгээр залуус нэр дэвшихэд саад болдог зүйл бол нийгэм, тогтолцооны хүчин зүйл. Нэр дэвшээд явахаар эхлээд маш их санхүү мөнгөний асуудал яригдана. Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд ялангуяа хүндээр тусдаг. Санхүү, гэр бүлийн дэмжлэг, арын гэрийн асуудал гээд тооцохоор өрсөлдөх чадвараар эрэгтэйчүүдийг гүйцдэггүй.

Дэлхийн эдийн засгийн форум Жендерийн зөрүү гэдэг тайлан гаргадаг. Энэ тайланд Монгол улс парламентын түвшинд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоор 156 орноос 113-р байранд ордог. Эмэгтэй сайд нарын түвшинд гэхээр 82-т ордог. Ази тивдээ харьцангуй эрх чөлөөтэй, хүйсийн тэгш эрхийн асуудал шийдэгдсэн мэт харагддаг ч улс төр болон бизнесийн талбарт шийдвэр гаргах түвшинд энэ нь хангагдаагүй. Үүн дээр нэмээд соёл, уламжлал, хандлагын хэвшмэл ойлголт хүчтэй хэвээр байгаа. Сая ТВ-ээр 60 гаруй насны эмэгтэйгээс улс төрд дэх эмэгтэйчүүдийн оролцоог асуухад “Улс төрд ганц хоёр л эмэгтэй байхад хангалттай шүү дээ” гэж хариулж байсан. Статистик харахаар 46-аас дээш насны эмэгтэйчүүд эмэгтэй нэр дэвшигчээ улс төрд дэмждэг хувь залуу эмэгтэйчүүдтэй харьцуулахад хамаагүй бага байдаг. Эдгээр нөхцөл байдал бага багаар сайжирч байгаа хэдий ч хурд нь хангалттай байж чадахгүй байгаа гэж хэлмээр байна. 

Э.Гэрэлт-Од: 2020 оны сонгуульд 606 хүн нэр дэвшсэн. Эдгээрээс сонгогдсон 75 хүний (Нэг гишүүн сүүлд орж ирсэн) сонгуульд гаргасан зардал нь сонгогдоогүй 531 нэр дэвшигчдээс даруй 3,6 дахин өндөр байсан. Мөнгөөр улс төр хийдэг гэдгийн жишээ энэ. Мөнгөгүй хүн сонгогдож чадахгүй гэдгийн нотолгоо. Яг одоо Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэг хуулийн базалтаа хийж байгаа. Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн судалгааг хийж, өргөн барих түвшинд буюу одоогоор түүхий байгаа. Гэсэн хэдий ч үүнийг ярьж хэлэлцэж байна гэдэг нь том дэвшил. 

В.Ганзориг: Ер нь тэгш эрхийн логикоор ярих юм бол аль нэг хүйсийг онцлох, эсвэл энэ яриад байгаа квотын систем байх нь зөв юм уу?

Э.Гэрэлт-Од: Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулинд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэж заасан ч бодит байдал дээр эрэгтэйчүүдэд давуу байдал олгосон улс төрийн тогтолцоо үйлчлээд байна. Энэ тэгш бус байдлыг арилгаж, тэгш байдлыг дэмжиж буй хэлбэр нь квот юм. Үүнийг ойлгохгүйгээр хүйсийн тэгш эрх ярьж болохгүй. 

О.Энхзул: Дээд боловсрол эзэмшсэн байдлаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү үзүүлэлттэй байдаг. Хүн төрөлхтний түүхээс харахад энэ асуудалтай холбоотой хэвшмэл ойлголт бага багаар өөрчлөгдсөөр байгаа. Хэдхэн жилийн өмнө эмэгтэйчүүд гэртээ л байж хүүхдээ харах ёстой гэж боддог байсан бол удахгүй сонгуульд саналаа өгөх эрхтэй болж, улмаар өөрөө сонгогдож, улс төрд орж, эмэгтэй хүн шийдвэр гаргадаг хүн болох боломжтой болсон. Таны асуусан хүн болгон тэгш эрхтэй гэдэг ойлголт одоогоос 20 жилийн дараа хэвийн үзэгдэл болох байх. Яг одоо бол энэ процесс ид явагдаж байна. Залуу эмэгтэйчүүд хамгийн өндөр хувьтайгаар бусад эмэгтэй нэр дэвшигчдийг улс төрд дэмждэг гээд судалгааг сая ярьсан. Энэ бол эмэгтэйчүүд хооронд хүртэл соёл, итгэл үнэмшил, үеийн ялгаа байсаар буйг харуулж байна. Алсдаа энэ бүх хэвшмэл ойлголт өөрчлөгдөнө. Гэхдээ энэ өөрчлөлтийн хурдыг нэмэгдүүлэх механизм хэрэгтэй байгаа. 

Б.Мөнхсоёл: Монголд тулгамдсан асуудал нь эмэгтэйчүүд болсон учраас бид эмэгтэйчүүдийг онцолж яриад байгаа юм. Тэрнээс биш хуулин дээр эмэгтэй нэр дэвшигчийн квот гэж онцолж ялгаж бичээгүй. Бодит амьдрал дээр эрэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд орж чадахгүй байсан бол бид өнөөдөр эрэгтэйчүүдийн тухай яриад сууж байх байсан. 

В.Ганзориг: Би яагаад ингэж асуусан бэ гэхээр нэвтрүүлэгтээ зочин урихад асуудал үүсдэг болсон. Аминдаа хүйсийн тэгш байдлыг хангах гэхээр зарим сэдэв дээр үнэхээр эмэгтэй зочин олддоггүй. Сүүлдээ эмэгтэй хүн олж оруулна гэдэг нь надад “ял” шиг санагдах гээд байдаг болсон. Сүхбаатар дүүрэг шийдвэр гаргах бүх түвшиндээ хүйсийн тэгш байдлыг мундаг хангажээ. Яаж ийм болов?

Б.Энхболд: Сүхбаатар дүүрэг 20 хороотой. Үүний 8 хороо нь эмэгтэй засаг даргатай. Дүүргийн хэмжээнд бид тодорхой хэмжээгээр жендерийн бодлого барьдаг. Аливаа шийдвэрийг дан эрчүүд сууж байгаад гаргахад асуудал үүсдэг. Эмэгтэй хүний оролцоотой шийдвэр илүү оновчтой гардаг. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудал дээр эмэгтэй хүнийг шийдвэр гаргалтанд заавал оролцуулах хэрэгтэй. Арга, билэг хослох ёстой. Улс төрд ороход эмэгтэйчүүдэд тулгардаг атлаа эрчүүдэд тулгардаггүй саад, бэрхшээлийг арилгах ёстой гэдэгтэй санал нэг байдаг. 

В.Ганзориг: Энэ их саад байсаар атал та нар ер нь яах гэж МАН, АН, ХҮН намын гишүүн болж улс төрд орсон юм бэ? Эдийн засагч биш яагаад улс төр судлаач болов? Улс төрөөс залхах, бууж өгмөөр санагдах үе гарах юм уу?

Б.Мөнхсоёл: Би өмнө нь 10 гаруй жил Нээлттэй нийгэм форумд ажилласан. Бидний хийдэг гол ажлын нэг нь шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог бий болгох байсан. Энэ дунд би эдийн засгийн хөтөлбөрийг нь хариуцсан менежер байв. Эдийн засгийн зөв бодлого гаргахын тулд нөлөөллийн үйл ажиллагааг хийдэг байсан. Энэ хугацаанд хөндлөнгөөс шийдвэр гаргагчдад нөлөөлөхөд маш их цаг хугацаа зарцуулдаг, хүссэн оновчтой шийдвэр гаргуулахад амар биш гэдгийг ойлгосон. Хийж байгаа ажил, зорилго маань улс төртэй нийцсэн учраас бодлого гаргаж хэрэгжүүлэхээр өөрөө улс төрд орох шийдвэр гаргасан. Хувь хүний карьер талаасаа би улстөрч болно гэж огт төсөөлж төлөвлөж байгаагүй. 2015 онд надад улс төрийн том хүчнүүд санал тавьж байсан ч би бэлэн биш, улс төрийн мэдлэг, туршлага дутмаг байв. 

Тэр үеэс Хөгжил хүн гэдэг клубыг санаа нэгтэй залуус нэгдэн байгуулж хөгжлийн бодлого ярьдаг болсон. Улмаар иргэдэд зориулж илтгэл тавьдаг болсноос би орлогын тухай яриаг нь хийдэг байв. Удалгүй улс төрийн нам болох тухай яригдаж эхлээд л процесс цаашаа явсан. Ингээд санаа бодол, үнэт зүйл нийлсэн залуустайгаа цуг улс төрийн намд орсон. Өвөө, эмээ болсон хойно үр хойчдоо үлдээх бидний өв, эх орныхоо төлөө зүтгэсэн ажил энэ болно гэж боддог. Бидний амжилт зөвхөн УИХ-ын гишүүн болж чадсан эсвэл үгүй гэдгээр дүгнэгдэхгүй. Харин процесс маш чухал. Сайн, сайхны төлөө явж байгаа зам мөр, үйлдэл өөрөө зөв байх ёстойгоос гадна үнэтэй байдаг юм байна. Улс төрд орсон бас нэг зорилго маань үр хүүхэд минь. Үр хүүхдүүдийнхээ ирээдүй хойчийн төлөө санаа зовохгүй тайван нүд анимаар байна. Гэтэл одоо тэгж чадахгүй байна шүү дээ. Манай нийгэмд асар их асуудлууд байсаар байна. Зөв суурьтай нийгэм үүсгэхэд өөрсдөө оролцохоос өөр арга алга.

Б.Энхболд: Өөрөөсөө тэнэг хүнээр удирдуулахыг хүсээгүй учраас би олон нийт, улс төрийн ажлыг сонгосон. Улс төрийн нам, сонгуулийн системийн том реформ хийгдэх ёстой. Улс төрийн намууд дотоод ардчилалтай, сонгууль бага мөнгөөр хийгддэг болох учиртай. Энэ бол эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоог дэмжих хамгийн том хөшүүрэг бас гол шийдэл нь! 

О.Энхзул: Хүн хамдаа байж энэ нийгмийг бүрдүүлдэг. Хэн хэнийхээ онцлог, ялгаатай байдлыг мэдэж байж нийгэмд, улс орны хэмжээнд зөв шийдвэр гардаг. Би бизнес болон төрийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн. Энэ хооронд төр ба хувийн хэвшлийг холбосон дундын дэд бүтэц буюу нийгмийн энтерпрайз ямар чухал үүрэгтэй ойлгосон. Энэ чиглэлээр ажиллах тусам тодорхой хэмжээнд улс төрд, шийдвэр гаргах процесст заавал оролцож, дотроос нь нөлөөлөх ёстой гэдэг итгэл үнэмшилтэй болсон. Сайн бүтэцчилэгдсэн институти улс төрийн эрхийг барьвал арай хурдан хугацаанд нийгмийн өөрчлөлт хийгддэг юм байна гэдгийг Сингапурын жишээн дээрээс харсан учраас МАН-ыг сонгон гишүүнээр элссэн. Бидний хийсэн судалгаагаар улс төрийн намууд илүү нээлттэй болох, дотоод ардчиллаа бэхжүүлэх, залуу гишүүдээ хөгжүүлэх, менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой зөвлөмж гарсан. Эдгээр зөвлөмжийг бодитоор хэрэгжүүлэх, өөрийн хувь нэмрээ оруулах боломж намын гишүүн болсноор гарах болно гэдгийг судалгаа хийх явцдаа ойлгосон. 

Э.Гэрэлт-Од: Би сүүлийн 20 гаруй жилийн турш улс төрийн намуудыг хөндлөнгөөс нь харж ажиглан судалж байгаа. Миний судалгааны сэдэв бол улс төрийн намын дотоод ардчилал. Би энэ сэдвээр улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Улс төрийн философи, мөн зөрчилтэй асуудлуудыг судалдаг учраас энэ ажлаасаа залхдаггүй. Би өөрөө аль нэг намын гишүүн биш. Шинэ ардчилсан улсын түгээмэл зовлон улс төрийн намуудын төлөвшлийн асуудал байдаг. Манайд ч гэсэн энэ зовлон нүүрлэсэн. Иймээс манай улс төрийн намууд дотоод ардчиллаа бэхжүүлж, илүү жендерийн мэдрэмжтэй болох шаардлагатай байгаа. 2010-2013 оны хооронд сонгуулийн холимог тогтолцоог батлаад хэсэг туршиж үзсэн. Энэ төслийг би удирдаж ажилласан. Тэр үед анхны 20%-ийн квотыг арай гэж батлуулж байлаа. Энэ бүх амжилтыг улам ахиулахын төлөө ажилладаг учраас би хийж байгаа ажлаасаа уйддаггүй. 

Б.Мөнхсоёл: Сонгуулийн системийг пропорциональ болгох, сонгуулийн зардлыг багасгах гэсэн хоёр ажлыг хийж чадвал нэлээд олон асуудлыг шийднэ. 

Э.Гэрэлт-Од: Бидний ярьж байгаа олон асуудлыг шийдэх суурь нь сонгуулийн тогтолцоо юм шүү. Үүнийг шийдэж чадвал квот яриад байх ч шаардлагагүй болно. Үүнийг дагаад сонгуулийн зардал буурна, залуучуудын идэвхи, оролцоо нэмэгдэнэ. Эцсийн дүндээ улс төрийн намууд жендерийн мэдрэмжтэй болж, ардчилал улам бэхжих боломж бүрдэнэ. Гэхдээ шийдвэр гаргагчид тоглоомын дүрмээ өөрсдөө зохиодог, үндэсний зөвшилцлийн хэмжээнд ажиллаж чаддаггүй зовлон бий. Бүх юм нэг дор цэгцрэхгүй. Бид холимог сонгуулийн тогтолцоо руу шилжих ёстой. Мөн УИХ-ын 76 суудлын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Ингэж байж шийдвэр гардаг нөлөөллийг сарниулж, эрх мэдлийн төвлөрлийг бууруулна.

В.Ганзориг: Өнгөрсөн сонгуулиудаар залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг барууны улсууд, төслүүд санхүүжүүлж байна гэдэг яриа гарч нэлээд шуугисан. Танай гурван нам, судлаачид нийлээд иймэрхүү ажлаа яагаад өөрсдөө хийчихэж болдоггүй юм бэ?

Б.Энхболд: Бид НҮБ-ын бүрэн эрхт гишүүн. Үүгээрээ ч их бахардаг. Энэ ололтоосоо ухарч болохгүй. Энэ дэлхийд бид ганцаараа амьдардаггүй. Хоёр том хөршийн дунд байдаг гэдгээ мартах учиргүй. Гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын төслүүдийг хүмүүс хуйвалдааны онол шиг тайлбарлах гэдэг болжээ. Заавал цаана нэг зорилготой байгаа, биднийг хорлох гээд байна гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Ингэж чадвал гадаадын шууд хөрөнгө оруулалтаас эхлүүлээд маш олон асуудал цэгцрэхээр байна. Уг нь бид гадны хөрөнгө оруулагчдыг манайд ирээч гэж гуйх ёстой шүү дээ. 

Саяны сонгуулиар Өглөө гээд акц хийснийг гадны санхүүжилттэй гээд хардаад байсан. Энэ бол утгагүй зүйл. Ардчиллыг дэмждэг байгууллагууд зөвхөн Монгол гэлтгүй дэлхий даяар энэ үнэт зүйлийнхээ дэмжлэгийг үзүүлдэг. Энэ дэмжлэгийг нь бид өнгөрөгч 30 жилийн турш аваад яваад ирсэн шүү дээ. Тодорхой хэмжээний популизм, гадныхныг үзэн ядах сэтгэлгээг дэвэргэсэн үйл ажиллагаа өнгөрсөн хоёр сонгуулиар явсан. Чөлөөт зах зээл, чөлөөт хэвлэл мэдээлэл ардчиллын амин сүнс. Үүний ачаар л бид популизмаас сална. Ерөнхий сайд хүртэл саяхан гадны хөрөнгө оруулагчид, олон улсын байгуулллагуудаас уучлал гуйлаа шүү дээ. Энэ бол Монгол хөгжлийнхөө дараагийн шат руу орохын дохио гэж харж байгаа. 

О.Энхзул: Хүн нийгмийн амьтан. Дэлхий даяар бидний үнэт зүйл бас асуудал улам бүр нэг болж байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг дурдаж болно. Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийг оролцоог нэмэгдүүлснээр эргээд нийгэмд ирэх өгөөж нь хамаагүй том юм байна гэдгийг өндөр хөгжилтэй улсууд хэдийнэ харсан. Энэ түвшинд харж чадахгүй байгаа, энэ түвшинд хараахан очиж чадахгүй байгаа, байгаль орчин, эдийн засгийн асуудлуудтайгаа завгүй “ноцолдож” байгаа улсуудад энэ зовлонг туулаад гарсан, хүний эрх, жендерийн индекс нь өндөр орнууд үүнийгээ эртнээс анхаараарай гэж зөвлөж, тусалж дэмжин ардчиллын үнэт зүйлийг түлхэж өгч буй хэрэг. Ийм үүргийг тэдгээр улсууд ч гэсэн НҮБ-ын өмнө хүлээсэн байдаг. Би энэ өнцгөөс нь харж байгаа. Бид өөрсдөө дотооддоо энэ хэмжээний асуудал руу орж амжихгүй бас чадахгүй байгааг мэдэж байна шүү дээ. 

Э.Гэрэлт-Од: Энхзул хэтэрхий зөөлөн хэлж байна. Бидэнд энэ зэргийн шийдлийг өөрсдөө гаргах хангалттай цаг хугацаа байсан. Гэвч энэ хооронд бид сонгуулийн тогтолцоо, эмэгтэйчүүдийн квотоос хэдэн ч удаа ухрав даа. Аль 2000 онд өгч байсан Мянганы хөгжлийн зорилтын амлалтаа одоо хүртэл биелүүлж чадахгүй дороо эргээд л суугаад байна. Монгол Улс алсыг харахгүй байна, өөрчлөлт хүсэхгүй байна, зөвхөн ялалт байгуулахын төлөө хэтэрхий богино хугацааны улс төр хийгээд байна. Үүний тулд л улс төр, эрх мэдлээ ашиглан булаацалдаад байна. Би гашуун үнэнийг хэлж чадна. Сонгуулийн ерөнхий хороотой олон жил хамтран ажиллаж байгаа. Энэ байгууллага сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хангалттай хэмжээний ажил, хөтөлбөр хийж чадаагүй, чадахгүй. Жендерийн үндэсний хороо гэдэг байгууллага чадлаараа ажиллаж байгаа ч бодитой үр дүн гарахгүй байна. Улс төрийн намуудтай сүүлийн 10 гаруй жил зууралдаад явж байна. Өөрчлөлт, шинэчлэл хийх хүсэл, сонирхол тэдэнд байдаггүй. 

Б.Мөнхсоёл: Би бүр хурц хэлье. Улс төрийн шинэ хүчний хувьд сонгуулийн тогтолцоо, санхүүжилтын асуудлыг байнга хөнддөг. Улс төрд орсон, эрх мэдэлд хүрсэн тэр хэдхэн хүмүүс энэ өөрчлөлтийг хийхийн төлөө, улсынхаа ирээдүйн хувь заяаны төлөө өөрсдийн хувийн эрх ашиг, фракц, бүлгийн сонирхлоо доогуур нь тавихгүй л юм бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Бидэнд мэдэхгүйн зовлон алга. Харин хүсэхгүйн зовлон л байна. Мэдэхгүй байвал мэддэг хүнийг нь дуудаж авч ирээд мэддэг болж болдог. Гэтэл мэдээд байгаа атлаа асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь дэндүү амиа хичээсэн улс төр хийдгийн илрэл. Тэр хүмүүсийг үр хүүхдүүд нь ирээдүйд хэрхэн дурсахыг үнэхээр хэлж мэдэхгүй байна. 

В.Ганзориг: Нас, хүйс, үзэл бодлоос үл хамааран бие биедээ хүндэтгэлтэй хандах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь ардчиллын амин сүнс. Энэ утгаар улсаараа бид төлөвшлийн үе шатандаа явж байна гэж дүгнэж болохоор санагдлаа. Одоог хүртэл олон залуучууд улс төрд орох, намын үйл ажиллагаанд оролцох, намын гишүүн болохыг ичгүүртэй, бохир, онигоотой, муухай зүйл гэж боддог хэвээр байна. Улс төрийн идэвхитэй оролцоогоороо бахархаж явдаг, бардам ажилладаг залуус цөөхөн байна. Энэ үйлийг түүчээлэн ажиллаж буй та бүхэнд баярлалаа! Мэдэхгүй биш хүсэхгүйн зовлонгоос хамтдаа салцгаая.