Энэ 7 хоногт
ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАРАНД ӨНДИЙЖ УРГАСАН "ЦЭЦЭГ"
Үүлэн чөлөөний нараар эрх чөлөөгөө салгаж авсан үндэстэн, улсын үйл явдал. Би энэ үүлэн чөлөөний наранд өндийж ургасан “цэцэг үе”. Өмнөх нийгмийн амьдралыг туулж үзээгүй ч уншиж судалсны хувьд хэзээ ч очмооргүй тийм л нийгэм надад санагддаг. Одоо “цэцэг үе” нь өөрсдөө амьдралаа аваад явахуйц нас бие гүйцсэн нийгмийн идэвхтэй төлөөллүүд, манлайлагч нар болсон. Тэд холын зорилгоо тавьж, ойрын зовлонгоос нь ангижруулах цаг болсон. Гэтэл ойрын өдрүүдэд улс төрийн зорилгоор ард иргэдээ өнгөрсөнд аваачих сонирхолтой оюун санааны ухуулга нэвтрүүлгийг их явуулж байна. Энэ бол сайн зүйл биш ээ.
ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАРАНД ӨНДИЙЖ УРГАСАН "ЦЭЦЭГ"
Ирээдүй гэж юу вэ? Өнөөдрөөс хойш үргэлжлэх цаг хугацаа. Энэ цаг хугацаанд бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? гэдэг ганц л зүйл дээр бид бүгдийнх нь зорилго оршдог.
Энэ хэмжүүрийн эцэст нь бүгд л хамтдаа зогсоно. XXI-р зууны эхэн үед амьдарч байгаа бидний олонх нь XXII-р зууныг үзэх нь эргэлзээтэй. Ингэж бодохоор цаг хугацаа маш богинохон санагдана.
Хүн амьдралынхаа хугацаандаа нэгдүгээрт өөрийгөө бүтээж амьдрах, дараа нь үр хүүхэд, ирээдүй хойчдоо зөв залгамж үлдээчихвэл болох нь тэр. Бусдаар “Биднийг одоо сайхан амьдруулаад өг”, “Бидэнд үүнийг зохицуулаад өг” гэдэг бурхны аврал шиг хүсэлт өөр хэн нэгэнд илгээгээд хэрэггүй ээ.
Өнөөдрийн байгаа нийгэм бол бидний өөрсдийн бүтээсэн л дүр зургийн илэрхийлэл. Харин үүнийг бий болгоход хүчин зүтгэж гавьяа байгуулсан олон хүмүүс бий. Хүннү гүрэн, Их Монгол улс, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалыг бүтээлцсэн домогт баатруудыг дурсахгүй байхын аргагүй. Эдгээр үйл явдал бидний хувьд бахархал мөн ч одоо түүхийн хуудсанд дахь дурсамж төдий л байна. Чингис хаан, Чойбалсан, Сүхбаатараа яриад чи бидний одоо, ирээдүй өөрчлөгдөхгүй. Холын зорилгогүй хүнд ойрын зовлон салдаггүйн адилаар бид эргэн тойрондоо л эргэлдсээр байх болдог.
Ойрын жилүүдэд өнгөрсөн 30 жил гэх үгийг хүн бүрийн амны уншлага болтол нь ярьж, буруутгаж, шүүмжилдэг боллоо. Жирийн иргэн энэ үгийг яриандаа буруутгал жишээ болгон ярьж байх нь олонтоо. Яагаад вэ? 30 жилийн өмнө юу болсон бэ гэдгээ ч зарим нь одоо ч санахгүй. Хэн нэгнээр халамжлуулж, хооллуулдаг байсан тэр хараат амьдралаасаа салж чадсан тэр нийгмийг хэлээд байгаа юм. Магадгүй залхуу хүнд энэ нь амар байсан ч байж мэднэ. Гэхдээ залхуу байлаа гээд эрх чөлөөгүй байж болохгүй биз дээ. Энэ эрх чөлөөг авч ирсэн тэр үйл явдал бол Монголын түүхэнд хамгийн сүүлд болсон хувьсгал болох АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ юм.
Үүлэн чөлөөний нараар эрх чөлөөгөө салгаж авсан үндэстэн, улсын үйл явдал. Би энэ үүлэн чөлөөний наранд өндийж ургасан “цэцэг үе”. Өмнөх нийгмийн амьдралыг туулж үзээгүй ч уншиж судалсны хувьд хэзээ ч очмооргүй тийм л нийгэм надад санагддаг. Одоо “цэцэг үе” нь өөрсдөө амьдралаа аваад явахуйц нас бие гүйцсэн нийгмийн идэвхтэй төлөөллүүд, манлайлагч нар болсон. Тэд холын зорилгоо тавьж, ойрын зовлонгоос нь ангижруулах цаг болсон. Гэтэл ойрын өдрүүдэд улс төрийн зорилгоор ард иргэдээ өнгөрсөнд аваачих сонирхолтой оюун санааны ухуулга нэвтрүүлгийг их явуулж байна. Энэ бол сайн зүйл биш ээ.
Биднийг өнгөрсөнтэй нь уялдуулж, өөрсдийг маань урагшлуулахгүй удирдахад хялбар болгох гэсэн улс төрийн ядмаг тактик. Намайг 10 настай байхад нас барсан С.Зориг агсныг одоо болтол /26 жил/ улс төржүүлж өөрсдийн тактикт ашиглаж байна. Одоо бидэнд 26 жилийн өмнөх тэр үйл явдал хэр хамааралтай байж болох вэ? Гавьяагаа байгуулаад хорвоогоос харамсалтайгаар явсан түүнийг одоо байнга яриад, улстөржүүлээд байх нь хэр зохимжтой вэ? (гэхдээ хэргийг илрүүлж буруутныг олохыг огт эсэргүүцээгүй болно) Юу өөрчлөгдөх вэ? Юу тийм том боломжийг хамтад нь устгасан юм болоо? Хэрэв амь эрсдээгүй бол одоогийн нийгмээс хэр урагшлах байсан юм бэ? Алдагдсан боломж тийм их үү? Тэр үеийн буруутнууд үнэхээр одоо байгаа бол тэд нь одоо багадаа 8-10 жилийн өмнө улс төрөөс явсан байж таарна. Түүнийгээ шалгаад шийтгээд явах эрх мэдэл, хүч чадал хангалттай байхад бид шүдгүй арслан гэж 8 жил ярьсан засагтайгаа үлдлээ. Үнэхээр тийм том тогтолцоо байдаг бол түүнийгээ нураах гэж явсаар өөрийн мэдэлгүй тэрнээс том тогтолцоо угсарчих вий дээ. Ингэж ээлж дараалан угсрах юм бол улам л төгөлдөршиж МАНАН биш мангас босгох аюултай.
Улс төрийн нам өөрөө ард иргэдээ төлөөлсөн, нэг зорилготой, бодлого шийдвэр гаргадаг хүмүүсийн төлөөлөл. Энгийн утгаар ийм л инстүүц. Бусдаар бол УЛС ТӨР гэх тодотголтой улс орныг захирдаг, өөр хэн нэгэн хүрэхэд өндөр шаардлагатай тийм хол хөндий ХУВЬ хүмүүсийн нэгдэл ч биш.
Тун удахгүй буюу 2 хоногийн дараа бид бүхний төлөөллөө сонгох эрх нээгдэх өдөр ирэх гэж байна..
Чухам энэ өдөр л үндсэн хуулиар олгогдсон ТӨР ард түмний гарт гэх эрхийн өдөр. Энэ өдөр та өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах, таны өмнөөс бодлого боловсруулах, биднийг хамгийн сайн ойлгодог гэх тэр төлөөллийг сонгох юм. Өөрөөр хэлбэл 3 сая хүн цуглуулаад хамтдаа шийдвэр гаргаад байж чадахгүй учраас төр-иргэний хооронд баталсан үндсэн хууль-гэрээний хүрээнд эрх эдлэх тэр төлөөллийн хүнээ сонгоно гэсэн үг.
Энд шалгуур бол маш энгийн: хамгийн түрүүнд чиний төлөө шийдвэр гаргаж чадах, эрүүлээр сэтгэх, сэтгэлтэй, болж өгвөл туршлагатай тэр хүнээ л сонгочиход болно. Энэ өдөр нь удахгүй ирнэ ээ. Үнэхээр тэр бурангуй нийгэм, бугширсан төр байгаа бол хэн нэгэн эх мэдэлтнийг даган намирч, арга зальд нь автах бус өөрсдийн эрх мэдлээр олгогдсон сонгох эрхээр бүгдийг нь халж болно. Болохгүй бол дахиад л хална. Энэ л бидний хийж чадах хамгийн зөв арга бөгөөд энэ ч цаашдаа сайжрах арга хэмжээ болж чадна. Ирээдүйд эх орныхоо эзэд нь болж амьдрах залуус та бүхэн бүгд урд нь гараад удирдагч болж явахгүй ч, үүлэн чөлөөний бус үргэлж гэрэлтэй байх нартай өдрөөр /нийгмийг/ гэрэлтүүлж чадах тийм хүчтэй гэдгээ харуулж Мангасыг бий болохоос өмнө ирээдүйгээ өөртөө авч үлдээрэй.
Гантулгын Буянбаатар