(Залгамж үедээ үлдээх үг)

Хүн төрөлхтөнд байдаг сайн муу, сайхан муухай бүх шинж чанар үндэстэн болгонд, та бид хоёрт хүртэл цөм их бага хэмжээгээр хадгалаастай яваа. Тийм бол яагаад дэлхийн улс орнууд хөгжлөөрөө ямаа, тэмээ шиг ялгаатай байна гэж асуудаг. Тэр ялгаа олон хүчин зүйлээс, төр, нийгэм, хүнээсзонхилон шалтгаалдаг ажээ. Хөгжлийг шийдэгч хүн өөрөө нууц ертөнц, тэр тусмаа монгол хүн судлагдаагүй, битүү далд дотогшоо санаатай учир илүү нууц. Манайд хүн гэдэг мөнхийн том сэдэв бараг хөндөгдөөгүй, хүн ба сэтгэл судлал түүхий байна.

Монголыг амь нэгтэй монгол хүн л өөд татна, хөгжүүлнэ. Сайн нь сайнаараа хөгжиг. Саарыг нь ажигласныхаа хирээр өөрсдөд нь таниулах гаж энэ нийтлэлийг тэрлэв.

Хэвлэлийн мэдээгээр дэлхий дээр 52 сая монгол хүн амьдардаг гэнэ. Тэдний ердөө 3,5 сая нь эх нутагтаа бусад нь хэдэн зууны өмнөөс “айлын хүн” болчихсон хилийн цаана алхаж явна. Дэлхийн талыг эзэлж явсан Монгол Төвөдөд толгойгоо тушааж, Манжид дагаар орж, бусдад уусаж, аялдан дагаж, “гаднаас” нь хуулж дуурайсаар иржээ. Шарын шашинт бүх орны дотроос зөвхөн монгол угсаатан өөрсдийгөө төвд үгээр нэрлэдэг болтлоо уусжээ. Ууссаны ул мөр одоо ч хэвээрээ байна. Гучаад оны их хэлмэгдүүлэл нь хэмжээгүй эрх, атаархал, улс төржилт ямар аюултайг нотлон харуулсныг мартаагүй байх.

Тэр жилийн өөрчлөн байгуулалт, төр, нийгмийн халаа монгол хүн гэж хэн бэ гэдгийг хангалттай харуулсан гэж боддог. Харамсалтай нь энэ сэдвийг хөндсөн, шимтэн судалж цэгцэлсэн хүн сонсогдоогүй. Уг сэдэв амьдралаас хол гээгджээ.

Философийн ухаанд зааснаар бол та ажил хөдөлмөр, оюун ухаан, хүмүүжил, соёлоо тэгш цогцлоож байж л хүн болсноо харуулна. Амьдрал хөгжлөөрөө дорой буурайд тооцогдож, гадаадаас хэт хараат явж ирсэн манай мэтийн оронд тийм хүмүүс олон биш нь ойлгомжтой.

Оросын эрдэмтэн Лев Гумилевын олж харсан Хүннү нарын дэврүү ааш бол монгол хүнийг судалж нээхийн анхны “А” үсэг юм. Дэврүү ааш нь бидний хамаг муу муухай чанарын ул үндэс бөгөөд эзэндээ барагтайд анзаарагддаггүй, ажил үйлсээр дамжин илэрдэг онгод гэж болно. Дэврүү бол хөөргөн, сагсуу, онгиргон гэсэн утгатай үг. Гэтэл манайхан энэ араншныгаа барих, дарах бүү хэл мэддэг ч үгүй. Соёлтой орны иргэд хүний тухай мэдлэгтэй, өөрийгөө ойлгодог, хянадаг, залдаг хэвшилтэй болсон байдаг бол монгол хүн биедээ байгаа нууцыг мэдэх, захирахыг хүсдэггүй, түүндээ ямагт дийлдэж, өрөө өөрийгөө шийтгэж иржээ.

Монголд ардчилсан хувьсгал харьцангуй түргэн шийдэгдэж, ард түмэн “айлтгүй”аж төрөх нийгэмд хөл тавилаа гэж хөөрцгөөсөн боловч зөнд нь тавьсан зэрлэг зах зээлийн эрхээр амьдрал хүн хоёр тарчигтаа тулж, эх орон элгээрээ хэвтэх, монгол хүн “модоо барих” дөхсөн билээ. Тэр далимаар хомхойрол газар авч, нийгэм олны сэтгэл санаа уймарч, удмын согог сэдэрч, хүмүүс захаасаа яргачин болтлоо "эвдэрч" онц ноцтой гэмт хэрэг өссөөр байв. Үүссэн таагүй нөхцөл байдлын улмаас хүнлэг, үнэнч, шударга, нөхөрсөг, уужуу тайван гээд олон сайхан монгол чанар ичээнд орж, оронд нь дарвих, даврах, туйлшрах, хуулах, уусах, дуурайх зан төрх ноёрхдог болсоор уджээ. Энэ нь давруу аашны л хувилбарууд юм. Нэг үе залуус өөрчлөн байгуулалт, ардчилал, хувьсгал, хөгжил гэж мөн ч их мэдэмхийрч, туйлширсан даа. Тэгвэл тэдгээр нь балан диваажин биш, ардын зүйр үгээр бол “биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас”, өөрөөр хэлбэл өөрийгөө, өрх гэрээ, улс нийгмээ өөд нь татаж төвхнүүл гэсэн нэг агуулгатай үг. Тэд хэлсэн ярьснаа хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн үү, үгүй. Үлэмж хэсэг нь ядарсан орноо голж, гадагшаа цагаачлан бүдүүн зүрхтэйгээ харуулсан. Ханилж явсан нөхрөө харьд наймаалсан, эх орон нэгтнээ дээрэмдсэн гэх мэт олиггүй мэдээ олонтоо сонсогддог байлаа. “Хүний мөс мууджээ” гээд ахмадууд толгой сэгсэрч сууна. Тэдний 80 хувь нутаг буцах бодолгүй байгааг саяхан сонсов.

Япон хүн хожмоо бодож, ажилладаг компаниа аль болохоор их ашигтай байлгахыг дэмждэг бол манай эд мөнгө, эрх тушаалын хэнээтнүүд шал эсрэгээр энэ орноо дахиад хэрэглэхгүй юм шиг энд тэндээс нь тонож, хулгайлж, түргэн баяжихын төлөө тэмүүлж ирэв. Зээлийн, нүүрсний гэх том асуудал дэгдэж, түүнд нам, сонгууль, төр дамжсан хүн ч хамрагджээ. Ардчилал, авлигал, шударга ёс, шунал нэг биед нэгдэж гээд амьдрал шивнээд байна. Тийм бол илрээгүй авлигач мангас, жараахайнууд бишгүй байгаа. Эмч хөрөнгө бол хэн бүхний сайн сайхан амьдрахад зориулсан зайлшгүй хэрэглээ, бодит хангамж, материаллаг нөөц учир хувийн, төрийн өмчийг хуулиар хамгаалсан билээ. Дотоод гадаадын их, дээд сургууль төгсөгчдийнхөө тоогоор талийсан, асар их ажилтай, ажиллах хүч дутагдалтай Монголд ажилгүйдэл, ядуурал хэвээрээ байгаа нь ажилд тэнцэх хүн ховордсон, бэлэн хангамжин дээр дураараа тонгочих гэсэн цамаан зангаас шалтгаалж байна. Ийм бэрхшээл дундуур хал үзсэн, хашир туршлагатай олонх түүхэнд үзэгдээгүй их бүтээн байгуулалт өрнүүлж, эх орноо энэ зэрэгтэй хөгжүүлж явна.

Бид “...яасан баян нутаг вэ, ямар хувь заяагаар эзэн болж төрөв өө” гэж дуулдаг. Гадаадынхан биднийг “баян Монголын алтан дээр суусан гуйлгачин” гэдэг. Баян тулдаа улс орноо шинэчилж, амьдралаа хэвээр үргэлжлүүлж ирэв. Байгалийн бүтээсэн баялгаас хүний бүтээсэн нь илүү хурдтай нэмэгдэж байж бид ихийг хүртэнэ. Гэтэл манай нөгөөдүүл ирээдүйдээ харшилсан сэхүүн зан өвөртөлж, монголоо голох, орхих, харьд уусах, гадаадаар чамирхах, өөрийгөө дөвийлгөх өвчинд нэрвэгджээ. Жирийн нэг эмэгтэй гэхэд амралтад хэрэгцээгүй баахан хувцастай очиж, сэлгэн өмссөөр өөрийгөө гайхуулах юм. Монгол нэрэлхүү зан л дотроос нь хатгадаг байх. Хэчнээн ч өнгөлөн далдалсан төрсөн бие нь "булавч бултайна". Өөрийгөө өнгөлөн дөвийлгөгчдөөс гадна өнгөлөн далдлагч хоёр нүүртэн элбэгшжээ. Тийм хүнийг монголчууд "гаднаа гяланцаг, дотноо паланцаг" гэж сэжиглэдэг. Улс орондоо "Хулгайчдын" баг өмсгөж, дэлхийн чихийг дэлдийлгэсэн нь тэдний л хийсэн ажил. “Их ч өмхий, бага ч өмхий”. Бид хулгайч амьсгалд их дасжээ. Харьяат бүхэн эх оронч, өөриймсөг гэж итгэхэд бэрх болжээ. Европоос төрсөн нутаг, ижил сүрэгтээ гуйж ирсэн морь, хаана амьдрал сайн байна тэр миний эх орон гээд танаж яваа монгол залуу хоёрыг харьцуулахад олон зүйл ойлгогдоно.

Одоо бидэнд хүнээ судалж таних, мөн чанарыг нь ойлгуулах, оюун ухаанаа нээж дэлхийд таниулах шинэ том ажил тулгарч байна.

“Хүн хэлээрээ” гэдэг. Монгол хэл хэрэглэгчдийнхээ тар тамирыг таниулсаар иржээ. “Ховловол бутрах”-ын жамаар монгол угсаатан ойлголцолгүй дэлхийгээр наг тарж одсон байх. Одоо ч бие биеэ отсон бичил отгууд бий болчхоод байна. Хэл хүнд нялхаас нь амьдралын учир зүйг мэдрүүлдэг сурган хүмүүжүүлэх гун ухаан, ул үзэгдэгч ээж гэж ойлгодог хүн ховорджээ. Монгол хэл өвөрмөц багц үг, ая дуугаараа эх малын өрөвч зөн, хайрыг өдөөж, уяраан өнчирсөн нялх төлийг өөр эхэд авхуулдаг, ихэрлүүлдгээрээ давтагдашгүй. Малд ингэж нөлөөлдгийг бодоход хүний хүмүүжилд илүү эергээр нөлөөлнө гэж ойлгодог. Үндэстэн бүр эх хэлээрээ “гулгиж” өсдөг бол манай шинэ гэр бүл, хүүхэд залуус мөнчиг тачиг өсжээ. Хэлийг адуутай зүйрлэвэл номхны нь ноолоод дошгиныг нь тавиад туучихжээ. Хэлний язгуур шинж харьд уусагчдын халдлагад өртөж унаган төрхөө алдсаар байна. Тархинд цус нэвчихийг тархины харвалт, цус харвалт, тарган гэхийг таргалалттай, өвчтэй гэхийг өвчлөлтэй гэж элдэв хогоор булсан ч байх шиг. Монгол хүн таргалалт гэж ярьдаггүй. Сүхбаатар аймаг хамгийн өндөр малын хорогдолтой байна гэх юм даа. Хэл мохоох иймэрхүү өдий төдий гажиг үүсчхээд байхад тэр хэвээр нь нэвтрүүлж “нутагшуулж” байгаа нь “би-сэтгүүлч” олширсны шинж байх. Энэ мэтээр залуус эх хэл, ахмад үеэ тоохгүй төрөлх хэлнийхээ шалгалтад тэнцэхгүй хөглөх юм.

Юу ч хэлээд нэмэргүй эх захгүй, дуулгаваргүй, тоомжиргүй, мэддэггүй ч юмгүй, мэддэг ч юмгүй, юм үзэж нүд тайлаагүй, “үгүйгээр” дүүрсэн, биеэ тоосон, хийж бүтээхээс дайжин, зугаацах тансаглах нь дэндсэн, зоргоороо танхи хөвгүүд, охид олширчээ. Энэ нь “илжигний чихэнд ус ч хийсэн, тос ч хийсэн сэгсэрнэ” гэгчтэй агаар нэг юм. Тэгэхээр “хүн гэмээ...” яаж мэдэх вэ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй битүү далд санаа эцэг эхдээ их тойвтой юм. Зөв буруугаа нэг удаа ний нуугүй сайн ярилцаад ойлголцдог, амласан зорьсноо цагт нь хэрэгжүүлдэг соёлтой оронд бол хэрүүл маргаан, хүнд суртал, “үглэх янших” гэдэг үг ч байдаггүй байх. Европынхон хүүхдээ18 насанд нь багтаагаад бие дааж ажиллаж, амьдрах арга ухаан, дадлагад сургадаг, япончууд хүүхдээ багаас нь япон хүн болгож бэлтгэдэг бол манайхан гадаадчилах гээд хэн ч биш болгож ирэв. Тэгсэн бас дунд сургуулиудад "үе тэнгийн дээрэлхэл" нэртэй танхай бүлэглэл буй болж, мөрөөрөө яваа сурагчдыг зүгээр байлгахуй өдөж хатгаж, шоолж доромжилж, сүрдүүлж дээрэмддэг болжээ. Дээрэлхэл нь биеэ тоосон хүний мулгуу зан үйл юм. Олны жигшил, зэвүүцэл хор шар, өш хонзонг өдөөдөг, хүний эрх, нэр төрийг гутаадаг өөртөө олон дайсан бэлтгэдгээрээ тун хөнөөлтэй. Дээрэлхэгч насаараа нэр нүүргүй зожиг амьтан болно. Уул нь бид “үе тэнгийн нөхөрлөлөөрөө” бахархдаг л байсан юмсан.

Манайд монголчуудын ихэд цээрлэж ирсэн эрхийн тэнэг нүүрлэсэн бололтой. Өнөөгийн олонх ямар ч бодлого төлөвлөгөөгүй, урсгалаараа бүдүүн тоймоор аж төрдөг, хүүхдээ байтугай өөрсдийгөө ч хүмүүжүүлэх соёлгүй, туршлагагүй гэр бүлийн бүтээгдэхүүн бөгөөд ажил, амьдрал мэдэхгүй зоргоороо өссөн залуус. Ажил, сонгуулиас тэд л зугтдаг. Тэгэхээр хүүхэд бүр багаас нь амьдрал боловсрол хоёрыг хослуулан зааж, үзүүлж дасгах нь илүү үр дүнтэй. Цэцэрлэгийн нас бол хүүхдийн их шохоорхлын үе тул тэр хугацааг алдалгүй зориуд монгол хүн гэж хэн бэ, дэг журам гэж юу вэ, ямар байх ёстой тухай маш товч цэгцтэй ойлголт төрүүлбэл насандаа мартахгүй. Ялангуяа соёлтой хооллох, ариун цэвэр сахих дадал ховшилтой болгох нь чухал байна. Тэгэхгүй оронцоглодгоос гар биеэ зөв сайн угааж сураагүй томчуул ч тохиолддог.

Монгол монголоо байтугай өөрийгөө таньдаггүй, танихыг ч хүсдэггүй гэхээр хүмүүс их гайхдаг. Та эхнэр, нөхөр, өөрийнхөө царай зүс, ая занг андахгүй. Нөхөр чинь оюун ухаанаа ашигладаггүй бол танд дутуу, сайн ашигладаг бол бүгдэд бүрэн танигдана. Бид оюун ухаанаа олигтой ашиглахгүй атаршуулчхаад тэр талаараа дэлхийд танигдахгүй явна. Оюун ухаан бол хүн байхын нэг иж бүрэлдэхүүн нь юм. Монголд зохион бүтээсэн машин техник үзэгддэггүй нь оюун ухаанаа дайчлалгүй хоцорч яваагийн лай. “Ухаан”, “жолоо” гэдэг зүгээр ч үг биш, улс нийгэм, хүнийг удирдан залдаг автомат Цэнэг гэж ойлгогддог.

Төрөлхийн хар ухаан, шинжлэх ухаануудаас гадна монгол хүний хувьд бол амьдрах ухаан шиг хэрэгтэй юм алга. Хүнд ухаан сэхээ төрүүлдэг механизм нь ажил хөдөлмөр, амьдралын туршлага амой. Манайд насаараа ажилласан нэг шаварчин хятад монгол хүн 60 хүрч ухаан орно, 61 хүрээд үхнэ гэж 70 жилийн өмнө анх удаа монгол хүний орой ухаан ордгийг олж харжээ. Нэр муутай “шаврын” ажил хүртал хүнийг ингэж ухааруулдаг ажээ. Багаасаа хүч мэдлэг, оюун ухаанаа хийж бүтээхэд зориулсан хүн өөрийгөө эрт таньж, ухаарч, хөгжүүлж, жолоодож чаддаг бол ажилд дургүй хүн тэгж амждаггүй, өтөлсөн хойноо залуу нас мөнх бишийг мэдэрч амаа бардаг. Нүүдэлчид маань бүх хэрэглээгээ өөрсдөө хангаж ирсэн уламжлалтай атал өнөөгийн малчдын дийлэнх бог битгий хэл бод малаа ч бүрэн саахаа больж, асар их боломжоо алддаг болжээ. Залхуудаа ингэж дийлдэж, болзошгүй эрхшээлд бэлэн бус байна.

Архи гэдэг амсдаг идээг “уудаг дайсан” болгож хувиргаснаараа архинд донтогчид хорвоод “ховорхон хүмүүст” тооцогддог. Хаа явсан газраа хар мөр үлдээнэ. Түүний уршгийг тоочоод баршгүй. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал хавтгайрч, осол гэмтэл, гэмт хэрэг, өвчин зовлон өссөн нь тэдний л үлдээсэн хар мөр. Гудамжинд нийлж архиддаг, архи айргийг нэг аягаар ам дамжуулан уудаг, ялгадас, хог новшоор хөрс бузарладаг бүдүүлэг хэвшил давтагдсаар ирэв. Ядахад байгууллагуудын цагаан сарын дараах золголт бүх нийтийн үнсэлдээн болж хувирчээ. 100 хүн цугларсан бол хамгийн дүү нь 99 хүнээр үнсүүлэх жишээтэй. Халдвар тардаг л байх. Сайн, муу ялимгүй, үүсгэл, илрэл төдий зүйл бол монгол хүнд юу ч биш, тоохуй. Тийм мөртөө өчүүхэн хүлээхийг тэвчдэггүй этгээд гаж аягтай. Цувааны өмнүүр дайрч, даг эвддэг, улаан гэрэл асаатай байхад урсаж буй машин дундуур ороод явчихдаг хүн цөөнгүй. Урсгалаараа, дураараа тэгж аашилдгаас тухайлбал замын түгжрэл том асуудал болжээ. Замын гэж дээ, үнэн чанартаа бусдаас урьтах гэсэн гэнэн, бачуу зангийн л түгжрэл юм байна. Жолооч нар энэ зангаа татвал түгжрэл арилна гэж ойлгодог.

Хүн та гэнэн, хайнга, залхуу, хэнэггүй, тоомсоргүй, урсгалаараа дадал зуршлаа мэдэрдэг үү. Тэр бүгд таныг дагаж яваа болзошгүй аюул шүү. Болгоомж бол муу ёр биш, тэр бүхнээс урьдчилан сэргийлдэг дохио.

90 гартлаа 69 жил сэтгүүл зүйд зүтгэж, хүн судлал шохоорхож ирсний хувьд Монголд эв нэгдэл, оюун ухаан хоёр онц чухал байгааг олж харсан юм. Монголчууд түүхэн туршаа нэг их нарийн ухаан шаарддаггүй бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, илүү ухаан зарах, өөр салбар хөгжүүлэх шаардлагагүй байсны улмаас оюун ухаанаа удаан хугацаагаар царцааж иржээ. Тэр уламжлал одоо ч нөлөөлсөөр байна.

Байгаль хүн төрөлхтөнд “оюун” хэмээх аугаа их хүч чадвар заяажээ. Энэ чадварыг дотор нь оюун билиг, оюун ухаан, оюун санаа гэж зааглан үзэх нь зүйтэй байх. Оюун билигт ой ухаан хамаарна. Ой бол мэдлэг, мэдээлэл, амьдралын туршлага, дуу, дүрс буулгах, хадгалах, харуулах (камер шиг) дижитал архив юм. Ой ухаан төрөлхийн, оюун ухаан үүсмэл, олдмол чанартай гэж судлаачид ярьдаг. Хонуут хэлж хайлаад дуусдаггүй үлгэр, домог, туульс тогтоосон, (цээжилсэн) жирийн малчин зөндөө байсан бол харь хэлний хэдэн арваар тоологдох жанч ном тогтоосон монгол лам нар үй түм байжээ. Одоо ч байна. Дээр үед олон ном тогтоосон ой сайтай хүнээ эрдэмтэйд тооцож, оюун ухаантай эндүүрч явжээ. Монгол хүн ой ухаанаараа дэлхийд дээгүүр ордог хэр нь хөгжлөөрөө хоцорч яваа нь оюун ухаан, санаагаа олигтой ашиглахгүй атаршуулж ирсэнтэй холбоотой юм байна.

Оюун ухаан хүн төрөлхтнийг өнөөдрийн түвшинд хүртэл хөгжүүлж чаджээ. Ой той, оюун ухаан хоёр харилцан үйлчилж мэдлэгийг жинхэнэ эрдэм, үйлдвэрлэл, баялаг болгон хувиргадаг ажээ. 

Хөгжихийн тулд үнэнч, ажилсаг төдийгүй оюунлаг хүн хэрэгтэй. Тийм хүмүүсийг амьдрал, үйлдвэрлэл дээр хүнтэй ажиллаж бий болгоно. Тэгэхээр хүнтэй ажиллах том ажил шаардагдана. Монголчууд “хүний эрээн дотроо” гэдэг. УИХ-аас эхлээд хун ажиллаж амьдардаг бүх нэгж хүнтэйгээ ажиллаж, тэдний эрээнийг нэвтлэн гийгүүлэх бүрэн боломжтой. Хүнтэй ажилласнаар олон бэрхшээлийг нэг сумаар устгаж болно.


Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г. Далантай

Холбоо барих утас: 99757325, 99301101