Энэ 7 хоногт
Документа: Дүрслэх урлагийн цөм
Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбооноос уран бүтээлч Ц.Ариунтөгс, зураач Б.Номин нарыг Германы Кассел, Грекийн Афин хотод ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Документа 14 олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор шалгарсныг зарлалаа.
Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбооноос уран бүтээлч Ц.Ариунтөгс, зураач Б.Номин нарыг Германы Кассел, Грекийн Афин хотод ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Документа 14 олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор шалгарсныг зарлалаа. Үзэсгэлэнгийн куратор Кандис Хопкинс, Хэндрик Фолкэртс нар өнгөрсөн жил Улаанбаатарт ирж, монгол уран бүтээлчдийн ажлуудтай танилцаж, дүрслэх урлагийнхантай уулзсаны дүнд шийдвэрээ ийн гаргасан аж. Документа 14 олон улсын үзэсгэлэн Афинд дөрөвдүгээр сарын 8-наас долдугаар сарын 16 хүртэл, Касселд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх юм.
Эрин цагийн урлаг ба Грекийн их өр
Зөрчил урлагийн хамгийн хүчтэй үүдэл болох нь түгээмэл. Гэхдээ энэ нь хариулт өгөхөөс илүүтэй зөрчлийн илэрхийлэл хийгээд ангижрах арга замуудын эрэлхийлэл болдог. 62 жилийн түүхтэй Документа олон улсын үзэсгэлэнг энэ жил Германы Кассел болон Грекийн Афинд зэрэг зохион байгуулах болсны учир энэ аж. ДНБ-ийнхээ 180 хувьтай тэнцэх их өртэй байгаа Грекийн хамгийн том зээлдүүлэгч нь Герман улс. Сүүлийн 10 жилийн турш үргэлжилсээр буй Грекийн санхүүгийн хямралыг Европын холбооноос шийдэхийг хичээж, Герман санхүүгээр тусалсаар байгаа ч байдал тэгтлээ наашилсангүй. Татвар төлөгчдийн мөнгөөр өөр нэг улсын өрийг дарахад зарцуулах нь оновчтой эсэх тухай Германы популист намууд ч байнга шүүмжилсээр. ОУВС-аас авсан зээлийн хүүгээ арай ядан төлж буй Грек өрнөөс салах замаа бушуухан олохгүй л бол 2060 он гэхэд өрийн хэмжээ нь ДНБ-ийнх нь 250 хувьд хүрэх магадлалтай байгаа юм. Үүн дээр Африк, Ойрхи Дорнодоос Европыг зорьж буй дүрвэгсэд хамгийн түрүүнд Грек рүү очдог нь дайран дээр давс нэмж буй хэрэг, толгойн өвчин байсаар байна.
“Афины гудамжаар явахад сэлүүхэн, чимээгүй, өмнөх шигээ халуун, амьд хот байхаа больж хүмүүс нь ямар нэг зүйл хүлээж буй мэт байдалтай. Ийм ичгүүрт байдалд орсондоо тэд санаа зовж, эмээж байна. Ихэнх улс орон, дийлэнх хүн Грек орныг, грекчүүдийг үүнд буруутгасаар байгаа. Харин асуудлыг бодитоор, олон талаас харахын тулд үүнийг зөвхөн грекчүүдийн асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол Европ тив төдийгүй дэлхий дахины бодлогыг эргэж харах цаг болсныг сануулж буй юм.Тогтолцоо өөрөө гүн хямралд орсны нэг илрэл нь энэ. Тийм ч учраас Документа 14-ийн нээлтийг Грекийн Афинд хийж, 100 өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнг тус хотод зохион байгуулахаар шийдсэн” хэмээн энэ жилийн Документагийн ерөнхий куратор, арт директор Адам Симчик ярьжээ. Тэрбээр цааш нь “Асуудлыг олон талаас нь харах, улс дамнасан бүтээлч харилцан яриаг, зөвлөлдөөнийг үүсгэх нь Документагийн гол цөм байна. Гэхдээ бид үүгээрээ хэн нэгэнд заах эсвэл туслах тухай хэлээгүй. Харин хамгийн шилдэг уран бүтээлчдийг Афин бас Касселд урьж, туршлага, оюун бодлоо хуваалцахыг урьж буй хэрэг” хэмээн хэлсэн нь бий.
Нацизмын сүүдрээс дайжигсад ба Документагийн эхлэл
“Wall Street Journal”-ын урлагийн тоймч Келли Кроу Документаг “Урлагийн их ан” хэмээн тодорхойлжээ. Намнах тухай энд яриагүй нь тодорхой. Харин Документагийн кураторууд дэлхий даяар явж, төрөл бүрийн уран бүтээлчдийн ажлуудыг үзэж, уулзаж ярилцсаны үр дүнд шилдгүүдийг шалгаруулж, урьдаг учраас ийн нэрлэжээ. Жишээ нь Документа алдарт Ай Вэйвэйг 2007 онд сонгон шалгаруулж, “Fairytale”-ыг дэлгэсний дүнд түүний олон улс дахь нэр хүнд огцом өсөж, тухайн жилээс өнөөг хүртэл хамгийн “Хит артист” болсоор явна.
Таван жил тутам зохион байгуулагддаг уг үзэсгэлэнг анх 1955 онд Германы уран бүтээлч, куратор Арнолд Боде санаачлан, зохион байгуулж эхэлсэн юм. Герман орон нацист дэглэмийн он жилүүдэд дэлхий ертөнцөөс тусгаарлагдаж, дайны дараа муу нэр, гашуун дурсамжтай үлдсэн. Тэр дундаа бүтээлч, оюунлаг хүмүүс нь өөр улсууд руу дүрвэх нь дүрвэж, зарим нь хэдийнэ үрэгдсэн байв. Чухам ийм нөхцөлд Герман орныг эерэгээр дахин таниулах, урлагааар дамжуулан улс орон, үндэстнүүд эвлэлдэн нэгдэж, харилцан ойлголцож, хамтран ажиллах шаардлага тулгарсан байлаа. Үүнийг соргогоор анзаарч, Европын тэргүүлэх уран бүтээлчдийг нэг цэгт цуглуулах, олон улсын хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах ажлыг Арнолд Боде ийн гардан эхлүүлсэн нь өдгөө зиндаа, цар хүрээгээрээ Венецийн биеннальтай өрсөлдөхүйц чухал арга хэмжээ болжээ.
Документаг зорих үзэгчид таван жил тутам зохион байгуулагдах бүрд нэмэгдсээр байгаа нь чансааг нь харуулдаг. Тухайлбал, 1992 оны 9 дэх Документа түүхэндээ анх удаа Кассел хотод хагас сая хүн цуглуулсан бол 2002 оны 11 дэх Документа 650 мянган үзэгчийг татсан нь Касселийн хүн амаас гурав дахин их тоо юм. Тэгвэл хамгийн сүүлийн буюу 2012 оны 13 дахь Документаг үзэхээр 905 мянган үзэгч ирсний талаас илүү хувь нь гадаадын үзэгчид байжээ.
Урлагийн цахим маркет Artnet.com-аас гаргасан энэ төрлийн жагсаалтад Венецийн биенналь тэргүүлсэн бол таван жил тутам Германд зохион байгуулагддаг Документа удаалж, Америкийн Уитнигийн биенналь, Европын Манифеста, БНСУ-ын Гванжугийн биенналь эхний тавд бичигджээ. Аль ч орон хийгээд уран бүтээлчдийн хувьд эдгээр үзэсгэлэнгүүдэд оролцох нь асар их хариуцлага хийгээд нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болдгийн учир энэ. Дэлхийн хэмжээнд ААА зэрэглэлтэй Венецийн биеннальд Монгол улс хоёр жилийн өмнө анх удаа өөрийн павильоныг нээн оролцсон нь магад манай дүрслэх урлагийн түүхэн дэх хамгийн чухал бөгөөд онцлууштай үйл явдал болсон юм. Тэгвэл энэ жилээс жагсаалтын хоёрт бичигдсэн Документа 14-т тус үзэсгэлэнгийн ерөнхий куратор Адам Симчикын урилгаар монгол уран бүтээлч Ц.Ариунтөгс, Б.Номин нар оролцох гэж байгааг дахин онцлууштай.
Б.ЭГШИГЛЭН
урлаг
bars