Эрдэмтэд шимпанзэ мич дээр нэгэн туршилт хийжээ. Хоёр ижилхэн мичийг зэргэлдээ хоёр торонд 10 өдрийн турш ижилхэн чихэрлэг төмсөөр хооллоод, харин туршилтын 11 дахь өдөр хоёуланг нь хоолгүй өлсгөж, 12 дахь өдөр нэгэнд нь тарвас өгч, нөгөөд нь өнөөх л амтат төмсөө өгөв. Амтат төмс авсан мич нь “Арай ч дээ, нээрээ юу?” гэсэн харцаар харж байснаа гэнэт уурлаж цамнан, бүгдийг нь шидэж цацлаж орхив гэнэ. Тэгсэнээ тарвас идэж буй нөгөө мич үрүүгээ ч торны цаанаас дайрч уураа гаргав. Уг нь гомдож уурласан мичний хувьд хохирсон, алдсан зүйл ерөөсөө байгаагүй, харин ч өлсөж байгаад хоолтой залгасан шүү дээ. Ердөө нөгөө мич нь тарвас идэж, өөрөө амтат төмс идэж буйд л уурласан хэрэг /мичний хувьд тарвас тансаг зоог аж/. Атаархал, бусдаас ялгаварлагдаж буйдаа бухимддаг энэ чанар зөвхөн монгол хүн ч биш, зөвхөн хомосапиенс ч биш шимпанзи, орунгтан, бонобо гээд ерөнхийдөө л бүх төрлийн мичний зан төлөвт ажиглагддаг байна. Тэгэхээр бусдад атаархаж буй бараан сэтгэлдээ битгий санаа зов, энэ хэдэн сая жилийн өмнө бидний өвөг дээдэс мичнүүдээс үлдсэн өв бололтой юм.

Сая Карантин-14 шоуны үеэр нэг сонин яриа болсон юм. Чээлэнжийн уралдаан түрүүлсэн гэр бүлийг “iPhone 12 pro” утсаар шагнах байсныг нь хөтлөгч “iPhone 12 pro max” гээд андуураад зарлачихаж. Хэдэн мянган хүний дундаас сонгогдож шагнуулсан азтан маань “Уг нь та нар айфоон 12 про макс өгнө гэсэн, гэтэл энэ чинь зүгээр айфоон 12 про байна” гэсэн санал гомдол хүргүүлж, нэвтрүүлгийн арын албаныхан уруу байн байн лавлаж нэлээд ширүүн яриа үүсгэсэн байгаа юм. Ийм үнэтэй утсаар шагнуулсан хүн их баярлах болов уу гэж байтал бараг л ундууцах, гайхах шинжтэй. Өнгөц бодоход эгдүүцмээр ч бас дахиад сайн нягталбал зөвтгөл бас бий. Энэ бол шунал гэхээсээ атаархал, бүр гоёор хэлбэл “тэгш бус байдлыг буруутгасан” хомосапиэнсийн төрөлх зарчим байсан юм. Учир нь эхний ганц нэг өдөр нь үнэхээр ч ялагчдыг “iPhone 12 pro max” утсаар шагначихсан юм билээ л дээ. Харин тэр “азгүй” гэр бүлийг “ердөө” л нэг муу “iPhone 12 pro” утсаар шагнасан хэрэг. Ялгаварлал үүсч байгаа биздээ? Юу дутуу хийсэн гэж арай дутуу шагнуулах ёстой билээ ер нь?

Хүнийг, ер нь л хоёр хөлтэй мичнүүдийг бүгдийг хамгийн их бухимдуулдаг зүйл нь ялгаварлал. Магадгүй бусдаас хоцрохгүй, сүрэгтэйгээ нийлж явбал цаашид амьдрах боломж их үлддэг Дарвины хувьслын шинж ч биз. Хар цагаан хэл ам гэдэг ердөө л атаа жөтөө юм. Яг одоо нийгмийг хамгийн их бухимдуулсаар байгаа зүйлс бүгдээрээ л тэгш бус хандлага, ялгаварлал байдаг юм шүү. Нэг жишээ нь бүгдийн үзэн яддаг “Зөрчлийн хууль”. Үнэндээ өөрөө торгуулсандаа бухимдаагүй, бусад нь ч жигдхэн торгуулахгүй байгаад л бухимдаад байгаа хэрэг. Ачилтын машинууд зөвхөн өөрийг нь ачаад бусдыг нь ачихгүй байгаад л хүмүүс бухимдаж байгаа. Ард түмэн ядуудаа нэг их бухимдаагүй ээ, баян хүмүүст хууль тэгш үйлчлэхгүй байгаад л уурлаад бухимдаад байгаа хэрэг. Зарим нь 4 саяын тэтгэвэрийн зээлээ тэглүүлж байхад зарим нь ердөө 400 мянгын зээлээ тэглүүлсэн. Зээл аваагүй зарим нь бүр ч монжуулсан мэдрэмж төрж, дотор нь цухалдаж байгаа ч эрхбиш “монгол хүний уужуу ухаан” гаргаж чимээгүй байгаа. QR коод ч бас маш том ялгаварлал үүсгэж байна. Зөвшөөрөгдсөн 13 салбарт хальт суудал бөглөдөг зарим нь азаар QR коод олоод авчихсан даналзаж явахад бие нь муудсан хүн эмнэлэгт очиж чадахгүй ялгаварлагдаж байх жишээтэй. МҮХАҮТ -аас татвар, нийгмийн даатгалын өртэй байгууллагуудын өрийг тэглэх санаачилга гаргаж байна, буруу л байхдаа. Чардайж байгаад татварын өрөө төлсөнүүд нь тэгээд яах юм? Сайн муугаар шуугиан тариад буй “Мэдээллийн урсгал” хөтөлбөрт сэтгүүлч, хэвлэлийнхэн тэгтлээ уурлаад байгаа нь гол эх сурвалжууд зөвхөн хэдхэн хүнд л мэдээлэл өгч, хэдхэн сэтгүүлчийг л дээш нь шидэж, бусдыг нь ялгаварлаад байгаагаас л болж буй хэрэг. Нэгнийг ялгаж сайшаалаа гэхэд тэр нь олигтой баярлалаа гэхгүй ч байж магад, харин сайшаагдаагүй бусад нь чамайг болон бусдыгаа үзэн ядах болно. Энэ бол монголчуудын ч биш, хомосапиэнсийн ч биш бүр мичнүүдийн байгалийн хууль ажээ.