Эдийн засаг ч нэг унахаараа бусдыгаа сайхан чирэх юм аа. Дандаа буурсан, унасан тухай стаатистиг. Шинэ жилээр эрүүлжигдсэн хүний тоо хүртэл ноднингийхоосоо буураад байхдаа яахав дээ. Төгрөгийнхээ ханшийг дагаад гэмт хэргийн гаралт хүртэл унадаг л юм байна.Манайхан асуудлаа мэдээд байвч, гүн рүү нь орохгүй байна. Траншейнд амьдардаг хүмүүс гэж бөөн юм ярьдаг. Асуудлын гол нь траншей гэж юм, хүн гэж бас нэг юм байна. Энийг шиидэх хүмүүнлэг бас хүмүүнлэг бус хоёр арга бий.  Хүмүүнлэг бус нь хүнийг нь арилгах.  Хүн алга болчихвол траншейнд зөвхөн мал орно. Тэхээр нь малыг устгана. Мал устахаар шавьж хорхой орно. Энэ бол бидний проблем биш. Хүмүүнлэг арга нь: траншейг өөрийг нь устгана. Траншей байхгүй юм чинь хүн хаана орох билээ.

Одоо утаа руу орьё. Утаа хот хоёр нийлчихээд проблээм болоод байна. Энийг арга билиг гэдэг юм шүү дээ. Траншей хүн хоёр ч бас арга билиг. Цагдаа хэрэгтэн хоёр ч бас арга билиг. Тэхээр арга билиг хоёрыг хагацуулж асуудлыг шииднэ.Хотыг нь алга болгож болно. Гэхдээ арай хайран юмуу даа. Ингэхээр утааг нь алга болгох нь ойлгомжтой гэдэг нь харагдаж байгаа биз. Иимхэн юмыг л та нар хардаггүй шүү дээ.

Одоо төгрөгийн доллартай харьцах ханш унаад байна. Энийг мөн л арга билгийн  замаар шииднэ. Бас билиг билиг, арга арга гэсэн хувилбар ч бас байна.

Юун түрүүн билиг билиг зарчмыг авч үзье.  Амархан. Төгрөгийн ханшийг одоо байгаагаас нь зуу дахин чангалж болно. Ердөө төгрөгнөөсөө нэг тэг хас. 1000 төгрөгийг зуун төгрөг болго. Тэгээ л төгрөг чангараад 150 нь нэг доллартай тэнцэнэ. Шинэ маягийн ХХ дугаар тогтоол үгүйлэгдэж байна. Ингэхээр юмны үнэ ч хямдарна.

Гэвч иим арга сул талтай. Доллараа ингэж унаж байгааг америкчуд зүгээр хараад сууж чадах уу, үгүй юү. Үүний эсрэг америкчууд арга арга зармыг хэрэглэн доллараасаа бас нэг тэг хасан манайхыг гүйцэж аваад цааш түрүүлж болох осолтой.

Иимээс доллартой тэмцэхдээ мөн л арга билигийн замаар явах нь гарцаагүй болоод байна. Доллар-төгрөг хэмээх арга бэлгүүд буруу харьцаад (хурьцаад гээгүй шүү) байна.  Иймд аль нэгийг нь алга болгох ёстой. Мэдээж долларыг алга болговол аштай юу. Энэ нь хэтэрхий их зардалтай, дээр нь өөрийн орноос гадна америкийг араасаа чирж явах хүнд ачааг бидэнд ноогдуулна. Учир иимд арай хямд төсөр зам бодууштай. Энэ бол төгрөгийг алга болгох. Ингэмэгц билиг нь алдагдсан арга мөхдөгийн нэгэн адил төгрөгөө алдсан доллар унаад өгнө. Мэдээж долларыг алахын тулд төгрөгөө алах нь харамсмаар байгаа. Гэхдээ өвчтөнгүүдээс  үлгэр жишээ авъя. Мухар олгой ургасан хүн “хайран хөөрхөн мах цусны минь тасархай” гээд олгойгоо авахуулахгүй байвал үхнэ биз дээ. Хэрэгтэй цагт нь юмаа тайруулж, авч хаяж бай. Тэхгүй бол өөрөө үхнэ гэдэг үнэнийг мухар олгой ургасан мянга мянган хүн бидэнд хэлж байнам бус уу?

Бас Таван толгой , Оюу толгой  гэж нэг толгойн өвчин байна. Гол нь тэнд зэс нүүрс байгаагаас болж арга билиг харшсан билээ. Энийг шиидэх хамгийн зөв арга-билигийн зам бол бушуухан тэр зэс нүүрсийг алга болгон аргыг ганцаардуулах барилаар амгалан болгох. Ашигладагсан уу? Дэлбэлэдэгсэн үү? Хамаа алга.  Тэнд юм байхгүй болсон цагт арга билиг харшихаа болж бидний санаа амрана.

Эцэст нь эдийн засгийн уналтын талаар зарчмын зөвлөлгөө хэлье. Энэнээс цааш олон юм ярихгүй. Надаас гуйвал тэр л биз.

Манайхан  юмны шалтгийг олж харахын оронд үзүүртэй нь ноцолдоод дуусах юм. Хамаг юм хямралдаа байгаа юм биш, эдийн засагтаа байгаа гэдгийг олоод харах хүн алга уу?  Аанай л арга билиг үгүйлэгдэж байна. Билгийг сөнөөх замаар аргыг мөхөөх учиртай. Мухар олгойг, авч хаяснаар өвчтнийг авардаг жамтайг эргэн анацгаая. Тиимээс эдийн засаггүй болох санал байна.  Ер нь бидэнд эдийн засаг хэрэгтэй эсэх нь тун эргэлзээтэй. Чингэсийн үед цэрэг л байснаас эдийн засаг байгааггүй. Энэ нь тэр үед нэг ч эдийн засагч төрөөгүй явдлаар нотлогдоно.  Дараа нь бид буянт мал байснаас эдийн засаг байгаагүй. ХХ зуунд бидэнд эдийн засгийн оронд социализм байсан. Ардчилж байгаа нь энээ гээд хориод жилийн өмнө эдийн засагтай болоодохсон чинь одоо байж байгааг нь хар.  Бурхан бидэнд угаасаа хэрэг болохгүй гэж үзээд эдийн засаг өгөөгүй ч байж мэднэ. Оронд нь “хөх толбо” өгсөн ч юм билүү? Эдийн засаггүй болчихвол хямрахгүйгээс гадна, энэ олон эдийн засагчдаас салж мөрөөрөө амьдрах боломж бүрдэнэ.