Бидний энд ярьсан Монгол улсын тусгаар тогтнолоо сэргээсэн түүх бол 1907-1946 он хүртэл үргэлжилсэн ийм урт драм юм. Ямар хүнд нөхцөлд туйлбартай тасралтгүй тэмцэж зүтгэж, асар их хохирол оронд нь төлж байж тусгаар тогтнолоо олж авсныг ойлгоцгоох хэрэгтэй санагдана. Түүхийг гуйвуулах, хялбарчлах, худлаа өнгөлөн дөвийлгөх, учир шалтгааныг нь гээгдүүлэх, эсвэл үзэл суртлын зорилгоор түүхээ гутаах нь хожимын хойно хор уршигтай. Болоод өнгөрсөн түүхийг засах бололцоогүй ч ирээдүйгээ харахад зайлшгүй чухал сургамж болдгоороо их ач холбогдолтой юм. Монголын нэн шинэ түүхийг, тусгаар тогтнолоо хэрхэн сэргээсэн цэдгийг Орос, Хятад, Японгүйгээр ойлгох бололцоо байхгүй шүү дээ.
1991 онд Бямбасүрэнгийн Засгийн газраас монгол төгрөгийн ханшийг хоёр дахин унагах 20 дугаар тогтоол гарсныг ихэд муулдаг. Монголд байрлаж байсан 100 мянган зөвлөлт цэрэг, тэдний эхнэр хүүхдийн дунд Ленинградад хэвлэгддэг төгрөг хичнээн байсныг Монголын ганц байсан банк нь мэддэггүй байсан. Тэдний гар дээр байгаа мөнгөний ханшийг огцом унагаж байж нийт төгрөгийнхөө баримжааг олж мэдэн удалгүй шинэ эмисс хийсэн нь тухайн үедээ тун оновчтой, эдийн засгийн хувьд зайлшгүй хийх ёстой байсан арга хэмжээ юм. Тэрний дараа л үнэнгээсээ Монголд анхны үндэсний Төв банк байгуулагдсан юм шүү дээ.
Манай хэвлэлийн газар байгуулагдаад 13 жил болж байна. Ердөө 15 хүн тогтмол ажилладаг жижиг гэхээр компани боловч долоо хоногт 2 ном шинээр зах зээлд гаргадаг. Нийт бүтээгдэхүүний 70 орчим хувь нь орчуулгын ном товхимол. Ажлын 70 орчим хувийг аутсорсингоор бүтээдэг. Бидэнтэй янз бүрийн мэргэжлийн хэдэн зуун хүн хамтран ажилладаг.
Өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол баталгаатай. Энэ орныг хэн ч эзлэн түрэмгийлэх гээгүй. Үгүйдээ л дэлхийг хамарсан дараагийн дайн хүртэл. Монгол улсыг хоёр хөршийн хэн нь ч анекс хийх, булаан эзлэх сонирхолгүй. Тэдэнд найдвартай жийрэглэгч тусгаар улс хэрэгтэй. Харин энэ тусгай бүс рүү өөр сонирхогчид орж ирэн гүн харилцаа тогтоохыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Тэртэй тэргүй бололцоогүй зүйлийг боломжийн болгох гэж зүтгэх тусмаа монголчууд л хохирно.
Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлэн Олбрайтын Анхаар:Фашизм гэсэн ном энэ оны хавар хэвлэгдэн гарсан даруйдаа бэстсэллэр болсон. НЭПКО хэвлэлийн газраас энэ номыг Ариунсанаагийн орчуулгаар хэвлэн гаргалаа. Уг номын хэсгээс уншигч олонд сонирхуулж байна.