Энэ 7 хоногт
“Нэг нь өгч сурсан, нөгөө нь авч сурсан хадаг самбай хоёр”
Авилгаас үүддэг эдийн засгийн бодит хохирлын дийлэнх нь улсын төсөвт үүрэгддэг.
Монголчууд ингэж л ярьж, сэтгэж ирсэн ард түмэн. Энэ нь бидний нийгэмшиж гүйцээгүйтэй ч юмуу, нүүдэлчин уламжлалтай холбоотой гэх хэн нэгэн гарах л байх. Юу ч гэж хэлбэл хэлэг, хамаагүй. Хадаг, самбай хоёроо өгч, авч сурсан маань л үнэн юм, хойно.
“Аяганы хариу өдөртөө, агтын хариу жилдээ” гэх зүйр үгийг жижиг авилга, том авилга гэж ойлгодог болоход монголчууд бидэнд урт удаан хугацаа шаардагдах байх. Бусдынхаа тусыг хариулж, өрлөгийн буянтай явахыг үндэстний ухамсар дахь бичигдээгүй хуулиараа хуульчилж тогтоочихсон, түүнийгээ удам угсаагаараа яс, цус хоёртоо шингээж уламжлуулдаг ард түмэн шүү дээ, бид.
Уул нь corruption хэмээх энэ харь үг, албан тушаалын буюу өөрт ноогдуулсан эрх мэдлийг хувийн эрх ашигт ашиглах гэдгийг илэрхийлсэн үг л дээ. Хийх ёстой ажлаа хийхгүй байхыг ч хамааруулдаг. “Эрх мэдлийн худалдаа” гэж нэрлэх нь бий. Ийм үйлдэл нь албан бусаар бусдад үнэлэн худалдсан эрх мэдлээ өөрөө хэрэгжүүлж чадахгүйд хүрч, улмаар тухайн байгууллагын ажил, үйлчилгээг замруулахад хүргэдэг гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байна. Ялангуяа энэ нь төрийн байгууллагад онцгой хортойгоор тусдаг юм байна л даа.
Авилгын хамгийн онцгой хор холбогдол бол Төрийн нэр хүндийг ард түмний дотор унагах явдал гэж олон улсын судалгааны байгууллагууд тэмдэглэжээ. Улс төрчид, шийдвэр гаргагчдын үнэн ярьж байгаа эсэхийг ялгахаа болихоороо олон нийт төр, засаггүйтэй яг адил болж хувирдаг байна. Анархи болно гэсэн үг л дээ. Улмаар үймээн самуун дэгдээх, хэв журмыг үл сахих, гэмт хэрэг хийх явдал гаардаг байна.
Авилгаас үүддэг эдийн засгийн бодит хохирлын дийлэнх нь улсын төсөвт үүрэгддэг. Үнэн чанартаа татвар төлөгчид хохирдог гэсэн үг. Тэгэхээр яах аргагүй авилга нийтлэг эрх ашигтай зөрчилддөг юм.
Харин урвуулан ашиглах эрх мэдэлгүй, албан тушаалгүй энгийн иргэдэд нийтэд нь халдааж, жаяг заншил гэж ойлгож ч болох нийтлэг соёлыг “авилга” гэж нэрлэн, үгүй хийхээр оролдох нь тухайн үндэстнийг устгахаар санаархаж байгаагаас өөрцгүй.
АНУ-ын Азийн сангаас 2006 онд явуулсан судалгаагаар “Монголд хамгийн авилгад идэгдсэн бүлэг бол багш, эмч нар” гэсэн дүн гарч байлаа. Тэгээд уг судалгааны дүн дэлхий даяар тарж, манай улсын авилгын индекс нэлээд доошилж, улмаар Мянганы хөгжлийн сангийн санхүүжилт учир битүүлгээр удааширч эхлэсэн юмдаг. УИХ дээр зарим гишүүд Азийн санг буруутган, хатуу хөтүү үг чулуудаж, “судалгааныхаа дүнг мэдээлэхдээ бидэнтэй зөвлөх хэрэгтэй байсан” гэх анзааны санаа цухалзуулж байсан санагдаж байна. Үүнээс монголчууд авилгын тухай асуудлаарх ерөнхий тодорхойлолтоо нэгтгэх хэрэгтэй юм байна гэсэн ойлголт нийгэмд бий болж билээ.
Ингээд л өнөө аяга, агт хоёрын хариу авилга болж хувирсан. Хүмүүс бие биендээ тус болж, сайн санаж чадахаа байв. Тус болсон нэгэндээ аятайхан талархал илэрхийлж ч болохоо болив. “Өеөдсөн нэгнээ өргөж босгодог” монгол сайхан чанар алга болов. Үргэлж “гадны жишиг”, “барууны соёл” ярьж, аав, ээжийндээ (төрж, өссөн гэртээ) зочлохдоо хүртэл идэх юмаа авч очдог “гайхалтай сайхан” заншлыг шагшин шогширдог болов. Зарим нэг маань шогшроод зогсохгүй, өөриймшүүлж авсан нь ч бий л байх. Ингээд монголчууд монгол биш болов. Авилгатай тэмцэх бидний “ариун” үйл хэрэг үндэстнээ устгах ав хоморго болон хувирав.
Монголын их туйлшрал аа гэж...
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
Eba
Зочин