Америкт энэ намар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоо их сунгаан болж байна. Эрх ээлжлэн баригч хоёр нам өөр өөрийн нэр дэвшигчийг тодруулах гэж байгаа юм. Америкийн эдийн засгийн хямрал, Ирак дахь бүтэл муутай дайнаас болоод энэ удаа Бүгд найрамдахчууд ялагдах магадлал тун өндөр байгаа. Ингэхээр Ардчилсан намын нэр дэвшигч илүү горьдлоготой.

Ардчилсан намаас эсвэл эмэгтэй, эсвэл хар арьстан тодрох нь. Ийм юманд Америк бэлэн үү? Хар арьстнууд дөнгөж иргэний дайнаас хойш л иргэний эрх эдлэх болсон. Америкийн түүхийн сүүлчийн хагас. Жараад он хүртэл өмнөд мужуудад сегрегаци амь бөхтэй оршсоор байсан. Тавь хүрэхгүй жил. Хар арьстнууд Америкийн нийгмийн бүрэн эрхт гишүүн мөн, гэхдээ энэ орныг удирдахад нийгмийн сэтгэл зүй бэлэн үү? Америкийн эмэгтэйчүүд дөнгөж хориод оны үеэс сонгуулийн эрх эдлэх болжээ. Америкийн түүхийн дөрөвний нэг. Ардчилсан боловч патриарх уламжлалтай, дэндүү гэмээр пуритан орон. Эдний парламентийн 10 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Ингэхээр Америкийн нийгэм эмэгтэй удирдагчийг хүлээж авах уу?

Өнгөт арьстнууд болон эмэгтэйчүүд Америкийн нийгмийн амьдралын жолоонд хүч түрэн гарч ирж байна. Үүний нэг тод жишээ нь Ардчилсан намын дээрхи нэр дэвшигчид. Урьд нь дэд Ерөнхийлөгчид эмэгтэй хүн нэр дэвшиж байлаа. Киркпатрик НҮБ-д Нэгдсэн улсыг нэр төртэй төлөөлж байсан. Олбрайт Америкийн хоёрдугаар хүнээр дөрвөн жил ажилласан. Одоо энэ ажлыг залгамжилсан Кондализа бол эмэгтэйгээс гадна хар арьстай. Ардчилсан намын сунгаанд хар арьстан Жэксон нэлээд дээгүүр давхиж байлаа. Төрийн нарийн бичгийн дарга Колин Паул Иракийн дайныг удирдсан цэргийн нэрт зүтгэлтэн юм. Ингэхээр америкчууд өнгөт арьстан, сул хүйстнээр удирдуулах бэлтгэлтэй төдийгүй цаг нь болсон юм шиг. Обама, Хиллари хоёрын аль нь ч гарч ирсэн Америкийн дотоод эвлэрэл улам хүчирхэгжинэ гэж тайлбарлагчид ч олон. Обамаг үй олон цагаан арьстнууд дэмжиж, Хилларид эрэгтэй байтугай эмэгтэй сонгогчид ч тал өгч байна.

Америкийн Ерөнхийлөгч хэн байх нь зөвхөн америкчуудын асуудал биш юм. Ерөнхийлөгч Вильсон дэлхийн нэгдүгээр дайнд Америкийг татан оруулснаас хойш энэ хүчирхэг орон ХХ зууны турш манай гаригийн өмнө асар их хариуцлага хүлээсээр ирлээ. Шинжлэх ухаан, эдийн засаг, цэрэг, соёл гэсэн голлох дөрвөн хүрээнд үнэмлэхүй ноёрхсон америкчууд олон эсэргүүцэгчдийн нэрлэдэгээр дэлхийн жандарм, талархагчдын нэрлэдэгээр энх амгаланг тогтоогч юм. Энэ үүргийг тэдэнд хэн ч хүлээлгээгүй боловч тэд бусдын хэрэг бидэнд хамаагүй, эсвэл манай хэрэг бусдад хамаагүй гэсэн дундаж орны хувиа хичээсэн үзлээр орших аваас ХХ зуунд дэлхийн хөл толгой солигдох байсан биз. Дэлхийн хоёр дайн, коммунизм, нацизм, фашизм, терроризм гээд хүн төрлөхтнийг хамарсан аюул гамшиг америкчуудын идэвхи зүтгэл оролцоогоор хумигдсан. Тэгэхээр хүний нийтлэг хөгжлийн үндсэн чиг гольдролыг тогтоон барьж байх үүргийг тэдэнд түүх ноогдуулсан юм.

Хоёрдугаар дайны дараа Америкийн эдийн засаг дэлхийн хагас байлаа. Үүнээс хойш зогсолтгүй буурсаар одоо дөрөвний нэг болсон байна. Европын холбоо үүсч, шинэ Хятад өндийн босч, Энэтхэг, Бразил томорч, япончууд технологийн дээд эрэмбэд гарч байгаа өнөө үед Америкийн хүч чадал харьцуулсан үзүүлэлтээр улам жин алдаж байна. Магадгүй хэсэг хугацааны дараа Америк хэт том гүрнээс томчуудын нэг болтлоо доош орон, тэдний үүрэг роль тэр хэрээрээ буурч болох юм. Магадгүй хэзээ нэг цагт Европын оройлох үүрэг Америк руу шилжсэн шиг одоогийн Америкийн энэ роль өөр тив рүү ч шилжиж болох юм.

Гэхдээ яг өнөөдөртөө Америк хүн төрлөхтний өмнө асар их хариуцлага хүлээсэн хэвээрээ. Америк өнөөдөртөө хүчтэй байгаа шигээ мөн хүчирхэг харагдах ёстой. Дэлхийн нүдний өмнө. Америкаар өмгөөлүүлэх гэсний нүдэнд, Америкийг моготгох санаархалтны өмнө энэ улс хүчирхэг харагдах ёстой. Хэдийгээр ХХ зуун эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, арьсны ялгааг үгүй хийх талаар урьд ямар ч үетэй харьцуулахад үсрэнгүй дэвшил хийсэн боловч феминизм, арьсны тэгш үзэл хүн төрлөхтний нийтлэг хүлээн зөвшөөрсөн үзэл хараахан болоогүй байна. Иймээс л хар эсвэл эмэгтэй Ерөнхийлөгчтэй Америк сул дорой харагдах болно. Кондализаг, Олбрайтыг дэлхий хүлээн зөвшөөрсөн. Эд хүчирхэг Америкийн хүчирхэг Ерөнхийлөгчийн хүмүүс. Харин Америк өөрөө эдэнд хамрах үед өнөөдөртөө хүч тамир муутай харагдана.

Сульдаанд орсон Английг Тэтчэр авгай босгож ирсэн. Золтой л хуучны арслан Британийг амилуулах шахсан. Тэтчэр бол консерватист. Тэр эр хүнээс илүү чанга нэгэн. Түүнийг англи эхчүүд эмэгтэй хүн биш төмрөн хүн гэж чанга хатууд нь эгдүүцдэг байлаа. Гэтэл Обама ч, Хиллари ч Ардчилсан намынхан. Тэд зүүнтнүүд. Тэд зөөлөнчүүд. Цаад үзэл суртал гарал үүслээрээ бараг л социалистууд. Эмэгтэй, тэгээд зүүнтэн байхаараа яахав? Өнгөт арьстан, тэгээд социалист байхаараа яахав?

Догшин Иваны үед Орос хүчирхэгжсэн. Оросыг тэр буй болгосон юм. Иван бол Сталины ганц шүтээн. Тэгээд Борис Годунов гарч ирлээ. Борис ты не прав. Дараа нь хуурамч Дмитрий I, хуурамч Дмитрий II гэж байваа. Путины бамбарууш Медведев чинь лже Дмитрий III биш юм уу? Оросын царь нэрээ император болгон сольж байлаа. Ер нь Орост хэн гэдэг гол болохоос пост нь ямар нэртэй байх нь чухал биш. Сталин генсек байхдаа нэгдүгээр хүн байлаа. Ерөнхий сайд болуут Рыков, Молотов нарын үед тоогддоггүй байсан энэ пост улсын хамгийн орой болов. Маленков хамгийн том нь байсан ч удалгүй нарийн бичгийн дарга Хрущев түүнийг дийлсэн учир намын удирдагч хамгийн том алба болсон. Тэгэхээр царь одоо нэрээ Ерөнхий сайд болгон өөрчилж байгаа ч юм бил үү? Ингэвэл сул дорой харагдах Америкийн өөдөөс шинэ эсрэгцэл гарч ирнэ. Дайнаас хойш Европ нь Америкийн асрамжинд байсан. Хамгаалагч том нохойны сүүл төдий байлаа. Сүүл одоо нохойгоо тоохоо больж эхлэж байна. Францчууд америкийг тавьтаргүй гэж шүүмжлээд л, германчууд дайнаас зугтаагаад л. Солонгос, Японд хүртэл тэр болгон Америкийг дагахгүй гэсэн хөтөлбөр сонгуульд амжилт үзүүлэх уриа болж байна.

Америкийн шүхрээр халхлагдсан цул блок ингэж суларч байхад Хятадаар толгойлуулсан эсрэгцэл блок шаваа тавиад эхэллээ. Гол холбоотон нь мэдээж Орос. Газрын тосны үнэ тэнгэрт хадсанаар ядуу дорой гэж басамжлагдаж байсан Орос мөнгөөр бялхаж гарав. Энэтхэгийн эдийн засгийн огцом өсөлт Хятадтай хагас зуун жил үргэлжилсэн зөрчлийг нь зөөлрүүлж мөсийг хайлуулж байна. Дели дахь төвдийн дүрвэгсэдийн жагсаалыг энэтхэг цагдаа нар нүдээ цавчихгүй бороохойдон хөөж тараав. Төвд бол асуудал биш. Тайваньд гоминданьчууд сонгуулиар яллаа. Ма Ерөнхийлөгч нэгдэхгүй ч салахгүй, гэхдээ дайтахгүй гэсэн гурван зарчмаа тодорхойллоо. Тайвшрах шалтгаан мөнөөс мөн. Ху Жиндао дарга улиран сонгогдлоо. Ху из ху? Ху гэдэг нь умрын зэрлэг гэсэн үг. Урьд монголчууд болон цагаан хэрмээс хойшхи дайнч нүүдэлчдийг хятадууд ингэж нэрлэдэг байжээ. Одоо өөрсдийгээ ингэж нэрлэх болоо юу даа? Сул дорой Америк ху нарт ямархуу харагдах бол? Сүнцигийн Дайны урлаг-ийг дахин унших хэрэгтэй.