Түүхийн үе болгонд өөр өөрийн бахархал байсан. Бидний хүүхэд насанд Халх голын дайнд орж, олон япон алсан дайны баатрууд бахар­хал байсан. Харин өнөө үеийнхэнд Японд бо­ловс­­рол эзэмших нь бахар­хал­тай байх жишээний.

    Ердөө өчигдөрхөн л хаад ноёд, хутагт ху­вил­гаадын удам судар, төрөл садан болж төрөөгүйдээ сэтгэл амсхийдэг байсан бол өдгөө хэлмэгдсэн өвөг, алагдсан лам ахай­гаа­раа түрээ барихад гай­хахаа болих байдал­тай.

    Харин  тун удахгүй монгол хэлээр, монгол агуулгаар баяжин хэв­лэгдэх Британника нэв­тэр­хий толь нь монгол­чуудын соёлын амьдра­лын агуулгыг шинэчилнэ. Британника консайз та­ван боть нэвтэрхий тольд  Mонголын түүх, улс төр, нийгмийн амьдралд ул мөрөө үлдээсэн 1000 гаруй намтар орж байгаа юм.  Нийтдээ 29 мянган толгой үгийн 4000 гаруй орчим нь Монголынх.  Ингээд бодохоор монгол толгой үгийн дөрөвний нэг нь намтар болж таарч байна. Хамгийн ээдрээ­тэй, амаргүй хэсэг нь чухам энэ дөрөвний нэгд багтсан гэж болно. Иймд адармаатай хэсгийн талаар ярих гэж байна.

    Юуны өмнө ардын дай­сан ба нөхөр, урла­гийн гавьяат эсвэл гавь­яат бус, соёлын тэргүүний бо­лон тэргүүний бус ажил­тан гэдэг ангиллаас анх удаа жинхэнэ утгаар нь ангижирна. Түүхийг бү­тээсэн хүмүүсийн намтар "нам засаг" ба төрөөс албан ёсоор үнэлэгдэгс­дийн жагсаалт байхаа болино. Яг л үндэсний ой санамжинд дурсагдаж үлдэх байр сууриараа орно.  Үндэсний үнэлгээ­ний хэм хэмжээ мөн боловч "ёстой мундаг эмч, Ээ мөн ч сайхан хүн бай­лаа даа, хүний хайлан  ч мөн дөө" гэсэн  "ардын стандарт"-тай нийцэхгүй.

    Нэвтэрхий толь нь ялын тогтоол ч биш, сай­шаалын үнэмлэх ч биш гэдэг утгаараа зөвхөн баримтыг дэлгэж, үнэ­лэмжийг нь хувь хүнд үл­дээнэ. Манайд нэг ийм үг байдаг даа "Гавьяат ав­сан аваагүй хийсэн юм­тай хүн үлдэж л таараа" гэж. Британника-гаар дамжин нэвтэрч байгаа нэвтэрхий толийн стан­дарт үүнтэй нэлээд ойр юм. Үүнийг төрөөс авсан гавьяа шагнал нь нэв­тэрхий тольд орох шал­гуур болоогүйн зэрэгцээ хасах шалтгаан бас бай­гаагүй гээд ойлгочиход болно.

    Британника-г мон­голчлон баяжуулах про­цесс нь манай намтар бичлэг,  аливаа ойлголтыг тодорхойлох арга, түүх хронологи бүтээх логикт суралцах, ялангуяа зөв  ангилан, системчлэх том сургууль болж байгаа юм. Энэ сургууль бидэнд дээрх сургамжийг хэлж өгч байна. Нэвтэрхий толь бүтээх явцад бид олон мянган иймэрхүү стандарт бус мэдээллийг шинэтгэн танин мэдэхүйн өгөгдөхүүний хэм хэм­жээнд орууллаа.

    Шинэ зарчим, шинэ стандарт нэвтэрч, үн­дэстний мэдээллийн сан, ой санамжид байгаа бү­хий л өгөгдөхүүнийг цоо шинээр авч үзэх хэрэгцээ гарч байна.

    Редакцийн ажлаа хаах гэтэл "Хүүхдийн олим­поос гурван монгол аварга боллоо" гээд нэ­мэ­хээс өөр аргагүй. За одоо л ёстой хавтсаа хамхина гээд өндийтөл, "Өнгөрсөн шөнө чөлөө­тийн дэлхийн аварга  бол­сон бүсгүйг орхивол юу­ных нь монгол үндэсний нэвтэрхий толь байх билээ" гэлцэх, үнэ­хээр ч тийм.

    1945 онд Өвөр Монго­лын түр засгийн газрын  тэргүүн байсан Д.Буян­далай гэдэг хүний хүү нь гэж  ная гарсан өтгөс аавын­хаа намтрыг га­раа­раа бичээд, баримт  нотолгоо болгон фото, ном хэвлэлийг илгээсэн байх жишээний. Британ­ни­ка нэвтэрхий толийг нэгэнт монгол үндэстний нэвтэрхий толийн хэм­жээнд баяжуулан бүтээг­дэж буй тул Өвөр Монгол, Буриад, Халимагийн суут хөвүүд охид бичигдэх эрхтэй.

    Улсын бага хурлын нарийн бичгийн дарга байгаад, сангийн гэрээс нэг туурга дутсан асууд­лаар цааз сонсоод, шо­ронд нас барсан Алтан­гэрэлийн Баярын нам­тарт үгүйлэгдэж байсан хэсгийг охин нь ирж, нягт­лаад гүйцээж байх юм.

    Дээр бид чинь хүний намтрыг бичиж дурсаж үлдээхдээ нас барсан он, газрыг бол нүгэл гэдэг ч юмуу, ерөөсөө тэмдэглэх­гүй орхих нь их ажгуу. Ингээд зууны сүүлч, ХХ зууны эх, эхний хагаст төрсөн олон алдартан өдий болтол амьд байгаа юм шиг бичигдэхдээ ту­лаад. Нэг хоёр бол яая гэ­хэв, хэтэрхий олон 100 ба түүнээс дээш настан болц­роод. Нас барсан он то­дор­хойгүй гээд явчи­хаар Британника-гийн стан­дарт зөрчигдөж ту­хайн мате­риал бүтнээрээ хасаг­да­хад тулаад ирж байна.

    Хүний төрсөн нас барсан оноос дутахгүй бэрхшээл овог дээр гарч байна. Манайхны ихэн­хийн авсан Боржгон ов­гийн тухай энд яриагүй, олон жил бидний анкетад бичигдэж ирсэн эцгийн нэрийг ярьж байна. Ов­гийг бичдэггүй бичлээ ч эхний үсгийг тавиад ор­хих нь их байдаг. Нэвтэр­хий тольд орсон хүний овгийг хайх нь бараг л бие даасан салбар байв.

    Тольд орох шалгуурыг хангасан боловч намтар дээрээ очоод гацах явдал байна. Танну Тува улсын төрийн зүтгэлтэн, Хэмчиг хошууны дарга агсан Шаг­дар бол энд орууш­тай хүний нэг. 1926 онд БНМАУ-ын удирдагчдад хандан "Хэмчигийн хоёр хошуу, Их хэм голын хо­шууны тэргүүлэгчид... ша­шин шүтлэг ба язгуур үнд­сээ бодолцон БНМАУ лугаа нийлэн эрх чөлөө­гөө хөгжүүлэн, олж эдлэ­хийг гуйж" бичсэн захидал нь байх боловч өөрийнх нь намтар, Бри­танника­гийн стандарт хэм­жээгээр бү­рэлдэж өгөхгүй байх юм.

    Шалгуурт нийцсэн намтар, мэдээллүүд орох, орсон мэдээлэл баримт, үнэн бодитой байх гэсэн хоёр том шаардлага би­дэнд байгаа. Хүний төр­сөн өдөр зөрлөө гэхэд ялимгүй мэт санагдавч баримтын алдаанд тоо­цогдоно.  Баримтын ал­даа гаргахгүй байх нь бидний үүрэг. 

    Иймд бид намтар ан­гилалд орж хүний нэр­сийн цэсийг цуврал бол­гон со­нинд нийтлэн, ин­тэрнэтэд байрлуулахаар төлөвлөж байна. Тухайн намтрын үнэн зөвийг нийт уншиг­чид, намтрын эзний төрөл төрөгсөд, үр хүүхэд, суд­лаачдаар хянуулах, санаа оноог авах, боломжтой гэж үзвэл баяжуулах гэсэн санаа.

    Та бүхэн тухайн жаг­саалтыг үзээд алдаа, зөрөө ажвал, баяжуулах баримт байвал бидэнд хандаасай гэж ингэж байгаа хэрэг.

    Та бүхний эцэг өвгөөс, хүндлэн дээдэлдэг баат­руу­даас  үндэсний нэвтэр­хий тольд орууштай бо­ловч нэр багтаагүй хүн байгаад, тэр нь үнэхээр манай шалгуурт тэнцэж байвал дуртайяа хүлээн авна.

    Мөн хэвлэлд гарах нэрсийг хүлээлгүйгээр Голомт хотхоны "С" блокт байрлах НЭПКО хэвлэ­лийн газар ирж уулзаж (мобикомын 99091110 , МЦХ-ны 310706 зэрэг утсаар ярьж болно) төрөл төрөгсдийнхөө нам­тар сэлтийг өөрт бай­гаатай тулгаж болж байна. Эдүгээгийн төр нийгэм, урлаг, соёл, шинжлэх ухааны зүтгэлт­нүүдэд их төлөв биечлэн хандаж, лавлагаа авч байсан хэ­дий ч өөрөө ирээд нягт­ална гэвэл баяртай байх болно. Ирлээ, уншлаа, хэллээ... ингээд л боллоо.