I. ХААЗ БА ТООРОМСОГ

Нэг. Үгүйлэгдсэн юм

Хөгжил дэвшил гэдэг нь үнэн хэрэгтээ уламжлалаасаа хагацан салах процесс билээ. Бид нэг талаасаа ийм л процессоор идэвхтэй урагшлан хөгжиж байгаа ч нөгөө талаасаа өв уламжлалынхаа мартагдсан хэлхээг сэргээх, санах эрчмээр амьсгалж байна. Энэ нь хоёр үндсэн шалтгаантай. Эхний шалтгаан, өв уламжлалын тасалдал буюу социализмын он жилүүдтэй холбогдоно. Хаалт хорионд байгаа юм бүхэн зөв буруугаасаа үл хамааран үгүйлэгддэг, нийтийн мөрөөс болдог. Бас хаалт хориг тавигдангуут утга учиргүй зохиомол хэрэгцээ үүсдэг. Яг нээгдсэн ваакуум руу сорогдох агаар шиг. 1990 –ээд оны ардчилал аливаа хаалт хоригийг түүний дотор үндэсний зарим зан үйл, уламжлалд тавьсан вето-г хүчингүй болголоо. Үндэсний сайхан уламжлал сэргэхийн зэрэгцээ үндэсний гэж нэрлэгдсэн, нэр өгсөн болгон манай ард олны амьдрал руу яг л хоосон ваакуум руу сорогдох мэт орж эхэлллээ. Нэгэнт уламжлалаас таслагдан бараг нэгэн зууныг элээж хүний бүтэн үе солигдсон учраас бид юуг л бол юуг “уламжлал” нэрийн доор сэргээн авч өөриймшүүлэхэд бэлэн байсан. Сэтгэл зүйн ийм хөрсөн дээр ямар ч юм зүй ёсоороо сэргэхийн өмнө нугалаа завхралд ордог болохыг судлаачид эрт ажиглажээ. Энэ жам ёсноос бид ч гажсангүй.

Цайллага цагаалгаас эхлээд, хойлго будаалгын ёслол хүртэл учир замбараагаа алдаж, "ингэдэг" гэсэн болгоны үгийг дагасаар сүүлдээ учрыг олоход бэрх зүйл болох нь цөөнгүй байсныг та нар санаж байгаа байх аа. Ингэж золгодог, тэгвэл буруутдаг , төдөнд золгодог гээд хичнээн янзын юм одоо яригдаж байна. Арай л “шинийн нэгний өглөө хэрээслэвэл сайн” гэх зурхай ч гараагүй байна. Гарахгүй байгаа юм биш. Христ мөргөлт оросуудын нөлөөгөөр иргэншсэн монголчуудын олонхи нь хэрээслэн залбирахын учрыг мэддэг болохоор нэрэлхээд байгаа юм. Тэрнээс биш “Шинийн нэгний өглөө мөрөө гаргахдаа хэрээслэдэг” гэж ярих нөхөд зөндөө л байсан хэрэг.

Хоёр. Зөвтгөл

Хуучин тогтоцын хүлээ уяа тайлагдаад бараг хорин жил өнгөрлөө. Хуучин болгоныг уламжлал гэж үзэх, уламжлал болгоныг сэргээн өвлөх хийрхэл нэгэн үеийг бодвол харьцангуй намжиж байна.

ХХ зууны түүх нь ээдрээтэй бөгөөд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан, улс орноо иргэншүүлэн хөгжүүлсэн өнцгөөс харахад бахархах юм ихтэй, харин уламжлал соёлын олон элементээс хүчээр хагацаасан, хүчирхийлсэн талаас нь харахад гэмшин, харамсууштай дүр зураг харагддаг бөгөөд нэгдсэн нэг үнэлэлт дүгнэлтийг өгөхөд түвэгтэй зурвас үе юм.

Гэхдээ хүн амын 80 хувь нь нүүдэлчин хэвшилтэй, гол хэрэглээгээ гар үйлдвэрээр хангадаг мал аж ахуйн орноос иргэдийнх нь 80 хувь суурьшсан иргэншилт тусгаар улс болон хувирсан нь яах аргагүй дэвшил. Энэ дэвшлийг хийхийг тулд соёлын томоохон хувьсгал хийхээс зайлшгүй. Соёлын энэ хувьсгалын хуучин уламжлалыг эсэргүүцэн орхих хэлбэрээр л хийдэг зэргийг бодолцвол зарим нэг хоцрогдол, хоцрогдсон зан заншилыг таягдан хаяж, зориуд мартагдуулахаас өөр замгүй байсан гэж бодогддог.

Яг нарийндаа хөгжил дэвшил гэдэг нь уламжлалаасаа хагацан салах процесс болох талаар бид яриагаа эхэлсэн. Монголчууд цөөнх нь бичиг мэддэг байсан уламжлалаа орхин нийтээрээ бичиг үсэгтэн болж, морин өртөөний түүхэн уламжлалаа таягдан авто өртөө, улмаар агаарын шуудантай, одоо электрон шуудан и-мэйл хаягтай болж байна.

Хүн төрөлхтний хувь заяа түшихэд уламжлал үргэлж халагдаж, шинэчлэглэхдээ илүү сайн сайхан болох тийшээгээ явж байгаа гэдээг. Нэгэн үе мухар сүсгийн хэрэгсэл байсан шашнууд өнөөдөр ид шидийн тухай үлгэр байхаа больж харин хүн төрөлхтний мораль, ёс суртахууны хэмжээг тогтоож байна. Анх эхлэхдээ мэрэг төлөг тавих хэрэгслэл байсан одон зурхай хөгжин хөгжсөөр одон орны шинжлэх ухаан болж, од эрхисийн дунд дагуул илгээн, орчлонт ертөнцийн алсыг хааблл дурангаар ажих болжээ.

Бидний олон олон уламжлал шинэ сайхан зүйлстээ зам тавьж, манай үндэстэн хөгжин дэвжсээр байна.

Гурав. Чөдөр хийгээд ташуур

Гэхдээ машинд хааз, тооромсог хэмээх эсрэг тэсрэг үйлдэлтэй хоёр зүйл зайлшгүй хэрэгтэй байдаг шиг улс нийгэмд мөн л ташуур, чөдөр болсон хүчин зүйлүүд нэхэгддэг. Уламжлал гэдэг нь хүн төрөлхтнийг ууган ёс моральтай нь уяж байдаг аргамж чөдөр юм. Хэт хурдалж осол аваар хийхээс сэргийлдэг тооромсог гэсэн үг. Тооромсоггүй машинг аюултай, юу ч мөргөж онхолодож мэднэ. Бас тооромсог нь зуураастай машин аюултай, байрнаасаа хөдөлж чадахгүй байсаар эвдрэн тоногдож дуусна. Бас яг үүн шиг хэт шинэтгэх эрмэлзэл осолтой үр дагавар дагуулж болно. Хааз ихэдвэл бас аюултай. Машиныг онхолдуулж болно.Хаазгүй бол машин ерөөсөө явж чадахгүй. Уламжлал ба уламжлалаа орхин шинэтгэх үзэл санаа ийм л юм.

 

II.ГОСЧООМ БОЛ МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАС МӨН

Нэг. Алин нь монгол дээл вэ?

Саяхан , цагаан сарын өмнөхөн юм даг уу, монгол хувцасны баяр болно, үндэснийхээ хувцсыг өмсөж ирээрэй гэсэн элгэмсүү үгтэй зар тарж байлаа. Тэгээд өөрийн мэдэх, өмсөж очууштай монгол хувцсаа бодлоо л доо. Эхлээд манж буюу дөрвөлжин энгэртэй дээл, (Чингэс хаан зурган дээрээ дөрвөлжин биш ташуу, энгэртэй дээлтэй байдаг) хятад нэртэйгээ манайд өргөгдсөн хантааз хэмээх ханцуйгүй мухар хүрэм (Хятадын гамингаас эх орноо чөлөөлсөн Сүхбаатар жанжин ийм хантааз өмсдөг байсан) санаанд бууж байна. Бас алиалагчийн гутал шиг хоншоортой гутал байна. Төвдүүдийнхтэй төстэй бүс, бүс гэхээсээ илүү бөс. Бөс даавууг тэр чигээр нь бүсэлхийгээрээ ороодог тул бөс ч гэмээр юм уу? (Жамух Чингэс хоёр багадаа анд бололцон бүсээ солилцохдоо дурдан бүс л лав сольдоггүй.)

Гэхдээ л энэ бүгд монгол үндэсний хувцас. Бид түүхэндээ цайны ургамал тариалж байгаагүй боловч монгол цай бий болгоод уудаг шиг.

Ер нь монгол хүн болгон хамаатай зүйлс бүгдээрээ л монголынх. Хүн төрөлхтөн хийсэн бүтээснээ бие биедээ гоёор хэлэхэд л түгээж, тааруугаар хэлэхэд зээлдүүлж ирсэн. Галт зэвсгийг анх хятадууд бодож олсон гэдэг. Харин европчууд боловсонгуй болгосон л доо. Өдгөө бүхий л орны цэрэг арми галт зэвсэгтэй. Манайд бүр буу гэдэг хятад үгээрээ орж ирсэн. Бид ч гэсэн цэргүүдээ хараад “хятад арми биш дээ. Буугаар яах юм бэ? Үндэсний нум сумаар зэвсэглэе" гэж ярьдаггүй л биз дээ.

Хоёр. Биднээс бас тэд авсан

Бид хүн төрөлхтнөөс өч төчнөөн зүйл авч өөриймшүүлэн монгол болгосон. Гэхдээ бусдад юм өгөөгүй хэрэг бас биш ээ. Өмд, дөрөө хоёрыг нүүдэлчид анх бодож олсон гэдэг. Гоёчлон хэлэхэд монголчууд гэж болно. Морь унах, морин дээрээс нумаар харвахад өмд, дөрөө хоёр зайлшүй хэрэгтэй. Харин өнөөдөр дэлхий даяараа л өмд өмсдөг боловч өөрсдийгөө "монгол, эсвэл нүүдэлчний хувцас өмслөө” гэдэггүй. Өмд өмссөн нэгнийгээ “Чи муу Монголын талынх уу" гэж шорддоггүй ба монгол хүн биш болох гэж өмдөө тайчин хаядаггүй билээ.

Монголын тэргүүлэх сэхээтнүүд ХХ зууны эхээр өрнөдийн хувцас өмсөж эхэлжээ. Энд монгол улс үндэстнээ өрнөджүүлэн хөгжүүлж, тусгаар тогтнолоо мандуулах эрмэлзлийн гал дөл шингээстэй байлаа. ХХ зуунд монгол орон өнөө “Түмний нэг”-ийн Чимид багшийн хэлдэгчлэн “улс шиг улс” болох процесст европын соёлын үзүүлсэн нөлөө зүйрлэшгүй их. Өнгөрөгч зууны эхээр нойрноос сэрж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан монголын сэхээтэн хэсгийн биеийг гангалж ирсэн госчоом нь өдгөө нэгэнт монгол үндэсний хувцас болон өөриймшжээ. Ганцхан госчоом ч биш, бүрх малгай буюу шэлээпээс эхлээд аваарын цагаан гэгддэг эрүү малгай хүрэм, пальто, түжүүрэк, пүүз гээд бид үндэсний хичнээн олон хувцастай болов оо.

III. МОНГОЛ ҮНДЭСНИЙ КИРИЛЛ БИЧИГ.

Нэг. Хүн нь байхад хэл нь мөхөх үү?

Монгол хэл мөхөж байгаа гэнэ. Гадаадын олон үг ороод ирсэн юм байх. Тэр гадаад үгнүүд яг л компьютерийн вирус аястай монгол хэлэн дотор суурьшиж аваад сайхан монгол үгнүүдийг нь маань эвдэн ажиллагаагүй болгож жагсаалаас гаргаж хаяад байгаа юм байхаа.

Эх хэл чинь сөнөж байна шүү гэдэг үг аймаар сонсогдож байна гэж жигтэйхээн. Тэд “манж хэл сөнөсөн” гэдэг аймаар жишээг энүүхэнд Дорнодын цаанаас татан ишлэнэ. Нэг өглөө сэрэхэд хэл минь сөнөчихсөн байвал бид чинь гадаад хэл сурч, тэрүүгээрээ ярих хэрэг гарна биз дээ.

Гэхдээ ярих хүн нь байгаа цагт яриулах хэл нь алга болно гэж үгүй байх уу? Сонсоод байхнээ манж хэл чинь гадаад үг олон орсноос болоод мөхөөгүй, ярих хүн нь алга болоод мөхөөд байгаа юм гэнэ ээ.

Манай монгол хэлэнд өөриймшин өргөгдсөн өргөмөл үгс зөндөө. Хүнсний ногооны ихэнх нэр өмнөд хөршийн гарвалтай. “Энийг юу гэдэг юм бэ” гэж асуугаад л “хай энэ Лууваан шөө” гэхээр нь “аа лууван байх нь” гэж тогтоогоод явсан хэрэг. Манжин, байцаа, жууцай гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Ногооны монгол нэр ч бий л дээ, Яахав дээ төмсөнд төсөөг нь бодоод төмсөгнийхөө нэрийг өгсөн байдаг гэхчлэн. Харин лууванд болохоор “лууван”-гийнхаа нэрийг өгөөгүй гэж байгаа.

Машин анх хараад чийчаан хэмээх хятад нэрийг нь авсан байна.

Чиглээд ирсэн чийчаан тэрэг нь хө

Чих нь мултраад унаваа хө гэхчлэнгийн үг дуу хүртэл гарсан байна. Чих гэж бодвол дугуйг нь хэлсэн хэрэг юм болов уу?

Олон юмыг монгол үгээр орлуулан нэрлэх оролдлого гарсан байдаг. Жишээлэхэд, Д.Нацагдоржийн нэгэн зохиолд “Өвгөн жолооч ухасхийн хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө завгүй эргэлдэнэ” гэсэн өгүүлбэр бий. Өнөө үеийнхэнд энэ өгүүлбэр баахан ойлгомжгүй талтай. Харин "өвгөн жолооч хаазаа нэмэхэд дөрвөн дугуй чөлөө завгүй эргэлдэнэ” гэвэл мэдээж болоод явчих жишээтэй. Харин чийчаан нь машин гэдэг өрнөдийн үгээр, чих буюу хүрд нь дугуй хэмээх монгол үгээр солигдон өөриймшсэн байна. ХХ зуунд монгол хэл шинэ үсэг бичгээ дагаад төлөвшин хөгжихдөө маш их баяжсан байна. Харин яг хэдээр баяжсаныг нь мэдэх явдал бол хэл судлана хэмээн татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суудаг улсын ажил бол яг мөн.

Шинэ үзэгдэл, юмсыг нэрлэхдээ хуучирсан үгийн сангаа тэмтэрдэг явдал Нацагдоржоос хойш ч байсан. “Үнэн” сонинд 1980-аад оны сүүлчээр шинэхэн орж ирсэн зарим харь үгийг монгол үгээр орлуулах оролдлого хийж байлаа. 1980-аад оны сүүлч гэдэг бол өөрчлөн байгуулалтын оргил буюу ардчилсан хувьсгалын өмнөхөн үе шүү дээ. “Таван үгийг толь” гэдэг тэрхүү булангаараа сонины олон ажилтан бахархдаг байсан юм. Учир нь социализмын түүхэнд бидэнд анх удаагаа зөвлөлтийнхөөс өөрөөр байх боломж олдож байгаа нь тэр. Зөвлөлтийн нөлөөгөөр орж ирсэн гадаад үгтэй, цаад утгаараа Зөвлөлтийн хэмжээлшгүй нөлөө, эзэгнэлтэй тэмцэх аядаж байсан минь тэр. Санаанд үлдсэнээр бол “сувилагч марль маскаа зүүгээд ампултай тариагаа шприцэндээ шахлаа” гэсэн хэллэгийг “сувилагч самбай амавчаа зүүгээд туншилтай тарилаа тариуртаа шахлаа” болгон “монголчилж” байсан юмдаг. Оргүйд орвол охинтой гэгчээр “тариур” гэдэг үг нь үлдэн хэвшчихсэн байх аж. Гэтэл “таван үгний толь” гарсны маргаашаас эхлээд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд биднийг “Пуризм руу халтирлаа” хэмээн зэмлэж, хэл нь тодорхой ойлголт, юмсаар дамжуулан харь үгсийг өөримйшүүлэн баяжиж байдаг хэмээн учирлаж эхлэв. Бид тэр үед “өөрсдийн эх орондоо хайртай” ба эрдэмтдийн “Эх орондоо хайргүй”-г харьцуулан гайхаж байж билээ. Харин хожим мэдэхнээ эрдэмтдийн зөв байсан юм билээ. Таван үгний толь ч сүүлдээ “бизнесмэн” гэдэг үгийг “панзчин” мэтээр монголчлохдоо тулж, аандаа унтарсан бололтой юм аа.

Хоёр. Хаашаа ч явсан Финик рүү очно.

Одоо хэлнийхээ авиаг тэмдэглэдэг үсэг рүүгээ орж жаахан аялал хийе. Ингэхэд монголын үндэсний бичиг гэж яг алийг хэлнэ билээ. Монголчууд уйгаруудаас бичиг авчээ. Уйгарууд нь Согдоос авчээ. Согд нь Финикээс авчээ. Финикүүд Шумерийн идейг хөгжүүлэн авианы бичиг болгосон гэх. Финикээс дахиад өөр замаар нэг салбар явжээ. “Би үүгээр явъя, чи түүгээр яв. Билүүтийн завсар уулъя” гэдэг оньсого шиг. Финикээс Грээг, Латин Кирилл гээд хойгуур салбарлан явжээ. Тэгээд кирилл нь монголд суурьшжээ. Хаанаас нь харсан “Один” чоо.. бишээ бичиг. Б үсэг уйгаржингаар ч кирилээр ч адилхан тэмдэг байдаг биз дээ. Манай үндэсний бичиг үүгээр зогсохгүй. Пагва лам гэдгийн зохиосон “монгол үндэсний дөрвөлжин бичиг” байна. Уг цагаан толгойг төвд үсгээс иш авчээ. Харин Төвдүүд үсгээ Энэтхэгчүүдээс авчээ. Энэтхэгчүүд хаанаас бичиг авав гэхээр өнөө гайхал Финик рүү бас оччихно. Бас Занабазарын зохиосон соёмбо хэмээх гоёмсог дүрслэлтэй үсэг байна. сайн мэдэхгүй хөндлөнгийн хүний нүдээр харахад “Монгол үндэсний соёмбо үсэг” нь Энэтхэг Согд үсгүүдийн ансамбль, комбинаци бөгөөд тэдгээрийг тагнуулын зорилгоор шифрлэсэн ч юм уу гэмээр төсөөлөгддөг. Ингээд финикүүдийн сэдсэн авиа тэмдэглэх үсэг гурван замаар тарсан нь гурвуулаа манайд иржээ. Харин энэ бол бахархсан ч болох сонин үзэгдэл. Бас монгол үндэсний латин үсэг байна. Эцэг өвөг минь 1930-аад онд латин бичгийг өөриймшүүлэн авч, түүгээр ном сонин сурталчилгааны зүйлс бишгүй хэвлэсэн байдаг.

Монголчууд бид тал дүүрэн малаар бахархдагийнхээ нэгэн адил тал дүүрэн бичгээрээ бахархаж бас болно.

Бидний уйгараас авсан “үндэсний монгол” бичгийг цааш хөгжүүлэн "манж үндэсний” үсэг зохиогдож, Ойрад аялгуунд тааруулсан монгол тод үсэг бүтээгджээ. Бидний юм бол хүн төрөлхтний юм, хүн төрөлхтний юм бол бидний юм. Учир нь бид хүн. Бид өөрсдийнхээ хамрыг хятад хүний хамартай адилханых нь хувьд тээршааж гадуурхдаггүй. Бид жамаараа явж байна. Энэ жамыг хэн өөрчлөхгүй. Бас бидний хүсэл зоригоос хамаарахгүй. Зарим хүн уйгараар дамжуулж Финикээс авсан бичиг маань тусгаар тогтнолыг хамгаалж, харин Оросоор дамжуулж Финикээс авсан бичиг нь хор учруулж байгаа аятай ярих юм.

Гэтэл монгол үндэсний кирилл бичгээр бид тусгаар тогтонолоо баталгаажуулсан олон улсын олон арван гэрээ бичгийг үйлдсэн. Энэ үсгээр бидний түрүү үеийнхэн боловсрол эзэмшиж, энэ үсгээр монголчууд 100 хувь бичигтэн орон болж байсан. Энэ үсгээр бид бичигтэй эрдэмтэй инжнээртэй, дооктортой улс шиг улс болсон. Монгол улсын хил хязгаар, ба тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хоёр хөршийн маань гэрээ бичиг энэ л кирилл монгол бичгээр хийгдсэн. Бид НҮБ-д элсэхдээ БНМАУ нэртэй байсан ч суудлаа латин монгол үсгээрээ “Mongoliе”гэж бүртгүүлсэн. Монгол хүний хэрэглэж байсан бүх л үсэг монголын төлөө зүтгэсэн.

Гурав. Хүний үгээр хүүдэгнэж баяжина

Англи хэлийг өнөөдөр дэлхийн хамгийн баян хэл гэдэг. Толь зохиогчид энэ хэлийг бараг сая үгийн сантай гэлцэнэ. Хэрэг дээрээ энэ хэл өөрийн “унаган” үгээрээ ийм баян биш юм. Нэг талаас шинжлэх ухаан, техник, технологийн нарийн нэр томьёо хамгийн түрүүн энэ хэлээр зохиогдон гардаг. Ерөөсөө шинэ бүтээл, оновчтой санал ( ШБОС) болгонд англиар нэр өгнө гэсэн дүрэм байхгүй ч гэсэн энэ хэлээр ярьдаг орнууд хөгжлийн эрэмбээр бусдаасаа түрүүлсэн учраас л ингэж байна. Хэрвээ монголчууд шинжлэх ухаан технологиор манлайлаад ирвэл олон шинэ юманд монгол нэр өгөх л байх л даа.

Нөгөө талаар англи хэлтний ертөнц гадаад үг, харийн нэр томьёог гадуурхалгүйгээр өргөөд авчихдаг. Саяхны жишээ гэхэд зуд, гэр гэхчлэнгийн монгол үгнүүдийг минь тэд үрчлээд авчихлаа. Уул нь гэрийг юурт гэдэг байсан юм. Гэтэл илүү олон юурттай монголчууд нь гэр гээд байхаар нь тэрүүгээр нь авчихав. The zud, the ger гэхээр хаанаас нь ч харсан англи л үг болчихож байгаа биз дээ. Өгөхгүй гэж өвчигнөлтэй нь биш. Ер нь бол эдгээр үгсийг авах тухай шийдвэрийг Английн засгийн газар гаргаагүй. Хүмүүс нь ингэж яриад байхаар авчихсан. Гол нь хүмүүс юу гэж ярьж байна тэр үгийг орж ирснээр тооцдог дүрэм буй. Пилээтэг..пи..даа бүгд л монгол үг. Монгол хэлэнд орж ирээд ардаа дагавар аваад явж л байвал тэр монгол үг. Системчлэх, программаас, маневилдуулах гэхчлэн. Тэр ч бүү хэл монгол хэл залгамал хэл атлаа гадаад угтвар ганц нэгийг аваад ч сөнөчөөгүй аж. Бүү гэдэг нь орос хэлний не, англи хэлний no энэ тэртэй адилхан үгүйсгэсэн утгартай нангиад угтвар. Гэтэл “бүү оролд”, “ бүү хүр” гээд орж ирээд монголжсон байна. Энэ мэтчлэнгийн“ үл хэрэгсэх” “эс ойлгох” гэхчлэн угтавар зөндөө буйг судлаачид хэлж байна.

Дөрөв. Монгол юм

Тусгаар тогтнолыг бичиг нь бус, хувцас нь бус хүн нь: хантааз өмссөн, дөрвөлжин энгэртэй дээл, эсвэл госчоомоор гангарч зангиа зүүсэн тэр хүн нь авч явдаг билээ. Бид хөдөө гадаа өнгөрүүлсэн гэрэлт бага насаа санагалзан наадам цагаан сараар дөрвөлжин энгэртэй дээлээ өмсдөг. Төр ёс ба ажил албаа хүндэтгэн монгол үндэсний госчоом зангиагаа хэрэглэдэг. Амралт чөлөөт цагаараа монгол үндэсний “адидас”, “найк” пүүз өмсдөг билээ. Хөдөө гадаа явахдаа монгол үндэсний салмаандар гутал жийдэг авай. Найз нөхөдтэйгээ монгол үндэсний латин үсгээр чаатлаж, сонин хэвлэлээ монгол үндэсний кирилл үсгээрээ уншина. Бид монголчууд. Бидэнд байгаа бүхэн Монголын төлөө зүтгэдэг.