Нэг.тасалдал

Монголд төрийн бодлоготны уламжлал тасарснаас хойш 300 гаруй гаруй жил болж байгаа юм. Харин улс үндсээ бие даалган авч явах бодлогын “алтан аргамж” эргэж залгагдаад ердөө 18 жил өнгөрлөө. Эхнийх нь Монголчууд Манж Чин улсын эрхшээлд орсон цагийг хэлж байна. Харин удаах нь 1990 оны ардчилсан хувьсгалыг зааж байна. Манж Чин гүрний хараат болсноор монголд төрийн зүтгэлтний уламжлал тасарч, төрийн албан хаагч, тэгэхдээ харь гүрний тогтоож буй бодлогыг хэрэгжүүлэгч албатууд л үржин, оршсоор ХХ зуунтай золгожээ. ХХ зууны эхнээс эхэлсэн тусгаар тогтнолын хөдөлгөөн олон арван эх оронч хөвүүдийг төрүүлжээ. Харамсалтай нь бурхан тэдэнд эх оронч сэтгэл зүрх заяаснаас биш эх оронч байх боломжийг хомсхон өгчээ.

ХХ зууны эхээр Монголчууд хувь тавилангийн эрхээр луугийн савраас гарч баавгайн тэврэлтэд орлоо. Савар, тэвэр хоёрт ижил болоод ондоо талууд байв. Адил талууд нь гэвэл монголын төрд өөрийн бие даасан бодлого явуулах боломж гарсангүй, үүнийг дагаад үндэсний төрийн бодлого авч явах улс төрчид бойжих боломж мөн бүрдсэнгүй. Ялгаатай тал нь гэвэл Манжийн үеийн монголчууд иргэншлээс таслагдан нүүдэлчин хэвээрээ “хадгалагдаж” байсан бол Зөвлөлтийн үеийн БНМАУ-д иргэнших хөгжих боломж гарлаа. Мөн их ахын өгсөн хөнжлийн хэрээр хөлөө жийж болно. Манжийн үед монголд төрийн тэргүүн гэж байсангүй бол зөвлөлтийн үед орос авгайтай ч болов “өөрийн гэсэн төрийн тэргүүн”-тэй болов. Монголчууд соёлжин гэгээрч иргэн суурьсан гээл зөвлөлтийн үеийн бишгүй ололт байгаа. Гэвч манжийн үед ч байгаагүй аймаглан устгах геноцид бодлогыг Зөвлөлтүүд явуулж лам нар, үндэсний сэхээтнүүд, тусгаар тогтнолын үзэлтнүүдийг нь бараг толгой дараалан хөнөөжээ.

Иймэрхүү байдалтай, нэг гүрний эрхшээлээс нөгөө гүрний дарамтад шилжин өнгөрөөсөн зуунууд монголын төрийн албатуудад нэгэн өвөрмөц шинжийг бүрдүүлжээ. Монголын төрийн бодлогыг Манжийн хааны ордонд юм уу, Москвагийн Кремльд тодорхойлно. Монгол оронд зөвхөн тэр бодлогыг хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхдээ монгол төрийн албан хаагчид бие дааж хэрэгжүүлэхгүй. Бодлогын хэрэгжилтийг эхэндээ Манжийн жанжин, амбан хянадаг байсан бол сүүлдээ зөвлөлийн сургагч,зөвлөх нар нарийн ажиглан зааж зөвлөнө. Манжийн үед ямар хэллэг байсныг бүү мэд. Зөвлөлтийн үед “Нөхөд минь. Зөвлөлтийн мэргэжилтний сэтгэлд юм хйичихэв дээ” гэсэн анхааруулга байсан. Монголын төрийн алба ба албан хаагчийн үйл ажиллагаа зөвлөлт засаг ба зөвлөлтийн зөвлөхийн хүсэл зоригийн хүрээнд байх ёстой гэсэн үг.Энэ анхааруулга ХХ зууны монголын төрийн бодлогын гол зарчмыг тодорхойлж байна. Өнөөдөр ч бид өөрсдийгээ “гадаадын хүн гэхээр л хөлөө хугалчих гээд байна” хэмээн гайхширцгаадаг. Чухам гадаадын хүний өмнө бөхөлзөх зуршил Манжийн үед Чин гүрний жанжин амбаны өмнө, харин ХХ зуунд зөвлөлтийн мэрэгжилтний өмнө бөхөлзөх үүрэг хүлээж байснаас ч үүдсэн рефлекс байж мэднэ

Нэгэнт бие даасан бодлого явуулахгүйгээс хойш тусгаар тогтнолоо зарласан, зөвшөөрүүлсэн атлаа төрийн зүтгэлтэнгүй улс орон байлаа, ХХ зууны БНМАУ гэж. Харин төрийн машиныг ажиллуулахад зүтгэдэг албат буюу төрийн мэргэшсэн, зүтгэлтэй, хариуцлагатай албан хаагчид Манжийн эрхшээлийн үед ч, Зөвлөлтийн нөлөөллийн үед ч ав адилхан өсч бойжиж байжээ. Өөрөөр хэлбэл монголд төрийн томоохон албан хаагчид л төлөвшиж байснаас биш төрийн бодлоготон, төрийн зүтгэлтэн бойжих боломж гарсангүй гэсэн үг. МАХН –ын улс төрийн товчоо хэмээх БНМАУ (Бүгд найрамдах монгол ард улс буюу манай улсын хуучин нэр. Зөвлөлтийн дагуул улс гэсэн утгатай байх болжээ)-ын удирдагч нар ч гэсэн үнэн хэрэгтээ зөвлөлт төрийн монгол дахь албан хаагчид байлаа. Тэд бие даасан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх боломжгүй хүмүүс байв. Харин БНМАУ-ын сүүлчийн хамгийн том төрийн албан хаагч Ж.Батмөнх анхны бөгөөд сүүлчийн бие даасан шийдвэрээрээ өөрийгээ төрийн бодлоготоны эгнээнд оруулсан билээ. Энд Зөвлөлтөөс асуулгүйгээр эх орондоо “улс төрийн системийг солих” шаардлага тавьсан хувьсгалчдад толгой мэдэн буулт хийсэн 1990 оны гуравдугаар сарын алдартай шийдлийг хэлж байна.

Хоёр. Уламжлал.

Төрийн бодлого явуулах боломжгүй учраас бодлоготон төрсөнгүй гэж өмнө ярив. Харин төрийн албан хаагчдын үнэлүүлэх, шагнуулах, өсч дэвжих тогтолцоо бол 300 гаруй жилийн турш хөгжижээ. Хэдийгээр тэр үедээ болоод байсан ч гэсэн өнөө өндөрлөгөөс харахад энэ систем тун гажигтай. Нэгэнт бие даасан бодлого явуулах, хэрэгжүүлэх боломжгүйгээс хойш сэтгэн санаачлах шаардлага гарахгүй. Гарахгүйгээр барахгүй сэтгэн санаачлах нь осолтой. Эндээс эхлээд төрийн албатуудад тавих шаардлага бол бүтээлчээр сэтгэхгүй байх явдал. Гэтэл төрийн албатууд төрдөө ч юм уу, төрийнхээ цаад эзэнд үнэлэгдэх мөнхийн хэрэгцээ байгаад байдаг. Эндээс үүдээд бүтээгч бус “нураагч” төрийн төрийн зүтгэлтнүүд бойжих болов. Тэд эзэндээ үнэлэгдэхийн тулд “дайсан олж” өгөн итгэгдэнэ. Өөрснөө юм хийхгүй учраас ямар нэг алдаа гаргахгүй. Харин юм хийх гэж оролддог хүмүүсийг мөрийг шиншлэн “тэр манжийн хааны эсрэг байна” , “энэ нөхөр их Сталины тухай хортой үг яриа гаргалаа” , “тэнд намын эсрэг бүлгийг дэмжсэн этгээд харагдлаа” гэхчлэнгийн мэдээлэл матаас өргөж, түүгээрээ үнэлэгдэх систем тогтлоо. Өөрийгээ төрийн зүтгэлтэн болгохоос илүү төрд зүтгэж яваа бусдыгаа нураах нь хамаагүй хялбараас гадна ихээхэн үнэлэмжтэй ажил байлаа. Коммунист удирдагчид энэ үзэгдлийг “хувьсгалт сонор сэрэмж” хэмээн нэрийдэж онцгой өндрөөр үнэлэн өөгшүүлнэ. Учир тэдэнд сэтгэдэг бодлоготон хэрэггүй төдийгүй аюултай, дуулгавартай гүйцэтгэгчид түм бумаараа хэрэгтэй байлаа. Чухам тэдний хүчээр 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг явуулж, “сэхээтний төөрөгдөл” хэмээх операци, намын эсрэг бүлгийг илрүүлэх ажиллагаа хийгджээ. Монголд төрийн зүтгэлтний оронд төрийн албан хаагч, төрийн бүтээлч албан хаагч бус нураагч хөнөөгч албат өсгөх процесс хөгжсөөр яваад 1990 оны ардчилсан хувьсгалаар сая төгсгөл болов.

Гурав. Зовлон.

1990 оны ардчилсан хувьсгалаар монголд төрийн зүтгэлтэн төрөх боломж бүрдлээ. Монгол төр хэнээс ч хараат бус болж бие даасан бодлогоо дотоод гадааддаа хэрэгжүүлэх боломж гарсан хэрэг шүү дээ. Бидэнд байсан юм гэвэл шинэтгэх хүсэл мөрөөдөл, иргэнлэг эр зориг, хуучин цагийн системээр бэлтгэгдсэн төрийн албатууд, хуучин үнэлэмжээрээ төрд зүтгэх үнэлэмж энэ тэр л байлаа. Эрнандо дэ Сото-гийн бичсэн байдаг даа. Ихэнх эдийн засагч адууны тухай материал бэлтгээд ир гэхээр өрөөндөө ороод “хэрвээ би адуу байсан бол яах вэ” гэж бодоод суучихдаг гэж. Яг тэрэн шиг монгол төрийн албатуудын болон өөрийгээ төрийн албат гэж үзэгсэд ардчилсан төрдөө хуучин “нураагч арга”-аараа зүтгэх боллоо. Өөр мэдэх юм байхгүй юм чинь яалтай билээ. Ингээд монголын улс төрчид ба төрийн зүтгэлтнүүдийн арми монгол төрдөө дайсан эрэх ажилд орлоо л доо. Хуучин өөрийн улсын болон зөвлөлтийн дотоод яамны төлөөлөгчид, намын хянан шалгах хороонд, бүүр өмнө нь бол Бээжин дэх Монгол журганд матдаг байж.
Одоо тэдгээр нь арилж бөхөөд, намын хянан мэтийнх нь орон суурин үлдсэн боловч матаас үнэлэх чадамжгүй болжээ. Ингээд манж, зөвлөлт, намын хянан, дотоодыг хамгаалахын оронд “Ард түмэн” хэмээх хийсвэр субъект сонгож олов. Ингээд монголын сайн нам, төрийн сайн зүтгэлтнүүд байн байн ард түмэндээ хандан шинэ шинэ “урвагч, эх орноо хорлогч” нээснээ зарлаж очкоов татна. Өөрснөө болохоор нэр нь их цэвэр явна. Учир нь тэднийг өөрсдийг нь урвагч, хорлогчоор нь дуудах шалтаг бараг олдохгүй. Ийм шалтаг гаргахгүйн тулд юу ч хийхгүй. Мэдээж юу ч хийхгүй учраас эрээд эрээд юу ч гарахгүй. Тэд шинэ шинэ алдаа олохын хэрээр улс оронд зайлшгүй хэрэгтэй шинэтгэлүүд гацаж, тэд алдаа гаргахгүй байхын үндэстний хөгжил зогсонги байдалд орно. Манж-Зөвлөлт арга барилтай мөнөөх улс төрчдийн хамгийн том золиос нь ардчилсан хүчин байлаа. Ард түмнээ цуглуулаад шинэ дайсан олсноо баяртайгаар зарлаж буй улаан зангиатай даргын амнаас бадарч байсан “Хайран улсын өмчийг хувьчлан завшуулагчидтай тэмцье”, “хайран сайхан нэгдлийн малыг хувьчилбал бүгд гулууз мяхан болоод болкоон дээр гарч монголын мал дуусна”, “Хайран сайхан улсын орон сууцыг эзэнд нь үнэгүй өгвөл бүгд тэрийгээ зараад траншейнд хононо”, “Хайран сайхан гадаад паасууртыг чөлөөтэй өгвөл бүх хүн гадаадад цагаачлаад бид хэд л үлдэнэ" гэсэн уриаг мартсан чих өнөөдөр байхгүй байх аа. Хэлүүлж байгаа буруутан нь үндсэндээ Ардчилсан хүчнийхэн. Тэд ардчиллыг хийж, өмчийг хувьчилж, мал орон сууцыг эздэд нь өгч, ард олондоо эрх чөлөөг эдлүүлж, нүдийг нь нээсэн. Хоржоонтой нь ардчилсан хүчний шинэтгэлийг зогсоож буцаалаа гэхэд хамгийн их хохирох хүмүүс мөнөөх “дутагдал илрүүлэгч” нар өөрснөө болчихсон байдаг байгаа. Өнөөдөр феодалын хөрөнгө хураалаа гэж бодоход хамгийн их хохирох нам МАХН шүү дээ. Тэд бүхнийг эсэргүүцэх мөртлөө, бүгдийнх үр шимийг хэтрүүлэн хүртсэн нь харагддаг.

Дөрөв үл эвлэрлийн улбаа

Монгол дахь төрийн зүтгэлтүүд өөрийнхээ хийснээр биш, өрөөл бусдаас олж нээсэн дутагдлынхаа хэрээр үнэлэгддэг болсноос үүдээд үндэстнийхээ эрх ашгийн төлөө нэгдмэл бодлого баримтлах бололцоо хомсдож ирчээ. Аливаа нам, төрийн зүтгэлтэн бодлоготон өөрийнхээ чадамжийг нотлохын оронд бусдын алдааг чадамжгүйг нээснээрээ үнэлэгддэг орчинд юм юм бүтээж бусдад идэш бэлтгэх тэнэг гарах уу? Тэгэхийн оронд ул шагайж явсан нь дээр. Ингээд монголд төрийн албатуудын дунд үл эвлэрэх байдал хөгжиж ирчээ. Бүр түүхтэй. 1911 оны хувьсгалын зүтгэлтнүүд хувьсгал ялсныхаа маргааш өглөө л хар, шараараа хуваагдан үзэлцэж эхэлжээ. Төр шашныг хослон тэргүүлэгч Богд гэгээнийг дагасан шашны бүлэглэл ба уламлалт хангууд гол цөм нь болсон ноёдын бүлэг хоорондоо туйлийн эв түнжин муутай байсан. ХХ зууны анхдугаар хувьсгалын гол баатрууд, толгойлогчид бараг бүгдээрээ учир битүүлгээр амиа алдсан. Монголын тусгаар тогтнолын үзэлтэй зөрчилдсөн Хятад ,Оросын бодлогын золиос гэж гэж тэднийг нэрлэж болох ч нөгөө талаасаа хоорондоо эв түнжингүй байсны харгай бас мөн билээ. Ханддорж Чин ванг осолдоход Шанзавын бүлгийнхэн олны өмнө “уйлсан” байж болох ч гэсэн өрсөлдөгч бүлгийн толгой унаж байгааг зохих ёсоор үнэлсэн нь гарцаагүй. Харин Жалханз хутагтыг гэнэт халихад нөгөө ноёдын тал нь маань мэгзэм уншсан байж болох талтай ч бурханд давхар талархсан байхыг үгүйсгэхгүй.

1921 оны ардын хувьсгалын зүтгэлтнүүд хувьсгалынхаа маргааш өглөө мөн л бүлэг, анги болоод алалдаж гарав. Байгуулагдах үедээ түшмэдийн, ноёдын гэсэн бүлэглэлтэй байсан хувьсгалчид юугаа хадгалсан бэ? Хагарлаа хадгалав. Гэхдээ 1911 оны үйл явцтай төсөөтэй нь тэд бие биеэ яг улаан гараараа хөнөөсөнгүй. Зөвлөлтийнхэн болон коминтерн аллагыг зохион удирдаж, бүлгүүдийн гараар могой бариулж байлаа. Харин 1911 оныхоос ялгаатай нь баатрууд учир битүүлгээр хөнөөгдөхөө болиод учир тодорхойгоор цаазлагдах болов. Данзан нь Бодоогоо хөнөөлцөөд, Данзангаа Ринченогоор буудуулаад, удалгүй хөдөөгийн фракци нь уламжлалт сэхээтнүүдийнхээ бүлгийг бутцохиод, улаантнууд нам нараа хядаад, удирдагчид нь эсэргүү бүлгээ илчлээд үргэлжилсэн түүхтэй. Монголын ХХ зууны хувьсгалууд 1. Хувьсгал сэдэх,2. ялалт, 3. хагарал, 4. гадны оролцоо удирдамжаар бие биеэ хөнөөх гэсэн мөчлөгтэй үргэлжилсээр 1990 оны ардчилсан хувьсгалтай туллаа.

Тав. Завшигч

Ардчилсан хувьсгал гарлаа. Өөрөөр амьдрах хүсэлтэй ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ардчилагчид хувьсгал хийжээ. Өвчин мөн л уламжлалдлаа. Гэхдээ их ондоо болжээ. Монголын түүхийн 300 жилийн турш төрийг нь мэдэж жолоодож байсан Манж, Зөвлөлт аль алин нь үгүй болов. Тэхээр монголчуудын хоорондын зөрчилдөөнийг ашиглан гартаа барих хүчин хилийн чанадад бэлэн байсангүй. Гэвч түүнийг орлох үгүйдээ л орлохыг санаархагчид бол бэлэн байлаа. Ийм ажлыг үзэл суртал ба Пи Ар-ын наян жилийн баялаг туршлагатай МАХН дуртайяа хүлээн авч байлаа. Ингээд монголын ардчилсан хүчнүүдийг хооронд нь хагалах, хүчнүүдийг биш юм аа гэхэд хүмүүсийг нь эвдрэлцүүлэн тоглох, тэр дундаасаа нэр хүнд хожих олон тоглолт хийлээ. МАХН-ын ийм тоглолтуудын оргил нь 1996-2000 онуудад болжээ. Ардчилсан хүчин эрх барьсан боловч хүчирхэг сөрөг хүчин болох МАХН бүхнийг бойкотлож, хавчиж, мурин унагааж чадаж байлаа. Сонгуулын хугацаанд ардчилсан намын гэх тодотголтой дөрвөн засгийн газар солигдож, ардчиллын удирдагчдын нэг болох С.Зориг алагдлаа. С.Зоригийг ардчилсан хүчнийхэн өөрснөө хороосон гэдэг цуурхалыг амжиллтай дэгдээж чадав. Нүүрэн дээр гэдсэндээ хөлөө хийлцэн, бие биенийгээ ээжлэн татаж унагаах ардчиллын хүүхдүүдийг “ийм юм хийсэн ч байж мэднэ” хэмээн ард түмэн дорхноо үнэмшив. Ардчилсан нам засгийн эрхээс буухаас нааш "С.Зоригийг хөнөөсөн” хэрэг илрэхгүй, тэдний оронд бид ялангуяа би өөрөө сонгогдвол маргааш өглөө нь л алуурчныг чихдээд ирнэ хэмээн итгүүлсэн зарим нь нэн амархнаар депутат болов. Амжилтандаа эрэмшсэн МАХН-чууд энэ хэргийн далбаан дор хэнийг ч яаж ч болох боломж бүрдүүллээ. ХХ зуунд “ардын дайсан”, “намын эсэргүү бүлэг”-т орооцолдсон хэнийг ч болов өмгөөлөх зүрхтэн гардаггүй байсан бол ХХI зууны эхээр “Зоригийн хэрэгт сэжиглэгдсэн” гэх хэнийг ч өмгөөлөлгүйгээр цээрлүүлэх боломж гарлаа. Олон арван хүн түүний дотор ардчиллын удирдагчийн нэг Бат –Үүл баривчлагдан залхаагдсан билээ. ХХ зууны туршид монголын улс төрчдийн дунд гарсан хагарал, зодооноос харь гүрнүүд бодлогын хожоо гаргаж байсан бол гурав хувьсгалаас хожигч гарч ирсэнгүй. Эдийн засгийн хөөсөн өсөлт гэлээ гэдэг шиг түрхэн зуур алдар нэр хожин, 2000-2004 онд бараг дангаараа төр барьсан МАХН өнөөдөр өөрөө томоохон хохирогчийн суудалд очжээ. Өөрт шүглэсэн хулгайч болон бөөсөндөө баригджээ. Ард түмэн өнөөдөр түүний амласан, бүлтэрсэн, мултарсан дараа идсэн уусан завшсан болгоныг асуун амыг нь таглаж байна. Гэхдээ эндээс нэг дүрэм олж харлаа. Монголчууд хоорондоо алалдахад гадаадынхан нь хожно уу гэхээс монголчууд хэзээ ч хождоггүй дүрмийг бид үзэв.

Тав. Хожоо.

Алдаан дундаасаа монголчудын олсон сургамж л С.Баярын засгийн газрын таван төгөлдөршлийн дөрвийг сөрөг хүчин дэмжиж, уул уурхайн салбарт барих төрийн үндсэн бодлого дээр монголчууд хоорондоо зохицож чадав. Харилцан дэгээдэлцэл, унаж босох процесс дундуур монголын үндэсний төрийн зүтгэлтнүүд тодорч эхэлж байна. Өнгөрсөн хориод жилийн түүхнээ манай түүхнээ гарч ирсэн гялайж гялтайсан болгон өөрийн гэсэн авторуудтай үлджээ. Ардчилсан хувьсгал, шинэ үндсэн хуулийг зориуд орхиод харахад ч ийм байна. Өмч хувьчлалын үйл хэргийг Да.Ганболдгүйгээр: үнийн чөлөөлөлтийг Дашийн Бямбасүрэнгүйгээр: банкны шинэчлэлийг Да.Ганболд ба Д. Бямбасүрэн хоёргүйгээр: санхүүгийн шинэтгэлийг Баабаргүйгээр: малыг малчдад өгсөн ба авилгатай тэмцэж эхэлснийг Элбэгдоржгүйгээр: орон сууц хувьчлал ба татварын шинэтгэлийг Р.Бадамдамдингүйгээр: ашигт малтмалын салбарыг дампуу байдлыг зогсоож газрынхаа баялгийг эзэмших эрхийг төрдөө эргүүлж авчирсан бодлогыг Лу.Болдгүйгээр төсөөлөх аргагүй.

Мэдэж байгаагаас гадна мэдээд яах юм бэ гэмээр эсвэл мартагдсан шинэтгэлүүд бас авторууд ч бас байгаа. Монголчуудын хөлөөс чөдрийг нь салгаж гадаадад явдаг “алтан соёмбот” паспортыг нь гардуулсан хүн бол Э.Бат-үүл. Энэнийхээ төлөө ч удаа хэлэх хэлэхгүйгээр дуудуулав даа. Хүчний байгууллагууд дотроо хамгийн амжилттай шинэчлэгдэж, ахархан хугацаанд олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвар суусан Монголын армийн шинэтгэлийн авторууд нь Баабар, Дорлигжав, генерал Дашзэвэг нар гэдгийг хүмүүс тэр бүрий бас мэдэхгүй. Өөрт нь дур гутсан хүн хэтэрхий олон болсон ч газарыг хувьчлах шийд гаргуулж чадсан Н.Энхбаярыг алхамыг арчаад хаях боломжгүй. Хувьсгал шинэчлэлт дотор үгүйлэгдэж байсан хэсгүүдийг зангидаж гүйцээхээр боловсрогдсон “таван төгөлдөршил” бодлогыг Санжийн Баяраас салгах аргагүй. Ингээд харахаар түүх жамаараа явж, өөрийн баатрууд тодорч, тасалдаад 300 жилийг үдсэн монгол төрийн бодлого ба зүтгэлтний уламжлал зүй зохисоороосэргэн залгагдаж байгаа ажаам.

Нэгэнтээ Ярослав Хашекийн эрэлхэг цэрэг Швейк “Юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” хэмээн наргиан болгон хэлсэн билээ. Бид ч бас яаж муудсан гэлээ мөн л сайжрах тийшээ явж байгаа юм байна. Наад зах нь төрийн бодлогын тасархай залгагдаж сэргэгдэж л яваа ажээ.