Дуучин С.Жавхлан үндэсний өв, нүүдэлчдийн соёлыг хадгалж харамлах, улмаар түгээн дэлгэрүүлэх ариун үйлсийн манлайд яваа. Өтгөн хар гэзэг ургуулж, үргэлж дээл өмсөн, ээтэн хоншоортой гутал жийх энэ залуугийн хотод ирээд зүгширсэн нутгийн аялга нь эргээд тодорсны дээр үг хэлэх тоолондоо үндэс угсаагаараа бахархдаг болжээ. Тэрээр гадны шошготой юм бүхнийг жигшдэг гэх бөгөөд жинхэнэ монгол ёсоор амьдрахаар шийдсэнээ удаа дараа зарласан. С.Жавхлан “Монгол үндэстэн”-ийг бусдаас дээгүүр тавьсан утгатай олон онол (өөрөө онол гэж боддог) дэвшүүлжээ. С.Жавхлан бол Монгол үндэс угсаагаа гэсэн нийтийн дууны том төлөөлөгч. Ирээдүйд улс төрд хүч үзэх шаанстай залуу.
Иргэний хөдөлгөөн гэж бий, олон ч бий. Тэдний дунд “Гал үндэстэн” гэж байх. Бусдаасаа ялгаатай нь үндэсний хувцасаар ижилсэн, морь унан галигуулж, Төрийн ордны өмнөх Чингисийн хөшөөнд өвдөг бохирон мөргөөд баруунтайгуур нь тойрч очоод цонхыг нь нум сумаар харваад хагалчихдаг улс. Тэдний цор ганц зорилго бол “гадаадын эзлэн түрэмгийлэгчдээс (гадны хөрөнгө оруулагчдыг тэд ингэж нэрлэдэг) эх нутгаа чөлөөлөх”. “Гал үндэстэн” бол үндэсний хэв маягтай харагдахаас гадна үндэсний зэр зэвсэгтэй, сүүлийн үед газар аван алдаад хүний хөрөнгөнд халдсан хэргээр зарим зүтгэлтэн нь хоригдоод буй иргэний хөдөлгөөн.
Монголын рок, попынхон гэж ярьдаг. Тэдний дунд Камертон хамтлагийн дуучин Д.Болд том төлөөлөгч. Саяхан тэрээр “монгол поп” гэх урсгал гаргасан гэсэн бөгөөд бариу хар майкаа дээлээр, жийнсэн өмдөө торгон шарваараар, Nike пүүзээ ээтэн гутлаар тус тус сольжээ. Мэргэжлийн хүн биш болохоор дууных нь талаар хэлэх үг алга. Харин гаднаас нь харахад үнэнхүү “монгол поп”. Д.Болд бол донж маягаа байнга сольдог манай залуусын загварын түүчээ болсон дэгжин шаавай.

Улаанбаатарын олон улсын дунд сургуулийн сурагч монгол жаал ангийнхаа хоёр хүүтэй хуучилж байна гэнэ. Газар газрын хүүхдүүдийн зан хойно эх орноороо гайхуулж өгч дээ. Япон жаал монгол хүүгийн гэрт байгаа Sony, аавынх нь унадаг Toyota Land cruiser тэргүүтнийг нь хуруу даран тоолж бахархав. Швейцарь хүү ээлжин дээрээ монгол бандийн гарт байгаа Toblerone шоколад, ээжийнх нь тамшаалж суугаа Nescafe, аавынх нь гарт буй Swatch цагийг нь нэрлэж хөөрөлхөв. Монгол жаал том амьсгаа аваад хөөрхөн нүдээ эргэлдүүлэн нэрлэх гэтэл “Чингис” гээд цаашаа явсангүй. Гэртээ байгаа давуу талаа ашиглан эцэг эхээсээ тусламж хүслээ. Ээж нь “Говь” ноолуур, аав нь “Чингис архи” гэсэн боловч дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөгүй гэдэг шалтгаанаар юманд үл тооцогдов. Монгол гэр бүл дошин дээрээ далан таваар ялагдлаа. Уул нь “дэлгэсэн тэрлэг шиг нутаг”, “атгаад авчихаж болдоггүй нутгийн цэнхэр салхи” мэт бусдад гайхуулах юмтай гэж явсан санаж явсан нь ёстой л “хүүхэд нохойн доог” байж. Тэр монгол жаал өнөө хэр ангийнхнаасаа ичиж яваа. 

Бидэнд бусад үндэстний адил бахархах түүх, соёл бий. НҮБ-ын Соёлын өвд бүртгүүлсэн нь ч чамгүй. Гэхдээ өнөөгийн улс гүрнүүд өнгөрсөн түүх, язгуур соёлоосоо илүү хийж бүтээснээрээ гайхуулдаг бас цоллуулдаг, дээр нь түүгээрээ мөнгө олдог, олсноороо тансаг амьдардаг болж. Гучхан жилийн өмнө хөдөө аж ахуйн орон байсан анчин гөрөөчдийн нутаг, Nokia-гийн өлгий Финланд 2008 оны байдлаар дэлхийн зах зээлд 4 341 шинэ бүтээл нийлүүлжээ. Өдгөө дэлхийн улс орнуудын хөгжлийн төвшин шинэ бүтээлээр л хэмжигдэж байна. Япон энэ салбарт 217 364 патентаар бусдыг хошуучилж явна. Харин тэнгэр язгуурт монголчууд бид одоохондоо дэлхийд бүртгэгдэх шинэ бүтээл гаргаж амжаагүй яваа. Гэхдээ улсынхаа хэмжээнд нийт 350 орчим бүтээлд патент өгсөн бөгөөд хамгийн анхны патентийг 1963 онд Н.Аюурзана “Орхон” үүлдрийн хониор авсан түүх бий.

Ерээд оны эхээр Монгол Азийн бар болно гэж ярьж байх цагт “Мөнхийн хөдөлгүүр” бүтээсэн хүн гарсан ч Термодинамикийн II хууль ёсоор тийм зүйл байх боломжгүйг хүн төрөлхтөн нэгэнт нотолчихсон байсан юм билээ. Өдгөө манай Оюуны өмчийн газарт төрөл бүрийн шинэ бүтээл бүртгүүлэхээр ирэх нь нэмэгдсэн ба агаарын бохирдол, уул уурхай зэрэг бодит асуудлыг шийдэх гэж оролдох болсон нь юутай ч дэвшил. Шинэ бүтээлийн шинжээч П.Цогтгэрэлийн хэлж буйгаар хамгийн сүүлийн үеийн сонирхолтой бүтээл гэвэл ноосыг химийн будгаар будалгүй байгалийн өнгөөр нь өнгө гаргах, Ноос нэхмэлийн хүрээлэнгээс гаргасан хонины ноосноос ноолуур салгаж авах, мөн иргэн н.Ариунболдын автомашины дугуйг обуднаас нь хялбархан салгах шинэ төхөөржийг нэрлэж болох гэнэ. Харин дэлхийн хэмжээнд тоогдох шинэ бүтээл одоохондоо алга. Монгол эрдэмтэн мэргэд, инженер-зохион бүтээгчдийг суут Богд эзэн Чингис хааны маань тэнгэрийн чоно заяат босоо цагаан хийморь тэтгэж хэзээ нэг цагт монгол хүн дэлхийн хэмжээний бүтээл гаргахын ерөөл тавья. Ум сайн үндэсний брэнд төрөх болтугай.

Хөдөө аж ахуйн хоцрогдсон улсаас уул уурхайн орон болж буй манай иргэдэд одоогоор XIII зууны түүхээс нь өөр бусдад гайхуулах юм үнэндээ алга. Найман зууны турш хүн төрөлхтөний сан хөмрөгт гялтайх зүйл нэмээгүй хойно өнгөтэй өөдтэй гэсэндээ “Чингис хаан” нэр оноож дэлхийн зах зээлд гарах гэвч чанар хийгээд маркентгээр амбан явахгүй л байна. Байсхийгээд “Алтан медаль” хүртдэг гэх зүсэн зүйлийн “Чингис” архи дэлхийн цагаан архины зах зээлийг байлдан дагуулсан нь ч үгүй. Цагаан архины үйлдвэрүүдийн зөвхөн дотоодын зах зээлдээ зориулсан “тэргүүн дээд шагнал” шагналын тухай сурталчилгаа хэр нэмэртэйг бүү мэд.

Харин улам бүр жинхэнэ монголжиж буй мэт харагдах урлаг соёл, улс төрийнхний уралдаан өнгөн дээрээ тэнэг мэт боловч дэлхийд зөвшөөрөгдсөн үндэсний бахархалгүй монгол түмний сэтгэлийг татах хамгийн зөв маркетинг юм. Үүнийг олж харсан С.Жавхлан Grand khan Iris Pub-д бусдын жишгээр үхрийн махан стейк захин яг өрнийн соёлт хүн шиг хутга сэрээгээр сурмаг гэгч нь хооллочихоод Япон жийпээ унаад харина. Бусдаасаа өөр, этник арга барилтай “Гал үндэстэн” иргэний хөдөлгөөн нэгэнт нэр нүүрээ барсан тэмцэгч нарын буурийг сахиж үлдэнэ. Нэвт шувт монголжсон Д.Болд тайзны марзан хувцасаа тайлж уужуу амьсгалаад төрийн ордонд тоглолт хийснээрээ бахархана. Монгол попчин Болдоороо бид бахархана. Харин Болдыг маань дэлхий танихгүй, энд л бидний зовлон байна даа.