Батын Батбаатар гэдэг залуухан гишүүнтэй ярилцлага хийлээ. Залуу хүний, ялангуяа төрд ирээд удаагүй нялх түшээгийн ухаарал, залуу насны өнгө сэлт дүүрэн энгийн нэг ярилцлага. "Итгэлийг нь дааж чадах юм бол Монголын ард түмэн залуу үедээ хайртай байдаг юм байна" гэсэн түүний үг надад ч, зарим уншигчид ч таалагдсан. Үнэн шүү дээ. Итгэл дааж чадах эсэхээс л энэ хорвоогийн үй түмэн асуудал шалтгаалдаг. Хувийн, хувьсгалын бүх зам мөр дээрх тодорхойлолтод хамаатай. Гэвч ярилцлага маань олон уншигчид таалагдсангүй. Тэр ярилцлага манай сонинд нийтлэгдсэний дараа улстөрчдийн хэлдгээр би гэдэг хүн шүүмжлэлээр балбуулах шиг болов.

Сэтгүүлч хүн хэнтэй ч уулзаж ярилцлага хийж болно. Уншигчид харин хэн, юу ярьсан байна, ярилцсан сэтгүүлч нь хэн байна гэсэн хоёрхон хэмжүүрээр сонголт хийж уншдаг юм шиг санагддаг. Энэ талын бүх эрх гагцхүү тэднийх юм. Бид бол аль болох олон хүнд хүрэхийг, аль болох нээгдээгүй бие хүмүүс, сонирхолтой кадрууд, төрийн бодлого шийдвэрийг иргэдэд жинтэй таниулах эрхмүүд, эрх нь зөрчигдсөн иргэд гээд олон талд гарч, олон ургальч үзлийг дамжуулахыг эрмэлздэг.

Сэтгүүлч хүний ажил бол суудаг ажил биш. Явдаг, тэр тусмаа олон түмний дунд явдаг ажил. Энэ үүднээсээ Батын Батбаатарт итгэлээ өгөөд сонгосон сонгогчид ч тэр олон түмний нэг хэсэг юм. Тэдэнд сонгоод явуулсан товарищаа юу бодож, юу хийж, юунд тэмүүлж явааг мэдэх эрх бий шүү дээ. Энэ өмнөтгөлөөрөө би өөрийгөө өмгөөлөх гэсэнгүй. Манай редакц руу утасдаж шүүмжилсэн, над руу электрон шуудангаар зэмлэл илгээсэн уншигчид юунаас болж тийн бухимдсаны учир шалтгааныг л эрэх гэж хичээлээ.

УЧИРЛАЛ 1

Монголчууд насны залууг басдаг, үгүйсгэдэг зантай. Хэдэн үеийн турш л ийм байсан. Одоо ч тэр авираа тавьж ядан байна. Миний мэдэхийн л ардчиллын залуус гэдэг нэр томъёо хориод жил нийтийн аманд явлаа. Өнөөдөр л бүгдийнх нь толгой бууралтсан хойно өөрчлөгдөж байх шиг байна. Уг нь хамаг эрх чөлөө минь тэдний хонгор залуу насны эр зоригоор олдсон юм шүү дээ.

Монголын улс төрд залуу улстөрчдийн гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа их шүү. Мэдээж миний ярилцлагын зочин Батын Батбаатарыг С.Баярцогттой, Ч.Сайханбилэгтэй зүйрлэж, нэг рингэн дээр гаргаж ирэх аргагүй. Тэдэн шиг гавлаараа гайхуулж яваа залуус өнөөхөндөө улс төрд алга. Шударгаар хэлэхэд энэ. Гэхдээ Батбаатар шиг навчийг бас таслаад хаячихамгүй байнаа. Парламент мэргэших ёстой юм. Халаад л шинэковуудыг авчирдаг уйдамхай сэтгэл зүй төр төлөвшихөд хэрэггүй. Бодлоор болдог бол дөчин жилийн туршлагатай Д.Дэмбэрэл нь ч, дөрөвхөн жилийн туршлагатай Батбаатар нь ч ороод л ирмээр байна. Ахиад нэг залууг дөрвөн жил сургасан нь дээр үү, төрт есны өмнө хэн байхаа мэдрүүлсэн Лу.Гантөмөр, Б.Батбаатар, Р.Эрдэнэбүрэнгээ аваад явсан нь дээр үү. Бид төрийн галбирыг хэтийг харсан ултай ухаанаар л засч явмаар байна. Ялангуяа парламентын засаглалыг төгөлдөршүүлэхийн төлөө холыг л харах ёстой болж байна. Баахан энд тэндээс ирсэн бөх тэх эрээвэр хураавар улсуудын олонлогийг хоймортоо тахиснаар Монголын ард түмэн юу хожив оо. Энэ удаа бид уран сайханчдыг биш улстөрчдийг сонгомоор байна. Мөрөөдлөөр болдог бол Р.Амаржаргалтай, Ц.Нямдоржтой, З.Энхболдтой, Ц.Элбэгдоржтой, Б.Дэлгэрмаатай, Лу.Болдтой, Ө.Энхтүвшинтэй, Т.Гандитай, Д.Лүндээжанцантай парламент байгаасай. С.Баяр, М.Энхболд, Н.Энхболд, Д.Дорлигжав бүгд орж ирээсэй. Хүчирхэг бие хүн, төрд данслагдсан хувь заяатай, шантаршгүй эрхмүүд гадаа битгий яваасай. Тэдний хүч Монголын төрд хэрэгтэй. Монголын ирээдүйд хэрэгтэй. Бидний хөгжил дэвшилд хэрэгтэй.

УЧИРЛАЛ 2

Олон намын төлөөлөлтэй хэрнээ олонхи болсон улс төрийн хүчин байхгүйгээрээ удахгүй бүрэн эрхээ шилжүүлэх гэж буй УИХ онцлогтой байлаа. Монголын улс төрийн түүхэнд байгаагүй энэ бүтэц өөртөө маш том боломжуудыг агуулж ирсэн. Нэг нам дангаараа барьж аваад шийдвэрлэчихэж болдоггүй хуримтлагдаж байсан олон асуудлыг шийдэх бололцоо бий болсон. Тухайлбал, татварын шинэчлэл, ашигт малтмал, нийгмийн даатгалын шинэчлэл, олон нийтийн телевиз радио, авлигын асуудлуудаар улс орны хөгжилд тустай, хүлээгдэж байсан шийдвэрүүдийг гаргаж чадсан нь энэ парламентын ололт болж түүхэнд үлдэнэ.

Энэ удаагийн парламент бидэнд юу харуулсан бэ. Хамгийн гол нь засаг хяналттай байхын давуу талыг шүү дээ. Сонгогчид нэг хүчнийг данхайтал төрийн толгойд запж болдоггүй гэдгийг улам л гүн бат ойлгож авсан байх. Бид амархан уйдаж, амархан залхдаг ард түмэн. Тэрнээсээ болж дандаа ханарсан шийдвэр гаргаж ирсэн. Хамгийн ухаантай ард түмэн л хамгийн хүчирхэг төрийг бүрэлдүүлж чадна. Өнөөдөр Монголд олон нам үйл ажиллагаагаа явуулж байна. Ялангуяа сонгууль ойртсон сүүлийн саруудад баахан л нам гэнэт гарч ирж ярих боллоо. Чин үнэнийг хэлэхэд эдний дотор яг түүхээрээ гарч ирсэн хоёрхон нам л байгаа юм. Нэг нь МАХН, негөе нь Ардчилсан нам. Бусад нь нийлээд нийлээд хэдхэн хувийн л санал авдаг.

Тэгэхээр бид хэрмэл хувь хүн, хэзээ ч төр барихгүй компанийн нам хоёрт саналаа өгч өөрсдийн саналыг үнэгүйдүүлмээргүй байна. Улс орны хувь заяа энэ хоёр хүчнээс л шалтгаална гэж манай зарим улстөрч хэтэрхий ил тод мэдэгдэж , гурав дахь хүчний орон зайг хүсэмжлэгчдэд загнуулж хараалгуулдаг ч эцсийн дүндээ тэдний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйг иргэдийн сонголт нотолдог.

УЧИРЛАЛ 3

Сүүлийн үед энд тэндээс анивалзах болсон нэг муухай дохио байна. Энэ бол гэр бүл дамнасан хувийн бодлоготой явган улс төр. Талийгаач О.Энхсайханыг нас барсны дараа тус тойрогт нөхөн сонгууль болоход Ард түмний намаас тус намын дарга асан Л.Гүндалай өөрийн төрсөн дүү Л.Дэлгэрдалайгаа нэр дэвшүүлэн өрсөлдүүлж байсан. Хэрэв тэр ялсан бол эдүгээгийн парламентад нэг гэрийн хоёр хүн орж ирээд суучих байв. Одоо дэвшээд ороод ирлээ гэхэд ах нь Ардчилсан намыг, дүү нь ард түмний намыг төлөөлөх үү. Л.Дэлгэрдалай хэн ч байж болно. Гэхдээ парламент төрийн маань хоймор болохоос Ламжав гуайн дүнзэн байшин биш шүү дээ. Одоо Буянгийн Жаргалсайхан Булган аймагт өөрийн төрсөн дүү Б.Батсайханыг нэр дэвшүүлчихээд хөндлөн гулдгүй ноолууран цамц, машин тэрэг бэлэглээд давхиж явна. Б.Батсайхан ахыгаа бодвол дөлгөөн зан авиртай, хэнээс ч дутахгүй мэдлэг боловсролтой залуу байж болно. Гэхдээ УИХ гэдэг чинь монгол төрийн алтан тооно болохоос биш ах дүү хоёрын наадаж суудаг асар биш шүү дээ. Хэдийгээр иргэний эрх гэх ойлголт бий ч төрөө дээдлэх монгол хүний саруул ухаан гаргаж ах дүү хоёр гэр бүлээрээ ярьж байгаад нэгийгээ л сойвол яасан юм бэ. Энэ гажиг үзэгдэл явсаар нэг гэр бүлийн эр эм хоёрыг ч чирээд авчрах нь. Нөхөр нь МАХН-ын бага хурлын гишүүн, эхнэр нь АН-ын ҮЗХ-ны гишүүн ч байх шиг. Аз болж нэг нь нэрээ дэвшүүлээд явж байна. Удахгүй МАХН-ын бага хурал хуралдаад нөхрииг нь нэр дэвшүүлчихвэл яах болж байна вэ. Нам дамжсан гэр бүлийн тоглолтууд ийнхүү замбараагаа алдлаа. Ховдод нэр дэвшиж байгаа хэдэн нөхдийг мөн л улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Д.Батцогт ҮШН-аас, С.Бямбацогт МАХН-аас, Н.Хүрэлсүх Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа гэнэ. Гурвуулаа хөндлөн гулдгүй хамаатан гэнэ. С.Бямбацогт нь Н.Хүрэлсүхтэйгээ худ, С.Бямбацогт, Д.Батцогт хоёр нь болохоор базууд гэнэ. Болоогүй ээ, энэ хэд нь бас Хан-Уулд нэр дэвшиж байгаа Д.Загджавтай хамаатнууд. Энэ юу болж байна вэ гэж өөрийн эрхгүй дуу алдмаар байгаа биз. Нөгеө үзэл бодол, зарчим, монгол төрийн төлөө гэх сэтгэлийн соёл хаашаа одчихов оо. Иймээс манай сонгогчид гэр бүл дамнасан энэ мэт буруу үзэгдл үүдийг хоншоор дээр нь тас цохимоор байна. Тэгж байж төрөө ийм даврагсдаас хамгаалж чадна.

УЧИРЛАЛ 4

Буурьтай, ноён нуруутай, гол зарчмаа барьж чаддаг хүнийг төрд илгээх хэрэгтэй. Хувь хүний төлөвшил, хүмүүжил, туршлага, боловсрол шийдвэр гаргахад маш их нөлөөлдөг. Бид ямар ч хүмүүжилгүй, төлөвшилгүй, ноён нуруугүй, туйлбаргүй, бараг мэдрэл нь эрүүл гэхэд эргэлзмээр ганц нэг нөхдийг төрийн хоймроос жүжиг тавьж байхыг хангалттай харлаа. Тодорхой зарчим баримтлах уу, эсвэл өнөө маргаашийн эрх ашгийг дээдлэх үү гэхэд улстөрчийн боловсрол, хүмүүжил, төлөвшил, улс эх орноо гэсэн чин сэтгэл л нөлөөлнө. Өөр юу ч биш. Тэгэхээр бид энэ төрийг бодож л явдаг юм бол сайн дурын салбадайнуудыг нааш нь гишгүүлмээргүй л байна даа. Уран сайханчдыг биш улстөрчдийг сонгомоор байна.