УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МИАТ компаниас мөнгө угаасан гэх хэргийн талаар Хууль зүйн сайд нь мэдээлэл хийснээс хойш арав хоног өнгөрчихлөө. Өмнө энэ хэмжээний том хэргийн талаар, ялангуяа хэргийн шалгалтын явцад салбарын сайд нь ингэж нээлттэй мэдээлж байсангүй. Түүнээс хойш ч энэ хэргийн нарийн ширийнийг зарим нэг сонин хэвлэлүүд дэлгээд эхэлчихлээ. Үүнээс үүдээд энэ хэргийн цаана ямар нэг улс төрийн захиалга байна уу гэдэг хар ч төрж болох юм. Мэдээлэл хаанаас гараад байна вэ, ер нь МИАТ-ын хэргийг яаравчлан нийтэд зарласан шалтгаан юу юм? Эсвэл хэргийн шалгалтад саад хийж болзошгүй нөлөөллөөс хамгаалахын тулд олон нийтэд зарласан юм уу?  

-Өмнө нь их хэмжээний мөнгөтэй холбоотой, нийгэмд нөлөө бүхий бүлэг, эсвэл эрх мэдэлтэй холбогдсон хэргүүдийг аль болох нам жим, нийгэмд хаалттай байдлаар шийдэх, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг таслан зогсоох, шүүхэд нөлөөлөх гэж оролддог, эцсийн дүндээ хуулийн байгууллагын ажилтнуудыг худалдаж авсанаар дуусдаг жишиг байсан. Тийм ч учраас Монголд авлига, албан тушаалтай холбоотой, зохион байгууллалттай томоохон хэргүүд илэрдэггүй, хов живийн байдлаар хэвлэл мэдээллээр шуугиж байгаад буцаад татагдчихдаг байсан. Энэ нь нэгдүгээрт мөрдөн шалгах үйл явц хэтэрхий далд явдагтай холбоотой. Хоёрдугаарт, тодорхой хэрэг дээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг очдоггүйтэй холбоотой. Гуравдугаарт, хэргийн шалгалт хэтэрхий далд явагддаг учраас хуулийн байгуулага, хууль сахиулагчдыг худалдан авдаг, авлига, албан тушаал гэдэг асуудал зөвхөн улстөрчид болон захиргааны байгууллагуудыг худалдан авах бус хуулийн байгууллагуудын ч гэсэн худалдан авалт болоод хувирчихсан юм байна. Энэ хэрэг ч гэсэн тийм л зүйл рүү явж байсан. Тиймээс нэгдүгээрт, ийм хэмжээний хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажилагаа явж байгаа шүү гэдгийг олон нийтэд зарлах ёстой юм байна. Хоёрдугаарт, үүнд нь нөлөөлөх гэж оролдож байгаа тэр хэсэгт ч гэсэн тийм нөлөөлөл байхгүй шүү гэдгийг сануулах ёстой юм байна. Гуравдугаарт хуулийн байгууллагын ажилтнуудад өөрсдөд нь энэ хэргийн шалгалт дээр хяналт байгаа шүү, ямар нэг байдлаар худалдагдах юм уу, мэдээллийг задлах, өмнө нь байсан арга барилаараа ажиллах гэвэл та нарын асуудлыг бас давхар ярина гэдгийг сануулгыг өгөхөөс өөр аргагүй байсан.

Мэдээж хэргийн “гэдэс дотрыг” бол ярихгүй. Гэхдээ хэргийг мөрдөн шалгаж байна, харьцангуй баталгаа нотолгоотой зүйлүүдийг хууль сахиулах үйл ажиллагааны хүрээнд тодорхойлчихлоо. Тиймээс шүүн таслах ажиллагаанд гадны нөлөөлөл байх ёсгүй, хууль сахиулагчид хариуцлагатай ажиллана, хэргийн илрүүлэлт дээр улс төрийн дэмжлэг байгаа шүү гэдгийг зарлаж байгаа юм.

-Улс төрийн дэмжлэг гэхээр бас зарим хүмүүст буруугаар ойлгогдож магадгүй юм. А.Гансүх сайд ч гэсэн “засаг солигдсоны үр дүнд л энэ хэрэг илэрч байна шүү дээ” гэж хэлсэн байна лээ. Ардчилсан нам гарч ирээд, МАН-ын баахан хүмүүсийг шалгаад байгаа ч юм шиг...?


-Улс төрийн дэмжлэг гэдэг нь намаар талцаж хуваагдах тухай асуудал огт биш. Аль ч Засгийн газрын Хууль зүйн сайд гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Гэмт хэрэгтэй тэмцэх тэр хүсэл эрмэлзэл нь улс төрийн дэмжлэгээр харагдах ёстой. Зүгээр хүсэх төдий биш, хийх ёстой гэдгийг л хэлж байгаа юм. Улс төр гэдэг чинь жинхэнэ утгаараа бол бодлогын дэмжлэг шүү дээ. Хууль зүйн сайдаас үзүүлэх улс төрийн дэмжлэг нь “Бид зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ ээ” л гэж байгаа юм. Жирийн гэмт хэрэгт хэн нэгэн хүн хохирогч болдог бол зохион байгуулалттай хэргээс болж хэсэг бүлэг, нийгмийн олонхи бүхэлдээ хохирох эрсдэлтэй. Учруулж байгаа хор хохирол нь зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгддэггүй, нийгмийн оюун санаа, үндэсний аюулгүй байдлын зарчим руу хүртэл халддаг. Ийм зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцсэнээр эдийн засагт учирч байгаа хохирлыг багасгахаасаа гадна алдагдсан мөнгүүдийг буцааж оруулж ирэх боломжуудыг олдог. МИАТ-ын асуудал дээр гэхэд арваад тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөж байгаа. Хэргийн хүрээ нь тэлээд, энд тэндээс мөнгө гарч ирээд л байна. Одоо тогтоогдсон нь арван тэрбум төгрөг гэж байгаа ч хэргийн шалгалтын явцад энэ тоо яаж нэмэгдэхийг хэлэх арга алга.

-Оны өмнө та Хонгонг руу явахдаа Н.Энхбаярын угаасан мөнгийг эргүүлж авах асуудлаар явсан гэдгээ хэлсэн байсан. Тэр асуудал юу болж байна?


-Хууль зүйн сайдын Хонконгод хийсэн айлчлалын тодорхой хэсэг нь ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хоёр талаасаа хамтрах, Монголоос гарсан мөнгүүдийг буцааж оруулж ирэх талаар яриа хэлцэл хийх байсан. Эхний ажлууд хийгдэж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тэр бололцоо нь бидний нэгдэн орсон конвенциор олгогдсон байгаа. Нарийвчилсан байдлаар, шууд мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулах ёстой. Гэрээнийхээ саналыг бид өгчихсөн. Хятадтай бол гэрээгээ байгуулчихсан. Тус улсын тусгай бүс гэгддэг Хонконг, Макаотой энэ гэрээний тодотголуудыг хийх шаардлага байгаа.

-МИАТ-ын хэргээр Хууль зүйн сайд мэдээлэл хийснээс хойш цагдаагийнхан энэ хэргийн талаар огт дуугараагүй. Гэтэл хэвлэлээр бол хэргийн нарийн ширийнийг нэлээд дэлгэрэнгүй дэлгээд байдаг. Албан ёсны эх сурвалжгүй учраас хэн нэгний захиалгатай ч юм шиг. Хуулийн байгууллагууд өөрсдөө энэ хэргийн шалгалтын явцтай зэрэгцүүлээд мэдээллээ шуурхай өгөөд явах боломж байхгүй юу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөр бусад сувгаар явж байгаа мэдээллүүдийг бид “тэр нь тийм, энэ нь ийм” гэж хэлэхгүй. Албан ёсны мэдээлэл Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдын амнаас гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа манай мөрдөгчдийн хувьд одоогоор үүнээс илүүг илэрхийлэхгүй. Зохион байгуулалттай гэмт хэргийн нарийн мэдээллүүд гэмт хэрэг илрүүлэх чиглэлээрээ илүү чухал байдаг учраас тактик, стратегийн хувьд нууцлагдахаас өөр аргагүй. Бид хэргийн ерөнхий хүрээг зарласан болохоос биш дотоод нарийн юмыг нь зарлахгүй. Хэн холбогдсон, ямар түвшинд байгаа гэдэг мэдээлэл тодорхой хязгаартай байгаа.

-Хэргийн нарийн ширийн нь харин хэвлэлээр гараад л байгаа л даа. Үүнийг цагдаагаас гаргаад байна уу, өөрийн сонирхлын бүлэг байна уу гэдгийг л асууж байгаа юм?

-Мөрдөн шалгалтаар авагдсан мэдээллүүд бүгдээрээ ч гарчихаагүй байна л даа. Хоёр жилийн өмнө энэ хэргийг шалгаж байсан. Шалгаж байсан цагдаагийн албан хаагчдын зарим нь цагдаагаас гарсан. Тэндээс мэдээлэл задарч байхыг үгүйсгэхгүй. Хуулийн байгууллага дээр авагдсан, дарагдсан мэдээллүүд хэргийн зарим холбогдогч руу хууль бусаар очсон гэх мэтчилэн хууль зөрчсөн асуудал ч бас байгаа юм шиг байна лээ. Тэр асуудлуудыг ч гэсэн давхар шалгаад явна. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг өмнөх Засгийн газрын үед эрхэлсэн сайдаас нь бичиг явуулаад, цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байсан. Гэвч хэргийн илрүүлэлт дээр улс төрийн дэмжлэг байхгүй, хэргийн хүрээ хязгаарлагдмал байснаас болоод ямар шалтгаантай нь тодорхойгүйгээр хэргийн илрүүлэлт хойргошсон, дарагдсан, зарим мэдээлэл алдагдсан юм байгаа. Тиймээс бид зөвхөн мөнгө угаасан хэргийг шалгаад зогсохгүй энэ хэрэгтэй холбоотойгоор хуулийн байгууллага хэрхэн ажилласан бэ гэдгийг давхар шалгаж байна.

-Хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэгтэй нь зөвхөн прокурорын байгууллага уу?

-Гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хувьд прокурорын байгуулага, Хууль зүйн яам хоёулаа хамаарна. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй, зохион байгуулалтад орчихсон, эрх мэдэл болон бусад зүйлээр сүлбэлдчихсэн хэсгийн үйлдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг хууль сахиулагчдын хувьд ч эрсдэл ихтэй. Олон зүйлийг нууцлах шаардлагатайгаас гадна зарим зүйлийг нь нийтэд зарлаад олон нийтийн дэмжлэг болон хяналтад оруулах шаардлага ч байдаг. Үүнийг хийхийн тулд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцдэг Мөрдөх албыг шинээр бий болгож байна. Хамгийн хэцүү нь хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаах, эдийн засгийн болон экологийн эсрэг гэмт хэргүүд. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд нь улс дамнасан корпараци, банкны эзэд, илүү нарийн зохион байгуулалтад орсон гэмт хэргийн бүлэглэлүүд байгаа. Энэ гэмт хэргүүдийг дагаад олон дайвар хэргүүд үйлдэгддэг учраас үүнийгээ хаацайлах зорилгоор гэрч хохирогчдыг ямар ч түвшинд заналхийлэх, айлгах, амь насанд нь халдах бололцоотой. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхийн тулд бид эхлээд гэрч, хохирогчдоо хамгаалах, нөгөө талаар гэмт хэрэгтэй тэмцэж байгаа мөрдөгч нараа хамгаалах, нотлох баримтаа баталгаатай хадгалах хамгаалах, аюулгүй байдлыг хангасан байр савны шаардлага байна. Эдгээр баримтууд дахиад өөр зүйлээр батлагдахгүй, нотлогдохгүй байх эрсдэлтэй байтал хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлыг нь хангасан байр сав алга. Улсын мөрдөн байцаах газрын нурах гэж байгаа байшинд хэдэн арван тэрбумын хэргийн нотлох баримтууд хадгалагдаж байна. Эрсдэлтэй байхгүй юу. Тэрнээс болоод эмнэлэг булаасан хэрэгт хүртэл ороод муу хэлүүлээд л явж байна. Гэтэл бид зохион байгуулалттай, эдийн засгийн гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадвал ийм хэмжээний 20-30 эмнэлэгтэй тэнцэх мөнгийг буцаагаад л олоод ирнэ.

-Хууль нь гараагүй, Мөрдөх алба нь ч бий болоогүй байхад ийм том хэргийг шууд аваад мөрдөх боломж, чадамж нь манай цагдаа нарт байна уу?


-Хуулиараа энэ төрлийн гэмт хэргүүдийг цагдаагийн байгууллагад харьяалуулаад явж байгаа. Гэхдээ ний нуугүй хэлэхэд манай цагдаагийн байгууллага маш болхи арга хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүн хүчээр энэ гэмт хэрэгтэй тэмцэх гэж оролдож байна. Зохион байгуулалттай гэмт хэргийг өвсөнд нуусан зүүтэй зүйрлэвэл манай цагдаагийнхан зүүг олохын тулд ямар ч багаж хэрэгсэл, туслах бүтэцгүйгээр хар таамгаараа, нүцгэн гараараа тэмтрээд л явж байгаа байхгүй юу. Гэтэл бусад оронд бол нөгөө зүүгээ олохын тулд ядаж соронз хэрэглэнэ, ядаж лазераар харна. Гэтэл манайд гэмт хэрэгтнүүд нь гэмт хэрэгтэй тэмцэж байгаа байгууллагаасаа илүү тоног төхөөрөмж, зохион байгуулалт, мөнгө төгрөгтэй сууж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадахгүйгээс болоод энэ нарийн зохион байгуулалтад орсон, эрх мэдэлтэй холбогдсон, авлига, албан тушаалаа ашиглаад төрийн шийдвэрийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн гаргаж чаддаг тэр гэмт хэргийн сүлжээ чинь Монгол Улсыг өөрийг нь улс биш болгож байна шүү дээ. Монгол Улсын эдийн засгийг иргэдэд ашигтай бус олигархиудад ашигтай эдийн засгийн бүтэц болгож байна. Төрийн шийдвэрүүд иргэд рүүгээ чиглэж биш, зөвхөн мөнгийг нь төлсөн, эрх ашгаа захиалж чадсан тэр хэсгийн төлөө л гарна. Үүнийг шийдэхийн тулд зохион байнуулалттай, далд үйлдэгддэг, улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх албыг байгуулах ёстой. Ний нуугүй хэдэхэд бид дөрвөн жилийн өмнө УМБГ-ыг Мөрдөх алба болгоод зохион байгуулчихсан байсан бол ганц МИАТ-ын хэрэг биш, бусад олон хэргийг хамгийн хурдтайгаар, зохистойгоор илрүүлээд, шалгаад, гэмт хэргийг таслан зогсоогоод, улсад учирсан хохирлыг нь нөхөн төлүүлээд, асуудлаа шийдээд явчихаж чадах л байсан.

-Өмнө нь МИАТ-ын хэргийг шалгаж байсан. Тэр нь яг хаана хүрээд, юунд тулаад зогссон юм?

-Одоогоор шалгалтын ажил явж байна. Нэлээн олон зүйлүүд тодорхой болсон ч нягтлах шаардлагатай зүйлүүд бас байна.

-Цагдаагийн удирдлагууд их залуужсан гэсэн, дундаас нь бүтэн нэг үеийг сугалчихсан гэж ярих юм билээ. Ингэснээр цагдаад байгаа албан тушаал, ашиг сонирхлын сүлжээ, гинжин хэлхээг бүрэн тасалж чадах уу?


-40-45 насныхан л байгаа шүү дээ, тийм ч их залуу биш. Хуучин бол дандаа тэтгэврийнхэн л байсан шүү дээ. Зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй, ер нь манай төрийн байгууллагууд нийтээрээ тэтгэврийн нас нь болчихсон хүмүүсийг тэтгэвэрт нь гаргахгүй хууль зөрчөөд сунгаад ажиллуулчихдаг. Тэд нар нь бүх албан тушаал дээр ээлжилж, сэлгэж суугаад нэг ч бодлого өөрчлөгддөггүй, нэг ч ажил шинэчлэгддэггүй. Хуулийн байгууллагын удирдлага дээр удаан суусан хүмүүс бие биенээ сайн мэддэг учраас хоорондоо тохиролцоод зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх биш, өөрсдөө зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хэмжээнд оччих эрсдэлтэй тулгарчихсан байсан. Үүнийг нь таслан зогсоосон. МИАТ-ын хэрэг дээр ч гэсэн тийм хандлага гарч байна л даа. Урьд нь энэ хэргийг шалгаж байсан хүмүүстэй холбоотой зөрчлүүд үүсч, тэр нь илэрч, шалгагдаж байна.

Үндсэндээ цагдаагийн байгууллага батлан хамгаалахаас ч илүү хурандаажсан байгууллага болсон. Тиймээс цол зэргээр чадвар юм уу, хариуцлага, ёс зүйтэй байдлыг илэрхийлэх ямар ч боломжгүй болсон. Хууль сахиулах байгууллагын доторх цолны утга учир алдагдсан. Тийм учраас бид томоохон шинэчлэл хийхээс өөр аргагүй, бүх түвшинд нь. Зөвхөн боловсон хүчин биш, тогтолцоо, цол зэрэг, гавьяа шагнал, чиг үүрэг, нийгмийн болоод эдийн засгийн баталгаа гээд бүхэлд нь өөрчлөлт хийнэ. Өмнө нь хийж байсан шинэчлэлүүдийг харахад өнгө будгийг нь л зассан болохоос биш дотоод бүтэц, араг ясандаа шинэтгэл хийж чадаагүй. Тийм учраас их том шинэтгэл рүү зорьж байна. Энэ хагас сайнд Засгийн газар луу орох хуулиуд энэ шинэтгэлийн гол цөм нь болно.

-Ямар хуулиуд вэ?

-Хууль сахиулгчдын эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай гэхчилэн эхний дөрвөн хууль Засгийн газар луу орох гэж байна.

-МИАТ-ын хэргийг яагаад дахин сөхсөн юм бэ? Өмнө нь шалгуулахаар өгч байсан сайд нараас дахиж хүсэлт гаргасан юм уу, эсвэл та санаачилгаараа эхлүүлсэн үү?


-Одоо мөрдөн шалгаж байгаа эдийн засгийн зохион байгуулалттай хэргүүдээс сүүлийн саруудад богино хугацаанд хамгийн амжилттай баталгажуулж, хүрээг нь хумьж, эзэн хогбогдогч, үйл хөдлөлийг нь тодорхойлж чадсан хэрэг нь МИАТ-ын хэрэг. Тиймээс шалгалтын явцыг эрчимжүүл гэдэг үүрэг өгсөн. Хэрэг хаагдаагүй, шалгагдаж байсан. Гэхдээ зарим нэг төрлийн нотлох баримтыг дарагдуулсан, үйл ажиллагааг тасалдуулсан. Үүнд нь хуулийн байгууллагын оролцоо ч, улс төрчдийн оролцоо ч байгаа байх. Тэр зүүлийг нь давхар шалга, аюулгүй байдлыг нь ханга гэдэг үүрэг өгсөн. Миний Хонконг явсантай холбоотойгоор энэ төрлийн хэрэг зөвхөн Монголын биш, олон улсын хамтын үйл ажиллагаа болоод хувирчихлаа. Улс дамнасан гэмт хэрэг учраас. Үүнээс гадна бас хэд хэдэн хэрэг шалгагдаад явж байгаа.

-Н.Энхбаяртай холбоотой “Эрдэнэт”-ийн ган бөмбөлгийн хэрэг юу болж байна вэ?


-Шалгагдаж байгаа.

-Хэвлэлээс харвал МИАТ-ын хэрэгт ихэнхдээ МАН-ын угшилтай, тэдний томилсон хүмүүсийн нэр  холбогдсон байна лээ. Танай намынхны оролцоо бий юу?


-Эдийн засгийн, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх явцад нам гэдэг ойлголт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээд гэдэг л ганц ойлголт байгаа. Үүнийг би Н.Энхбаярын хэрэг дээр ч гэсэн хэлж байсан. Аль нэг намын дарга, эсвэл Ерөнхийлөгч байсан гэдэг ялгаварлал байхгүй. Ялтан гэдэг нэг л ойлголт байгаа. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн зарчим байгаа. Шалгаж байгаа гэмт хэргийн хүрээнд гэм буруутай, үйл ажиллагаагаараа холбогдож орж ирсэн хэнгуай нь ч байсан хуулийн өмнө асуудлаа шийдүүлээд хариуцлагаа хүлээгээд явдаг тийм тогтолцоо л бүрдэх ёстой. Тэнд нь Ардчилсан нам байна уу, МАН, МАХН байна уу сонин биш. Хууль юуг зөв, юуг буруу гэж хэлж байна вэ гэдгийг л олж харах хэрэгтэй. Ийм л зарчим, шаардлагыг би тавьж, дор ажиллаж байгаа хуулийн байгууллага, цагдаагийнхандаа ч ийм үүрэг даалгавар өгч байгаа. Гэмт хэрэг илрүүлэх, нотлох баримтаа цуглуулах, асуудлыг харахын тулд хуулийн хүрээнд ур чадвараа гаргаж ажилла. Гэхдээ арай шуурхай, арай сэтгэлтэй ажил л гэж хэлж байгаа.

-Хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэг дээр манайхан олон улсын анхаарлын төвд орчихоод байгаа. Эдгээр хэрэгтэй тэмцэх чадавхи манай цагдагийнханд байна уу?

-Үнэхээр зохион байгуулалттай, улс дамнаж үйлдэгддэг гэмт хэргийн хувьд бид энэ хэрэгтэй тэмцэж байгаа байгууллага, ажилтнуудаа шинэ шатанд гаргах хэрэгтэй. Хүн худалдаалах, хар тамхины хэргийг бол бид аль хэдийнээ тавиад туучихсан шүү дээ. Ямар ч хяналт байхгүй, оношлогоо тавьж чадахгүй байна. Нийгмээ эмчлэх, нийгэмдээ онош тавих тэр бүтцээ алдчихсан. Эрүүл мэндийн салбар хүнээ эмчлэх бодлогоо тавиад туучихсан шиг хуулийн салбар нийгмээ оношлох бодлогоо тавиад туучихсан байна. Монгол Улсад хар тамхи худалдаалах гэмт хэрэг ямар түвшинд, мөнгө угаах хэрэг ямар түвшинд очсон юм,. хэн ч мэдэхгүй байна. Үнэхээр шударгаар ажилласан нь баяжаад байна уу, эсвэл мөнгө угаагаад, луйвардаад байна уу? Үнэндээ бол бага хэмжээний луйвар хийсэн нь залилан гээд шоронд ордог, их хэмжээгээр идсэнийг нь зүгээр л ил цагаан яриад, барьцаад суугаад байна шүү дээ. Үүнийгээ зөв ялгаж өгөхгүй бол шударгаар бизнес хийж байгаа хүмүүс нь сүүлдээ хардагдаж, нийгмээрээ мөнгөтэй хүмүүсийг үзэн ядах хэмжээнд хүрчихлээ. Энэ бүхнийг зөв оношилж, алийг нь хууль ёсны, алийг нь хууль бус гэх вэ гэдгийг зөв зааж өгөхгүй бол сүүлдээ хэн нэг нь “Би шударга ёсыг тогтооно” гэж цээжээ дэлдээд, мөнгөтэй хүн болгон руу дайрдаг болох юм бол энэ нийгмийн чинь үнэ цэнэ алдагдана. Хууль зүйн салбар нь өөрөө нийгмээ зөв оношилж чадаагүйгээс болоод нийгмээрээ өвчлөөд, энэ өвчлөл дээр нь өвчтэй хүмүүс од болж гарч ирэх аюул бий болж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Эцсийн дүндээ Хууль зүйн сайд л үүний хариуцлагыг хүлээх ёстой. Тиймээс хийхээс өөр арга байхгүй.

-МИАТ-ын хэргийн хамрах хүрээ хэр өргөн юм бэ? Гэрч, хохирогч нарыг нь оролцуулаад...

-Одоогоор цагдан хоригдоод шалгагдаж байгаа найман хүн байна. Шалгагдаж байгаа хүмүүсийн хүрээ бол түүнээсээ арай өргөн. Эрэн сурвалжлагдаж, олдохгүй байсан хоёр хүнээ бариад хийчихсэн. Одоогоор хэргийн нарийн деталийг ярих боломжгүй. Цаашид асуудалтай холбоотой зарим нэг хүмүүсийн шалгаж тодруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Энэ төрлийн хэргийг хэргийг шалгана, илрүүлнэ гэдэг бусдад нь ч гэсэн дохио өгч байна гэсэн үг. Цаашид хулгай хийх гэж байгаа, хулгай хийнэ дээ гэж бодож байгаа хүмүүст тийм боломж улам бүр хомсдож байна шүү, хэрэг илэрдэг юм байна шүү гэдгийг сануулах ёстой. Бид гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогоо бас гаргах ёстой шүү дээ.

-МАХН-аас Засгийн газарт орсон сайд нарын тухайд олон нийт болоод хэвлэл мэдээллийнхний зүгээс маш шүүмжлэлтгий хандаж байгаа. Энэ хүмүүс Н.Энхбаярын төлөө ажиллах гэж албан тушаал авсан уу, эсвэл Монгол Улсын 2,8 сая иргэдийн төлөө ажиллах ёстой юу гэж. Гэтэл Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Хувь хүнтэй холбоотой асуудлаар над дээр нэг ч гомдол орж ирээгүй” гэж хариулсан билээ. Яагаад үүнийг хувь хүнтэй холбоотой асуудал гэж үзэх, хэн нэгэн гомдол гаргахыг хүлээх ёстой юм бэ. Та жишээ нь дэд сайдаа огцруулах саналыг өөрөө гаргах уу? Н.Удвал сайдын хувд ч гэсэн бас ёс зүйн асуудал яригдах л ёстой биз дээ?

-Манай дэд сайдтай холбоотой асуудлыг бол би л Засгийн газарт оруулах ёстой байх. Одоогоор “Шүүн таслах үйл ажиллагаанд саад болсон” гэдэг үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах үйл ажиллагааны эцсийн үр дүн гараагүй байхад урьдчилсан байдлаар хариуцлагын асуудал ярих боломжгүй. Эрүүгийнхээр уу, эрүүгийн бусаар явах уу гэдэг нь эцэслэгдээгүй байна. Н.Удвал сайдын хувьд Засгийн газар кабинет дотооддоо л асуудлаа ярих байх.

-Тэгвэл Эрүүл мэндийн сайдын хувьд хохирол ярих ёстой этгээд нь хэн байх юм?

-Яг ял эдлүүлэх болон түүнтэй холбоотой асуудал хөндөгдвөл прокурорын байгууллагаас асуудал тавигдаж магадгүй. Хэрвээ албан тушаалаа буруугаар ашигласан байна гэж үзвэл. Зүгээр Засгийн газрын гишүүний хувьд ёс зүйн алдаа байна  гэж үзвэл Ерөнхий сайд л асуудал ярина шүү дээ. Олон нийтийн хувьд мэдээж улс төрийн өнцгөөрөө шүүмжлэлээ хэлэх байх. Хууль зүйн хүрээнд бол хор уршиг, хохирол ямар хэмжээнд байна вэ гэдгээр л асуудлыг ярина. Гэхдээ нэг юмыг зөвтгөхөөс өөр аргагүй. Хоригдол ч гэсэн хүн учраас эмнэлгийн үйлчилгээ авах ёстой гэдэг бол үндэслэл мөн. Тэр үндэслэлийг нь ч би олж хараад өнгөрсөн намар энэ журмыг өөрчлөх ёстой, өөрчлөхөөсөө өмнө эмнэлгийнхээ асуудлыг шийдэх ёстой гэж үзээд бодлогоо гаргасан. Тэгэхээр Н.Удвал сайдын гаргасан шийдвэрийн агуулгыг хууль бус гэж үзэх үндэсгүй. Харин тэр шийдвэрээ хэрэгжүүлж байгаа хэлбэрийн хувьд асуудал байна аа л гэж хэлж байгаа. Түүнийх нь хор уршиг болоод хохирлын нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой.

-МИАТ-ын хэргийг шалгаж байгаа нь яваандаа хувьчлалтай холбогдчих юм биш биз?

-Хэлж мэдэхгүй байна. Одоогоор энэ талаар урьдчилсан дүгнэлт хэлэх бололцоогүй. Хэргийн шалгалтын явцад ямар хэмжээний нотлох баримтууд цугларав, ямар хүрээнд татагдан оров гэдгээр л явна. Хэрэг ийм болно, тийм болно гэдэг дүгнэлтийг би хэлэхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу мөрдөн шалгаж, ямар нэг нөлөөлөлгүйгээр шударга шүүхийн өмнө аваачина гэдэгээ бол харин хэлнэ.