Саяхан Улаанбаатарт болж өнгөрсөн Ардчилсан орнуудын сайд нарын уулзалтын үеэр “Монгол бол ардчилсан орон биш, Аймшигт дарангуйллын дор бид ихэд зовж зүдэрч байна” гэсэн утга бүхий “сүрт” жагсаал цуглаан эсэргүүцлийн арга хэмжээ зэрэгцэн боллоо. Латин үсэгтэй гадаад хэлээр бичсэн лоозон барьсан хүмүүсийн зурагтаар ярьж буйгаас үзэхэд энэхүү ардчилалгүй байдал нь удирдагчийг нь барьж аваад шоронд хийчихсэн явдал гэнэ. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг санхүүжүүлж зохион байгуулж буй этгээд нь өнөөдөр Монгол улсын төрийн эрхийг барьж буй улс төрийн нам юм. Төрийн эрх барьж буй нам нь шүүх засаглалаа дийлэхгүй арга барагдан гадныхныг учирлан гуйж, тусламж дэмжлэг хайн давхиж явна гэдэг нь Монгол орон үнэхээр ардчилсан болжээ гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөм. “Юутай ч танай оронд шүүх засаглал үнэхээр бие даасан юм байна” гэж гадны хэд хэдэн хүн надад хэлсэн шүү.
   
Саяын хурлын үеэр хот маань ямар сайхан цэмцгэр болов оо! Төрлөх хотоо ингэж өнгө зүсээ засчихсан байхыг олон жил харсангүй. Ингэхэд аль зэрэг их нэмэлт хөрөнгө шаардсаныг хотын захирагчаас асуусан юм. Нэмэлт зардал огт гараагүй гэнэ. Хотын үйлчилгээнд зориулсан мөнгө хүзүүгээр татам бүрэн хангалттай байдаг гэнэ. “Даанч хулгай хийгээд байдаг болохоос, хулгайлахгүй бол хотын төсөв бүрэн хангалттай шүү дээ” гэж Бат-Үүл дарга хариулсан. Баяраллаа, Бат-Үүл дарга аа!

Төр бол нийгэмд үйлчилдэг үйлчилгээний байгууллага. Монгол улс сүүлийн арваад жил урьд хожид хэзээ ч байгаагүйгээрээ баяжсан. Тэр л утгаараа төрийн үйлчилгээний бүхий л байгууллагууд ард нийтэд үйлчлэх мөнгө төгрөгөөр хангалттай болсон. Юутай ч төрийн байгууллагад мөнгө төгрөгний гачаал гээч юм байхгүй болсон. Чухамхүү энэ их хөрөнгөний үлэмж хэсэг нь хэдхэн бүлэг хүмүүсийн хулгай хийх лут тогоо болж хувирсан нь даанч гомдмоор. Авилга хээл хахуулийн хэрэг манайд өдрийн шар наран дор ил тод, гэм зэм хүртдэггүй, их сайндаа хэдэн хоног шуугиад л өнгөрдөг ердийн үйлс болж хувирсан. Шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагууд ч үүнд эвлрэнгүй ханддаг төдийгүй өөрснөө энэхүү бусармаг сүлжээний оролцогч, нэг хэсэг нь болчихсон байлаа. Нийгмийн нэг хэсэг нь өнчин хүүхдийн үлдсэн ганц зүсэм талхыг, өвчтэй өтөл буурлын сүүлчийн эм тариаг дээрэмдэн таргалах юм бол ардчиллаар олсон бүхий л үнэ цэнэ хар аяндаа хэнд ч хэрэггүй шудрага бус нийгэм болж хувирна. Ардчилал авилга хоёр хамт байх үндэсгүй. Авилгатай ардчилал гэж үгүй.

Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2004 онд Элбэгдорж Ерөнхий сайд болуутаа авилгатай дайн зарласан. “Авилга Монгол орныг минь муухай харагдуулаад байна” гэсэн түүний үг нийгмийг сэртхийлгэж байсан. Авилга, хүнд суртал хоёр нэг юмны хоёр тал бөгөөд чухамдаа төрийн аппарат хүнд суртлаар гул барин авилгаар хооллодог. Та төрийн албатаас юм гуйгаад ороход ямар ч шалтгаангүйгээр “дараа ир” гэвэл “авилгад өгөх мөнгөө аваад ирээрэй” гэсэн үг. “Тэгж байгаад хариуг нь өгнө” гэж байгаа бол “надад юм атгуулсан цагт чинь л шийдэж өгнө” гэсэн үг. Уул нь таны ажлыг шийдэж өгөхийн тулд таны татварт өгсөн мөнгөөр чинь цалинжаад сууж байгаа хүн шүү дээ.
   
Тиймээс Ерөнхий сайд Элбэгдорж хүнд суртлын эсрэг тэмцэн, хэрэгтэй хэрэггүй олон дамжлагыг устгахаар олон заавар дүрмийг хүчингүй болгож, заримыг нь олны нүдэн дээр урж хаяж байсан. Олон жил өнгөрөөгүй учир олон хүн үүнийг санаж байгаа байх. Харин авилгад идэгдсэн, түүгээр хооллодог, амьдралын утга учраа авилгаар тодорхойлдог бүлэглэл энэ тэмцлийн эсрэг хариу дайныг ил тодоор зарлан тулалдаанд орсон билээ. Ялзарсан нийгмийн мэлхийнүүд шалбааг болгоноос ваагалалдаж түүнийг түлхэн унагааж санаа нь амарсан билээ.
   
Хэрвээ Монголыг сайхан харагдуулах гэж байгаа бол, хэрвээ Монголыгоо авилгаас салгаж цэвэрлэх гэж байгаа бол, хэрвээ ардчилсан нийгэм цогцлоох гэж байгаа бол үүнд нийт ард түмнээс олж авсан эрх мэдэл, итгэл хэрэгтэй. 2009 оны сонгуулийн компаний үеэр Элбэгдорж зөвхөн энэ тухай л ярьсан. Ард түмэн түүнд итгэж Ерөнхийлөгчөөр сонголоо. Тэр ч чухам хамаг анхаарлаа үүнд төвлөрүүлсэн юм. Шүүхийн тогтолцоог өөрчлөхгүйгээр энэ бусармаг явдлыг нурааж барахгүй. Үндсэн хуулиар Шүүх нь хараат бус бие даасан тусдаа засаг байх ёстой авч үнэндээ байнгын дарамтад байдаг институт байлаа. Нэг талаас эрх мэдэлтнүүд айлгана, нөгөө талаас шүүхээр орж ялагдсан нэг нь шүүхийн танхим дотор шүүгчээ зодчиж болдог, гурав дахь талаас нь мөнгөө барьсан луйварчид худалдаад авчихдаг л байлаа. Сэргэлэн гарууд болохоор шат шатны шүүхийг үл тоомсорон харж суугаад асуудлыг Дээд шүүхээр оруулан мөнгөө нэг мөсөн төлчихдөг байсан. Уул нь Дээд шүүх бол доод шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэдэг зориулттай биш, шүүхийн процессийн алдааг хянадаг, дараа дараагийн шүүх ажиллагаанд жишиг тогтоодог нэр хүндтэй газар байх учиртай. Энэ бүхнийг засах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан ба үүнийхээ өмнө төслөө ард нийтээр хэлэлцүүлсэн.
   
Авилгатай тэмцэх газар байгуулагдаад нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Энэ хооронд Төмөр замын зангилааны нэг багашаар дарга цэвэрлэгч ажилд авахдаа хахууль авсан гэсэн хэрэг л хамгийн том амжилт нь байлаа. Энэ байгууллагын дарга нь өөрөө авилгын хэрэгт холбогдон шоронд суусан шүү дээ. Түүнийг загасны хэдэн уурга төсвийн мөнгөөр илүү аваад түүндээ хэлмэгдсэн мэтээр ярьдаг. Өөрөө араас нь явах үйлтнүүд авилгатай тэмцсэн тохиолдол болгонд ийм цуу тарааж мөнгө төгрөгөөр эсэргүүцлийн цуглаан жагсаал зохион байгуулдаг. Загасны уурга үзүүртээ дэгээтэй, тэнд нь том юм үмхчихсэн байсан юм шүү. Түүнийг гүтгээгүй, би тодорхой үйлдлийг нь хэлье. Авилгачинг төөрөгдүүлж уулзах нууц байраа Баянхошууны эцэст танилынхаа хашаа байшингаар сонгон хэдэн зуун сая төгрөгөөр худалдан авсан байгаа юм. Төрийн том авилгачид Баянхошуунд байдаг болж таарлаа. Авилгатай тэмцэх газарт 2007 онд ажилд орсон нэгэн мэргэжилтэн ганц өрөө байртай, хуучин эксэлл машинтай байжээ. Хоёр жилийн дараа ажлаасаа халагдахдаа хоёр тусдаа хаустай, хоёр жиптэй, эхнэрийнхээ нэр дээр ресторантай болсон байв. Ийм л Авилгатай тэмцэх газартай байсан улс шүү дээ, бид.
   
Өнгөрсөн хоёр жилийн дотор ямар луглагар тул баригдаж буйг бүгдээрээ харж байгаа. Агентлагийн даргын гараашнаас 17 сая доллар бэлнээрээ гарч ирлээ. Татварын байцаагчийн хадгаламжаас 20 тэрбум төгрөг гарч ирлээ. Төрийн том даргын гэрийн сейфнээс 30 сая юань, 5 сая доллар бэлнээрээ гарч ирлээ. Төрийн компаний дэд захирлын нэр дээр банкинд 20 сая доллар, цаана нь Улаанбаатарт 5 хаустай, Швейцарь, Англи, АНУ зэрэгт мөн 5 хаустай болох нь илэрлээ. Хэн ч хөрөнгө мөнгөтэй байж болно, гэхдээ дээрх этгээдүүдийн хэн нь ч ядахнаа ганц ТҮЦ ажиллуулж үзээгүй төрийн ажилтан зүтгэлтэн нар шүү дээ. Энэ ердөө зах зух нь. Далайд хөвж яваа аварга мөсөн уулын дөнгөж орой нь л цухуйж байна. Мөсөн уулын 90 хувь нь харагддаггүй далд хөвж явдаг юм гэнэлээ. Энэ бүхэн бол зүгээр нэг шуугиад өнгөрөх асуудал бишээ. Энэ бол манай нийгмийг үр үндсээр нь идэж үгүй болгох аюул. Үүнтэй зөвхөн төрийн өндөрлөгөөс, ард түмнээс олгосон асар их эрх мэдлийн өндөрлөгөөс тэмцэнэ үү гэхээс нүсэр том мөсөн ууланд аварга Титаник ч мөргүүлээд сүйрдгийг бид киноноос сайн мэднэ. Энэ мөсөн уултай Ерөнхий сайд Элбэгдорж тэмцэхээ илэрхийлээд л арчуулж байсныг бид арав хүрэхгүй жилийн өмнөх туршлагаасаа харсан. Өнгөрсөн жилийн олон улсын статистикаар Монгол улс авилга бууруулсан индексээр 26 байр ахижээ. Энэ нь авилгатай тэмцсэний анхны үр дүн биш гэж үү? Бид хуулийн өмнө бүгд тэгш байх гэж ардчилаагүй гэж үү? Ардчиллаас хүсэн хүлээсэн олон үр жимсний нэг түрүүчээсээ боловсорсны шинж биш гэж үү?
   
Улс орныг иддэг идээ бээр ардчиллыг үхүүлдэг хорт хавдраас аврах Элбэгдоржийн энэ тэмцэл талдаа ч ороогүй байна. Эхлэлийн төдий ч эхний үр жимсээ өгсөн үйлс нь эмзэг нялхаараа байна. Энэ хүнийг өөрийг нь гэхээсээ илүү эхлүүлэн итгэл төгс цааш хөтөлсөн үйл хэргийг нь дахин сонгомоор бас дахин сунгамаар байна. Элбэгдорж эхлүүлж чаддаг, эхлүүлснээ гүйцээж чаддаг улс төрч. Түүгээр эхлүүлсэн ажлыг нь дуусгуулах нь бидэнд, нийт монголчуудад, бидний үр хүүхэд хойч үед, Монгол оронд, ардчилсан нийгэмд, хувь хүний болоод нийтийн эрх ашиг, эрх чөлөөнд, улс төрийн бүх намуудын төлөвшилд хэрэгтэй байна.

Мэдээж хэрэг ганц хүний сайн ажиллагаанаас хамаардаг нийгэм муу. Нийгэм зөвхөн хуулиас, тогтолцооноос хамаардаг болчихвол ямар ч мангас гарч ирээд юу ч нурааж чадахгүй. Шилжилтийн үед яваа бид ийм эрэмбэд хүрээгүй байна. Бидэнд хуулиа, тогтолцоогоо засах зайлшгүй шаардлага байна. Үүнийг Элбэгдорж хийж чадна. Би Элбэгдорж гэдэг хувь хүний төлөө биш, Элбэгдоржийн эхлүүлсэн бүгдийн төлөө, одоохондоо Элбэгдоржгүй л бол эргээд нурчиж магадгүй эмзэгхэн байгаа их алхмын төлөө саналаа өгнө. Хууль хаанчилж, хувь заяа тэгшрэхийн цагт бид бүгдээрээ сайхан амьдрах учраас эцсийн дүндээ хүн болгон өөрийхээ төлөө саналаа өгнө гэсэн үг гэж би ойлгож байна.

Эрүүл, эмх цэгцтэй, хуулийн дор хөдөлдөг, хөгжингүй, ирээдүйтэй, бат бөх нийгмийн тогтолцоотой Монголын төлөө би саналаа өгнө.
     
Шударга ёс гэдэг бол суух үйлийн үр тарьсан нь сууж байхыг, зогсох гавъяа байгуулсан нь зогсож байхын нэр гэж боддог. Амгалан шударга иргэд амгалан маргаашдаа эргэлзэх юмгүйгээр амгалан амьдрахын нэр гэж бас боддог, энэний төлөө л би саналаа өгнө.

Нойргүй хонох үйлийг нь мэдсээр байж үйлдсэн нэг нь нойргүй хонож, нохой хуцах тоолонд давхийдэг нэгнийд нохойгоо хорихыг захиран шаардсан төрийн дуу хоолой хангинан орж ирж байг гэж боддог. Үүний  төлөө л би саналаа өгнө.
 
Энэ сонгууль амаргүй сонгууль болно. Авилгачин нэрээ цэвэрлэж, ариун будгаар чимүүлэхийг хүсэгчид үлдсэн бүгдээ тэмтэрч өнгөрснийг эргүүлэхээр улайрна. Авилгач хэвээрээ баригдалгүй үлдэх гэсэн мөсөн уулын ёроол босон тэмцэнэ. Авилга авахгүй бол хүн шиг амьдарч чадахаа байсан бүлгүүд сөрөн зогсоно. Авилгатай чинь үлдээж өгнө, “ахаа намайг бодоорой” хэмээн тулах хүн ч гарна.

Амаргүй байх тусам, амархангүй байх тусам алдаа оноо ялгарах учраас, аль нь хэнийхээ төлөө, юугаа хамгаалаад яваа нь танигдах учраас бид урамтай байх болно.

Алдаа оноо ялгарахын хэрээр ард түмний мэлмий нээгдэж, сонголт мэргэн болох учраас айсуй цагийн байдлыг бид улам үнэлэх болно.

Ард түмний нүд нээгдэхийн хэрээр авилга хэмээх төрийн хорт хавдраас сэргийлэх сэрэмж, дархлаа нэмэгдэнэ.

Авилгын эсрэг, араакгүй эрүүл төр бол миний ч бидний ч, Монголын нийт ард түмний ч сонголт билээ.

Эхэлсэн хүн нь дуусгаж байж ажил бүтэн  болдог.

Хөтөлж гарсан хүн л хөсгөө бүтэн хүргэдэг.

2013-05-08