Манай зарим нам, заримсах юмгүй мань намыхан маань  “Хөдөөд л найдлага тавьж байна” гэлцэх аж. Тэд “Хөдөөнөөс л бид гарах магадгүй. Хотод өнгөрсөн” гэлцэхийг сонсоход сонин.  Нам нь, удирдлага нь, үйл ажиллагааны цөм нь хотод байдаг атал  ийн ярих ажээ. Ямар ч байсан эндээс “Байдаг газраа тар нь танигдсан юм байна” гэсэн утгаар ойлгож болж байна. Бас “өөрийг нь сайн мэдэхгүй газарт л дэмжлэг авна”  гэж үзэж байгаа болтой гэсэн дүгнэлт хийж болж байна.  Яг л залилан хийдэг гарууд энд баахан бужигнуулж аваад тараа таниулмагцаа зах хязгаарын сум, аймаг руу очиж,  танихгүй улсын толгой эргүүлэхээр морддог шиг санаагаа тунхаглаад байна уу гэмээр. Цаад утгаараа “За даа, манай хөдөөнийхэн ч сонгууль наадам хоёрыг ялгаач уу, үгүйч үү” гэсэн доромж өнгө илэрхий цухалзуулах ч шиг.

Аль нам ямар тактик барих нь тэдний хэрэг. Харин “Монголын хөдөө, орон нутгийн иргэд тэдний тооцсон шиг “учир мэдэхгүй гэнэн ард” хэвээрээ байгаа юу? Хотод барсан нэрийг тэнд зарж, учиргүй хожоо гаргах бололцоо бий юу” гэхчлэнгийн асуудал өөрөө сонин байна.

Хот, хөдөө ялгаатай нь үнэн. ХХ зууны дунд үеэс одоог хүртэлхи хөгжлийн гол асуудал “Хот, хөдөөгийн ялгааг арилгах” хэвээрээ байгаа. Дэд бүтцээс эхлээд амжиргааны, аж төрөх хэвшлийн гээд цөөнгүй зөрөө бий. Хотшсон хүмүүс ба нүүдэлчдийн хувьд эрх ашгийн зөрчилтэй тал ч бий.



Иймэрхүү, жижиг сажиг боловч байж болох зөрчил дээр тоглох гээд байна уу, гэхээр үгүй юм шиг. Тэд (тэд гэдэг маань тэд нар л гэсэн үг шүү дээ) “Хотын хөгжлийг зогсоогоод хөдөөгөө анхаарна. Нийслэлд зам тавих ажлыг зогсоогоод хөдөөний замыг засна. Улаанбаатарын супермаркетуудыг хаагаад хээр аваачиж нээнэ”, “Улаанбаатарт татвар нэмж, эд барааг үнэд оруулаад цугларсан хөрөнгөөр нь хөдөө зарж байгаа барааны үнийг хямдруулж зөрөөг нөхнө” гэхчлэнгээр хот, хөдөө хоёрын дунд байж магадгүй зөрчил дээр тунхаг хийхгүй харагдана.

Эндээс харахад хот хөдөөгийн иргэдийн амжиргаа, аж төрлийн эрх ашгийн зөрчил дээр тоглолт хийхгүй бололтой. Харин хот ба орон нутгийн иргэдийн хооронд байсан мэдээлэл авах боломжийн зөрөө, ямар нэгэн шугамаар олж авсан  мэдээлэлдээ зохих дүгнэлт анализ хийхэд орох хугацааны ялгаа зэргийг л гол хүчин зүйл болгож тооцсон болтой. Өөрөө хэлбэл хөдөөнийхэн мэдээлэл багатай, юмны учир ойлгохдоо маруухан байгаа. Ийм байгаа дээр нь толгой эргүүлэх юухан байхав гэсэн санаа. Ийм байсан уу гэвэл байсан, ингэдэг ч байсан уу гэвэл байсан, үнэн үнэн.

Ард нийтээрээ ганцхан “үнэн”-тай байх учиртай ба тэрийг нь намын төв хорооноос тараадаг байсан тийм цагт, орж гарсан ганц нэг хүний амнаас ондоо үнэн сонсож үнэмшдэг байсан. “За, чамд л итгэж ярилаа шүү. Цаашаа дуулдвал мань чинь толгойгүй болно” гэсэн аминч яриагаар жинхэнэ үнэний үр хөврөл тардаг ч байсаан. Тийм мэдээлэлд л итгээд сурчихсан байсан цаг ч бий. Мэдээлэл нээлттэй болсон ч гэсэн хуучны тэр арга үр дүнгээ өгсөөр, намын ухуулагч явуулаад хүний толгой эргүүлж болсоор байсан ч үе бий. Харин одоо өнгөрсөн байхаа.

Өнөөдөр ондоо болсон. Юуны өмнө суурин болон нүүдэлч иргэний хооронд байсан мэдээлэл, харилцаа холбооны боломжийн зөрөө бараг арилсан. Бидний ч сайных байх, бас дэлхий даяараа холбоо харилцааны салбарт санаанд багтамгүй хөгжсний ч хаялга байх.  Зурагтын олон арван суваг орон даяар цацагдаж, уул толгодын хаана байсан үзэж болж байна. Шилэн кабельд үндсэндээ бүх сум суурин холбогдож интернэтээр бүхнийг үзэх болж. Тэд хотын байтугаа, хорвоогийн хүний мэдэж байгаа болгоныг мэдэх болсон. Бичмэл мэдээлэл, сонин сэтгүүл улам бүр “хаяж яасан ч болохгүй сайхан уламжлал” болон хувирч байх шиг. Бараг л наадам цагаан сар энэ тэрэрхүү.

Нөгөө талаар малчид өмчийн болоод хүний эрхийн сүрхий мэдрэмжтэй болсон. Энэ нь тэд хөрөнгөтэй, нийгмийн доторхи сайн амжиргаатай хэсгийн төлөөлөл болсонтой холбогдоно. 1990-ээд оноос зөвхөн Улаанбаатарын хүн ам хоёр гаруй дахин өссөн. Энэ нь хотын эхнэрүүд сэтээ сэвээгүй амаржаад, ихэрлээд явчихсан гэхээсээ илүү хөдөөнөөс наашаа нүүж ирсний үр дүн. Харин энэ хугацаанд монголын мал сүрэг хоёр гаруй дахин өссөн. Үр дүнд нь нэг малчин өрхөд ногдох малын тоо хавьгүй олширсон. Өмчтэй байх, өмчөө баяжуулах хүсэл сонирхлоос хүний эрх чөлөөний мэдрэмж, өөрийнхөөрөө өсч дэвжих сонирхол урган гардаг. Энэ сонирхол нь түүний амьдрал хувь заяатай холбоотой шийдлүүдэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл улс төрийн сонголтыг илүү няхуур, илүү ухаалаг хийхэд хүргэдэг гэсэн үг.Эндээс хот хөдөөгийн “мэдээллийн ялгаа” арилсан гэсэн дүгнэлт хийж болж байна. Өөрөөр хэлбэл хотын хүнийг хуурч бараагүй аргаараа хөдөөний хүнийг хуурч болно гэдэг эргэлзээтэй болж.

Энд зориуд тэмдэглэмээр нэгэн зүйл бас байдаг. Манай хөдөөнийхэн чинь тэгж байгаад ихээхэн ёжтой, егөөтэй ард түмэн шүү. Юмыг мэдэхийн цаагуур мэдэж байгаа хэрнээ “Хөдөөний бид чинь юугаа мэдэх вэ” хэмээн гэмгүй царайлж хүнийг явуулна. Хөх инээдээ барьж чадахгүй атлаа “Ёстой үнэн үг сонслоо. Чи минь л ирж хэлээгүй бол мань чинь харанхуй чигээрээ л дуусах байлаа” хэмээн битүү егөхөө мартахгүй.

Ярослав Хашекийн “Эрэлхэг цэрэг Швейк”-ийг мэдэх нэг нь мэдэх байх, юмыг ойлгохын цаагуур ойлгосон хэрнээ, ойлгоогүй царай гарган бусдыг элэглэж явдаг нэгэн эрийн дүр гардаг. Надад мянга мянган Швейк үл мэдэгчийн адармаатай зангаа гарган, монголын хээр хонь хариулан, бодлогоширч явах шиг санагддаг. Дэлхийн утга зохиолын сувд эрдэнэ болсон энэ бүтээлийг туурвисан Я.Хашек 1920-ид онд Сибирьт олзны цэрэг, большевик байхдаа Коминтерний “Монголын үнэн” сонинг гаргалцаж байсан ч байж магадгүй байдаг. Тэрээр нүүдэлч монголчуудын умарт сэжүүр болох буриад зоны зан чанараас олон сонин элемент ажиглаж, баатрынхаа дүрийг баяжуулсан ч байж мэдэх юм.

Хөдөөний егзөр өвгөд гэсэн хэллэг дуулаа л байлгүй. Тамиргүй царайлж гаансаа нэрэнгээ Буддын айлдсан, Аристотелийн цэцэлсэн санаануудыг дотроо эргэцүүлж, эргэн тойрноо шоолонгүй харж суудаг л хүмүүс шүү дээ. Яагаад тэрийгээ хэлээд, загнаад, залуусыг мохоогоод явдаггүй юм бэ, гэж үү?  Өөрийгээ залуу гэнэн явсан үеэ зүйрлүүлэн харж чамайг хүлцэн өрөвдөж, нас ахихын хэрээр ухаан сууж гэм алдаанаасаа салахыг чинь яг л Будда мэт тольдох учраас тэр.

Ерөөсөө хөдөөнийхэн егзөр ардууд дотуур тамиртай учраас тэгдэг  ч юм биш. Нэг ийм үг байдаг “Яахав дээ, тэгж байгаад ухаарна биз дээ”, “Насны эрхээр амьдрал танихгүй хаачив гэж”, “ямар, залуу явж үзээгүй биш” гэхчлэн. “Худлаа ярих гээд байгаа хүн хуурч чадлаа гээд сэтгэгдэл өндөр хариг. Худлаа хэлээд хол явахгүй гэдгийг аяандаа ойлгоод болчихно. Харин бид ч хууртаагүйдээ сэтгэгдэл өндөр үлдлээ”гэсэн философи.

Хот хөдөөд мэдээллийн ялгаа арилсан, харин  малчин ардын зан төрх, егөө нь бол байгаа, байгаа. Хуурахаар очиход чинь “Худлаа” гэхгүй. Энэ бол хууртсан дүр үзүүлж жүжиглэж байгаа ч юм биш. Зүгээр л  “Сонгуулийн маргааш ингэж болохгүй гэдгийг ойлгоно доо, тэр болтол урмыг нь хугалаад яах вэ” хэмээн өршөөн, хүлцэж байгаа нь тэр.

Хөдөөнийхэн “мангар” байхаа больсоон...угаасаа ч мангар байгаагүй.

ЖИЧ: Бас нэг эргэлзээ байна. Миний мэдээд байгаа юмыг мань нам мэдэлгүй л яав гэж итгэдэг учраас эргэлзээд байгаа юм. Энэ бол орон нутагт санал луйвардах санаархал . Санал тоолох ажлыг гараар хийлгэнэ гэхчлэнгийн санаархал цухалзаад байгаа нь ч үүнийг нотлох мэт. Үүнийхээ бэлтгэл болгож “хөдөө л биднийг дэмжээд байгаа” гэсэн цуу тараан, нээрээ л тэгж байгаа мэт ойлголтыг нийгэмд төрүүлэх гэж байж болох юм. Хоёрдугаарт, орон нутгийн иргэд саналаа луйвардуулснаа мэдлээ гэхэд Улаанбаатарт байгаа цагаан байшингийнх нь өмнө жагсаад иртэл хэзээ л билээ гэж тооцсон ч байж мэдэх.  Үнэндээ “7 сарын 1”-д яасан гэхээр саналаа луйвардуулснаа мэдсэн ард түмэн сэрээд “Эй, Дарга Бумаа! Миний санал где?” гээд л босоод ирсэн хэрэг шүү дээ.