Анхаар: Фашизм

Мадлэн Олбрайт


АРДЧИЛЛЫН ДАРАНГУЙЛАГЧ


СЕНАТЧ ЖОЗЭФ МАККАРТИ - УУРТАЙ, БАЙНГА ААШТАЙ ЯВДАГ нэгэн бөгөөд хартай байдлаараа Муссолинигоос дутахгүй ч түүн шиг сэхээтэнлэг биш. Муссолинигийн адил тэр ч бас шоучин бөгөөд эрх мэдэл, улс төрд дуртай. Харин түүнээс ялгаатай нь улстөрчийн амьдралаа бараг бодлоготой холбоогүй эхлүүлсэн юм. Уураараа фашистуудаас дутахгүй ч юунд уураа гаргахаа мэдэхгүй байгаа мэт. Сенатад сонгогдсон эхнийхээ жилүүдэд тэр үслэг эдлэлд тариф тогтоох, улсаас орон сууц барих, сахарын квот тогтоох, Пентагоны ложистик зэрэг асуудлуудаар шуугиан дэгдээж байсан юм. 1950 оны эхээр, дараагийн сонгууль хаяанд ирэх үед тэр сонины тэргүүн нүүрэнд гарахын тулд юуг л бол юуг хийж эхлэв. 

Тэгж байтал, Вашингтон хотод нэгэн ресторанд католик хуульч, профессор, иэзүит лам гэсэн гурван хүнтэй хоол идэх зуур нэгэн санаа түүнд төрсөн гэдэг. Хуульч нь түүнд Сэнт Лорэнсийн далайн зам хэмээх асар том төслийг зүтгүүлэх хэрэгтэй гэж зөвлөв. Үгүй, олны сонирхол татахгүй хэмээн нөгөөдүүл нь няцаав. Тэгсэн их сургуулийн профессор нь Америкийн өндөр настан бүрт сар бүр 100 доллар өгнө гэж амла гэв. Ярилцаж үзээд, дэндүү зардал өндөртэй болохоор бүтэхгүй гэж шийдэв. Эцэст нь санваартан түүнд коммунистууд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж дуулиан таривал яасан юм бэ гэв. Яг зөв.[1]

Энэ үзэгдэл Америк орныг зүүнтэн, баруунтан гэж хуваасан. Үүнийг л судлах замаар бид ардчилсан орны иргэд өөрсдийн үнэт зүйлээ бусдын ятгалганд автан хаяж гээдэг үү гэсэн асуултын хариуг олох болно. 

Жозэф МакКарти залуудаа тахиачин байсан бөгөөд том цээжтэй, цэнхэр нүдтэй, өтгөн хөмсөгтэй, асар эрч хүчтэй хүн. Байгаагаараа зан нь сонгогчдыг татдаг бөгөөд бусад улстөрчдийн шивнэхээсээ ч санаа зовдог асуудлуудын талаар тэр дуулиан тарьдгаараа зартай. Гэхдээ ярьж байгаа зүйл нь бодитой, баримттай эсэхийг асууж лавлахад тэр хариулдаггүй, тоодоггүй байв. 

Вашингтонд хоол идсэнээсээ сарын дараа тэр Баруун Виржиниагийн Вилингт эмэгтэйчүүдийн клуб дээр “Надад төрийн нарийн бичгийн даргад өгсөн нууц нэрсийн жагсаалт байна. Энэ жагсаалтанд коммунист намын гишүүн 205 хүний нэр байгаа. Эдгээр коммунист намын гишүүд Төрийн департаментын бодлого боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна” гэж мэдэгдэв. 

Үүний дараа тэр гурван жилийн турш хэвлэлийн тэргүүн нүүрийг эзлэн, гадаадын тагнуулууд Америк орныг сүйрүүлэх гэж байгаа талаар аюулын дохио хангинуулан хүмүүсийг гүтгэсэн. Нэг гүтгэлэг нь худлаа болох нь батлагдахад тэр дараагийнхыг нь зохиож байв. Төрийн департамент, арми, бодлого боловсруулагчид, их сургууль, үйлдвэрчний эвлэл, хэвлэл, Холливүүдэд хэн хэн гэдэг тагнуулууд байгааг мэднэ гэж зарлаж байлаа. Өөрийг нь шүүмжилсэн бүхнийг, тэр бүү хэл сенатчдыг хүртэл тэр гадны тагнуул гэж нэр хүндийг нь унагаж байв. Авсан мэдээлэл нь хаанаас, ямар эх сурвалжтайг огтхон ч хайхрахгүй, хаана ч байхгүй холбоосыг тэр олж харна. Түүнийхээр бол өмнө нь хэзээ нэгэн цагт коммунист намд бүртгэлтэй байсан бүхэн, коммунист намыг дэмжигчтэй ямар нэг байдлаар холбогдсон л бол, коммунизмд зөөлөн хандсан зохиолчийн номыг уншсан л бол, либерал үзэл бүхий хэвлэл захиалсан л бол гадны тагнуул байлаа. Тэр хэзээ ч пулемётчин байгаагүй ч пулемётчин МакКарти гэдэг хочиндоо дуртай. 1951 оны дундуур тэр сенатад “Асар том хуйвалдаан явагдаж байна” гэж сануулж байв. 

Хэрэв хэвлэл мэдээллийнхэн түүнийг хөөргөж дэвэргээгүй бол тэр тийм ч олон гэмгүй хүнийг золиосолж, ажил амьдралыг нь сүйрүүлэхгүй байсан. Хоёр том намын удирдагчид түүний танхай авирыг дуугүй өөгшүүлээгүй бол түүний худал хуурмаг нь дороо илчлэгдэх байсан. Түүний яриа худал болох нь батлагдах үед төрд ажиллаж байсан цөөн хэдэн хүн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй хэмээн зайлуулагдсан. Гэсэн ч тэд МакКартигаас болж баригдаагүй. 

Олон хүн МакКарти шиг бодож, хий юм харж, сэрдэж байсан болохоор л түүний үзэл газар авчээ. Гүтгэлэг нь үнэн, худал болох нь хамаагүй, хэвлэлээр л гарч байвал түүний хувьд болоо. Хэдий чинээ санаанд оромгүй зүйл зохиож гүтгэнэ, хэвлэл төдий чинээ түүнийг нь дуулиан болгоно. Эргэлзэгчид нь хүртэл түүнд нь автана. МакКарти хэтрүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй авч оргүй ч биш байх гэж бодно. 

Популист улстөрч ийм заль ашигладаг. Фашистууд ч бас. Зионы Өвгөчүүлийн еврейн эсрэг протокол ч бас үүний нэг жишээ. Худлыг мянга давтвал үнэн болдог гэдэг дээ. Үнэн болохгүй ч гэсэн ядаж л үнэн юм шиг болдог юм. Муу үг модон улаатай гэдэг шиг худал үг салхин дээр нисэн одоход үнэн үг араас нь хазганан хөөдөг хэмээн Жонатан Свифт бичсэн билээ. Ялангуяа үнэн зүйлийн төлөө тэмцэж байна хэмээн ярин ийм дуулиан дэгдээх явдал ямар үр дагавартайг МакКартигийн карьер харуулна. Коммунизм хамгийн том мангас гэж ойлгогдож байсан тул түүнийг эсэргүүцэх боломж бараг үгүй байлаа.