“Хүн атаа жөтөөний зовлонг өөрөө бий болгон, өөрийнхөө гараар өөрийнхөө мөрөн дээр тавьдаг юм.”



Хүний сэтгэлийн хөдөлгөөн голдуу өөрийн эрх ашиг  хар амиа бодох үзлээс эхтэй байдаг.Тийм ч учраас муу зүгийн юмны мэдэлд амархан автагддаг.Иймд сэтгэлийн хөдөлгөөнийг ухаанаар залж, цагдаж, жолоодож байх учиртай.Сэтгэлийн тэнхээгүй  хүмүүс  өөрийгөө ажин шинжиж,сэтгэлдээ хурсан муу муухай бүхнийг олж харж, дор бүр нь засч залруулж байх сэтгэлийн  хүч тэнхээ дутмаг байдаг.Тийм хүн өөрийнхөө алдаа дутагдлаа хэзээ ч олж харж,гэмшиж чаддаггүйгээр үл барам, эл гэмээ нуун далдлахын тулд, өөрийгээ цорын ганц ариун сайхан мундаг амьтан гэж харагдуулахын тулд,ойр дотныхоо хүмүүсийн улыг шагайж өө сэв эрж явдаг.

Хүн нэр төр,албан тушаал,шагнал урамшил, алдар хүндийн төлөө зогсоо жолоогүй тэмүүлж,өөрийхөө байгаа хир хэмжээнээс илүү сүрхий хүн болж харагдах гэжзүтгэж байдаг.Чухам үүнээсээ болоод бусдадөс хонзон санах,бусдын улыг шагайх, атаархах жөтөөрхөх,хардаж сэрдэх  зэрэг олон нүгэл үйлддэг.

Өөрийгөө ажин шинждэггүй хүн л өрөөл бусдыг өөлөх гоочлох дуртай байдаг.Тийм хүмүүс ухамсартай ухамсаргүй алин боловч,өөрийнхөө гадна тал болох зэрэг зиндаа, мэдлэг боловсролыг дотоод ертөнцийнхөө хэмжүүр гэж ойлгоод, эндүү ташаа бодож явдаг. Чухамхүү үүнээсээ болоод л өөрийгөө ажин шинжихийн эрхэм чухлыг үл тоомсорлодог.

Хар амиа бодохоос ангид үйл явдал л хүний сэтгэлийг хамгийн их догдлуулдаг юм.Хүн өөрийнхөөөрөөсгөл ашиг сонирхлын үүднээс аливаа хэрэг явдлын жинхэнэ үнэнийг хэзээ ч олж харж чаддаггүй юм.Тийм өчүүхэн жаахан хүн л жаахан мэдэж ухаарсанаараа бардан сайрхаж,бусдад их зан гарган мугуйд зөрүүд бодол санааныхаа боол болон явдаг юм.Нөгөө талаар бусдын өө сэвийг харах“овсгоо самбаа”,цаг завтай байгаа хүн өөрийхийгөө бас  харах чадвартай л  байгаа гэсэн үг.Та өөрийнхөө үйлдсэн муу муухай зүйлээ,муу муухай гэж ойлгохгүй бол үнэхээр харамсалтай.Иймд та атгаг сэжгээсямагт ангид бай.

Ер хэн боловч өөрийгөө хатуу чанга,алагчлалгүй шүүгч мэт ажин шинжиж явбал зохино.Урьдаар өөрийгөө ажин шинжиж сурах хэрэгтэй.Өөрийгөө таньж мэдэж баймааж нь, бусдыг таньдаг болно.Дотор тал нь харанхуй хүнд юм бүхэн харанхуй харагдана.Дотуураа гэгээрсэн хүнд бүх юм гэгээн саруул харагдана.Олон хүн өөрийгөө өө сэвгүй сайн, өрөөл бусадыг өөдгүй муу гэж бодон явдаг.Тийм учраас өөрийн хамгийн шударга шүүгч болох өөрийн билгийн нүдээр, өөрийнхөө дотоод сэтгэлээ байнга  ажин шинжиж яв.

Хар багаас хэвшиж ирсэн алагчлахуй сэтгэл болоод хурмын төдийд ороод ирдэг муу бодлыг л таягдан хаяж, байгаль орчноо тогтуухан ажиж хүний хийгээд орчлонгийн мөн чанарын тухай эерэгээр тунгаан бодож яв.

Хүн өөрийн таван мэдэрхүйгээрээ гадны элдэв нөлөөнд амархан автагддаг амьтан.Тийм болохлээр хүнийг гадна байдлаар нь дүгнэхээс болгоомжилж бай.Өөдөөсөө хараад сууж байгаа хүнд хатгаж шүтгэсэн үг хэлэх,зэвүү хүрэм байдал үзүүлэхийг цээрлэж яв.Хүнд хамгийн чухал нь өөрийгөө хаана ч,хэзээч даруу бариу авч явах.

Цаанаа далд муу зүйл агуулж явдаг хүн, цаг үргэлж түүнийгээ агуулж явдаг болохоор ялигүй юманд амархан гомдож горойдог юм.Хайр   булаасан л гэнэ, сайн л гэнэ,муу л гэнэ,хараал идмэр л гэнэ,энэ бүхэн цөм бидний аминчхан бодолд шийрлэсэн үзэмжийн төдий үнэлгээ шүү дээ.Бусдыг өөчилж муучилмаар бол,урьдаар өөрийнхөө нүгэл хилэнцийг эрхбиш нэг санаж бай.Орчлон ертөнц таньд давчуухан санагдаад байвал бодол санаа чинь л давчуухан байгаа хэрэг.

Хэн нэгнийг бүү муучлахын тулд муучилж,бүү ад үзэхийн тулд ад үзэж бай.Үүрдийн заяанд нь сайн сайхныг бэлгэдэн хүсч,үнэн зохистой аргаар тус дэм болж яв.

Алив хүнд сул тал,хүчтэй тал байдаг юм.Бид харилцан хүчтэй талаа эрхэмлэлцэж,эмзэг сул талдаа ууч сэтгэлээр хандацгааж байх учиртай.Ямар нэг юман дээр алджээ гэдгээ мэдвэл та дахин ийм юм хэзээ ч хийхгүй гэж хатуу шийдэхийн сацуу, алдсаныхаа хариу төлөөсийг даахад бэлэн бай.

Бид бусадтай харилцахдаа элдэв башир маяггүй,алагчлах бодолгүй,саруул сайхан,ариун цагаан сэтгэлээр хандацгааж байх учиртай.Атгаг сэжиг,биеэ ихэд тоох сэтгэлээс ангид бай.Цаг зуур нүдэнд хүйтэн,хатуу ширүүн байх яах вэ.Цаад сайхан сэтгэл нь л байсан цагт аяндаа танигдаж сэтгэл уясгана.

Хонжоо харсан нөхөрлөл үзэх өнгөндөө таатай мэт байлаа ч ашиг дээр зөрөхийн цагт даруй дайсагнал болж хувирдаг жамтай.Цэвэр өлзий өгөөжид суурилсан нөхөрлөл харах өнгөндөө амт шимтгүй мэт байвч, насан үүрд үл эвдэрнэ.

Ахчлах дүүчлэх ёсыг үл мэдэх,хүйтэн цэвдэг сэтгэл гаргах,юм л бол гомдож горойн уньж,туньж явах арга мухардан цөхрөх нь муу бүхний туйл гэдгийг тогтоон санаж яв.Сайн муу хоёрыг ялгах үнэмлэхүй баримтлал байдаггүй ч бид сайныг муугаас нь ялгаадл байдаг.Хүний сайныг таних чадвар нь хичнээн хал үзэж хашир суух тусамл сайжраад байдаг.Ер нь юу ч болж байсан ноён нуруугаа алдахгүй байж чадна гэдэгэрхэм сайхан чанар.Хүнд муухай сэтгэгдэл төрүүлэх шиг өөдгүй юм байхгүй.Нэг тэгсэн хүнийг цаад хүн нь бодох тоолондоо ой гутна.Хүнд муу сэтгэгдэл төрүүлсэн хүн л өөрөө нүглийн эзэн мөн.

Айсан хүний нүдэнд аргал ч хөдөлдөг гэдэг.Хүнийг хардаж сэрдэнэ гэдэг муу зүйл. Олон хүн орчлонгийн муу зүгийн юмны эрхшээлд орж уулзсан бүхнийхээ улыг шагайж , далд муу явууллагын үүр уурхай болжээ.Алдаж осолдож,далдуур хутгах,залилах,мэхлэх,бүтэлгүйтэж нурахын зовлон, хал үзэж хашир таньсан гэж юу байдгыг бишгүйдээ нэг үзсэн хүн хардамтгай байдаг жам бий.Бусдыг хардаж сэрдэхээсээ урьд,өөр хүн таныг хардаж сэрдээд гарвал ямар вэ гэдгийг бас бодож бай.Их аялсан хүний бүдрэх нь цөөн гэдэг үг бий.

Харамсалтай,ичгүүртэй алив алдаа осол бидний хариуцлагаас гадна гадуур өнгөрнө гэж огт байдаггүйг санаж яв.Харин өрөөл бусдад төвөг удаж,гай тарих юм л бүү хий.

Хүний сэтгэл,туйлынхаа хүслэнд наана нь байгаа олон шат дамжлагыг алгасан шууд лнисээд хүрчих гэж адгадаг.Гэтэл бодит байдал алгуур аажим дэвшлийг шаарддаг.Үүнээс болоод хүн шаналж зовж,байж сууж эхэлдэг.Ялангуяа бодит ажил хэргийн туршлага сууж,хэрсүүжээгүй идэр хүмүүс туйлын хүслэн өөдөө шууд улайран зүтгээд,тоо томшгүй олон саад бэрхшээлтэй учрахаараа балмагдаж,сүрхий цухалдан хилэгнэж сэтгэлийн зовлонд унах нь бий.

Хүн өөрийхөө муу муухай бодлын эсрэг тэмцдэг байх ёстой. Өөртөйгөө тэмцэлдэхийн олон хүнд хүчир давааг,  дараа дараалан туулах явцдаа л, хүн муу муухайгаа дийлэх чадварыг аажим аажмаар  олж авдаг юм.

Та алдаа хийжээ гэдгээ мэдвэл дахин тийм эндэгдэл гаргахгүй гэж хатуу шийдэж бай.Ийн шийдэхийн сацуу алдаанийхаа төлөө хариуцлага хүлээхэд бас бэлэн бай. Мянга,түм гэмшлээ ч нэгэнт одсон цаг эргэж ирдэггүй учраас та мянга гаслаад ч нэмэргүй.

Залуу хүмүүс сэтгэлээ аль болохоор уужим талбихын хамт хэрэг явдлыг аль болох гүн нарийн шинжилж судлаж сурах хэрэгтэй.Гарлангуй хэцүү байдалд олон удаа орж,тэр тоолон мултран гарч чадсан хүн л бат итгэлтэй байдаг юм.

Тахимдуу бус зан,өс хонзон,гутрал цөхрөл бол адгийн муу зүйл мөн.Хүн мөс нударга сайтай байх нь нэн чухал.Тийм биш бол тун ялигүй жаахан юманд цочирдон балмагдана.Хүн өдөр бүр,хурам бүрд сэтгэлээ буруу ишлэн хор хонзон,хомхой шунахай сэтгэлийн буг болж атаа хор нь буцалж явах юм бол сайн цагтай яахин золгож чадах билээ.

Хүн атаа жөтөөний зовлонг өөрөө бий болгон,өөрийнхөө гараар өөрийнхөө мөрөн дээр тавьдаг юм.

Үргэлж улиглаж гаслаж явдаг хүмүүст зовлон байлаа ч гэсэн зовлон гэдэг үгийн жинхэнэ утганд нь тэнцэхүйцээр тийм сүрхий юм байдаггүй юм.Зовлон гэдэг ялигүй багаас эхлээд асар их хүртлээ хязгааргүй зэрэг дэвээрээ бий.Их зовжяваа хүмүүс түүндээ дасч орхиод зовж яваагаа ч төдий л сайн мэддэггүй .

Нэгэнт болоод өнгөрсөн юмны хойноос олон хоног сараар харамсан гутрах,сөрөг юмны төлөө эцэс төгсгөлгүй санаашраад явах гэдэг шиг, биесэтгэлд халтай юм байхгүй.

Атгаг сэжиг,хорон муу санаа гэдэг адгийн муу нөлөөтэй байдаг.Хэн нэгэн хүнтэй уулзахдаа л өөдгүй муу сэтгэгдэл төрүүлчих юм бол тэр нь  атгаг сэжиг болон хувираад,дараа уулзахдаанайрсаг сайхан зангийг чинь  огт тоож үзэхгүйгэээр ч үл барам муу юм санаж,сэжиглэж ч мэднэ.Ая тал зассан сайхан зан,чин сэтгэлийн найрсаг зан хоёр хоорондоо ялгаа их бий.

Гомдох юм гарвал,гонсойж цөхөхийн оронд сэтгэлээ тайтгарууахын тулд орчин нөхцлөө бодитой сайн шинж.Хүн нэг хэвийн байдалд орчихвол сэтгэлийн хөдөлгөөн цөөрч,алгуур аажимдаа амьдралын баяр баясгалангүй  болдог юм. Тогтмол ус яваандаа муудаж ногоордогтой адилхан.

Цаг үргэлж баяр баясгалантай цовоо цолгин явна гэдэг бас амаргүй.Ерөнхийд нь аваад үзэх юм бол хүн бүрд юм бүхэнд,өөр өөрт нь энэ нас цагийн оноо төөрөг гэж юм бий. Иймд өрөөл бусдыг яаран хатуу ширүүн бүү шүүмжилж бай.

Шунахай биш, ашигч сэтгэлгүй хүн бол элдэв маяг жаяггүй,зусардах зулгуйдах гэдгийг огт мэддэггүй юм.Табялдуучилсан бүхэнд л итгэж дотносоод байх юм бол,хэрэг дээрээ зусар зулгуй гэдгийг мэддэггүй,цэвэр ариухан хүмүүсээс холдоод л байна гэсэн үг.

Хүмүүсээс өөрийгөө хана хэрмээр тусгаарлаад байх хэрэггүй.Хүн ер нь өөртөйгөө адилхан араншин төрхтэй хүнийг л тоож,шадарлаж нөхөрлөх дуртай байдаг.Хүн гадна биеэ чамин тансаг хувцсаар чимээд явж чаддаг хэдүй ч, угийнхаа ааш араншинг тийм ч амархан өөрчилж чаддаггүй.Оюун санаанд гарч буй өөрчлөлт материаллаг зүйлийн өөрчлөлтийг ч бий болгодог.Үүнийг тун өчүүхэн яльгүй зүйл дээр ч харж болдог.Бидний олонхи нь эрдэнэ болсон өөрийгөө гаргуунд нь хаяж орхиод эд,мөнгөний утга учиргүй шуналд дөнгөлүүлэн,сэтгэл санааны хүнд дарамтанд орж,халаглаж гаслаж явах юм.Оюун сэтгэлээ гаргуунд нь хаяж орхиод,мөнгөний хойноос үхэлдээд эхэлвэл үнэхээр   муу.Мөнгө бол материаллаг зүйлийн төлөөлөгч болохоор оюун санаатай сөргөөцөлддөг.

Ер нь хүмүүстэй харилцахдаа тэдний үл ойлгох үгийг бүү хэл.Цаад хүнийхээ мэдлэгийн цар хүрээн дэх мэдлэгийн дотор үнэн зөв бодол санаа тэрлүүлж аваад түүгээрээ дөрөөвчлөн хэрэг явдлын мөн чанарыг ойлгохуйцаар л ярьж бай.Бусадтай сэтгэлээ хуваалцаж,сайхан санаагаа бусдад үг сэтгэлээрээ харамгүй зориулж бай.Энэ бол яндашгүй бөгөөд ямарч гарзгүй өглөг юм.

Хүмүүс бие биеэ хайрлаж,өрөвдөж,талархаж байгаа цагт л жинхэнэ жаргал байна.Хүн амьдардагаараа амьдраад насжаад ирэхлээр,эд хөрөнгө мөнгийг сонирхохоо байж сэтгэлийн амар амгалан амьдралыг л хүсдэг болдог. Жинхэнэ аз жаргал бол сэтгэлийн амар амгаланд л байдаг.

Хүний ертөнцийн мөн чанарын талаар нэвтэрхий гэгээрсэн хүн л үнэхээр эрхэмсэг номхон,найрсаг,зоригтой,энгүүн сайхан зантай байдаг юм.Муу үйл үйлдэгч нар хэзээ ямагт өөрөө түүндээ баригдан доройтон сэвтэж байдаг.Сайн үйлстэн,сайхан сэтгэлтэнгүүд үргэлж өөдлөн дэвжиж байдаг.Энэ бол амьдрал дээр хэзээ ч юухан дээр ч байдаг яв цав хатуу жам хууль мөн.

Эрх мэдэл, эд баялагийг шүтэж амьдарч байсан жаран жаран дуусч, далд ертөнцийн буюу тэнгэрлэг оюун санааны эрин эхэлсэн гэдгийг санаж яв.

Хиад боржигон  Б.Түмэнбаяр
2013.07.12. facebook. BOLORMAA TUMENBAYAR