Тэр жил би Японы Иокохама явлаа. Ажлаар очсон. “Asian bеаt” олон улсын ээлжит рок-наадам энэ хотод болж Монголоос “Lemons” хамтлаг оролцсон.  Би энд рок наадмын тухай бус шал өөр сэдэв хөндөх гэсэн юм.

Тэнд хэд хонохдоо бас зүгээр байхгүй ээ, өглөө эртлэн босч чихэвчтэй хөгжмөө сонсоод алхана. Би ер нь гадагшаа явахдаа өглөө үүрээр босч алхангаа очсон газраа, орчин тойрныг нь бас үзээд авна аа. Мөн тэр уламжлалаараа өглөө 6.00-д босоод гудамжинд гартал хөдөлгөөн нь гайгүй хэдхэн машин нааш цааш холхилдоно. Иокохама бол Японы том хот, уртаашаа явсаар байгаад Токиотойгоо нийлж мегаполис болно. Хотын цэвэрлэгч нар ажлаа дуусч байгаа бололтой, юмаа хурааж байгаа нь харагдана. Шинэ өдөр эхэлж буй нь тэр. Агаар гэж анхилуун. Нартай өдөр байсныг ч хэлэх үү.

Алхаж явтал нилээн өргөн замыг хөндлөн гарах боллоо. Ийш тийшээ хартал машин харагдахгүй байна аа. Гүйчихмээр л байлаа. Гэтэл хажууд нэг япон эр тэвчээртэй нь аргагүй зогсоно. Ногоон гэрлийг хүлээж буй нь энэ. Би ч зүгээр харайчих гээд л. Нөгөө японоосоо бас ичээд байх шиг байна аа. Улаанбаатартаа бол далдаганаад яаж гүйж байх бол. Удалгүй явган хүн гарах ногоон гэрэл аслаа даа. Япон бид хоёр замаар гараад хоёр тийшээ салав. Энэ бол нэг тийм чухал зүйл биш гэмээр санагдавч бидний хувьд маш чухал юм. Өдгөө улаанбаатарчуудын хувьд асар том проблем (асуудал) байгаа нь энэ түгжрэл.

Японы том мегаполистай харьцуулахад хүн ам, машины тоогоор монгол бол хамаагүй бага аж. Токио өнөөдөр дагyyл хотуудтайгаа 30 сая хүн амтай, ёстой нэг шоргоолжны үүр лугаа язганаж байдаг. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцох соёл нь дээд зэргийн өндөр учраас хүн бухимдаж бачуурах нь гайгүй. Занхайсан том том жип явахыг би л лав олж хараагүй. Хэрэглээний соёл өндөр буйн хэрэг. Нөгөөтэйгүүр зам нь гоё юм даа. Улаанбаатарт бол годгоносон жоохон охин данхайсан том жип уначихсан, бас тэрнийгээ олигтой жолоодож сураагүй түгжрэл үүсгээд л, бушуухан явахаа бодохгүй бас хэрэлдээд л... Зарим хэрүүлч хүүхний үс нь сэгсийчхээд, нүд нь гялалзаад муухай харагдах нь яана. Дашрамд хэлэхэд манайх бол тээврийн хэрэгсэл гэдэг утгаар нь машин унахгүй, гайхуулахын тулд том том жип хүлэглэдэг гэхэд хилсдэхгүй. Уг нь бол нийтээрээ маневр сайтай, шатахуун бага иддэг машин л унамаарсан. За тэгээд энэ бол ёстой нөгөө “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” л гэдгийн үлгэр байхдаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт зам нь сайжраад хэрэглээний соёл нь өндөр болоод ирэх цагт гайгүй болох вий. Одоохондоо юм үзээгүй, “төмөр морио” гайхуулах вирус нь бүрэн устаагүй байна уу даа гэмээр. Гэрт нь юу ч үгүй, хүүхэд шуухад нь өлсөж цангаад байхад машинтай болж л байвал болох нь тэр гэсэн сонин хүмүүс бидний дунд бас байх юм гээч.

Монголчууд бид хятадууд, солонгосчуудыг ямаан омогтой гэж шоолох нь бий. Гэтэл өөрсдөө харин ямар билээ гэдгийг бас сайн бодох хэрэгтэй. Хамгийн ямаан омогтой хүмүүс чинь бид нар бус уу. Манайд бол замын түгжрэлийн гол шалтгаан нь энэ хэрүүл. Цуваад мөлхөж байтал нэг хоёр жолооч шүргэлдчихнэ. За тэгээд бушуухан зохицоод зай тавиад явахын оронд хэрэлдэхээ л бодно. Тэгээд зодолдоно. Хэлэх хэлэхгүй үгээр бие биенийгээ доромжилно. Энэ бол Орос манай хоёрт л байдаг үзэгдэл байх. Хоёр этгээдийн хэрүүлээс болж араас нь цувсан 100 машин зогсож хүлээнэ.

Одоо харин замын хөдөлгөөнийг камержуулаад хөгжингүй орны жишгээр зохицуулах гэж оролдож байх шиг байна. Үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй. Эвээр ярьж болдоггүй юм бол хүчээр л ярих хэрэгтэй. Хүчээр гэдэг нь хуулийн дагуу торгууль шийтгэлээр ярина гэсэн үг. Юун хэрэлдэх манатай. Дор дор нь буруутай зөрүүтэй нь, баримт нотолгоотой нь шийтгээд байхад хаачихав. Өнөөдөр Улаанбаатарт хөдөөнөөс хүмүүс түм бумаараа нүүж ирж буй. Ах дүү, хамаатан садантайгаа ярьж байгаад нэг машин авна. За тэгээд талд морьтойгоо давхиж буй адил хотын чихчилдсэн замд давхиж гарна даа. Энэ бол үнэн шүү дээ. Би энэ байдлыг бас нэг арай өөрөөр  тайлбарлахыг хичээе.

Нүүдэлчин монголчууд бид түүхэндээ энэ цэлгэр тал нутагтаа хэзээ ч хавчигдаж, шахцалдаж явсангүй. Одоо ч гэсэн хөдөө хээр морио унаад хэзээ ч ар араасаа цуварч явдаггүй. Зэрэгцээд маадгар гэмээр шогшино. Энэ бол нэг талаасаа хэзээ ч алдаж болохгүй бардамнал бөгөөд эрх чөлөө юм. Гэтэл ийнхүү чөлөөтэй явдаг хүн чинь хотод ороод  ирэхээрээ хүнийг урдаа оруулах битгий хэл, хүний араас гэлдрэнэ гэвэл бүр ярих ч үгүй. Энэ бол нэг талын сайн хэрэг. Гэхдээ чи хотын гортигт орж ирсэн л бол, энэ хотод амьдрахаар шийдсэн  л бол дүрмээр нь л бай. Эс тэгвээс өөрөө ч бухимдаад, өрөөл бусдын ч сэтгэл санааг үймүүлэхийн нэмэр. Би хувьдаа жолоочдоо “Чи наад машинаа гаргачих. Чи энэ машинд зам тавьж өгснөөр дараа нь хэн нэгэн чамд зам тавьж өгнө л гэж бод” гэдэг. Аргадсан арга. Ер нь бол хууль дүрмийн дагуу шуурхай зохицуулдаг л байх учиртай. Болохгүй бол мөнгөтэй нь л ярих хэрэгтэй. Бидний ахан дүүс болох Халимагт хүртэл энэ асуудлыг шийдчихээд байхад. Улс нь юм хийх гэж ядаж байхад бид бас өөдөөс нь явах хэрэгтэй. Тэрнээс биш хэрэлдээд л бие биенийгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод л... Хэрүүлгүй амьдрах минь. Хүн ганцхан л амьдарна.

Б.ДОЛГИОН