Өнгөрөгч Пүрэв гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос санаачилж, Төрийн ордонд нэгэн “том” сэдвээр “жижигхэн” хэлэлцүүлэг зохион байгуулав.

Уртаашаа дөрвөн цаг хагас үргэлжилж, Хууль зүйн байнгын хорооны цөөн /Бага хурлыг нээсэн Байнгын хорооны дарга Д.Ганбатыг оролцуулаад/ гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүн, ШЕЗ-ийн гишүүд, Улсын дээд шүүхийн зарим шүүгч, МУИС болон Хууль сахиулах их сургуулийн илтгэгч багш нар, эрх зүйн шинжлэх ухааны эрдэмтэд, мэргэжилтнүүд оролцсон “Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд хэвлэлийнхэн ч төдийлөн ач холбогдол өгч, бараагаа харуулсангүй. Тавантолгойн гэрээнээс өгсүүлээд толгой эргүүлж, санаа зовоох асуудал олон байснаас тэр биз.

Нэг зүйлийг хэлэхэд, энэ удаагийн хэлэлцүүлгээр, Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар огт хөндөөгүй. Харин эцэг хуулийг тайлбарлаж байгаа манай шүүхийн “бүтээлч” хандлагын талаарх санал, шүүмжлэл өрнөсөн юм. АНУ, Германы Үндсэн хуультай харьцуулж, тэдгээр улсын Үндсэн хуулийн шүүх нь эцэг хуулиа хэрхэн тайлбарлаж ирсэн тухай жишээ татсан эрх зүйн докторуудын илтгэлүүдийг манай хууль тогтоогчид болон /харамсалтай нь тун цөөхөн нь ирсэн гэдгийг түрүүнд хэлсэн/ хууль тайлбарлах эрх эдэлж бүхий субьектүүд болох Дээд шүүхийнхэн, Цэцийн гишүүд сонслоо.

АНУ-ын нэгэн дунд сургуулийн сурагч хар арьст охины ээж “Цагаан арьст хүүхдүүдийн сургуульд хар арьст хүүхдүүдийг суралцуулахгүй байгаа нь Үндсэн хуульд заасан тэгш эрхийг зөрчиж байна” гэж гомдол гаргажээ. Шүүх уг гомдлыг хэлэлцээд “Хар арьст хүүхэд, цагаан арьст хүүхдүүд тус тусдаа сургуульд сурч байгаа нь тэгш эрхийг зөрчөөгүй” гэж үзсэн байна. Харин 1956 онд АНУ-ын шүүгчид энэ шийдвэрээ эргэн харж, “Хар, цагаан арьст хүүхдүүд нэг сургуульд сурах эрхгүй байгаа нь Үндсэн хуульд заасан тэгш эрхийг зөрчиж байна” гэж үзжээ. Үүнээс хойш хар, цагаан хүүхдүүд нэг сургуульд зэрэгцэн суралцах эрхтэй болсон байна.

Бас нэг жишээ. АНУ-ын Үндсэн хуулийг баталж байх үед долоон настай хүүхдийг цаазлах, баруун гарыг нь тамгалах, олны өмнө ташуурдах зэргийг “хэрцгий ял” гэж үздэг байж. Харин одоо эдгээр ялын аль нь ч АНУ-ын аль ч мужийн хуульд байхгүй.

МУИС, Хууль сахиулах их сургуулийн багш нарын бусад улс оронд Үндсэн хуулийн шүүх /манайхаар бол Цэц/ нь Үндсэн хуулиа хэрхэн тайлбарладаг талаарх илтгэлүүдэд “үгчилсэн тайлбар, түүхчилсэн тайлбар, логикийн буюу утгачилсан, ёс суртахууны тайлбар” гэх үгс маш олон гарч байв. Нэг ёсондоо Үндсэн хуулийг хэрхэн тайлбарлах вэ гэдэг арга зүйн асуудал юм байна л даа. Өмнө нь манай улстөрчид, судлаачид Үндсэн хуулийн агуулгын тухай л маргаж, өөрчлөх өөрчлөхгүйн тухай ярьж байснаас биш хэрхэн тайлбарлах арга зүйн талаас нь төдийлөн маргаж мэтгэж байгаагүй.

Дээр хэлсэн хоёр тохиолдол дээр жишээ авья л даа. АНУ-ын Үндсэн хуулийг 1787 онд баталсан. Хэрвээ энэ хуулийг түүхчилсэн байдлаар тайлбар хийнэ гэвэл долоон настай хүүхдийг цаазлах болон баруун гарыг нь тамгалах, олны өмнө ташуурдах гэх мэт шийтгэлийг “ялын хүнд хэлбэр” гэж үзэж одоо хэр нь хэрэглэх, хэрэглэхгүйн талаар хуульчлах хэрэгтэй болох нь. Гэтэл өнөөгийн АНУ-д ийм ял байхгүй. Ерөөсөө цаазаар авах ял нь хүний амьд явах эрхийг төр өөрийн дур зоргоор зөрчиж байгаа хэрцгий ял хэмээн үзэж дэлхий нийтээрээ цаазын ялаас татгалзаж эхлээд байгаа.

Хар, цагаан арьст хүүхдүүдийн суралцах эрхийн талаар ч мөн ялгаагүй. 1956 оноос өмнө бол хар арьст хүүхдүүдийг сургуульд суралцахыг зөвшөөрсөн нь л зөвхөн тэгш эрхийн тухайд тэдний эдэлж болох хамгийн дээд боломж гэж цагаан арьст хүмүүс үздэг байж. Харин өнөөдөр цаг үе өөр болсон. Тэгэхээр Үндсэн хуулийг тайлбарлахдаа тухайн цаг үед хуулийн хуулийн тэр заалт юуг илэрхийлж байсан бэ гэдэг дан ганц түүхчилсэн байдлаар тайлбарлаж болохгүй нь. Тухайн нийгмийн үнэт зүйл, ёс суртахууны хэм хэмжээ дээшлэхийн хэрээр Үндсэн хуулиа ч бас нийгмийнхээ үнэт зүйл, ёс суртахуунд нийцүүлэн дэлгэрүүлж тайлбарлаад явдаг байна.

Мөн АНУ-ын Үндсэн хуульд “Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан хууль батлахгүй” гэсэн заалт бий. Энд “зураг зурах” болон “жагсаж цуглах” гэдэг үг байхгүй. Гэхдээ “үг хэлэх, хэвлэн нийтлэх” гэдгийн цаана хүний үзэл бодлоо илэрхийлэх бүхий л хэлбэрийг хамаатуулдаг. Үүнийг “утгачилсан буюу логикийн тайлбар” гэж үздэг юм байна. Ямар азаар манай Үндсэн хуульд “жагсаал цуглаан хийх эрхтэй” гээд эхнээс нь нэг бүрчлэн заагаад өгчихсөн юм. Хэрэв тиймгүй байсан бол манай иргэний хөдөлгөөнийхөн төрийн ордонд залрах биш, харин “Нэг худаг” гэдэг газарт нарлацгааж байх байжээ.

Бас нэг жишээ. Монгол Улсын үндсэн хуульд “Сонгох, сонгогдох тэгш эрхтэй” гэж заасан. Гэтэл иргэн н.Гэрэл гэдэг хүн “Сонгуулийн хуулиар тогтоосон тойргийн хуваарилалт нь иргэдийн тэгш сонгох эрхийг зөрчиж байна” гэж Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байна. Тэгш сонгох эрх гэдэг нь иргэн бүр нэг, нэг санал өгөхөөс гадна сонгогчийн өгч байгаа саналын жин ойролцоо байх ёстой гэсэн утгыг илэрхийлдэг. Гэтэл Улаанбаатарын таван сонгогчийн өгч байгаа саналын жин орон нутгийн нэг сонгогчийн өгч байгаа саналын жинтэй тэнцэж байгаа нь “тэгш сонгох эрх”-ийг зөрчиж байна гэж заргалджээ. Харин Цэц юу гэж хариулсан гээч. Үндсэн хуульд сонгох тэгш эрхийн тухай зааснаас бус “тэгш сонгох эрх” гэдэг үг алга аа гэсэн байна. Үүнийг Үндсэн хуулийн уг утга санааг дордуулан “үгчилж тайлбарлах” гэж байгаа юм. Манай Цэцээс гарч байгаа бүх тайлбарууд ингэж гардаг.

Саяхан Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Цэц дээр унасан. Учир нь Үндсэн хуульд “Шүүх нь аймаг, нийслэл, сум, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны дагнасан шүүхийг байгуулж болно” гэсэн заалт бий. Харин 2014 оноос хэрэгжиж эхэлсэн Шүүх байгуулах тухай хуулиар давж заалдах шүүхийг гурван аймгийн дунд нэг байхаар буюу тойргоор зохион байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Цэц гаргасан. Гэтэл аймаг тус бүрт давж заалдах шатны шүүх байгуулья гэхээр төсөв мөнгөний бололцоо байхгүй учраас одоо УИХ-ын гишүүд гурван аймгийн дунд нэг байгаа тойргийн шүүхээ аймгуудынх нь нэрээр “Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн давж заалдах шатны шүүх” гэж нэрлэж байж гацаанаас гарах тухай ярьж эхлээд байна. Үүнийг нэг судлаач “бие биенээ хуурсан, нэг нь нэгийгээ давах гэсэн арга” ч гэж хэлсэн. Үгээр хэт хөөцөлдөхийн үр дагавар энэ.

Дээд шүүхийн шүүгч н.Батсуурь бас нэг санал хэлж байна лээ. АНУ-ын Үндсэн хууль 300 жилийн түүхтэй хуучин хууль учраас Үндсэн хуульдаа шинэ агуулга өгөхийн тулд “ёс суртахууны тайлбар” гэдэг онолыг гаргаж ирсэн. Тэгэхээс ч өөр аргагүй. Харин манай Үндсэн хууль хорьхон жилийн түүхтэй, залуу хууль учраас хууль тогтоогчдод нь хандаж хуулийн утга, хууль тогтоогчдын хүсэл зориг юу байсан бэ гэдгийг тодруулах ёстой. Хэрвээ энэ нь ч гэсэн бүдэг байвал ёс суртахуун луу нь хандья. Тэгэхгүй бол “ёс суртахуун” нэрээр хуулийн биш, мэргэжилтнүүдийн засаглал тогтож, хуулийг яаж тайлбарлах нь мэргэжилтнүүдийн дур зорго болж хувирах аюултай гэнэ.  

Харин МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан “1992 оны Үндсэн хууль бол сайн хууль. Зарим талаар АНУ-ын Үндсэн хуулиас ч илүү. Харин Үндсэн хуулийн шүүх болох Цэцийн хувьд уг хуулийг тайлбарлахдаа хэтэрхий үг үсгээр хөөцөлдөж, үгчилсэн болон түүхчилсэн тайлбар хийж байгаа нь хуулийн үзэл санаа, цаад агуулгыг орхигдуулж, ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс болох хүний эрхийн асуудлыг дордуулж байна” гэсэн юм. Тиймээс Үндсэн хуулийг тайлбарлахдаа үгчилсэн, түүхчилсэн тайлбаруудаас гадна утгачилсан буюу логикийн, ёс суртахууны гэм мэт эрх зүйн шинжлэх ухаанд хөгжил авчирсан бүх арга зүйг ижил түвшинд хэрэглэж, хуулийн цаад агуулга, үзэл санааг гаргахад илүү ойрт дөт байгаа тэр арга зүйгээр нь Үндсэн хуулийг тайлбарлах ёстой /О.Мөнхсайхан: “Үндсэн хуулийн зарчим тайлбарлах онол, арга зүй: Шүүхийн шийдвэрийг харьцуулсан анализ”/ гэдэг санал дэвшүүлсэн. Хэлэлцүүлэгт оролцсон судлаачид, мэргэжилтнүүд үндсэндээ энэ санал дээр нэгдэж байна. Харин хууль тайлбарлах эрх эдэлж байгаа “хэргийн эздээс” төдийлөн шинэ санаа гараагүй. Харин ч биеэ өмөөрөх аястай зарим нь үг цухуйлгаж харагдсан.

ШЕЗ-ийн дарга Д.Лүндэндорж эцэст нь “Үндсэн хууль гэдэг үзэл санаа, үнэт зүйл, онолтой байдаг учраас бусад хуулийг тайлбарлахаас огт ондоо. Дэлхийн бусад орон Үндсэн хуулийнхаа өө сэвийг дарж тайлбарладаг байхад манайх эсрэгээрээ түүнийг нь ашигладаг байдлаар цааш явж таарахгүй. Ийм маягаар манайд эрх зүйн шинжлэх ухаан хөгжихгүй” гэдгийг анхааруулсан юм. Зөвхөн Үндсэн хууль тайлбарлах бус, шүүхэд хуулийг тайлбарлаж байгаа байдал ч бас л “асуудалтай” байдаг бололтой. ШЕЗ-ын даргын хувиар Монголын 700 гаруй хуульчтай харьцаж байгаа энэ хүн шүүгчдийн хуулийн мэдлэг тун нимгэн байгааг хүлээн зөвшөөрсөн. Хуулиа мэдэхгүй учраас болсон процессийг л тайлбарлаад, “тэр тэгсэн, энэ ингэсэн” гэж бичээд шийдвэрээ гаргадаг байна. Үр дүнд нь иргэд үргэлж шүүхтэй маргадаг.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр зөвхөн одоо байгаа Үндсэн хуулиа хэрхэн тайлбарлах вэ, Үндсэн хуулийг тайлбарлах явцдаа хуулийнхаа агуулга, үзэл санаа, үнэт зүйлийг хэрхэн дордуулахгүй авч явах вэ гэдэг дээр мэтгэлцээн өрнөсөн. Хэлэлцүүлэг үүгээр дуусахгүй, цаашид ч үргэлжилнэ гэсэн учраас магадгүй дараа дараачийн хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөж таарна. Судлаач Х.Номингэрэлийн хэлсэн бас нэг зүйл бол шүүх хуулийг тайрбарлах замаар бодит байдал дээр норматив буюу хэм хэмжээг тогтоож байдаг. Тэр хэм хэмжээ нь хуультай адил үйлчилдэг. Гэвч зарим тохиолдолд шүүх “Энэ манай асуудал биш, улс төрийн асуудал байна. Бодлого тодорхойлогчид өөрсдөө шийдвэрлэх бололцоотой. Бидний оролцох эрх зүйн маргаан биш юм” гэдэг хандлага ч байдаг. Тиймээс Үндсэн хуулийг тайлбарлах болон улс төрийн шийдвэр гаргах хүрээ хязгаар нь аль вэ гэдгийг ч бас зааглах шаардлагатай байж болох юм гэлээ.

Үүн дээр ч гэсэн жишээ хэлж болно л доо. Үндсэн хуулийн “дордуулсан долоон өөрчлөлт” гэдгийн дотор “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж болно” гэсэн заалт бий. Үндсэн хуулийн энэ заалтаас болж баахан “давхар дээлт”-үүдийн асуудал босч ирээд арав гаруй жил үргэлжилж байна. Улс төрийн намууд өөрсдөө үүндээ хязгаар тавьж чадахаа болиод ирмэгцээ Үндсэн хуулийн өөрчлөлт рүү бухаад орхичихсон. Уг нь бол Үндсэн хуульд “давхар хашиж болно” гэсэн болохоос биш, “Кабинетийн гишүүдийг 100 хувь УИХ-ын дотроос бүрдүүлнэ” гэсэн заалт байхгүй л дээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээс харахад Үндсэн хуулийг өөрчлөх нь нэгдүгээр асуудал биш, харин түүнийг тайлбарлаж байгаа Цэц болон хууль тогтоогчдын өөрсдийн хандлага асуудал болоод байгаа юм байна. Тиймээс Цэцийг улстөрчдийн ч, хуульчдын ч “моорг” болгочихгүйн тулд ядахдаа ийм түвшний онолын маргаан өрнүүлчих хэмжээний мэргэжлийн хуульчдыг Цэц рүү оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Цэц гэдэг улс төрд үеэ өнгөрөөсөн зарим нэг хүнийг “оршуулдаг”, гавьяа зүтгэлийг нь үнэлдэг газар лав биш юм байна.