Дэлхийн дулаарал Монголд хүчтэй нөлөөлж байна гэж одоо ч ярьцгааж байгаа. Нээрэн тийм байна гэх барим тавим жишээ хаа сайгүй тааралддаг. Гол мөрөн ширгээд байгааг манай бүх нутгаас харж болно. Өөр нэг том жишээ бол бэлчээр доройтсон. Зам дагуу дагуу явахад халиурсан их өвс алга болж оронд нь халцгай газар, цаашилбал элс хайрга үзэгддэг боллоо.
Байгаль орчин цаанаасаа доройтож дэлхий дэлгэнэхээ больсон тухай гутруу сурталыг манай тариаланчид энэ жилийн хувьд үндсэндээ няцаалаа. Төв ,Сэлэнгийн бүс нутагт энэ намар улаан буудай маш сайн ургасан байна.
Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Төв, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж зөвхөн тариаланчидтай уулзаад ирсэн юм. Энэ талаарх албан мэдээ хэвлэлээр гарсан тул бусад эргэн тойрон дахь сонинг хүргэж байна.
Ерөнхийлөгч эхлээд Улаанбаатараас 160 километр зайтай оршдог Төв аймгийн Угтаалцайдам сум руу зорьж, “Элсэн цагаан” гэдэг нэртэй компанийн ургацаа хурааж байгаа талбай дээр очив. Дашрамд хэлэхэд яг энэ газар одоогоос дөчин хэдэн жилийн өмнө намрын тариа хураалтад оролцож явсан оюутнууд тарианд гарсан түймэрт шатаж амь насаа алдаж, тухайн үеийн нам засаг дуулиан болголгүй өнгөрөөж байсан билээ. Тэр тухай хожим баримтат урансайхны кино хийснийг хүмүүс санаж байгаа байх.
Угтаалын Хар чулуутын хөндий гэдэг бол угаасаа үржил шимтэй, шидсэн чулуунаас бусад нь ургадаг газар. Энд атар газар эзэмшихээр болж, хөндий хоолойг бүгдийг нь  хагалж олон жил тариа тарьсан юм. Зах зээлийн эхэн үед газар тариалан дампуурч тариан талбай хаяагдаад байсан. Одоо бүгд эзэнтэй болжээ. Саяхан болтол Дундговийн оторчид, баруун аймгаас нүүж ирэгсэд Угтаал, Цээлийн хөндийд малтайгаа орж ирэн талхалж байв. Олон мянган малын хөлд энэ нутаг хоёр гуравхан жилийн дотор халцарч, өмнө нь яаж будаа тарьж байсан юм гэхэд эргэлзмээр доройтуулсан. Адуу, ямаа зонхилсон өлсгөлөн мал дөрвөн улирал дамнаад бэлчихэд ямар ч газар хувхайрдаг юм байна. Дэлхийн дулааралдаа ч биш юм бишүү. Тариаланчид эргэн ирж газраа додомдон будаа тариад үзсэн чинь авдаг ургацаа л аваад эхлэв. Энэ хавьд усалгаа хийх ус горхи байхгүй, худаг ч ховор нутаг. Зохилдлогоог нь эвдэж хөндөхгүй бол байгалын жамаараа өвс ногоо ургадагаараа ургах нь мэдээж. Нэгэнт ургамал ургаж болоод байхад тариа яагаад ургахгүй байх билээ. Тариаг илүү сайн ургуулахын тулд газрыг нь элдэншүүлж [Уринш гэдэг урьдчилсан боловсруулах газар  хагалалт урьд жил нь хийдэг. Одоо үүнийг хүлэмжийн хий үүсгэдэг гээд дэлхий даяар эсэргүүцэж байгаа] хогийн бусад ургамал ургах нөхцөлийг нь хааж, мал амьтнаас хамгаалахад цаг уураас төдийлөн хамаарахгүйгээр гурилтай болж чаддагийг нотоллоо. Газар тариаланг хөл дээр нь босгохын тулд эхний удаа заавал хэн нэгний дэмжлэг хэрэгтэй байсан. Өнгөрөгч он жилүүдэд дэлгүүрт байгаа талхны үнэ сар тутамд өсч дагаад бусад барааны үнэ хөөрөгдөөд байсан нь эрх биш төрийн анхааралд өртсөн юм. Тэгээд эргээд хартал бид өөрийн нутагтаа тариа тарихаа бараг больчихсон, тариачид өрөнд баригдаад суурин газар бараадсан байв. Хэдхэн хүн будааны ченж хийж гадаадаас хямд тариа оруулж ирэн, одоо энэ ганцхан газраас хараат  шатахууны бизнес шиг болгоод баяжицгаасан гэдэг. Гадуур Монголд тариа ургуулахыг болиулахын тулд сөрөг суртал хийж, будааг нь зөвхөн архины үйлдвэрт хэрэглэдэг болгох зэргээр угаасаа доройтсон газар тариалангийн салбарыг  бараг устгасан юм. Нэг хэсэг тракторчдын төлөө Э.Бат-Үүл ганцаараа тэмцэж, түүнийг нь зөвхөн “Өдрийн сонин” дэмжиж байсныг санадаг болов уу. Энэ тэмцэл маань өнөөдөр үр дүнд хүрсэнд туйлаас баяртай байна. Одоо амтай болгон “Атарын-III аян” гэж ярьцгаан, нам засаг маань дэмжлээ, Ерөнхий сайд маань тэгж шийдлээ гэж баярлалдан урьдний явдлыг мартажээ.
Харин шинэ Ерөнхийлөгч үүнийг соргогоор анзаарч анхны томилолтоороо шууд тракторч нар дээр өөрөө яваад очсон юм. Тэрээр “Замд гарахын урьд өдөр хуралдаад сайтар нягтлан ярилцсаны эцэст хэд хэдэн механикжуулагчид төрийн одон медаль гардуулахаар зарлиг буулгалаа. Түүнийгээ өнөөдөр газар дээр нь олгохоор шийдсэн. Цаг наргүй ажиллаж байгаа та бүхэнд хүндрэл чирэгдэл гаргалгүй товчхон уулзаад , ургац хураалтын явцтай танилцаж явна.Төрөөс урам хайрлаж байгаа юм шүү. Одонгоо угаах гээд битгий цаг алдаарай. Өнөөдрөөс дахиад тэнгэр муудах шинжтэй байна…” гээд
-Рээнлхүмбийн Төмөрбаатар гэдэг хүн хаана байна гэж Угтаалцайдам сумын засаг дарга Ж.Батцэнгэлээс сураглав.
Ангилаад цувуулсан тариан талбайд долоо найман комбайн хураалтаа хийн нүргэлэн ирж явснаас хамгийн захын хуучин “Нева”-гаас ажлын хувцастай, тоосонд даруулсан эр бууж ирсэн юм. Ерөнхийлөгч “поолин” дундуур явган явж очоод Р.Төмөрбаатарын намрын наранд онгож гандсан хүрмэн дээр нь  “Монгол Улсын гавьяат”-ын тэмдэг зүүж өгсөн нь содон үйл явдал болов. Асуудал ийм хурдан шийдэгдэнэ гэж огт санаагүй байсан шинэхэн гавьяат маань бага зэрэг балмагдаж, хэвлэлийнхэнд ээрэгдээд авав.      
Энэ мэтчилэнгээр Ерөнхийлөгч цаашаа Цээл сум, Цээлээсээ хойшоо гарч Хөтөл буюу Сэлэнгийн Сайхан сум, Баруун бүрэн [Хуучнаар Бургалтайн САА], Эрдэнэтийн Улаантолгойн САА гэлцдэг одоогийн Орхон аймгийн Жаргалант сумдаар дайрч тракторч механикжуулагч нартай талбай дээр нь уулзан “ургацын далай”-гаар хооллон шөнө дөл болтол ажилласан юм. Энэ талаар зурагтаар зөндөө гарсан тул хоцорсон мэдээлэл сонин биш байх.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн дэргэд будаа хадгалах эльватор гэдэг том байгууламж байдаг аж. 36 мянган тонн будааг агуулах сав. Эндхийхэн орж ирж байгаа будаа энэ жилийнх чанар сайн байна. Сайхан гурил гарах байх, гэхдээ манай агуулах сав хүрэлцэхгүй байж магадгүй гэж байсан. Ер нь улсын хэмжээнд 400 мянга орчим тонн будаа авчихдаг болбол гадаадаас гурил зөөхөө болино гэж байна. Энэ жил тэнгэр дахиад их хэмжээгээр муудахгүй бол 300 гаргаад авчих тооцоотой гэж Т.Бадамжунай сайд хэлсэн. Ажиглаж байхад зах зээлээс өмнө энэнээс хавьгүй их талбайд тариа тарьж маш их ургац хурааж байсан. Хүн ам цөөн үед хурааж байсан тэр их тариаг ёстой л нэг үрэн таран хийдэг байждээ. Тракторчид илүүдэл түлшээ барахгүй газар дээр асгаад хаячих, хогийн будаа гээд машин машинаар нь жалганд булж хүртэл цамаан загнаж байсан үе бий. Тэр үеийн ойлголтоор бол дээрх тоо нэг томоохон САА-н авдаг ургацын хэмжээ санагдах юм. Магадгүй орчин үед хүмүүс гурил бага иддэг байж ч болох талтай.
Газар тариалан сэргэснээр тариалан бүхий сумдын иргэд дор бүрнээ атга тариа тарьсан гэнэ. Томоохон аж ахуйнууд техникээ сэлбэж, зоригтой зээл авцгаан хөдөлж байгаа бол жижгүүд нь тэдний техник хэзээ суларч ургац хураалт нь дуусахыг хүлээж байна. Зарим нь бүр гар аргаар тариагаа шимээсэгдэж хадаад гэрийнхээ гадаа цайруулдаг болжээ. Үтрэм, комбайн хүлээхээр мөдгүй. Тэгж байтал дахиад цас орвол аль ч үгүй болчих гээд, дээр нь бусдын мал өдөр шөнөгүй дайрч нойргүй хонуулж байгаа тухай зовлон ярьсан хүмүүс олон байв. Бас нэг сонирхолтой мэдээ бол будааны үнийг засгаас тогтоодог гэх юм. Энэ жил тэр нь зарлагдаагүй байгаа. Улсаас зээлээр үрийн будаа, техник авсан аж ахуйн нэгжүүдтэй бол өр ширээ 330-аар тооцож байгаа аж. Будааг нь тонныг 330 мянган төгрөгөөр тооцож авч улсын нөөцөнд болон томоохон гурил үйлдвэрлэгч нар руу нийлүүлж өр барагдуулж байгаа. Харин хувь хүмүүс хоорондоо өгч авалцахдаа 200 орчим мянгаар ханш тогтоожээ. Гаднаас техник, сэлбэг, үр оруулах ажлуудыг төр гардан авч менежер хийж байгаа нь харахад сайхан л юм. Намар ургах эсэх нь баталгаагүй бизнест төрөөс өөр хэн ч зориглож зээл өгөхгүй нь мэдээж. Гэхдээ л төр хамгийн муу менежер гэдэг дээ. Тариалан эрхлэхийг дэмжиж тарьсан будааны тонн тутамд ноднин 60 мянган төгрөгөөр тариаланчдыг мялаасан аж. Үүнд зарсан будааны үнэнд шингээлгүй зүгээр өгчиж байгаа урамшуулал юм. Гэтэл зарим зальт этгээдүүд төдөн тонн будаа хураагаад тийм гурилын үйлдвэрт тушаачихлаа гэж хуйвалдаад улсаас баахан мөнгө авчихсан хэрэг мандсан. Араас нь шалгаад очихоор нөгөө гурилын үйлдвэр нь будаа авангуутаа тээрэмдээд аль хэдийнэ зарчихсан гээд л гүйцээ. Төр ба хувь хоёр холилдоод холион бантанг нь хутгаж дундаас нь олз ашиг олох боломжоор хангаад өгчихсөн тогтолцоо харагдаж байна. Мөн гадаадаас техник оруулдаг сүлжээ ч сэжиг бүхий гэлцэж байна. Оросын их иддэг хоцрогдосон технологи, Хятадын хэврэг комбайн энэ тэр гээд дундаас нь ченжийн үнэ нэмэгдэлтэй сонголтгүй барааг шахдаг. Тариачид өөрсдөө авахаар хүч хүрэхгүйг далимдуулан аваачиж өгдөг. Нэг сайн тал нь гэвэл ургац алдчихсан тохиолдолд ченжүүд төртэй ярилцаад тэндээсээ мөнгөө олоод авчихдаг болохоор насаараа өрөнд сууна гэж айхгүй. Харин ургац сайн гарахаар хуугаар нь аваад мөн л өндийлгөхгүй. Энд ойлгогдохгүй их сонин тогтолцоо явагдаад байх юм. Сумын иргэдийн дунд нь улсаас нэг комбайн саяхан зарим газарт өгсөн байгаа юм. Улсынх юм уу, хувийнх юм уу, бүү мэд. Ямар ч байсан Хувьсгалт намын гишүүн хүний тариаг эхэлж хураах ёстой бололтой. Тэрнийг нь сонсож байхад намын трактор намрын ургацаа хурааж байгаа ч юм шиг.
Ямартай ч газар тариалан сэргэж эхэлжээ. Тариаланчдын яриагаар бол нэг га газраас 900 килограмм буюу 18-20 шуудай будаа авчих юм бол өр ч үгүй, ашигч үгүй ноольлоод таарч байна гэнэ. Тэрнээс дээш гараад ирэхлээр нэмэх тал руугаа ордог. Одоогоор Төв аймгийн Угтаал Цээлд аймагтаа хамгийн өндөр буюу га-гаас 2200-2500 кг, Сэлэнгийн Улаантолгойн “Бүтлийн-Ундрага” компани бүр 3500-40000кг [35-40центер] ургац хураахаар боллоо. Энд бол тариа үнэхээр сайн ургасан байнлээ. Цаашид дөнгөж есөн сар гаргаад болц гүйцдэг тийм эрт ургацын сорттой болгох нь ёстой төрийн өмнө хүлээх үүрэг байх. Тэгэхгүй бол тэнгэрийн эрхшээлд жил болгон азаа үзнэ гэж юу байхав. Саяын цас балласан харагдана. Хоёр жил хөдөлмөрлөсөн хөдөлмөр хоёр өдрийн цаснаар бүгд налж самнасан халимаг шиг газартай наалджээ. Зуун тонн тутмаас гучыг нь гарздаж хураавал дээд заяа гэнэ. Тааруухан аж ахуйнууд будаагаа талыг нь үлдээгээд буулаа. Одоо ургац хураалт дуусах яагаа ч үгүй байна. Биднийг буцдаг шөнө тэнгэр бүрхэж удалгүй бороо шаагиад эхэлсэн. Өчигдөр өглөө Улаанбаатар орчимд цасан шуургатай байв.