“Ардчилсан Намын Үзэл баримтлал” гэх алгын чинээ ном миний өмнө дэлгээтэй байна. Тэр номыг шинжихийн өмнө намын тогтолцоо руу хальж оршил хэлэхээс аргагүй.

Ерөөсөө нийгэмд сонирхлын бүлэг (нам гэсэн үг) хоёр л байхад хангалттайг АНУ, Британийн ардчиллын хур туршлага харуулсан ба Японд мөн хоёр намын систем тогтсон хэмээн өөрсдөө ярьдаг. Гэхдээ АНУ, Британийн ардчиллын жишгээр бол сонирхлын хоёр бүлгийн цаана нь биетэй бодитой гишүүд, залуучууд, эмэгтэйчүүд, оюутны байгууллага жигүүр энэ тэр гэж байхгүй.“АНУ-ын Ардчилсан Намын гишүүн” (мөн “БНН-ын гишүүн”) гэж байнгын, бат илэрхийлэх өвөртөлсөн, татвар төлдөг нэг ч хүн байхгүй, гишүүнчлэлгүй юм чинь намын үүр, хороо, штатын нам гэж угаасаа байхгүй. Энэ тухай монголчууд төсөөлөхгүй, одоохондоо төсөөлөхийг ч хүсэхгүй. 

АНУ-д Ардчилсан Намын Үндэсний Хороо гэж долоо найман хүн байх нь байна лээ. Тэд бүгдээрээ менежерүүд, ирэх сонгуульд хандив төсөв бүрдүүлэх, сонгуулийн кампани өрнүүлэх бэлтгэлийг базаах үүрэгтэй аппарат нь. Ардчилсан Нам гэгч нэрийн дор улс төр-бизнесийн сонирхол бүхий нийгмийн томхон хүч байгаа ба тэд АНУ-ын Ерөнхийлөгчид шинээр нэр дэвшигч нэг бие хүнээр төлөөлүүлэн бодлогоо нийгэмдээ санал болгодог. Тэр саналыг олон түмэн хүлээн авч байгаагийн илэрхийлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаар харагдана. Намын их хурал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр болох ба Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх хоёр нөхрийг албан ёсны болгох ёслол үйлдэнэ. Ингээд л сонгууль өнгөрмөгц Америкт аль нам байгаа нь хэнд ч падгүй.Британид бас тийм. “Манифест” нэртэй намын мөрийн хөтөлбөрийг парламентын сонгуулийн 4 жилд нэг л удаа британичуудад санал болгоно, хүсвэл сонго гэсэн зарчмаар. “Дэмжигчид” буюу санал өгөгч нь санал өгөх мөчид “намын гишүүн” нь ухаантай болж байна. Маш хялбар талаас нь тайлбарлахад.

Яг ингээсэй гэх сонголтын өмнө Монгол маань ирээд байна. Нам гэх сүрэг юу болж хувирдаг, улсын сан хөмрөгийг хэрхэн хоосолдог, нам дагаад ам тосдсон үй олон тэжээвэртэй болчихсон, тэднийгээ нам нь чирч, халамжилж, хаацайлж явдагийг монголчууд жигштэлээ харлаа. МАНАН гэх хоёр нам нэр нүүрээ барсан тул 2020 оны сонгуулиас өрсөөд шинэ шинэ намууд яаран бүртгүүлж, араас нь ийм жагсаалт хөврөх янзтай. Гуравхан сая хүн амдаа 30 давсан нам бүртгүүлчихээд гишүүдээ гар даллан хүлээцгээнэ. Хадаг яндар барьж гүйхэд яг бэлэн байна.

Нам гэх сүргээс жинхэнэ улс төрийн намыг нь ялгах гол шалгуур бол үзэл баримтлал мөн гэдгийг АН ашгүй олоод харчихсан, зөв үйлс эхлүүлж байгаад баяр хүргэе. 2000 оны сонгуулиар үсгүй арчуулсан ардчиллын төлөөх намууд эвлэлдэн нэгдээд АН болоод 2004, 2008, 2012, 2016 оны сонгуульд амжилттай оролцоод ирсэнийг нь хүүрнэх гээгүй. 2016 оны сонгуульд дахин арчуулан алдаж өрсөлдөгч намдаа “65” өгчихсөнийг нь “Эрдэнэтийн 49” гэдэгтэй холбож яриад байх шиг байдгийг би огт зөвшөөрдөггүй. Ялагдлын чинь гол шалтгаан АН тодорхой мөрийн хөтөлбөргүй популизмаар хэт хөөцөлдсөний гай шүү хэмээн би хэлдгээсээ буцахгүй. Тийм популизмаас татгалзахын тулд “Ардчилсан Намын Үзэл баримтлал” гэх алгын чинээ атлаа агуулга ихтэй энэхүү номоо бүтээжээ.

Би бүхэлд нь авч үзэхгүй. Хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гэх бүлгүүдийг алгасая. Хувийн өмч бүхий эрх чөлөөт хувь хүмүүсийг дээдлэх нийгмээ 1) үнэт зүйл, 2) суурь зарчим, 3) тулгуур бодлогоороо томъёолжээ. Би энд тэндээс сугалан авч өөрийнхөө үзэмжээр тайлбарлая. Гуравдугаар бүлгээс эхэлье.

Намын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалд үнэт зүйл гээч юм заавал байх учиртай. Тэгвэл улс төрийн эрх чөлөөнийхөө үнэт зүйлийг “Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хүч үл хэрэглэх замаар эрх ашгаа хамгаалах, сонгох, сонгогдох, хуулийн өмнө эрхтэгш байх, нийтийн үйл хэрэгт оролцох, чөлөөт, бие даасан хэвлэл мэдээлэлтэй байх, төрийн үйлажиллагаа нь учир шалтгаан, бодлогод суурилсан, хүртээмжтэй, хариуцлагатай, хяналттай, ил тод, иргэдийн оролцоо хангагдсан байдал” гэжээ. 

Үүнээс өөрөөр байх ч үгүй, өөрөөр популист яриа оруулалтай биш. Ингээд үнэт зүйлтэй болсных араас нь юу дагалдуулах вэ гэдэгтээ зөв гарц хайжээ. Дагалдаад суурь зарчим гэж байж таарна. Түүнийгээ ч зөв гаргаж тавьжээ. Ардчиллын суурь зарчмуудаас гадна түүнийг хамгаалахаа тунхаглана. Төрийн үүргийг зааж өгнө. Энэ улс хичнээн доройтлоо доройтлоо гэхэд дарангуйллын дэглэмийн аливаа хэлбэрээс эрс татгалзана гэж хатуу заажээ. Мөн цэргийн болон шашны бус парламентын бүгд найрамдах улс байна гэдгээ ч хатуу зааж өгчээ. Шашин шавь нараар өтгөрч буй, ядуурал нь дийлдэхээ байчихсан энэ цаг үед ингэж зааж ойлгуулж өгөхгүй бол болохгүй болсон цаг тул би энэ заалтыг ихэд ойшоож үзлээ. Энэ мэт суурь зарчмаа тунхагласны дараа тулгуур бодлогоо гаргаж тавина. Энэ нь тус нам засгийн эрх авбаас эмхлэн байгуулсан Засгийн газар ямар бодлого энэ чиглэлээр явуулах вэ гэдэгт бэлээхэн хариулт өгчихсөн, нэг үгэндээ мөрийн хөтөлбөрийн заалтууд бэлээхэн байж байна. 

Дэс дарааллаа ч зөв томъёолжээ. Улс төрийн эрх чөлөөний араас шударга ёсны эрх чөлөө гэсэн бүлэг оруулжээ. Шударга ёсны эрх чөлөө гэдгийг улс төрийн намын албан ёсны баримт бичигт анх удаа тусгай бүлэг болгон оруулсан байх магадлалтай. Монголчуудын яг одоо хүсээд байгаа, улс төрөөс залхаагаад байгаа хурцхан сэдэвт энэ бүлэг хариулт өгчээ. Хууль шүүх, авлига, сонирхолын зөрчил гэж давагдашгүй зөрчил байдгийг тодорхойлж, түүнийг зохицуулах, тэгэхдээ хүнээ дээдлэн төвд нь тавих арга зам, зарчим, баримтлан хэрэгжүүлэх бодлогыг зааж өгчээ. 

Олон улсын харилцааны мэргэжилтэй минь ойрхон гэдгээр гадаад бодлогоо АН хэрхэн болгоож байнав гэдэгт анхаарлаа төвлөрүүллээ. Их өвөрмөцөөр гарчгаа авчээ. Үндэсний эрх чөлөө гээд гарчиглажээ. Аль 1911 онд Үндэсний эрх чөлөөнийхөө хувьсгалыг хийчихсэн айл тэр хувьсгалынхаа үйлсэд 100 жилийн дараа ч үнэнч яваа, хойшдоо ч үнэнч явах болно гэдгээ тунхагласан нь тэр болов уу. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдлыг бататган бэхжүүлж, үндэстний сэтгэлгээ, өв соёл, эх түүх, язгуур уламжлал, хэл бичиг, зан заншлаа эрхэмлэн тээж, монгол бахархалын өвөрмөц дархлааг хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулан хойч үедээ өвлүүлэх явдлыг үнэт зүйл гэж үзнэ” хэмээсэн нь маш өргөн утга агуулга, цар хүрээ, зорилго зорилтыг шингээчихсэн мэт. Гадаад бодлого, гадаад харилцааны суурь зарчим нь ч тодорхой гараад иржээ. “Дэлхийн ардчилсан чөлөөт нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувьд” гэж тодотгож байгаад зарчмаа тунхаглажээ. Эргэж буцахгүйгээp, ахуй, мөнгө, ядууралдаа баригдахгүйгээр даян дэлхийн ардчилсан хүчинтэй урагшлах нь байна. Тэгснээрээ “хүний эрх, эрх чөлөөний төлөвшил, ардчиллын үйл явцын сорилт, бэрхшээлийг хамтдаа даван туулах, хүн төрөлхтний иргэншил соёлын дэвшилд хувь нэмрээ оруулахыг” монголчууд эрмэлзэнэ гэсэн байна.

Энэ бол эрмэлзэл төдий бус хийгээд ирсэн нэр хүндтэй ажлаа дахин шинээр илүү нарийвчлан тодотгосон гэж үзэж байна. Хийгээд ирсэн гэдэгт баримт түшин хариулъя. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг хааш нь ч хийж үл болох түүхэн гавьяа юм. Идсэн уусан дээр нь хууль ажиллаг, би энд улс төрийн ач холбогдлыг нь хэлж байна. Цаашлаад Ардчилсан орнуудын хоёр ч том чуулга уулзалтын (Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурал–2003 он, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал–2013 он) даргалагч улс байснаа монголчууд мартаагүй байлтай. 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр бүс нутгийн бүлгээсээ манай улс хамгийн их саналаар анх удаа сонгогдсоныг бид мартах болоогүй байлтай. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд харьцангуй сүүлд хамрагдсан улс боловч НҮБ-д цэнхэр дуулгатанаа хандивладаг НҮБ-ын гишүүн топ 20 улсын нэг болж чадсан, ардчилал, хүний эрхийг дээдлэх, сайн засаглал төлөвшүүлэх, авилгатай тэмцэх талаар Азидаа нэр хүндтэй улс болж, тэр утгаар өөрийн орны туршлагыг ардчиллыг шинээр болон сэргээн хөгжүүлэхээр зорьж байгаа улс орнуудтай хуваалцан хамтран ажиллах зорилгын үүднээс “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулж, Киргиз, Мьянмар, Афганистан, БНАСАУ, Лаос, Камбож, Балба, Бутан, Шри-Ланка, Зүүн Тимор зэрэг улстай сайн засаглал, ардчиллын туршлагаа хуваалцаж буй, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, “Онлайн эрх чөлөө” эвслийг тус тус амжилттай даргалсан гээд мартаж үл болох баримтууд дурайж байна.

Гадаад бодлого, гадаад харилцааны суурь зарчмаа тулгуур бодлогоороо томъёлохдоо “Үндэсний эрх ашгаа дээдэлсэн, хөрш орнуудтайгаа эвийг эрхэмлэсэн, гуравдагч хөршийн хамтын ажиллагааг дэмжсэн олон тулгуурт, харилцан уялдаатай, идэвхтэй гадаад харилцааг хөгжүүлэх”, “Улс төр, дипломатын аргаар Үндэсний аюулгүй байдлаа бататгаж, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн иргэд хоорондын бүтээлч харилцааг өргөжүүлэх замаар гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх” хэмээн оруулсан нь манай улсад 25 жил хэлбэрэлтгүй мөрдөж ирсэн Гадаад бодлогын ба Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа цаашид мөрдөнөө л гэсэн үг байна. 

Хаа очиж манай улсад МАН, АН ээлжлэн, эсвэл эвсэн засгийн эрх барихдаа гадаад бодлогын тулгуур зарчмуудаа өвлөн авч хэрэгжүүлэн залгамж чанартай гадаад бодлого болгочихсон юм. Хоёр хөрштэйгээ өнө мөнхөд эвтэй найртай байна, гуравдагч хөршөө уйгагүй эрэлхийлж дэмжинэ, гэхдээ харилцан уялдаатай, идэвхтэй, мөн прагматик, олон тулгуурт гадаад бодлого явуулна, харин энэ бүхэн нь үндэсний эрх ашигтаа захирагдана гээд л биччихсэн байна. Дотоодын бэрхшээл – ажилгүйдэл ядуурлаа арилгахад гадаад бодлогоо ашиглаж байгаа нь энэ гээд суурь зарчмаасаа ухрах, гуравдагч хөршүүдээ далайн чанад дахь хий үзэгдэл мэт үгүйсгэх, зөвхөн хоёр хөрштэйгээ гурвуулхнаа ажиллана гэх явдал АН-ын өнгөн дээр гарахгүй нээ гэж харагдаж байна.

Гадаад харилцааг эдийн засагжуулна хэмээн олон жил ярьж байгаа. Харин түүнд эл үзэл баримтлалын энэ бүлэг тодорхой хариулт өгчих шиг болжээ. “Эдийн засгийн олон тулгуурт, олон улсын зах зээлтэй харилцан уялдаатай, үр ашигтай, ѳрсѳлдѳх чадвартай бүтэц бий болгох. Олон улсад ѳрсѳлдѳх чадвартай эдийн засгийн суурь салбарыг хѳрѳнгѳ оруулалтаар хөхүүлэн дэмжиж, дэд бүтцийн чадавхиа дээшлүүлэх” гээд явж байна. Залгуулаад “Гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах” гэсэн нь эдийн засгийн гадаад харилцаандаа тэнцвэрийг ханга, гадаадын хөрөнгө оруулагчид ба түншүүдээ хүндэтгэн харилц, өөрсдөө хичээ, бүтээ, хөдөлмөрлө, тэгээд дэлхийн зах зээлд гар аа л гэсэн байна. 

Ерөөсөө гадаад харилцаа бол манай нийгмийн бүх салбарт очиж нөлөөлж байх учиртай гэдгийг энэ бүлэгт тодорхой зааж өгчээ. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, соёл, боловсрол, аялал жуулчлал, гадаад худалдаа, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэл, эко-систем, баялгийн менежмент, олон нийтийн хяналт гээд бүгд дээр зорилтот заалт оржээ.

“Ардчилсан Намын Үзэл баримтлал”-ын тулгуур бодлогууд бол УИХ-ын дараагийн сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг гол эх сурвалж байгаасай гэх сэтгэгдэл ганц надад төдийгүй уншиж судалсан монгол хүн бүрт суух болов уу гэсэн итгэлтэй байна.