Би хувьдаа зээлтэй - хүү нь л гэхэд орж ирснийг минь хуу татаад явчихдаг. Тэрбум 500 саяын байраа барьцаанд тавья гэсэн чинь 200 саяар үнэлж, 100 сая төгрөгийн зээл өгье гэдэг. 

Манай компани зээл авах гэж түрүү жил бараг бүх банкинд хандсан - амжилтгүй. Өмнөх жилд нь хоёр банкнаас хамаг юмаа тавьж, бүх юмаа тоочиж байж чу ай нэг юм авсан чинь хүү нь дэндүү өндөр, барьцааг үнэлж авч байгаа нь арай л дэндүү. Буцаагаад бушуухан төлөхийн түүс болсон. Бас хэдэн жилийн өмнө энэ төлбөрөө хийчих, тэгээд 2 сар харья гэж тохироод, төлбөрөө хийнгүүт шүүхэд өгсөн байсан, манай нэг мундаг банк. Хэцүү. Би ойлгохын дээдээр олон түмний дургуйцэл бухимдлыг ойлгож байгаа. 

Гүэ, тэр картных нь хураамж, хүүнийх өндрийг яана. Надад ч ямар олон байдаг юм… 

Би банкинд дургүй байх шалтгаан үүгээр хязгаарлагдахгүй. Энд гэхдээ бүгдийг нь тоочих утгагүй, нэгт, хоёрт, хувийн асуудлаа улс орны том эрх ашгийн асуудалд оруулж, шийдүүлэх нь бид бүгдэд халтай гэж боддогоо нуудаггүй. Тийм ч учраас би энд асуудлыг арай өөр өнцгөөс хөндье гэж бодсон юм. 

Өчигдөр Хүрэлсүх сайдын хэлсэн үгэнд бид бүгд олзуурхлаа. Удаан найдлага тээн хүлээж, гуйж, гувшиж байж сонссон сайхан мэдээг бизнес эрхлэгч, ажил олгогч нар уулга алдан хүлээж авлаа. Улс орон, ард олноороо уухайллаа. Үнэхээр итгэл сэргэж, урам орсон. 

Харин манай зарим нөхөд банкны реформ хийнэ гэдэг үгийг нь шүүрч аваад гадаад банк оруулж ирүүлэх лобби болгон олон түмнийг бужигнуулж эхэлж байгаад би эгдүүцэж байна. 

Тэд үүнийгээ маш энгийнээр, бараг тэнэг хүнийг уур хилэн хүрэхээр тайлбарлана: Монголд зээлийн хүү өндөр тул бид бүгд босож, сөхөж чадахгүй байгаа. Монголын өнөөгийн арчаагүй бүхэн хүүлэгчид, ломбард-банкны өндөр хүүтэй холбоотой гэж ухуулан шаагилдана. 

Тэдний ярьж байгаа нь ч үнэн байх талтай. Миний гайхшралыг хүргээд байгаа нь асуудлаа ингэж томьёолчихоод шийдлийг нь туйлын энгийнээр гаргаад, та бүгдийн дунд шидээд өгч байгаад оршино - гадаад банкийг оруулаад ирвэл, Монголд бизнес цэцэглэж, орлого нэмэгдэж, хүн ард жаргаж, хөгжил цэнгэлийн манлайд хүрнэ… Хүү багатай зээл байхад л болоо. 

Мэргэжлийн хүний нүдээр асуудлыг харахлээр, гагцхүү, байдал арай өөр: 

Нэгдүгээрт, байгаа юмыг байгаагаар нь л нэрлэе - гадаад банк гэдгээр манай урд хөршийн төрийн өмчийн банк оруулж ирүүлэх лобби хэдэн жил үргэлжилж байгаа. Тиймээс, энэ ярианы цаад эзэд нь санаагаа нээлттэй илэрхийлж, урд хөршөөсөө төрийнх нь өмчийн банкийг оруулж ирье гээд санаагаа шууд хэлж сурах хэрэгтэй - нялуунаас шулуун нь дээр. 

Манайд хоёр шатлалт банкны тогтолцоо үйлчилдэг. Төв банк нь арилжааны банкууддаа зөвшөөрөл өгч, хяналт тавьдаг. Хадгаламжийн даатгалын тогтолцоотой. Гадны банк орж ирэхдээ тулбал хуулинд заасан шаардлагын дагуу мөнгөө дансанд байршуулж байгаад бизнес төлөвлөгөө, удирдлага, захиргааны системээ харуулаад банкны үйл ажиллагааны зөвшөөрлөө авах боломжтой. Тэд бас нөгөө талдаа тухайн улсынхаа төв банкны шийдвэрийг бидэнд заавал харуулах олон улсын хуулийн үүргийг хүлээдэг. Энэ боломж бүх гадны банкнуудад нээлттэй байсаар ирсэн. Өргөдөл өгч, салбараа нээсэн нь ТЭГ. Өнөөгийн байдлаар Монголд урд хөршийн нэг банкны төлөөлөгчийн газар л үлдсэн. Тэндээсээ зээл олгох нэгэндээ олгоод явж байгаа. 

Би өөрөө яг энэ замаар нь яваад банкны зөвшөөрөл авч байсан, 2001 оны 12 дугаар сарын 27-нд. ХасБанк гэж нэрийдсэн. Тэр нь бараг Монголбанкнаас зөвшөөрлөө авсан хамгийн отгон нь болж таарах байх. Ямартай ч надад 32 дугаарын гэрчилгээг талийгч Чулуунбат Ерөнхийлөгч гардуулж байсан. 

Энэ дашрамд дурдахад, одоо ч банкны зөвшөөрөл өгөөч гээд манай нэгэн том компани зөвшөөрлөө хүсээд 2 жилийн нүүр үзэж байгаа гэж би дуулсан. Өгөхгүй байгаа шалтгааны нарийн ширийнийг нь бол мэдэхгүй ч гадарлаж байгаа. Улстөртэй л холбоотойгоос гарцаагүй гэж бодном. Уг нь нэг шинэ цэвэр технологи дээр суурилсан банк гараад ирвэл нөгөө хүсээд байгаа хүү гэгч нь буурах л нөхцөл нь бүрдмээр. Айгаад байгаа байлгүй дээ, манайхан л болсон хойно. 

Нөгөө талаас, гадны банкууд орж ирье, танайд хямд зээл өгье, бидэнд зөвшөөрөл өгчихвөл бид улс орныг чинь хөгжүүлээд өгье гээд гуйгаад гүйлдээд байгаа юм шиг сэтгэгдэл олон түмэнд төрүүлж, төөрөгдүүлэх хэнд ашигтай юм бэ? Хаанахын ямар гээчийн банк нь Монголд орж ирээд ард иргэд, бизнес эрхлэгчдэд нь бага хүүтэй, хямд зээл өгье гэж үхэн хатаад байгаа юм бэ? гэдэг энгийн асуултанд хариулт хайгаад үзээрэй, манай мэргэжлийн сэтгүүлчид. 

Тийм банк ганц ч байхгүй. Дуусаа. Цэг. Саарал жагсаалтанд орчихсон Монголд үйл ажиллагаа явуулж, арынх нь пянг даах тийм эрүүл банк (аавын хүү) энэ дэлхийд байхгүй. Бид олон улсын банкныхаа гарцуудаа бүр таг хаалгачихгүй, ганц нэгийг нь тордож суугаа хөөрхийлөлтэй улс гэдгээ сана. 

Тэгээд л бод – үнэхээр тэд Монголд бизнес хийх гэж хүсч байсан бол олон зуун банк бусын нэгийг нь аваад мөнгөө оруулж ирээд зээлээ өгөөд байх байсан бус уу? 

Ядарсан биднээсээ хадгаламж татаж, буцааж зээл өгөн та хэдийн нэрлэх дуртай хүүлэх хүсэл агуулаагүй юм бол банкны зөвшөөрлөөр яах юм бэ? Аан, хэрвээ хадгаламж авах бол манай хэдээс ялгаа нь юу болох вэ? Харин ч гадны хэдэн захирлынх нь зардал нь бүр ч дарамт болохгүй юу, бидэнд? Дээрээс нь босоо хөхөөс авахуулаад хуурамч эх орончдын цуваа, тэднийг дагах рекет, зохион байгуулалттай хэвлэлийн дайралт, олон түмний хэл ам тасрахгүй. Энд банк ажиллуулах ашиггүй гэж би шууд л та бүгдэд хэлье. 

Эсвэл бүр энгийнээр бодоод үзье: манай бизнесменүүд сүүлийн 30 жил дэлхий даяар бадарчилж, бүх л боломжит нүх сувгийг тэмтэрсэн гэхэд хилсдэхгүй. Нөгөө бидний хямд эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тэмцээд байгаа гадны банк чинь нөгөө хүү багатай зээлээ энд салбар, чирэгдэл гэхгүйгээр, барьцаагаа сайтар хангуулж байгаад шууд өгчихвөл тэдэнд бүр гоё биш гэж үү? Үнэхээр л хайр нь хүрээд, энд бизнес хийхгүй бол үхэх гээд байгаа юм бол шүү дээ. 

Аан, харин хөрш улсын төрийн банк энд орж ирэхийг бол би Монгол хүний хувьд, Эх орончийн хувьд, намын гишүүн-улстөрчийн хувьд, бизнес эрхлэгчдийн төлөөллийн хувьд, ажил олгогч, мэргэжлийн хүний хувьд бол эсэргүүцнэ. Шалтгаан нь туйлын энгийн. Тэд банкаараа төрийн бодлогоо л хэрэгжүүлнэ. Хэрэгтэй төслүүдээ санхүүжүүлнэ. Бүх шийдвэрийг тэндээ гаргана. Эхний ээлжинд нутаг нэгтнүүдийнхээ хамтарсан бизнест санхүүжилт нэн таатай нөхцлөөр өгнө. Цаашлаад тэдэнтэй хамтрахгүй бол Монголд ямарч бизнес явахаа болино. Тэгээд өмнөд Азийн барууд шиг дээрээ хэдэн гадаад эзэнтэй барлаг улс болно, бид. Ердөө цаг хугацааны л асуудал. Итгэхгүй бол тэднээс зээл авсан хүмүүсээс асуугаад үзээрэй. Филиппин, Малайзад очиж үзсэн хүн байна уу? 

Уншигч та бүүр дүүрсэн тэнэг эсхүл Эх орноосоо урвагч биш бол миний энэ энгийн логикийг ойлгох буй за. 

Хоёрдугаарт, нөгөө гайтай зээлийн хүү гэж ер нь яаж тогтдог юм бэ гэж мэргэн уншигч авхай та бодож, тунгааж үзсэн үү? Түүнийг банкууд тогтоогоод байдаг юм уу? 

Би энд маш энгийнээр бүр эхнээс нь тайлбарлах гээд оролдох гэж зориглов. Хэцүү гэж бодовч. 

Үндэсний мөнгөн тэмдэгтээ манайд бол төв банк болох Монголбанк хэвлэнэ. Түүгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүхий л төлбөр тооцоог гүйцэтгэхийг хуульчилсан байдаг. Төгрөг бол эдийн засаг дахь бүх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг илэрхийлнэ. Ажилтанд цалин. Бизнес эрхлэгчид ашиг, алдагдлыг нь. Аль алинд нь худалдан авах чадварыг нь. Монголбанк буюу Монгол Улсын Төр төгрөгийн цаадах баталгаа нь болж өгдөг. Ингээд мөнгө ажил олгогчоос, ажилтанд, хэрэглэгчээс худалдагчид, худалдагчаас бизнес эрхлэгчид шилжин эргэлдэж байдаг. 

Энэ эргэлт дотор үүсэх мөнгөн урсгалыг зохицуулахад банкууд тусалдаг юм. Банкууд бүх төлбөр тооцоог оролцогчдын хооронд зохицуулна. Дээрээс нь үүсч болзошгүй цоорхойг бөглөхөд анхаарна. Жишээ нь, чиний цалин сарын дараа бууна. Чи өнөөдөр нэг юм худалдан авах гэж байдаг. Банкинд очоод зээл аван худалдан авалтаа хийж болдог. Түүнийгээ сарын дараа цалингаасаа төлнө. Хүүтэй нь. 

Хүү яагаад төлөх болдог гэж үү? Аан, тэр банк гэж гайхал чинь танай хөршийн өмнөх сарын цалинг хүүтэй хадгаламж хэлбэрээр аваад чамд барьцаатай өгчихсөн л байхгүй юу. Ойлгов уу? Мэдээжийн хэрэг танай хөрш чамд мөнгөө шууд зээлдүүлсэн бол арай бага өртөгтэй тусах байсан байж магад. Гэхдээ нэгэнт чи хэд хэдэн удаа луу унжсан болохлээр өгөхгүй байсан байх. Дээрээс нь тэр авхай чамаас барьцаа авч, гэрээ байгуулахаас төвөгшөөх нь ойлгомжтой. 

Банк яагаад 15 хувийн хүүгийн хадгаламжтай байж надад 25 хувиар зээл өгөөд байдаг юм бэ гэж үү? За, чи нэмээд байгаарай – банк байр түрээсэлдэг, хүн ажиллуулдаг, тоног төхөөрөмж худалдан авдаг, цаас үрдэг, цахилгаан төлдөг, зээл аваад төлөхгүй зугтдаг нь 100-аас манайд бол 10 нь, Войсыг ивээн тэтгэн реклам хийж хадгаламж татдаг, захирал ажиллуулдаг, тэр нь туслахтай, машинтай, гэх мэт. Аан, тийм, шар хэвлэлд байнга балбуулахгүйн тулд мөнгө зардаг. Одоо ойлгов уу, хадгаламжийн хүүн дээр банк яагаад зардлаа нэмдгийг? Үүнийг нь шахаад шахаад эх үүсвэр буюу хадгаламжийнхаа хүүнээс доошоо орох боломжгүйг одоо чи ойлгосон байх. 

Тэгвэл хадгаламжийн хүү харин яаж тогтдог юм гээд асуулт гарч ирэх ёстой. Нөгөө манай найзын хөршийг санаж байгаа биз? Мөнгөө найдвартай газар хадгалж, худалдан авах чадвараа алдахааргүй хүү амласанд өгөх нь дамжиггүй. Мэдээж төгрөгөөр хадгалбал жилийн 15, доллараар хадгалбал 5 хувиар банк авья гэнэ байх, өдгөө манайд. Яагаад? Төгрөгийн ханшийг ерөнхийдөө 10 хувиар суларсаар ирсэн гэдгийг манай хүн гадарлана, дараа жил эргүүлээд солиулбал ерөнхийдөө ялгаагүй хэмжээний төгрөг гаргаж авахыг ч тооцоолж болох. Тэгээд л сонголтоо хийгээд дансаа нээж, гэрээ байгуулна. 

Харин манайд инфляци гэж их ярих дуртай болоод удлаа. Цаадах утгыг нь ойлгодогт харин би эргэлздэг. Эдийн засаг дахь ерөнхий үнийн өсөлтийг энэ үгээр илэрхийлдэг юм. Ганц талхны үнийг цээжилж мэдээд хол явахгүй гэдгийг миний гашуун туршлагаас харсан та бүгд зах зухаас нь бас ойлгоод авсан байх гэж найднам. Монголд бүх бараа үйлчилгээний үнэ жилдээ ерөнхийдөө 10 орчим хувиар нэмэгдэж, чиний 100 төгрөгний худалдан авах чадвар тэр хэмжээгээр дордож явдаг гэж ойлгож болно. Өнөөдрийн 100 төгрөгөнд авах зүйлс дараа жил 110 төгрөг болно гэсэн үг. 

Ханш, инфляцийг хэн яаж зохицуулдаг юм бэ гэж энэ дундаас хамгийн сэргэлэн чинь асууж магад. Арилжааны банкууд л биш шүү гэж би шууд хэлье. Тэднийг тэгж онгиргож, оодруулахаа одоо бүгдээрээ зогсоох цаг. 

Эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадвар, багтаамж, хэрэглээ, эрэлт, нийлүүлэлт, экспорт, импорт, гадаад хөрөнгө оруулалт, төлбөрийн тэнцэл, урсгал тэнцэл, мөнгөний бодлого, төсвийн буюу сангийн бодлого гээд асуудлыг тус бүрээр нь задлаж, хөврүүлж болох ч цаг энд ч орой болж байна. 

Нэг л зүйлийг нэмж хэлье: бидний сонгодог намууд, гишүүд та бидний өнөөдөр амьдарч байгаа орчныг бүрдүүлдэг. Нийгэмд болж байгаа, болохгүй байгаа асуудал тэдэнтэй шууд холбоотой. Гэхдээ тэднийг бид өөрсдөө сонгодог тул таны амьдрал нэг л болохгүй байгаа бол хэн нэгэн рүү чичирч дайрахаас өмнө толинд очоод харагдах нөхрийг нэг сайн ажаад авахыг л зөвлөе дөө. Чи бидний сонгосон эсвэл үл сонгосон нөхөд талхны үнийг цээжилдэг байж болох ч амьдралын үнэ цэнийг огт мэдэхгүй, та бидний гэнэн цайлган тэнэглэл дунд цэцэглэн өнгө орж явж ирсний гор. 

УИХ бол нийгмийн бүх төлөөллийн шилдгүүд цугларч улс, нийгэм, ард түмэн, эдийн засгаа зөв чигт тогтвортой залуурдах зурагтай. Тийм нөхдийг бид сонгож уу? Үнэхээр салбар бүрийн шилдгүүд нь гараад тэнд оюун ухаанаа уралдуулж байна уу? Би хааяа циркийн байрыг солиод төв талбайн арын ордонд авчраад залчихаж гэж төсөөлдөг. Нуухгүй. 

Сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлага, сэтгэлийн хат, ажил үйлдлээрээ олон түмнээ гийгүүлж, ноён нуруугаараа алдаршсан нь даанч цөөхөн юм, тэнд. Худлаа ярьсан, цээжээ дэлдсэн, Эх оронч царайлж, ард түмэнд хайр зарласан, хоосон цэвдэг сэтгэлтэй, зөвхөн амин хувиа хичээгч, бэртгэгчид нь тэнд цуглардаг болоод удлаа. Дунд сургуулиасаа эхлээд нам даган намирна. Багш нараа аргалж байгаад их сургуулийн ромботой болно. Дарга дагаж намирч сурна. Тэгээд хурган дарга болж бужигнана. Хэдэн дагагчтай болоод авна. Бие биенийхээ толгой түрий дээр гишгэлэн байж дээшээ мацаж гарч ирнэ. Дарга болох нь л чухал. Ямар дарга болох нь ч чухал биш. Дарга л болох ёстой. Хийж, чадах, чадахгүй нь хамгийн сүүлчийн асуудал. Болгоод ирсэн ах нар байхад. Яаж дарга болох нь ч чухал биш. 

Энд сурсан, мэдсэн, хийсэн, гийгүүлсэн нь гучдугаар асуудал. Гол нь ард түмэнд таалагдах ёстой. Дарга нартаа таалагдах нь бүр ч чухал. Манайд тогтоод, хүчинтэй үйлчилж байгаа эрэмбэ бол нэг ийм.

Улстөр нь тогтворгүй, популизмаар дүүрэн, бизнес хөрөнгө оруулалт хийхэд халтай, авилгал хээл хахуульд идэгдсэн, намчдын хэдэн үеийн арми бэлтгэгдэж бидний нуруун дээр сорж, мэрж амьдарсаар байх бөгөөд инфляци ямагт өндөр, мөнгөний ханш нь байнга унаастай байх нь бидний хувь тавилан биш байлтай. Гэхдээ эвлэрье. Тайвшир. 

Өнөө орой харин Войстой. Гэр бүлээрээ тойрч сууж байгаад бүхнээс тасраад нэг сайхан амраадахья.

Ч.ГАНХУЯГ