“Сүүлчийн мод цавчигдаж унахад
Сүүлчийн гол ширгэж дуусахад
ХҮН та алтыг ууж идэж болохгүйг ойлгоно”

... хэмээх утга уянгын мөртүүдийг бид нийгмийн сүлжээнд тавьж, бусаддаа уул уурхайн аюулыг сануулах дуртай. Гэвч өнөөдөр үнэндээ сүүлчийн бизнэс нурж унахад, сүүлчийн цалин шавхагдаж дуусахад, монголчууд бид зэс, нүүрс идэж амьдардаг гэдгээ л ойлгож байна. Амьдрал хэвийн буцлаж, улс төр ердийн өрнөж байх үед бид хэн нь сайн хэн нь муу ажиллаад байгааг тэр бүр анзаардаггүй. Харин бүгд сонор сэрэмжтэй, илүү дутуу зүйлд сатаарахгүй гамшигийн нөхцөлд амьдралын олон хөөс хагарч, хэн сайн хэн мууг цүлхийтэл ил тод харуулав. Сүүлийн хагас жил, ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд ТВ –ээр хамгийн цөөхөн гарсан мөртлөө гамшигийн үеийг давахад хамаг ажлыг чимээгүйхэн нугалж буй нь уул уурхайн салбар гарцаагүй мөн. Цар тахлын энэ үед “төрийн аврагч” Эрдэнэс ТТ, Эрдэнэт ГОК муухан мэнэжмэнттэй, муухан ажиллаж байсан бол яанаа гэдгийг төсөөлөхөд хэцүү. 

Эдийн засаг сэргэнэ, бизнэсүүд сэргэнэ, хүмүүс ажилдаа орно гэдэг нь угтаа мөнгө гүйлгээнд эргэлдэхийг л хэлнэ, харин мөнгө гүйлгээнд эргэлдэхийн тулд эхлээд мөнгө орж ирэх ёстой. Мөнгө оруулж ирдэг нь уул уурхай. Манай эдийн засгийг зүрх судасны системтэй зүйрлэбэл банкууд бол судас, харин цус шахдаг зүрх нь уул уурхайн салбар мөн. Жишээ нь зээлийн хүү буурахад банкны салбар гэхээсээ уул уурхайн салбар л гол үүрэгтэй. Банкууд бол нэг хүний мөнгийг аваад нөгөө хүнд борлуулдаг супэрмаркэт. Супэрмаркэтийн лангуунд бараа /мөнгө/ элбэг байж гэмээнэ тухайн барааны борлуулах үнэ /зээлийн хүү/ буурна. Уул уурхайн сэргэлттэй үе бүрт зээлийн хүү аажим буурч байснаа, уул уурхай доголдсон үед зээлийн хүү огцом өсдөг түүхэн графикийг ч харж болно. Хадгаламжийн хүү нэг оронтой тоонд хүрч, дагаад зээлийн хүү буурах нөхцөл бий болж буй нь уул уурхайн салбар сайн ажиллаж буйн л илрэл.

Шилэн дансаа сайн хөтлөөд, нийтэд ил тод байвал ер нь төрийн өмчийн уул уурхай амжилттай ажиллаж болмоор найдвар харагдаж байна. Шилэн данснаас болж уул уурхайн Г.Ёндон сайд өөрөө ч хэл аманд өртөөд амжсан л даа. Гэхдээ чухам түүний үед л Эрдэнэс Тавантолгойн нүүрсний кариерт ажиллаж буй компаниуд дураараа дуртай газраа шанагаддаг байсныг анх удаа нэгдмэл бодлого, уялдаатай болгож авто зам, төмөр зам хаагуур орж ирэх, нүүрсний овоолгоо хаана байршуулахаас эхлээд тодорхой төлөвлөлттэй болгосон нь үнэн юм. Банк санхүүгийн рэформ, үнэ чөлөөлөх рэформ, иргэдэд хашааны газрыг нь эзэмшүүлэх рэформ зэрэг нь тухайн үедээ чимээгүйхэн явчихсанаас биш одоо эргээд харахад маш том рэформууд байсан. Түүнтэй ижилхэн Төрийн өмчит уул уурхайн компани хувьцааны ногдол тараасан нь тун удахгүй нэг том рэформ гэж яригдах вий. Анх удаа халамж биш ногдол ашиг өглөө шүү дээ.

Жирийн үед нийгмийн 90 хувь нь уул уурхайн салбарыг муулдаг, харин гамшиг тахлын үед 90 хувь нь магтахгүй гэхэд эрхбиш муулахгүй байна. Үүнийг чимээгүй ажиллах эрх гэнэ. Уул уурхайн салбарынхан бол чимээгүй ажиллах эрхтэй хүмүүс. Энэ улсын аж амьдрал, цаашлаад энэ төрийн нэр хүнд чухамхүү чимээгүй ажиллах эрхтэй энэ хэдхэн хүний нуруунд л тогтож байнам. Чимээгүй ажиллах эрх... энэ бол их гоё эрх чөлөө. Бүгдэд байдаг ч эрх биш, учир нь чимээгүй ажиллах эрхгүй хүмүүс олон шүү дээ.