1925 он. Улаанбаатар хот. “Хорвоо дээр бурхан Будда, Ленин гэж хоёр суут багш заяажээ” гэдэг үгийг Монгол Улсын Бага хурлын дарга, хожмын Ерөнхий сайд П.Гэндэн албан ёсны индэр дээрээс хэлэв. Буддист сэтгэхүйгээр бүтээгч эзэн тэнгэрээс илүүтэй зовлонг гэтлэхэд замчлах багшийгаа өргөмжлөн бурханчилж үздэг. Эрэмбийн хувьд бурхан илүү байж болох ч багш нь хүмүүст ойр учраас тэр биз ээ. Бид албан ёсоор хоёр багштай боллоо. Талын малчны гэрт, авдар дээр нь Ленин багш Цагаан, Ногоон дарь эхүүдийн өвөр дамжин тарвалзах болов. Аз нь шовойжээ.

Даанч удалгүй “Хорвоод хоёр нар мандах учиргүй” гэдэг Жамухын үгийг Сталин оросоор хэлэв. Шалдан нүцгэн бурхадтай Ленин багшийг нь самууруулсан хүн бүрийг буудаж алаад, бурхдаар нь сум цутган Гитлерийг онилж онилж гохоо дарав. Hitler caput. Бурхны гэсгээлээс хэн ч мултарч байгаагүй юм. Монголоос бурхныг нь булааж явахдаа зулыг нь өшиглөөд унагачихжээ. Тас харанхуй.

Монголчууд өөхөн дэн барихаар завдтал оросууд зад загнаад “Ильичийн гэрэл” тавьж өглөө. “Манай багшийн багш аа, манлай Ленин багш аа, миний хайртай багш аа...” бодвол Буддагийн багш байсан юм байлгүй дээ, энэ орос. Хүүхдийн цангинасан хоолой аажим бүдүүрч “Хорвоо ертөнцийн өнгө доторх гайхамшгаас хотлыг гийгүүлсэн нарны илч ээ хө, хоймор залрах Ленин багш минь...” гэж гингэнүүлж байх хооронд 70 жил өнгөрснийг хэн ч анзаарсангүй. Харин генератор ачааллаа дийлэхгүй дээрээ хүрлээ. Нэг нөхөр угсраа залгуур ашиглаж “Прожектор перестройка” гэгчийг нэмж ачаалаад генератораа гэрэл чийдэн юутай хээтэй нь шатаагаад хаячихав аа. Дахиад л тас харанхуй.

Зарим нэг нь хар аяндаа од мичдийн зүг толгой гэдийлгэн тэргэл сарнаар л ганц удаа наргиж байя, бусад үе нь хар ус уухгүй, хагд өвс идэхгүй гэж бусдыг ятгах дуулдана.

Гэтэл Харь гэдэг гаригийн нисдэг таваг Монголоор дүүрэв. Тэд нар “Галактикийн лиги”-ийн цомоо хайж яваа гэнэ. Өнөөх нь Монголд л байгаа юм байх. Хэн нэг нь авчихаад гаргаж өгөхгүй байна гээд залуудаа Хятад, Японы тагнуултай хөөцөлдөж явсан өл халзан хүн гуйж нэг үзээд, айлгаж нэг үзээд сүйд боллоо. Хамгийн гол нь тэдгээр тавагнаас ер бусын их гэрэл цацарч шар хүрээ үүсгээд байгаа гэнэ. Харамсалтай нь уг гэрэл цөөн тооны шилмэл хүмүүст хамаатай аж. “Нормальный хүн” гэдэг үг сохор гэсэнтэй адил сонстох болов. “Цөөнхийн эрх дарх олонхын эрх ашгаар хязгаарлагдана” гэдэг шинэ хэлц үг сурчихсан хүмүүсийн хувьд харанхуй хэвээрээ...

Зул бадамлалаа. Ээ, гялай. Энэ зулын голыг Б.Даш-Ёндон ороож Н.Энхбаяр асаажээ. Ашгүй гэрэлтэй боллоо. Зулын гэрэлд олон юм амжуулж эхлэв. Өөрийнх нь арчаагүй өчүүхэн гэдгийг ямар ч тэнэгт ойлгуулахаар том бурхан бүтээв. Энэ бол Жанрайсиг. Урьдынхаас ялгаатай нь япон технологи, маркетинг, менежмент бас юу нь яагаад сохорсон Богдод бус Ильичийн “улайсах гэрэл”-д харалган болсон эгэл олонд зориулсан гэнэ. Хурай, хурай...

XIV Далай ламыг хэл хэл ам болж хөөцөлдөж байгаад олоод ирэв. Харин IX Богд гэгч нь өөрөө гүйгээд иржээ. Одоо Банчин эрдэнэ морилоодохвол ч тэнгэийн умдаг атгалаа л гэсэн үг. Урьдынхаасаа ахиц гарч л байна. Бид урьд нь хамаг өнгөтэй өөдтэйгөө өвөртөлж аваад үхэн хатан очиж мөргөдөг байсан хутагт хувилгаадын зарим нэг нь одоо урилга заллага ч хүлээлгүй өөрсдөө хүрээд ирдэг болж. “Үйлчилгээ эзэндээ ойртож байна”, “Хэрэглэгч та хаан”. Үнэн үг юмаа зайлуул.

Майдар эргэж, сор залдаг боллоо. Энэ бүхнийг кинон дээрээс харж элгээ хөштөл инээж байсан коммунистууд өнөөдөр өөрөө ширхэг будааны төлөөх нүд хальтрам тулаанд ханцуй шамлан ордог болжээ. Цаг хугацаа биднээр даажигнаад байна уу, бид түүнийг дамшиглаад байна уу, бүү мэд. Ардын хувьсгалын жилүүдэд эрс цөөрөөд байсан чөтгөр шулмын тоо анхныхаасаа ч даваад явчихав. Бид цаг хугацааны машин бүтээчихээ юү?! Бараг л тийм, харин ганцхан ухардаг араа нь ажиллана, суувал суу. XXI, XX, XIX, XVII, XVII, XVI зуун. Молом тойны эхийн ачийг хариулсан судрыг худам монголоор буулгаад сугавчилсан ламаизтай таарна. Харин өнөөдөр кириллээр буулгажээ. Чанарын ялгаа алга.

Коммунизм биднийг сүйдэлсэн. Хутагт хувилгаадаас аваад “гөлөөг гэж дуудуулж үзээгүй” хүн бүрийг туусан, шүүсэн, хядсан. Тооны хувьд ч аймаар. Манайд урьд хар, шар гэдэг хоёрхон мэргэжил байсан болохоор эрчүүдийнхээ талыг нь шахуу алсан. Бид их юмаа алдсан. Хангалттай гашуудлаа. Коммунизм биднийг сүсэг бишрэл, бурхан шүтээн, итгэл үнэмшлээс маань салгасан шигээ угаартаж үхэхээс аварсан нь бас нэг үнэн. Өөрт олдсон боломж бололцоог харж чадахгүй харалган хүн л хуучинтэй зууралддаг юм. Хутагт хувилгаадаа барчихсан Монгол битгий хэл хувилж олшруулаад байдаг Төвөд, Балба мэт нь хөгжил дэвшлийн хаана явааг хараач. Угаалж өссөн тархинд минь өнгөр суулгах юм хэрэгтэй байна.

Хэц хэнгэрэг дэлдэж, буруу зөрүү хашгирч байгаад үндэсний ухамсараа сэргээсэн, хонх дамар тачигнуулж байгаад сүсэг бишрэлээ сэрээлээ. Харин нэгэнт сэрчихсэн хүнд хонх дамар, хэц хэнгэрэгийн дуу чимээ яршиг болоод байна. Арай өөр юм дугаргаач, гэхдээ чимээ өгөхийн тулд бус сэтгэл сэргээхээр байвал сайнсан. Сэрүүлэгний хонх сэрээх л зориулалттай болохоос сонсоход тохиромжгүй хөгжим шүү дээ.

          1999 он