(Эчнээ сурвалжлага)

Зурагтаар үзэх юм их бий. Зурагтаар зарах зүйл ч мундахгүй. Өнөөдрийн арилжаагаа сэтгэл хангуулан хийгээд маргаашийн ТВ шопдоо тавтай морилоорой.

Өнгөрөгч Мягмар гариг(2013.01.08)-т Ийгл Ньюс ТВ Шинэчлэлийн Засгийн газрын удаах шоуг шууд дамжууллаа. “Шинэчилж шийдье 222” энэ ээлжиндээ Цагаан сарын бэлгэнд санаа тавьсан аж. Ер нь монгол хүн болгон одоо чухам энэ асуудал дээр л төвлөрөөд байгаа билээ. Цагаа олсон сэдэв мэт. Уул уурхайн экспорт нь зогсохоо шахаж, төсвийн болоод гадаад худалдааны алдагдалдаа боомилуулаад байгаа ч Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын орлогоор голоо зогоох горьдлого тээсэн Засгийн газарт орсон гарсан зочны гар цайлгах барьц арай л өчүүхэн зүйл мэт санагдав...

Гадаад харилцааны яамны “Их номин” танхимд 14.10 цагт эхэлсэн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг; Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар хүрэлцэн ирж хоймор эгнүүлэн тавьсан дөрвөн сандлын хоёрыг нь эзэллээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр нээж үг хэлэв. Нэг сандал нь түүнд оногдсон аж. Ганц сандал эзнээ хүлээнэ... Хэнд зориулсан юм бол...?! Ц.Мөнхтөр хөтлөгчийн үүрэгтэй ирсэн байж болохоор ч явцын дунд Н.Алтанхуяг микрофон, санаачилга хоёрыг зэрэг гартаа авсан гэхэд болно. Төрийнхнөөс гадна төрийн бус байгууллагууд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг төлөөлөх 300 орчим хүн уг уулзалтад оролцсоныг www.zasag.mn-ээс сүүлд олж үзлээ. Харин манайхны жижиг дунд үйлдвэрлэл, тэр дундаа “үндэсний үйлдвэрлэл” гэж өнөө хэр баттай итгэж явдаг ноос ноолуур, арьс шир зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын 100 шахам нэр төрлийн бүтээгдэхүүнийг энд цаг хагасын дотор дориухан шиг сурталчилсан юм. Басхүү үндэсний үйлдвэрлэлд төдийлөн “тооцогдоод” байдаггүй хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн ч мэр сэр харагдаж байлаа.

Ц.Мөнхтөр удахгүй болох Цагаан сартай холбогдуулан “Цагаан сарын бэлэг” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа гэсэн ч үйл явдал цааш ТВ шопын зарчмаар өрнөсөн юм. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “...Цагаан сарын идээ будаа болон бэлгэнд зориулсан ихээхэн хэмжээний импортын бүтээгдэхүүн манай эдийн засгаас их хэмжээний мөнгө гадагшлахад нөлөөлдөг нь санаа зовоосон асуудал...” гэж сэтгэлээ уудлаад, зурагт үзэгчдэд хандан “Та бүхний худалдан авсан бараа үндэсний үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт болно гэдгийг хэлмээр байна” гэж уриалан “гуйлаа”. Харин     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газраас баярын бэлэг сэлтийн талаар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа...” гэв. Үнэхээр өнөөдрийн улстөрчид тэрчигтээ л үүнд санаа зовоод байгаа нь үнэн юм билээ. УИХ-ын эмэгтэй гишүүд бас нэг иймэрхүү уриалган санаачилга маягийн зүйл бодож олсноо өөр нэг зурагтаар ярьж байсан нь санагдав. Ерөнхий сайд маань оролцогчдыг авчирсан зүйлээ өөдтэйхөн сурталчил гэснээс үүдээд “Их номин” танхимд жижиг дунд үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэгчдээ төр хэрхэн дэмжих яриа огтоос болсонгүй.

Хамгаас түрүүнд үг хэлэх эрх олсон “Туул” сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Туул “Дөрвөн жилд 150 мэргэжилтэн бэлтгэсэн. Нийт 170 гаруй ажлын байр, 30 бичил үйлдвэр бий болголоо. Үндэсний үйлдвэрийн гутлыг монголчууд их авч байгаа. Бид гутлаа европ загвараар хийдэг. Одоо цүнх, бээлий, түрийвч үйлдвэрлэлийн сургалт явуулах хэрэгтэй байна. Үүний тулд бидэнд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй” гэж ихээхэн ажил хэрэгч яриа эхэлсэн ч гэлээ Н.Алтанхуяг онхи өөр бодолтой байсан аж. Тэрбээр “Тайж бренд”-ийн танилцуулгаас эхлэн тэсвэр алдарч микрофон шүүрэн авч оролцогч нарын авчирсан бараа бүтээгдэхүүнийг хачин сайхан магтан сурталчилж эхэллээ. Энд үйлдвэр эрхчлэгчдээс гадна өглөө бүр хар нүд хуулав уу, үгүй үү арилжаа наймаа ярьдаг телевизүүдийн чадвар муутай хөтлөгч нарыг суулгасан бол биет сургалт болохоор байлаа.

Манай төр, иргэн хоёрын санаа бодол алд дэлэм зайтай яваа нь тэндээс тодхон харагдав. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөл Ерөнхий сайдад хандан “Монголчууд юм үйлдвэрлэдэг, хийдэг болсон тул зах зээлийн цонх хэрэгтэй байна. Ийм учраас Москва хот дахь худалдааны төлөөлөгчийн газрыг бүрэн утгаар нь ажиллуулах; 2.Монголд Монголын үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг борлуулдаг их дэлгүүр байгуулах; 3.Алтанбулаг чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй орж ирээд Монголын бүтээгдэхүүнийг авч гарах боломжийг энэ Засгийн газрын хугацаанд гаргаж өгнө үү” гэдэг гурван бодитой санал тавьсан боловч нэгэнт онгод юундаа хөглөгдсөн Н.Алтанхуяг “Наймхан мянган төгрөгийн савхин бээлий гэж энэ дэлхийн хаана ч байхгүй” гэсээр ТВ шопоо үргэлжлүүлэв. “Улаанбаатар хивс” ХХК-ийн төлөөлөл мөн л Ерөнхий сайдад хандаж “Үйлдвэрийн зээлийг ойрын хугацаанд олгоход тусалж, дэмжиж өгөхийг” хүссэн ч бас л чихнийхээ хажуугаар өнгөрөөв. Засгийн тэргүүний хандлагыг анзаарсан бизнес эрхлэгчид цаашдаа зөвхөн бараа бүтэгээдэхүүн нь чухам ямар ач тустай, хэдэн төгрөгөөр хаана борлогдож байгааг дуржигнатал ярьсаар...

Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумаас ирсэн 100 үйлдвэрлэгчийг  төлөөлөгч “Шинэчлэлийн Засгийн газар болон ерөнхий сайд Н.Алтанхуягт баяр хүргэмээр байна...” гэж тал засаад “Сайн юмны хажуугаар муу юм бас байна. Манай хөдөөгийн ард иргэдийн ихэнх нь банкинд зээлтэй, байгаа. Сайн ажиллаж байгаа хүмүүсийг дэмжиж урамшуулах шаардлагатай гэж үзэж байна” гэсэн ч оролдлого нь талаар хоцров. Харин Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр өөрийн ээлжинд мирофон олж аваад “Энэ нэвтрүүлгийг үзсэн ард иргэд Засгийн газрын тусгай дугаар 11 11 рүү олноороо залгаж наад бараануудыг чинь авмаар байна, гол нь хаанаас авах вэ?” гэж ярилаа гэсэн нь энэ удаагийн “Шинэчилж шийдье 222” ТВ шопын оргил хэсэг болсон байх. Формаль логикоор бол хоёроос дээшийг олонд тооцдог юм. Тэгэхээр олон хүн мөнөөх “арилжааны” дугаар руу залгасан нь үнэн байх.

Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлд олгосон арилжааны зээлийн эргэн төлөлт 91 орчим хувьтай байгаа нь байрны зээлийн дараа орох сайн үзүүлэлт юм. Энд оролцсон бизнесмэнүүд ч тэдний нэг л хэсэг нь. Тэд энд хэн хүнгүй үйлдвэрлэлээ өргөжүүлэх, технологио сайжруулах, эргэлтээ нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай хөнгөлөлттэй зээлийн талаар Ерөнхий сайдтайгаа ярихаар ирсэн ч ТВ шопод л оролцоод буцав. Жилийн дөрвөн хувийн хүүтэй Чингис бондоос орж ирсэн мөнгөөр чухам юу хийх нь одоо ч тодорхой бус. Адаглаад нэгэнт байр сууриа олчихсон жижиг дунд үйлдвэрийнхэнд жилийн найман хувийн хүүтэй зээллэг олгох талаар ярьсан бол хэн хэндээ хэрэгтэй шоу болох байлаа. Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” ерөнхий нэрийн доор Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр гэх мэтийн жагсаалттай л сууж байгаа. Гэтэл нүдэн дээр нь юу хийж чаддагаа харуулсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд алгаа тэнийлгэх царайгүй өнгөрлөө.

Хоймортоо Үйлдвэр хөдөө аж ахуйн яам; Монголын эдийн засгийн чуулган; Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн бэлгэ тэмдэг бүхий туурган хаяг өлгөсөн харагдсан ч төрийн гоцлон тоглолт доор бусдынх нь дуу хоолой гарсангүй. Монголын эдийн засгийн чуулган чухам ямар санаа бодолтой ирснээ дэлгэсэнгүй. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв гэх сүрхий нэртэй байгууллага логоноосоо бусдыг энэ танхим руу илгээгүй байх, огт харагдаагүй. Харин мөнөөх хоймрын эзгүй нэг суудал удалгүй эзэнтэй болсон юм. Гадаад харилцааны яамны дэд сайд Д.Ганхуяг “Их номин” танхимд нь болж байгаа үйл ажиллагааг сониучирхсан уу, Ерөнхий сайддаа хань болох гэсэн үү, ямар нэг үл мэдэгдэх шалтгаанаар жижиг дунд үйлдвэрлэгчдийн эдийн засгийн хэлэлцүүлэг хэмээх ТВ шопын нэр хаяггүй зочин нь боллоо. Гэхдээ дэд сайд маань Шинэчлэлийн засгийн газраас бидэндээ барьсан нэгэн төрлийн гэнэтийн “бэлэг” байсан ч байж мэднэ. Төрийн явдлыг ямар таах биш...