СОЛИЙН ДАНЗАН (3)

III их хурлын үед маш тод илрэлээ олсон бас нэг зүйл бол төрийн эрх мэдлийн төлөөх хурц ширүүн тэмцэл байлаа. Энэ нь нэг талаас жанжин Данзан ба Засгийн газрын сургагч комиссар Ринчино нарын хооронд, нөгөө талаас мөнөөх Ринчино ба Коминтерний төлөөлөгч Рыскулов нарын хооронд өрнөсөн зөрчилдөөн ажээ. Ринчино энэ үед Цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн байсан атал үнэн хэрэгтээ төрийн эзний үүрэг гүйцэтгэж байв. Бүгдийг хяналтандаа байлган дураар авирлахад нь хэн ч саад хийж чадахгүй байжээ. Ринчино Бодоог нухаж авсныхаа дөнгөж дараахнаас л олон жилийн найз Данзантайгаа түнжин хагарч эхэлсэн байна.

Чухам 1923 оны үеэс Данзан капитализмыг алгасах үзэлд өөрийн бодолтой болжээ. Өдөр ирэх тутам төрийн хэрэгт нь улам илэрхий оролцох болсон зөвлөлтийн зөвлөхүүд, түүний биет төлөөлөгч Ринчино, тэдний тулгаж буй үзэл суртал зэрэг нь Данзанд улам бүр таалагдахыг больжээ. Нийгмийн тодорхой үе шатыг дамжиж хүн төрөлхтөн хөгждөг гэсэн марксист ойлголтыг авсан Данзан Ринчиногийн яриад байгаа алгасч хөгжих онолыг огтоос ойлгосонгүй, хүлээж авсангүй. Монгол орон нэгэнтээ л феодализмд яваа юм бол заавал капитализмаар нь дайрч хожим хэзээ нэгэн цагт социалист хувьсгалд хүрэх ёстой гэсэн үзэл аяндаа түүнд төлөвшсөн юм.

Ертөнцийн хүн төрөлхтөнд илэрхий тэнэмэл ба нүүдэлчин, суурьшсан ба боловсон мэтийн олон зэрэг дэс дараалал байх бөгөөд үлгэрлэвээс авирах гишгүүрт нэгээс үүсгэн давших ба усанд гүехнээс гүнд орохоор одохын адил буй. Үүний зэрэг дэс солигдвоос үл болох буюу…  гэж тэрээр бичиж байснаас үзэхэд капиталист бус хөгжлийн зам гэдэг түүний хувьд үнэхээр хүлээн авшгүй[i].

Тэрээр шат алгасалгүйгээр капитализмд орохыг өөрийн ганц бие дээр хүртэл туршжээ. Хүрээ-Жанчхүү-Хаалганы замын “Фу Лай Хо” хэмээх авто тээврийн пүүст хувь нийлүүлэгчээр элсч, Англи-Америкийн “Бөрдман”, “Смит”, “Виллиам” зэрэг пүүстэй холбоотой ажилласны үр шимийг чамгүй хүртэн, тэр дороо л хувьдаа гурван том байшин бариулж амины хэдэн авто машинтай болсон байна[ii]. Мөн тэрээр Ардын засгийн хүчингүй болгосон Хятад пүүсийн өрийг төлүүлж эхэлсэн нь худалдааны шударга зарчим баримтлах, итгэл сэргээх замаар доголдож эхэлж буй гадаад худалдааг сэргээн улсдаа нэмж зээл олгуулах зорилготой байв. Чухам энэ “алдааг” нь Ринчино шүүрээд авав.

Тэгээд ч энэ хоёр хүн хэдийгээр хамтарч Бодоог нухсан боловч дараа нь өөр асуудлаас болж хоорондоо таарахаа больжээ. Ерөнхий сайд Жалханз хутагт нас барсны дараа хэнийг оронд нь тавих талаар маргаан болсон байна. Ринчино нэгэнт гадаадын иргэн учир “дэвшилтэт үзэлтэй”, “дуулгавартай” лам хутагт хүнийг дахин олж тавъя гэсэн санал гаргав. Данзанг МХЗЭ нэрийг нь дэвшүүлжээ. Аль аль нь явсангүй[iii]. Ингээд гурав дахь хүн болох Баолингийн Цэрэндорж Ерөнхий сайд боллоо. Өрсөлдөгч хоёр үүний төлөө аль алиныгаа өршөөхгүйгээр шийдсэн бололтой.

Өөрийнх нь үзэл бодлыг дэмждэггүйгээр барахгүй илэрхий эсэргүүцэн үзэл онолоо сөргүүлэн тавьдаг Монголын удирдлага Ринчинод төдийлөн хэрэг байсангүй. Иймээс Данзан хэмээх “капиталист элементийн төлөөлөгчийг” дарж авахын тулд тэрээр холбоотон хайсан байна. Төв Хорооны тэргүүлэгч гишүүн Ц.Дамбадорж энэ үүрэгт тун зохиж байлаа. Дөнгөж 25-тай боловч зэгсэн боловсролтой, бичих авьяастай энэ залуу МАХН-ын удирдлага доторх хамгийн тууштай марксист нь байлаа. “Багш Ленин ба Маркс лугаа адил мөнх зул үгүй…” гэж бичиж байсан Дамбадоржийн хувьд улс орныг дэс шатаар нь капитализм руу оруулах гээд байгаа Данзан ангийн гол дайсан нь байлаа. Чухам л үзэл суртлын ийм ижилсэлээрээ Ринчино, Дамбадорж хоёр биенээ олж, хоршсон “ангийн тэмцэл” явуулж эхэлжээ. Ринчино Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл (МХЗЭ)-ийг холбоотноороо татаж чадлаа. Энэ байгууллага оросуудын зүгээс намд хяналт тавих үр дүнтэй хэрэгсэл болсон юм. МХЗЭ нь МАХН-аасаа илүү хувьсгалч дайчин, илүү хөдөөжсөн, илүү “коммунист”, илүү Оросын талыг баримтлагч, нийгмийн дэвшлийг илүү хүлээж авамтгай, илүү боловсорсон, илүү зохион байгуулагдсан хүчин байсан ба Монгол дахь зөвлөлтүүд болон арми, нууц цагдаагийн байгууллага энэхүү залуучуудын байгуулагыг илүү нөлөөтэй, гарын дор ажиллуулж чадаж байсан юм[iv].

Ийнхүү Ринчино, Дамбадорж нар МХЗЭ-ийг ангийн тэмцлийн зэвсэг болгон сонгож авлаа. Харин “цаад эзэд” өөрийг нь 4 жилийн дараа мөн л энэ коммунист залуучуудын тэр байгууллагаар арчуулна гэж Дамбадорж төсөөлөөгүй биз.

Намын III их хурлын өмнө Данзан Ринчино нарын тэмцэл хурцдахын цаагуур хурцадсан ба Бүх цэргийн жанжин маань Хүрээний намын гишүүдийг цуглуулж хийлгэсэн нэгэн хуралд “Элбэгдорж бол Оросын суулгасан төрийн хутгуур, Элбэгдорж бол хувьсгалын эсэргүү эзэрхэг харгис дарангуйлагч этгээд юм байна. Намайг Элбэгдорж зайдалж байна. Элбэгдорж өнөөдөр намайг тонилгоод маргааш Та нарыг тонилгох болно” гэж хэлсэн нь[v] хэдийгээр уурласан хүний давчидсан үг авч хожмын түүхээр авч үзвэл аргагүй үнэнийг зөгнөсөн мэт. 

Намын их хурал бараг л тэр хоёрын хоорондын хэрүүлийн тоглолт болжээ. Хурлын даргаар сонгогдсон Данзан энэ үүргээ арай чүү гэж 22 хоног гүйцэтгэжээ. Ринчиногийн дэвшүүлсэн “Монголын хувьсгалын ирээдүй цагийн төлөв” гэсэн нэртэй капитализмыг алгасуулах 6 зүйлт сэдвийг өшт Данзан нь шууд эсэргүүцэж “Өнөөдөр манайд өөрийн хөрөнгөтөн (тэмцээд байх?) байхгүй учир энэ нь одоо хэлэлцэх зүйл биш. Эрмэлзэх 10 зүйл бол Ринчино нарын зэрэг хүнээс шинэ зүйлийг нэмэн гаргасан төдийгөөр өөрчилж болох тийм амар зүйл бишээ” хэмээсэн Данзангийн басамжлангуй дуу танхимд хадахад Ринчино шурхийн гарч одон, туслах хүчин болсон МХЗЭ рүүгээ гүйжээ. Коммунист үзэлд тархи нь эргэсэн залуучууд уухайлан дайрч очоод Данзангийн хамсаатан гэгдэх Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасанг барьж авсан төдийгүй өөрсдийнхөө зөвийг батлуулахаар Ерөнхий сайд Цэрэндоржоос асуувал цаадах нь нэлээд зориг гаргасан бололтой “Та нар залуу улс байна, эрх хэмжээнээсээ хэтэрсэн зүйл хийх ёсгүй, мэдэхгүй юмаа бүү хийж бай. Монгол улсаа бодох хэрэгтэй. Орос, буриад нарын үгийг сохроор битгий дага… Элбэгдоржийн юу хэлснийг сохроор дагаж, юм болгонд түүнд итгэж болохгүй”[vi] хэмээн төрийн хашир хүний хувьд сургамжилсан байна. Данзан асуудал хүндэрснийг мэдээд хуралд ирэхээ больчихсон ба энэ үед Ринчинод элсэгдсэн Чойбалсан хурлыг завсарлах санал гаргангуут эсрэг этгээдээ хөнөөхийн аданд хөтлөгдсөн Ринчино шууд дэмжсэнээр барахгүй “Бидэнд бас урьдчилан хэлэлцэх зүйл байна” хэмээн ам алдсаныг хурлын протоколд тэмдэглэн үлдээжээ. Ринчиногоос илтгэсэн нь:

Намайг Данзангийн эсрэг өдөөхийн тулд Эвлэлтэй үг нэгссэн мэтээр Цэрэндорж зэмлэх янзтай байна. Энэ бол худал үг. Данзан манай намаас урвасан ба задлан буталж төрийн ажлыг унагаах замд шилжин орсон… Та бүхэн Данзанг дагаж ард түмний гамшиг, үндэсний гутамшиг сүйрлийн хар там руу орох уу, эсвэл зүүнийг эрхэмлэн эрх чөлөө, үнэнхүү ардын эрхт ёсны гэгээн тунгалаг нар өөд замнах уу гэдэг хоёрын нэгийг сонгох ёстой… Хэрэв Та бүхэн Данзанг дагавал Монгол орон Хятадын хойноос орно гэсэн үг.. Монголын ард түмний үйл хэрэг мөхөх болно! Данзан бол хулгайч, урвагч. Данзан засгийн эрхэнд байгаа цагт манай улс хэзээ ч амар тайван байхгүй нь илт байна. Тэгэхээр энэ хулгайчийг устгах хэрэгтэй…[vii]

Хэрэв хурлын протоколд үнэмших юм бол Ринчиног ингэж хэлэнгүүт хуралдагсад уриа цуурайтуулан нижгэнэтэл алга ташсан аж. Ринчиногийн хамсаатан Дамбадорж яг энэ агшинг тааруулан “Жанжин Данзанг барихыг Элбэгдоржид даалгах хэрэгтэй” гэснээр Данзан хууль эрхийн хувьд Ринчиногийн гарт бүрэн оржээ. Ердөө 24 цагийн дотор Данзанг баривчлан Баваасангийн хамт Шар хадны өвөрт аваачин буудаж хороолоо. Баваасанг Сундуйжав хэмээгч буудсан ба Данзанг Дамбадаржаа гэгч цааш харуулжээ[viii]. Харин их хурлын гишүүдэд хэрхэн гүйцэтгэсэн ба ямар учраас чингэсэн болохыг Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгч Васильеваас их хуралд төлөөлөгчдөд тайлбарласан нь:

Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засч залруулж дэг журмыг сахиуллаа. Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун. Та нар их зөв юм хийлээ… Олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог удаа хааяа тохиолддог юм. Та нарын хийсэн энэ үйл хэрэг Монгол-СССР хоёрын холбоо хэлхээг бэхжүүлэхэд дөхөм болж ач тусаа үзүүлэх болно хэмээн би бодном[ix].

Ийнхүү цаашид коммунист түүхч болон үзэл сурталч нарын дотроос нь хачин хачин дүгнэлт, таамаглал, мэргэн үг байнга “олж тогтоосоор” ирсэн түүхэн их хурал амжилттай өндөрлөжээ. Намын III их хурлаар Монгол орны цаашдын хөгжлийн чиг хандлагыг сонгосон мэтээр дүгнэгдэх нь нэн түгээмэл явж ирсэн ойлголт. Данзанг дагасан бол хөрөнгөтний замаар орох байсан боловч Дамбадоржийг (Ринчино гэхээ больё л доо!) дагаснаар капиталист бус хөгжлийн замаар орсон гэдэг дүгнэлт ч дэндүү гоомой үзэл бодол. Үнэндээ өөр ямар ч сонголт хийх боломж монголчуудад байсангүй. Яагаад гэвэл сонголтыг монголчууд хийгээгүй. Нөгөөтээгүүр түүхийг “тэгсэн бол тэгэх байсан” гэж үздэггүй, нэгэнт л “тэгээд” өнгөрсөн болохоор түүнээс болж юу болов гэж л дүгнэдэг. МАН-ын III их хурлын дүнд Монгол орон дэлхийн коммунист ертөнцийн салшгүй нэг хэсэг л болсон хэрэг. Данзангийн оронд Дамбадорж очиж, төр улсыг Ринчино тэргүүлсэн хэвээр. Хурал дөнгөж дуусахын алдад Коминтерноос Турар Рыскулов суурин төлөөлөгчөөр томилогдон ирлээ. Ийнхүү Ринчино-Рыскуловын хооронд эрх мэдлийн төлөөх түүхэн тулалдаан эхэлсэн ажгуу.

МХЗЭ-ээр Түшмэдийн намын бүлгийг шахуулж, МАН-ын III их хурлаар бүрэн дуусгаж авав. Гол толгойлогч нь болох Данзан, Сүхбаатар нар хорвоогоос оджээ. Ийнхүү 1920 онл байгуулагдсан Монгол ардын намын бүрэлдэхүүнд багтах Түшмэдийн нам улс төрийн тавцангаас үүрд арчигдсанаар үнэн хэрэгтээ МАН хэмээх улс төрийн хүчин байхгүй болсон юм. Ингээд 1925 онд хуралдсан МАХН-ын IV их хурлаас шинээр эвсэлдэн буй болсон улс төрийн хүчнээ Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) гэж нэрлэхээр шийдэв. Энэ нь 1920 онд Ардын ба Түшмэдийн бүлэглэлийнхний байгуулсан улс төрийн намаас нэрийн хувьд ч, зорилго зорилтын хувьд ч, бүрэлдэхүүний хувьд ч тэс өмнөө улс төрийн хүчин байлаа. Магадгүй МАН-ыг МАХН болгон нэрийг нь хувиргасан нь МХЗЭ-ийн нэрнээс “хувьсгалт” гэсэн үгийг зориуд авч суулгасан, түүхийн даажин хийсэн ч байж болох юм.


Данзан нар 1921 онд Москвад хэлэлцээ хийхдээ хил давж суурьшсан буриадуудыг монголын харьяат болгохыг гуйж байсан ба үүнээс цааш шаргуу шалсаар 1924 оны есдүгээр сарын 5-нд ГЯЯ-ны сайд Амар, Монголд суугаа Зөвлөлтийн Бүрэн эрхт Элчин төлөөлөгч Васильев нар гарын үсэг зурсан хэлэлцээрээр хил давж ирж суурьшсан 4 000 өрхийн 15 800 буриад иргэнийг Монголын харьяат болгов. Түүгээр барахгүй Ижил мөрний халимагуудад онцгой анхаарал тавин, өлсгөлөнгийн үед тэдэнд 15 мянган лан мөнгө, 4 190 алтан рублийн тусламж олгосон ба 1924-1925 онд халимагуудыг Монголд нүүлгэх тухай Халимагийн төлөөлөгчтэй ярилцан СССР улсын Засгийн газарт хүсэлт гаргаж байлаа[x]. Мөн Барга, Өвөр Монголд буй болсон үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжин Баргын 44, Өвөр Монголын 50 хүнийг Улаанбаатарт сургав[xi].

“Зүүнтэн”, “баруунтан” гэж хэн нь юугаа хэлээд байгаа, тэр нь үзэл бодлын ямар ялгаатай зэрэг нь логикоор огт ойлгогддоггүй, гол төлөв биесээ буруутгахад хэрэглэдэг яллах нэр томьёо байлаа. Анх Шумяцкий өөрийнхөө ойлголтоор Ардын намынхныг дотор нь ангилж Бодоог “зүүний”, Данзанг “барууны” гэж тодорхойлжээ. Улс төр судлалд тодорхой утга агуулга илэрхийлдэг энэ нэр томьёо ХХ зууны Монголын хувьсгалын түүхийн турш үл ойлгогдох зүйл болж, тухайлбал 1924 онд “зүүнтэн”-ий толгойлогч гэгдэж байсан Дамбадорж 4 жилийн дараа “баруунтан”-ы толгойлогч болчих жишээтэй. Хүмүүс хоорондын хувийн харилцаа, эрх мэдлийн төлөөх тэмцэл, түүнд тулгуурласан улс төрийн яллагаа, энэ нь даамжирсаар коммунист түүх судлалын хэрэглэгдэхүүн, итгэл үнэмшил болон өргөжиж байсан бололтой.

Данзан алагдсаны дараа МАН-ы эсрэг оросуудын байгуулсан Бошгыг халагч залуучууд арай ухаан орон Ноёдын намтай эвсэн Засгийн эрхэнд гарчээ. Энэ нам 1928 он хүртэл тогтсон юм. Эд үндэсний үзэлтнүүдийн цуглуулга болчиж, яагаад ч улс орондоо большевик өөрчлөлт хийхгүй юм байна гэсэн дүгнэлтэд Коминтерн ба СССР- большевикууд ойлгосон учир тэднийг төрийн эргэлтээр унагав. Ийнхүү 1920 оноос гадаадын түрэмгийллийг эсэргүүцэн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө нэгдсэн улс төрийн гурван хүчин түүхийн хуудаснаас эгнэгт арчигдан, төлөөлөгчид нь “түүхийн хогд” шидэгдсэн. Ингээд оросууд дараагийн улс төрийн хүчин - намыг шинээр байгуулсан нь Худонская фракция. Энэ шинэ нам Монголд 1928 - 1932 онд төр барьж байсан. Эдний эрх 1932 оны ард түмний эсэргүүцэл, иргэний дайнаар дуусгавар болсон. Сталины шууд санаачлагаар тэр онд Монголд дараагийн цоо шинэ улс төрийн хүчин – бас нэг шинэ нам байгуулагдав. Ийнхүү:

1920.6.25-д Данзангийн гэрт байгуулагдсан Монгол ардын нам

1921.3.1-нд Троицкосавсагт байгуулагдсан МНРП (Монгольская Народно-Революционная Партия) – Монгол ардын намын орос нэр нь

1921.8.25-нд байгуулагдсан Бошгыг халах залуучуудын эвлэл

1924.8 дугаар сард байгуулагдсан Хөрөнгөтний бус замын Монгол ардын нам

1927 онд байгуулагдсан Худонская фракция нам

1932 онд Сталины байгуулсан Зүүний нугалааны эсрэг улс төрийн хүчин

Эдгээр улс төрийн хүчнүүд нь гадны санаачлага зохион байгуулалтаар бий болсон, зорилго, тунхаг, үйл ажиллагаа, хандлага чиглэл зэргээрээ хоорондоо огт төсгүй тухайн цаг үе болгондоо шинээр байгуулагдсан улс төрийн хүчнүүд байсан юм.

Харин 1990.5.20-д Монгол улсын Дээд шүүхэд бүртгүүлэн Монгол улсын нутаг дэвсгэрт Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий Монгол ардын хувьсгалт нам нь гадны оролцоогүйгээр монголчууд өөрснөө бий болгосон улс төрийн шинэ хүчин билээ.

[i] Бадрах, О. Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай тэмцлийн туршлага (Улаанбаатар 1932) х 48-51 [Badrakh, U. An experience of the party`s fight against Rightiist opportunism]

[ii] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, III (УБ 1969) х-204 [History of the Mongolian People`s Republc, vol. III]

[iii] Рощин, С. К. Политическая история Монголии (1921-1940) Москва ИВ РАН 1999 ст-84 [Roshchin, S.K.Political history of Mongolia (1921-1940) Moscow IV RAS 1999] pp-84

[iv] Rupen, Robert. A. How Mongolia is Really Ruted; A Political History of the Mongolian People’s Republic 1900-1978 (Hoover Institution Press, Stanford 1979) pp-42

[v] Батсайхан, О. Элбэгдорж намайг зайдалж байна (Ил товчоо сонин 1995) Улсын төв архив [Batsaikhan, O. “Elbegdorj using me”]

[vi] Батсайхан, О. Элбэгдорж намайг зайдалж байна (Ил товчоо сонин 1995)[Batsaikhan, O. “Elbegdorj using me”]

[vii] МАХН-ын III их хурал (Улаанбаатар 1966) [Third congress of the MPRP]

[viii] Даш, Д. Солийн Данзан (Улаанбаатар 1990) х-40-43 [Dash, D. Soliin Danzan]

[ix]МАХН-ын III их хурал (Улаанбаатар 1966) [Third congress of the MPRP]

[x] Өлзийбаатар, Д. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлийн шалтгаан, сургамж (Диссертацийн ажил 1996) [Ulziibaatar, D. Why the Political Repression Happened in Mongolia and What We Can Learn From It]

[xi] Өлзийбаатар, Д. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлийн шалтгаан, сургамж (Диссертацийн ажил 1996) [Ulziibaatar, D. Why the Political Repression Happened in Mongolia and What We Can Learn From It]