Саяхан монголчууд Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөрийг санан дурслаа.

Намрын адаг сарын 22-ны өдөр Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар Сүмж-засумын орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргэн 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутивд залран ирсэн хэмээдэг.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр" хэмээн Бурханы шашинт орнуудад өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ. 

Хүмүүн биднийг энэрэлт хүмүүн болгон өсгөсөн эхийначийг зөвхөн энэ өдөр дурсах бус, бүх насаараа л дурсах нь зүйтэй. Бүх сургуулиад дээр “Эхийн ач” гэсэн сэдвээр сурагчдын дунд зохион бичлэг явуулж шалгаруулах нь зүйтэй. Эхийгээ хайрладаг хүмүүс бусдыг хайрлаж чаддаг юм.

Монголчууд эрт дээр үеэс Эхийн ачийг хариулсан дүйчин өдрийг өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг ажээ.

Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.

Эцэг эхийнхээ ачийг хариулахын үлгэрийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн билээ. Зургаан зүйл амьтны төрлөөс хүний төрлийг олно гэдэг үлгэрлэвээс, зүүний үзүүрийг дээш хандуулаад дээрээс нь юнгар будааг цацваас зүүний үзүүрт тогтсон юнгар төдий машид ховор юм. Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өргөвөөс нэг удаа л босож хөхүүлсэн ачийг хариулна гэж монголчууд хэлдэг. Эцэг эхийн ачийг хариулах шиг бэрх зүйл ертөнцөд үгүй билээ. Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олоод олон шавь нартаа дээдийн номыг зааж байх нэгэн цагт эхийнхээ ачийг санан хаана буйг болгоовоос гучин гурван тэнгэрийн оронд байсанд гучин гурван тэнгэрийн оронд морилон дөчин тав хоног хайлан хурж нийт гурван сар тэнгэрүүдэд ном номлож эхийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын хорин хоёронд олон тэнгэр нараар үдүүлэн Замбуутивд эргэн залран ирсэн түүхтэй.

Бурхан багшийг тэнгэрийн оронд морилох болсон тэр цагт Замбуутивд үлдсэн шавь нар нь хагацаж ядан Сүгжаннямбуу хаан тэргүүтэй олон шавь нарын зүгээс адис жинлавт Бурханы нэгэн хөрөг дүрийг үлдээхийг айлтгасанд тэнгэрийн дархан Бүшүгарма бээр Бурхан багшийн усанд туссан дүрийг харан зандан модоор Бурхан багш лугаа адил нэгэн Лагшин шүтээнийг бүтээн үйлдсэн гэдэг. Тэрхүү адис жинлав ихт Лагшин дүр нь одоо Зандан Зуу хэмээн алдаршсан Бурхан багшийн дүр мөн билээ. Энэ үеэс эхлэн Бурханы дүр хөргийг бүтээн тахих ёс дэлгэрсэн байдаг. Бурхан багшийн эхийн ачийг хариулаад тэнгэрээс бууж ирсэн ариун дагшин газар одоо хүртэл эртний Энэтхэг оронд байдаг ажээ. 

Ээж, аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол хэмжээлшгүй ачийг нь санаж, хилэнц нүглийг тэвчин, бусдад туслах тэргүүтэй ариун буяныг аль чадахаараа хичээн үйлдэх билээ.

Эгэл хүмүүн бид өглөө сэрээд ахуй ертанцийнаахар шаахар зүйлийг бодох бус,эхийн ач болон боди сэтгэлийг бодох нь зөв болов уу. Далай багш маань өдөр бүр өглөө эрт 04 цагт сэрээд боди сэтгэлийг бясалгадаг гэнэ лээ. Эгэл сүсэгтэн хүн ч гэсэн өглөө эрт босоод боди сэтгэлийг бясалгах хэрэгтэй. Эхийн ачийг бясалгах хэрэгтэй. Эхийн ачийг бясалгаад улмаар Хамаг амьтны тусын тулд Боди сэтгэлийг бясалгах хэрэгтэй. Боди сэтгэл гэдэг нь гэгээрсэн сэтгэл, баатарлаг сэтгэл гэсэн утгатай үг юм. Энгийн хүмүүс боди сэтгэл гэхлээр энэ бол сул дорой сэтгэл хэмээн төөрөлдөж боди сэтгэлийг дорд үзээдбайдаг юм.

Буддын сударт “ Орчлонд эхлэл байхгүй тул миний төрөлд ч эхлэл байхгүй бөгөөд нэгэн төрлөөс нөгөө төрөлд дамжсаар орчлонд төрөөгүй гэх газар байхгүй, төрснийг нь тоолж баршгүй, ийм тийм амьтны биеийг аваагүй гэх зүйл нэг ч байхгүй, авсан нь тоолж баршгүй, энэ амьтан миний эх болоогүй гэх нэг ч байхгүй, болсон нь тоолж баршгүй, бүх амьтан хүний төрөл дээр миний эх болоогүй гэх нэг нь ч байхгүй, одоо ч гэсэн болох л болно. Учир иймд бүгд миний ачлан тэтгэсэн эх минь хэмээн бясалгаарай. Миний эх бээр зөвхөн энэ насанд бус, төрөл тэргүүлшгүйгээс тоолшгүй олон удаа миний эх болж байсан билээ. Эх минь энэ насанд эхлээд өчүүхэн намайг умайдаа энхрийлэн асарч, эхээс төрсөн цагт зөөлөн даавуунд өлгийдөж, арван хурууныхаа үзүүрт энхрийлж, биенийхээ илчинд нааж, хайрын мишээлээр өхөөрдөж, баясгалантай нүдээр намайг харж, ариун бусыг гараараа арилган цэвэрлэж, намайг ялимгүй өвдөхөд ихэд санаа нь зовж, өөрийн олсон эд идээ бүгдийг өөрөө ч үл хэрэглэн надад зориулж асардаг. Эх минь элдэв хорлол болон зовлонгоос намайг аварсан тул үлэмж их ачлалтай хэмээн санах хэрэгтэй. Ийнхүү эхийн ачийг санаад ачийг нь хариулах ёсыг бясалгах хэрэгтэй” хэмээн бичсэн байдаг. Энэ бясалгалаа улам гүнзгийрүүлж боди сэтгэлийн үндэс болсон тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэлийг бясалгах хэрэгтэй. 

Иймд эхийн ачаар өсөж Хүмүүн болсон бид бүгд эхийн ачийг бясалгаж улмаар хамаг амьтны тусын тулд буян үйлдэх нь зүйтэй. Амьтан хүртэл үр төлөө хайрладаг. Алсын ширэнгэн ой шугуйдсэлмэн эвэрт үхэр дөнгөж тугалласан нялхтугалаа дайрч довтолсон араатан амьтнаас хамгаалж тулалдаж байдаг шүү дээ. Хэрээ шувуу өтөлсөн эх хэрээ шувуундаа идэх хүнс амандаа зуун ирж өгдөг шүү дээ. Амьтан хүртэл өрөвч сэтгэлтэй байгаа биз дээ.Тэхлээр хүнөрөвч сэтгэлтэй байх нь мэдээж хэрэг юм биш үү. Эхээ хайрладаг хүн эх орноо хайрлаж чадна. Эхээ хайрладаггүй хүн эх орноо ч хайрладаггүй. Эхийн ачийг санах ёс гэж байдаг бол хамгийн чухал нь эхийн ачийг хариулах ёс гэж бас байна.

Буддын сударт: Эхийг их ачтай гэдгийгмэдсэн боловч ачийг нь хариулахыг хүсэхгүй байвал үнэхээр өөдгүй хүн болно. Ядарсан хүнд хоол унд,дээл хувцас өгсөн хүнд тухайн хүн эргээд түүнд хариу тус хүргэдэггүй бол ийм хүнийг “ Тийм хүнд юм өгснөөс нохойд өгсөн нь дээр” гэж үздэг. Хүний ачийг хариулж мэддэггүй хүмүүс бол нисваанисийн адаар сэтгэл нь хорлогдож зөвхөн амин хувиа бодсон хүмүүс байдаг. Ийм учраас эхийн ачийг болон тус болсон хүмүүсийн ачийг хариулах нь чухал буянт үйл юм.Энэрэхүй сэтгэлийг бясалгах гэдэг нь “Зүрхнээс хайртай нялх хөвгүүн нь өвчинд баригдах цагт эхэд нь нялх хүүгээ зовлонгоос салгахыг хүссэн энэрэнгүй сэтгэл хичнээн их төрдөг аваас тэр мэт сэтгэл амьтан бүрт ялгал үгүй төрөх аваас энэрэнгүй сэтгэл төрсний хэмжээ хэмээн мэдэх хэрэгтэй.” хэмээн сударт бичжээБуддын сударт “ Хүн буян үйлдвэл жаргал ирнэ, Нүгэл үйлдвэл зовлон ирнэ. Боди сэтгэл бол Бурханы номын хөрөнгө. Боди сэтгэлээс Бурхан мэндэлнэ” хэмээн бичжээ.

Ламрим сударт: Үйлийн үрийг сайтар ухаар. Амьтныг хөсөр орхиж амийг нь хорлож, эд мөнгө, эхнэрийг нь булааж, худал үг, хов үг, ширүүн үг өгүүлэгч хүн тамд унадаг. Тухайн хүн сайн заяанд төрсөн чнас нь ахар богино, хоосон ядуу, хань ижлээ бусдад булаалгасан, амраг садандаа гологдсон, бусдаас ширүүн үг сонсогч болно. Тусч сэтгэлээр бусдын амийг аварсан, буруу хүслийг цээрлэсэн, өштөнийг эвлэрүүлсэн, эелдэг,үнэн үгийг өгүүлэгч хүн сайн заяанд төрж урт насалж , хүссэн бүхнээ эдэлж, үнэнч нөхдөөр хүрээлүүлж, шударга үгээр олны итгэлийг хүлээж ураг садантайгаа эвтэй амьдарч бусдад магтагдаж жаргах болно” хэмээн бичжээ.

Эдүгээ цагт хүн гэдэг амьтан улам араатан шинжтэй болж, хүнийг үй олноор нь хөнөөх зэвсэг бүтээж, дайн байлдаан хийж, эрдэнэт хүний алтан амийг хороосоор байна.Энэрэнгүй өрөвч сэтгэлтэй хүн эдүгээ цагт улам ховордож байна. Энэрэнгүй өрөвч сэтгэлтэй хүнээ сул дорой хүн хэмээн хүмүүс бусдыг шоолдог болжээ. 

Монголчууд эрт дээр үеэсээ л боди сэтгэлтэй ард түмэн байсан. Шорон гэж байдаггүй байлаа. Бүсгүйчүүд, хүүхдүүдийг шоронд хорьдоггүй байлаа. Хүн амины гэмт хэрэг бараг гардаггүй байлаа. Монгол хүн хүнийг хайрлаад зогсохгүй унаж яваа морио, хотоо манадаг банхар нохойгоо хүртэл хайрладаг байлаа. Хангай дэлхий,ургамал усаа хайрладаг байлаа. Талд ургасан цэцэгсийг тасалдаггүй хайрладаг ард түмэн байлаа. Арван цагаан буяныг үйлдэж арван хар нүглийг цээрлэдэг ард түмэн байлаа. Бурханы сургаалийг дагажБурхан багшийг шүтдэг ард түмэн байлаа. Монгол бүсгүйчүүд их л энэрэнгүй сэтгэлтэй хүмүүс шүү. Бидний ээж,эмээ нар их л энэрэнгүй хүмүүсбайсан даа. Хүүхдийг хүний өөрийн гэлтгүй адилхан л энэрч хайрладаг байсан даа.

Би хэвлүүлсэн ном бүрийнхээ өмнө дараах дөрвөн мөртийг бичдэг бөгөөд энэхүү мөртөөрөө нийтлэлээ жаргаая даа.

Элбэрэлт эх үрээ өсгөж

Энэрэлт Хүмүүн болгодог.

Ачит лам багш шавиа сургаж

Авралт Бурхан болгодог. 

Доржийн  СҮХБААТАР  2025.11.12