Хөвүүдийг эрх хүн болгох сурах бичиг хэвлэгдлээ. Америкийн нэрт яруу найрагч Роберт Блайгийн Төмөр Жон (1990) ном гарснаас хойш 35 жил өнгөрчээ. Өнөөг хүртэл эрчүүдийн сэтгэлзүйн асуудлыг үүн шиг гүн гүнзгий ухаж төнхсөн бүтээл гараагүй л байна. Зохиолч америк эрчүүдийн дотоод хямралыг аав-хүүгийн тасарсан холбооноос хайдаг. Гэхдээ энэ ганц Америкийн асуудал биш. Өнөөгийн хүн төрөлхтөн даяарт хамаатай. Монголд ч эр хүн гэдэг ойлголт сүүлийн зуун жилд үндсээрээ ганхсан. Урьд цагт монголчууд “эр хүн болох” гэж ярьдаг байлаа. Өнөөдөр анхнаасаа л “эр хүн” болоод төрчихсөн аятай ханддаг болж. 

Монгол соёлд хөвүүд насанд хүрэхээрээ хар аяндаа өөрөө “эр хүн” болчихдоггүй. Тэднийг ахмад эрчүүдийн ертөнцөд хүлээн авдаг байлаа. Ан авд дагуулж явах, эмнэг хангал унуулах, нүүдэл хариуцуулах, мал аж ахуйтай нүүр тулах, олон таван үггүй өнгөрөх, хэрэгтэй үед хатуу байж сурах энэ бүхэн хөвүүд насанд хүрэх үйл явц байлаа. Заавал аав нь зааж зааварлаад байх ч албагүй, авга ах, нагац, айлын ахмад эрчүүд гар хөлийнхөө үзүүрт зарах маягаар сургадаг байсан. Монгол эр хүн ингэж бүрэлддэг.

Харин XX зуунд энэ тогтолцоо нурлаа. Нүүдэлчин ахуй суурьшмал амьдралаар солигдож, эрчүүд бэлчээрт бус үйлдвэр, оффист даргын сүүдэрт ажиллах эхлэв. Хөвүүн аавтайгаа мөр зэрэгцэх боломжгүй, гэртээ бараа нь харагддаггүй аавын “дүртэй” өсөх болов. Өглөө эрт гараад орой ядарч ирдэг, дуу цөөн, уур ихтэй, эсвэл бүр байхгүй аав бол Төмөр Жон номд дүрсэлсэн америк аавтай тун адилхан монгол дүр. Америк, монгол хөвүүдийн хэн хэн нь амьдрал дээр үнэндээ үлгэр авах “эцэггүй” өсөж байна.

Робэрт Блай ах дүү Гриммийн цоморлигт багтдаг Төмөр Жон (Iron John буюу Зэрлэг Хүн) үлгэрийг суурь болгон ашиглаж, орчин үеийн эрчүүдийн сэтгэлзүйн хямрал, эр хүний хувьд өсөж торних замнал, дотоод хүчийг нь хэрхэн сэргээх тухай өгүүлсэн буй. Товчхондоо хөвүүдээр яажшуухан “эр хүн” хийх тухай. Ном 62 долоо хоног New York Times-ийн бестселлер жагсаалтын тэргүүлж, мифопоэтик эрчүүдийн хөдөлгөөний (mythopoetic men's movement) үндэс болсон юм. Зохиолч бээр К.Юнгийн сэтгэл судлал, домог зүй, яруу найргийг хослуулан эрчүүдийг “зөөлөн атлаа гутранги” байдлаас гаргах замыг харуулна.

Удахгүй худалдаанд

Ном найман бүлэгтэй бөгөөд Гриммийн үлгэрийн үйл явдлыг алхам алхмаар тайлбарлан, эр хүний өсөж томрох найман үе шатыг дүрслэнэ. Үлгэрт хан хүү Зэрлэг хүнтэй (Төмөр Жон) учран, түүний жолоодлогоор нас биед хүрч, жинхэнэ эр хүн болдог. Р.Блай номдоо олон домог, Юнг, Герегийн сонгодог философи, Африк, Энэтхэгийн “эр хүн” болгох ёсллыг жишээ болгожээ. Р.Блай эмэгтэйчүүдийг хүчирхэг байхыг дэмжиж, эрчүүдийг илүү гүнзгий, хүнлэг болгохыг зорьсон ажээ. Энэ ном эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч хэрэгтэй, эрчүүдийг ойлгоход илүү тустай. Хэрэв та эр хүний сэтгэлзүй, домог зүй сонирхдог бол заавал уншаарай! Төмөр Жон бол эр хүн болж төлөвших замдаа гацсан, эсвэл хүүгээ эр хүн болгох үүрэгтэй, эсбөгөөс эрчүүдийн дотоод ертөнцийг ойлгохыг хүсдэг хэн бүхний унших ёстой ном.

Монголчууд хөвүүдээ хүмүүжүүлэх гэж хоёр туйлд савлаж байна. Нэг хэсэг нь гудамжинд өссөн хуучин маягийн “хүнд гар”, нөгөө нь орон зайгаа ч хамгаалж чаддаггүй, буруутай мэт амьдардаг “боловсон эр”. Харин Р.Блай “Эр хүн гэдэг бол өөрөө бий болчихдог дүр биш. Түүнийг нийгэм, ахмад эрчүүд, ёслол, хүлээн зөвшөөрөлт бүтээдэг” гэдэг санааг бидэнд тодорхой хэлнэ. 

Хэрвээ бид монгол эр хүний тухай ярья гэвэл “архидалт”, “гэр бүл салалт”, “эрчүүдийн насжилт” гэх статистикээс өмнө Төмөр Жонд өгүүлэх ёслол, алга болсон ахмад эрийн үүрэг, хал үзээгүй эрчүүдийн дотоод ертөнцийн тухай ярилцах ёстой. Монгол эр хүн гэдэг бол зэрлэг хүчээ таньсан, хал үзсэн, ахмаддаа хүлээн зөвшөөрөгдсөн, залуудаа үүрэг хүлээлгэж чаддаг хүн. Энэ гинж тасарчихвал цагт нийгэм бүхэлдээ сул дорой болдог.

Нэпко хэвлэлийн газар