МОНГОЛ-ЯПОНЫ ХАРИЛЦАА 1990-1998
Монгол Улсын хувьд Япон Улстай харилцах харилцаа онцгой ач холбогдолтой. Энэ утгаараа 1990 оноос хойших Японтой Монголд найдвартай түншээр элссэн үеийг дурсах нь зүйтэй болов уу.
Монгол орон даяарчлал ба бүсчлэлийн завсарт
Монгол Улсад 1996 оны 6-р сарын 20-нд тус орны парламент болох Улсын Их Хурлын сонгууль явагдав.1 Сөрөг хүчин магадгүй сонгуульд ялна гэж найдаж байсан байж болох ч ийм хэмжээний амжилтанд хүрнэ гэж огт бодоогүй нь лавтай. Сонгуульд хамтран орсон Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН), Монголын Социал-Демократ Нам (МСДН)-ын эвсэл үнэмлэхүй олонхийн санал авчээ. Эвсэл байгуулсан нь ч зөв болохоо харуулж, 1921 оноос энэ мөчийг хүртэл засгийн эрхийг завсарлагагүй барьсан Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) ялагдал хүлээж ихэд цочирдов. Сөрөг хүчний залуу намууд хашир сууж тушлагажсанаа нотлон харууллаа. Тэдний улс төрд суралцах үйл явцад Герман болон АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлсэн нь Азийн зарим ажиглагчдад ер таалагдсангүй. Зарим нь Монгол Улс “даяарчлагчид” (globalizer)-ын овоо хараанд өртөөд байгаа тухай ярьж эхэлсэн юм.
Ерөнхий сайд Т. Фукуда: Та нар тавьж буй шаардлагаа багасага. Тэгвэл манай тал тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүллээ.
Дэлхийн 2-р дайнд Япон улс бууж өгснөөс хойш хорин долоон жил өнгөрсөн хойно Ардын Их Хурал 1972 оны 2-р сарын 11-нд шийдвэр гаргаж Японтой дайны байдлаа цуцалснаа мэдэгдэж байлаа. Үүнээс хэдхэн хоногийн дараа 2-р сарын 24-нд Монгол улс, Алс Дорнодын Эзэн хаант улс хоёр бие биетэйгээ дипломат харилцаа тогтоов. Японтой дипломат харилцаа тогтоохоор бэлтгэж байхдаа Монголын Засгийн газар Дэлхийн дайнаар учруулсан хохирлоо нөхөн төлөхийг Токиогоос хэд хэдэн удаа шаарджээ. Японы тал үүнийг өөрөөр үзэж байсан аж. Тэдний хувьд Япон Улс Монголтой аль ч үед дайны байдалтай байгаагүй, тийм болохоор “нөхөн төлбөр”-ийн тухай яриа байхгүй гэж үзэж байсан юм. Гэхдээ Токио “эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд” Монгол Улсад тодорхой хэмжээний мөнгө төлж болох юм гэдгээ ойлгуулжээ. Тэгэхэд нь Монгол улсын Элчин сайд Японы Засгийн газарт ноот бичиг гардуулж, түүнийхээ хавсралтанд Монгол Улсын Засгийн газар “эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд” бариулахаар Японд санал болгож буй арван таван үйлдвэр, обьектийн нэрийг жагсаасан байв. БНМАУ-ын Элчин сайд С. Дамбадаржаа, Японы Ерөнхий сайд Т. Фукуда нарын хооронд болсон нэгэн ярилцлагын үеэр Фукуда, “Та нар тавьж буй шаардлагаа багасга. Тэгвэл манай тал тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүллээ”2 гэж эрс хэлжээ. Үүгээрээ Фукуда Япон Улс мөнгө өгөхөд зарчмын хувьд бэлэн байгаа, харин юу хийхээ Монголын талаар огт заалгахгүй гэдгээ тов тод илэрхийлсэн хэрэг юм. Эцэст нь 1974 оны 8-р сард Японы Гадаад Харилцааны яамны Азийн товчооны дарга Такашимаг Улаанбаатарт ирэх үеэр Японоор гурван үйлдвэр бариулахаар тохиролцсон байна.
Дараачаар нь хоёр тал бие биетэйгээ тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагаагаа түргэн сэргээх нийтлэг сонирхолтой байгаагаа тунхаглав. Хүйтэн дайны нөхцөлд энэ нь Москваг зүгээр хараад суух аргагүй болгосон байж таарна. Москва Монгол дахь аюулгүй байдлын эрх ашгаа хөндөгдөж байна гэж үзсэн учир монголчуудад ЭЗХТЗ-ийн орнуудтай тогтоосон эдийн засгийн харилцаандаа илүү анхаарахыг “зөвлөжээ”. Үнэн чанартаа тэр үед Японтой тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх бодит нөхцөл бараг бүрдээгүй байсан юм. Монголын Хятадтай харилцах харилцаа туйлын муудаад байсан тул тус улсын нутаг дээгүүр бараа материал дамжуулан тээвэрлэх гэдэг ердөө л бүтэшгүй зүйл байв. Зөвлөлт Холбоот Улс хэн бүхний мэдэх шалтгаанаар өөрийн нутаг дээгүүр тээвэр хийлгэхийг төдийлөн зөвшөөрөөд байхгүйг мэдэж цөхөх юмгүй. Цагаан суваргын зэсийн орд газарт геологи-хайгуулын ажил явуулах зэрэг Монгол-Японы хамтран бодож төлөвлөсөн төслүүд энэ мэтээс болж бүр бэлтгэлийн шатандаа л зогсоход хүрчээ.
Зөвлөлт–Хятадын болон Монгол–Хятадын харилцаа хэвийн болсны зэрэгцээ ЗХУ, Монгол хоёрт явагдсан өөрчлөн байгуулалт (перестройка)-аар үүссэн шинэ орчин л Монгол–Японы харилцаанд зарчмын хувьсал хийх угтвар нөхцлийг бүрдүүлсэн билээ. Энэ нь 1990 оны 9-р сард Монгол улсын парламентийн сонгууль болж, тус оронд улс төрийн шилжилтийн үйл явц эхэлсний дараа асар хурдацтайгаар явгдах болсон юм. Монгол, Япон хоёр улсын өндөр болон дээд түвшний улс төрчдийн уулзалтууд ойр ойрхон болдог боллоо. БНМАУ-ын Ерөнхийлөгч П. Очирбат (МАХН) 1990 оны 11-р сард Эзэн хаан Акихитог хаан ширээнд нь залах ёслолд оролцохдоо мөнхүү завшааныг ашиглан Ерөнхий сайд Т. Кайфутай төлөвлөгөөнөөс гадуур уулзан ярилцсан байна. 1991 оны 3-р сард БНМАУ-ын Гадаад Харилцааны сайд Ц. Гомбосүрэн Японд очжээ. Дараахан нь 1991 оны 8-р сард Японы Ерөнхий сайд Т. Кайфу Монголд албан ёсны айлчлал хийв. 1993 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхий сайд П. Жасрай (МАХН) Японд албан ёсоор зочилжээ. 1994 онд Улсын Их Хурлын дарга (Монгол Улсын) Н. Багабанди Японд айлчиллаа.
Монгол-Японы дээд түвшний уулзалтууд ер бусын эрчимтэй явагдсаныг хялбархнаа тайлбарлаж болно. Дорнод Европт төрийн социализм нуран унаж, тэр тусмаа ЗСБНХУ татан буугдсан явдал бараг л “унтаад босохын хооронд” Монголын гадаад худалдааны 95 орчим хувь гэнэт зогсоход хүргэжээ. Энэ үеийг хүртэл Монголын дотоод зах зээл үлэмж хэмжээнд зөвхөн эдгээр орноос импортолсон бүтээгдэхүүнээр хангагдаж байсан учраас одоо хүн амын хангамжийн байдал ноцтойгоор муудах аюул нүүрлэв. Үүн дээр нэмээд тус орны үйлдвэрүүдэд Зөвлөлтийн техник, технологи давамгайлж байсны үр дагавар сүйрэлд хүргэсэн юм. Оросоос нийлүүлдэг сэлбэг хэрэгсэл тасарсны уршгаар үйлдвэрлэл зогсож, цалин хөлс тавигдахаа болин, ажилгүйдэл бий болжээ. Дотоод улс төрийн байдал юу юугүй хурцдаад ирэв. МАХН-ын байгуулсан Засгийн газар гадаад бодлогын практик үйл ажиллагаандаа гадаад харилцаа, нэн ялангуяа эдийн засгийн гадаад харилцаагаа хурдхан өргөн хүрээнд тэлж өргөжүүлэхийг хичээж байв.
Япон улс Монголтой тогтоосон харилцаагаа өндөр хурдацтайгаар эрчимжүүлсэн төдийгүй, энэхүү харилцааны чанар, үр ашигт эхнээс нь л санаа тавьсан Өрнөдийн анхны улс болоход хэд хэдэн дорвитой шалтгаан үйлчилсэн. Зөвлөлтийн нөлөө алга болсон нь байгалийн асар их баялгаасаа болж хэдийнээс Японы ашиг сонирхлын солбицолд оршсоор ирсэн Монголд хүчний хоосон орон зай үлдээв. Япон Улс одоо өөрт аятай цаг ирлээ гэж үзжээ. Японы Гадаад Харилцааны сайд С. Уно бүр 1989 оны 5-р сарын 6-8-ны хооронд Монголд айлчлахдаа л “Япон улс нь газар дорхи баялагаар хомс боловч техник, хөрөнгөөр сайтай орон юм. Үүнийг Монголын газар дорхи баялагтай хослуулан, манай хоёр улс хамтран, харилцан ашигтай ажиллавал сайн үр дүнд хүрч Япон, Монголын худалдаа эрс өснө гэж би бодож байна.”3 гэж хоёргүй утгаар мэдэгдсэнийг үүнээс өөрөөр хэрхэн ойлгох билээ дээ?
Проф. И. Хироно: “25 жилийн дараа Монгол Улс Японы хөгжлийн түвшинд хүрнэ.”
Ийнхүү Японы Гадаад Харилцааны яам, мити болон Сангийн яамны мэргэжилтнүүд Монголыг аль болох түргэн, аль болох урт хугацаагаар Японтой холбох боломж олгох арга хэмжээг бодож төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг эхэлсэн аж.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д. Содномын Японд хийсэн “албан ёсны найрсаг айлчлал” (1990.02.27-03.01) үүнд улс төрийн талаар замыг нь засч өглөө. Уг айлчлалд зориулан гаргасан Монгол-Японы хамтарсан хэвлэлийн мэдэгдэл юуны өмнө улс төрийн хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн шинжтэй байсан ч хоёр улсын Засгийн газар эдийн засгийн харилцааг эн тэргүүнд чухалчилсан нь анзаарагдахгүй байхын аргагүй байв. Японы Ерөнхий сайд Т. Кайфу Монголын Дархан хотод хар төмөрлөгийн үйлдвэр бариулах зорилгоор худалдааны батламж гаргаж өгнө гэдгээ ил гарган тавьжээ. Үүнээс гадна тэрээр Японы буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд бэлтгэх зорилгоор мэргэжилтний багийг Монголд илгээх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Энэхүү төрийн айлчлалын үеэр хоёр талын худалдааг өсгөхөд шийдвэрлэх түлхэц өгнө гэх найдлага төрүүлэхүйц худалдааны нэгэн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
1990 оны 8-р сарын 13-16-ныг хүртэлх хугацаанд Гадаад Харилцааны яамны зөвлөх, нэрт эдийн засагч С. Окитагаар толгойлуулсан Японы мэргэжилтний баг Монголд иржээ. Мэргэжилтнүүд Сайд нарын Зөвлөлийн дарга Ш. Гунгаадорж, Гадаад Харилцааны сайд С. Гомбосүрэн нартай уулзан ярилцахдаа ирээдүйн эдийн засгийн хамтын ажиллагааны хамрах хүрээг тодорхойлов. Түрүүчийн Сайд нарын Зөвлөлийн дарга Д. Содном ч гэсэн Японд айлчилж байх үедээ Японы Эдийн Засгийн Холбоодын Эвсэл (Keizai Dantai Rengokai)-ийн Ерөнхийлөгчтэй энэ тухай зөвлөлдөж байсан аж. Бүхий л яриа хэлэлцээрт Монголын ашигт малтмалыг олборлох чиглэлээр явуулах хэтийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байв. Гэхдээ хоёр талын аль аль нь ингэхийн тулд Монголд урьдаар дэд бүтцийг зохих ёсоор хөгжүүлэх шаардлагатайг иш үндэс болгож байсан юм. Мэргэжилтний баг урьдчилсан судалгааны ажлууддаа түрүүнд нь Азийн Хөгжлийн Банк (ADB) болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)4 байгууллагудын хийсэн анхдагч санал дүгнэлтүүдийг ашиглаж чадсан байна.
Япон улс хийхээр зэхэж буй дэд бүтцийн өөрчлөлтөнд Монголын удирдлагын сэтгэл санааг бэлтгэж эхэллээ. Японы Менежерүүдийн холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Японы Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх И. Хироно Улаанбаатарт хүрэлцэн ирж зах зээлийн эдийн засгийн тухай цуврал лекц уншсан бөгөд тэдгээрийн бичмэл эх монгол хэлээр хэвлэгдэн гарчээ.5 Өөрчлөлт шинэчлэл хийхэд хүндрэл гарах нь тодорхой болоод байгаатай холбогдуулан зах зээлийн эдийн засагт аль болохоор хурдан шилжихийг И. Хироно монголчуудад зөвлөв.6 Тэрээр хэд хэдэн удаа Монголын олон нийтэд хандан тус орны хэтийн ирээдүйн талаар санаа бодлоо илэрхийлж, Монгол улс ойрын арван жилд Тайланд, Индонез, Малайзийн, арван таван жилд Хонгконг, Сингапур, Тайванийн, эцэст нь хорин таван жилийн дараа Японы хөгжлийн түвшинд хүрнэ гэж байлаа.7 Энэ мэтийн таамаг дүгнэлтүүд хожмоо Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол орон ойрын хугацаанд Азийн “бар”-уудын нэг болох тухай ярихад хүргэсэн юм. Түүний өөрийнх нь бодлоор Монголыг цааш нь аваад явчих замыг ч бас Хироно монголчуудад зааж өгсөн аж. Тэрээр “монгол хүний оюун ухаан, монгол сэтгэлгээг өндөр технологитой холбох”-ыг мөнөөх замынхаа “гарцаагүй гол онцлог” гэж нэрлээд, “Монгол сэтгэлгээг хэзээ ч орхигдуулж болохгүй. Япончууд хэдхэн жилийн өмнө ‘япон сэтгэлгээ, өрнөдийн техник’ гэж ярьдаг байсан бол өдгөө ‘япон сэтгэлгээ, япон технологи’ гэж ярьдаг болсон”8 хэмээн мэдэгдсэн байдаг. Хироногийн эл байр суурь япончуудын дараа дараачийн мэдэгдэл (statements)-үүдэд нэг бус удаа багагүй үүрэг гүйцэтгэх учиртай байжээ. Монгол сэтгэлгээ, монгол ухаан гэх мэтийн ойлголтууд Японы буцаан азижуулах концепцүүдэд чухал үүрэг рольтой байсаар ирэв. Монголчууд Зөвлөлт Холбоот Улстай улс төрийн нэг эвсэлд байх үедээ сэтгэлгээ нь яггүй европжоод авсан гэдгийг тэд ухаарч байсан хэрэг. 1990 оноос хойш монгол үндэсний ухамсар сэргэсэн, мөн өөрсдийн соёлыг ямар нэг хэмжээгээр цэврээр нь авч үлдэх гэсэн үзэл монголчуудын дунд дэлгэрээд байсан зэрэг нь Монголын уламжлалт оюуны соёлын элементүүдийг буцаан идэвхжүүлж болох ёстой гэсэн итгэл төрүүлээд байв. Тэдгээрийг буцаан идэвхжүүлнэ гэдэг нь монголчуудыг даруй Азийн хөрсөнд нь эргүүлэн авчирна гэсэнтэй агаар нэгэн юм. Японы судлаачид өөрсдийн урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлье гэвэл монголчуудыг мөн л, юуны өмнө оюун санааны хувьд Ази руу нь буцаан авчрах хэрэгтэй, зөвхөн ингэж чадсан цагт л мөнөөх зорилтууд нь хэрэгжинэ гэдгийг сайтар ойлгож байлаа. Тийм учраас Японы тал анхнаасаа монголчуудын боловсрол хийгээд соёлын солилцоог, өөрөөр хэлбэл боловсролыг соёлын талын зүйлсийг нэвтрүүлэхтэй нягт холбохыг онцгойд үзэн тэргүүн зэрэгт тавьж байв. Тухайлбал, 1990 оны 4-р сарын 1-нээс 1991 оны 3-р сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэх Япон-Монголын соёлын ажлын төлөвлөгөөнд юуны түрүүнд
- Эрдэмтэд солилцох,
- Монгол оюутнуудыг Японд сургах
- Япон хэл заах болон Монгол дахь Япон судлалыг хөхүүлэн дэмжихэд
зохих ач холбогдол өгсөн нь санамсаргүй хэрэг биш юм.
Япон улс одоо давын өмнө Монголын “боловсон хүчний дархны газар”-уудад нөлөөтэй болохыг оролдох боллоо. СасакаваСангийн Ерөнхийлөгч Э. Сасакава Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Удирдлагын Хөгжлийн Институтэд 1,0 сая ам. долларын шууд тусламж үзүүлжээ.
1990 оны эхээр Монголд парламентийн сонгууль явагдаж, улс төрийн шинэчлэлийн эхийг тавьсан нь хоёр талын харилцааны хөгжлийн залгамж чанарт огтхон ч эргэлзээ төрүүлсэнгүй. МАХН Японтой тогтоосон харилцааг үргэлжлүүлэн эрчимжүүлэх амин сонирхолтой байлаа. Тэгээд ч Япон нь энэ үед Монголтой хамтран ажиллахдаа тус оронд өрнөсөн ардчиллын үйл явцыг зөвхөн үгээр дэмжих төдийгөөр хязгаарладаггүй гадаадын цорын ганц хүчин болоод байсан юм. МАХН-ын удирдлагын нүдэнд Японы эдийн засгийн тусламж дотоод улс төрийн байдлыг тогтворжуулах төдийгүй өөрсдийнх нь эрх мэдлийг хадгалан үлдээж чадах чухал хүчин зүйл болон харагдсан байж таарна.
1990 оны 10-р сард Токио хотноо Монгол-Японы Эдийн засгийн комиссын 4-р хуралдаан болоход хоёр талын дарга С. Баярбаатар, С. Тозаки нар урьдчилан явуулсан төлөвлөлт-судалгааны асар их ажилд тулгуурлан хамтын ажиллагааны гол гол талбар хийгээд эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэн тэлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг товлон хуралдааны протоколд тусгахад бэлэн болоод байлаа.
Ш. Риотаро: "Монгол бол дэлхийн нэг буланд орхигдсон улс биш ээ."
Монгол, Японы Засгийн газрууд улс төрийн хүсэл эрмэлзлийг хамтын ажиллагааны тодорхой хэлбэрт оруулах сонирхолтой байсныг хоёр талын явуулж ирсэн үйл ажиллагаа нотлон харуулдаг. Хоёр талын идэвхтэй үйл ажиллагааныхаа хажуугаар Япон улс Их долоогийн 1990, 1991 онуудын уулзалтын үеэр тэрхүү уулзалтын баримт бичгүүдэд Монголын ардчилал, шинэчлэлийн үйл явцыг дэмжиж буйгаа тууштай илэрхийлсэн заалт оруулахын төлөө ихээхэн чармайлт гаргав.
Япон орон Монголд хүчтэйхэн үйл ажиллагаа явуулах урьд өмнө нь хэзээ ч байгаагүй тийм тааламжтай нөхцөл бий болоод байгааг Японы судлаачид олж харжээ. Улс төрийн өөрчлөлт энэ хооронд Хятадын нөлөөг ч тодорхой хэмжээнд хязгаарлав. МАХН 20-р Их хурлаасаа өөрийгөө улс төрийн чиг зорилгын хувьд “социалист үзэл санааг ... баримтлагч ардын ардчилсан нам” хэмээн тодорхойллоо.9 Мөрийн хөтөлбөрийн шинжтэй энэхүү хувьсал МАХН, Хятадын Коммунист Нам хоорондох “ах дүү намуудын” харилцааг эргэлзээнд оруулсан нь Бээжингийн хувьд тийм ч түргэн шуурхай хариулт өгчих асуудал биш юм. Үүнээс гадна тус нам үндсэрхэх хөдөлгөөний зорилгуудыг дэмжсэнээрулс төрийн шинэчлэлийн үйл явцыг хяналтандаа байлгахыг оролдож байсан билээ (тухайлбал, Чингис хааныг шүтэн дээдлэх болсон, уйгуржин–монгол бичгийг буцаан дэлгэрүүлсэн г. м.). МАХН марксизмаас ухарч, Монголын уламжлалт гүн ухаанаас үүдэлтэй Төв үзэл гэдгийг “үзэл суртал”-ынхаа шинэ баримтлал болгон дээдэлсэн юм. МАХН-ын өдөр тутмын Үнэн сонин Төв үзлийн тухай сургаалийн мөн чанарыг “Төв үзэл гэдэг бол Азийн, тэр тусмаа нүүдлийн соёл иргэншилтэй монголын ард түмний олон мянган жилийн түүхээр бүтээгдэн хөгжиж ирсэн нийгмийн сэтгэлгээний томоохон ололт билээ.”10 хэмээн тодорхойлжээ. Энэ үзэл баримтлал нь Японы стратегичдийн Монголын тухайд бодож явдаг буцаан азижуулах концепцид нь чухамхүү таарч байсан аж.11
Гадаад бодлогын хувьд тааламжтай орчин нөхцөл бүрдсэн, МАХН-ын Засгийн газар Монгол дахь шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэн гүнзгийрүүлж байгаа, ирээдүйн хамтын ажиллагааны концепчилсэн бэлтгэл ажил өндөр түвшинд хийгдсэн зэрэг нь хоёр талын дээд хэмжээний уулзалт хийлгэж, түүгээр хамтын ажиллагааны тодорхой хэлбэрүүдийг тогтоох чиглэлээр зохих гэрээ хэлэлцээр байгуулах шаардлагатай болсныг харуулав. Тийм учраас Ерөнхий сайд Т. Кайфу Гадаад Харилцааны сайд Т. Накаямагийнхаа хамтаар 1991 оны 8-р сарын 13-14-ний өдрүүдэд Монголд албан ёсны айлчлал хийв.
7-р сарын сүүлчээр, өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Т. Кайфуг Монголд айлчлахын өмнөхөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бейкер Монголд иржээ. Монголд байх хугацаандаа Бейкер Их долоогийн уулзалтаар Монгол дахь ардчиллын үйл явцыг дэмжих тухайд үг хэлээ ололцсон хэмээн баттайяа мэдэгдэв. Санаачлага уул нь Японоос гарсан гэдгийг Төрийн нарийн бичиг дурдахаа мартаж орхисон аж.12 Японы Гадаад Харилцааны яам үүнд нь, “Төрийн нарийн бичгийн дарга бусдын бөхийн өмсгөлийг өмсөж барилдлаа”13 гэсэн үгээр хариу барив. Кайфу Монгол Улсын шинэ Ерөнхий сайдад Японы гаргасан санаачлагын талаар дэлгэрэнгүй мэдээлээд, Япон Улс “Монголд олон улсын зүгээс тусалж дэмжих механизмыг бүрдүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх”14 эрмэлзэлтэй байгааг онцлон тэмдэглэжээ. Үүнийхээ дагуу Япон Улс Монголд хандивлагч улс, байгууллагуудын Бага хурлыг мөн оныхоо 9-р сар гэхэд Токио хотноо зарлан хуралдуулахаар болсон байна. Кайфугийн үгээр бол тус Бага хурал Монгол Улс “валютын хүндрэлтэй” байгааг бодолцож санхүүгийн шууд тусламж үзүүлэх тухай шийдвэр гаргах учиртай ажээ. Тэрээр бас Монгол Улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах, дэд бүтцийн өөрчлөлт хийх тодорхой арга хэмжээнүүдийг эхлүүлэх зорилгоор Японы Засгийн газар 2 тэрбум йенийн буцалтгүй, төслөөс ангид шууд тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.
Хоёр тал холбооны салбар, тэрчилэн ашигт малтмал олборлох, боловсруулах болон төмөр замын салбарыг ойрын хугацаанд хамтран ажиллах гол чиглэл хэмээн тодорхойлов. Ингээд “Хиймэл дагуулын холбоог хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд зориулан Японы зүгээс 948 сая йенийн шууд тусламж олгох тухай ноот бичигт тэд гарын үсэг зурсан юм. Түүнчилэн Япон Улс шинэ хууль тогтоомж боловсруулан гаргахад нь монголчуудад туслуулах, визийн журмыг хөнгөвчлөх, мөн хоёр жилийн хугацаатайгаар 100 сая ам. долларын худалдааны батламж гаргаж өгөх үүднээс татвар, гааль, эдийн засгийн салбарын хуульчдыг илгээх үүргийг хүлээжээ. Хоёр тал хамтран гаргасан хэвлэлийн мэдэгдэлдээ Дэлхийн 2-р дайны тухай ганц ч үг цухуйлгахгүйгээр “10. Хоёр тал олзонд байсан болон тэднээс нас барсан япон хүмүүсийн холбогдолтой асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцэв. Нас барагсдын цогцос, эд юмсын үлдэгдлийг эргүүлж авах, оршуулсан газрыг тохижуулж, эргэхэд дэмжлэг үзүүлэх, олзлогдогсдын нэрсийн жагсаалт болон оршуулгын газрын тухай нэмэгдэл мэдээлэл авах талаар Японы Засгмйн газраас тавьсан хүсэлтийг хүлээн авч, цаашид тал бүрийн дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд Д. Бямбасүрэн мэдэгдэв.”15хэмээн тунхагласан байна. Нэгэн хүлээн авалтын үеэрт Кайфу хэлсэн үгэндээ “Аугаа их түүхтэй, уудам дэлгэр байгальтай танай оронд хэзээ нэг цагт ирэхийг би дээр үеэс мөрөөдөж ирсэн. Миний хүндэтгэдэг, Японы нэрт зохиолч, Монгол орны талаар гүнзгий мэдлэгтэй Шиба Рёотаро “Монгол бол дэлхийн нэг буланд орхигдсон улс биш ээ. Монгол хүний сэтгэл зүрхийг мартахгүй байсан цагт дэлхий дахины хүндэтгэлийг хүлээсээр байх болно” гэсэн захидлыг айлчлалын өмнөхөн надад ирүүлсэн” гэжээ.16 Ерөнхий сайд Кайфугийн Монголд хийсэн албан ёсны айлчлал асар их ач холбогдолтой болсон юм. Уг айлчлал Монголд үзүүлэх Японы тусламжийн арга хэмжээнүүдийг эхлүүлж, хамтын ажиллагааны хамрах хүрээ, хэв маягийг тогтоосон байна. Японы Ёмиури Шимбун сонин 8-р сарын 14-ний дугаартаа, “Монголоос холдож хөндийрсөн ЗХУ-аас хойш түүнийг орлож, Монголыг хүнд хэцүү байдлаас нь гаргах Японоос өөр хэн ч байхгүй”17 хэмээн бичиж байв.
Монголд хандивлагч улс, байгууллагуудын Бага хурал 1991 оны 9-р сарын 5-нд Токио хотод ажлаа эхэллээ. Тус Бага хуралд Япон, АНУ, Австрали, Герман, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Сингапур улсууд болон Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчид оролцож, Хятад, Бруней, Франц, Итали, Нидерланд, Их Британи, Европын Холбоо хийгээд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр өөр өөрсдийн ажиглагчдыг илгээжээ. Оролцогсод Дэлхийн Банкны хийсэн судалгаанд тулгуурлан дараах гурван үндсэн асуудлыг авч хэлэлцэхэд анхаарлаа төвлөрүүлсэн байна. Үүнд:
1. Монголын эдийн засгийн бэрхшээл аль хэр гүнзгийрснийг үнэлэх, тус улсын нэн тулгамдсан бэрхшээлийг давахад туслах санхүүгийн нөөц бололцоо эрж хайх.
2. одоо байгаа эдийн засгийн бүтцийн зохион байгуулалтыг бэхжүүлэх, өөрчлөх, шинэ бүтцийг бий болгоход техникийн тусламжийн программ дэвшүүлэх, НҮБ-ын хөгжлийн программын дэмжлэгтэйгээр зохион байгуулах, макро-эдийн засгийн удирдлагыг хангах үүрэг бүхий байгууллагуудад тусламж үзүүлэх.
3. Монголын удирдлагын болон доноруудын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг нэгтгэн зохицуулах механизм бий болгох.18
Бага хурлыг хожмоо институтжүүлсэн бөгөөд 1997 онд түүнд Кувейт, Малайз, Орос улсууд элсэн орлоо. Spiritus rector болох Токиогийн хувьд тус Бага хурал онцгой ач холбогдолтой болсон юм. Япон Улс хамгийн чухал хандивлагч, Монголд туслах бүхий л арга хэмжээний зохицуулагчаар тодорсны зэрэгцээ Монголын тухайд төлөвлөлт, судалгаа хийх “дархан эрх”-ийг олж авчээ.
Хоёр тал мөн 1991 ондоо багтаж эрдэмтдийн түвшинд “Зүүн Хойд Азийн нөхцөл байдал ба түүнд өгөх үнэлгээ”-тэй холбогдох цогц асуудлын талаар мэдээллийн чанартай уулзалт ярилцлагууд зохиож, түүнээ удаан хугацаанд үргэлжлүүлэв.19 НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр-өөс Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжлийн чиглэлээр гаргасан санаачилгууд эдгээр ярилцлагат хүч нэмэрлэсэн юм. Монгол Улс Оросын Владивостокоос Находка хүртэлх, Приморь хязгаарын өмнөд хэсгээс төв хэсгийг нь хүртэлх, Хойд Солонгосын Хамгионг Пүкто мужийн умард хэсэг, мөн БНХАУ-ын Жилин мужийн Солонгосын Өөртөө засах тойргийн эдийн засгийн бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн Түмэн голын төсөл-д оролцоход бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түмэн голын төсөл бол Монгол Улсын хувьд асар их ач холбогдолтой төсөл юм. Тэр нь Дорнод Монголыг дэд бүтцийн хөгжлийн арга хэмжээнүүдээр нь дамжуулан Зүүн Хойд Азийн аварга том бүс нутагтай холбох боломж олгож байгаа билээ. Ингэснээр Дорнод Монголын ашигт малтмалын баялаг ордуудыг олборлох ажил ямартай ч бодитойгоор төсөөлөгдөх хэмжээнд очих юм.20 1991 оныхоо 7-р сард Улаанбаатар хотноо Түмэн голын төсөл-д оролцогчдын хоёрдугаар зөвөлгөөн болов.200
Монгол Улсын улс ардын аж ахуй өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой хүндхэн байдалд ороод байсан тул Япон улс 1993 оны явцад тусламжийн арга хэмжээгээ хүчтэй болголоо. Ерөнхий сайд М. Хосокава 1993 оны 10-р сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 48-р хуралдаан дээр Токиогийн Хандивлагчдын Бага хурлын явцын талаар мэдээлээд, Монголд зориулсан санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн дохиог Монголын Засгийн газарт өгчээ. Японы хэвлэл энэ зуур Токио 1993-1994 онуудад 70 сая ам. долларын зээл, 2 тэрбум йенийн буцалтгүй тусламж Монголд олгох гэж байгаа тухай ярих болов. Тусламжийн мөнгийг юуны өмнө Монголын төмөр замын тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулах аж. Хамгийн түрүүнд төмөр замын салбарт хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн нь санамсаргүй зүйл биш юм. Хоёр орны хооронд ачаа тээвэрлэхэд дөч хоног ордог нь хэвээр асан болохоор хоёр орныг холбосон харилцаа холбоо, зам тээврийг сайжруулах асуудал урьдын адил нийтлэг хамтын ажиллагааны гол цөм байсаар байв. Гэлээ ч гэсэн өмнөхөө бодвол чанарын хувьд цоо шинэ нөхцөл байдал үүсчээ. Оросын нутгаар дамжуулан тээвэрлэх нь зөвхөн Орос болон Европтой хийх худалдаанд л тодорхой үүрэг гүйцэтгэж байсан учир Япон, Монголын хоорондох эдийн засгийн солилцоонд чухал үүрэгтэй тээврийн зам дан ганц Хятадын нутгаар, тэр тусмаа Тянжиний боомтоор дайран өнгөрч байлаа. Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээвэр Монгол улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол-Хятадын хоорондын 1991 оны 8-р сарын 26-ны хэлэлцээрээр эрх зүйн талаасаа ихээхэн баталгаатай болсон юм.
Японы Ерөнхий сайд 1993 оны Токиогийн Хандивлагчдын Бага хурлын үеэр Монгол Улсын шинэ Ерөнхий сайд П. Жасрайд өөрийн оронд албан ёсоор айлчлах урилгыг өгүүлсэн байдаг. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдын төрийн айлчлал 1993 оны 11-р сарын 25-28-ны хооронд болов. Ерөнхий сайд М. Хосокаватай хийсэн хэлэлцээрүүддээ П. Жасрай “ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явдлыг эргэлт буцалтгүйгээр хийх шийдвэр төгс байгаагаа” онцлон тэмдэглээд, “хоёр талын харилцааны хүрээнд ч, олон улсын түвшинд ч тусламж дэмжлэг үзүүлсэн”-д нь Японы Засгийн газарт талархлаа илэрхийлжээ. М. Хосокава “Монголд явагдсан өөрчлөлт, шинэчлэлийн хөгжлийн үр дүнд эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон” хоёр талын харилцаа одоо “шинэ шатанд” гарсан тухай ярьсан байна.22 Энэхүү “шинэ шат” нь эдийн засгийн харилцааг тэргүүн зэрэгт тавьдгаа хадгалахын зэрэгцээ улс төрийн хүрээний хамтын ажиллагааг ч мөн хамарч байв. Хосокава “Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47-р хуралдаан дээр өөрийн газар нутгийг цөмийн зэвсэггүй бүс болгон зарласныг” дэмжсэн бол Ерөнхий сайд П. Жасрай “Япон Улс энх тайвныг сахин хамгаалах, Ази-Номхон далайн бүс нутаг болон дэлхийн тогтвортой байдал, мөн бүс нутгийн улс орон, их гүрнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд улам их хувь нэмэр оруулах болно” хэмээн мэдэгдээд, “Япон Улс мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний үүрэг, хариуцлагыг биелүүлэх боломж бий” гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хосокава “олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлж буй итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй байж, өөрчлөгдөн шинэчлэгдсэн НҮБ-ын хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа зохистойгоор ашиглахад” Япон Улс бэлэн байгааг тунхагласан байна.23 Хэдхэн жилийн өмнө гэхэд л иймэрхүү мэдэгдэл хийнэ гэдэг ухаан санаанд багтамгүй зүйл байв. Монгол, Япон хоёр улс бие биеэ олон улсын хэмжээнд хамтран ажиллагч түншээ хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Ерөнхий сайдууд яриа хэлцлүүдийнхээ төгсгөлд Монголын төмөр замын ачааллыг сайжруулах зорилго бүхий “Төмөр замын тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хөтөлбөр” төсөлд зориулан йенийн зээл олгох, Монголын эдийн засгийн бүтцийг сайжруулахыг дэмжих зорилгоор төслөөс ангид буцалтгүй тусламж үзүүлэх, Монгол Улсын Гадаад Хэлний Дээд Сургуулийн лингафоны кабинетуудыг тоног төхөөрөмжөөр хангахад зориулан соёлын буцалтгүй тусламж үзүүлэх тухай ноот бичиг”-т гарын үсэг зурав.24
Айлчлалын үеэр Монгол Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн сайд Ц. Цогт, Японы Гадаад Хэргийн Яамны орлогч сайд Б. Хате нар “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулжээ. Өмнө нь Япон руу шугамын нислэг үйлдэж байсан Монголын МИАТ компани одоо Улаанбаатар-Осакагийн чиглэлд долоо хоногт хоёр удаа нисч байхаар уг хэлэлцээрт тусгасан байна. Энэхүү хэлэлцээр хоёр орны хоорондын зорчигч тээврийг ойрын хугацаанд ихээхэн нэмэгдүүлэх учиртай байв.
Японоос Монголд жуулчлалаар болон албан ажлаар ирэгсдийн тоо
1992 | 1995 | 1996 | 1997 | 1998 |
3.000 | 9.000 | ? | 10.000 | ? |
Монголын эдийн засгийг урт хугацаагаар тогтворжуулахад гадаадын хөрөнгө оруулалт онцгой ач холбогдолтой гэдгийг маш сайн ухаардаг Ерөнхий сайд П. Жасрай Японы эдийн засгийн хүрээнийхнийг Монголд татан оруулах гэж илт чармайж байлаа. Японы Ажил Олгогчдын Холбоод (Nihon Keieisha Dantai Renmei), Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Токиогийн Банк, Эдийн Засгийн Холбоодын Нэгдэл (Keidanrein)-ийн төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагуудаасаа тэрээр “Ярилцлагад оролцсон Японы талын эдийн засгийн байгууллага, пүүс компанийн удирдах хүмүүс, бизнес эрхлэгчид, японы хувийн хэвшлийнхэн зах зээлийн шилжилтийн бэрхшээлийг даван туулахад нь Монгол улсад туслалцаа үзүүлж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, санал бодлоо ярилаа.”25 гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн юм. Гэвч сэтгэгдэл, бодит байдал хоёр алд дэлэм зайтай ажээ. Япончуудын үзэж буйгаар хөрөнгийн хамгаалалт зэрэгтэй холбоотой Монголын эдийн засгийн хууль тогтоомжууд урьдын адил учир дутагдалтай байсны дээр Монголын зарим түншийн итгэл найдварын тухайд үнэхээр ярих юм байхгүй байсан бололтой.
Монгол-Японы харилцаа 1990-1994 оны хооронд асар их эрч хүчтэй өрнөсөн юм. Монголд ч, Японд ч Засгийн газрын бүрэлдэхүүн нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж, Япон Улс Монголд суух Элчин сайдаа гурван удаа сольсон ч26 уг харилцаа гүнзгийрэн хөгжсөөр иржээ. Дараахан нь болсон хоёр орны дээд хэмжээний уулзалт эдийн засгийн болоод улс төрийн хамтын ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд түлхэц өгсөн билээ. Хожмоо Япон Улсаас Монголд суух Элчин сайдаар ирсэн Ш. Кубота энэ тухайд “Японы Засгийн газрын зүгээс юуны өмнө хөгжлийн өгөөж өндөр, яаралтай үр ашгаа өгөх эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах үүднээс төслийн бус тусламжийг 1991-1994 онд барааны иенийн хөнгөлөлттэй зээлийг 1991-1992 онд хэрэгжүүлсэн болно. Эдгээр тусламжийн үрээр үйлдвэр, дэд бүтцийн салбарын үйл ажиллахгаанд шаардагдах сэлбэг хэрэгсэл, материал зэргийг худалдан авснаар нааштай үр дүн гарсан ... Харин тусламжийн үндсэн зорилго нь эдийн засгийн хувьд бие даахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байв. Үүнийг Монголын Засгийн газар ч ойлгох болж, 1994 оны арван нэгдүгээр сард болсон Монголд хандивлагч орнуудын дөрөв дэхь удаагийн уулзалт дээр дунд, урт хугацааны төслийн тухай яригдах болсон юм. Японы Засгийн газар эдийн засгийн талаар бие даахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд дунд, урт хугацааны хамтын ажиллагаа явуулахыг чухалчлах чиглэлийг урьд өмнөөс баримталж ирсэн. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн гол салбарын талаар санал нэгдсэний үндсэн дээр Японы тусламж нь үр ашигтай болно гэсэн бодлого баримталж байв”27 гэжээ.
Проф. Онуки:Өмнө нь ЗХУ-аас авч байснаа одоо өрнөдийнхнөөс аваад болчихно гэж тэд боддог бололтой.
Япон улсын монголчуудад үзүүлсэн асар их хэмжээний тусламжийг бодохул Монголын хүн амын дунд Япон орон хийгээд түүний хүмүүсийн тухайд аятай сэтгэгдэл төрсөн байх учиртай билээ. Гэвч байдал яг эсрэгээрээ эргэсэн мэт. Монголын улс төрчид баярласан талархсанаа ам дүүрэн илэрхийлж байвч бусад нь төдий л хөдөлсөнгүй. Зөвлөлтийнхний зүгээс хэдэн арван жилийн турш Японыг зориудаар дайсан болгон дүрсэлж, Монголын ашигт малтмалд шунан эзлэн авах гэж байгаа мэтээр хичээнгүйлэн сурталдсан нь далдхан үйлилсэн хэвээр байлаа. “Япон” гэхээр 1939 онд Халх голд болсон тулалдаан, 1945 онд Квантуны армийн эсрэг хийсэн Монгол-Зөвлөлтийн аян дайн урьдын адил ихэнх монголчуудын сэтгэлд бараг л аяндаа орж ирдэг. Гайхалтай нь гэвэл, цэргийн эл хоёр ажиллагаа хоёулаа үндсэндээ Монголын газар нутаг дээр болоогүй аж (Халх голын тулалдаан Манжго улстай залгаа хил дээр 60 км өргөн зурваст явагдсан бөгөөд хилийн шугамыг аль ч цаг үед нарийн тогтоогоогүй юм). Бүр 30-аад оны, Япон улс Монголын “хувьсгалын эсэргүү хөдөлгөөн”-ийг зэвсэглэн удирдах гэж байна гэсэн суртал нэвтрүүлэг монголчуудын далд ухамсарт тодорхой үүрэг гүйцэтгэсээр байдаг. Байдал ийм байхад Японы монголч эрдэмтэн проф. Онуки Монголын хэвлэлд, “Өмнө нь ЗХУ-аас авч байснаа одоо өрнөдийнхнөөс аваад болчихно гэж тэд боддог бололтой. Энэ бол чонын амнаас гараад барын аманд орж байгаатай л ижил юм”28 гэж бичсэн бөгөөд япон хүний амнаас иймэрхүү үг гарах нь тун тааламжгүй нөлөө үзүүлсэн юм. Тийм ч учраас Монголын архивын талаар гаргууд сайн мэддэг Японы түүхч Х. Футаки нэгэнтээ “Үнэнийг хэлэхэд хоёр орны харилцааны талаар монголчуудын маань дунд хуучнаараа сэтгээд байгаа хүмүүс цөөнгүй байх шиг санагддаг. Тухайлбал, Японоос үзүүлж буй эдийн засгийн тусламжийг хардаж сэрдэх тал байдаг шүү дээ. Япон 1939 оны эзлэн түрэмгийлэх бодлогоо өөр хэлбэрээр явуулж байна гэх өнгө аяс ч цухалзаж байдгаас би ингэж хэлж байгаа юм”29 гэсэн нь үндэсгүй зүйл биш.
Японы Гадаад Хэргийн яамны Аюулгүй байдлын хэлтсийн дарга С. Таруй ч гэсэн Футакитай адилхан бодолтой болсон хүн юм. Түүнийг 1995 оны 6-р сарын эхээр Улаанбаатарт ирэхэд нь Монгол улсын төр засгийн Ардын эрх сонины сурвалжлагч “Зах зээлд шилжиж байгаа Монгол Улсад хамгийн их тусламж дэмжлэг үзүүлж буй орны нэг бол Япон улс. Харин энэ нь Японы гео-улс төрийн бодлого буюу ‘Танака меморандумын’ шинэ хэлбэр юм гэх яриа мэр сэр гардаг. Энэ бол зөвхөн зарим нэг хүний үзэл бодол юм. Үүнд Та ямар хариу өгөх вэ?” гэж асуужээ. Ингэж асууна гэж ер бодоогүй Таруй “Би өөрөө япон хүн боловч ийм баримт бичиг, төлөвлөгөө байдаг тухай сайн мэдэхгүй юм. ГХЯ-ны Хятад, Монголын асуудал эрхэлсэн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ч энэ тухай сонсоогүй. Монголд үзүүлж байгаа тусламж, ямар нэгэн тактикийн, гео улс төрийн бодлого бус манай ард түмэн, Засгийн газрын чин сэтгэлийн сайн санааны илрэл гэдгийг л хэлмээр байна. Бидний тусламжийг ингэж үздэг хүн байгааг мэдвэл япончууд үнэхээр гайхах болов уу. Харин ямар ч үзэл бодолтой хүн санаагаа чөлөөтэй илэрхийлдэг болсон нь Монголын нийгмийн амьдралд гарсан том дэвшил гэдгийг энэ дашрамд онцолж хэлмээр байна.”30 хэмээн хариулсан байдаг.
Тэгэхээр энэ үеийг хүртэл Монголд баримталсаар ирсэн түүхийн ойлголт төсөөллийг засч залруулах сонирхол Япон Улсад байх ёстой гэдэг нь улам бүр харагдах боллоо. К. Танака, Х. Футаки зэрэг Японы түүхчид Монголын түүхчидтэй уулзан ярилцахыг хичээж эхэлсэн агаад тухайлбал тэд 1994 онд Улаанбаатарт болсон нэгэн симпозиум дээр Халх голын тулалдааны талаар хийсэн судалгааныхаа дүнг танилцуулжээ.31 Энэ салбарт япончуудын хийж буй ажил одоо ч унтраагүй байна. 1998 оны 4-р сард Монгол, Японы цэргийн түүхчид Халх голын тулалдааныг хамтдаа судлахаар харилцан тохиров.
Элчин сайд Ш. Кубота 1999 оны 1-р сарын сүүлчээр Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Холбооны тэргүүлэгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр 30-аад оны Сталины харгислалд хэлмэгдсэн монголчуудын намтрыг судлахад материалаг болон оюун санааны тусламж үзүүлэхэд Засгийн газар нь бэлэн байгааг мэдэгдэв. Японы ийнхүү туслах гэсний шалтгаан тун ойлгомжтой. Учир нь гэвэл, тэр үед эдгээр хүмүүсийн 80 хувийг Зөвлөлтийнхөн Японы тагнуул хэмээн буруутгаж, эцэст нь цаазлан хороосон юм.32
Монголчуудын түүхийн ойлголт төсөөллийг залруулахыг хичээхийн зэрэгцээ Япон орон хоёр улсын иргэдийн хооронд хувийн хэлхээ холбо тогтоох явдлыг дэмжихэд ихээхэн хүчин чармайлт гаргав. 1995 онд Монголын хэвлэлээр Японы хувь хүмүүс хийгээд орон нутгийн байгууллагуудаас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн тухай мэдээнүүд тогтмол гардаг байлаа.
Гэлээ ч гэсэн хоёр талын хамтын ажиллагааны дотоод эрч хүч суларсан мэт. Төлөвлөсөн олон ажлын хэрэгжүүлэлт ихээхэн удааширч байв. Япон улс үзүүлж буй зээл, тусламжийг үр ашигтай зарцуулахыг монгол түншүүдээсээ арга буюу шахаж шаардах нь олширсоор байлаа. Монголын зарим дарга нар япончуудтай холбоо тогтосноор хэзээ ч ширгэшгүй мөнгөний ундрагатай боллоо гэж боддог болсон нь илт. Мөнгө элс рүү хийсэн ус шиг алга болж байвч ийм хэмжээний ашиг гарлаа гэх юм мэдэгдсэнгүй. Төслийн үндэслэл болгож Монгол Улсын Засгийн газраас санал болгосон концепцүүд төдийлөн сайн бодож боловсруулаагүй байх нь олонтаа тохиолддог байв. Монгол Улсын Засгийн газар ёс суртахууны хувьд ялзарсан улс орныг удирдах тийшээ улам бүр явж байлаа. Тэд нийгмийг бүү хэл улс орноо хөгжүүлчих өөрийн гэсэн бодол төсөөлөл бараг үгүй, гадаадын зөвлөгч нарын саналыг үг дуугүй хүлээн авахыг л урьтал болгож байх шиг. Монгол, Японы пүүс компаниуд хоорондын хамтын ажиллагаа ч тийм шулуун дардан явсангүй. Япончуудтай хамтран ажиллаж байсан аж ахуйн нэгжүүд амалснаа биелүүлэхдээ тааруу, гэрээний сахилга бат нь туйлын учир дутагдалтай болохоо харуулсаар байв.
Сайд нарын Зөвлөлийн дарга асан, Монгол-Японы харилцааг дэмжих (Түншийн холбоо) нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албыг нилээд удаан хугацаагаар хашсан гавьяатай Д. Содном нөхцөл байдал цаашид хүлцэн тэвчихийн аргагүй болсны улмаас Засгийн газартаа хандаж сэтгэлгээгээ өөрчлөхийг анхааруулаад, тодорхой саналууд дэвшүүлжээ. Үүнд: “1. Япон улс Монголд түр хугацаанд л зээл тусламж үзүүлнэ. Бид ч үргэлж зээл авч, тусламжаар амьдрахгүй. Иймээс хоёр талд харилцан ашигтай, аль алины ашиг сонирхолд нийцсэн хамтын ажиллагааны оновчтой төсөл-арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй юм. “Уудам тал”, “Цав”, “Нүүрсний уурхайнуудыг хөгжүүлж, нүүрсийг зохистой ашиглах”, “Мах, сүүний зарим үйлдвэрийн техникийг шинэчлэх” зэрэг одоо хийж байгаа төслүүдийн зэрэгцээ үйлдвэрлэлийн болон дэд салбарын шинэ шинэ төслүүд, түүний техник, эдийн засгийн үндэслэлийг зохих стандартын хэмжээнд боловсруулах шаардлагатай ... Өндөр үр ашигтай, зах зээлтэй нь баталгаатай үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой объектийн төсөл байсан цагт л хамтран ажиллах, хөрөнгө оруулах түнш олох бололцоо гарна. 2. Хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг өргөтгөхөд Монголын хөдөө аж ахуй, өнгөт болон ховор металл, нүүрс, газрын тос зэрэг байгалийн баялаг ашиглах уурхай, үйлдвэрүүд, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн хоёр орны хооронд агаарын тээврийг өргөтгөх төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх нь ирээдүйтэй бөгөөд ОХУ, БНХАУ-аар дамжуулан төмөр замаар ачаа тээвэрлэх үр ашигтай арга хэлбэр олох нь чухал. 3. Японы хувийн хөрөнгийг ашигтай хэлбэрээр Монголд оруулах, үүний тулд Монгол, Японы ажил хэрэгч хүмүүсийн хоорондын харилцаа холбоог өргөтгөх, Монголд хөрөнгө оруулах сонирхлыг дээшлүүлэхэд чиглэсэн Монголын татварын тухай, гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон бусад хууль журмыг сурталчлах нь зүйтэй. 4. Монголд хөрөнгө оруулахын тулд гадаадын аливаа хөрөнгө оруулагч анхаарч бодолцох олон зүйл бий. Монголын улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, Монголын холбогдох хууль журмаас гадна хамтран ажиллах түнш компанийн хөдөлмөрийн зохион байгуулалт, тэнд ажиллагсдын сахилга, зохион байгуулалт онцгой анхаарагдана гэдгийг сайн бодох учиртай. 5. Хоёр орны иргэдийн хооронд харилцан итгэлцэл өдрөөс өдөрт бэхжиж, ажил хэрэгч хүмүүс тохирсон зүйл, авсан амлалт үүргээ ягштал биелүүлдэг байх явдал эцсийн эцэст шийдвэрлэх ач холбогдолтой. Боловсрол, соёлын болон олон нийтийн байгууллагын шугамаар харилцааг улам өргөтгөх нь мөн чухал юм. Монголд болон Япон улсад хоёр орны харилцаанд дэмжлэг үзүүлэх зорилготой олон нийтийн байгууллага, нийгэмлэгүүд байгуулагджээ”33 гэсэн байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа зарим талаар зогсонги байдалд орж, хувийн хэвшлийн салбарт тэртэй тэргүй доод түвшинд хөгжөөд байхад улс төрийн хамтын ажиллагааны тухайд хэд хэдэн шинэ талбарыг буй болгов. Тухайлбал, 1995 оны 2-р сард Монгол улсын Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ш. Жадамбаа Японд айлчилжээ. Айлчлалын зорилго нь Японы өөрийгөө хамгаалах хүчний үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааны боломжийн талаар санал бодлоо солилцоход оршиж байв. Мөн цэргийн түүхийн хамтарсан судалгааг нэмэгдүүлэх, Монголын армийн боловсон хүчнийг сургахад туслах, Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл тогтмол солилцож байхаар тохирчээ.34
Хоёр талын сүүлийн үеийн хамтын ажиллагаанаас үүдэн гарсан эгзэгтэй нөхцөл байдал Японы гадаад хэргийн яам үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөх тухай яриа гарахад хүргэсэн болов уу. Японы Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Ерөнхий захирал Х. Хирабаяши “монголчууд өөрийнхөө хүчээр эдийн засгаа өөд татна”35 гэдэгт найдаж байгаагаа Монголын хэвлэлд илэрхийлжээ. Гэвч 1995 оны 10-р сард Японы Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Буцалтгүй тусламжийн хэлтсийн дарга Н. Окуда Японы тусламж цаашдаа нэмэгдэх төлөвтэй байгааг дуулгав. Өмнөх хамтын ажиллагаанаас ялгагдах гол ялгаа нь гэвэл Япон улс одоо эхний ээлжинд Монголын экспортыг тогтворжуулах, нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд болон урт хугацааны төслүүдийг эрчим хүч, тээвэр, мөн хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах, боловсролын салбарт хэрэгжүүлэхээр болсонд оршиж байгаа аж. Окуда “Ганц Монголыг сонирхсондоо тусалж байгаа юм биш” гэсэн их л утга учиртай гарчгийн доор өгсөн нэгэн ярилцлагатаа “Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахын төлөө манай Засгийн газраас их анхаарч байна. Энэ хүрээнд Монголд тусалж байгаа юм. Энэ бүс нутгийг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг япон хүн бүс нутагтаа саадгүй хийх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө зорьж байгаа”36 хэмээн онцолсон байдаг.
1996 оны 1-р сарын эхээр болсон Монгол-Японы Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хорооны VI хуралдаан дээр Японы төлөөлөгчид Монголын талд “Японы эдийн засагт зарим хүндрэл байгаа ч гэсэн Монголд туслах, зээл олгох ажлаа цаашид боломжийн хэрээр үргэлжлүүлнэ. Харин Монголын тал зээл тусламжийн ашиглалтыг сайжруулахын хамт тэдгээрийг авах тодорхой төсөл боловсруулж Монгол дахь Японы Элчин сайдын яам, Үндэсний хөгжлийн газартаа сайн ойлгуулж дэмжлэг авсан байх нь чухал... Төсөл нь танайд аль болох илүү өгөөжтэй томоохон төсөл байвал зохино.”37 гэж зөвлөжээ. Гэхдээ Японы тал урт хугацааны төслүүдэд зөвшөөрөл олгохдоо эдгээрийг зөвхөн улсын үйлдвэрүүдэд хэрэгжүүлэх болзол тавив. Японы талтай зөвшилцөхгүйгээр энэхүү үйлдвэрүүдийг хувьчлахгүй байхыг ч мөн шаардсан байна. Үүнийхээ зэрэгцээ Япон Улс төслөөс ангид тусламжийн ашиглалт муу байгаа, мөн ийм тусламжийн дүнд үүссэн орлогуудаас бүрдсэн тусгай санг одоо болтол байгуулаагүйд шүүмжлэлтэй хандаж байв. 1996 оны 5-р сарын 28-нд Японы JICA байгууллагын Монгол дахь төлөөлөгч Х. Чихара, Эрчим хүч, Геологи, Уул Уурхайн яамны Эрчим хүчний Газрын дарга Б. Пүрэвжав нар Улаанбаатар хотын IV Цахилгаан станцыг сэргээн засварлах тухай гэрээ, протоколд гарын үсэг зуржээ.
Кимура Аяко: Гагцхүү монгол хүнийг өөрийнх нь үндэсний ухаан, ёс заншилтай, ертөнцийн гүн ухаантай болгочихвол дэлхийд хосгүй сайн ганц орон болно гэж би баттай хэлж чадна.
1996 оны 6-р сарын 20-нд явагдсан Улсын Их Хурлын сонгууль Монгол дахь улс төрийн нөхцөл байдлыг өөрчилж, МҮАН, МСДН-ын төлөөлөлтэйгээр байгуулагдсан Ардчилсан Холбоо Эвсэл шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэв. Засгийн эрхийг шилжүүлэн авсны дараа төрийн бүх гол албадыг МАХН-ын төлөөллөөс захиргаадлын аргаар чөлөөлжээ. Энэ арга хэмжээний улс төрийн логикийг ойлгож болох авч хэтдээ явуургүй болох нь харагдсан юм. Үүнээс болж төрийн албадын ур чадвар ихээхэн алдагдахад хүрсэн билээ. Хуучин сөрөг хүчний намууд суларсан орон тоон дээр өндөр мэдлэг, туршлага бүхий боловсон хүчнүүдийг тавихад өөрсдийнх нь боловсон хүчний нөөц бараг хүрэлцэхгүй гэдгийг огт олж харсангүй. МАХН-ын гишүүд ойртон нягтарч эхлэв. Төрийн албан хаагчдыг ийнхүү толгой дараалан өөрчилсөн явдал эцсийн бүлэгт намыг шинэчлэхийг шаардаж, түүнд шахалт үзүүлэх нь улам хүчтэй болсноор тус нам богино хугацаанд хүчээ аван өндийж ирсэн юм. Энэ үйл явц хичнээн хурдан явагдсаныг дараагийн жилд нь болсон Ерөнхийлөгчийн сонгууль харуулж, МАХН-аас нэр дэвшигч Н. Багабанди илэрхий ялалт байгуулав.
1996 оны 12-р сард Японы монгол судлаач мэргэжилтэн, хатагтай Кимура Аяко Монголын Засгийн Газрын Мэдээ сонинд нийтлүүлсэн нэгэн өгүүлэлдээ Монгол улсын дотоод бодлогод гарч буй чиг хандлагын өөрчлөлтийг ямар нэг байдлаар, магадгүй бага зэрэг ёгтлолтойгоор тусгасан байдаг юм. Монголын улс төрийн хүрээнийхний дунд байнга яригддаг Монгол орон чухам хаахна явааг тодорхойлох тухай яриа улам газар авсаар байгаа талаар Аяко нийтлэлдээ өгүүлсэн байна. Энэхүү хүрээнийхний дотор хоёр “жигүүр” байдаг, нэг нь Европтой тогтоосон холбоогоо хадгалах, тэгэхдээ юуны өмнө Герман, Орос хоёрыг хараандаа авах бодолтой байхад нөгөө нь Монголыг Ази хэв шинжид нь буцаан оруулах чигийг баримтлах, тэгэхдээ юуны өмнө Япон, Солонгос хоёрт хандах гэдэг нь анзаарагддаг билээ. Энэ асуудал маш нарийн төвөгтэй бөгөөд монголчуудын энэ зуунд туулсан түүхэн хөгжлийн зам, Зөвлөлт Холбоот Улстай тогтоосон улс төрийн эвслээрээ дамжин европжсон, тэрчилэн хотжих үйл явц, мөн орчин үеийн нийгэм нь улам европжсоор буй болон Азийн үнэт зүйлсээ илүүтэй хадгалан үлдсэн хоёр хэсэгт хэрэг дээрээ хуваагдсантай холбоотой ажээ. Уг асуудал нь аливаа хэлхээ холбоо тогтоох, гадаад бодлогын шийдвэр гаргахдаа Монгол Улсын амьдрах чадварыг авч гарах эрх ашгийн үүднээс нилээд прагматик талаас нь хандах зайлшгүй шаардлагатай давхацдаг юм. Гэтэл улс төрийн прагматизмын нэг хувиршгүй элемент бол бас улс төрийн оппортунизм (улс төрийн хувьд бөөрөнхийлөх үзэл) билээ. Тийм ч учраас Кимура, “Монгол өнөөдөр Азийн нэг орон уу, эсвэл Европын нэг орон уу гэхлээр олон хүн “Манай Монгол Азийн ч, бас Европын ч шинжтэй орон байх бололцоотой өвөрмөц орон” гэх ухааны юм хэлэх аж. Чухамдаа сүүлийн үед анзаарагдаж буйгаар бодвол, Монгол орон Азийн Монгол болох гэсэн хандлага давамгайлж байгаа мэт. Гэвч энэ бол хэн нэгэн хүн “Манай орон бол Азийн ороон мөн” гэж хичнээн тунхаглалаа ч тийм амархан бүтчих хэрэг биш болов уу. Тэгвэл яах ёстой вэ? Азийн орнуудтай эдийн засгийн нягт холбоо харьцаатай явах уу? Эсвэл Азийг магтаж, Европыг шүүмжлээд байх уу? Үндэсний хувцас өмсөөд, савхаар хоол идэх үү? Бүр эсвэл Азийн орнуудын хэлийг сурцгаах уу? Бодоод байхад аль нь ч биш санагдана.” гэсэн байдаг.
Кимуа Аяко Монгол орны хаахна явааг тодорхойлох, үндэсний онцлог хоёр хоорондоо тун ойрхон юм байна гэдэг дүгнэлтийг хийгээд, “Сэтгэлийн ертөнцийг хаанаас эрэх вэ? Ази, Европын дундын саармаг, шинжтэй болсон орон Азийн орон болъё гэвэл Азийн гүн ухаан, сэтгэлийн ертөнцийн гол цөмийг юуны түрүүнд олж авч, өөрийн болгох шаардлагатай нь мэдээж. Европын замаар алхана гэж шийдлээ ч ялгаагүй, Европын гүн ухаан, сэтгэлийн ертөнцийн шимийг авч байж л цааш явна. Монголчууд хэл сурах авъяастай, аливаа хэлийг хурдан сурдаг боловч тэр хэлний цаана байгаа гүн ухаан, сэтгэхүйн онцлогт үл нэвтрэн, нүдэнд харагдах өнгөц гүехэн ухааныг шүүрэн авч, даган мөрдөх нь олонтаа. Өнөөгийн Монголын нийгэмд хүний сэтгэлийн ертөнц эвдрэн алдагдсан шинж тод харагдаж байна. Тэгвэл сэтгэлийн ертөнц Монголын цаашдын хувь заяанд хамгийн шийдвэрлэх нөлөөтэй гэж бодож байна. Европынхон ч, Азийнхан ч ялгаагүй ёс суртахуун, дотоод ертөнц, сэтгэлийнхээ үндсийг шашин шүтлэг, гүн ухаанд тулгуурлан бий болгож бий болсон улс. Нэгэн шашны хоёр урсгалын тэмцэл дунд хэлмэгдсэн хүмүүс Европоос нүүн очиж, өнөөгийн Америк улсыг бий болгосон бөгөөд эхлээд шашин нь байж, түүнд тулгуурлан төр улс нь тогтсоныг түүх мэднэ. Өнөөдөр Монгол ухаан гэж их ярьж байгаа боловч тэгэж ярьж байгаа хүний сэтгэлд, ярихыг нь сонсож байгаа хүний сэтгэлд, ер нь энэ цагийн монгол хүний сэтгэлд тэрхүү монгол ухаан нь шингэж чадаагүй учраас хоосон яриа, эртний түүхийн анир чимээний цууриа төдийгөөс хэтрэхгүй байгаа санагдана. Монголчуудад үндэс угсаагаа гэх сэтгэл, өөрийн шашин суртлаа гэх бодол алга болоод, аль хэдийнээ жар далан жил болжээ. Нэг үгээр хэлбэл, Монголчууд өөрийн гэх сэтгэлийн үндсээ тас татуулсан нь алхам тутамд мэдрэгдэж байна.” гэж бичсэн юм. Эцэст нь Кимура Японы амжилтын тухай дурдаад, “Тэгвэл Японы хөгжлийн нууц юундаа байна вэ? ... Миний бодлоор, Япон улс хөгжин цэцэглэсэн нь үнэн бол тэр нь япон хүний, японы нийгмийн сэтгэлийн ертөнц, гүн ухааны үр дүн байх аа... Гагцхүү монгол хүнийг өөрийнх нь үндэсний ухаан, ёс заншилтай, ертөнцийн гүн ухаантай болгочихвол дэлхийд хосгүй сайн ганц орон болно гэж би баттай хэлж чадна.”38 гэсэн байна.
Кимура Аяко гэдэг энэ ухаалаг бүсгүй Монгол судлалын маш сайн мэргэжилтэн билээ. Улс орон хаахна явааг тодорхойлох асуудлыг жаахан алсын хараатай авч үзвээс үндэсний онцлогийн тухай асуудал яах аргагүй асар их ач холбогдолтой зүйл юм. Гэхдээ Япон, Хятад, Орос дахь үндэсний ашиг сонирхол нь даяарчлалын үйл явцаас илүү хүчтэй нөлөөлнө гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.
Ш. Кубота: “... эдийн засгийн салбарт голлох хандлагатай байсан хоёр орны харилцааг бүх салбарыг хамарсан цогцолбор шинжтэй иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх”хэрэгтэй.
Японы тал урьд өмнө нь харьцаж байсан Монголын төрийн албаны түншүүдийнхээ үлэмжхэн хэсгийг алджээ. Ингээд тэдний зүгээс шүүмжлэл гарах нь ихсэв. Японы Засгийн газрын дэргэдэх Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Сангийн даалгавраар Улаанбаатарт ирсэн проф. А. Нобухарү нилээд гайхширсан байдалтай “Би вээр одоо хүртэл Монголын ард түмэн ямар төрийн нийгмийг идеал гэж бодитойгоор үзэж байгааг нь хэн нэг хүнээс дуулаагүй, ном хэвлэлээс ч хараахан үзэж уншаагүй л байна. Гэтэл миний ажигласнаар бол Монгол улс Европын өндөр хөгжсөн орнуудын амьжиргааны төвшин болон материаллаг баялгийн хойноос хөөж байгаа бололтой ... Монголын хүн амын амьдрал нь гадаад орны эдийн засгийн дэмжлэг тусламжинд түшиглэж байгаа нь тодорхой байна. Монголын ард түмэн өөрийн хүчин чармайлтаар амьдралаа эрхэл жбайгаа хэрэг огт биш”39 хэмээн тэмдэглэж байв.
Япон Улс Улаанбаатарт суугаа Элчин сайдаа өөрчиллөө. Ё. Хазумигийн оронд сүүлийн жилүүдэд Вьетнамд дипломат алба хашиж асан, Азийг судлаач мэргэжилтэн Ш. Куботаг40 ирүүлжээ. Японы судлаачид шинэ нөхцөл байдлын талаар бодитой үнэлгээ өгөхийг хичээж байлаа. Олон хувиар хэвлэгдэн гардаг Ёмиури Шимбун сонины сурвалжлагчид Улаанбаатар хотноо ирж Монгол Улсын шинэ Ерөнхий сайд М. Энхсайханаас ярилцлага авчээ. Тэд Монгол Улс “Орос, Хятад, Америк, Японтой” харилцах харилцаандаа өөрчлөлт оруулах эсэх тухай түүнээс асуухдаа Герман Улсыг асуултынхаа гадна орхив. Энхсайхан, “Хоёр том гүрний дунд оршдог орны хувьд Монголд улс, Орос, Хятадтай сайн хөршийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлздэг. Япон, Америк, Герман зэрэг хөгжингүй орнуудыг манай улс гурав дахь чухал түншээ гэж үздэг” хэмээн хариулжээ. Сэтгүүлчид асуултаа гүнзгийрүүлж, Орос, Хятадтай тогтоосон харилцаа тэдгээртэй байгуулсан гэрээнүүд дээр тулгуурладаг атал Япон, Хятадтай болохоор ийм гэрээнүүд байдаггүй тухай дурдаад, эрх зүйн ийм үндэс харилцааг бэхжүүлэхэд нөлөөлөх эсэхийг мэдэхийг хүсчээ.41 Эдгээр асуултыг тавьсан нь санамсаргүй хэрэг бараг биш. Монголын зарим улс төрчдийн хувьд энэ зуур Америк улс “нэгдүгээр анд нөхөр, Япон хоёр дахь, Герман гуравдахь, Хятад дөрөв дэхь, Орос тав дахь анд нь” болоод байв. Энэ дараалалд ямар нэг өөрчлөлт орно гэдэгт хүмүүс төдий л итгэхгүй байсан юм. АНУ-ын зүгээс Монголд үзүүлсэн бодит тусламжтай харьцуулахад тус улс яагаад монголчуудын сэтгэл зүрхэнд гэв гэнэт ийм өндөр байр суурь эзлэх болсон нь япончуудын хувьд тэртэй тэргүй ойлгоход бэрх зүйл байлаа.
Элчин сайд Ш. Кубота хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гаргах зорилттой тулгарав. Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Улсын Их Хурлын дарга Р. Гончигдорж хүлээн авч уулзах үеэр тэрээр “... эдийн засгийн салбарт голлох хандлагатай байсан хоёр орны харилцааг бүх салбарыг хамарсан цогцолбор шинжтэй иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх”42-ээс их зүйл хамаарна гэдгийг хэлжээ. Харилцаанд шинэ ахиц гарсан нь даруйхан мэдрэгдэв. Сасакава Сан хуучин сөрөг хүчний удирдагчид – Э. Бат-Үүл, Да. Ганболд, А. Ганбаатар, Б. Батбаяр нарыг Японд урилаа. Японы Гадаад Харилцааны яамны орлогч сайд К. Комура тэдэнтэй хийсэн ярилцлагатаа “ардчилсан хүчнүүд анх удаа засгийн эрхийг авсанд” баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд М. Энхсайхан Элчин сайд Куботаг Итгэмжлэх жуух бичгээ гардуулан өгөхөд нь цаашдаа Японы зээл тусламжийг үр шигтай зарцуулахад илүү анхаарахаа амлажээ. Үүнийхээ тэмдэг болгож тэрээр одоо явагдаж буй төслүүд (төмөр зам, Улаанбаатарын автобусны үйлчилгээг сайжруулах болон Улаанбаатарын IV Цахилгаан станцыг сэргээн засварлах)-эд Куботагийн хамт өөрийн биеэр шалгалт хийсэн юм.
1996 оны 11-р сард Элчин сайд Ш. Кубота, Гадаад Харилцааны сайд Ш. Алтангэрэл нар JICA-гийн Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээн ажиллуулахаар тохиролцов. Тэр нь Японы төслүүдийн явцыг газар дээр нь хянаж, цаашдын төслийн ажлуудыг өргөдөл гаргахаас нь эхлэн шууд удирдах үүрэгтэй байх юм байна. Уг Төлөөлөгчийн газар 1997 оны 9-р сарын 22-нд үйл ажиллагаагаа эхэлжээ.
Ерөнхий сайд Р. Хашимото Ерөнхий сайд М. Энхсайханыг Японд ажлын айлчлал хийхийг урив. 1997 оны 2-р сарын 24-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэсэн нь үүнд аятай завшаан болжээ. Ерөнхий сайд М. Энхсайхан ажлын айлчлалынхаа үеэр (1997.02.22-26) Ерөнхий сайд Хашимототой “21-р зуунд чиглэсэн иж бүрэн түншлэл”-ийг амьдралд хэрхэн хэрэгжүүлбэл зохих тухай дэлгэрэнгүй ярилцсан байна. Хашимототой хийсэн ярилцлагуудын зэрэгцээ Энхсайхан Японы янз бүрийн чухал байгууллагын төлөөлөгчидтэй мөн уулзсан аж. JICA-гийн Ерөнхийлөгч М. Фужита Монгол Улсын Ерөнхий сайдыг тодорхой хэмжээнд хуучин “танил”-ын хувьд хүлээн авлаа. М. Энхсайхан 1987 онд JICA-гийн шугамаар Японд айлчилсан анхны монголчуудын нэг байжээ. Гадаад Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Сангийн Ерөнхийлөгч А. Нишигаки Ерөнхий сайд М. Энхсайханд Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангахад ихээхэн ач холбогдол бүхий Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнуудыг шинэчлэхэд зориулж 5,8 тэрбум йенийн хөнгөлөлттэй зээл олгох болсныг нотлов. Үүнтэй залгуулаад Сумитомо корпораци болон Комачугийн Ерөнхийлөгч нар, тэрчилэн Тоёта Моторс, Тошиба, НЭК, Мицубиши, Марубени, Иточу, Нисшо-Ивай, Ничимен, Токио-Мицубиши-Банк, Дай Ниппон зэрэг компанийн төлөөлөгчидтэй уулзан ярилцжээ.
Эцэст нь хоёр орны Гадаад Харилцааны сайд Ш. Алтангэрэл, Ю. Икеда нар төслөөс ангид 2 сая йенийн буцалтгүй тусламж, 5,8 тэрбум йенийн хөнгөлөлттэй зээл болон 250 сая йенийн өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүнээр туслах тухай ноот бичгүүдэд гарын үсэг зурав. Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан гаргасан хоёр Засгийн газрын хамтарсан мэдэгдэлд хоёр тал бие биетэйгээ тогтоосон харилцаагаа “нэн сайн” хэмээн нэрлэсэн юм. Японы Засгийн газар Монгол Улсыг “Японоос үзүүлж буй тусламж, дэмжлэгийг зохистой ашиглаж, ... бие даасан хөгжлөө баталгаатай болгохын тулд улам их хичээл зүтгэл гаргана” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Хоёр Засгийн газар “харилцаагаа иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжүүлэх” болон “худалдааг хөгжүүлж, Монголд хөрөнгө оруулалт хийх явдлыг дэмжих” тал дээр харилцан ойлголцолд хүрэв.43 Япон Улс Монгол Улсыг ASEAN-д элсэхэд, Монгол Улс Японыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэхэд нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Хоёр Засгийн газар “Зүүн Хойд Азийн аюулгүй байдал”-ыг “нийтлэг эрх ашгийн асуудал” гэж нэрлээд, 1. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг хугацаагүйгээр сунгах, 2. Цөмийн туршилтыг бүрмөсөн хориглох тухай гэрээ байгуулах, 3. Химийн зэвсгийг хориглох тухай конвенцийг хүчин төгөлдөр болгохын төлөө байгаагаа илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд М. Энхсайханыг Японд айлчилж байх үеэр Улаанбаатар хотод МАХН-ын XXII Их хурал (1997.02.21-24) хуралдаж байв. Японы Засгийн газрын гишүүн А. Яманака Намын Их хуралд мэндчилгээ ирүүлснийг МАХН-ын Үнэн сонин дөнгөж 3-р сарын 1-ний дугаартаа гаргажээ. Уг мэндчилгээнд “... Бид өнөөдөр хаана байна вэ, хаашаа явж байна вэ гэдгийгээ мэдэх ёстой. Иймээс Монгол, Япон хоёр харилцан ойлголцож, найрамдлаа хөгжүүлэх” гэсэн байлаа.44
1997 оны 3-р сард Японы Гадаад Харилцааны яамны тусгай зөвлөх, Элчин сайд Н. Накахира Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. Накахира хоёр орны хамтын ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй ярилцсан ба уг хамтын ажиллагааны гол талбарууд нь дэд бүтцийг хөгжүүлэх (эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо), мэргэжилтэн сургах, мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал хэмээн тодорхойлжээ. Зээлийн тухайд Япон Улс түүнийг урьдын адил зөвхөн улсын үйлдвэрүүдэд олгоно гэдэг дээрээ байв. Гэвч чухамхүү энэ болзол нь хувьчлалыг эрчимтэй явуулсан Ардчилсан Холбоо Эвсэл-ийн Засгийн газрыг тун удалгүй зарим талаар эргэлзээнд оруулахад хүргэжээ. Энхсайханы Засгийн газар гадаадын зээл, тусламжийг цаашдаа ч ашиглахын төлөө байсан авч гадаадын хөрөнгө оруулагчдыг улс орондоо татан авчрахыг улам бүр хичээх болж хөрөнгө оруулагчдын уулзалтыг газар сайгүй хийлгэв. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид төдийлөн хөдөлж өгсөнгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл Монголд хангалттай байгаа эсэх тухай асуултанд Элчин сайд Кубота МҮАН-ын Сайн байна уу? сонинд хариулахдаа, “Ер нь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл гэдэг нь цахилгаан эрчим хүч, зам сүлжээ зэрэг дэд бүтцийн нөхцөл боломж болон ажиллах хүчний ажил хийх сонирхол, чанар, мөн хууль, эрх зүйн хүчин зүйлийг хэлдэг бөгөөд энэ утгаараа Монгол Улс өнөөгийн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж буй Азийн бусад орнуудтай харьцуулбал хангалттай гэж хэлж чадахгүй.”45 гэсэн байлаа.
1997 онд Монгол Улс бүс нутагт хэрэгжүүлэх эдийн засгийн томоохон төслүүдийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж магадгүй шинж тэмдгүүд анх удаагаа мэдэгдэж эхлэв. Гадаадын пүүс, компанийн төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж ярилцахыг улам бүр эрмэлзэх болсон ч үүнийхээ зэрэгцээ өөрсдийнх нь үзэж буйгаар гадаадын хөрөнгө оруулалтын орчин хангалтгүй байгааг удаа дараа сануулж байлаа. Япон ч мөн хөрөнгө оруулалтын нөхцөл муу байгаад шүүмжлэлтэй хандаж байсан боловч зохих нөхцөл нь бүрдсэн тохиолдолд ураны болон газрын тосны олборлолтонд хөрөнгө оруулахад бэлэн байна гэсэн дохио өгч байсан билээ. Өмнөд Солонгос ч бас Монголын талыг хөрөнгө оруулалтын нөхцлөө сайжруулахыг шахаж шаардсаар байв. Самсунг корпорацийн Ерөнхийлөгч 1997 оны 10-р сард Ерөнхий сайд М. Энхсайхантай энэ асуудлын талаар маш дэлгэрэнгүй ярилцжээ. Тэрээр зэс болон газрын тос олборлолтын салбарт хөрөнгө оруулах боломжийн тухай Самсунг корпораци АХБ хийгээд Дэлхийн Банкны төлөөлөгчидтэй санал бодлоо солилцчихоод байгаа тухай мэдэгдэв.
1997 оны 9-р сарын эхээр Тоётагийн Ерөнхий менежер М. Ито Монголд хүрэлцэн ирэв. Ито болон түүнийг дагалдан яваа Н. Үмемура нар Төрийн Өмчийн Хорооны Хангамжийн Газрын дарга Л. Энхтөртэй уулзан ярилцах үеэрээ Германаас авто машин оруулж ирэхээ зогсоохыг зөвлөжээ. Тэд Германы машинууд 3.000 хүртэл хэсгээс бүрддэг, тийм учраас Монголд засварлахад ихээхэн хүндрэлтэй гэдгийг сануулсан байна. Тэгвэл Тоёта маш богино хугацаанд Монголын нөхцөлд тохирсон авто машин үйлдвэрлэж чадах гэнэ. Тоётагийн менежерүүдийг айлчлахын өмнөхөн Улаанбаатарт Тоётагийн засварын газар үйл ажиллагаагаа эхэлсэн байжээ. Айлчлалын дараахан Элчин сайд Кубота хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тээвэрлэх зориулалттай Тоёта маркийн 50 ширхэг бага оврын зөөврийн тэргийг Монголын талд хүлээлгэн өгөв. 1998 оны 4-р сард Монгол Улсын Засгийн газар төрийн зарим байгууллагын авто паркийг шинэчлэх тухай шийдвэр гаргажээ. Иточу пүүст нийтдээ 810 авто машины захиалга өгсөн байна. Иточугаас гадна анхандаа Самсунг, Марубени пүүсүүд ч мөн тендерт оролцсон байсан юм. Цаг хугацааны хувьд үүнтэй бараг нэгэн зэрэг, 1998 оны 4-р сарын эхээр Дэвүү Моторс Улаанбаатарт салбараа нээлээ. Дэвүү пүүс 7.000-14.000 ам. долларын үнийн ангилалд багтах төрөл бүрийн авто машиныг сэлбэгийнх нь хамт, мөн засвар үйлчилгээг газар дээр нь хийх нөхцөлтэйгээр санал болгов.
Япон болон Өмнөд Солонгосын авто машин үйлдвэрлэлийнхний үйл ажиллагаа ийнхүү идэвхжсэнийг хожмын нэгэн цагт Өмнөд Сибирийн хийгээд Умард Хятадын зах зээлд нэвтрэхэд Монголыг гарааны бааз сууриа болгон ашиглахад чиглэсэн бэлтгэл алхам гэж зарим ажиглагчид дүгнэж байсан юм. Ямар ч байсан Монголын эдийн засгийн хууль тогтоомж энэ тухайд Орос, Хятадынхаас илүү таатай нөхцөл олгож байв.
Хувийн эдийн засгийн хэвшилд энэ зуур арван өөр үндсэн чиглэлд нийтдээ 58,3 сая ам. долларын хөрөнгө оруулалт бүхийМонгол-Японы хамтарсан 49 аж ахуйн нэгж (1993 онд 118.000 ам. доллар, 2,96 сая төгрөгийн үндсэн хөрөнгө бүхий 5 хамтарсан аж ахуйн нэгж байсантай харьцуул) ажиллаж байлаа.45 1997 онд JETRO Монголын эдийн засгийн хүрээнийхэнд Японд өөрсдийн худалдааны төлөөлөгчийн газар нээхийг санал болгож байсан бол Номура Монголын хувьцааг Японы зах зээл дээр ч мөн худалдаж болох тухай ярьж байв.
1997 оны 12-р сарын 23-25-ны хооронд Москва хотноо Орос, Хятад, Монгол, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Ковыхтинск (Орос) дахь газрын хийн ордыг ашиглах болон юуны өмнө Хятад, Солонгосыг хангах зорилгоор Монголын нутгаар дамжуулан газрын хий дамжуулах хоолой барих тухай консорциум байгуулах талаар яриа хэлэлцээр хийв. Москвагийн хэлэлцээр маш хатуу ширүүн байдалд явагджээ. Ярилцлагын дүнд Япон (Сумитомо, Марубени), Солонгос хоёр эвлэршгүй өрсөлдөгчид болохоо харуулсан агаад тэд дор бүрдээ хоолойг барихад оролцож, Ковыхтинскийн орд газрыг эзэмших эрхийг тэгш эрхтэйгээр эдлэх шаардлага тавьж байсан аж.
Монголд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр байсан Япон Улс энэ бодлоо ер өөрчилсөнгүй. Япон Улс 1991-1996 онуудад Монголд нийтдээ 322,5 сая ам. доллартай тэнцэх зээл, тусламжийг жил тутам 16,3 орчим хувийн өсөлттэйгөөр олгосон байна. Үүний 61,2 хувь нь буцалтгүй тусламжаар олгогдсон нь жил бүр 10,2 орчим хувийн өсөлттэй байжээ. Зээл харьцангуй тогтвортой явж ирсэн бол тусламжийн хэмжээ нэмэгдсээр байсныг Монгол Улсын Засгийн газар талархалтай хүлээн авлаа. Энэ нь Япон Улс Монголыг өрөнд оруулах бодолгүй байгаагийн нэг илрэл хэмээн үнэлсэн юм. Тусламжийн 56,8 хувь нь төсөл хэрэгжүүлэхэд, 35,8 хувь нь импортыг санхүүжүүлэхэд, 5,6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний тусламж санхүүжүүлэхэд тус тус зарцуулагджээ. Японы тусламжаас хүртэгсэд нь Улаанбаатарын “Говь” комбинат (ноолууын үйлдвэр), Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр, Мах боловсруулах комбинат, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг газрууд байв. 1997 оны 10-р сарын эхээр Токио хотноо болсон Хандивлагчдын Бага хурлын 6-р хуралдаан дээр Япон Улс 1. эдийн засгийн шинэчлэл (эрчим хүч, дэд бүтэц), 2. оюуны салбарыг өргөн утгаар нь, 3. хөдөө аж ахуй, фермерүүд болон 4. үндсэн хэрэгцээ (боловсрол, эрүүл ахуй, эрүүл мэнд, усны хангамж)-г тусламжийнхаа гол чиглэлүүд хэмээн тодорхойлжээ.
1998 оны 2-р сард Элчин сайд Ш. Кубота, Гадаад Харилцааны сайд Ш. Алтангэрэл нар Багануур, Шивээ Овоогийн нүүсний уурхайнуудын шинэчлэлийн 2-р шатыг хэрэгжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох тухай ноот бичигт гарын үсэг зурав. 4,298 тэрбум йенийн энэхүү зээл Монгол Улсын 1998 оны төсвийн 13 хувьтай тэнцэж байлаа. Уг төслөөр эцийн дүндээ Багануурын уурхайг жил тутам 4 сая т, Шивээ Овоогийнхийг жил бүр 2 сая т нүүрс олборлох хүртэл хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх учиртай байв. Японы мэргэжилтнүүд 2-р сард IV Цахилгаан станцыг сэргээн засварлах ажлыг дуусгасан бөгөөд уг шинэчлэлээр 10 сая квт цахилгаан эрчим хүч нэмж үйлдвэрлэх боломжтой болжээ. Энэхүү нэмэгдэл цахилгаанаар Улаанбаатар хотын цахилгааны хэрэгцээний 99 хувь, дулааны хэрэгцээ 102 хувиар хангагдсан байна. Умард, өмнөдийг холбосон төмөр замыг сэргээн засварлах ажлыг үргэлжлүүлэхэд зориулж Япон Улс 3,321 тэрбум йенийн буцалтгүй тусламж олгожээ. 2-р сарын 24-нд Японы Засгийн газрын танхим Монголд 2,5 тэрбум йенийн тусламж үзүүлэхээр шийдэв. Япон Улс санхүүгийн хүндрэлээс болж хөгжлийн тусламжаа арван хувиар бууруулаад байсан үед дээрх тусламжийг үзүүлсэн нь “Япон-Монголын харилцаанд чухал ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл” гэдгийг Японы Засгийн газар онцлон тэмдэглэсэн юм. Мөн үеэр Япон Улс өөрийнх нь тусламжтайгаар Эрдэнэ сум (Төв аймаг) хүртэл тавигдаад байсан хатуу хучилттай зам барих ажлыг үргэлжлүүлэв. Энэ замыг газрын тосны томоохон орд нээгдсэн Тамсаг сум (Дорнод аймаг)-тай холбох замын эхний хэсэг юм ч гэдэг.
Кимура Аяко:Гэтэл Засгийн газар ч үгүй байгаа Монгол улс төрийн хүч чадлын талаар юугаа ч ярих билээ дээ.
Ардчилсан Холбоо Эвсэл-ийн Засгийн газар сонгогчдын итгэлийг тун хурдан алдсан нь янз бүрийн учир шалтгаантэй бөгөөд тэдгээрийг бодитойгоор шинжлэн судлах шаардлагатай юм. Итгэл ийнхүү алдагдсан нь эвслийн намууд засгийн эрхийг шилжүүлэн авахад хангалттай бэлтгэгдээгүй, боловсон хүчний нөөц хангалтгүй, удирдлагын элит хэсгийнхний зарим нь хувь хүнийхээ зан чанарын талаар учир дутагдалтай, мөн тэдний зөвлөгч нарын зарим нь амжилтын дарамт шахалт үзүүлж байснаас шалтгаалсан юм. 1996 оны орон нутгийн сонгуулиар гэхэд л монголчуудын 60 орчим хувь нь МАХН-ыг дахин сонгосон бөгөөд 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын 68 хувь нь МАХН-аас нэр дэвшигч Н. Багабандийн төлөө саналаа өгчээ. Улсын Их Хурлын сонгуулийн 21 болон 37-р тойргуудад болсон нөхөн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигчид харгалзан 73 буюу 63,7 хувийн саналаар ялалт байгуулсан байна. МАХН ялагдалдаа дүгнэлт хийжээ. Тус нам XXII Их Хурлаараа (1997.02.21-24) шинэ мөрийн хөтөлбөр дэвшүүлж, түүндээ өөрийгөө “ардчилсан социализмын үзэл санааг ... үзэл суртлынхаа үндэс болгосон улс төрийн байгууллага”46 хэмээн тодорхойлжээ. Өнгөрүүлсэн түүхтэй нь харьцуулбал, тус нам энэ хөтөлбөрөөрөө зохих итгэл үнэмшил төрүүлсэн юм.
Тэгвэл Ардчилсан Холбоо (АХ) Эвсэл-ийн Засгийн газар дотоодын тогтвортой байдлаа тасралтгүй алдсаар байв. Тогтвортой байдал алдагдаж буй нь юуны өмнө МҮАН, МСДН-ын дотоодод оршиж байсан асуудлуудаас үүдэлтэй байсан юм. МҮАН ба МСДН-ын удирдлагууд болох Ц. Элбэгдорж, Р. Гончигдорж нар зөвлөгч нарынхаа үгийг дагаж тус хоёр намыг нэгтгэх уриалгад гарын үсэг зурсан нь онц ноцтой үр дагаварт хүргэсэн билээ.
МСДН нь анх МАХН-ын зүүний чиг баримжаатай нэгэн альтернатив хувилбар болон үүссэн аж. Одоо болохоор ерөнхийд нь барууны чиг баримжаатай гэж үздэг намтай нэгтгэх гэснээр МСДН-ын нэр хүнд бараг л албан хүчээр үлэмжхэн алдагдахад хүрчээ. МСДН-ын Чөлөөт Ардчилсан Жигүүр хоёр намыг нэгтгэхийг эрс эсэргүүцсэн мэдэгдэл нийтлүүлэв. Уг мэдэгдэлд, “Эвслийн намууд үр бүтээлтэй хамтран ажилласнаар төлөвлөсөн бодлогоо хэрэгжүүлж улс орныхоо нийгмийн эдийн засгийг тогтворжуулан, өсөлт гаргах нэн хариуцлагатай үед намуудын дарга нар улс төрийн итгэлцлийг эвдэхүйц бодлогогүй алхам хийсэнд гүнээ харамсаж байна... Ийнхүү намуудын зохиомол нэгдлээр асуудлыг хялбар шийдчих мэт хандах нь нийгэмд өөрсдийн байр сууриа эзэлсэн, тодорхой үзэл баримтлалтай намуудын хувьд хэт түргэдсэн үйл явдал юм.”47 гэжээ.
Намуудыг нэгтгэх санаачлага юуны өмнө МСДН-ын дотоод байдлыг сулруулахад хүргэсэн юм. М. Энхсайханы (МҮАН) Засгийн газар эцэстээ огцрохоос өөр аргагүй болов. 1998 оны 4-р сарын 23-нд Ц. Элбэгдорж (МҮАН) Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдлоо.
Японы судлаачид Монголд үүссэн улс төрийн нөхцөл байдлыг зарим талаар гаднаас зохиомлоор явуулсан үйл явцын үр дүн гэж дүгнэсэн юм. Засгийн газрын хямралын үеэр Ерөнхийлөгч Н. Багабанди л ганцаараа улс төрийн хувьд тогтвортой чигээрээ үлджээ. Тийм учраас Японы Засгийн газар санаачлага гаргаж Ерөнхийлөгч Н. Багабандийг 1998 оны 5-р сарын 11-15-ны хооронд “найрсаг харилцаат Япон орон”-д албан ёсны айлчлал хийхийг урьсан байна. Ерөнхийлөгч Н. Багабандийн төрийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний Японд хийсэн анхны албан ёсны айлчлал байсан тул тэрээр олны анхаарлын төвд байлаа. 5-р сарын 12-нд түүнийг JICA байгууллага болон Overseas Economic Cooperation Fund (OECF)-ийн Ерөнхийлөгчид К. Фужита, Н. Акира нар хүлээн авч уулзав. Акира Ерөнхийлөгч Багабандитай эрчим хүч, тээвэр, харилцаа холбооны салбарт зээл олгох хэлбэрийн талаар авч хэлэлцжээ. Ерөнхий сайд Р. Хашимототой түүний хийсэн ярилцлага онцгой ач холбогдолтой болсон нь эргэлзээгүй. Багабанди энэ зуур ямартай ч Монголд үзүүлж буй гадаадын нийт тусламжийн 40 хувьд хүрээд байгаа Японы томоохон тусламжийг өндөр үнэлж явдгаа Хашимотод онцгойлон дурдав. Багабанди, Хашимото нар ярилцлагынхаа үр дүнд “Монгол, Японы хоорондын найрамдал, хамтын ажиллагааны тухай Хамтарсан мэдэгдэл” нийтлүүлжээ. Уг мэдэгдлийн нэр хүмүүсийн сонорт хүрч, Ёмиури Шимбун сонины сурвалжлагчид Монголтой харилцах харилцаагаа Орос (1993), Энэтхэг (1994), Хятад (1994)-ын нэгэн адил гэрээн дээр тулгуурлан явуулах нь Японд ашигтай бус уу хэмээн асууж байсныг санагдуулав. Орос, Энэтхэг, Хятадтй байгуулсан гэрээнүүд “найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” нэртэй байсан тул энэ нь эдгээртэй ижил төсөөтэй олон улсын эрх зүйн тодорхой үндэс бүхий харилцааг бий болгох гэсэн Багабанди, Хашимото нарын санаанд нийцсэн байж болох талтай.48 Хамтарсан мэдэгдэлд Монголын тал “Япон улс Монголын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь тэргүүн эгнээнд идэвхтэй дэмжин, тал бүрээр тусалж ирснийг”сайшаан тэмдэглэсэн байв. Хоёр тал “харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх замаар Иж бүрэн түншлэлийн харилцааг 21 дүгээр зуунд бэхжүүлэх”-ийг өөрсдийн тунхагласан зорилгоо хэмээн нэрлэжээ. Энэ нь хоёр талын үзэж буйгаар “улс төрийн яриа хэлцээ өргөжих”-ийн үндэс болох учиртай байв. Талууд олон улсын хийгээд бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо тогтмол солилцож, улс төрийн яриа хэлцлүүдийг Зүүн Хойд Азид өргөжүүлэн тэлэхэд нөлөөлөхөөр харилцан тохиролцсон байна. Япон Улс Монголыг АСЕАН-д элсэхэд нь, Монгол Улс эргээд Японыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход нь дэмжлэг үзүүлжээ.
Монгол Улсыг хөгжүүлэх болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлын тухайд, “Монголын тал бие даасан хөгжлөө хангахын төлөө бүх талаар хүчин чармайлт гаргаж, тусламжийн төслүүдийг үр ашигтай хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Монголын талын энэ хүчин чармайлтыг цаашид бололцооныхоо хэрээр дэмжиж Японы тал бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр тал... худалгааг өсгөх, Монголд хөнрөнгө оруулахыг хөхүүлэн дэмжих нь чухал гэж үзэв. Монголын тал гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын нөхцөлийг улам сайжруулах арга хэмжээ авахаа нотлов.” гэсэн байв.49
Япон Улс хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай хэлэлцээр байгуулах гэсэн Монгол Улсын хүсэлттэй танилцаад, энэ хүсэлтийг “Монгол улс дахь хөрөнгө оруулах орчин нөхцөлийг харгалзан” хянан үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Талууд мөн олон улсын эдийн засгийн асуудлуудаар тогтмол санал солилцож байхаар тохирчээ. Япон Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэх гэсэн Монгол Улсын эрмэлзлийг сайшаагаад, тухайн үед нь Монголыг APEC-т элсэхэд нь дэмжих болно гэлээ. Монгол, Япон хоёр улс Дорнод Азийн бүс нутагт эрчим хүчний хангамжийн эх сурвалжуудыг нэмэгдүүлэх болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр илүү хүчтэй хамтан ажиллахаар болсон байна.
Япон Улс хоёр орны хоорондох соёлын солилцоонд, юуны өмнө залуучуудыг солилцоход түлхүү анхаарах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн явдал онцгой ач холбогдолтой болсон нь дамжиггүй. Японы Засгийн газар ойрын гурван жилд таван зуун монгол залуусыг Японы сургалтын арга хэмжээнд оролцуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Ерөнхийлөгч Н. Багабандийг албан ёсны айлчлал хийж байгааг нь тохиолдуулан түүнд дээд зэргийн хүндэтгэл үзүүлэв. Эзэн хаан Акихитогийн хүлээн авалт “элэгсэг дотно уур амьсгалд” болж, хүлээн авалтын хугацаа нь анх төлөвлөснөөсөө хоёр дахин урт үргэлжилжээ. Түүнийг хүндэтгэн хийсэн нэгэн хүлээн авалт дээр Н. Багабанди Монголын хуучин анд Т. Кайфу, Я. Наказоне нартай нүүр учирсан юм. Японы Либерал Ардчилсан Нам үзэл баримтлалынхаа гадаад бодлогын хэсэгт Монголтой харилцах харилцааны тухай заалт оруулсныг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэж байв. Хүлээн авалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаснаас хавьгүй илүү далайцтай болжээ. Парламентийн Дээд Танхимын дарга Я. Сайто энэ тухайд, “Таны буусан зочид буудалд өчигдөр орой болсон хүлээн авалтад Японы улс төр, эдийн засаг, бизнесийн нэр нөлөө бүхий маш олон хүн цугларсан байлаа. Магадгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн буусан буудал ч ийм олон япон хүн цуглаж байгаагүй байх гэж хэлж билээ.”50 хэмээн мэдэгдсэн байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлал олон талаар маш амжилттай болсон юм. Гэхдээ түүний жинхэнэ амжилт нь Ерөнхий сайд Ц. Элбэгдоржийн толгойлсон АХ Эвслийн Засгийн газар хоногоо хүлээж байсан үед уг айлчлал Ерөнхийлөгчийн байр суурийг ихээхэн бэхжүүлсэнд оршиж байсан гэхэд болох байх. Түүний байр суурь ийнхүү бэхжсэн нь МАХН-д ашигтайгаар эргэсэн билээ. Ерөнхий сайд Ц. Элбэгдорж болон түүний бүрдүүлсэн Засгийн газрын танхим 1998 оны 7-р сард огцорсон ч үүрэг гүйцэтгэгчийн хувиар Засгийн газрыг үүрэгт ажлыг үргэлжлүүлсээр байв. Үүний дараачаар Ардчилсан Холбоо Эвсэл болон түүний байгулсан Засгийн газарт томоохон хагарал нүүрлэжээ. 1998 оны 12-р сарын 9-нд Улсын Их Хурал Ж. Наранцацралтыг Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар томиллоо. Гэвч Наранцацралт төрийн жолоог гартаа авч бараг л чадаагүй юм.
Японы монгол судлаач хатагтай Кимура Аякогийн өгсөн нэгэн ярилцлага Засгийн Газрын Мэдээ сонины 1998 оны 10-р сарын 2-ны дугаарт хэвлэгдэн нийтэд түгжээ. Уг ярилцлагатаа тэрээр, “Өнөөгийн Монгол бол мэдээж Зөвлөлтийн нөлөөнд байсан тэр орон биш л дээ. “АНУ, Герман, Японы сонирхол татаж байгаа” гэж томрох орон ч бас биш. Гагцхүү өөрийн байр суурийг олж, өөрийгөө тодруулан харуулах шаардлагатай. Үүний тулд улс төрийн хүч чадал хэрэгтэй. Гэтэл Засгийн газар ч үгүй байгаа Монгол улс төрийн хүч чадлын талаар юугаа ч ярих билээ дээ. Хувьдаа авах юмыг авчихаад, жинхэнэ нүүдэлчин маягаар гадагш арилаад өгөх бодолтон олон байгаа юм биш биз...? Чингисийн их гүрэн бутрахад олон хүчин зүйл нөлөөлсөн боловч, хамгийн гол нь авъяас чадвартай олон шилдэг хүн Москва, Бээжин, Перс зэрэг харь газар одоод, жинхэнэ Монгол газар үлдээгүйгээс болсон гэж судлаач нар үзэх нь бий. Түүх давтагддаг. АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС энэ замаараа хэр зөв замнах бол доо.” гэсэн байлаа.
Кимура Аякогийн энэ асуултаа тавьсан өдөр нь маш эмгэнэлтэй өдөр таарсан аж. 10-р сарын 2-ны орой Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч, Дэд Бүтцийн Хөгжлийн сайд бөгөөд Улсын Их Хурал дахь Монгол-Японы бүлгэмийн дарга С. Зоригийн амь насыг 22 цаг 40 минутын орчимд үл таних этгээд гэрт нь бүрэлгэжээ.
Такаши Иногучи: “Японы ОDА-ийн дүрэмд тусгагдсан зарчмууд нь дэлхийн нэгдэх үзэл санаатай харшлах зүйлгүй”
Япон Улс 1990-1998 онуудад Монгол орны хувьд урьдчилан тооцоолж болохуйц найдвартай түнш болохоо харуулан, монголчуудыг зах зээлийн эдийн засагт шилжих замд нь хамтдаа байж, шилжилтийн нөхцөлд улс ардын аж ахуйг нь тогтворжуулах, зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн өөрчлөлтүүдийг стратеги талаас нь бодож хийхийн төлөө ихээхэн хүчин чармайлт тавьж иржээ. Чингэхдээ Японы тусламж дэмжлэг Монголын хувьд үндсэндээ Official Development Assistance Charter (ODA)-ийн дөрвөн зарчмыг баримталдаг аж. ODA-г Японы Засгийн газар Хүйтэн дайн дуусгавар болсонтой холбогдуулан 1992 оноос хүчин төгөлдөр мөрдөх болсон юм. Үүнийг Хартагийн заалтуудад тохируулан Японтой шууд хөрш зэргэлдээ оршигч улсуудад хэрэглэдэг, өөрөөр хэлбэл Японы эргэн тойрны орчныг хөгжүүлэхэд чиглүүлдэг ажээ.51 Эдийн засгийн арга хэмжээнүүд (дэд бүтцийн хөгжил г.м.) нь бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоог хөгжүүлэх болон байгаль орчныг хамгаалах бүс нутгийн чанартай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн төлөө тавьж буй хүчин чармайлтуудаар хүч сэлбэдэг байна. Зарчим нь хялбархан бөгөөд логикийн хувьд ойлгомжтой: Газар зүйн орчныг нь хөгжүүлэхгүйгээр Японыг хөгжүүлнэ гэдэг хүний ухаан санаанд төдийлөн сайн буухгүй зүйл юм. Японы концепци нь бусад концепцүүдийг бодвол нийгмийн асуудлуудыг ирээдүй сайтай байдаг мэт санагдана.
Япон бол ардчилах үйл явцыг дэмжих, хүний эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөдөг орон. Гэвч тус улс юуг тэргүүн зэрэгт тавих тал дээр бусдаас өөр байдаг мэт. Монголын жишээн дээрээс л харахад, Япон эдийн засгийн хөгжлийг ардчилал, хүний эрхийг цэцэглүүлэн хөгжүүлэх үндэс хэмээн юу юунаас илүү чухалчилдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөхөөр байгаа юм. Тийм ч учраас Японы улс төрчид монголчуудыг улс төрийн ёс суртахууны үндсэн чанар, үзэл суртлын байр суурь гэхээсээ илүүтэй идэвх зүтгэл, хувийн санаачлага, сахилга бат, хариуцлага, бие даах зориг тэвчээртэй, мөн хандивлагчдаа тодорхой хэмжээнд худрагатайхан ханддаг байхыг уриалдаг билээ. Өдгөө олон монголчууд, бас улс төрчид эрх чөлөө гэдгийг хүчнүүдийн чөлөөт тоглолт, түүнд аль хүчтэй нь дийлэн гарч ирдэг хэмээн ухаардаг юм.
Хол төөрөгдөл шүү! Өнөөдөр ч гэсэн эрх чөлөө бол зайлшгүй шаардлагатай зүйлийг олж харахыг хэлнэ гэсэн зарчим үйлчилсээр байна.
(1999)
Хүснэгтүүд
1991-1996 онуудад Монголд олгосон зээл, тусламж (сая ам. доллараар)
1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | нийт | ||
Тусламж | 120,8 | 110,5 | 113 | 99,3 | 118,7 | 17.7 | 580,0 | |
Зээл | 150,2 | 70,9 | 217,6 | 109,3 | 188,5 | 167,6 | 904,1 | |
Нийт | 271 | 181,4 | 330,6 | 208,6 | 307,2 | 185,3 | 1.484,1 |
Эх сурвалж: U. B. Barkmann, MIS-Wirtschaftsnachrichten 1(1998), 4-р тал.
1991-1996 онуудад Монголд олгосон гадаадын тусламж (сая ам. доллараар)
Улс | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | Ашигласан тусламж нийт | Нийт тусламжид эзлэх хувь %-иар |
Япон | 21,8 | 36,5 | 50,0 | 58,45 | 59,5 | 69,8 | 296,05 | 65,63 |
АНУ | 7,14 | 30,96 | 14,47 | 12,52 | 3,51 | 3,0 | 71,6 | 15,87 |
ХБНГУ | 1,5 | 1,86 | 7,06 | 3,41 | 17,81 | 7,11 | 38,75 | 8,59 |
Дани | 1,9 | 2,9 | 3,4 | 3,0 | 7,2 | --- | 18,4 | 4,08 |
Итали | --- | 1,5 | 2,4 | 1,57 | --- | 1,2 | 6,67 | 1,48 |
Нидерланд | 1,4 | 1,2 | --- | 1,5 | 1,0 | --- | 5,1 | 1,13 |
Өмнөд Солонгос | 1,47 | 0,36 | 0,51 | 0,53 | 0,69 | 0,8 | 4,36 | 0,97 |
Их Британи | --- | 1,2 | 1,1 | 0,8 | 1,0 | --- | 4,1 | 0,91 |
Франц | --- | --- | 3,5 | --- | --- | --- | 3,5 | 0,78 |
Хятад | --- | 1,2 | 0,6 | 0,2 | --- | 0,4 | 2,4 | 0,53 |
Чех | --- | --- | --- | --- | --- | 0,13 | 0,13 | 0,03 |
Нийт | 35,21 | 77,68 | 83,04 | 81,98 | 90,71 | 82,44 | 451,06 | 100 % |
Эх сурвалж: U. B. Barkmann, MIS-Wirtschaftsnachrichten 1(1998), 4-р тал.
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт (тухайн жилийн үнэ ханш, сая ам. доллараар)
Япон | Хятад | ЗСБНХУ/ Орос Улс | АНУ | Герман | |
1985 | 9,4 | 7,6 | 1.482,3 | 0,1 | 54,0 |
1986 | 9,7 | 12,9 | 1.552,1 | 0,1 | 51,9 |
1987 | 11,1 | 19,5 | 1.523,3 | 0,1 | 50,3 |
1988 | 26,9 | 16,0 | 1.515,9 | 1,5 | 47,4 |
1989 | 31,4 | 24,1 | 1.325,6 | 0,1 | 48,4 |
1990 | 17,4 | 33,6 | 1.233,7 | 0,9 | 51,1 |
1992 | 58,8 | 127,0 | 434,0 | 6,2 | 34,2 |
1993 | 37,9 | 186,1 | 365,5 | 21,5 | 9,7 |
1994 | 50,3 | 97,1 | 252,6 | 23,8 | 12,4 |
1995 | 92,2 | 122,3 | 276,9 | 40,3 | 26,1 |
1996 | 112.8 | 147,0 | 242,4 | 28,9 | 26,2 |
1997 | 72,5 | 164,9 | 318,9 | 62,0 | 26,7 |
Эх сурвалж: Монгол Улсын Статистикийн Эмхтгэл 1997, Улаанбаатар 1998.
Монгол-Японы гадаад худалдаа (тухайн жилийн үнэ ханш, сая ам. доллараар, алтан мөнгөгүйгээр)
1985 | 1986 | 1987 | 1988 | 1990 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | |
Экспорт | 7,6 | 6,3 | 8,4 | 21,9 | 7,6 | 18,7 | 17,1 | 33,6 | 46,7 | 35,0 | 37,7 |
Импорт | 1,8 | 3,4 | 2,7 | 5,0 | 9,8 | 40,1 | 20,8 | 16,7 | 45,3 | 77,8 | 34,8 |
Эх сурвалж: Монгол Улсын Статистикийн Эмхтгэл 1997, Улаанбаатар 1998.
1 W. M. Prohl, Die Parlamentswahlen in der Mongolei vom 20.Juni 1996, KAS-Auslandsinformationen 8(1996), 79-92-р талууд.
2 Л. Хайсандай, Монгол-Японы өнөөгийн харилцаа, эерэг хандлага, өөдрөг үйл явц, Монгол-Японы харилцаа: Эрт, Эдүгээ, Улаанбаатар 1998, 34-р тал.
3 Хамтран ажиллах бололцоо байна, Үнэн, 1989.05.09.
4 Goyal, H. D., (UN planning adviser to Govt. of Mongolia), Development Perspective of Mongolia, New Delhi 1995, Separatum, 1-19.
5 И. Хироно, Зах зээлийн эдийн засаг” профессор Хироногийн цуврал лекцүүд, Улаанбаатар 1990, 1-62-р тал.
6 Л. Дашням, Билиг оюун, бие сэтгэл минь Монголын төлөө, Улаанбаатар 1996, 79-р тал.
7 Ардын Эрх, 1990.08.14.
8 Мөн тэнд.
9 U. B. Barkmann, Zum politischen Selbstverstaendnis der Mongolischen Revolutionaeren Volkspartei, Asien, Afrika,Lateinamerika 5(1996), 495-р тал.
10 Үнэн, 1995.09.26.
11 U. B. Barkmann, Zu den japanisch-mongolischen Beziehungen der letzten Jahre, Asien – Deutsche Zeitschrift fuer Politik, Wirtschaft und Kultur 1(1994), 39-р тал.
12 Ардын Эрх, 1991.07.30.
13 Т. Кайфугийн айлчлалын тухай Японы хэвлэлд бичсэн нь, Ардын Эрх, 1991.09.05.
14 Ардын Эрх, 1991.08.15.
15 Мөн тэнд.
16 Зоог барилаа, Ардын Эрх, 1991.08.14.
17 Т. Кайфугийн айлчлалын тухай Японы хэвлэлд бичсэн нь, Ардын Эрх, 1991.09.05.
18 Дэлхийн банкны Хятад, Монголын газрын дарга Шахид Жавед Бюркигийн хэлсэн үг, Ардын Эрх, 1991.09.20.
19 И. Каяхара, Азийн Аюулгүй байдал ба Монгол Улс, Стратеги Судлал 1(1995), 30-р тал.
20 У. Б. Баркманн, Монголын намуудад чанарын хувьд шинэ элитүүд гарч ирж чадсангүй, Парламент, 2/1999, 2-р тал.
21 Ц. Батбаяр, Зүүн Хойд Ази ба Монгол Улс, Ази тив, түүний салбар бүс нутгуудын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв, Улаанбаатар 1997, 8-17-р тал.
22 Монгол, Японы Хэвлэлийн Хамтарсан Мэдээ, Засгийн Газрын Мэдээ, 1993.XI.30.-XII.3.
23 Мөн тэнд.
24 Мөн тэнд.
25 Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал, Уулзаж ярилцав, Ардын Эрх, 1993.11.30.
26 1990-1991 онуудад Элчин сайд Хидекацу Таказе, 1991-1993 онуудад Элчин сайд Ш. Сүэцава, 1993-1996 онд Элчин сайд Ё. Хазуми.
27 Ш. Кубота, Иж бүрэн түншлэлийн харилцаатай болно гэдэгт итгэж байна, Ардын Эрх, 1997.02.21.
28 Ил Товчоо, 1993.05.01.-10.
29 Х. Футаки, Өнөөдрийн Япон 1939 оных биш шүү, Ардын Эрх, 1995.10.21.
30 Японы тусламж нь тактикийн бодлого биш, Ардын Эрх, 1995.06.06.
31 Халхын голын дайн: Түүхэн үнэний эрэлд, Улаанбаатар 1995.
32 Үндэсний Эрх, 1999.02.01.
33 Ардын Эрх, 1995.02.25.
34 Ардын Эрх, 1995.03.04.
35 Ардын Эрх, 1995.07.18.
36 Ганц Монголыг сонирхсондоо тусалж байгаа юм биш, Ардын Эрх, 1995.10.13.
37 Японд ярилцсан нь, Засгийн Газрын Мэдээ, 1996.01.10.
38 Кимура Аяко, Хүйтэн тамаас халуун там руу зүтгэхийн хэрэг юун?, Засгийн Газрын Мэдээ, 1996.12.17.
39 Ардын Эрх, 1996.10.09.
40 Кубота, Шинжи, 1936 оны 6-р сарын 4-нд төрсөн, Осакагийн Гадаад Хэлний Их Сургуулийн Тай хэлний ангийг дүүргэсэн; 1961 оноос эхлэн дипломат албанд орж, Хонконг, Вентьян (Лаос), Сингапур, Портланд (АНУ), Ханой (Вьетнам), Тайпэй (Тайвань)-д дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байсан, 1990 оны 1-р сараас Паспортын хэлтсийн захирал, 1992 оны 10-р сараас Ханой (Вьетнам) дахь Элчин Сайдын яамны зөвлөх, 1993 оны 1-р сараас Хо-Ши-Мин хот дахь Ерөнхий консулоор тус тус ажиллаж байгаад 1996 оны 8-р сараас Монголд суух Элчин сайдаар томилогдсон.
41 Ардын Эрх, 1996.10.12.
42 Ардын Эрх, 1996.11.16.
43 Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газраас гаргасан Хамтарсан Мэдэгдэл, Гадаад Харилцаа, Монгол Улсын Гадаад харицааны яамны мэдээллтйн товхимол № 7(13), 1997.03.20, 3-4.
44 Эрхэм хүндэт Н. Энхбаярт, Үнэн, 1997.03.01.
45 Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кубота ярьж байна ..., Сайн байна уу?, 1997.07.04.
45 Н. Мөнхцэцэг, Монгол хүн бүрт Японы тусламж хүрсэн, Засгийн Газрын Мэдээ, 1997.09.05.
46 МАХН-ын XXII Их Хурал (Илтгэл, баримт бичгүүд), Улаанбаатар 1997, 101-р тал.
47 Мэдэгдэл, Засгийн Газрын Мэдээ, 1998.03.02.
48 Монгол Улсын Ерөнхийлөгч нь 1993 оны 6-р сарын 5-нд батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн II бүлэг, 14-р зүйлд зааснаар гадаад харилцааны салбарт тусгай эрх эдэлдэг. Үүнд: “Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөолж, Улсын Их Хуралтай эөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” гэж заажээ.
50 Иж бүрэн түншлэлийн шинэ эрин эхэллээ, Ардын Эрх, 1998.05.18.
51 T. Matsumae, In Persuit of Common Values in Asia. Japan’s ODA Charter re-evaluated, Tokyo 1997.