Энэ нийтлэл нь гоц ухаантан, математикч, террорист Тед Казинскийн "Industrial Society and Its Future" (1995) эссений хэсэгчлэн орчуулга юм. Үүнийг орчуулан хүргэж буй нь Казинскийн бичсэн болгонтой нь санал нийлсэн, террорист халдлагуудыг нь хөхиүлэн дэмжсэн гэсэн үг биш. Казинскийн эссе бичигдээд даруй 30 орчим жил өнгөрөхөд зүүний үзлийг шүүмжилсэн шүүмжийнх нь агуулга алдагдсангүйгээр барахгүй хаа холын Монголд хүртэл шинэ зүүнтнүүдийн (New Left) нөлөө мэдрэгдээд эхэлжээ. Өнөө цагт АНУ болон Баруун Европыг эзэрхийлж буй зүүний үзэл, зүүний үзэлтнүүдийн талаар ойлголт өгөх нь эл орчуулгын цорын ганц зорилго юм.

Бид гүнзгий асуудалтай нийгэмд амьдарч байна гэдэгтэй бараг хүн бүр санал нийлнэ. Хамгийн өндрөө авсан солиорлууд зүүний үзлээр (лефтизм) илэрдэг бөгөөд иймээс зүүнтнүүдийн сэтгэл зүйн (психологийн) талаар хэлэлцэх нь орчин үеийн нийгмийн асуудлуудыг хэлэлцэж буйгаас ерөнхийдөө өөрцгүй юм.

Тэгвэл зүүний үзэл гэж яг юу вэ? 20-р зууны эхний хагаст зүүнийг үзлийг социализм гээд тодорхойлчихож болохоор байв. Өнөөдөр тус хөдөлгөөн нь олон хэсэгт хуваагдсанаас шалтгаалан хэнийг зүүнтэн гэж нэрлэх нь тодорхой бус болсон хэдий ч энэ нийтлэлд социалистууд, коллективистууд, политикал корректнессийг дэмжигчид, феминистүүд, бэлгийн цөөнхийн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн болон амьтны эрхийг хамгаалагчид хийгээд эдэнтэй төстэй хүмүүсийг зүүнтэн гэж үзнэ. Гэлээ ч эдгээр хөдөлгөөнүүдийн аль нэгт харъяалагдах хүн болгон зүүнтэн биш гэдгийг санах нь зүйтэй.

Уг бичвэр нь орчин үеийн зүүний үзлийг л авч үзнэ. Энд бичигдсэн зүйлс 19, 20-р зууны зүүнтнүүдэд мөн хамаарах боломжтой юу гэдэг асуултыг нээлттэй үлдээе.

Орчин үеийн зүүнтнүүдийн сэтгэл зүйн салшгүй, суурь хоёр шинж нь "дутуугийн мэдрэмж", "нийгмийн хэт идэвх" юм. Дутуугийн мэдрэмж нь орчин үеийн зүүний үзэлтэн болгоны нийтлэг шинж бол, нийгмийн хэт идэвх заримд нь л хамаарна. Гэлээ ч нийгмийн хэт идэвхийн нөлөөг дутуу үнэлж болохгүй.

Дутуугийн мэдрэмж

"Дутуугийн мэдрэмж" гэдэгт дан ганц дутуугийн мэдрэмж бус, үүний хүрээнд багтах өөрийгөө дорд үнэлэх, өөртөө итгэлгүй байдал, сэтгэл гутрал, дийлдэх үзэл, гэмшил, өөрөө өөрийгөө үзэн ядах зэрэг орно. Орчин цагийн зүүнтнүүдэд тус шинжүүд бүгд биш юм гэхэд бүрэлдсэн байдаг ба эдгээр нь орчин үеийн зүүний үзлийн чиглэлийг тодорхойлоход шийдвэрлэх оролцоотой.

Өөрийнх нь эсвэл харъяалагддаг бүлгийнх нь талаар хэлсэн бараг бүх зүйлийг доромж хэмээн хүлээн авдаг нэгнийг дутуугийн мэдрэмжтэй, өөрийгөө дорд үздэг гэж дүгнэж болно. Энэхүү хандлага цөөнхийн эрхийн төлөөх активистуудын дунд түгээмэл байдаг. Цөөнхийг заасан үгнүүдэд, цөөнхийн талаар яригдсан ямар ч зүйлд тэд маш эмзэг. Африк, ази, хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэй хүнийг заасан "негро", "дорнын", "тахир дутуу", "чик" гэх үгнүүд анхандаа доромж утгагүй байлаа. Дээрх үгнүүдэд доромж утгыг нь активистууд өөрсдөө аваачиж наасан.

"Politically incorrect" үгнүүдэд хамгийн ихээр эмзэглэдэг хүмүүс нь ядуусын хороололд амьдран суух хар арьстан, ази цагаач, хүчирхийлэл дор амьдардаг эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биш, цөөнхийн эрхийн активистууд. Цөөнхийн эрхийн активистуудын олонх нь "дарлагдсан" гэгддэг бүлэгт багтдаггүй, харин ч нийгмийн дээд давхаргаас гаралтай байдаг. Политикал корректнессийн сүм нь их сургууль, санваартнууд нь боломжийн цалинтай, дундаж болон дунджаас дээш ангийн, гетеросексуал (эсрэг хүйстнээ сонирхогч), цагаан арьст их сургуулийн багш нар.

Дорой (эмэгтэйчүүд), ялагдсан (индианчууд), жигшмээр (гомосексуалууд) гэх имижтэй нийгмийн бүлгүүдийн асуудалд зүүнтнүүд онцгой санаа тавьдаг. Яагаад гэвэл зүүнтнүүд өөрсдөө тэднийг дорой гэж боддог агаад үүнийгээ дотроо хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. (Эмэгтэйчүүдийг, индианчуудыг доогуур зиндааных гэж хэлэх гэсэнгүй. Зүүнтнүүдийн сэтгэл зүйг тайлбарлаж буй төдий гэдгийг ойлгоорой.)

Эмэгтэйчүүд эрчүүдтэй адил хүчтэй, чадвартай гэдгийг батлахын хүслэн болдог феминистүүд эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил хүчтэй, чадвартай биш байж магад гэсэн айдаст байнга автаж явдаг нь илэрхий.

Зүүнтнүүд хүчирхэг, сайн, амжилттай гэдэг имижтэй зүйл бүрийг үзэн ядах хандлагатай байдаг. Тэд Америкийг, Өрнийн иргэншлийг, цагаан арьст эрчүүдийг, рационал байдлыг үзэн яддаг. Үзэн ядалтаа тайлбарласан шалтгаан нь жинхэнэ сэдэлтэй нь таардаггүй. Тэд Өрнөдийг дайнч, империалист, сексист, этно-төвт гэх мэтээр буруушаадаг боловч яг ижил дутагдлууд социалист улсуудад, примитив соёлуудад ажиглагдвал тухайн улсуудыг өмгөөлөх шалтаг хайж эхэлдэг. Хамгийн сайндаа л социалист, примитив улсуудад дутагдал бий гэдгийг дуртай, дургүй хүлээн зөвшөөрөхийнхөө сацуу Өрнийн иргэншлийн дутагдлуудыг догдлон, хэтрүүлэн байж заана. Ингэхээр зүүнтнүүдийн Америкийг, Өрнөдийг үзэн ядаж буй жинхэнэ шалтгаан нь дээрх биш. Тэд Америк, Өрнөдийг хүчтэй, амжилттай учраас үзэн яддаг.

"Өөртөө итгэлтэй байдал", "бие даах чадвар", "хувийн санаачлага", "үйлдвэрлэл", "өөдрөг үзэл" гэх мэт үгс нь либерал, зүүнтний үгсийн санд бага жинд дарна. Зүүнтэн гэдэг бол индивидуализмыг эсэргүүцэгч, коллективизмыг дэмжигч. Зүүнтнүүд нийгмээр хүн бүрийн асуудлыг шийдүүлэхийг, нийгэм хүн бүрт санаа тавиасай гэж хүсдэг. Өөрийнхөө асуудлыг шийдэж чадна гэсэн, бусдын хэрэгцээг хангаж чадна гэсэн өөртөө итгэх итгэл зүүнтнүүдэд байдаггүй. Ялагдана гэдгээ сэтгэлийнхээ мухарт мэддэг болохоор зүүнтнүүд өрсөлдөөн хэмээх ойлголтод дайсагнадаг.

Орчин үеийн зүүний үзэлт философичид ухамсар, шинжлэх ухаан, объектив бодит байдлыг үл хэрэгсэх хандлагатай бөгөөд бүх юмыг соёлын хувьд харьцангуй гэж зүтгэж байна. Тэдгээр философичид мэдлэгийн суурийг системтэйгээр шинжилдэг логикчид биш нь дэндүү илэрхий. Үнэн рүү, бодит байдал руу сэтгэл хөтлөлдөө автан улайран довтолдог тэд сэтгэл зүйн асуудлаасаа шалтгаалж ингэж буй. Шинжлэх ухаан, рационал байдал нь тодорхой итгэл үнэмшлийг үнэн (амжилттай, дээр), худал (амжилтгүй, доор) гэж ангилдаг учир зүүнтнүүд шинжлэх ухаан, рационал байдлыг үзэн яддаг. Зарим зүйлийг заримаас нь илүү эсвэл дутуу гэж ангилахыг тэвчиж чадашгүй болтлоо зүүнтнүүд дутуугийн мэдрэмждээ баригдсан байдаг. Яагаад сэтгэцийн өвчин, IQ-ийн тестийг зүүнтнүүд үгүйсгэдгийн үндэс нь мөн энэ. Зарим хүнийг бусдаас илүү, заримыг нь бусдаас дутуу харагдуулдаг болохоор хүний авъяас, араншныг генийн үүднээс тайлбарлахыг зүүнтнүүд үзэхгүй. Хүний авъяас, чадварыг зүүнтнүүд нийгэмтэй холбодог. Хүн дорой бол өөрийнх нь биш, түүнийг зөв өсгөж чадаагүй нийгмийн буруу.

Хувь хүнийхээ хувьд өөрийгөө хүчирхэг, үнэ цэнтэйгээр төсөөлж чадахааргүй болтлоо зүүнтнүүд дутуугийн мэдрэмждээ живсэн байдаг. Ийм ч учраас зүүнтнүүд коллективист. Тэд томоохон байгууллага, олныг хамарсан хөдөлгөөний гишүүнийхээ хувиар л өөрийгөө хүчирхэгээр мэдэрнэ. Зүүнтнүүдийн тактик нь мазохист шинжтэй байдгийг анзаараарай. Тэд өөрсдийгөө хүчирхийлүүлэхийн тулд машины урд хэвтэж, цагдаа нарыг, расистуудыг санаатайгаар өдөж эсэргүүцлээ илэрхийлдэг, тэмцдэг. Энэ тактикаа олон олон зүүнтнүүд эцсийн зорилгодоо хүрэх арга гэж хардаггүй. Зүүнтнүүд мазохист учраас ийм тактикийг илүүд үздэг. Өөрөө өөрийгөө үзэн ядах нь зүүнтнүүдийн онцлог шинж.

Зүүнтнүүд активизмаа өрөвч сэтгэл, ёс суртахууны зарчмаар зөвтгөдөг ч эдгээр нь зүүнтнүүдийн активизмын голлох хөдөлгөгч хүч биш. Хонзогнол, эрх мэдэлд тэмүүлэх хүсэл нь зүүнтнүүдийн зан байдлын илт анзаарагдахуйц бүрэлдэхүүн хэсэг. Зүүнтнүүдийн дийлэнх үйлдэл туслах гээд буй хүмүүст нь сайнаар тусдаггүй. Хар арьстнуудад туслах нь тэдний жинхэнэ зорилго биш. Цагаан арьстнууд руу чиглэсэн активистуудын дайсагнасан, тааламжгүй хандлага арьс өнгөний үзэл ядлыг гүнзгийрүүлдэг, энэ нь эргээд хар арьстнуудад халтай авч эрх мэдэлд хүрэх, уураа гаргахад нь арьс өнгөний асуудал хэрэгтэй учир зүүнтнүүд асуудлыг дэвэргэдэг.

Хэрэв манай нийгэм ямар ч асуудалгүй байсан бол үймээн үүсгэх шалтаг гаргахын тулд зүүнтнүүд зохионо.

Энэ бичвэрээр зүүнтэн гэж тооцогдож болох хүн болгоныг нарийвчлан дүрсэлсэнгүй. Зүүнтнүүдийн ерөнхий хандлагыг тоймлосон болно.

Тед Казински

Орчуулсан: Мизес Монгол ТББ

Эх сурвалж: inews.mn