ТӨРИЙН АРДЧИЛСАН ТОГТОЛЦООНД ШИЛЖИВ
Маргааш нь хэлэлцээрт гарын үсэг зурсан Бат-Үүл, Хөвсгөлийн өлсгөлөнг зогсоосон Зориг нарыг доктор Нэргүй урвагчаар зарлав. Тэрээр “Монголын жинхэнэ ардчилсан холбоо” гэдгийг байгуулсанд Жаргалсайхан тэргүүтэй хэсэг ардчилагчид дагалдсан юм. Гэвч удаан насалсангүй. Монголын ардчилсан холбоо үүнээс хойш ленинист хүчирхийллийн онолын баримжаанаасаа эгнэгт саллав.
ТӨРИЙН АРДЧИЛСАН ТОГТОЛЦООНД ШИЛЖИВ
НҮҮДЭЛЧИН КОММУНИСТУУДЫН СҮҮЛЧИЙН ХАГАРАЛ
Эхэндээ Монголд үүсэж байгаа ардчилсан хөдөлгөөнийг дээр дооргүй дэмжиж байлаа. Гэхдээ ардчилал гэдгийг социализмыг сайжруулах гэдэг утга нь илүүтэйгээр олонхид ойлгогдож байсан юм. Энэ нь ганц Монголд биш коммунизмаас татгалзан шилжилт хийж буй бүх оронд түгээмэл ойлголт байлаа. Польшид аль 1980 онд эхэлсэн “эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл социализмаас татгалзъя гээгүй түүнийг сайжруулах, анхдагч эх загвар руу нь шилжъе гэсэн уриатай байсан. Хятадын оюутнууд Тянь Ань Миний талбайд цуглан жинхэнэ социализмын төлөө байлаа. Чехословакчууд 1968 оны "Хүний нүүртэй социализмаа" сэргээх сонирхолтой байв. Тухайн үеийн монголыг сэхээтэн залуучууд гол мэдээллээ СССР-ийн мэдээллийн хэрэгслэлээс авдаг байлаа. Тэнд тас түс социализмын эсрэг зүйлс гарч байгаагүй, харин социализмаа хэрхэн сайжруулах талаар янз бүрийн санал гарч байв.
Харин социализмаа хэрхэн сайжруулах талаар бүлэглэл болгон өөр дотроо маргаан их өрнүүлж байлаа. Юун түрүүн ийм зөрчил МАХН-ын удирдлага дотор үүсчээ. Намсрай тэргүүтэй намын талыхныг Засгийн газрын ордны баруун талд байдаг байрлалаар нь Ерөнхий сайд Содном тэргүүтэй Засгийн газрынхан “баруун талынхан” гэж нэрлэнэ. Засгийн газрын бүлэгт Очирбат, Жасрай, Пэлжээ, НАХЯ –ы сайд Жамсранжав, Бямбасүрэн, прокурор Балжинням гэх голдуу төрийн аппаратын хүмүүс. Харин Намсрайн бүлэгт Түмэндэмбэрэл, Балхаажав, Дэжид, Лантуу, Цахилгаан гэх мэтийн намын аппаратын хүмүүс ил далдаар нийлж биенээ дэмжиж байлаа.
МАХН-ын дотрох өрсөлдөөн, зөрчлийн нэг том илрэл нь “Прокурор Отгонбаярын хэрэг” гэгч байлаа. Дунд шатны прокурор Отгонбаяр гэгч эмэгтэй нэлээд хэдэн жилийн өмнө нэгэн хүн амины хэргийг шийдсэн нь араасаа нэлээд маргаан дэгдээсэн юм. Явсаар 1990 он гэхэд маргаан дээд цэгтээ хүрэн нам дотрох бүлэглэлүүд биенээсээ хонзон авах ширүүн тэмцэлд хүрчээ. Юун түрүүн байнга цуглаан жагсаал зохиох болсон ардчилсан хүчнийг үүндээ татан оруулав. Чухамдаа юу болсон, хэнийх нь буруу зөвийг төдийлөн ойлгоогүй жагсагчид прокурор Отгонбаярын цаана нуугдаж байгаа “гэмт хэрэгтнүүдийг” илчлэн яллахыг шаардах болов. Хожим илэрхий болсноор тухайн үед төрийн эрх мэдлийн голлох хүний нэг болон тодорч ирсэн хуульч Чимид рүү энэхүү жадны үзүүр чиглэж байсан аж. Хилсээр ял эдэлж буй гэгдэх хэсэг хоригдлын асуудлыг нарийвчлан цааш судлалгүйгээр олны хэл ам дагуулан суллав. Тэд шоронгоос гарч ирүүтээ Чимидийг огцруулахыг шаардан мөн л төв талбайд өлсгөлөн зарласан.
МоАХ дотор бас л үзэл суртлын маягтай өрсөлдөөн, мэтгэлцээн нэлээд ил тод мөртөө илүү ширүүн өрнөж байв. Удирдлагад орсон хүмүүс дотроос онолын маргаан хийдэг нь Бошигт, Энхтөвшин, Зориг гурав. Өөрөөр хэлбэл тэр гурав гоцлон ярьдаг байсан гэсэн үг. Чухам энэ гурвын лекц семинарийн дүнд Анхны цуглаанаас гарсан 14 зүйлт шаардлага, Ардчилсан холбооны анхны их хурлаас гарсан дараагийн шаардлагууд эмхлэгджээ.[i]
Гэтэл удирдлагад Нэргүй доктор гэх хүн ирж нэгдлээ. Эдийн засгийн мэргэжилтэй энэ хүнийг эргэн тойрныхон нь “толгойтой” гэж хүлээн зөвшөөрдөг авч хятад гаралтай хүмүүсийг хавчиж байсан олон жилийн практикаас болж түүнийг ил магтах нь ховор, ерөнхийдөө гадуурхагдсан нэгэн. Маркс, Лениний зохиолыг орос монголоор нь цээжээр хэлэх битгий хэл ямар номны хэд дүгээр хуудсанд аль эшлэл байдгийг тогтоосон гэж мэддэг нэг нь бишрэн ярьдаг. Бошигт Ардчилсан холбооны бүхий л үзэл суртлыг атгаж байгаа нь Нэргүйд таалагдсангүй. Учир нь Бошигт илүүтэй социализмыг үгүйсгэж чөлөөт нээлттэй нийгэм байгуулахын төлөө үзэлтэй байсан бол Нэргүй нь социализмын одоо байгаа хэлбэр тогтолцоог бүрэн нураагаад Лениний мөрөөдөж байсан социализм, коммунизмын уг эх загварт оруулахын төлөө байлаа.
Бошигт, Нэргүй нарын хооронд үзэл суртлын болон онолын маргаан өрнөхөд Нэргүйг Зориг дэмжсэнээр Бошигт цаашид удирдлагаас бүрэн шахагдсан юм. Нэгэнт хагарал гарсан нь бүхэнд илэрхий болсон учир Ерөнхий зохицуулагч маань холбоонд хоорондоо үл таарах фракц үүссэнийг хүлээн зөвшөөрлөө. Үүнийг эсэргүүцэж Бошигт “С.Зориг МоАХ-д хоёр фракц бий гэж бичсэн байна. Олон нийтийн хөдөлгөөнд өдий болтол фракц байсан түүх үгүй. Нөгөөтэйгүүр эгнээнээсээ хөөсөн хүмүүсийгфракц гэж нэрлэдэггүй юм” гэжээ. [ii]
Нэргүй онолын зонхилох байрыг эзэлснээр Ардчилсан холбооны шаардлага эрс хурц боллоо. Ард түмний онц зөвлөл (АТОЗ гэж товчилдог байсан) байгуулахыг улайран шахаж эхэлсэн нь ардчиллын явцад гэнэтийн өөрчлөлт оруулав. Өөрчлөлт шинэчлэлийг дэмжин улам гүнзгийрүүлнэ хэмээн эрх барьж буй МАХН-ын зүгээс ч талархал хүлээж байснаа гэнэт ардын шүүх маягийн юм байгуулж урьдын дарга даамлуудтай тооцоо хийн өөрийн шүүхээр оруулж яллана гээд дайраад унахаар нийгмээрээ цочиролд оров. Бүр хоёдугаар сарын 18-нд болсон МоАХ-ын анхдугаар их хурлаас гарсан шаардлагад:
Засгийн бүх эрхийг гартаа авч улмаар улс орны хувь заяагаар тоглон, хөдөлмөрчдийг ядуу зүдүү амьдралд байлган, нийгмийн өмчийг бүрэлгэн сүйтгэж, эдийн засгаа их өрөнд унаган доройтуулж, өөрсдийн эрх ямбаар ард түмнээ золиосолсон этгээдүүдийн хэргийг ард түмний онц зөвлөлөөр шалган шүүж яллах[iii]
Энэ нь саяхнаас хүмүүс олж мэдэх болсон 1937-38 оны их хядлагын өмнөх анхааруулгатай төстэй сонсогдож байлаа. АТОЗ хэрхэн бүрэлдүүлэх технологи ч тодорлоо. Ардын түр хурал (АТХ гэж товчилдог байсан) байгуулах ба түүнийгээ бодвол ямар ч сонгуульгүйгээр хэн нэг нь эсвэл бүлэглэл улс төрийн намуудаас тодорхой хүмүүсийг сонгон шалгаруулж бүрдүүлнэ гэнэ. “Улс төрийн хүчнүүдийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурлыг энэ гуравдугаар сард багтаан байгуулах” гэж гуравдугаар сарын 4-нд гаргасан дөрвөн хүчний хамтарсан мэдэгдэлд шаардлага болгон тавьсан юм.
Арванхоёр дугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрийг тохиолдуулан хийж асан анхны цуглаанд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, Хүний эрхийн тунхаглалд тодорхойлсон эрхийг хүндэтгэн дээдэлж мөрдөх, байнгын ажиллагаатай парламент байгуулах, үндэсний эрх ашгийг хөндсөн асуудлыг бүх ард түмнээр хэлэлцүүлж байх гэх мэтийн эрүүл саруул, үнэхээр ардчилсан шаардлага сонсогдож байсан бол одоо “дарга анги” гэгчийг бодож олоод түүнийгээ большевик суртлын жишгээр устган үгүй хийх тухай тулган шаардах боллоо. Лениний устгана гэж эхнээсээ заналхийлж байсан “хөрөнгөтөн анги” энд “дарга анги” гэдэг нэршлээр солигдсон, устгах технологи аргачлал нь яг тэр хэвээрээ илэрхийлэгдэж байлаа.
Өлсөглөн зарласан хоёр дахь өдөр Төв талбайд хэрэг явдал их хурцдаж хүн зоны хөдөлгөөн улам нэмэгдлээ. Долоон мянган оюутан өлсгөлөнг дэмжиж буйгаа илэрхийлэн төв төлбайд жагсан ирэв. Хэд хэдэн аймагт дэмжигчдийн жагсаал болж байна. Олон үйлдвэр газар ажил хаяхаа мэдэгдлээ. Улс орон даяар цэргийн хүчээр онц байдал тогтоох гэж байна гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй явган цуу 1990.3.9-ий үдээс хойно таржээ.
Армийн болон хүчний бусад байгууллагад бэлэн байдал зарласан байсан. Нийгмийн хэв журам алдагдах, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж аль ч оронд бэлэн байдал зарладаг учраас үүнд гаж юм байсангүй. Харин УТТ-ы хоёр гишүүнээс Нийслэлд онц байдал тогтоох тогтоолын төсөл оруулж ирэв. Төсөлд долдугаар сарын 1 хүртэл хугацаанд хурал цуглаан хийх, жагсаал ёслол үйлдэх, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод “хууль ёсоор зөвшөөрөл олгоогүй болон хууль тогтоомжийг зөрчиж хийсэн хурал цуглаан, жагсаал ёслолыг хүчээр тараах, эмх замбараагүй байдал бий болсон тохиолдолд техник хэрэгслэл хэрэглэх эрхийг цагдан сэргийлэх байгууллагад олгох”-оор заасан аж. Энэ талаар ширүүн маргаан үүсч, НАХЯ-ы сайд Жамсранжав тэргүүтэй голлох хүмүүс эрс эсэргүүцжээ.[iv]
Чухам энэ үед Нэргүйгийн штабаас (Энэ штаб Нэргүйгийн гэрт байрлаж байсан, тэнд Зориг тэргүүтэй Ардчилсан холбооны гол удирдлагууд байрлаж байв) өлсгөлөн зарлагсад болоод бусад нам хүчний удирдлагад зааварчлага ирлээ. “НАХЯ-ы подволд цэргийн анги буу зэвсэгтэйгээр жагсаал тараах гээд отож байна. Яамны арын хашаанд олон танк асаалттай байна. Бүрэнхий болонгуут тэд талбай руу орж ирнэ. Тиймээс талбайд цугласан хүмүүсийг НАХЯ-ны тийш чиглүүлэн марш хийлгэ. Өмнөө хүүхэд эмэгтэйчүүдийг оруулан халхалбал тэд буудаж чадахгүй. Ингээд тэр эрчээрээ Ордон руу дайран орж эзлэнэ”. Ийм сценари зохиогоод гар зургаар сум заан чиглэлийг тодорхойлжээ.
Үүнээс өмнөхөн Төрийн ордон дотор дөрвөн хүчний төлөөлөгчид төрийн удирдлагатай дугуй ширээний уулзалт хийж тохиролцоонд хүрч байсан юм. Штабаас ирсэн зааварчилгаа нь уулзалт тохиролцоог тасалдуулах илэрхий зорилготой байлаа. Гэрийн штабтаа Нэргүй доктор хэдийнээ нэргүй болж “багш” гэсэн хүндлэлтэй болжээ. Бүхий л зааавар төлөвлөгөө тушаал Лениний "Төр ба хувьсгал", "Дөрөвдүгээр сарын сэдвүүд" гэсэн террорист сурах бичгийн хуулбараар. Эдгээр зохиолыг Монголын боловсролын систем сурагч оюутнуудад олон жилийн турш заан цээжлүүлж, шалгалт шүүлэг аван тогтоолгуулсан юм. Хувь заяаны шоглоомоор энэ “онол” нь ингэж өөрсдийнх нь эсрэг эргэжээ.
Есний орой 21 цагийн орчимд Төрийн тэргүүн Батмөнх ард түмэндээ хандан радио телевизээр үг хэллээ. Энэ бол гэнэтийн явдал байсан юм. Тэрээр:
- МАХН-ын онц их хурал хуралдуулах шаардлагыг хүлээж авч байна. Удахгүй болох намын бүгд хурлаар шийднэ
- УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг товчооны гишүүд бүгд зөвшөөрсөн. Үүнийг бүгд хурлаар шийдэх учир бид саналаа оруулна.
- Ардын их хурлыг тарааж оронд нь Ардын түр хурал байгуулах саналыг авч үзнэ. Гэхдээ Ардын их хуралд итгэл үзүүлэх эсэх асуудлыг ард түмний санал асуулгаар шийдэх нь зүйтэй.
Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсонд бүх нийтээр санаа амарч өлсгөлөнг зогсоолоо.
ЗАСВАРЛАВАЛ ЭВДЭРДЭГ СОЦИАЛИСТ ТОГТОЛЦОО
Удалгүй ердөө гурав хоногийн дараа МАХН-ын VIII бүгд хурал боллоо. Хурлаар тэд онц их хурлаа дөрөвдүгээр сарын 10-нд хуралдуулахаар болов. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцээд "Бүгд найрамдах Монгол ард улсын төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист, ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол ардын хувьсгалт нам мөн." гэсэн заалтаас татгалзах саналаа АИХ-д оруулахаар боллоо: Энэ нь МАХН нийгмийг дангаараа удирдан жолоодох үндсэн зарчим үүргээсээ татгалзаж байна гэсэн үг юм. Мөн Цэдэнбалыг намын эгнээнээс хөөх, Төмөр-Очир, Лоохууз, Нямбуу Сурмаажав нарыг улс төрийн талаар цагаатгах шийдвэр гаргалаа. [v]
Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг хүлээн авч ёсоор болгов. Намын даргаар Гомбожавын Очирбатыг сонгоод Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг Мишигдорж, Гомбосүрэн, Өөлд, Түдэв нарын бүрэлдэхүүнтэйгээр батлав. Энэ улс төрийн товчоо бол хуучин шиг нийт нийгмийг удирдан чиглүүлж эрх мэдлийг гартаа авахгүй. Энэ товчоо зөвхөн намдаа хамаатай. Одооноос улс орныг төр удирдана. Ийнхүү хуучин Улс төрийн товчоо огцорсноор улс орныг тэр чигээр нь удирдаж байсан УТТ эрх мэдлээ төрд шилжүүлжээ.
АТОЗ байгуулаад урьд нам төрд ажиллахдаа гэмт үйлдэл хийж буруу удирдсан хүмүүсийг яллана гэсэн Ардчилсан холбооны шаардлага олон хүнийг нийгмийг ардчилах үйл явцын эсрэг хандууллаа. Нам төрийн удирдлага солигдох болсон энэ үйл явдлын дундуур Намын гол хүн Намсрай далимыг ашиглан ардчилсан хүчний дэмжлэгтэйгээр төрийн эрх мэдлийг авах гэж байна гэсэн хардлага түүний эсрэг фракцынханд үүсчээ. Тэд янз бүрийн шугамаар ардчилсан хүчний олон хүнтэй уулзан энэ ”аюулаас” сэргийлэх арга хэмжээ авав. Түүнийг өмнө нь зөвлөлтийн КГБ-тэй хамтран ажиллаж байсан, ер нь тэндэхийн тагнуул туршуул гэсэн янз бүрийн яриа өдөөн гаргаж нийтэд үнэмшүүлэх ажил эрчимжлээ. Чухам тэдний ил далд ятгалгаар “АИХ-ын тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр Батмөнхийг үлдээе” гэсэн ардчилсан хүчний цуглаан жагсаал боллоо. Энэ саналаас Батмөнх татгалзсан. Харин үүний дараагаас МАХН-ын бүх аппаратаас ардчилсан хүчний эсрэг дайралт, суртал нэвтрүүлэг, ятгалга эрчимжлээ. Олон жилийн турш үзэл суртал, суртал нэвтрүүлэг, гүтэглэг, мушгин гуйвуулалтад мэргэшсэн аппарат хуримтлуулсан чадвараа эрээ цээргүй илэрхийлж эхэлжээ. Хамгийн анх дээд удирдлагыг шүүмжлэн хаалга нээсэн Үнэн сонин одоо ардчилсан хүчин рүү нумаа хандуулж хамгийн аймшигтайгаар гүтгэгч, доромжлогч, улайран довтлогч болж хувирав.
Гэтэл Очирбат, Чимид, Содном, Жамсранжав, Гомбосүрэн, Жасрай тэргүүтэй төр талын хүмүүс дайсагнагч хоёр талын дунд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх боллоо. Тэр бүлэг МАХН-ын Онцих хуралд ялалт байгуулж улмаар гуравдугаар сарын 21-23-нд болсон АИХ-ын VIII чуулганаар төрийн эрх мэдлийг бүрэн авлаа. АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар Очирбат, нарийн бичгийн даргаар Дашдэмбэрэл, тэргүүлэгч гишүүнээр Чимид. Засгийн газар тэр чигээрээ өөрчлөгдлөө. Ерөнхий сайдааар Гунгаадорж, орлогчоор Бямбасүрэн, Зардыхан, Шаравсамбуу нар. Одооноос ардчилсан хүчинтэй хэлэлцээ хийх субъект нь нам биш, харин төр болсон юм.
МоАХ мөнөөх АТХ, АТОЗ-оосоо салах дургүй, улам хүчтэй шахах боллоо. Энэ үед МСДН-аас шинэ санал гаргасан нь аяндаа нэлээд дэмжлэг хүлээсэн юм. “Юун түрүүн бүх нийтийн сонгууль явуулж Ардын бага хурал байгуулах. Ардын бага хурал нь байнгын ажиллагаатай, түүний дээр бүх ард түмнээс чөлөөтэй сонгогдсон Ардын их хурал нь байнгын ажиллагаатай биш ч Ардын бага хурлыг тодорхой хугацаанд хянан шалгаж төрийн хамгийн дээд эрхийг эдлэнэ. Энэ хооронд Ардын бага хурал нийгмийн шилжилтийн хуулиуд боловсруулахын зэрэгцээ хамгийн гол нь шинэ Үндсэн хуулийг боловсруулж Ардын их хуралд өргөн барьснаар шилжилтийг дуусгавар болгоно.”
Энэ санааг МСДН удаа дараа тавьсан боловч Төрийн зүгээс хагас зэрэмдэгээр хүлээж авсан бол МоАХ энэ талаар сонсох ч дургүй байлаа.[vi] Чимидийн уйгагүй тайлбарын үндсэн дээр дээрх санааг нэлээд боловсронгуй болгосон хувилбарыг шинээр сонгогдсон төр болон Засгийн газрын бүрэлдэхүүн хүлээн аваад нийт ард түмэн, түүний дотор голлох улс төрийн намуудад танилцууллаа. Энэ бүхнийг нэгтгэн АИХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Дашдэмбэрэл радио телевизээр танилцуулав.
1. МоАХ-ын зүгээс шаардаад байгаа Ардын түр хурал гэгчийг бүх нийтийн сонгууль, эсвэл ард түмний санал асуулгагүйгээр шууд байгуулах бололцоогүй. Үүнийг ард түмний санал асуулгаар шийднэ гэж дөрвөн хүчнийхэнтэй хамтарсан дугуй ширээний ярилцлагаар тохирсон мөртөө одоо түүнээсээ МоАХ ухарч болохгүй.
2. Ард түмний онц зөвлөл гэгчийн тухайд МАХН өөрийн онц их хурлаар алдаа эндэгдэл гаргасан хүмүүстэйгээ тооцоо хийхээр нэгэнт шийдвэрлэсэн тул тооцоо хийх, яллах ажиллагааг давхардуулах шаардлагагүй гэж үзэж байна.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод бужигнаан үүслээ. Зөвшөөрөлгүй цуглаан хийсэн хэргээр Ардчилсан холбооны хэсэг хүмүүсийг Аймгийн даргын захирамжаар баривчлан хорьжээ. Үүнийг эсэргүүцэж тэндэхийн ардчилсан хүчнийхэн хариуд нь өлсгөлөн зарлав. Үүнийг дагаад олон газар эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөх нь тэр. Газар дээр нь Зориг, Элбэгдорж нар очин аймгийн захиргаатай ярилцан буулт хийлгүүлсний үндсэн дээр өлсгөлөнг зогсоожээ.
Оролцогч талууд энэ концепцид санал нэгдсэн авч ганцхан Бат-Үүл үл зөвшөөрч, гарын үсэг зурахаас татгалзав. Хөвсгөлийн өлсгөлөн, үүнийг дагаж улс орон даяар дахин буй болсон түгшүүрт байдал энэ хэлэлцээрийг зөвшөөрүүлэх аргагүй болгожээ. Зориг, Бат-Үүл нар энэ тохиролцоог зөвшөөрөхөд бэлэн байлаа. Эцэст нь 1990 оны тавдугаар сарын 5-ны бямба гаригийн орой хэлэлцээрт Бат-Үүл нарын үсэг зурлаа.[vii] Маргааш нь хэлэлцээрт гарын үсэг зурсан Бат-Үүл, Хөвсгөлийн өлсгөлөнг зогсоосон Зориг нарыг доктор Нэргүй урвагчаар зарлав.[viii] Тэрээр “Монголын жинхэнэ ардчилсан холбоо” гэдгийг байгуулсанд Жаргалсайхан тэргүүтэй хэсэг ардчилагчид дагалдсан юм. Гэвч удаан насалсангүй. Монголын ардчилсан холбоо үүнээс хойш ленинч хүчирхийллийн онолын баримжаанаасаа эгнэгт салав.
АИХ-ын нэрийн өмнөөс Чимид, Засгийн газрын өмнөөс Бямбасүрэн, МАХН-аас Жанцан, МоАН-аас Бат-Үүл, МСДН-ээс Гончигдорж, МҮДН-ээс Ганболд нарын бүрэлдэхүүн, дээр нь Оюутны холбоо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн төлөөлөгчдийн оролцоотойгоор Монгол улсын цаашдийн төрийн байгууламжийн талаар тохиролцох хэлэлцээр хэдэн хоног үргэлжиллээ. Үүний үр дүнд Монгол орны цаашдын явдлын ерөнхий төлөвлөгөө чиглэл гарсан. Удахгүй АИХ-ыг хуралдуулан 1960 оны Үндсэн хуулиас МАХН-ын дангаар удирдан чиглүүлэх үүрэг, улс орон социализм байгуулж улмаар коммунизмд хүрнэ гэх мэтийн балай заалтуудыг хасах, олон намын системийг хүлээн зөвшөөрөх, үүний дагуу бүх нийтийн сонгууль зохион байгуулах, үр дүнгээр нь байнгын ажиллагаатай парламент болох Улсын бага хурлыг байгуулах, эндээс боловсруулсан баримтаар ойрын хоёр жилийн дотор шинэ Үндсэн хуулийг Ардын их хурлаар батлуулах гэх мэт. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулснаар Монгол улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжсэн юм. Харин АИХ-ын эл чухал хуралдаанд Ардчилсан хүчнээс нэг ч төлөөлөгч оролцоогүй, учир нь тэднээс хэн нь ч энэхүү хууль тогтоох инстүүцэд гишүүнчлэлгүй байлаа.
[i] Энхээ, Чимидийн МоАХ, МоАН – Бодол, эргэцүүлэл (Улаанбаатар 1991) х-18 [Enhee,Ch. Reflection about Mongolian democratic union ]
[ii] Энхээ, Чимидийн МоАХ, МоАН – Бодол, эргэцүүлэл (Улаанбаатар 1991) х-11 [Enhee,Ch. Reflection about Mongolian democratic union ]
[iii] Дашзэвэг.Х. МҮАН-ын түүхэн тэмдэглэл (1989-1996) (Интерпресс, Улаанбаатар 1998) х-30-31 [Dashzeweg.H. Historical notes of the Mongolian National Democratic Party1989-1996]
[iv]Энхээ, Чимидийн МоАХ, МоАН – Бодол, эргэцүүлэл (Улаанбаатар 1991) х-23 [Enhee,Ch. Reflection about Mongolian democratic union ]
[v]МАХН-ын Төв хорооны 8 дугаар бүгд хурлын материал (Улаанбаатар 1990) [8th Plenum of the Central Commitee of the MPRP]
[vi]Ардчилсан социалист хөдөлгөөний мэдээ материалын эмхтгэл (Улаанбаатар 1990) [Collection of the materials and documents of the Democratic Socialist Movement]
[vii] Дашзэвэг.Х. МҮАН-ын түүхэн тэмдэглэл (1989-1996) (Интерпресс, Улаанбаатар 1998) х-30-31 [Dashzeweg.H. Historical notes of the Mongolian National Democratic Party1989-1996]
[viii]Элбэгдорж.Ц. Монголын Цахиагийн Элбэгдоржийн Өдрийн тэмдэглэл. Ардчилалд хүрсэн зам- бодит түүх (Өдрийн сонин) 2020 [Elbegdorj`s private notes – Real History of Road to Democracy]

