Энэ 7 хоногт
Төрийн албаны манаач
Төрийн албаны тухай хуулийн эргэн тойронд
Амиараа хамгаалсан мерит тогтолцоо
1882 онд болсон үйл явдал. АНУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Жеймс Гарфиелд буудуулан амь насаа алдсан дуулиант хэрэг гарсан юм. Улс төрийн намын нөлөөллөөс төрийн албыг салгахын төлөө зүтгэж явсан түүнийг журмын нөхөр нь хөнөөжээ. Хүссэн албан тушаалд нь томилоогүйд хорсон өшөөгөө авсан хэрэг л дээ. “Бидний хөрөнгө мөнгө, дэмжлэгээр сонгуульд ялчихаад бялуу хуваасангүй” хэмээн эгдүүцэн дургүйцсэн намын нөхдүүд тус эс мэддэг Ерөнхийлөгчийнхөө дайсан болоод байсан юм. Тухайн үед Бүгд Найрамдахчууд нам төвтэй төрийн алба уу, эсвэл хараат бус, мэргэшсэн төрийн алба байх уу гэдгээр маргалдан хоёр хуваагдаад байсан юм. Олон жил дамнан ужгирсан энэ тэмцэл анд нөхдийг хүртэл дайсагнуулж улмаар Ерөнхийлөгч өөрийн амь насаараа цэг тавьсан нь энэ буюу.
Жилийн дараа Конгресс дээр түгжигдээд байсан алдарт “Пендлетон”-ы хууль батлагдан гарлаа. Хуулийг санаачлагч Сенатч Жорж Пендлетоны нэрээр нэрлэгдсэн энэ хууль хэрэгжсэнээр төрийн албан хаагчийг шалгаруулалтаар сонгон томилдог болжээ. Улс төрийн намаас нэр дэвшигчдийг хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэж хариуд нь төрийн нэр хүндтэй албанд томилогддог баячуудын хүслийг ийнхүү хясаж чадсан түүхтэй. Пендлетоны хууль төрийн албанд тэгш эрх, шударга зарчмыг хэрэгжүүлснээрээ ардчилсан төрийг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй өнөөг хүртэл дэлхийн олон оронд загвар болон судлагдсаар байна.
Хувийн хэвшилд ах дүү төрөл садан, найз нөхдөөрөө сэтгэл нийлэн ажиллаж болдог бол төрд сонирхлын зөрчил үүсгэнэ хэмээн хорьдог. Учир нь үнэт зүйлсээрээ ялгаатай. Төрийн албаны үнэт зүйл бол нийтийн эрх ашиг. Нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас ангид байлгаж чадваас үүргээ биелүүлнэ хэмээн үздэг. Чухам тиймээс төрийн албанд мэдлэг, чадвараар иргэдийг шалгаруулдаг тогтолцоог бүрдүүлжээ. Үүнийг бид “Мерит” буюу чадахуйн зарчим гэж нэрлэнэ. Сэтгэл, мэдлэг, зүтгэлтэй албан хаагчдын тогтолцоог бүрдүүлэх энэхүү үйл явц олон зуун жилийн тэмцлийг туулжээ, дэлхий дахинаа. Энэ хугацаанд олж авсан сайн туршлагын нэг нь энэхүү мерит тогтолцоог сахин манах чиг үүрэгтэй байгуулагдсан Төрийн албаны комисс юм.
Төрийн албаны манаач
Пендлетоны хуулиар Төрийн албаны комиссыг АНУ-д анх удаа байгуулсан түүхтэй. Комисс нь гурван комиссартай ба Холбооны засгийн газрын албан хаагчдын сонгон шалгаруулалтыг хариуцан явуулах, сургалт хөгжил, хүний нөөцийн ба хүйсийн тэгш эрх, ёс зүйн бүхий л асуудлыг хариуцах чиг үүрэгтэй байлаа. Засгийн газрын тэргүүнээс захиргаа, хүний нөөцийн асуудлыг салгаж байж улс төрийн нөлөөллөөс төрийн албыг хамгаалж чадна хэмээн шинэчлэгчид тухайн үедээ итгэж байсан юм. Харамсалтай нь уг комисс маш олон чиг үүрэгт дарагдан түүртсэн төдийгүй нөгөө талд Засгийн газрынх нь хүний нөөцийн бодлого суларч эхэллээ. Байдал тун хүндэрсэн учраас 1978 онд Төрийн албаны шинэчлэлийн хууль гарч Төрийн албаны комиссыг өөрчлөн “Хүний нөөцийн менежментийн алба” ба “Мерит тогтолцоог хамгаалах зөвлөл” болгон салгаж, чиг үүргийг ялган хуваарилж асуудлыг шийдсэн байна. Хүний нөөцийн менежментийн алба нь Холбооны Засгийн газрын албан хаагчдын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, яамдыг арга зүйгээр ханган, сонгон шалгаруулах, сургаж бэлтгэх ажлыг хариуцан ажиллана. Харин Мерит тогтолцоог хамгаалах зөвлөл нь төрийн албанд мерит зарчим хэрэгжиж байгаа эсэхийг хянан манах болов. Өөрөөр хэлбэл манаачийг тусгаарлаж өгчээ.
Сүүлийн жилүүдэд олон улс оронд Засгийн газар боловсон хүчнийхээ хөгжлийн бодлогоо удирдан хэрэгжүүлэх үүргээ улам бүр ухамсарлах боллоо. Хүн ам ихтэй, хөгжингүй улс оронд захиргаа, боловсон хүчний бодлогод онцгой ач холбогдол өгөн бие даасан яам ажиллуулдаг. Тухайлбал: Өмнөд Солонгос улсад “Төрийн захиргаа”-ны яам ажиллаж захиргаа, хүний нөөцийн бодлогоо удирдан, яам хоорондын уялдааг хангадаг. Солонгосчууд хэдэн жилийн өмнө Төрийн албаны комиссоо татан буулгаж яамандаа нэгтгэсэн юм билээ. Төрийн албаны хараат бус байдлаа Засгийн газар нь хариуцах чадвартай болсон хэмээн үзсэн бололтой. Тэдэнтэй уулзаж байхад сонгон шалгаруулалтаа хөндлөнгийн явуулж чаддаг туршлагаа хуваалцаж бүр төрийн албаны шалгалтад тэнцээгүй сайдынхаа хүүхдээр жишээлж байсан юмдаг. Түүнчлэн тус яамны харьяанд “Орон нутгийн албан хаагчдын хөгжлийн институт” ажилладаг. Засгийн газрынхаа дэргэд “Төрийн захиргааны судалгааны институт” 1991 оноос хойш амжилттай ажиллаж байна. Төрийн захиргаа ийнхүү шинжлэх ухаанаар удирдуулах болсон нь Солонгос улсын үсрэнгүй хөгжих болсон нэгэн нууц ч байж магад. Харин Япон улсад “Үндэсний боловсон хүчний эрх хэрэгжүүлэх” байгууллага ажиллаж засгийн газрын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Энэхүү байгууллагын комиссарыг Засгийн газраас Парламенттай зөвшилцөн томилно. Тиймээс энэ байгууллага засгийн газрынхаа дэргэд ажиллаж, хүний нөөцийн олон чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Канад улсын Төрийн албаны комиссын чиг үүрэг илүү тодорхой бөгөөд хөгжиж буй орнуудад загвар болохуйц. Комисс үндсэн дөрвөн чиг үүрэгтэй. Үүнд: сонгон шалгаруулалт зохион байгуулах, төрийн албаны томилгоо хийх, гомдлын дагуу хянаж шалгах, хүний нөөцийн аудит хийдэг. Төрийн албаны шинэчлэлийн гол зарчмын нэг бол “Менежерт удирдах эрх”-ийг түлхүү олгох билээ. Ялангуяа үр дүнд суурилсан гүйцэтгэлийн тогтолцоо нэвтэрч байгаа өнөө үед байгууллагын удирдлагад илүү их эрхийг олгох болсон юм. Энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс Канадын Төрийн албаны комисс томилгооны чиг үүргээ Засгийн газартаа шилжүүлээд удаж байна. Комисс нь ахлах албан тушаалтныг сонгон шалгаруулах, мерит тогтолцоог хянаж шалгах ажлыг голлох ба яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт салбарынхаа томилгоог хийх эрх мэдлийг болзолтойгоор төлөөлүүлжээ.
Манаачийг хэн манах вэ?
Энэ мэт хөгжсөн улсуудын туршлагыг дурьдаад байгаа шалтгаан нь манай Төрийн албаны зөвлөлийг шинэчлэх шаардлага тулгараад байгаатай холбоотой. Зөвлөлийн үүрэг бол төрийн албыг улс төрийн зохисгүй нөлөөллөөс хамгаалж, мерит тогтолцоог сахин манаж байх ёстой ч тэд өөрсдөө асуудлынхаа “зовлон” болчихоод удаж байна. Зовлонгийн учир шалтгаан нь тогтолцоотой холбоотой. Юуны өмнө Зөвлөлөөр дамжин улс төрийн зохисгүй нөлөөллийг тогтоох боломжийг хуулиар олгосон гэлтэй. Эдүгээ мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуульд Зөвлөл нь орон тооны гурав, орон тооны бус дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хамтын удирдлагатай болохыг хуульчилсан. Эдгээр орон тооны бус дөрвөн гишүүнд УИХ-ын Тамгын газрын ЕНБД, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн НБД нар албан тушаалаараа багтдаг. Чухамхүү эдгээр албан тушаалтнуудын удирдаж байгаа төрийн захиргааны албыг Зөвлөл хянах ёстой байтал тэд зөвлөлийн бүрэлдэхүүнд орсноор “дээд хүний”-хээ даалгаврыг дайн очдог шувууд болоод хувирчихдаг бололтой. Гэтэл бусад улс оронд орон тооны бус гишүүнээр төрийн албан хаагч ажиллах нь сонирхлын зөрчил үүсгэнэ хэмээн хуулиараа хорьдог. Тухайлбал Сингапур улсад Төрийн албаны комиссын дарга нь зөвхөн орон тооны ба 15 хүртэлх орон тооны бус гишүүдтэй байж болох бөгөөд тэд ТББ, их дээд сургууль ба хувийн хэвшлийн төлөөлөгчид байдаг. Манайд ч мөн адил Зөвлөлийн орон тооны бус гишүүдийг олон нийтэд нэр хүндтэй, шударга гэдгээрээ танигдсан иргэд, иргэний нийгмийн байгууллагаас бүрдүүлэх нь зүйтэй санагдана. Өөрөөр хэлбэл манаачийг олон нийтийн төлөөллөөр давхар мануулж буй хэрэг юм.
Дараагийн асуудал бол Зөвлөлийн гишүүдийн томилгооны болон үйл ажиллагааны хараат бус байдлыг давхар хамгаалж өгөх шаардлагатай байна. Зөвлөлийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор харин орон тооны хоёр гишүүнийг УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ тус бүр нэг нэр дэвшигчийг дэвшүүлэх эрхтэй бөгөөд УИХ-аар томилдог. Засгийн газрыг хянах олон талын чиг үүрэгтэй Зөвлөлийн гишүүнд ЗГХЭГ-аас нэр дэвшүүлэх шаардлага байхгүй баймаар.
Мөн Зөвлөлийн гишүүдийн чадварт анхаарч, удирдах ажлын дадлага, туршлагатай хүн хэмээн ерөнхийлсөн шалгуураар биш харин төрийн албаны шинэчлэлийн агуулга, арга зүйн мэдлэгтэй, түүндээ итгэл үнэмшилтэй байх чанаруудыг голлох нь зөв болов уу. Улс төрийн нөлөөллийг бууруулах үүднээс улс төрийн албан тушаал хашиж, улс төрийн намд ажиллаж байгаад Зөвлөлийн гишүүнд шууд нэр дэвшихийг ч хорих хэрэгтэй санагдана.
Морь унасан толгойгүй хүн
Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлийг төрийн албаны төв байгууллагаар тохоож, төрийн албаны шинэчлэл стратегиас эхлээд боловсон хүчний бодлого, цалин хөлс, гүйцэтгэлийн удирдлага бүр сүүлдээ зээл тусламжийн асуудлыг хүртэл хамардаг болов.Нэг үгээр хэлэхэд манаачид хийхгүй ажил ч алга бас хийж чадах ажил ч үгүй болчихоод удаж байна. Тэд дэндүү олон чиг үүрэгт дарагдсанаас чадахуйн сахин хамгаалах үндсэн үүргээ ч цалгардуулж байна. Харамсалтай нь Төрийн албаны зөвлөл улам л томрохыг хүснэ. Тэд дэргэдээ сургалтын алба байгуулсан төдийгүй Удирдлагын академийг харьяа байгууллагаа болгох санаархлаа хуулийн төсөлд шургуулаад амжсан удаатай. Өөрсдөө асуудлынхаа зовлон болчихоод байгаагаа үл огоорон үр дагавартай зууралдан эрх мэдлээ өргөжүүлэн, бүтцээ нэмээд суудаг бюрократ синдром гэгч энэ буюу.
Монгол Улсад өнөөдөр засаглалын гамшиг нүүрлээд байгааг хэн хүнгүй л шүүмжилнэ. Бидний нэн тэргүүнд хийх ажил бол төрийн албыг улс төрийн зохисгүй нөлөөллөөс салгах явдал юм. Тиймээс мерит тогтолцоог сахин манах үндсэн чиг үүргийг Зөвлөлд үлдээж харин энэ хүрээнд хүний нөөцийн аудит хийх, хянан шалгах, таслан зогсоох тэдний эрх мэдлийг нь нэмэгдүүлэх шаардлагатай харагдана.
Гэтэл нөгөө талдаа боловсон хүчнийхээ бодлогыг алдсан Засгийн газар ёстой л морь унасан толгойгүй хүн шиг болчихоод удаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газартаа шинэчлэлийн бүтэц бүр ядаж хүний нөөц хариуцсан бодлогын нэгж байгуулахыг гадна, дотны зөвлөхүүд бидэнд удаа дараа сануулсаар ирсэн билээ. Төрийн алба улс орны хөгжлийн залуур болж байгаа өнөө цаг үед Засгийн газар боловсон хүчнийхээ хөгжлийн бодлогыг өөрөө тодорхойлж, гардан хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгааг ухаарах цаг иржээ.
Монголчууд төрийн хар хайрцагны бодлогыг эрт дээрээс хэрэгжүүлж ирсэн түүхэн уламжлалтай. Тэгвэл тэрхүү хар хайрцагны бодлогын үндэс нь боловсон хүчний хөгжлийн бодлого юм. Засгийн газрын бүтцэд хүний нөөцийн удирдлагын нэгдсэн тогтолцоо сууж байж Монголын төр чадавхтай болно. УИХ-аар хэлэлцэгдэж буй “Төрийн албаны тухай” хуулийн төслийн гол агуулга бас ийм байх болов уу.
Ч.СОСОРМАА