Түүх зохиогдсон түүх

Б.Цэнддоо “Г.Бадамдорж: Шар хүний “хар” түүх” ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийн хамтран бүтээж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг”(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм.Удахгүй хэвлэлтээс гарах уг номын “Түүх зохиогдсон түүх” бүлгээс толилуулж байна.


эхлэл. Үл мартагдах “Хишиг”

ХХ зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулах санаачилга гарсан үеэс эхлээд монголын автономийг устгах үеийн бүхий баримт бичигт нэгэн сонирхолтой хэллэг, ойлголт тааралддаг. Манжийн сүүлчийн амбаныг хөөж явуулсан албан шаардлагад хүртэл гардаг “олон жил хүртсэн Манжийн хааны хишиг” гэсэн хүндлэл, Хятад улсын зүгээс Гадаад монголыг нэгтгэхээр гуйсан, аргадсан, сүрдүүлсэн бүхий явууллага болон Чен И-гийн “64 зүйл” бүхий төсөл, Сю Шүжангийн хүчээр устгасан автономийн тухай зарлигт хүртэл гардаг “Чингийн үеийн сайхан байдлыг сэргээх” гэсэн хэллэгүүд ямар учрыг өгүүлнэм бэ?

      1919 онд автономитийг устгасан тухай баримт бичигт “урьдах Чин улсын хуулийг дахин олж...” гэж юуг хэлж байгаа юм бэ? Хөөж тууж явуулахдаа хүртэл хэрэглэдэг энэ хэллэг зүгээр нэг зулгуйдал, улс төрийн ёслолын хэллэг үү? Эсвэл монголчуудын санаа сэтгэлд гүнзгий шингэн үлдсэн сайхан цагийн дурсамж юм уу?

    Гадаад монголын эрх баригчид Манжийн “шинэ засгийн бодлого”-ыг яагаад эсэргүүцэж байв? Манжийн ноёхлыг унагаад гарч ирсэн Хятадын бүгд найрамдахчууд монголыг сайн дураар болон хүчээр нэгтгэн авах оролдого бүрийдээ байнга амлаж байсан байсан “Чингийн үеийн хууль дүрмийг монголчуудад зориулан сэргээх” санаа ямар учиртай вэ? Энэ ойлголтод монголчуудын сэтгэлийг татах ямар хүчин зүйл байсан бэ?

    Хуучин Гадаад монголын нутагт феодалын засаглал үлдээгээд, өвөр монголоос урагш Бүгд наaрамдах засаглал тогтоох хувилбар Бээжинд байв уу? Өнөөгийн Хонгконг, Макао дээр туршин хэрэглэж байгаа, цаашдаа Тайваньд амлаж буй “нэг хятад хоёр систем” хэмээх бодлогын анхны улбаа энд байсан уу? Эсвэл, протекрат, хараат орнууддаа өөрийн засаглалын хэлбэрийг үл тулгах ньГадаад монголыг нэгтгэж амжаагүйгээс үүдсэн сургамж юм уу? 

    Эдгээр асуулттай тулгах бүрийд өнгөрсөн үеийг шинээр харах хэрэгцээ гарч байдаг. Улмаар, өнгөрсөн үеийг “бэлэн дүгнэлтгүйгээр эргэн харах” шаардлага тулгарч байгааг мэдэрдэг. Тэр тусмаа, манжийн үеийн монгол орныг дайсан нөхөр болгон хуваалгүйгээр, Богд хаант монгол улс байгуулагдахаас эхлээд Дундад иргэн улсын Гадаад монголын Автономийг устгахыг хүртэлхи үеийг ангийн тэмцэл болгон дэглэлгүйгээр хармаар санагдаж эхэлдэг.

   Эргэлзэх бүрийд юу бодогддог вэ гэхээр, өнөө болтол бидний сэтгэлд ээнэгшээд, сүүлдээ салахаас хайран, буруушаахаас харам болсон тодорхойлолт хаанаас яаж гарсан бэ гэдгийг эргэцүүлэхэд хүрнэ. Улмаар, яагаад тэдгээр ойголтууд худал хуурмаг ч гэсэн сэтгэлд дотно үлдсэнд гайхаж эхэлнэ. Заримдаа, тэр сайхан итгэл үнэмшлээ эвдэж үнэнд хүрсэнд орвол, хуурагдсан хэвээрээ үлдэх нь амар ч юм шиг болдгийн нууц хаана байна вэ гэдгийг ч эрэлхийлэхдээ тулна. 

    Эрэлхийлэл, эргэлзээ, гайхшрал болгон маань бидний хамгийн дуртай, анх сонсож өөриймшүүлсэн тэр түүх (БНМАУ-ын түүх) хэрхэн бүтээгдсэн нууц руу хөтөлнө. Монголын түүхийг ойлгохын тулд монголын түүх бүтээгдсэн нэгэн үеийн түүхийг өөрийг нь ойлгох нь чухал болоод байна. Энэ түүхийг ойлгохгүйгээс болоод


Нэг.Түүх зохиогдсон түүх

Орчин үеийн өрнөдийн хэв маягтай түүхээ монголчууд БНМАУ-ын үед зохиосон юм. БНМАУ нь Зөвлөлтийн протекрат бүс дэх дагуул улс бөгөөд социалист дэглэмтэй орон байсныг бид мэднэ. Ийм учраас тухайн үеийн улс төрийн тогтцыг түүхэн утгаар зөвтгөх нь БНМАУ-ын түүх бичлэгийн үүрэг байжээ. Ийм учраас, хаанаас нь ч харсан шинжлэх ухаанч арга барилаар бичигдсэн,түүх бичлэгийн чухал шалгуур болсон ишлэл , зүүлт[i], тайлбартай боловч дүгнэлтээ эхэлж гаргачихаад түүндээ тааруулан баримт цуглуулсан шинж энэ үеийн түүхэнд давамгайлдаг. Энэ нь хэд хэдэншалтгаантай. 

     Нэгдүгээрт, Зөвлөлт маягийн түүх бичлэгийн хандлагаар өнгөрснөө харахаас өөр боломжгүй байсныг эхлээд хэлэх ёстой.Эндээс үүдээд Зөвлөлтийн тусламжаар социализм байгуулах хүртлээ монголчууд “өөдөө нарны бараа хараагүй” байдлаар түүхээ бичихэд тулсан аж.

Өөрөөр хэлбэл,Монгол нутаг Зөвлөлтийн протекрат болсон явдлыг сайшаан магтах үүрэг манай түүх бичлэгийн өмнө тулгарчээ. Тэрч байтугаа Орос-Зөвлөлтийн ард түмний хувьд Чингис хаан эзлэн түрэмгийлэгч дайсан болсон учраасмонголчуудын түүхийн хамгийн бахархалт үе болох Монголын эзэнт гүрний үеийг хүртэл харлуулан дурсах хэрэгтэй болсон байна. Энэ бүхнийг ХХ зууны монголын нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “ БНМАУ-ын түүхийг уншихад, Монголын эдийн засаг, соёл мянган жилийн турш унасаар эвдэрч сүйдсээр байжээ. Гэвч хэзээ дэвшилт, сэргэлт байсныг заасангүй...XIII зуунд унасан, XIV, XV зуунд унасан, XVIII зуунд унасан, XX зууны эхээр эхээр бас л унасан гэсэн ганцхан дүгнэлтийг хийж болохоор”[ii]хэмээн ёжилсон бөлгөө.

      Монголчууд бүх нийтэд зориулсан шинэ түүхээ зохиосон түүх өөрөө сонин онцлогтой. ХХ зуунд, ардын боловсролын тогтоц бий болж, эх түүхтэйгээ системтэйгээр танилцах хөтөлбөр гарсан үе ба түүхийг тодорхой үзэл сурталд тааруулан гуйвуулах цаг хоёр давхцдаг. Монголчуудын нийтийн ой санамжид энэ үеийн түүхэн гаргалгаа дүгнэлтүүд онцгой амь бөхтэй оршсоор үлджээ. Хувь хүн амьдралынхаа анхны учралуудыг мартдаггүйн нэгэн адил үндэстэн анхны мэдээллийг сэргээн санах эрмэлзэлтэй байдаг бололтой.

  Энэ үед нь Манжийн Вассал Гадаад монголын түүхийг үнэлэх өнөөгийн зарим ойлголтууд, тухайлбал эл номын гол сэдэв болсон “Манжийн дарлал”, “Манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн”, “урвагч шанзав Г.Бадамдорж” , “эх орноо худалдах” гэхчлэнгийн ойлголтууд бий болжээ. 

   Хоёрдугаарт,социалист дэглэмийн түүхэнд хандах хандлага нь “түүх бол зөвхөн ангийн тэмцлийн түүх” гэж үзэх марксист-ленинист чиг баримжаа байв. Хүн төрөлхтөн дарлагч, дарлагдагч гэсэн хоёр хэсэгт хуваагдан тэмцэлдсээр ирсэн ба тун саяхан тал нутагт дарлагдагч явсан тал ялаад байгаа нь өнөөгийн БНМАУ аж. Дээрх хандлага дараахь бүдүүвчийг бий болгожээ: юуны өмнө, түүхэн бүхий л үйл явцад “манай” ба “дайсны” тал байх ёстой. Манай тал дөнгөж 1921 оноос л ялж эхэлсэн тул өмнөх үеийн бүхий л хохирогч, ялагдагч талыг “манай тал” болгон зөвтгөх хэрэгтэй болсон аж. Энэ хандлага одоо ч хэвээрээ байгаа бөгөөд “…Өөрөөр хэлбэл, социализмын үеийн “ Феодал ба ард түмэн” хэмээх сөрөг хоёр тал болгож төсөөлсөн судалгаанаас “эх оронч” болон “урвагч” хэмээх эсрэг тэсрэг болгосон төдий байна”[iii]  гэдгийг судлаачид хэлж байна.

  Гуравдугаарт, БНМАУ-ын түүхийг Ойрад, Баруун монгол буюу Зүүнгарын өнцгөөс харж бичих явдал зонхилсон нь харагддаг.Үнэн хэрэгтээ, Манжууд нь Халхын хувьд Ойрадын Галдан бошогтын түрэмгийллээс авран хамгаалагч, тэдний болзошгүй халдлагыг тогтоон баригч, улмаар Халхын зүгээс Ойрадыг хяналтандаа байлгах боломж олгосон хамсаатан нь юм.Чухам ийм учраас Гадаад монгол дахь Манж Чин улсын Улиастайн тойргийн ерөнхий командлагч, түүний орлогч буюу Улиастайн жанжин, туслах жанжнаар их төлөв Халхуудыг томилдог байлаа. Амарсанаатай нийлэн боссон Хотгойдын Чингүнжавын бослогыг бараг түүний “амидай” нэртэй, Улиастайн цэргийн тойргийн командлагч Цэрэнгийн Цэнгүнжав очин дарж байсан баримтыг бид мэддэг.

   Харин Зүүнгарын хувьд Манжууд өшөөт дайсан байсан юм. Халхыг байлдан эзлэх ойрадын төлөвлөгөөнд садаа болоод зогсоогүй, өшөөт Халхуудад нь тусласан этгээд. Туслаад зогсохгүй тэдэнтэй нийлэн Ойрадыг Халхын хяналтад оруулаад бас зогссонгүй. 

   ХХ зууны монголын хувьсгалт түүхүүд, ялангуяа Манжийн вассаль Гадаад монголтой холбоотой хэсгүүд ойрадын өнцгөөс бичигдэх болсныг тухайн үеийн нам, төрийн тэргүүний удам, үндэстэй холбон тайлбарлаж болмоор санагддаг.

  БНМАУ-ын нам төрийн тэргүүн асан Ю.Цэдэнбал дарга нь Увс аймагт, дөрвөд ястан тариаланч-малчны гэр бүлд төрсөн хүн юм. Тэрээр өөрийн биеэр захиж зааварлан, баримт тогтоол үйлдэн байж түүх бичлэгийн ийм хандлага гаргаагүй нь лавтай. Харин түүнийг тойрон хүрээлсэн судлаачдын хандлага, нэр төр олж карьер хөөх эрмэлзэл, өөртөө судалгааны боломж нээх эрэл хайгуулын хүрээнд өөрийн эрхгүй ийм хандлага тогтсон байх боломжтой...

[i] Зава Дамдингийн бичсэн “Монголд Бурхан шашин дэлгэрсэн түүх”-д Өрнөдийн түүхчдээс авсан ишлэлийн зүйл харагддаг нь сонин боловч зохиогчийн бүтээлийн нэр, хэвлэн нийтлэгчийн мэдээ, гэрч татсан бүтээлийн хуудасны дугаар зэргийг заадаггүй хуучин уламжлалаа дагасан харагддаг.

[ii] Ц.Дамдинсүрэн. БНМАУ-ын түүх нэгэн боть.(1955 анх гарсан) зохиолын шинэ хубилбарт өгсөн сануулга. Б.Цэнддоо. Иргэншлийн замд. Монголын соёлын альманах. НЭПКО.2015. тал 194

[iii] Тачибана Макато. Монголын мартагдсан түүх. Богд хаант Засгийн газар.УБ 2011 тал 20.