2009 оны 6-р сар

I. Оршил

Монгол орон 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн бөгөөд шилжилт Монголын эдийн засагт хүндээр тусч, 1990 оноос 2000 оны хооронд арван жилийн эдийн засгийн өсөлт алдагдсан. 1990-ээд оны эхний хагаст ДНБ буурч, инфляци гаарч, ажилгүйдэл газар авсан бол хоёрдугаар хагаст банкны салбар өргөн хүрээтэй хямралд өртсөн. Эдгээр хямрал нь дотоод гаралтай байсан бөгөөд Монгол орон 1990-ээд оны сүүлээр болсон Азийн хямрал болон Оросын хямралд өртөөгүй нь олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй байсантай холбоотой.

Аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбар 1990-ээд оны сүүлээс сэргэж эхэлсэн. ДНБ-ний 20 орчим хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбар 2000-2002 онд ган, зудны улмаас хүндхэн цохилтод орсон бөгөөд үүний дараагаас хурдацтай өсч эхэлжээ. Мөн банкны салбарт итгэх итгэл сэргэж, эдийн засаг өсөхийн хирээр санхүүгийн зуучлал гүнзгийрсэн. Олон улсын зах зээлд суурь бүтээгдэхүүн, ялангуяа Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ өссөн нь 2004 оноос Монголын эдийн засаг улам эрчимтэй өсөхөд нөлөөлжээ (Зураг 1а). Суурь бүтээгдэхүүний өндөр үнэ экспортын орлогыг нэмэгдүүлж улмаар импорт, төсвийн орлого, гадаад валютын нөөцийн огцом өсөлтийг дагуулсан. Монгол улс энэ үеэс төсвийн болон мөнгөний тэлэх бодлогыг улам эрчимтэй явуулж эхэлжээ.

Эрэлт талаас төсвийн болон мөнгөний тэлэх бодлого явуулсан, нийлүүлэлт талаас суурь бүтээгдэхүүн, ялангуяа нефть болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байснаас шалтгаалан 2007 оны 2-р хагасаас инфляци огцом өсч эхэлсэн. 2008 оны 2-р улирлаас Монголбанк инфляцийг тогтворжуулах бодлого явуулж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг удаашруулсан. Энэхүү арга хэмжээ нь хөрвөх чадварын хомсдолыг үүсгэж, улмаар зээлийн саатлыг бий болгосон. Мөн инфляцийг тогтворжуулах бодлого нь импортын огцом өсөлтөд хүргэсэн бөгөөд энэ нь Төв банкинд итгэх итгэл сул байсантай холбоотойгоор хэрэглээ нэмэгдсэнээс шалтгаалсан байж болох юм.

АНУ-ын ипотекийн зах зээл дээр 2007 оны 7-р сард эхэлсэн хүндрэл дэлхийн олон орныг хамарсан санхүүгийн хямрал болон өргөжиж, улмаар хөгжиж буй орнуудын эдийн засагт хөрөнгийн цэвэр орох урсгалын бууралт, экспортын бууралт гэсэн хоёр сувгаар голлон нөлөөлсөн. Эдгээр нь олон улсын зах зээлд суурь бүтээгдэхүүний үнэ унахад хүргэж, 2008 оны 2-р хагаст Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ хурдацтай унаж эхэлсэн бөгөөд энэ нь импортын өсөлттэй нийлснээр ихээхэн хэмжээний гадаад худалдааны алдагдалд хүргэсэн. Улмаар дотоодын зах зээлд гадаад валютын хомсдол үүсч, төгрөгийн ханшинд дарамт үзүүлж эхэлсэн бөгөөд Монголбанк гадаад худалдааны алдагдлыг санхүүжүүлэх, төгрөгийн ханшийг хамгаалахад нэг тэрбум гаруй ам. долларын нөөцийнхөө 40 орчим хувийг зарцуулсны дараа 2008 оны 12-р сарын дунд үеэс төгрөгийн ханш огцом унаж эхэлсэн. Үүнд төгрөгийн ханш 2008 оны 10-р сарын оргил үеэс 2009 оны 3-р сар хүртэл 5 сарын хугацаанд 33 хувиар унажээ.

Төгрөгийн ханшийн уналт нь гадаад валютаар зээл авсан зээлдэгчдийн төлбөрийн чадварыг муутгаснаар банкуудын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар банкны салбарын хүндрэлийг гүнзгийрүүлэн, дотоодын зээл үргэлжлүүлэн буурах нөхцөл байдлыг үүсгэсэн. Эдгээр ихэр хямралын дүнд дотоодын үйлдвэрлэл 2009 оны 1-р улирлаас хурдацтай унаж эхэлсэн бөгөөд цаашид эдийн засгийн өргөн хүрээтэй хямралаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

II. Банкны салбарын хүндрэл

Суурь бүтээгдэхүүн, ялангуяа алт болон зэсийн үнэ 2004 оноос огцом нэмэгдсэн нь төсвийн орлого болон гадаад валютын нөөцийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн. Төсвийн орлогын багагүй хэсэг нь нийгмийн халамжийг сайжруулах, төрийн албан хаагчдын цалинг нэмэх зэргээр хэрэглээг дэмжихэд зарцуулагджээ. Мөн мөнгөний нийлүүлэлт эрчимтэй өсч байсан бөгөөд 2005-2008 оны хооронд жилд дунджаар 40 хувиар нэмэгдэж байв. Эдгээр тэлэх бодлого нь дотоодын хэрэглээг ихээхэн өсөхөд нөлөөлсөн. Нөгөө талаар суурь бүтээгдэхүүний үнэ, ялангуяа газрын тос (2008 оны байдлаар шатахуун болон дизелийн түлш нийт импортын 23 хувийг эзэлж байв) болон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт импортын барааны үнийг ихээхэн хэмжээгээр өсөхөд нөлөөлжээ. Үүний хажуугаар сүүлийн жилүүдэд орон сууцны зах зээл хурдацтай тэлж байсан ба хувийн орлого өсч, байрны зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны үнэ хурдацтай нэмэгдсэн.

2007 оны 3-р улирлаас инфляци өсч эхэлсэн (Зураг 1б) бөгөөд 2008 оны 8-р сард жилийн 33.7 хувь буюу оргилдоо хүрсэн. Монголбанк 2008 оны 2-р улирлаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2008 оны 8-р сард энэхүү бодлогоо улам эрчимжүүлснээр мөнгөний нийлүүлэлт буурч, 2008 оны 11-р сард өмнөх оны түвшинд хүрсэн (Зураг 1в). Энэ нь инфляцийг мэдэгдэхүйц бууруулж, 2009 оны 5-р сарын байдлаар жилийн 8.0 хувьд хүрчээ. Гэвч мөнгөний хатуу бодлого нь санхүүгийн салбарын хэт халалтын улмаас тулгараад байсан зарим хүндрэлийг ил болгосон.

Зураг 1. Банкны салбарын хүндрэл

Мөнгөний хумих бодлогыг дагаад банкууд хөрвөх чадварын хомсдолд орж эхэлсэн ба энэ нь банк хоорондын зах дээрх хөрвөх чадвар сайтай активын үнэ болох банк хоорондын захын овернайт зээлийн хүү сүүлийн жилүүдэд төв банкны үнэт цаасны хүүтэй ойролцоо байж ирсэн боловч 2008 оны 9-р сараас эхлэн огцом илүү болсноос харагдана (Зураг 1г).

Банкууд хөрвөх чадварын хомсдолд орсон болон иргэд хадгаламжаа татаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор УИХ-аас банкны мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хуулийг 2008 оны 11-р сард баталсан бөгөөд эрсдэлийн сангийн хөрөнгийг банкуудад тодорхой нөхцөлтэйгээр байршуулахаар болсон боловч хоёр банк л үүнд хамрагдсан. Энэ нь хөрөнгө байршуулах нөхцөл хатуу байсан, эсвэл банкууд төрөөс тусламж авах нь тухайн банк хүндрэлд орсон гэсэн дохиог өгч магадгүй гэж болгоомжилсонтой холбоотой байж болох юм. Улмаар хөрвөх чадварын хомсдолтой холбоотойгоор банкуудын зээл олголт багасч эхэлсэн (Зураг 1д). Үүнээс гадна активын хэмжээгээр тавд ордог банк дампуурлын ирмэгт ирж, Монголбанкнаас тухайн банкны удирдлагыг гартаа авсан. Хэдийгээр энэ нь зөвхөн тухайн банктай холбоотой хүндрэл байсан боловч энэ нь олон нийтэд банкуудын талаар сөрөг дохио өгсөн.

Хөрвөх чадварын хомсдолтой холбоотойгоор банкууд зээл олголтоо багасгаж эхэлсэн (Зураг 1д) бөгөөд улмаар 2009 оны 1-р улиралд дотоодын үйлдвэрлэл буурсан.

III. Төлбөрийн тэнцлийн хямрал

Импортын хэмжээ 2008 оны 5-р сараас огцом нэмэгдэж (Зураг 2а), 2008 оныг дуустал өндөр хэвээр байсан. Олон нийт гадаад валютын ханш өсч магадгүй гэсэн хүлээлтээр импортын барааны төгрөгөөр илэрхийлэгдэх ханш бага байгаа үед худалдаж авахаар эрэлтийг нэмэгдүүлсэн байж болох хэдий ч ийм хүлээлт үүссэн үед төгрөгийн эсрэг дайралт илүү хүчтэй байх нь илэрхий. Гэтэл 2008 оны сүүлийг хүртэл ийм үзэгдэл ажиглагдаагүй учраас зэсийн үнийн уналт болон экспортын орлогын бууралт нь импортын өсөлтийг тайлбарлаж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл дотоод хүчин зүйлсээс шалтгаалж импорт ихээхэн хэмжээгээр өссөн байна.

Энэхүү импортын өсөлт нь олон нийт тогтворжуулах бодлогын тууштай байдалд итгээгүй үед богино хугацаанд хэрэглээ огцом өсдөг онолтой (Guillermo Calvo, 1987) нийцэж байгаа юм. Үүнд, Төв банкны инфляцийг тогтворжуулах бодлогод итгэх итгэл сул байснаас олон нийтийн дунд Төв банк энэхүү бодлогыг түр хугацаанд хэрэгжүүлсний дараа больж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буцаад нэмэгдэх ба энэ нь ирээдүйд дахин инфляци үүсгэж, бараа бүтээгдэхүүний үнэ болон нэрлэсэн хүүгийн түвшинг өсгөнө гэсэн хүлээлт үүссэн. Эдгээр хүлээлт нь өнөөдрийн хэрэглээ огцом өсөхөд нөлөөлөх ба энэхүү хэрэглээний өсөлт нь Монголын импортын өсөлттэй нийцэж байгаа юм.

Монголын эдийн засаг олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй байснаас голлон шалтгаалж 1990-ээд оны сүүлээр Азийн хямрал болон Оросын хямралд өртөөгүй. Дэлхийн санхүүгийн хямрал хөгжингүй орнуудад эхэлж, улмаар хөгжиж буй орнуудад нөлөөлж эхлэхэд олон нийт хямрал Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлөхгүй гэсэн хүлээлттэй байсан. Учир нь Монгол орон олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй хэвээр байсан бөгөөд шилжиж буй орнуудад хямрал нөлөөлж байсан гол суваг болох хөрөнгийн орох урсгал тийм ч өндөр байгаагүй. Гэвч хямрал өөр сувгаар нөлөөлсөн.

Суурь бүтээгдэхүүний үнэ 2004 оноос өсч, улмаар Монголын эдийн засаг илүү эрчимтэй өсч эхэлсэн ба төсвийн зардал болон импорт ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн нь Монгол улс суурь бүтээгдэхүүний экспортоос хамааралтай болсныг илтгэнэ. Дэлхийн санхүүгийн хямралаас улбаалан хөгжингүй болон хөгжиж буй орнуудын гадаад худалдаа болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурснаар суурь бүтээгдэхүүний эрэлт багасч, үүнээс шалтгаалан зэс болон бусад суурь бүтээгдэхүүний үнэ огцом унасан.

Зураг 2. Төлбөрийн тэнцлийн хямрал

Зэсийн үнийн уналт 2008 оны 3-р улирлаас Монголын экспортын орлогод сөргөөр нөлөөлж эхэлсэн. Экспортын орлогын бууралт болон импортын өсөлт нийлээд ихээхэн хэмжээний гадаад худалдааны алдагдлыг бий болгож (Зураг 2а), улмаар гадаад валютын эрэлт өсч, төгрөгийн ханш унах аюул нүүрлэсэн. Монголбанк  2008 оны 12-р сар хүртэл төгрөгийн ханшийг хамгаалахад гадаад валютын нөөцийнхөө 40 орчим хувийг зарцуулсан (Зураг 2б). 2008 оны 12-р сараас төгрөгийн ханш огцом унаж эхэлсэн бөгөөд 2008 оны 10-р сарын оргил үеэс 2009 оны 3-р сар хүртэлх 5 сарын хугацаанд 33 хувиар унасан (Зураг 2в).

Экспортын орлогын бууралт нь гадаад худалдааны алдагдлаас гадна төсвийн орлого буурахад нөлөөлж, улмаар төсвийн алдагдал нэмэгдсэн (Зураг 2г). Хөрөнгийн орох урсгалын өсөлт гадаад худалдааны алдагдлын зарим хэсгийг санхүүжүүлж байгаа (Зураг 2д) мэт боловч төлбөрийн тэнцлийн алдаа болон орхигдуулга ихээхэн буурсан нь (Зураг 2е) тодорхой хэмжээгээр хөрөнгийн дайжилт явагдсан байж болзошгүйг харуулж байна. Хэрэв тийм бол хөрөнгийн орох урсгалын (2008 оны байдлаар ДНБ-ний 20 орчим хувь) дийлэнхи хэсэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө дайжсан (2008 оны байдлаар ДНБ-ний 13 орчим хувь) байж болох юм.

Төгрөгийн ханшийн огцом уналт болон дотоодын эрэлтийн бууралт нь 2009 оны эхний дөрвөн сард импорт ихээхэн хэмжээгээр буурахад нөлөөлсөн. Хэдийгээр импортын бууралт нь гадаад худалдааны алдагдлыг бууруулж байгаа боловч гадаад худалдааны алдагдал багагүй хэвээр байна.

IV. Бодлогын шинжилгээ болон зөвлөмж

Гадаад худалдааны алдагдал өсч, төгрөгийн ханш унах аюул нүүрлэснээс шалтгаалан 2008 оны 12-р сард Засгийн газар ОУВС-д хандан тусламж хүссэн. ОУВС болон Монгол улс 2009 оны 3-р сарын 6-нд ОУВС-гийн санхүүжилтээр Монголд 18 сарын хугацаанд 224 сая ам. долларын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшилцөлд хүрсэн. Уг зөвшилцлийн дагуу Монгол улсын зүгээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн буюу авч хэрэгжүүлэхээр тогтсон:

Төсвийн алдагдлыг ДНБ-ний 6 хувиас хэтрүүлэхгүй байх;

Монголбанкны бодлогын суурь хүүг 9.75 хувиас 14 хувь болгож нэмэгдүүлсэн;

Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг 10 хувиас 12 хувь болгон нэмэгдүүлж, банкны зээлд эрсдэлийн сан байгуулах хувь хэмжээг бууруулсан.

ОУВС болон Монголбанкны хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар эдгээр арга хэмжээ нь төсвийн зохистой байдлыг хангаж, нэрлэсэн валютын ханш давж өсөхөөс сэргийлэн, инфляцийг бууруулж, хөрвөх чадварыг хадгалан, банкны төлбөрийн чадварыг сайжруулах замаар дотоодын санхүүгийн зах зээлийг чадавхижуулах зорилготой аж. Монголбанк мөн төгрөгийн эсрэг дайралтаас хамгаалах зорилгоор банкуудтай валютын дуудлага худалдааг тогтмол явуулж эхэлсэн.

ОУВС-гийн захирлуудын зөвлөл 2009 оны 4-р сарын 1-нд Монгол улсад 229.2 сая ам. долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 76.4 сая ам. долларын зээлийг тэр даруй Монголбанкны гадаад валютын нөөцийн хэрэгцээнд зориулан олгосон. Гэвч үүнээс өмнө 3-р сарын дундаас төгрөгийн ханшийн уналт зогсч, буцаад сэргэж эхэлсэн нь тодорхой хэмжээгээр валютын ханш давж өссөн байсан ба Монголбанкны авч хэрэгжүүлсэн арга хэмжээ төгрөгийн эсрэг дайралтаас сэргийлж, төгрөгийн ханш унах хүлээлтийг бууруулж чадсаныг харуулж байгаа юм. 2009 оны 3-р сарын 19-нөөс 4-р сарын 7 хүртэлх хугацаанд төгрөгийн ханш өмнөх оргил үетэй харьцуулахад буцаад 15 хувиар чангарсан бөгөөд түүнээс хойш харьцангуй тогтвортой байгаа юм (Зураг 2в).

Хэдийгээр ОУВС болон Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ төгрөгийн ханшийн уналтыг зогсоосон боловч энэ нь зарим хүссэн үр дүнг авчрах чадваргүй байсан. Бодлогын хүүг өсгөснөөр дотоодын хүү өсч, улмаар хөрөнгийн орох урсгалыг дэмжинэ гэж тооцсон боловч өнөөгийн хямралын үед хөрөнгө оруулагчид эрсдэл болон ашиг өндөртэй активаас илүү чанар луу тэмүүлж байна (Guillermo Calvo 2009). Мөн Монголын зээлийн хүү өнгөрсөн үед удаан хугацаанд өндөр түвшинд байсан боловч энэ нь хөрөнгийн орох урсгалыг хангалттай нэмэгдүүлж чадаагүй. Дээрх арга хэмжээнүүд нь банкны эх үүсвэрийн бүтцийг валютаас төгрөг лүү шилжүүлж, дотоодын валютын эрэлтийг бууруулахад нөлөөлөх боломжтой боловч гадаад валютын эрэлт өссөн гол шалтгаан нь гадаад худалдааны алдагдал учраас тэдгээрийн үр дүн нь хязгаарлагдмал юм. Харин бодлогын хүүг өсгөх нь банкуудын хадгаламжийн хүүг өсгөж, улмаар хадгаламж нэмэгдэхэд хүргэж болох бөгөөд энэ нь банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлж, зээл олголтыг дэмжих боломжтой.

Гэвч энэ нь хоёр талтай юм. Монголын хувьд төлбөрийн тэнцлийн хямрал нь дотоодын хөрвөх чадварын хомсдол болон зээлийн сааталтай давхацсан. Нэрлэсэн хүүгийн хэмжээ өсөх нь бизнесийн зардлыг нэмэгдүүлж, хумигдаж буй эрэлт болон зээлийн саатлаас болж цохилтод ороод байгаа бизнесийн салбарт нэмэлт хүндрэл учруулна. Энэ нь эргээд зээлийн төлөлтөд муугаар нөлөөлнө. Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн саруудад огцом нэмэгдэж байгаа бөгөөд 2009 оны 4-р сарын байдлаар 10.6 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 7.9 нэгжээр нэмэгдсэн байна (Зураг 1д). Монголбанк ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг нэмэгдүүлсэн нь зээлийг улам хумих үр дагавартай боловч зээлийн эрсдэлийн санд тавигдах шаардлагыг бууруулсан нь энэхүү сөрөг нөлөөг тодорхой хэмжээгээр сулруулсан. Дотоодын эрэлт буурсан (энэ нь хэрэглээний огцом өсөлт хэсэг хугацааны дараа гэнэт буурдагтай нийцэж байгаа)  болон зээлийн саатлаас улбаалан үйлдвэрлэл буурснаас шалтгаалж ДНБ 2009 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурсан нь сүүлийн 10 гаран жилд тохиолдоогүй уналт бөгөөд үүнд боловсруулах салбарын үйлдвэрлэл гэхэд 19.5 хувиар буурсан байна.

Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хүрээнд банкны гадаад валютын актив, пассив харьцангуй баланслах хандлагатай байдгаас төгрөгийн ханшийн уналт банкуудад шууд байдлаар ноцтой нөлөөлөөгүй. Гэвч банкнаас гадаад валютаар зээл авсан зээлдэгчдийн хувьд төгрөгийн ханшийн уналт нь өр төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх ба энэ нь тэдний төлбөрийн чадварт муугаар нөлөөлж, улмаар банкны зээлийн эрсдэлийг нэмэгдэхэд хүргэж байна. Мөн хэт өссөн байсан орон сууцны үнэ цаашид унах нөхцөл байдал үүссэн байгаагаас банкны зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ буурч болзошгүй байна. Эдгээр нь хөрвөх чадварын хомсдол, эдийн засгийн уналт зэргээс болж хүндрэлд ороод байгаа банкуудад давхар нэрмээс болж байгаа бөгөөд цаашид банкны салбарын байдал үргэлжлэн хүндэрч магадгүй болоод байна. Хэдийгээр Засгийн газар банкуудад баталгаа гаргасан боловч иргэдэд төсвийн хязгаарлалттай байгаа өнөө үед энэхүү баталгааг хэрэгжүүлэх боломж хомс байна гэсэн хүлээлт үүсвэл харилцах, хадгаламжаа татаж болзошгүй юм.

Төлбөрийн тэнцлийн хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нэгэнт эхний ээлжинд зорилгодоо хүрсэн, 5-р сарын байдлаар жилийн инфляци 8% болж буурсан зэргийг харгалзан үзэж цаашид нийт эрэлтийг дэмжих замаар бодит эдийн засгийг сэргээхийн тулд Төв банкны бодлогын хүүг бууруулах, төсвийн тэлэх бодлого явуулах зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монголбанкнаас бодлогын хүүг 5-р сар болон 6-р сард дараалан 1.25 нэгжээр бууруулж, 11.5 хувьд хүргэсэн нь энэ чиглэлд хийж байгаа эхний алхам юм. Монгол улс ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу төсвийн тэлэх бодлого явуулах боломж хязгаарлагдмал тул гэрээний нөхцлийг өөрчлөх талаар ОУВС-тай зөвшилцөж болох юм. ОУВС өмнөх бодлогоо эргэн харж, илүү уян хатан байр суурь баримталж эхэлж байгаа өнөө үед Монголын эдийн засгийг аврах эдгээр арга хэмжээг дэмжин, гэрээний нөхцлийг өөрчлөхийг зөвшөөрч болзошгүй юм.

V. Дүгнэлт

Монголын эдийн засагт тохиолдож байгаа хямрал нь дотоод болон гадаад шок давхацсанаараа онцлог юм. Монголбанкнаас 2008 оны 2-р улирлаас авч хэрэгжүүлж эхэлсэн инфляцийг тогтворжуулах бодлого нь банкуудад хөрвөх чадварын хомсдолыг бий болгосон бөгөөд энэхүү бодлогын итгэлтэй бус байдлаас шалтгаалан хэрэглээний огцом өсөлтийг бий болгож, улмаар богино хугацаанд импорт ихээхэн хэмжээгээр нэмэгдэхэд хүргэсэн. 2008 оны 3-р улирлаас дэлхийн санхүүгийн хямрал Монголын эдийн засагт зэсийн үнийн уналтаар дамжин нөлөөлж эхэлсэн бөгөөд энэ нь экспортын орлого болон төсвийн орлогыг бууруулсан. Эдгээр хямралын нөлөө давхацсанаар төгрөгийн ханш унах аюул нүүрлэсэн ба Монголбанк ОУВС-д хандан тусламж хүссэн бөгөөд ОУВС-с үзүүлсэн тусламжийн хамт тавьсан шаардлага нь Монголбанкны бодлоготой нийлээд төгрөгийн ханшийг тогтворжуулсан. Гэвч банкны салбарын хүндрэлээс голлон үүдсэн зээлийн саатал нь бодит эдийн засагт нөлөөлж, дотоодын үйлдвэрлэл унаж эхэлсэн. Эдийн засгийн хямралыг зогсоохын тулд мөнгөний бодлого болон төсвийн бодлогоор дамжуулан эдийн засгийн эрэлтийг дэмжих бодлого явуулах шаардлагатай байна.

н.Тулгаа