Д.Батбаяр

Монголчууд хавтгайдаа архидаж байна. Оросууд ч бас, хятадууд ч тэр. Ер нь хүн төрөлхтөн тэр чигээрээ хөлчүүрч байгаа гэдэг нь European alcohol policy alliance байгууллагын судалгаанаас харагджээ. Энэ фронт дээр монголчууд дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж явна. Тус байгууллагын илтгэлээс үзвэл азийнхан урьдынхаасаа шунаг, зүүн европийнхон өмнөхөөсөө илүүгээр ууж байгаа бол, харин баруун европийнхон уухаа бага зэрэг татжээ. Энэ бүхэн цаанаа тайлбартай аж. Архи шиг хүний амьдралтай нягт холбоотой химийн бодис ховор.

1.    Спирт буюу алкохол

Спирт бол хүмүүн төрөлхтөн хөрст дэлхийд мөрөө гаргасан үеэсээ л хэрэглэсэн, хамгийн түгээмэл сэтгэл сэргээгч юм. Энэ шингэн шаналал амирлуулж, бузрыг ариутгаж, өвчнийг намжааж, хоолыг шингээхийн зэрэгцээ үнэт бараа таваар болдог бөгөөд хувь заяаны тохиолоор хүний соёл бүхэн магнайдаа залсан идээнийх нь дээд билээ. Харьцангуй энгийн бүтэцтэй энэ химийн нэгдэл байгаль дээр маш элбэг, тэр байтугай хүн, амьтны мах цусанд ч тодорхой хэлбэрээр агуулагддаг. Нэг суурин дээр ихээр хэрэглэвэл давс шиг аюултай боловч тунг нь тааруулаад хүртвэл хүмүүний сэтгэлийг хөхиүлэн баясгах шидтэй.

Мэргэжлийн үүднээс спирт хэд хэдэн төрөл байх боловч этилийн спирт буюу C2H5OH л хүний ходоодод хал балгүй. Ганцхан энэ спиртийг устай хольсон байхад онцын муухай амтгүйн дээр хэтрүүлээд уучихгүй л бол амь насанд хал багатай. Монгол хэлнээ орсон “спирт” гэх үг уул нь латин хэлний “амьсгал, сэтгэл, сүнс” гэдэг утгатай “spiritus” гэх үг бөгөөд англи хэлээс Орос газар Их Петр хааны үед дэлгэрээд, зуугаад жилийн хойно Монголд улаан хувьсгалтай хамт ирж нутагшжээ. Харин монголчууд коммунизм байгуулж чадаагүй ч спиртийг тун гарамгай нэрж сурсан билээ. Уулаасаа коммунизм нь бурхны тааллын эсрэг ойлголт байсан бол харин спирт түүний бүтээлийн охь нь биш юмаа гэхэд адаг нь яав ч биш. Өдгөө дэлхий нийтээр спиртийг “alcohol” хэмээн ярьж хэвшжээ.   

2.    Хөлчүүрэх уламжлал
                 
Оросууд цагаан архитай, шотландууд вискитэй, хятадууд байжутай, мексикүүд тэкилатай, монголчууд шимийн архитай... Энэ гаригийн үндэстэн бүхэн өөрт заяагдсан орчин нөхцөлөөсөө яаж ийгээд өөр өөрийн архи гарган авчээ. Гэхдээ спирт анх нэрэгчдийн нэг нь хятадууд. МЭӨ XVI зууны үед хятадууд бог будааны болон алтанзул цэцгийн дарсыг зэрэг зиндаагаар нь “жанжин”, “цэрэг” гэж ангилдаг байсныг яст мэлхийн хуяг дээр бичиж үлдээсэн нь өдгөө хадгалагдан үлджээ. Ерөөс хүмүүс диван галваас архи дарсыг шашин шүтлэгтээ хэрэглэдэг байсан нь эртний соёл иргэншлүүдийн ул мөрөөс харагддаг. Монголчууд бөө мөргөлд ч, шарын шашинд ч архийг өргөн хэрэглэж ирсэн бөгөөд шарын шашинд ийм зан үйлийг “сэржим өргөх” гэдэг. “Сэржим” нь “алтан умдаа” гэдэг утгатай түвэд үг. Нэг ёсондоо бурхдад өргөдөг шингэн тахил. Тэгэхээр бурхад ч архинаас татгалздаггүй байх нь. 

Шинэ эринийг зарлахаар ирсэн бурхны хүү гэх Есүс усыг дарс болгож хүмүүс дайлсан тухай Библид бахдан өгүүлдэг. Энэ эриний ёс зүйг тогтоогч байлаа гээд “Хэрээ мэдэж уу” гэснээс бус огт амсаж болохгүй гэж ер хэлсэнгүй. Харин сархдыг тэвчигч лалын шашны Куран сударт “Диваажинд заларсан хэн боловч согтоодоггүй диваажингийн дарс хүссэнээрээ хүртэнэ” гэж өгүүлдэг. Яаж ийгээд архи уучих гэсэн хүний хүслийн илэрхийлэл ариун сударт нь хүртэл мөрөө үлдээжээ.      

    Монголчууд өнө эртнээс айргаа исгэж, архиа нэрж ирсэн нь зайлбаргүй. Малынхаа сүүнээс гаргаж авсан архиа “нэрмэл” эсвэл “шимийн архи” гэдэг. Хэдэн усаар авснаас хамаарч архины градус тодорхойлогдоно. Нэрмэл дээд тал нь арван таван градус байдаг. Шимийн архиа дахин нэрдэг, “Архийг нэрвэл арз, арзыг нэрвэл хорз, хорзыг нэрвэл хор” гэх хэлц байдаг ч практик дээр тэр нь байсангүй. Юутай ч “архи” гэдэг үгийг монгол бичгээр “арахи” гэж бичдэг. Хуучин дуудлагаар бол “араки” бөгөөд эртний арабаас авсан хэлбэр нь. Өдгөө ч турк зэрэг үндэстнүүд архийг “раки” гэнэ. Арабууд VIII зууны үеэс Дундад Азийг эзэгнэсэн гэвэл монголчууд лавтай 1200 жил “архи” гэдэг нэршил хэрэглэж иржээ.

    Хүн төрөлхтөн даяараа ууж идэж ирсэн боловч Дэлхийн II дайнаас хойш, тодруулж хэлбэл эдийн засгийн интеграцчилал хүчээ авсан үеэс улам их уух болсон нь судалгаагаар тодорхой харагдаж байна. Техник технологийн дэвшлийг дагаад архи сархдын үйлдвэрлэл ч эрчимжиж жилээс жилд шинэ шинэ брэнд зах зээл дээр нийлүүлэгдэх болжээ. Нөгөө талаар бүс нутгийн аар саар мөргөлдөөнийг эс тооцвол манай бөмбөрбөгт бараг дайн байлдаангүй энх тунх цаг ирсний үрээр хүмүүс наргиж цэнгэх завтай болсон аж.