Шинээр томилогдсон Ерөнхий сайдын эхний өдрийн ажил ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн тавьснаар эхэллээ. Засгийн газрын өнгөрсөн 2013 оны тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын ажлаас нь чөлөөлсөн  боловч Ш.Солонго өөрөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргаснаар Улсын дээд шүүхээс түүнийг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар тухайн үеийн Ерөнхий сайдад үүрэг өгч байсан юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн жил зургаан сар биелүүлээгүй шүүхийн шийдвэрийг шинээр томилогдсон Ерөнхий сайд дор нь биелүүлэв. Экс Ерөнхий сайдын Ш.Солонгыг ажилд эргүүлэн томилохгүй удсан шалтгаан юу болохыг мэдэхгүй ч энэ удаагийн томилгооноос Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын ялгаа харагдаж эхэлж байх шиг.

Одоогийн байдлаар шинэ Засгийн газрын тэргүүнд анхан шатны шүүхээс бас нэг үүрэг өгөгдчихөөд байгаа нь ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин 3,8 сая төгрөгийг нөхөн олгуулах. Хэрвээ Засгийн газар энэ долоо хоногтоо амжиж давж заалдах шатанд гомдлоо гаргахгүй бол Б.Билэгтийг чөлөөлсөн Засгийн газрын 258-р тогтоол хүчингүй болж, түүнийг ЦЕГ-ын даргаар эргүүлэн томилохоос аргагүйд хүрнэ. Гэхдээ энд анхаарахгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл байна. Б.Билэгтийн асуудлаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны юу, үгүй юу? Үүнд хариулахын тулд эхлээд Б.Билэгтийг ажлаас чөлөөлсөн үндэслэл юу болохыг харах хэрэгтэй болно.   

Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед салбар хариуцсан сайдаас нь ЗГХЭГ-ын даргад /Ч.Сайханбилэг/ хүргүүлсэн тайлбар, мэдээлэл архивт хадгалагдаж үлдсэн байна. Энд Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх таван үндэслэлийг дурьдсаны гурав, дөрөв дэх хэсэгт;

-Цагдаагийн байгууллагыг цэрэгжсэн, хүчний байгууллагаас хууль сахиулах байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг олон нийтэд түшиглэсэн, иргэний хяналттай, ил тод болгох Засгийн газрын бодлого, шинэчлэлтийн явцыг удаашруулж, албан үүргээ хангалтгүй биелүүлж, Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулахаар Хууль зүйн сайдын өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлж ажиллаагүй,

-Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинээр батлагдсан хуульд нийцүүлэн зохион байгуулахах үед хуулийг санаатай хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй, бүтэц зохион байгуулалт нь батлагдаагүй нэгжийг дур мэдэн байгуулсан, байгуулах ёстой нэгжийг байгуулаагүй. Энэ нь Хууль зүйн сайдын баталсан удирдамжийн дагуу 2013.03.19-2013.03.21-ний өдрүүдэд Хууль зүйн яамны ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүнгээр тогтоогдсон,

-ЦЕГ-ын даргын 2014.02.10-ны 61 тоот тушаал, 2014.02.14-ний 97 тоот тушаал, 2014.02.25-ны өдрийн 129 тоот тушаалаар баталсан харьяа нэгжийн бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг батлах тухай тушаал, түүний хавсралт нь хууль зөрчсөн болохыг сануулж, Цагдаагийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цагдаагийн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж мөрдүүлэхээр Хууль зүйн сайдын батлан гаргасан тушаалын биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болгон буцааж илтгэхийг даалгасан боловч энэ үүргийг мөн хэрэгжүүлээгүй,

-Цагдаагийн байгууллага, албан хаагчдыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус нөлөөнөөс ангид байлгах үүргээ биелүүлээгүй зэргийг үндэслэл болгосон байна.


Бүр тодруулбал, түүнийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2013 оны эцсийн байдлаар цагдаагийн албан хаагчид ажлын хариуцлага алдсан зөрчил 32,7 хувь, бусад хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил 62 хувь, 2014 оны эхний хагас жилийн байдлаар хүний эрх, эрх чөлөө зөрчсөн зөрчил 80 хувь, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн зөрчил 8 хувь, ажлын хариуцлага алдсан зөрчил 29 хувь, бусад хууль тогтоомж зөрчсөн зөрчил 36,1 хувиар өсчээ. Үүнийг ЦЕГ-ын дарга  шинэ батлагдсан хуулийн хүрээнд нийт албан хаагчдыг зохион байгуулах, мэдээллийг тодорхой хүргэх, албаны ёс зүй, сахилгыг чанд мөрдүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой гэж үзсэн байна. Дээр сайд нь их том бодлого яриад, хууль санаачлаад чавхдаад байдаг, гэтэл доор ажил гүйцэтгэж байгаа хүн нь өмднийхөө халаасанд хуруугаа зангидчихаад суугаад байвал хуулийн байгууллагын шинэчлэл яаж урагшаа явах билээ. 

Ажлаас чөлөөлөх үндэслэлд дурьдагдсан их тодорхой бөгөөд ойлгомжтой хоёр зүйл нь долоо хоног тутамд нэг удаа хуралдаж, яамны харьяа бүх агентлагийн дарга нар оролцдог сайдын шуурхай хуралд ЦЕГ-ын дарга нь ганцаараа 2013 оны гуравдугаар сараас хойш нэг ч удаа суугаагүй /чухам Б.Билэгтээс өөр хэн үүнийг чадах билээ дээ/, ажиллаж байх хугацаандаа яамны албан хаагчид, харъяа агентлаг, байгууллагын удирдлагууд, хамтран ажиллагсадтайгаа удаа дараа харилцааны ёс зүйн зөрчил гаргаж “зохисгүй авирлаж” /хийсэн үйлдэлтэй нь харьцуулахад их л боловсноор хэлсэн байх/ байсан нь хууль сахиулах байгууллагын даргын хувьд тун “ноцтой доголдол” гэдгийг сануулсан байна лээ. “Боевик” хочит Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шалтгаан ийм.

Харин анхан шатны шүүхийн /шүүх хуралдааныг Б.Цолмонгэрэл шүүгч даргалсан тухай шүүхийн тогтоолд бичсэн байна/ шийдвэрт “Засгийн газрын тогтоол ажилтан ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хуулийн тэдийн тэдийг зөрчсөн тул Б.Билэгтийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгосугай” гээд л гүйцээ. Салбар хариуцсан сайд нь түүний ээлжийн амралтаа авсныг мэдээгүй, амрах зөвшөөрөл ч олгоогүй, албан байгууллага бүрийн олгодог “амралтын хуудас” ч бичигдээгүй байхад шүүх түүнийг ээлжийн амралттай байсныг гэрчийн мэдүүлгээр тогтоосон байдаг юм. Гэрчилсэн нөхдүүд нь Б.Билэгтийн туслах байсан Б.Төмөрбат, жолооч Н.Эрдэнэлхагва нар. Гэтэл байгууллагын санхүүд бичигдсэнээр бол Б.Билэгт тухайн үед ажил үүргээ гүйцэтгэхээр барахгүй наймдугаар сарын 1-13-ныг дуустал урьдчилгаа цалингаа аваад явж байсан байдаг. /Маргааш нь буюу 14-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн. Харин гэрчүүд түүнийг наймдугаар сарын 1-20-ныг дуустал ээлжийн амралттай байсан гэж шүүхэд мэдүүлсэн байдаг/ Хүснэгт, зургаас харна уу.


ЦЕГ-аас ХЗЯ-нд гаргаж өгсөн тайлан


Шүүх хуралдаанд хэргийн хариуцагч /Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар/ талыг оролцуулсан оролцуулаагүй, шүүхийн процесс буруу, зөв явсан гэдэг маргааныг бүр хаяя л даа. Б.Билэгтийг ажлаас чөлөөлсөн үндэслэл зөв, буруу тухай ч ярихаа больё. Б.Билэгт яах вэ, муу хүн, мунхаг ч хүн байг. Гэтэл нөгөө шүүхийнх нь байж байгаа царай, шүүх дээр хэрэглэсэн “ээлжийн амралттай хүнийг ажлаас халсан байна” гэдэг үндэслэл, шүүхэд авч үздэг “хөдөлшгүй нотлох баримт” нь нэг иймэрхүү. Монголын шүүх мөн ч “бяртай” яа! Ийм байхад шүүгчийн ёс зүй, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг нийгэмд хэрхэн тогтоох тухай яриад ч яах билээ.

Ердөө хориодхон хоногийн өмнө төсвийн хэлэлцүүлэг дээр шүүгчдийн цалингийн асуудал сөхөгдөж, “Төсвийн хуульд ороогүй байхад цалинг нь нэмсэн байна” хэмээн гишүүд барьж идэхээ шахаж байхад ШЕЗ-ийнхний хэлж байсан үгийг санаж байна. “Монголын шүүх шиг шударга шүүх байхгүй, шүүгчид шал өөр болсон” гэж. Гэтэл нөгөө их шударга шүүхийнх нь байж байгаа царай энэ. Нэгэнт байдал ингэтлээ дор орчихоод байгаа юм бол шүүгчдиийн цалинг шууд төрийн албаны хамгийн доод зэрэглэл рүү оруулаад, багш, эмч нарын цалинтай дүйцүүлчихье л дээ, яадаг юм. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог нь жам хойно. Ерөнхийлөгчөөсөө өндөр цалинтай гээд шүүгчид ёс зүйтэй, шударга байгаа нь хаана вэ?!