Мял Богдын дуулалд нэгэн чухаг санааг өгүүлсэн байдаг. Энэ юу гэвээс:
ҮЗЭГДЭЛ, ХООСОН ХОЁРЫН ЯЛГАЛГҮЙ БОЛБООС
ҮЗЭЛ НЬ ГҮН БОЛСОН БУЙ…Шүтэн барилдлагыг ойлгох цаг дор үзэл нь сая “зөв” үндэстэй болохыг эндээс танин ухаарч болох. Гэтэл монголчуудын хувьд энэхүү үзлийн тухай ойлголт ямар хэмжүүрт тулж ирэв гэдгийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны өдрүүдээс ажиглаж суухад харамсал төрсөн юм. Нийтээрээ үзэл нь материаллаг хэрэгцээгээ шүтсэнээс аливаа зүйлийн зохист хэм хэмжүүр алдагжээ. Үүнийг УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцангийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгээр баталгаажуулахад хангалттай. Материаллаг иргэншлийн гол гажуудал аливаад зайлшгүй баталгаа, баримт шаардлагатай гэж тулгадаг тул түүний үгийг баталгаа болгон сонгосон хэрэг. Тэрээр сүүлийн 25 жил тасралтгүй парламентад ажилласан, одоо ч ажиллаж байна. Ардчиллын он жилүүдтэй эн чацуу туршлага нь Д. Лүндээжанцанг монголын хууль, эрх зүйн салбарын дов толгод биш юм гэхэд ноён оргил руу дөхнө хэмээн өөрийгөө тооход хүргэдэг нь илэрхий. Харин ноён оргил байхад үзлийн зөв, буруу гэгчийг таниж, зөвийг түшихийн тулд зохист хэм хэмжээг барьж чаддаг байваас олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөх байх гэж сэтгэнэ. Харамсалтай нь олон түмний үзлийг хааш нь чиглүүлсэнээс хамаарч огт ялгал үгүй орон зайг өнөөгийн нийгэмд бий болгоод байна. Д. Лүндээжанцан “МАН-ыг сандал ширээтэйгээ зууралдаж байна гэсэн пиар явж байна. МАН болон АН хоёр хоёулаа засгаас гарах ёстой. Улс төрийн гэрээ зөвшилцлийн соёлоор явна. Гэр бүл болсон, гэр бүл цуцалж байгаа, өмч хөрөнгийн маргаангүй, үр хүүхэд нь том болсон бол хэрүүл уруулгүй салж болно. Гэтэл өнөөдөр баян айл сүү саалиа базаадаг эмэгтэйг л хөөж явуулж байгаатай агаар нэг байна.” гэж хэлэв. Ямар ч утга, учир зүйн холбоосгүй үг хэлж, алдсан алдаатай үгнийхээ араас хэвлэлээр ярилцлага өгч, цагаатгал эрэн бэдчих нь гунигтай. Энэ гуниг түүний насаараа овоглож яваа улс төрийн намд нь бүр ч илүү хамаатай болчихоод байна. Улс төр, гэр бүлийн харилцаа хоёрыг ижилсүүлэн жишээлнэ гэдэг нь эрх ашиг, ашиг сонирхлынхоо эрэмбийг алдсан сохор нэгнээс гарах ядуу зөвтгөл. Улс төрчид зөвхөн эдийн засгийн бууралт, иргэдийн худалдан авах чадвар, амжиргааны түвшний ядуурлыг ядууралд тооцоод байгаа болохоос түүнээс эмгэнэлтэй ядууралд өөрсдөө өртчихсөн явааг ангийнх нь ганц төлөөлөл илчилчихлээ. Оюун сэтгэлгээндээ “ТӨР, УЛС, АРД ТҮМЭН”-ний эрх ашгийн эрэмбийг зөв цэгцэлж харж чадаагүй байж хууль тогтоох дээд байгууллагад үзэл сурталдаад байх нь төр харанхуй болсоны шинж. Төр харанхуй байх аваас түмэн ч харанхуйд мунхагшина.  Сүүлийн арав хүрэхгүй жил улс төрийн зөвшилцөл гэх урчилсан нэр томъёог гаргаж ирээд байгаагийн далдад ашгийн ямар холбоо үүсч байна вэ? гэдгээр тэдний зөвшилцөл илэрхийлэгдэх болжээ. Намуудын зөвшилцлийн ард ашиг, өмч хөрөнгийн холбоо бий гэдгийг саваагүй үгэндээ Д. Лүндээжанцан гишүүн хавчуулчихаж. “Өмч хөрөнгийн маргаангүй болсон бол салж болно…” гэх тайлбар нь өнгөрч буй 25 жилд гагцхүү ашиг сонирхлоор ард түмний сэтгэлийг торгоож байсных нь илчлэл. Хэрэв МАН-аас УИХ-д суудалтай гишүүд сандал ширээтэйгээ зууралдаагүй нь үнэн л юм бол энд өмч хөрөнгийн хэрүүлийн талаар нэр бүхий гишүүн дурдах шаардлага юунд байна вэ? Тэгээд ч сүү саалийг базаахын тулд саваа бэлдэх ардын ухаан бий сэн. Саалиа бэлдээд агуулах сав үгүй болбоос сүүгээ хэрхэн боловсруулах арга нь яаж үүсэх билээ… Гэр бүлийн харилцаа хүндлэл, хайр, итгэлцэл дээр тогтдог болохоос зөвшилцөл дээр тогтдоггүй. Зөвшилцөл дээр тогтсон гэр бүлийн харилцаа гагц улс төр, бизнесээр дамжуулан хөлжсөн ганзагынхан  “элит” хэмээн өөрсдийгөө эндүүрэн өргөмжилсөн тэр хэсэг бүлгийн дунд үүсч байгаа болохоос эгэл бор ардын дунд үгүй гэдгийг сануулахад буруудахгүй.

Цаг хугацааны том эргэлтэнд жамаараа хөтлөгдөж яваа монголчууд бидний хувь тавиланг нэгэн зууны турш улс төрийн нам жолоодож ирсэнийг үл зөвшөөх хүнгүй биз. Чухамдаа улс төрийн намын суурь төлөвшлийг 1921 оны Ардын хувьсгалаас улбаатай хэмээн сэтгэж, харах ахул ард түмний хувь заяаг чиглүүлж чадна гэсэн зөвшилцөл тухайн үед МАН, ард түмэн хооронд хийгдсэн байж таарах гээд байгаа юм. Чухамдаа энэ зөвшилцөл үндэстний язгуур эрх ашиг, ард түмний эрх, эрх чөлөөгөөр хоорондоо холбогдож байлаа.  Одоогийн улс төрийн намууд шиг ашиг сонирхлын холбоос гэж байсангүй. Гээд бүтэн 90 гаруй жилийг туулж яваа нам байгууллагынхаа цусыг өөрсдийн гараар булингартуулж байгаагийн илрэлийг Д.Лүнэжжанцангийн гомдлын үгс тодруулж буй. Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог гэлцдэг. Тэгвэл хүүхдүүд эцэг, эхээсээ гоё цаастай чихэр авч өгөхийг хүсдэг. Харин гоё цаасны цаана хор байгаа гэж учирлахыг ойлголгүй аавдаа, ээждээ гомдол мэдүүлж уйлах нь олон. Үүнтэй агаар нэг тунирхлын үгс  улс төрийн ууган хүчин гэгдэх “ах” нараас гарч, чуулганы хуралдааныг хөгжөөж байна. Чин үнэндээ тэдний өмнөөс ичис хүрэв. МАН үзэл санааны төөрөгдөлд ороод ужгирч байна. Аль 2006 онд МАН-ын гишүүний нэгэн нийтлэлд “Үзэл санааны төөрөгдөлд орсон аливаа нам бүхэлдээ дампуурдаг жамтай” гэж бичсэн байдаг. Ингэж бичсэнээс хойш 9 дэх намраа үдэх гэж байна. Хэдүйнэ дампуурлаа тунхаглаж эхэлжээ.

Үзэл санаа ямар үед төөрөгдөлд орох вэ? гэсэн асуулт энд дагалдана. Номын талаасаа шүтэн барилдлагын тухай таниагүй, хэт үзэгдэл, бодит юмсад түших, уламжлал талаасаа чиггүй болсон, Монгол монголоороо дангааршин орших уу?, эсвэл даяаршлын давалгаанд аль нэг улсын колони болох уу? гэх жимээ эс харах, материаллаг нийгмийн талаас нь тайлбарлавал үнэт зүйлгүй болсон үед төөрөгдөл бий болно. Бас төөрөгдлийг үүсгэхэд цаг хугацааны нөхцөл байдал хэрхэн уялдсан бэ гэдгийг харгалзаж үзэх ёстой байдаг.

Уг нь улс төрийн нам институчлэгдсэн байх ёстой. Олон улсын хэмжигдэхүүнээр институчлэл гэдэг бол аливаа байгууллагын суурь үнэт зүйл, алсын харааг зохион байгуулалт, дүрэмтэй нь холбосон  цэгцтэй, эмх замбараатай бүтцийг хэлдэг байна. Ийм бүтэц Ардын намд байсан. Шуудхан хэлэхэд ууган хүчин институчлэлээ алдаж эхэлсэн нь үзэл санааны төөрөгдөлд гүн гүнзгий шигдэхэд нөлөөлжээ. Институчлэлийн хэмжигдэхүүн нь бизнесийн бүлэглэлийнхний халаасаар хэмжигдэх болсон учраас тэдэнд үнэт зүйл гэж үгүй болсон. Улмаар МАН зөвхөн мөнгөтэй чинээлгүүдийн бүлэглэлээс бүрдэж байна. Сүүлийн тодорхой факт 2008 онд С. Баяр, Сү. Батболд нарын эрх мэдлийн наймаа. Эрх мэдэлд хүрсэний дараа Монгол улсын баялаг, газар нутгийн наймаа болж тэдний тохиролцоо өргөжсөн. Энэ балаг өнөөдөр ч үргэлжилж буй. Залуугаас  Н. Номтойбаяр гэх мөнгөнд сүнсээ худалдсан сайн муу, зөв буруугийн ялгалгүй залгамж нарыг нь нэрлэж болохоор. Нялх Сэнгүм эцэг Тоорилыг учир мэдэхгүй балчир зангаасаа болж бусадтай өс зангидуулсан шиг Номт нэртэй номгүй жаал мөнгөөр эрх мэдлийг эрхшээхийг хичээх… Л. Түдэв гуайн хэлсэн үг бий. “Чинээлгүүдийн шүтээн нь ч, эрлэг нь ч хувийн өмч” юм гэсэн байдаг.

Хойно үлдсэн он цагуудад Монголын улс төрийн тавцанд хоёр л өрсөлдөгч байлаа. МАН, АН.  Харамсалтай нь Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа хойш албан ёсны улс төрийн бүтэц, бүрэлдэхүүн болж хүлээн зөвшөөрөгдөх шанс байсангүй. Нэгдүгээрт, тэд өөрийн бус, бус бусын үзэл суртлыг суурь үнэт зүйлээ гэж сонгосноос болоод нэг хүний эрх чөлөөг чухалчилсан. Энэ үзэл нь үндэсний буюу нэг өв соёл, нэг уламжлалтай ард түмний эрх, эрх чөлөөний тухай ойлголттой яагаад ч нийцэхгүй юм байна гэдэг нь батлагдсаар байна. Хоёрдугаарт, тус намд өөрийн гэсэн даган дуурайх, үлгэрлэх бүтэц алга байв. Ядаж л институчлэлийнхээ хэмжигдэхүүнийг хэрхэн томъёолох вэ гэдгээ МАН-аас хайж болох байтал эвдэрсэн бүтцээс эрлийн сураг гарсангүй. Яг одоо бол хоёр томхон улс төрийн намууд нь төлөвшилгүй, институчлэгдээгүй байдлаас удаахь улс төрийн нам бүлэглэлүүдийн бүтэц, зохион байгуулалтын талаар үнэмшихэд ч бэрх байдал үүсээд байгаа юм. Энэ тохиолдолд Монголын улс төр хэн нэгэн хувь лидерээс хамааралтай байх уу, эсвэл улс төрийн намууд ирэх сонгуульд институци болох сууриа тавих уу гэдэгт оновчтой хариултыг эрэлхийлсэн эрэл үргэлжилж байна. Д. Лүндээжанцангийн хэлсэнээс дүгнэхэд МАН саалийн зэлнээсээ хөөгдөж, ах нар зөнөглөлтэй золгожээ. Зөнөглөл гэх эмгэг ой санамжгүй болсон тархины урхаг. Улс төрийн намууд ой санамжаа гээсэн учраас хэний төлөө парламентад сууж байгаагаа ойлгохгүй явна. Дараагийн дөрвөн жил байдал бахь байдгаараа үргэлжлэх үү, таслан зогсоох уу гэдэг харин эгэл бидний ой санамжтай шууд холбоотой билээ.

2015.08.10
Сэтгүүлч Э. ДӨЛГӨӨН